Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2022/00911

 

 

 

 

 

2022 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2022/00911

 

 

МО ББСБ ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 181/ШШ2022/00422 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч МО ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч А.Э-, А.Б- нарт холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 8,788,203 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хариуцагч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунханд илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

МО ББСБ ХХК нь А.Б-, А.Э- нарт холбогдуулж зээлийн гэрээний үүрэгт 8,788,203 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөнөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардсан. МО ББСБ ХХК нь А.Э-, А.Б- нартай 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр №181127/14 зээлийн гэрээг байгуулан, 8,000,000 төгрөгийг сарын 3,2 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлдүүлсэн. Мөн тус өдөр А.Э- болон А.Б-тай барьцааны гэрээ байгуулан, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эрхийн улсын бүртгэлийн Г-2202004537 дугаартай, нэгж талбарын 18641317642578 дугаартай, Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 18 дугаар гудамж, 153 тоот хаягт байрших, 517 м.кв талбайтай газар, эрхийн улсын бүртгэлийн Ү-2202010433 дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 18 гудамж, 153 тоот хаягт байрших 77,5 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан. Зээлдэгч эргэн төлөлтийн хуваарьт заасны дагуу 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн 2020 оны 11 дугаар сарын 27-ны өдөр хүртэл сар бүр зээл, хүү гэсэн дарааллаар төлбөрийг төлөх үүрэгтэй байсан ба зээл олгосноос хойш 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл хэвийн төлж явсан. Гэвч 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдрөөс хойш огт төлөлт хийгдээгүй бөгөөд удаа дараа шаардахад төлнө гэдгээ илэрхийлдэг боловч одоог хүртэл төлөөгүй. Зээлийн хүүг 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүртэл нийт 18 сараар тооцсон. Иймд зээлийн гэрээг зээлдүүлэгчийн санаачлагаар цуцалж, зээл 6,764,413 төгрөг, хүү 2,307,037 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 416,355 төгрөгийг анх нэхэмжилсэн. Хариуцагчийн төлсөн мөнгийг алдаатай тооцсон байсан тул дахин тооцоолж ирүүлсэн. Хариуцагчийн зээл төлсөн дүнгээс үзвэл 2019 онд зээл 1,169,554 төгрөг, хүү 1,981,246 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 369,200 төгрөг, нийт 3,520,000 төгрөг, 2020 онд зээлд 66,033 төгрөг, хүү 2,557,421 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 566,546 төгрөг, нийт 3,190,000 төгрөг, 2021 онд үндсэн зээлээс төлөлт хийгээгүй, зээлийн хүү 1,389,231 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 360,769 төгрөг, нийт 1,750,000 төгрөг буюу нийтдээ 8,460,000 төгрөг төлсөн. Үүнийг зээл 1,235,587 төгрөг, хүү 5,927,898 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,296,514 төгрөгийг тооцож хассан. Иймд хариуцагч нараас зээлийн үлдэгдэл 6,764,413 төгрөг, хүү 1,898,242 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 125,547 төгрөг, нийт 8,788,203 төгрөг гаргуулж, сайн дураар төлбөрийг төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү.

 

2. Хариуцагчийн тайлбарын агуулга:

Хариуцагч нарын хувьд зээл авсанд маргахгүй. Мөн энэ хугацаанд зээлд 8,460,000 төгрөг төлсөн гэдэгт маргахгүй. Нэхэмжлэгч талын тооцоолж ирүүлсэн зээлийн гэрээний хугацаа дуусахад байсан зээлийн үлдэгдэл дүнд маргахгүй. Харин Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэх дарааллын дагуу гэрээний хугацаа дууссанаас хойших хугацаанд төлсөн мөнгийг үндсэн зээлээс түрүүлж хасах ёстой. Түүнчлэн зээлдэгч нар цар тахлаас болоод төлбөрөө төлөх боломжгүй нөхцөл үүссэн тул энэ тухайгаа нэхэмжлэгч талд хэлсэн. Иймд 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдрөөс хойш төлсөн мөнгийг үндсэн зээлээс хасч, хүү, нэмэгдүүлсэн хүүг хасч өгнө үү.

 

3. Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2 дахь хэсэгт заасныг баримтлан А.Э-, А.Б- нараас 7,255,655 /долоон сая хоёр зуун тавин таван мянга зургаан зуун тавин таван/ төгрөг гаргуулж, МО ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2,232,151 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нар үүргээ сайн дураар гүйцэтгээгүй тохиолдолд А.Э-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2202010433 дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 18 дугаар гудамж, 153 тоот хаягт байрших 77.5 м.кв талбайтай хувийн сууц, эрхийн улсын бүртгэлийн Г-2202004537 дугаарт бүртгэлтэй, нэгж талбарын 18641317642578 дугаартай, Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 18 дугаар гудамж, 153 тоот хаягт байрших 517 м.кв талбайтай газраас тус тус үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 166,754 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс дутуу төлсөн 70,200 төгрөгийг гаргуулж улсын орлогод нөхөн төлүүлж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 201,240 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

 

4. Хариуцагч нар давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

МО ББСБ ХХК-тай байгуулсан зээлийн гэрээнд зээлийн хүүг сарын 3,2 хувь байхаар заасныг жилээр тооцоход зээлийн хүү нь жилийн 38,4 хувь байсан бөгөөд бид шүүхэд хүүгийн хэмжээ нь зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон, багасгах талаар хүсч байсан тул шүүх өөрт олгогдсон эрх хэмжээний дагуу багасгаж өгнө үү. Гэрээний нөхцөл буюу зээлийн хүү нь тухайн салбарт тогтсон жишгээс хамаагүй их байна. Коронавирүст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 141 дүгээр зүйлийн 141.1 дэх заалт нь барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа эрхэлдэг хуулийн этгээд иргэн, хуулийн этгээдтэй байгуулсан зээлийн гэрээнд хамаарна. Нэхэмжлэгч МО ББСБ ХХК нь банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхэлдэг хуулийн этгээд байтал барьцаалан зээлдүүлэх газар болон зээлдэгч хоорондын зээлийн гэрээний харилцааны хүрээнд хамааруулан үзэж, зээлийн хүүг багасгахдаа хэрэглэх ёсгүй, буруу хуулийн зүйл, заалтыг үндэслэл болгосон нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаж чадсангүй. Иймд анхан шатны шүүхэд хүргүүлсэн тайлбарт дурдсанчлан цар тахлын нөхцөл байдал үүссэнтэй холбоотойгоор зээлийн төлбөрөө төлөх боломжгүй нөхцөл байдал үүссэн тул бидний нөхцөл байдлыг харгалзан үзэж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагаас зээлийн хүү 1,623,456 төгрөгийг, нийт 4,667,336 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:

Манай байгууллага нь барьцаалан зээлдүүлэх газар болон зээл хоорондын гэрээнээс хамаарахгүйгээр ББСБ-ын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээд юм. Тус хуулийн заалтыг үндэслэж талууд зээлийн гэрээ болон барьцааны гэрээ байгуулсан. Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1 дэх хэсэгт заасныг үндэслэн сарын 3,2 хувийн хүүтэйгээр зээл олгосон. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй орхиж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзсэн болно.

 

2. Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсгийн хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байна.

 

3. Нэхэмжлэгч МО ББСБ ХХК нь А.Б-, А.Э- нарт холбогдуулж зээлийн гэрээний үүрэгт 9,487,806 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 8,788,203 төгрөг болгон багасгасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

4. Талуудын хооронд байгуулагдсан 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 181127/14 тоот зээлийн гэрээгээр зээлдүүлэгч буюу МО ББСБ ХХК нь 8,000,000 төгрөгийг зээлдэгч буюу А.Э-, А.Б- нарт 24 сарын хугацаатайгаар, сарын 3,2 хувийн хүүтэй, хугацаандаа төлөөгүй тохиолдолд нэмэгдүүлсэн хүү төлөхөөр харилцан тохиролцжээ. /хх16-18/ Мөн өдрийн барьцааны гэрээгээр А.Э-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2202010433, Г-2202004537 дугаарт тус тус бүртгэлтэй, Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 18 дугаар гудамж, 153 тоот хаягт байрлах 77.5 м.кв талбайтай хувийн сууц, мөн хаягт байрлах 517 м.кв талбайтай газрыг барьцаалсан байна. /хх 20-22/

 

5. Иргэний хуулийн 451 дугаар зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн талаар шүүхийн дүгнэлт зөв. Хариуцагч нар зээл 8,000,000 төгрөгийг хүлээн авсан, зээлд нийт 8,460,000 төгрөг төлсөн талаар маргаагүй.

/хх50, 65-66, 74/

 

6. Нэхэмжлэгч 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш нэмэгдүүлсэн хүү тооцон шаардсаныг анхан шатны шүүхээс хэрэгсэхгүй болгон шийдвэрлэснийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаагүй.

 

7. Зээлдэгч буюу нэхэмжлэгч нь гэрээгээр тохиролцсон сарын 3,2 хувиар тооцон нэхэмжилснийг анхан шатны шүүх зээлийн гэрээний хугацаа дууссан 2020 оны 12 дугаар сараас 2021 оны 12 дугаар сар хүртэлх хугацааны хүүгийн хэмжээг сард 2 хувь болгон бууруулж тооцсоныг мөн нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаагүй байна.

 

8. Зохигчийн хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ байгуулагдсан тул зээлдэгч буюу хариуцагч нар нь зээл, хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй.

 

Мөн Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй талаар засан.

 

Анхан шатны шүүхээс зээлийн гэрээний үлдэгдэл 7,682,199 төгрөг, сарын хүү 1,623,456 төгрөг /6,764,413 х 2% = 135,288 х12 сар/ нийт 9,305,655 төгрөгөөс төлсөн 2,050,000 төгрөгийг хасч 7,255,655 төгрөгийг хариуцагч нараас гаргуулахаар шийдвэрлэснийг буруутгах, нэмж тооцооллын хувьд багасгах үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Мөн үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт нийцсэн байна.

 

9. Хариуцагч талын хүүгийн хэмжээ нь зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон, Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2 дахь хэсэгт зааснаар багасгах талаар гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй байна. Учир нь талуудын хоорондын гэрээ нь банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ байх бөгөөд тухайн харилцаанд Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2 дахь хэсэгт заасан журам үйлчлэхгүй юм.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 181/ШШ2022/00422 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 40,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО

 

ШҮҮГЧИД Д.БЯМБАСҮРЭН

 

Ш.ОЮУНХАНД