Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 210/ма2022/00834

 

Б.Д-ий нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Э.Золзаяа, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 182/ШШ2022/00279 дугаар шийдвэртэй, Б.Д-ий нэхэмжлэлтэй, Э ХК-д холбогдох ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоож, Э ХК-ийн салбарын бүтээн байгуулалт, аж ахуйн албаны Аж ахуйн ажилтны ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэхийг даалгах иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Цогтсайхан илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бат-Эрдэнэ, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Чингис, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: ...Салбарын Захиргаа удирдлагын хэлтсийн Бүтээн байгуулалт аж ахуйн албанд Аж ахуйн ажилтнаар 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс жинхлэн ажиллаж байсан. 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдөр компанийн бүтцээс ажилтны орон тоог цөөрүүлж, хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах болсныг мэдэгдсэн. Гэтэл Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалд орон тоо хасагдсан гэсэн үндэслэлээр гэрээг цуцалсан. Гүйцэтгэх захиралд компанийн дүрэм, бусад бичиг баримтаар эрх хэмжээ өгдөг. Компанийн дүрмийн 9 дүгээр зүйлийн 9.5-д гүйцэтгэх захирлын эрх үүргийг "тодорхой заасан бөгөөд бүтэц батална, ажлын байрыг цөөрүүлж, хасаж болно гэсэн ямар ч заалт байхгүй. Мөн компанийн хөдөлмөрийн дотоод журамд энэ талаарх заалт байдаггүй. Гүйцэтгэх захирлын 2021 оны 184 дүгээр тушаал нь Төлөөлөн удирдах зөвлөлийн эрхэд халдаж гаргасан байдаг. Төлөөлөн удирдах зөвлөлийн 28 дугаар тогтоол, гүйцэтгэх захирлын А/184 дүгээр тушаалаар нийт 20 орчим хүнийг бөөнөөр нь гэнэт халах нөхцөл бүрдүүлсэн. Энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь заалтыг зөрчсөн. Мөн тушаалын 2-т дурдсанаар миний ажлыг хүлээлцүүлэхийг Салбарын Захиргаа, бүтээн байгуулалт, хөгжлийн газарт даалгасан. Хуучин бүтцийн хувьд байсан салбарын Захиргаа, удирдлагын хэлтсийн Бүтээн байгуулалт, аж ахуйн алба бүрэн бүрэлдэхүүнээрээ Салбарын Захиргаа, бүтээн байгуулалт, хөгжлийн газарт шилжиж харьяалагдах боломжтой байна. Мөн тушаал гарах үед би баталсан хуваарь ёсоор 2021 оны 8 сард ээлжийн амралттай байсан. Хариуцагч Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.2, 40 дугаар зүйлийн 40.3 дахь хэсэгт заасныг зөрчсөн тул ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, холбогдох бичилтийг хийлгүүлэн, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн гаргасан хариу тайлбар, татгалзлын агуулга: ...Э ХК-ийн бүтэц, орон тооны өөрчлөлттэй холбогдуулан төрийн өмчийн эрхийг хэрэгжүүлэгч Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2020 оны 01/3008 дугаар албан бичгээр ирүүлсэн чиглэл, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 21/17 тоот удирдамж, Э ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн даргын 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдөр баталсан компанийн бүтэц, хүний нөөцийн үйл ажиллагаанд хийх дотоод аудитын удирдамж, Төлөөлөн Удирдах зөвлөлийн аудитын багийн дүгнэлт зэрэг баримт бичиг, шийдвэрүүд гарсан. Э ХК-ийн Төлөөлөн Удирдах зөвлөлийн 2021 оны 28 дугаартай тогтоолоор Компанийн орон тооны хязгаар, зохион байгуулалтын бүтэц-ийг шинэчлэн баталсан. Дээрх шийдвэрүүдийг хэрэгжүүлэх ажпын хүрээнд Хөдөлмөрийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3.1-д зааснаар гүйцэтгэх захирлын 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн А/184 дүгээр тушаалаар Салбарын ажлын байрны нэр, орон тооны хязгаар-ыг шинэчилсэн бөгөөд тус тушаалын 5 дугаар хавсралтаар салбарын хасагдаж, цөөрсөн ажлын байрны жагсаалтыг баталсан. Тус тушаалаар Салбарын бүтээн байгуулалт аж ахуйн албаны аж ахуйн ажилтан гэх ажлын байрны орон тоо хасагдсан тул Б.Д-д 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Хөдөлмөрийн гэрээг цуцлах С/42 дугаартай мэдэгдэл танилцуулсан. Гүйцэтгэх захирлын 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн Б/1028 тоот тушаал гарч Б.Д-д 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдөр танилцуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт заасныг хэрэгжүүлсэн. Иргэний хуулийн 32 дугаар зүйлд заасан хуулийн этгээдийг татан буулгахтай холбоотой Э ХК-ийн Өмнөговь аймгийн Цогтцэций суман дахь салбарт салбар, нэгж татан буугдсан ямар нэгэн шийдвэр гараагүй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт хамаарахгүй. Б.Д-ий ээлжийн амралтын батлагдсан хуваарь 2021 оны 8 сард байсан бөгөөд нэхэмжлэгч ээлжийн амралт эдлээгүй байсан тул ээлжийн амралтын тооцоог дуусгаж ажлаас чөлөөлсөн. Гүйцэтгэх захирлын 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн Б/1028 тоот тушаал нь Хөдөлмөрийн гэрээг цуцлах шийдвэр болохоос тухайн ажилтан Хөдөлмөрийн гэрээ, дотоод журмыг зөрчсөн сахилгын зөрчил гаргасан тохиолдолд хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулсан, ажлаас халсан тушаал биш гэдгийг шүүхээс харгалзан үзэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Хөдөлмөрийн тухай /1999 оны/ хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч Э ХК-д холбогдох, Ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоож, Э ХК-ийн салбарын бүтээн байгуулалт, аж ахуйн албаны Аж ахуйн ажилтны ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг ажлаас халагдсан өдрөөс эхлэн хэрэг хянан шийдвэрлэж дуусах хүртэл хугацаагаар тооцож гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэн баталгаажуулах тухай нэхэмжлэгч Б.Д-ий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Б.Д- нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүх хариуцагч Э ХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн А/184 дүгээр тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан Салбарын зохион байгуулалтын бүтцийг хууль ёсны эсэх дээр үнэлэлт дүгнэлт өгөөгүй. Э" ХК-ийн гүйцэтгэх захиралд салбарын зохион байгуулалтын бүтэц батлах эрх хууль болон компанийн дүрэм, хөдөлмөрийн дотоод журмаар олгогдоогүй гэж маргасан боловч шүүх гүйцэтгэх захирлыг эрх хэмжээнийхээ хүрээнд тушаал гаргасан хэмээн үзэж салбарын зохион байгуулалтын бүтэц баталсан асуудалд үнэлэлт дүгнэлт өгсөнгүй. Уг нь Э ХК-ийн дүрмийн 8.6.3-т зааснаар компанийн зохион байгуулалтын бүтцийг зөвхөн Төлөөлөн удирдах зөвлөл тогтоон батлах бүрэн эрхтэй байдаг бөгөөд гүйцэтгэх захиралд ийм эрх олгогдоогүй, гүйцэтгэх захиралд эрх олгосон ямар нэгэн тогтоол, шийдвэр байхгүй.

Хариуцагч Э ХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн А/184 дүгээр тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан салбарын зохион байгуулалтын бүтцээс бүтээн байгуулалт, аж ахуйн алба гэсэн нэгжийг байхгүй болгосон. Э ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 202 1 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 28 дугаар тогтоолын 3-т зааснаар гүйцэтгэх захиралд нэгж, албыг татан буулгах, нэгтгэх, байгуулах эрхийг олгосон байдаг. Анхан шатны шүүх аж ахуйн албаны бүтцийг өөрчилсөнтэй холбоотойгоор орон тоо хасагджээ гэж дүгнэж тухайн маргаанд хэт өөрсгөл хандаж, салбарын бүтээн байгуулалт, аж ахуйн албыг татан буулгаагүй харин өөрчлөн байгуулсан гэж дүгнэсэнд гомдолтой байна.

Тухайн маргааныг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой орон тоог цөөрүүлэх гол үндэслэл нь Э ХК-ийн төв оффисын ажилчид руу чиглэсэн байсныг шүүх анхаарч үнэлэлт дүгнэлт өгөөгүй. Төв оффисоос 68 орон тоог цөөлөх шаардлага гарсан байтал уурхайн бүтцэд хамаарах бүтээн байгуулалт, аж ахуйн албыг татан буулгаж аж ахуйн ажилтны ажлын байрыг хассан нь гүйцэтгэх захирал эрх хэмжээгээ хэтрүүлэн ашигласан мэт хардлагыг төрүүлж байна. Анхан шатны шүүх хэргийг тал бүрээс дүгнэлгүй зөвхөн хариуцагч талын байр суурийг хамгаалах байдлаар хэргийг шийдвэрлэсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдолд гаргасан хариу тайлбарын агуулга: Э ХК-ийн Өмнөговь аймагт байрлах салбар уурхай тусдаа байгууллага биш уул уурхайн газарт харьяалагддаг компанийн нэгж юм. 2021 оны Э ХК-ийн ТУЗ-өөс гаргасан 28 дугаар тогтоолоор тус орон тооны хязгаарыг 946 байх буюу тус орон тоонд нийцүүлээд бүтэц, зохион байгуулалт батлахыг гүйцэтгэх захиралд үүрэг болгосон. Гүйцэтгэх захирал тус орон тооны хязгаартай нийцүүлээд дотоод нэгжүүддээ Компанийн тухай хууль болон ТУЗ-өөс олгосон эрх хэмжээний дагуу шийдвэр гаргасан. Нэхэмжлэгчийн ажиллаж байсан бүтээн байгуулалт, аж ахуйн албаны туслах ажилтан нь тус нэгжид хэрэгцээ шаардлагагүй болсон учраас хасагдсан. Нэгэнт орон тоо хасагдсан учир хуульд заасан 30 хоногийн өмнө мэдэгдэл өгсөн. Гүйцэтгэх захирлын А184 дүгээр тушаал нь компанийн дотоод зохион байгуулалтын асуудал, гүйцэтгэх захирлын эрх хэмжээний хүрээнд гарсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хэргийг нэхэмжлэгчийн гаргасан гомдлын хүрээнд хянасан бөгөөд шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч Б.Д- нь хариуцагч Э ХК-д холбогдуулан ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоож, тус компанийн салбарын бүтээн байгуулалт, аж ахуйн албаны Аж ахуйн ажилтны ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэх шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан байна. Тэрээр үндэслэлээ ажилтны орон тоог цөөрүүлсэн үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах болсныг мэдэгдсэн боловч орон тоо хасагдсан үндэслэлээр гэрээг цуцалсан, бөөнөөр нь гэнэт халах нөхцөл бүрдүүлсэн, 45 хоногийн өмнө мэдэгдэх хуулийн заалтыг зөрчсөн, гүйцэтгэх захирал нь Төлөөлөн удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээг хэтрүүлж байгууллагын бүтэц баталсан, тушаал гарах үед буюу 2021 оны 8 сард ээлжийн амралттай байсан гэж тайлбарлажээ.

 

Хариуцагч байгууллага нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, Төлөөлөн удирдах зөвлөлийн 28 дугаартай тогтоол, Гүйцэтгэх захирлын А/184 дүгээр тушаалаар Салбарын бүтээн байгуулалт аж ахуйн албаны аж ахуйн ажилтан гэх ажлын байрны орон тоо хасагдсан, 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Хөдөлмөрийн гэрээг цуцлах мэдэгдэл танилцуулсан, салбар, нэгж татан буугдсан ямар нэгэн шийдвэр гараагүй тул 45 хоногийн өмнө мэдэгдэх шаардлагагүй, Б.Д- ээлжийн амралт эдлээгүй байсан тул ээлжийн амралтын тооцоог дуусгаж ажлаас чөлөөлсөн гэх үндэслэл заан маргасан байна.

 

3. Хариуцагч байгууллагын Хөдөлмөрийн дотоод журмын 6.10 дахь хэсэгт ажилтны ээлжийн амралтын хуваарийг захиргаа, удирдлага хариуцсан нэгж тухайн ажилтны нэгжийн саналыг үндэслэн жил бүрийн 1 дүгээр сард багтаан гарган, гүйцэтгэх захирлаар батлуулна гэж заажээ. /1хх49-54/.

 

4. Нэхэмжлэгч нь тушаал гарах үед ээлжийн амралттай байсан гэж маргадаг. Хэрэгт авагдсан нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолтоос үзэхэд 2021 оны 08 дугаар сард нэхэмжлэгч Б.Д-д нэг сарын цалин, хөлснөөс илүү хэмжээний мөнгө олгогдсон байна. /1хх-187/

 

5. Анхан шатны шүүх талуудын маргаж буй асуудлыг тодруулж, мэтгэлцүүлээгүй. Өөрөөр хэлбэл, хариуцагч нь дотоод журамд заасны дагуу ажилтны ээлжийн амралтын хуваарь батлагдан гарсан эсэх, маргаж буй цаг хугацаанд нэхэмжлэгч ээлжийн амралттай байсан эсэх нь тодорхой бус, маргааны үйл баримт бүрэн тогтоогдоогүй байна.

 

Давж заалдах шатны шүүх дээрх ажиллагааг нөхөн гүйцэтгэж, нэхэмжлэгчийн ажлаас үндэслэлгүй халагдсан тухай гомдлын шаардлагатай иргэний хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168.1.1-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 182/ШШ2022/00279 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД

 

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

 

Д.ЦОГТСАЙХАН