Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2022/00895

 

 

2022 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2022/00895

 

 

 

Т.М-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 181/ШШ2022/00248 дугаар шийдвэртэй,

Т.М-гийн нэхэмжлэлтэй

М ХХК-д холбогдох

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: М ХХК-ийн захирлын 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 124/01/039 дүгээр тушаалаар Т.М- намайг Хөшөөтийн уурхайн кемпийн ахлах тогоочоор томилон ажиллуулсан.

М ХХК-иас Т.М- надтай байнгын ажлын байранд хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Гэтэл М ХХК-ийн захирлын 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 189/01 дүгээр тушаалаар надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ахлах тогоочийн ажлаас халсныг үндэслэлгүй гэж үзэж байна.

Уг 189/01 дүгээр тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасныг баримтлаагүй, Т.М- миний бие ажил олгогчийн шийдвэрт заасан хоол үйлдвэрлэлийн эрүүл ахуйг хангаж чадаагүй гэх зөрчлийг гаргаагүй, хөдөлмөрийн гэрээний заалтуудыг зөрчөөгүй. Тушаалын үндэслэлд дурдсан хөдөлмөрийн гэрээний 9.3.4 дэх заалт нь эрүүл ахуйтай холбоогүй.

Мөн ажлын бус хувцас өмссөн, харилцагчаас гомдол ирсэн талаар шаардлага хангасан нотлох баримтгүй.

Иймд тус компанийн захирлын тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ахлах тогоочийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацаан дахь цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулж, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагчид даалгаж өгнө үү.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: М ХХК нь 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр МоЭнКо ХХК-тай үйлчилгээ үзүүлэх гэрээг байгуулан ажиллаж байгаа катерингийн компани юм. М ХХК нь ахлах тогооч Т.М-тай хөдөлмөрийн гэрээ байгуулан, түүний ажлын чиг үүргийг танилцуулсан. Ажлын байрны тодорхойлолтыг танилцуулж гарын үсэг зуруулсан. Ахлах тогооч Т.М-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаал нь хамтын гэрээгээр тохирсон хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах ноцтой зөрчил буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-д заасан үндэслэл байсан бөгөөд ажил олгогчийн санаачлагаар буюу мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2-т заасныг үндэслэж тушаалаа гаргасан.

Тушаалын үндэслэх хэсэгт хөдөлмөрийн гэрээний 9.3.4-д заалтаар зохицуулагдсан Хөдөлмөр хамгааллын зааварчилгааг хэрэгжүүлээгүй, стандартад нийцэхгүй бүтээгдэхүүн, үйлчилгээгээр үйлчилсэн, худалдсан, хуурч мэхэлсэн гэх үндэслэлийг маш тодорхой дурьдсан бөгөөд энэ нь Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д заасан үндэслэлд нийцэж байгаа болно. Ахлах тогооч Т.М- нь ажиллах хугацаандаа эрүүл ахуйн зөрчил 3, хөдөлмөрийн аюулгүй байдлын зөрчил 4-ийг гаргаж байсан, захиалагчийн удаа дараа гаргасан гомдол нь гэрээг цуцлах үндэслэл болсон.

Т.М- нь байгууллагад мөрдөгдөж буй дүрмийг дагаж ажиллаагүй буюу зориулалтын гутал өмсөөгүй, хүний эрүүл ахуй, хоол хүнстэй шууд харьцдаг ажилтны хувьд илэрч болохгүй бактери илэрсэн. Ажилчдын хувийн үнэлгээнд Т.М- 29 оноо авсан нь хангалтгүй гэж үнэлэгдэж байгаа, тэрээр уг үнэлгээг хүлээн зөвшөөрөөд гарын үсэг зурсан. Иймд Т.М- нь Хөдөлмөрийн тухай хууль, хөдөлмөрийн гэрээний 9.3.4, хөдөлмөрийн дотоод журмын 3.17.4-т заасан зөрчлүүд гаргасан нь хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах ноцтой зөрчилд хамаарч байгаа.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 он/ 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь заалтад заасныг баримтлан нэхэмжлэгч Т.М-г хариуцагч М ХХК-ийн ахлах тогоочийн албан тушаалд эгүүлэн тогтоож, хариуцагч М ХХК-иас ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 21,546,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т.М-д олгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт ногдох нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч Т.М-гийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч М ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 265,680 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.а. Шүүх...Хариуцагч байгууллагын 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 189/01 дугаар тушаалд нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйл 40.1 дэх хэсэгт заасан ямар үндэслэлээр цуцалж байгаа хууль зүйн үндэслэлийг тусгаагүй байх тул уг тушаал Хөдөлмөрийн тухай хуульд нийцээгүй байна гэжээ. Гэвч уг тушаал Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасныг үндэслэсэн бөгөөд тушаах хэсэг буюу тушаалын агуулга нь мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт заасан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил ажилтаг гаргасныг маш тодорхой дурьдсан. Уг тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх зүйл заалтыг үндэслэх хэсэгтээ тусгаагүй ч тушаах хэсэг нь хуульд заасантай нийцэж байна. Ажил олгогч Хөдөлмөрийн тухай хууль болон хөдөлмөрийн гэрээ, дотоод журмыг баримталж тэдгээрт нийцүүлэн уг тушаалыг гаргасан. Түүнчлэн шүүх нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн гэрээний 3.2.2, 3.2.8 дахь заалтуудыг тус тус зөрчсөн, хоол үйлдвэрлэлийн эрүүл ахуйн шаардлага хангаж ажиллаагүй зэрэг ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэлээр цуцалсан болох нь тогтоогдож байна гэж үзсэн байгааг дурьдах нь зүйтэй.

Иймд 189/01 дугаар тушаал нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцээгүй байна гэсэн нь үндэслэлгүй.

4.б. Нэхэмжлэгч Т.М- эрүүл ахуй, хөдөлмөрийн аюулгүй байдлын зөрчлийг удаа дараа гаргасан. Түүнчлэн хариуцагч М ХХК нь эрүүл ахуй, үйлчлүүлэгчдийн эрүүл мэндийг нэн тэргүүнд тавьж ажилладаг байгууллага учир ажилчдыг жилд нэг удаа биед нь өвчин үүсгэх, бусдад халдварлах бактери байгаа эсэх шинжилгээнд хамруулдаг. Уг шинжилгээг авахдаа бүх ажилчдын гарыг угаалгасны дараа гарнаас арчидас авч шинжилдэг. Гэтэл уг шинжилгээний хариугаар нэхэмжлэгч Т.М-гийн гарнаас E-Coli гэх бактери илэрсэн. Уг бактери нь хүний эрүүл мэндэд хор хөнөөлтэй бактери бөгөөд уг бактери илэрч болохгүй юм. Мөн шүүхээс нэхэмжлэгч нь дээрх үйлдлүүдийг зөрчсөн байсан ч уг зөрчил нь хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчилд хамаарахгүй байна гэж дүгнэлт хийжээ. Гэтэл талуудын хооронд байгуулагдсан Хөдөлмөрийн гэрээний 3.2.2, 3.2.8, мөн хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох тухай 9.3.4, Хөдөлмөрийн дотоод журмын 3.7.14 дэх заалтуудыг нэхэмжлэгч зөрчсөн нь хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор заасан байна.

Нөгөөтэйгүүр, Т.М- нь ажлын байранд ажлын хувцсыг зориулалтын дагуу өмсдөггүй буюу ажлын гутал өмсөж ажиллаагүйн зэрэгцээ түүнд холбогдуулан харилцагч нараас удаа дараа гомдол ирж байсан ба ажилчдын хувийн үнэлгээний хуудсаар тэрээр 29 оноо буюу хангалтгүй гэх үнэлгээ авсан. Т. Мөнхтуяа ч үүнийг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байдаг. Дээр дурьдсанчлан Т.М- нь хөдөлмөрийн гэрээг анх байгуулахдаа байгууллагын дотоод журам, дүрэм, заавруудтай танилцсан бөгөөд уг гэрээ, дүрэм, журам заавруудыг чанд мөрдөж ажиллах ёстой атал удаа дараа зөрчил гарган ажилласан, тэр дундаа хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчлүүдийг гаргасан нь хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох үндэслэлд шууд хамаарч байгаа юм.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасны дагуу хэргийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж дүгнэв.

 

2. Нэхэмжлэгч Т.М- нь хариуцагч М ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Т.М- нь М ХХК-д 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн ахлах тогоочоор ажиллаж байсан талаар талууд маргаагүй.

 

Хариуцагч байгууллага нь 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 189/01 дугаар тушаалаар ажилтан Т.М-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалжээ. Тушаалыг гаргахад баримталсан хуулийн болон гэрээний заалт, тушаалын үндэслэл нь маргааны зүйл болжээ.

 

Анхан шатны шүүх уг тушаалыг үндэслэлгүй гэж дүгнэж ажилтныг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоохдоо шийдвэрийн үндэслэл болсон бичмэл нотлох баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт шаардлагад нийцээгүй байгааг анхаараагүй байна.

 

Талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээнд 3.2.8 гэх заалт байхгүй гэж анхан шатны шүүх дүгнэсэн боловч уг хөдөлмөрийн гэрээ баримтаар авагдахдаа алдаатай буюу дутуу байсан эсэхийг тодруулаагүй.

 

Түүнчлэн тушаалын үндэслэлд ажилтныг хоол үйлдвэрлэлийн эрүүл ахуйн шаардлага хангаагүй, хөдөлмөр хамгааллын зааварчилгааг хэрэгжүүлээгүй, Чанарын удирдлагын тогтолцооны стандартад нийцэхгүй бүтээгдэхүүн үйлчилгээгээр үйлчилсэн, худалдсан, хуурч мэхэлсэн гэж тэмдэглэгдсэн байх ба шүүх ажилтан эрүүл ахуй болон хөдөлмөрийн аюулгүй байдлын зөрчил гаргасан гэх хариуцагчийн тайлбар болон тушаалд дүгнэлт өгөөгүй, хариуцагчийг нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэх алдаатай дүгнэлт хийсэн. Учир нь шүүх шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтдаа Ховд аймгийн мэргэжлийн хяналтын газрын итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээний дүн, сахилгын сануулга өгсөн тэмдэглэл, ажилчдын хувийн үнэлгээний хүснэгт гэх зэрэг баримт байгааг шийдвэртээ дурджээ.

 

Ажилтнаас бактери илэрсэн, ажилтан ажил үүргээ хэрэгжүүлэх шаардлагад нийцээгүй хувцас /гутал/ өмссөн гэх нөхцөл байдалтай холбоотой баримтад /хх 58-68, 170/ дүгнэлт өгөөгүй байна. Нотлох баримтад дүгнэлт өгөхгүй бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт зааснаар нотлох баримтаас хасах ажиллагааг хийх учиртай. Нотлох баримтыг хасаагүй бол шийдвэрийн үндэслэл болоогүй талаар дүгнэх ёстой.

 

Ховд аймгийн мэргэжлийн хяналтын газрын итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээний дүн гэх баримт нь цахим баримт байх бөгөөд цахим баримтад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт зааснаар үзлэг хийх ажиллагааг огт хийгээгүй. Цахим баримтад нотариатчийн тэмдэг дарж гэрчилсэн нь Нотариатын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт заасан баримт бичгийн хуулбарыг эх хувьтай нь тулган шалгасны үндсэн дээр гэрчлэх гэснийг зөрчсөн. Цахим баримтыг бичмэл баримт гэж алдаатай дүгнэснийг буруу гэж үзнэ.

 

Цахим баримт нь хуулиар тавигдсан шаардлага хангаагүй байгааг анхаараагүй, уг алдааг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй.

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, уг алдааг залруулах боломжгүй тул нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу эрх зүйн дүгнэлт өгөх боломжгүй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 181/ШШ2022/00248 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч М ХХК давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 265,680 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

 

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

 

Э.ЗОЛЗАЯА