Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2022/00779

 

 

 

 

2022 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2022/00779

 

 

 

 

                                     ШГХХК-ийн нэхэмжлэлтэй

                                                 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Бямбасүрэн даргалж, шүүгч Ч.Цэнд, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 181/ШШ2022/00098 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч ШГХХК-ийн хариуцагч А О А ХХК-д холбогдуулан гаргасан 200,652,300 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нинжбадгар, хариуцагчийн өмгөөлөгч М.Энхжаргал, М.Бүжинлхам, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

1.1 Нэхэмжлэлийн шаардлага: А О А ХХК-аас худалдах, худалдан авах гэрээний үндсэн төлбөр 133,768,200 төгрөг, алданги 66,884,100 төгрөг, нийт 200,652,300 төгрөг гаргуулна.

1.2 Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Талууд 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр худалдах, худалдан авах гэрээг байгуулж, хариуцагчид чанар стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүнийг нийлүүлсэн боловч гэрээний үүргээ зөрчсөн. Худалдах, худалдан авах гэрээний 4.3 дахь хэсэгт зааснаар худалдан авагч нь энэхүү гэрээний 4.2-т заасан нөхцлөөр авсан тохиолдолд барааг хүлээн авснаас хойш хуанлийн 45 хоногийн дотор үнийг бүрэн төлж барагдуулсан байх үүрэгтэй. Хуанлийн 1 өдөрт хийсэн худалдагчийн нийлүүлэлт, худалдан авагчийн худалдан авалтыг Иргэний хуулиар тогтоосон бие даасан үүрэг гэж үзнэ. Гэрээний 5.2-т худалдан авагч тал шатахуун болон бүтээгдэхүүний төлбөрийг тээврийн хөлсийн хамт гэрээний 4 дүгээр зүйлийн 4.3-д заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар тооцон худалдагчид алданги төлнө гэж заасан. 2021 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн тооцоо нийлсэн актаар нийлүүлсэн шатахууны нийт үнийг 133,768,200 төгрөг гэж баталгаажуулсан. Алданги 0,5 хувь 668,841 төгрөгийг 2021 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн тооцоо нийлсэн актаас хойш 89 хоногийг*668,841 төгрөгөөр тооцоход гүйцэтгээгүй үүргийн дүнгийн 50 хувиас хэтэрсэн дүн гарна гэжээ.

 2. Хариуцагч талын татгалзал, тайлбарын агуулгад: Тайлбар гаргаагүй.

 3. Шүүх: Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч А О А ХХК-аас бүгд 194 632 731 /нэг зуун ерэн дөрвөн сая зургаан зуун гучин хоёр мянга долоон зуун гучин нэг/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ШГХХК-д олгож, үлдсэн 6 019 569 /зургаан сая арван есөн мянга таван зуун жаран ес/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч ШГХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1 161 215 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч  А О А ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 1 131 113 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ШГХХК-д олгож шийдвэрлэжээ.

 4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Тэмүүжингийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Шийдвэрийг эс зөвшөөрч байна.

4.1. Жинхэнэ нэхэмжлэгч нь “ШТ” ХХК эсвэл ШГХХК-ийн аль нь болох нь тодорхойгүй байхад хэргийг шийдвэрлэсэн нь ноцтой алдаа болсон.

4.2. Хэргийн оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн тухайд,

4.2.а. Шүүх шийдвэртээ хариуцагчийг хариу тайлбар ирүүлээгүй гэж дурдсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.1, 34.3 дахь хэсэгт заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн.

4.2.б. Хариуцагчийг хэргийн материалтай огт танилцуулаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан шүүгчийн захирамжуудтай танилцаагүй, шүүгчийг томилсон Ерөнхий шүүгчийн захирамжтай танилцуулаагүй, шүүгчийг татгалзан гаргах эрхийг эдлүүлээгүй. Нөлөөллийн мэдүүлэгт гарын үсэг зуруулаагүй. Шүүх хуралдаан болох хүртэл хугацааны хэрэгт авагдсан баримтууд, шүүгчийн захирамж, гомдлын хурлын тэмдэглэлийг танилцуулаагүй. Өмгөөлөгч авах, өмгөөлүүлэх эрхээ эдлээгүй. Шүүх хуралдааны товыг мэдэгдээгүй, шүүх хуралд биечлэн оролцож тайлбар, татгалзал, нотлох баримт гаргаж өгөх эрхээ эдлээгүй нь мэтгэлцэх зарчим ноцтой зөрчигдсөн.

4.2.в. Шүүх хэргийн нэг талд үйлчилсэн. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “нэхэмжлэгч талаас шатахуун нийлүүлж байсан баримт гаргаж өгч байна” гэхэд, даргалагчаас “баримт гаргаж өгч байгаатай холбоотой хариуцагчид баримтыг танилцуулах ажиллагаа хийх асуудал яригдана” гэж түүнд чиглэл санаа өгч нэг талд үйлчилсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: ... Хариуцагч нь 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдөр нэхэмжлэлийг гардаж авсан. Нэхэмжлэл гардан авсан учраас хэргийн материалтай танилцах эрхээ эдлэх ёстой байсан. Хариуцагч хариу тайлбар ирүүлээгүй, хэргийн материалтай танилцахаар ирээгүй. Хариуцагч мэдсэн байдаг. Нэхэмжлэл гардан авснаас хойш шүүх хуралдаан болох хүртэл хугацаанд ямар нэгэн хариу тайлбар болон нотлох баримт гаргаж өгөөгүй. Хариуцагчийн утас холбогдохгүй байсан учраас шуудангаар хүргүүлсэн тов мэдэгдэх баримтыг өөрөө хүлээж авсан. Нэхэмжлэгч анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хавсаргасан бүх баримтууд ШГХХК-тай холбоотой нотлох баримтуудыг гаргаж өгсөн. Харин нэхэмжлэлийн төгсгөл хэсэгт “ШТ” ХХК-аас гаргуулж өгнө үү гэж бичигдсэн ба шүүхийн хэлэлцүүлгийн шатанд энэ талаар асуухад дээрх байдлаар тайлбарласан. Шүүхийн шийдвэрийн тодорхойлох, үндэслэх, тогтоох хэсэгт “ШТ” ХХК-аас гаргуулаагүй, ШГХХК-аас гаргуулахаар шийдвэрлэсэн гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хэргийг гомдолд дурдсан үндэслэлээр хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.2, 168.1.3 дахь хэсэгт заасны дагуу хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

2. Нэхэмжлэгч ШГХХК хариуцагч А О А ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний төлбөрт 133,768,200 төгрөг, алдангид 66,884,100 төгрөг, нийт 200,652,300 төгрөг нэхэмжилсэн, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг гардан авсан боловч хариу тайлбар ирүүлээгүй байна.

3. Шүүх хэргийн оролцогчийн хуулиар олгосон эрхийг бүрэн хангасан гэж үзэхэд учир дутагдалтай. Энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлтэй.

4. Тус хэрэгт 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэн, 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдөр хариуцагчийн төлөөлөгч Г.Амарсанаад нэхэмжлэлийн хувийг гардуулан өгч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26, 38 дугаар зүйлд заасан эрх, үүргийг тайлбарласан байна. /хх17, 21, 28, 40-43, 51/

4.а. 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх захирамжаар шүүх хуралдааныг 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр явуулахаар шийдвэрлэсэн байх ба хариуцагч нь талуудаас ирүүлсэн болон шүүхээс хийгдсэн ажиллагааны баримттай танилцаагүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д зааснаар хэргийн оролцогч нь эсрэг талын тайлбар, татгалзал, түүнийг нотлох баримттай танилцах эрхтэй бөгөөд энэ нөхцөлийг шүүх бүрдүүлэх үүрэгтэй.

5. Шүүх хариуцагчийг шүүх хуралдаанд оролцож, мэтгэлцэх эрхээр нь хангаагүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4, 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн байна.

5.а. Хэргийн 51-р тал дахь хариуцагчид хүргүүлсэн гэх шүүх хуралдааны тов мэдэгдэх хуудас нь бичиг баримтын хуулиар тавигдах шаардлагыг хангаагүй, хүлээн авсан хүний гарын үсэг зурагдаагүй байх тул шүүх хуралдааны товыг хуульд заасан журмын дагуу хүргэсэн гэж үзэхгүй. Мөн шүүгчийн туслахын хуралдааны товыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А-ийн ...дугаарын утас руу зурвас бичиж үлдээн мэдэгдсэн талаарх тэмдэглэл байх боловч уг зурвасыг хариуцагч хүлээж авсан эсэх нь тодорхой бус байна. /хх48/

Иймд давж заалдах шатны шүүхээс дээрх ажиллагааг нөхөн гүйцэтгэх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.2, 168.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1 Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 181/ШШ2022/00098 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч талын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,131,114 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                 Д.БЯМБАСҮРЭН

 

   ШҮҮГЧИД                                  Ч.ЦЭНД

 

                                                             А.МӨНХЗУЛ