Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 181/ШШ2022/00248

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Т.М/РД: /-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: “МР” ХХК/РД: /-д холбогдох,

 

Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ахлах тогоочийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тооцуулж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Баясгалан, Г.Халиунаа, хариуцагчийн өмгөөлөгч Б.Дагиймаа, нарийн бичгийн дарга Г.Даваадорж нар оролцов. Нэхэмжлэгч Т.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Номингуагийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Т.М шүүхэд гаргасан нэхэмжлэл шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Баясгалан, Г.Халиунаа нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ховд аймгийн Дарви сумын Мөрөн багийн нутаг дэвсгэрт байрлах Хөшөөтийн уурхайн үйл ажиллагаа явуулдаг “МоЭнКо” ХХК болон түүний гэрээт “МР” ХХК-д Ховд аймгийн Цэцэг сумын олон иргэн ажилладаг. Эдгээр хүмүүсийн нэг нь Т.М миний бие юм. “МР” ХХК нь “МоЭнКо” ХХК-ийн Хөшөөтийн уурхайн кемпийн үйлчилгээг гүйцэтгэдэг. “МР” ХХК-ийн 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 124/01/039 дүгээр тушаалаар Т.М намайг Хөшөөтийн уурхайн кемпийн ахлах тогоочоор томилон ажиллуулсан.

“МР” ХХК-иас Т.М надтай байнгын ажлын байранд хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Гэтэл “МР” ХХК-ийн захирлын 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 189/01 дүгээр тушаалаар Т.М надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ахлах тогоочийн ажлаас халсныг эрх зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахад Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т заасан үндэслэлүүдийн аль нэгийг заавал баримталж, үндэслэлээ тодорхой заасан шийдвэр гаргахыг шаарддаг.

Гэтэл “МР” ХХК-ийн захирлын 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 189/01 дүгээр тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т заасныг баримтлаагүй байна. Мөн түүнчлэн Т.М миний бие ажил олгогчийн шийдвэрт заасан хоол үйлдвэрлэлийн эрүүл ахуйг хангаж чадаагүй гэх зөрчлийг гаргаагүй, хөдөлмөрийн гэрээний дурдсан заалтуудыг зөрчөөгүй болно. “МР” ХХК нь “МоЭнКо” ХХК-ийн бусад туслан гүйцэтгэгч нарын нэгэн адил Ховд аймгийн Дарви сумын Мөрөн багт байрлах Хөшөөтийн уурхайд байнгын үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээд юм. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т “Хариуцагч нь хуулийн этгээд байвал нэхэмжлэлийг түүний ажил хэргээ байнга явуулдаг, эсхүл удирдах байгууллага нь байгаа газрын шүүхэд гаргана” гэжээ.

Хуулийн дээрх заалт нь “МР” ХХК-ийн ажил хэргээ байнга явуулдаг Ховд аймгийн Дарви сумын Мөрөн багт байрлах Хөшөөтийн уурхайг харьяалах Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд гомдлоо гаргах боломж олгож байгаа учраас танай шүүхэд хандсан болно.

Иймд Т.М миний “МР” ХХК-д холбогдох тус компанийн захирлын 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 189/01 дүгээр “Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай” тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулж, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тооцуулж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах гомдлын шаардлагыг ханган шийдвэрлэхийг хүсье.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 02 сарыг оруулаад нийт 21,546,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна. 

Нотлох баримт шинжлэн судалсантай холбоотой дүгнэлтүүдийг харахаар хариуцагч байгууллагын миний үйлчлүүлэгч Т.Мг ажлаас халсан тушаалын үндэслэл болох 9.3.4-т заасан заалт өөрөө Хөдөлмөр хамгааллын зааварчилгааг хэрэгжүүлээгүй гэдэг заалт байгаад байгаа. Энэ дээр эрүүл ахуйтай холбоотой заалт байхгүй. Мөн удаа дараа сахилгын зөрчил гаргасан гэдэг нь тухай бүрдээ нотлогдсонгүй. Тэмдэглэл гэсэн баримтаар сануулсан гэж үзэж байгаа бол 1 сахилгын зөрчилд 2 удаа сахилгын шийтгэл оногдуулаад байгаа асуудал харагдаж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 131.3 дахь заалтыг зөрчиж байгаа. 2020 оны 07 сард энэ зөрчлүүд удаа дараа гараад байна уу гэхээр үгүй байгаа. Мөн Хөдөлмөрийн гэрээг тохиролцож байгуулсан гэж ярьдаг. Анхнаасаа цааш үргэлжлүүлэн ажиллуулах сонирхолгүй байгаад ямар нэгэн шалтгаанаар ажлаас халсан нь 07 сард бүрдүүлээд байгаа баримтаас харагдаж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 38.1.2 дахь хэсгээр ажлаас халчихаад дараа нь 40.1.4 дэх хэсэгтэй холбоотой баримт бүрдүүлээд байгаа. Мөн хариуцагч талын тайлбарлаад байгаа эрүүл ахуйн зөрчил гарсан нь хавтаст хэрэгт цугларсан баримтаар тогтоогдсонгүй. Дандаа шаардлага хангахгүй баримт өгсөн. Хөдөлмөрийн аюулгүй байдалтай холбоотой ажлын бус хувцас өмссөн эсэх асуудал мөн адил нотлогдсонгүй. Хоёрдугаарт харилцагчийн гомдол гээд байгаа. Хариуцагч талаас харилцагчийн гомдол гээд 2 хуудас гараар бичсэн нотариатаар батлуулсан баримтыг шинжлэн судлуулж байна. МоЭнко компанийн захирал гээд гарын үсэг зурсан баримт байдаг. Компанийн тухай хууль болон Тамга, тэмдэг ашиглах журамд заасны дагуу итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд гарын үсэг зураад, компани тамга тэмдгээр баталгаажуулдаг. Гэтэл яаг ямар компанийн хэн гэдэг этгээд төлөөлөөд байгаа нь мэдэгдэхгүй баримтыг гаргаж өгсөн. Энэ нь нотлох баримтын шаардлага хангахгүй. Мөн н.Ганбаатар гэдэг хүний гараар бичсэн баримт байдаг. н.Ганбаатар гэдэг хүн “МР” ХХК-д ямар албан тушаал эрхэлдэг юм гэдэг баримтыг өгөөгүй. Нотариатын тухай хуульд нийцүүлэн гаргасан Нотариатын үйлдэл хийх заавар гэж байгаа. Энэ дээр баримт бичгийн хуулбарыг батлахдаа тодорхой тамга, тэмдэг байхыг шаарддаг бол гарын үсгийн үнэн зөвийг батлахдаа хуульд харшлаагүй, агуулга ойлгомжтой, алдаагүй, засваргүй баримт бичигт зурсан гарын үсгийн үнэн зөвийг гэрчилдэг. Гэтэл сая судлуулсан 2 хуудас баримт дээр нотариат хуулбар үнэнг гэрчилсэн байгаа. Нотариатын хуулбар үнэнийг гэрчилсэн асуудал өөрөө хууль зөрчсөн асуудал харагдаад байна. Тийм учраас энэ нь хууль зөрчиж авагдсан баримт гэж үзэх үндэслэл болж байгаа. Гэхдээ үүнтэй холбоотой санал, хүсэлт гаргахгүй. Тийм учраас “МР” ХХК-ийн ажлаас халсан 27-ны өдрийн тушаал хууль зүйн үндэслэлгүй байгаа учраас хүчингүй болгож миний үйлчлүүлэгч Т.Мгийн шүүхэд хандаж гаргасан нэхэмжлэлийн шаардлагуудыг хангаж өгнө үү гэж хүсч байна.” гэв.

 

Хариуцагч “МР” ХХК шүүхэд гаргасан хариу тайлбар болон өмгөөлөгч Б.Дагиймаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч Т.М /ПМ74010804/-гийн Ховд аймгийн Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагад хариу тайлбар хүргүүлж байна. “МР” ХХК нь 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр “МоЭнКо” ХХК-тай МоЕnСо0234-2019 тоот Үйлчилгээ үзүүлэх гэрээг байгуулан ажиллаж байгаа Катерингийн компани юм. Бид Захиалагч компаниас шилжиж ирсэн ажилтнуудын цалин хөлс болон хөдөлмөрийн нөхцөлийг өөрчлөлгүйгээр 2020 оны 01 дүгээр сарын 01-нээс гэрээ байгуулан ажиллуулсан ажилтнуудын нэг нь Т.М юм. “МР” ХХК нь Ахлах тогооч Т.Мтай Хөдөлмөрийн гэрээ 1, 2 байгуулан, түүний ажлын чиг үүргийг танилцуулсан. Ажлын байрны тодорхойлолтыг гарган танилцуулж гарын үсэг зуруулан баталгаажуулан ажилласан. Ахлах тогооч Т.Мгийн “Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай” тушаал нь хамтын гэрээгээр хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах ноцтой зөрчил буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-д заасан үндэслэл байсан бөгөөд үүнийг Ажил олгогчийн санаачлагаар буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 38.1.2 гэж тушаалаа гаргасан болно.

Энэхүү тушаалын үндэслэх хэсэгт мөн Хөдөлмөрийн гэрээний 9.3.4-д заалтаар зохицуулагдсан “Хөдөлмөр хамгааллын зааварчилгааг хэрэгжүүлээгүй, ЧУТ-ны стандартад нийцэхгүй бүтээгдэхүүн үйлчилгээгээр үйлчилсэн, худалдсан, хуурч мэхэлсэн” гэх үндэслэлийг маш тодорхой дурьдсан бөгөөд энэ нь Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д заасан үндэслэлд нийцэж байгаа болно. Ахлах тогооч Т.М нь ажиллах хугацаандаа Эрүүл ахуй3, Хөдөлмөрийн аюулгүй байдлын зөрчил 4-ийг удаа дараа гаргаж байсан захиалагчийн удаа дараа гаргасан гомдол зэрэг нь гэрээ цуцлах үндэслэл болсон.

Мөн бид ажилтнуудын бүтээмжийг сайжруулах, хамт олон багийн ажиллагааг нэмэгдүүлэх зорилгоор ажилтан бүрийг ээлжийн хуваарийн дагуу ажиллаад буухад нь ажилтны хувийн үнэлгээний хуудас 7-оор дүгнэдэг бөгөөд ер нь ахлах ажилтны хувьд 35 онооноос доош байх нь тус ажилтны ажлын бүтээмж болон хамт олны доторх манлайлал суу байгааг илтгэдэг. Мөн түүнийг чиг үүргийн удирдлагаар ханган, ажлын ур чадварт нь анхаарч хамтран ажиллаж байсан МР ХХК-ийн Ахлах тогооч Н.Дөлгөөнтамир /Ганбаатар/-ын хамт ажиллаж байх үедээ Т.Мгийн ажил үүргээ гүйцэтгэж буй байдалд ирүүлсэн мэдэгдлээс, түүний ажлын гүйцэтгэл болон харилцаа хандлага, ажлын хариуцлага, гүйцэтгэл, онцгой нөхцөлд буюу компанийн төдийгүй улс орны стратегийн ач холбогдолтой объектод Covid19-ийн үед халдвар хамгааллын дэглэмийг баримтлан ажиллах ёстой хувь хүний болон ажилтны үүрэг хариуцлагыг зөрчиж байсан тухай мэдээллүүдийг ирүүлсэн байдаг. Эдгээр бүх эс үйлдэхүйн баримтууд нь түүнийг үргэлжлүүлэн ажиллуулах, багийн удирдагч байлгахад үл тохирох ажилтан болохыг нотолсон тул МР ХХК-ийн зүгээс гаргасан шийдвэрээ хүчин төгөлдөр гэж үзсэн болно.

Энд шүүхийн хэрэг маргааны харьяаллын талаар тайлбарлахад Иргэний хэрэг шүүхэд хянан ошйдюрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-д заасан “Хариуцагч нь хуулийн этгээд байвал нэхэмжлэлийг түүний ажил хэргээ байнга явуулдаг, эсхүл удирдах байгууллага нь байгаа газрын шүүхэд гаргана” гэсэн зохицуулалт нь Т.Мгийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хамааралгүй бөгөөд МР ХХК нь удирдлага болон байнгын үйл ажиллагаа нь Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг, 1 хороо, 13 хороолол, Нарны зам-62, Юнион бюлдинг, В блок 9 давхарт В-901 тоот хаягт явагддаг болно.

Иймд энэхүү харьяаллын дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдах нь хуульд нийцэх тул хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх ёстой гэж үзэж байна. Иймд Т.Мгийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье.

Т.М нь Хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа журмуудтай танилцаад гарын үсгээ зурсан байгаа. Мөн манайх шинээр ажилд орж байгаа хүмүүст сургалт явуулдаг. Ариун цэвэр, эрүүл ахуйн хувьд ямар ямар заавар журмын дагуу ажиллах вэ гэдгийг тайлбарлаж өгдөг. Тухайн байгууллагад мөрдөгдөж буй дүрмийг дагаж ажиллаагүй буюу гутал өмсөөгүй, шууд хүний эрүүл ахуй, хоол хүнстэй харьцдаг ажилтны хувьд илэрч болохгүй бактери илэрсэн. Хавтаст хэргийн 60 дугаар хуудсанд авагдсан баримтыг миний зүгээс нотариатын эх хувь баримт буюу нотлох баримтын шаардлага хангасан баримт гэж үзэж байгаа. Шинжилгээний хариугаар тогоочид илрэх ёсгүй бодис илэрсэн нь ноцтой зөрчилд тооцогдож байна. Мөн гараар харилцагчийн гомдлууд удаа дараа ирсэн. Бид хүний нөөцтэй холбоотой асуудлыг авч чадаагүй. Ажилчдын хувийн үнэлгээний хуудсыг Т.М хүлээн зөвшөөрөөд гарын үсэг зурсан. Т.М 29 оноо авсан. 29 оноо авсан нь хангалтгүй гэсэн үнэлгээ байгаа. Ийм учраас Хөдөлмөрийн тухай хууль, Хөдөлмөрийн гэрээний 9.3.4, Хөдөлмөрийн дотоод журмын 3.17.4-т заасан зөрчлүүд хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах ноцтой зөрчилд хамаарч байгаа. Т.Мгийн хувьд дээрх зөрчлүүдийг удаа дараа гаргаж байсан учраас хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн саналтай байна. Б.Баясгалан өмгөөлөгч сахилгын шийтгэлийг удаа дараа ногдуулаад байна гэсэн зүйлийг ярьсан. Тэмдэглэл нь хүний нөөцөөс гарч буй хөдөлмөрийн харилцааг цуцлах шийдвэрийг гаргах үндэслэл болсон баримт бичиг юм. Тэгэхээр удаа дараа ахин дахин шийтгэл ногдуулаад байгаа зүйл байхгүй. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн саналтай байна.” гэв.

 

Шүүгч зохигчийн тайлбар, нэхэмжлэгчийн баримтаар гаргасан № А000239315 дугаар Нийгмийн даатгалын дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, хариуцагчийн баримтаар гаргасан 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн №Хөшөөт/039 Хөдөлмөрийн гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Хөдөлмөрийн гэрээний Хавсралт-1 Ажлын байрны тодорхойлолтын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Хөдөлмөрийн дотоод журмын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн № 124/01/039 Ажилд томилох тухай тушаалын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн №189/01 Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээний дүнгийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Сахилгын сануулга өгсөн тэмдэглэлийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн Ажилчдын хувийн үнэлгээний хүснэгтийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Ажилын дүрэмт хувцасны журам, МР үйлчилгээ үзүүлдэг кемпүүдийн хүнсний эрүүл ахуйн сургалтын материалыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Т.М хариуцагч “МР” ХХК-д холбогдуулан 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 189/01 дугаар Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалыг хүчингүй болгуулах тухай, ахлах тогоочийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 21 546 000/хорин нэгэн сая таван зуун дөчин зургаан мянга/ төгрөгийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тооцуулж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч “МР” ХХК нь Т.М хөдөлмөр хамгааллын зааварчилгааг хэрэгжүүлээгүй, ЧУТ-ны стандартад нийцэхгүй бүтээгдэхүүн үйлчилгээгээр үйлчилсэн, худалдсан, хуурч мэхэлсэн гэж маргасан.

 

Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчид 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс Ахлах тогоочоор ажиллаж байгаа болох нь 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн № 124/01/039 захирлын тушаалын болон 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн № Хөшөөт/039 Хөдөлмөрийн гэрээний хуулбараар тогтоогдож байна.

 

Хариуцагч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2 дахь заалтыг үндэслэн нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн гэрээний 3.2.2, 3.2.8 дахь заалтуудыг тус тус зөрчсөн, хоол үйлдвэрлэлийн эрүүл ахуйн шаардлага хангаж ажиллагаагүй зэрэг ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэлээр нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдөр цуцалсан болох нь 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн № 189/01 дугаар тушаалын хуулбараар тогтоогдож байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-т “Хөдөлмөрийн гэрээг дараахь үндэслэлээр цуцална:”, 38.1.2-т “ажил олгогч санаачилсан.гэж заасан.

 

Ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцална.

 

Өөрөөр хэлбэл Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь ажил олгогчийн хувьд ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг зөвхөн тухайн хуульд заасан үндэслэлээр цуцална.

 

Хариуцагчийн 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн № 189/01 дугаар тушаалд нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан ямар үндэслэлээр цуцалж байгаа хууль зүйн үндэслэлийг тусгаагүй байх тул уг тушаал Хөдөлмөрийн тухай хуульд нийцээгүй байна.

 

Нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан ямар зөрчил гаргасан болохыг тусгаагүй байх тул нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан сахилгын зөрчил гаргасан болох нь тогтоогдохгүй байна.

 

Хариуцагчийн 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн № 189/01 дугаар тушаалд нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн гэрээний 3-ын 3.2.2, 3.2.8 дахь заалтыг зөрчсөн гэжээ.

 

2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн № Хөшөөт/039 Хөдөлмөрийн гэрээний 3-ын 3.2-т “Ажилтны үүрэг:”, 3.2.2-т “Ажилтан ... үнэнчээр хөдөлмөрлөх, гэрээгээр хүлээсэн, удирдлагаас өгсөн болон ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг цаг тухайд нь чанартай биелүүлэн, гүйцэтгэлийг танилцуулж, дүгнүүлэх үүрэгтэй.” гэжээ.

 

2020 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн № 189/01 дугаар тушаалд нэхэмжлэгч нь № Хөшөөт/039 Хөдөлмөрийн гэрээний 3-ын 3.2.2 дахь заалтад заасан ямар зөрчил гаргасан болохыг тусгаагүй байна.

 

Хэдийгээр хариуцагчийн өмгөөлөгч нь нэхэмжлэгч хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан гэж маргаж байх боловч № Хөшөөт/039 Хөдөлмөрийн гэрээний 9-ийн 9.3-т зааснаар гэрээний 3-ын 3.2.2-т заасан үүргийг зөрчсөн нь хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчилд хамаарахгүй байна.

 

Хариуцагч нь № Хөшөөт/039 Хөдөлмөрийн гэрээний хуулбарыг баримтаар гаргаж өгсөн байх боловч уг хөдөлмөрийн гэрээний 3-ын 3.2.8 дахь заалттай хэсэг баримтаар авагдаагүй байна.

 

Хариуцагч нь нэхэмжлэгч хөдөлмөр хамгааллын зааварчилгааг хэрэгжүүлээгүй, ЧУТ-ны стандартад нийцэхгүй бүтээгдэхүүн үйлчилгээгээр үйлчилсэн, худалдсан, хуурч мэхэлсэн гэж маргаж байх боловч нэхэмжлэгчийн гаргасан гэх уг үйлдэл, эс үйлдэл ямар эрх бүхий этгээдийн хяналт шалгалтаар, хэрхэн тогтоогдсон болох нь нотлох баримтаар тогтоогдохгүй байна.

 

Хариуцагч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2 дахь заалтад заасныг үндэслэн нэхэмжлэгчийг ажлаас халсан нь хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т “Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол ... олгоно.”, 128 дугаар зүйлийн 128.1-т “Дараахь маргааныг шүүхээр хянан шийдвэрлэнэ:”, 128.1.2-т “ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халсан ... гомдол;” гэж заасан.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1, 128.1.2 дахь заалтад зааснаар нэхэмжлэгчийг хариуцагчийн ахлах тогоочийн албан тушаалд эгүүлэн тогтоох үндэслэлтэй байна.

 

Шүүхээс хариуцагчийн 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн № 189/01 дугаар тушаал хууль зүйн үндэслэлгүй болохыг тогтоож, цаашид № 189/01 дугаар тушаал эрх зүйн үр дагавар үүсгэхгүй тул уг № 189/01 тушаалыг хүчингүй болгох шаардлагагүй байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас нэхэмжлэгч нь 2020 оны 7 дугаар сарын 28-ны өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулах үндэслэлтэй.

 

Нэхэмжлэгч нь 2020 оны 7 дугаар сарын 28-ны өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны буюу ажлын 17/арван долоо/ хоног, 18/арван найм/ сарын дундаж цалин хөлстэй тэнцэх олговор нь нийт 29 087 695/1223983+27863712=29087695/ /хорин есөн сая наян долоон мянга зургаан зуун ерэн тав/ төгрөг байх боловч нэхэмжлэгчийн өмгөөлөгч нар нь ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт нийт 21 546 000/хорин нэгэн сая таван зуун дөчин зургаан мянга/ төгрөгийг нэхэмжилж байх тул хариуцагчаас олговорт нийт 21 546 000/хорин нэгэн сая таван зуун дөчин зургаан мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.

 

          Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т “Ажил олгогч ... ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй.” гэж заасан.

         

          Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн 2020 оны 7 дугаар сарын 28-ны өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт ногдох эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгах нь зүйтэй байна.

         

          Шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн/1999 он/ 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь заалтад заасныг баримтлан нэхэмжлэгч Т.Мг хариуцагч “МР” ХХК-ийн ахлах тогоочийн албан тушаалд эгүүлэн тогтоож, хариуцагч “МР” ХХК-иас ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 21 546 000/хорин нэгэн сая таван зуун дөчин зургаан мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т.Мд олгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт ногдох нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг даалгах нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1, 160.1.1 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

  1. Хөдөлмөрийн тухай хуулийн/1999 он/ 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь заалтад заасныг баримтлан нэхэмжлэгч Т.Мг хариуцагч “МР” ХХК-ийн ахлах тогоочийн албан тушаалд эгүүлэн тогтоож, хариуцагч “МР” ХХК-иас ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 21 546 000/хорин нэгэн сая таван зуун дөчин зургаан мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т.Мд олгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт ногдох нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг даалгасугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч Т.Мгийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч “МР” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 265 680 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                С.ХИШИГБАТ