Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 181/ШШ2022/00422

 

 

 

 

 

 

 

   2022        03         04 

181/ШШ2022/00422

   

 

  

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэгт байрлах, “МО ББСБ” ХХК -ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүрэгт оршин суух, А.Э,

Хариуцагч: Чингэлтэй дүүрэгт оршин суух, А.Б  нарт холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 8.788.203 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ц, хариуцагч нарын өмгөөлөгч Ж.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Сэлэнгэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч “МО ББСБ” ХХК нь А.Б, А.Э нарт холбогдуулж зээлийн гэрээний үүрэгт 8.788.203 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөнөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардсан. Нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1.“МО ББСБ” ХХК нь А.Э, А.Б нартай 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр №181127/14 Зээлийн гэрээг байгуулан, 8.000.000 төгрөгийг сарын 3,2 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээл олгосон. Мөн тус өдөр А.Э болон А.Бтай Барьцааны гэрээ байгуулан, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эрхийн улсын бүртгэлийн Г-2202004537 дугаартай, нэгж талбарын 18641317642578 дугаартай, Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 18 дугаар гудамж, 153 тоот хаягт байрших, 517 мкв талбайтай газар, эрхийн улсын бүртгэлийн Ү-2202010433 дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 18 гудамж, 153 тоот хаягт байрших  77,5 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан. Зээлдэгч эргэн төлөлтийн хуваарьт заасны дагуу 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн 2020 оны 11 дугаар сарын 27-ны өдөр хүртэл сар бүр үндсэн төлбөр, хүү гэсэн дарааллаар төлбөрийг төлөх үүрэгтэй байсан ба зээл олгосноос хойш 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл хэвийн төлж явсан. Гэвч 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдрөөс хойш огт төлөлт хийгдээгүй бөгөөд удаа дараа шаардахад төлнө гэдгээ илэрхийлдэг боловч одоог хүртэл төлөөгүй. Зээлийн хүүг 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүртэл нийт 18 сараар дараах байдлаар тооцсон.

Иймд зээлийн гэрээг зээлдүүлэгчийн санаачлагаар цуцлаж, үндсэн зээл 6.764.413 төгрөг, зээлийн хүү 2.307.037 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 416.355 төгрөгийг анх нэхэмжилсэн. Хариуцагчийн төлсөн мөнгийг алдаатай тооцсон байсан тул дахин тооцоолж ирүүлсэн болно.

Хариуцагчийн зээл төлсөн дүнгээс үзвэл 2019 онд үндсэн зээл 1.169.554 төгрөг, зээлийн хүү 1.981.246 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 369.200 төгрөг, нийт 3.520.000 төгрөг, 2020 онд үндсэн зээлд 66.033 төгрөг, зээлийн хүү 2.557.421 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 566.546 төгрөг, нийт 3.190.000 төгрөг, 2021 онд үндсэн зээлээс төлөлт хийгээгүй, зээлийн хүү 1.389.231 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 360.769 төгрөг, нийт 1.750.000 төгрөг буюу нийтдээ 8.460.000 төгрөг төлсөн. Үүнийг үндсэн зээл 1.235.587 төгрөг, зээлийн хүү 5.927.898 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1.296.514 төгрөгийг тооцож хассан.

Иймд хариуцагч А.Э, А.Баас үндсэн зээлийн үлдэгдэл 6.764.413 төгрөг, зээлийн хүү 1.898.242 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 125.547 төгрөг, нийт 8.788.203 төгрөг гаргуулж, сайн дураар төлбөрийг төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү. Хүү, нэмэгдүүлсэн хүүг хууль, гэрээний дагуу бодсон тул түрүүлж үндсэн зээлээс хасах үндэслэлгүй гэв.

 

2.Хариуцагч нар дараах үндэслэлээр эс зөвшөөрч маргаж байна. Үүнд: Хариуцагч нарын хувьд анх зээл авсанд маргахгүй. Мөн энэ хугацаанд зээлд 8.460.000 төгрөг төлсөн гэдэгт маргахгүй. Нэхэмжлэгч талын тооцоолж ирүүлсэн зээлийн гэрээний хугацаа дуусахад байсан зээлийн үлдэгдэл дүнд маргахгүй. Харин Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-т зааснаар үүрэг гүйцэтгэх дарааллын дагуу гэрээний хугацаа дууссанаас хойшхи хугацаанд төлсөн мөнгийг үндсэн зээлээс түрүүлж хасах ёстой. Түүнчлэн зээлдэгч нар цар тахлаас болоод төлбөрөө төлөх боломжгүй нөхцөл үүссэн тул энэ тухайгаа нэхэмжлэгч талд хэлж байсан гэдэг. Иймд 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдрөөс хойш төлсөн мөнгийг үндсэн зээлээс хасч, хүү, нэмэгдүүлсэн хүүг хасч өгнө үү гэв.

 

3.Нэхэмжлэгчээс нотлох баримтаар: төлөөлөгчид эрх олгосон итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, түүний хавсралтын хуулбар, зээл хүсэгчийн анкет, А.Э,  А.Бын нарын хүсэлт, 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн зээлийн гэрээ, эргэн төлөлтийн хуваарь, мөн өдрийн №181127/14 дүгээр барьцааны гэрээ, 2020 оны 54/20 тоот А.Эт хүргүүлсэн шаардлага, зээл төлөлтийн тооцоолол, Г-2202004537 , Ү-2202010433 дугаар өмчлөх эрхийн гэрчилгээнүүд, тус шүүхийн 2021 оны 181/ШЗ2021/13192 дугаар нэхэмжлэлийг татгалзах тухай захирамжийн хуулбар, 2020 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн А.Эийн гаргасан хүсэлт, зээл олгосон кассын зарлагын баримт, нэхэмжлэлийн шаардлагын тодруулга, зээл хүүгийн тооцоолол, зэргийг ирүүлжээ. /хх 5-27, 64-66/

Хариуцагч нараас нотлох баримтаар: хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, мөнгөн шилжүүлэг хийсэн баримт нэг хуудас зэргийг ирүүлжээ. /хх 43-44, 47, 51/

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж дүгнэв.

1.Нэхэмжлэгч “МО ББСБ” ХХК нь А.Б, А.Э нарт холбогдуулж зээлийн гэрээний үүрэгт 9.487.806 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага анх гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мөнгөн хөрөнгө гаргуулах шаардлагаа 8.788.203 төгрөг болгон бууруулсан тул шүүх нэхэмжлэлийн багасгасан шаардлагын хүрээгээр шийдвэрлэх нь зүйтэй.

1.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ зээл олгосон, зээлийг бүрэн төлөөгүй тул үлдэгдлийг гаргуулна, гэрээгээр нэмэгдүүлсэн хүү, хүү, үндсэн зээл гэсэн дарааллаар зээлийг төлөхөөр заасан тул төлсөн төлбөрийг үндсэн зээлээс хасах үндэслэлгүй гэж тайлбарлав.

Хариуцагч татгалзлын үндэслэлээ зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойшхи хугацаанд төлсөн мөнгийг үндсэн зээлээс хасч тооцох ёстой, цар тахлын улмаас төлбөр төлж чадаагүй, хүү, нэмэгдүүлсэн хүүг багасгаж өгнө үү гэж тайлбарлав.

2.Хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

2.1.Нэг талаас “МО ББСБ” ХХК, нөгөө талаас А.Э, А.Б нар 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр харилцан тохиролцож, зээлдүүлэгч 8.000.000 төгрөгийг 24 сарын хугацаатай зээлдэгчийн өмчлөлд шилжүүлэх, зээлдэгч сарын 3,2 хувийн хүүтэй, хугацаандаа төлөөгүй тохиолдолд нэмэгдүүлсэн хүүтэйгээр эргүүлэн төлөхөөр тохиролцож 181127/14 тоот зээлийн гэрээг байгуулжээ. Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг А.Эийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2202010433, Г-2202004537 дугаарт тус тус бүртгэлтэй, Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 18 дугаар гудамж, 153 тоот хаягт байрших 77,5 мкв талбайтай хувийн сууц, мөн хаягт байрших 517 мкв талбайтай газраас хангуулахаар мөн өдрөө 181127/14 тоот барьцааны гэрээг тус тус байгуулжээ. /хх 16-19, 20-22, 25-26/

Дээрх гэрээнүүд Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2 дахь хэсэгт заасан гэрээг бичгээр хийх, үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх хуулийн шаардлагад нийцсэн, хүчин төгөлдөр гэрээнүүд байна.

2.2.Зээлдэгч мөнгөн хөрөнгө болох 8.000.000 төгрөгийг хүлээн авсан, энэ хугацаанд зээлд нийтдээ 8.460.000 төгрөг төлсөнд маргаагүй. Мөн зээлийн гэрээний хугацаа дууссан 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 6.764.413 төгрөг, хүү 884.595 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 33.191 төгрөг нийт 7.682.199 төгрөг байсан үйл баримтад зохигчид маргаагүй. /хх 50, 66/

Иргэний хуулийн 451 дугаар зүйлийн 451.1-д зааснаар банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатай зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээхээр зохицуулсан, хэрэгт авагдсан дансны хуулгаар нэхэмжлэгч мөнгөн хөрөнгийг шилжүүлсэн нь тогтоогдсон тул тэрээр төлөгдөөгүй зээлийн үлдэгдлийг буцаан төлөхийг шаардах эрхтэй.

3.Харин зохигчид зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш төлсөн төлбөрийг үндсэн зээлээс хасах эсэхэд буюу үүрэг гүйцэтгэх дарааллын талаар маргаж байна.

Хэргийн 66 дах талд авагдсан зээл хүүгийн тооцооллоос үзвэл гэрээний хугацаа дууссанаас хойш хариуцагч 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс 2021 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн хооронд 7 удаагийн төлөлтөөр 2.050.000 төгрөг төлсөн байх бөгөөд үүнд хариуцагч маргаагүй. 

Талуудын хоорондох гэрээний 4.3-т “зээлдэгч төлбөрийг нэмэгдүүлсэн хүү, үндсэн хүү, үндсэн зээлийн төлбөр гэсэн дарааллаар төлнө” гэж тохиролцсон байх боловч Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-т “үүргийн гүйцэтгэл төлөх хугацаа болсон бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол тэргүүн ээлжинд үндсэн үүрэг, эцэст нь хүү төлнө” гэж заасан тул гэрээний хугацаа дууссанаас хойш төлсөн төлбөрийг үндсэн зээлээс түрүүлж хасах тухай тайлбар үндэслэлтэй.

Монгол Улсын Их хурлаас 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр баталсан Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн хуулийн 141 дүгээр зүйлийн 141.1-д “Барьцаалан зээлдүүлэх газар зээлдэгчтэй байгуулсан зээлийн гэрээний хүүгийн хэмжээг сарын 3 хувиас хэтрүүлэхгүй тооцно” гэж, мөн зүйлийн 141.4-д “Зээлдэгч … бусад нэмэгдүүлсэн хүү, шимтгэл, хураамж төлөх үүргээс чөлөөлөгдөх эрхтэй” гэж заажээ. Түүнчлэн Монгол Улсын Их хурлын 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 32 дугаар тогтоолын 2.2-т “хүүг бууруулах” чиглэлийг Монгол Улсын Засгийн газар, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороонд өгсөн, Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 183 дугаар тогтоолын 8-д “Банк, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршооноос иргэд, аж ахуйн нэгжүүдэд олгосон зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийн хугацааг зээлдэгчийн хүсэлтийг харгалзан нэмэгдүүлсэн хүү, торгууль, алданги тооцохгүйгээр зээлдэгчид ямар нэгэн дарамт үүсгэхгүй байхаар төлбөрийн чадварт нь нийцүүлэн гэрээнд өөрчлөлт оруулах зохицуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлэх” гэж тус тус зааж байсан тул шүүх хуулийн дээрх өөрчлөлт орж үйлчилж эхэлсэн 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш нэхэмжлэгч нэмэгдүүлсэн хүү тооцон шаардсныг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Мөн дээрх хуульд банк, банк бус байгууллагаас бусад зээл нэг сарын 3 хувиас хэтрэхгүй байхаар заасан байтал нэхэмжлэгч энэ төрлийн үйл ажиллагаа эрхэлдэг эрх бүхий этгээд хэрнээ хүүгийн хэмжээг нэг сард 3,2 хувиар тооцон нэхэмжилснийг шүүх зээлийн гэрээний хугацаа дууссан 2020 оны 12 дугаар сараас хойшхи нэхэмжлэгчийн тооцон нэхэмжилсэн 2021 оны 12 дугаар сар хүртэлх хугацааны хүүгийн хэмжээг нэг сард 2 хувь болгон бууруулж тооцон энэ хэмжээгээр хасах нь зүйд нийцнэ гэж үзлээ.

Дээрхийг нэгтгээд зээлийн гэрээ дуусах үеийн нийт үлдэгдэл 7.682.199 төгрөг,  сарын хүүгийн хэмжээг багасгаж тооцсон хүү 1.623.456  төгрөг /6.764.413 * 2% = 135.288 *12 сар/  нийт 9.305.655 төгрөгөөс төлсөн 2.050.000 төгрөгийг хасч үлдэх 7.255.655 төгрөгийг гаргуулж олгох нь зүйтэй. Түүнчлэн барьцааны гэрээ хүчин төгөлдөр тул үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөнөөс хангуулахаар шийдвэрлэв.

            Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлдээ “үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөнөөс хангуулах” шаардлагад төлбөл зохих 70.200 төгрөгийн тэмдэгтийн хураамжийг дутуу төлсөн байх тул нөхөн төлүүлэх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2-т заасныг баримтлан А.Э, А.Б нараас 7.255.655 /долоон сая хоёр зуун тавин таван мянга зургаан зуун тавин таван/ төгрөг гаргуулж, “МО ББСБ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2.232.151 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч нар үүргээ сайн дураар гүйцэтгээгүй тохиолдолд А.Э-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-220..... дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 18 дугаар гудамж, 153 тоот хаягт байрших 77,5 мкв талбайтай хувийн сууц, эрхийн улсын бүртгэлийн Г-22020.... дугаарт бүртгэлтэй, нэгж талбарын 18641....... дугаартай, Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 18 дугаар гудамж, 153 тоот хаягт байрших 517 мкв талбайтай газраас тус тус үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.3-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 166.754 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс дутуу төлсөн 70.200 төгрөгийг гаргуулж улсын орлогод нөхөн төлүүлж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 201.240 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй явдал давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   О.ОДГЭРЭЛ