Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 181/ШШ2021/00098

 

 

 

 

 

 

 


 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: “ШГ” ХХК/РД: /-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: “АОА” ХХК/РД: /-д холбогдох,

 

200 652 300 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Шижирбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Даваадорж нар оролцов. Хариуцагч “АОА” ХХК хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч “ШГ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Шижирбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ““Алтани од Амно” ХХК нь манай компанитай 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Г/29 тоот “Худалдах, худалдан авах” гэрээ байгуулсан.

Бидний хооронд харилцан тохиролцож байгуулсан Г/29 тоот “Худалдах, худалдан авах гэрээ”-ний дагуу хариуцагч “АОА” ХХК-д чанар стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүнийг нийлүүлсэн боловч өнөөдрийн байдлаар хариуцагч тал нь гэрээний үүргээ зөрчсөөр байна.

2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Г/29 тоот “Худалдах, худалдан авах гэрээ”-ний 4 дүгээр зуйлийн 4.3 дах хэсэгт “Худалдан авагч нь энэхүү гэрээний 4.2-т заасан нөхцлөөр авсан тохиолдолд барааг хүлээн авснаас хойш хуанлийн 45/дөчин тав/ хоногийн дотор үнийг бүрэн төлж барагдуулсан байх үүрэгтэй. Хуанлийн нэг өдөрт хийсэн худалдагчийн нийлүүлэлт, худалдан авагчийн худалдан авалтыг Монгол Улсын Иргэний хуулиар тогтоосон “бие даасан үүрэг” гэж үзнэ.

Мөн гэрээний 5 дугаар зүйлийн 5.2-т “Худалдан авагч тал шатахуун болон бүтээгдэхүүний төлбөрийг тээврийн хөлсийн хамт гэрээний 4 дүгээр зүйлийн 4.3-д заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар тооцон худалдагчид алданги төлнө гэж заасан.

Иймд дээрх гэрээний дагуу “АОА” ХХК-иас “Шунхлай трейдинг” ХХК-д гэрээний дагуу төлөх үндсэн төлбөр 133,768,200 төгрөг, алданги болох 66,884,100 төгрөг, нийт 200,652,300 төгрөгийг гаргуулж манай хохиролгүй болгож өгнө үү.

Үндсэн дүн, алданги хоёрын нийлбэр 200,652,300 төгрөг болсон. Үндсэн дүн 133,768,200 төгрөгийг талууд 2021 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн тооцоо нийлсэн актаар баталгаажуулсан. Энэ бол “ШГ” ХХК-иас “АОА” ХХК-д нийлүүлсэн нийт шатахууны үнэ. Үүний 0.5 хувь 668,841 төгрөг болдог. Энэ дүнг 2021 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн тооцоо нийлсэн актаас хойш жишээлбэл 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдөр өгсөн. Тооцоод үзэхээр 89 хоног болж байгаа. 89 хоногоо 668,841 төгрөгөөр бодоод үзэхээр гүйцэтгээгүй үүргийн дүнгийн 50 хувиас хэтэрсэн дүн гарч ирсэн

“АОА” ХХК нь 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Г/29 тоот “Худалдах, худалдан авах” гэрээний дагуу 200,652,300 төгрөгийг гаргуулж манай хохиролгүй болгож өгнө үү.” гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, нэхэмжлэгчийн баримтаар гаргасан 000023692 дугаар Улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн № Г/29 Худалдах, худалдан авах гэрээний болон Хавсралт 01-ийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2021 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн № СШ-21/145 Мэдэгдлийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2021 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн № СШ-21/102 Мэдэгдлийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2021 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн № 03/2 Мэдэгдлийн болон Хавсралт 1-ийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2021 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн Тооцоо нийлсэн актын хуулбарыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч “ШГ” ХХК хариуцагч “АОА” ХХК-д холбогдуулан гэрээний үндсэн төлбөрт 133 768 200/нэг зуун гучин гурван сая долоон зуун жаран найман мянга хоёр зуу/төгрөгийг, алдангид 66 884 100/жаран зургаан сая найман зуун наян дөрвөн мянга нэг зуу/ төгрөгийг, бүгд 200 652 300/хоёр зуун сая зургаан зуун тавин хоёр мянга гурван зуу/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч “АОА” ХХК-д 2021 оны 8 дугаар сарын 17-ны өдөр нэхэмжлэлийг гардуулсан байх боловч хариуцагч нь шүүхэд хариу тайлбар ирүүлээгүй болно.

 

2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 09 цаг 00 минутад товлон зарлагдсан шүүх хуралдааны товыг хариуцагч “АОА” ХХК-д мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн боловч хариуцагч “АОА” ХХК нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч “АОА” ХХК-йн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Зохигчид 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Г/29 “Худалдах, худалдан авах гэрээ” байгуулсан болох нь № Г/29 “Худалдах, худалдан авах гэрээ”-ий хуулбараар тогтоогдож байна.

 

Г/29 “Худалдах, худалдан авах гэрээ”-ий 1-ийн 1.2-т зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчид чанар стандартын шаардлагыг хангасан газрын тосны бүтээгдэхүүн, бүх төрлийн шатахуун, бүтээгдэхүүн нийлүүлэх, хариуцагч нь үнийг төлөх үүргийг тус тус хүлээсэн болох нь № Г/29 “Худалдах, худалдан авах гэрээ”-ий хуулбараар тогтоогдож байна.

 

Г/29 “Худалдах, худалдан авах гэрээ”-ий 1-ийн 1.2-т зааснаар нэхэмжлэгч нь газрын тосны бүтээгдэхүүн, бүх төрлийн шатахууныг хариуцагчид худалдах, хариуцагч нь түүний үнийг төлөх үүргийг тус тус хүлээсэн тус гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан Худалдах-худалдан авах гэрээ/цаашид “Гэрээ” гэх/-ий шинжтэй байх ба Гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 хэсэгт нийцсэн байх тул хүчин төгөлдөр гэж үзнэ.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй ... хөрөнгө ... худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх ... худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж ... хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.” гэж заасан

 

Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй байна.

 

Гэрээнд зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчид 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр, 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр, 2021 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр, 2021 оны 02 дугаар сарын 11-ний өдөр, нийт 133 768 200/нэг зуун гучин гурван сая долоон зуун жаран найман мянга хоёр зуу/ төгрөгийн шатахуун нийлүүлсэн болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, Гэрээний хуулбар, 2021 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн № СШ-21/145 Мэдэгдлийн болон 2021 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн № СШ-21/102 Мэдэгдлийн хуулбар, 2021 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн № 03/2 Мэдэгдлийн болон Хавсралт 1-ийн хуулбар, 2021 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн Тооцоо нийлсэн актын хуулбараар тогтоогдож байна.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчид шатахууны үнэ нийт 133 768 200/нэг зуун гучин гурван сая долоон зуун жаран найман мянга хоёр зуу/ төгрөгийг төлөөгүй болох нь 2021 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн № СШ-21/145 Мэдэгдлийн болон 2021 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн № СШ-21/102 Мэдэгдлийн хуулбар, 2021 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн № 03/2 Мэдэгдлийн болон Хавсралт 1-ийн хуулбар, 2021 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн Тооцоо нийлсэн актын хуулбараар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас дизель түлш буюу шатахууны төлбөрт нийт 133 768 200/нэг зуун гучин гурван сая долоон зуун жаран найман мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчаас алдангид 66 884 100/жаран зургаан сая найман зуун наян дөрвөн мянга нэг зуу/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилжээ.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д “... гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ.” гэж заасан.

 

Гэрээний 4-ийн 4.3-т “Худалдан авагч нь ... барааг хүлээн авснаас хойш хуанлийн 45/дөчин тав/ хоногийн дотор үнийг бүрэн төлж барагдуулсан байх үүрэгтэй ...”, 5-ын 5.2-т “Худалдан авагч нь ... гэрээний 4 дүгээр зүйлийн 4.3-т заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0,5 хувиар тооцон худалдагчид алданги төлнө ...” гэжээ.

 

Гэрээний 4-ийн 4.3, 5-ын 5.2-т зааснаар хариуцагч нь нэхэмжлэгчид алданги төлөх үүрэгтэй байна.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь алдангийг 2021 оны 5 дугаар сарын 07-ны өдрөөс хойш тооцсон гэж тайлбарлаж байна.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас алдангид нийт 60 864 531/133768200х0.5=668841, 2021.05.08-2021.08.06=91, 668841x91=60864531/ /жаран сая найман зуун жаран дөрвөн мянга таван зуун гучин нэг/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдсэн 6 019 569/66864531-60864531=6019569/ /зургаан сая арван есөн мянга таван зуун жаран ес/ төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

Шүүх Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “АОА” ХХК-иас бүгд 194 632 731/нэг зуун ерэн дөрвөн сая зургаан зуун гучин хоёр мянга долоон зуун гучин нэг/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “ШГ” ХХК-д олгож, үлдсэн 6 019 569/зургаан сая арван есөн мянга таван зуун жаран ес/ төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 1 161 215/нэг сая нэг зуун жаран нэгэн мянга хоёр зуун арван тав/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан хэмжээнд ногдох нийт 1 131 113/нэг сая нэг зуун гучин нэгэн мянга нэг зуун арван гурав/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ

 

  1. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “АОА” ХХК-иас бүгд 194 632 731/нэг зуун ерэн дөрвөн сая зургаан зуун гучин хоёр мянга долоон зуун гучин нэг/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “ШГ” ХХК-д олгож, үлдсэн 6 019 569/зургаан сая арван есөн мянга таван зуун жаран ес/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч “ШГ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1 161 215 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч  “АОА” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 1 131 113 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “ШГ” ХХК-д олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан   сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ      С.ХИШИГБАТ