Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 133/ШШ2022/00177

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: А.И нэхэмжлэлтэй

Хариуцагч: Говь-Алтай аймгийн Ардын дуу бүжгийн “Алтай” чуулгад холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч А.И, түүний өмгөөлөгч М.Э, хариуцагчийн өмгөөлөгч Б.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Номин-Эрдэнэ нар оролцов.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.А нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй тул хэргийн оролцогчийн саналыг харгалзан үзэж, түүнийг эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага/тодруулсан/:

Ажлаас буруу халсан тухай гомдол гаргах гомдол гаргах хугацаа сэргээн тогтоолгох, урьд эрхэлж байсан хөгжимчин ажилд эгүүлэн тогтоолгох, 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай

2. Нэхэмжлэлийн үндэслэл:

Миний бие нь 2009 онд Ардын дуу бүжгийн Алтай чуулгад хөгжимчин ажилд орсон. Ажиллаж байх хугацаандаа мэргэжлээрээ бусдыгаа манлайлан бүсийн болон улсын уралдаанд шагналт болон тэргүүн байр эзэлж, чуулгынхаа нэр хүндийг улсад өндрөөр өргөж, амжилттай ажилласан төдийгүй 2021 оны байгууллагын хөдөлмөрийн аваргаар хүртэл шалгарсан. Тус чуулгад 12 жил ажиллах хугацаандаа өөрийн авьяас чадвараа дайчлан бусдад үлгэрлэн хоёргүй сэтгэлээр ажиллаж ирсэн. Гэтэл тус чуулгын дарга Э.О   нь бусдын бусармаг үг, үйлдэл, хатгаас, хувийн өс хонзонгоор 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн Б/25 дугаартай тушаалаар ажлаас чөлөөлсөн. Уг шийдвэрийг үндэслэлгүй гэж үзэн өөрийн эрхийг хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргахаар анхан шатны бичиг баримтаа бүрдүүлэн тушаалаа авахаар 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдөр ажил дээр очиж уулзахад Э.О   дарга би чамайг зургаан сард ажилд эгүүлэн авъя шүүхэд хандах хэрэггүй гэсэн. Ингээд би нэхэмжлэлээ өгөхөө болиод даргад итгэж 3 сар хүлээсэн. Товлосон хугацаа болж утсаар холбогдоход Э.О   цалингийн сан орон тоогоо харья, тэгээд чи юу ч гэсэн өргөдлөө өгчих, уран сайхны зөвлөлөөр шийдье гэх мэтээр тойруулж эхэлсэн. Тэр дор нь би өргөдлөө бичин нарийн бичигт өгсөн боловч өдийг хүртэл хариу өгөөгүй бөгөөд удирдлагын бүрэлдэхүүнд байдаг найзаасаа чамайг авахгүй гэсэн, чамайг өмгөөлөөд үнэхээр ганцаардаад ирлээ гэж хэлсэн. Үүнээс үзэхэд тус чуулгын дарга Э.О   хэргээр миний нэхэмжлэлийн хөөн хэлэлцэх хугацааг дуусгахаар надад худал хэлж, цаг хугацаа хожих санаатай байсан гэж үзэж байна.

3. Хариуцагчийн татгалзлын агуулга: Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулах

4. Хариуцагчийн татгалзлын үндэслэл: А.И нь ажиллаж байх хугацаандаа дуудлага тасалж, мөн ажлын байранд ажлын цагаар архи согтууруулах ундаа хэрэглэн ажил тасалсан учир 03 дугаар сарын 03-ны өдөр ажлаас чөлөөлсөн болно. Дарга Э.О   нь 03 дугаар сарын 03-ны өглөө А.И-г дуудан уулзахад согтуу ирсэн ба өчигдөр болсон явдалд танаас болон уран бүтээлчдээс уучлал гуйж байна. Даварсан хэрэг болжээ гэх зэрэг ярилцсан тэмдэглэлийг хавсралтаар оруулав. Мөн туслах найруулагч Ө.М ажлын байранд согтуу ирсэн байхад нь явуулсан гэх тэмдэглэлийг хавсаргав. Ардын дуу бүжгийн “Алтай” чуулгын дарга Э.О   нь А.И-т ямар нэгэн өс хонзонгийн сэдэлгүй, мөн ажилд буцаан авна гэж тохирсон зүйлгүй бөгөөд хүлээлт үүсгээгүй, мөн хөөн хэлэлцэх хугацаанд саад учруулаагүй, тушаалыг хуулийн хугацаанд танилцуулсан. 05 дугаар сарын 24-ны өдөр А.И нь дахин ажилд орох өргөдөл шинээр өгсөн, энэхүү өргөдлийг 06 сарын 01-ний өдөр Уран сайхны зөвлөлийн хурлаар авч хэлэлцсэн. Гэтэл 05 сарын 27,28,29-ны өдрүүдэд А.И нь ажлын байранд, ажлын цагаар согтуу ирж ажилчид, болоод багш, удирдлагад агсам тавьж, хэл амаараа доромжилсон асуудал гарсан. Иймд хүнийг цаашид ажиллуулах боломжгүй гэсэн уран сайхны зөвлөлийн гишүүдийн 100 хувийн саналаар өргөдөл дэмжигдээгүй. Мөн 05 сарын 27, 28, 29-ний өдрийн жижүүрийн тэмдэглэлийг хавсралтаар оруулав. А.И-т Ардын дуу бүжгийн “Алтай” чуулгын удирдлага болоод багш, уран бүтээлчид маш олон удаа итгэл үзүүлэн дэмжин хамтран ажиллаж ирсэн ба энэ итгэл найдварыг алдаж, 2012, 2014, 2015, 2019, 2021 онуудад удаа дараа архины асуудлаас халагдаж байсан.

5. Нэхэмжлэгч тал цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:

- Хөдөлмөрийн гэрээний эх хувь

- Цалин хөлсний цэс, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа эх хувь

- Иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар

- А.Идэрбаярын нэхэмжлэл/огноо 2021.03.16/

- Говь-Алтай аймгийн Ардын дуу бүжгийн “Алтай” чуулгын даргын 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Б/02 дугаар “Түр ажилтан томилох тухай” тушаалын хуулбар

- Говь-Алтай аймгийн Ардын дуу бүжгийн “Алтай” чуулгын даргын 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн Б/25 дугаар “Хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халах тухай” тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар

6. Хариуцагч тал цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:

- А.Идэрбаярын өргөдөл/огноо: 2021.05.24, 2020.01.13, 2014.09.10, 2013.06.20/

- Туслах найруулагч Ө.М тэмдэглэл

- Говь-Алтай аймгийн Ардын дуу бүжгийн “Алтай” чуулгын даргын 2012 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн Б/58 дугаар “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар

- Говь-Алтай аймгийн Ардын дуу бүжгийн “Алтай” чуулгын даргын 2014 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн Б/19 дүгээр “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар

- Говь-Алтай аймгийн Ардын дуу бүжгийн “Алтай” чуулгын даргын 2015 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн Б/54 дүгээр “Албан тушаал бууруулах тухай” тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар

- Говь-Алтай аймгийн Ардын дуу бүжгийн “Алтай” чуулгын даргын 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн Б/81 дүгээр “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар

- Говь-Алтай аймгийн Ардын дуу бүжгийн “Алтай” чуулгын даргын 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Б/121 дүгээр “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар

- Говь-Алтай аймгийн Ардын дуу бүжгийн “Алтай” чуулгын даргын 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн А/04 дүгээр “Хөдөлмөрийн дотоод журам шинэчлэн батлах тухай” тушаал эх хувь

- Цагийн бүртгэл эх хувь, дэвтэр-3 ширхэг

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, хариуцагчийн татгалзал, хэргийн оролцогчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон  шийдвэрлэх эрх зүйн үндэслэлтэй.

1. Хариуцагч Говь-Алтай аймгийн Ардын дуу бүжгийн “Алтай” чуулга нь 2021 оны 02 дугаар сард нэхэмжлэгч А.И-тай хугацаагүй хөдөлмөрийн гэрээ/хавтаст хэргийн 5-8 хуудас/-г бичгээр байгуулжээ.

Уг хөдөлмөрийн гэрээнд Хөдөлмөрийн тухай хууль/1999 он/-ийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт заасан ажлын байр/албан тушаал/-ны нэрийг хөгжимчин гэж,  гүйцэтгэх ажил, үүргийг ажлын байрны тодорхойлолтод заасан үндсэн болон нэмэлт үүрэг гэж, үндсэн цалин буюу албан тушаалын цалингийн хэмжээг 679,000 төгрөг гэж, хөдөлмөрийн нөхцөлийг хэвийн гэж тус тус тохирч мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.7 дахь хэсэгт зааснаар тусган талууд гарын үсэг зурснаар уг хөдөлмөрийн гэрээ нь хүчин төгөлдөр болжээ.

Үүнээс үзэхэд зохигчийн хооронд хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүссэн байх бөгөөд уг үйл баримтын талаар хэргийн оролцогч харилцан маргасангүй.

2. Хариуцагч Говь-Алтай аймгийн Ардын дуу бүжгийн “Алтай” чуулгын даргын 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн Б/25 дугаар тушаал/хавтаст хэргийн 11 хуудас/-аар нэхэмжлэгч А.И-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, хөгжимчин ажлаас халжээ.

Ажил олгогч Говь-Алтай аймгийн Ардын дуу бүжгийн “Алтай” чуулга нь ажлаас буруу халсан тухай ажилтан А.И гомдол нь Хөдөлмөрийн тухай хууль/1999 он/-ийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасны дагуу иргэний хэргийн шүүх харьяалан шийдвэрлэх хөдөлмөрийн ганцаарчилсан маргаанд хамаарч байна.

3. Хөдөлмөрийн тухай хууль/1999 он/-ийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт “Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана” гэжээ.

Ажил олгогч Говь-Алтай аймгийн Ардын дуу бүжгийн “Алтай” чуулга нь хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халсан шийдвэрээ 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдөр ажилтан А.И-т гардуулан өгсөн, ажилтан А.И нь уг шийдвэрийг мөнхүү өдөр хүлээн авсан болохоо харилцан зөвшөөрч, уг баримтын талаар зохигч маргасангүй./Хавтаст хэргийн 100 хуудас/

Үүнээс үзэхэд Нэхэмжлэгч А.И нь хариуцагч Говь-Алтай аймгийн Ардын дуу бүжгийн “Алтай” чуулгад холбогдуулан 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж/хавтаст хэргийн 2 хуудас/, ажлаас буруу халсан тухай гомдол гаргах хуулийн дээрх заалтад дурьдсан нэг сарын хугацааг хэтрүүлжээ.

4. Нэхэмжлэгч А.И нь ажлаас буруу халсан тухай гомдол гаргах хуульд заасан хугацааг хэтрүүлсэн болохоор хүлээн зөвшөөрч, уг хугацааг сэргээн тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэл нь процессын эрх зүйн утгаар нэхэмжлэгчээс хариуцагчтай маргасан материаллаг эрх зүйн маргааныг хянан хэлэлцүүлэх, шийдвэрлүүлэх тухай болон зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулах тухай хүсэлт тавьж, шүүхэд хандах тухай, материаллаг эрх зүйн утгаар нэхэмжлэлийн зүйлийг бий болгосон хариуцагчид тавьж буй нэхэмжлэгчийн материаллаг эрх зүйн шаардлага юм./С.Нарангэрэл,Эрх зүйн эх толь бичиг,анхны хэвлэл,(2007),х327/

Иргэний хэрэг шүүхэд хянан хянан шийдвэрлэх эрх зүйд нэхэмжлэлийн үндэслэл нь нэхэмжлэгчийн шүүхэд хандах болсон бодит нөхцөл ба түүний шаардлага ямар учир шалтгаантай болохыг нэхэмжлэгчийн зүгээс тодорхойлсон байдал. Харин нэхэмжлэлийн шаардлага нь тухайн үндэслэлд тулгуурлан нэхэмжлэгч шүүхээс юу хүсч байгааг илэрхийлдэг./УДШ,Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дэлгэрэнгүй тайлбар,3 хэвлэл,(2014),х179/

Үүнээс үзэхэд нэхэмжлэл нь нэхэмжлэгчээс хариуцагчид тавьж буй шаардлага бөгөөд шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэсэн тохиолдолд хариуцагчид үүрэг үүсдэг.

Ажлаас буруу халсан тухай гомдол гаргах хугацааг сэргээлгэх тухай ажилтны хүсэлтийг хэрхэн шийдвэрлэснээс үл хамаарч ажил олгогчид ямар нэг үүрэг үүсэхгүй.

Тодруулбал ажилтны гомдол гаргах хугацааг сэргээх шаардлагыг шүүх ханган шийдвэрлэсэн тохиолдолд ажил олгогч гомдол гаргах хугацааг сэргээх талаар шийдвэр гаргах боломжгүй.

Иймд нэхэмжлэгч А.И “ажлаас буруу халсан тухай гомдол гаргах хуульд заасан хугацааг сэргээлгэх” хүсэлтийг нэхэмжлэлийн шаардлага гэж үзэх эрх зүйн үндэслэлгүй юм.

5. Хөдөлмөрийн тухай хууль/1999 он/-ийн 129 дүгээр зүйлийн 129.3 дахь хэсэгт “Энэ зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн тохиолдолд шүүх уг хугацааг сэргээн тогтоож, хэргийг хянан шийдвэрлэж болно” гэжээ.

Шүүхээс хуулийн дээрх заалтыг хэрэглэж, хөдөлмөрийн маргааны талаар гомдол гаргах хугацаа сэргээн тогтооход “хүндэтгэн үзэх шалтгаан” хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан баримтаар хөдөлбөргүй тогтоогдсон байх шаардлагатай.

Нэхэмжлэгч А.И нь “2021 оны 03 дугаар сард шүүхэд гомдол гаргахаар материал бүрдүүлж байтал хариуцагч Говь-Алтай аймгийн Ардын дуу бүжгийн “Алтай” чуулгын дарга Э.О   нь 2021 оны 06 дугаар сард ажилд эгүүлэн авна гэж хүлээлт үүсгэсэн, ажилд буцаан томилно гэсэн амлалтаа биелүүлэхгүй 2021 оны 05 дугаар сарын 24-ны өдөр байгууллагын уран сайхны зөвлөлд өргөдөл гаргасан”/хавтаст хэргийн 1-2 хуудас/ гэж тайлбарлажээ.

Хариуцагч Говь-Алтай аймгийн Ардын дуу бүжгийн “Алтай” чуулга нь “нэхэмжлэгч А.И-г ажилд буцааж авна гэж тохирсон зүйлгүй, хүлээлт үүсгээгүй, хөөн хэлэлцэх хугацаанд саад учруулаагүй, тушаалыг хуулийн хугацаанд нь танилцуулсан, 2021 оны 05 дугаар сарын 24-ны өдөр дахин ажилд орох өргөдөл шинээр өгсөн, энэхүү өргөдөл 2021 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн уран сайхны зөвлөлийн хуралд оролцсон гишүүдийн 100 хувийн саналаар дэмжигдээгүй”/хавтаст хэргийн 23 хуудас/ гэж маргажээ.

Хэргийн үйл баримтын талаар харилцан эсрэг агуулгыг илэрхийлж буй зохигчийн дээрх тайлбар нь нотлох баримт боловч нэг талын гаргасан тайлбарыг нөгөө тал няцаан үгүйсгэж буй тохиолдолд  нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах, үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй.

Ажлаас буруу халсан тухай гомдол гаргах хугацаа хэтрүүлсэн нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан эсэх талаар зохигч маргаж буй  энэ тохиолдолд хүндэтгэн үзэх шалтгаантай байсныг нотлох нь нэхэмжлэгчийн үүрэг юм. Учир нь ажлаас буруу халсан тухай гомдол гаргах нь ажил олгогчоос үл хамаарах ажилтны эрх юм.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэжээ.

Нэхэмжлэлд хавсаргаж, иргэний хэрэгт авагдсан 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдөр нотариатаар гэрчлүүлсэн иргэний үнэмлэхийн хуулбар/хавтаст хэргийн 3 хуудас/, мөн өдөр нотариатаар гэрчлүүлсэн  Говь-Алтай аймгийн Ардын дуу бүжгийн “Алтай” чуулгын даргын 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн Б/25 дугаар “Хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халах тухай” тушаалын хуулбар/хавтаст хэргийн 11 хуудас/, 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн огноотой нэхэмжлэл/хавтаст хэргийн 9 хуудас/ зэрэг бичмэл нотлох баримтыг Хуулийн дээрх шаардлагын дагуу үнэлж, дүгнэвэл нэхэмжлэгч А.И “хариуцагч байгууллагын удирдлага нь ажилд эгүүлэн авна гэж хүлээлт үүсгэсэн” гэх тайлбар нотлогдсонгүй. Тодруулбал:

6.1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсэгт “Нэхэмжлэлийг тухайн шүүхийн захиргааны ажилтан хүлээн авч ийнхүү хүлээн авсан нэхэмжлэл, хавсаргасан материалын хуудасны тоо, огноо, цаг, минутыг нэхэмжлэлд тэмдэглэн баталгаажуулна. Тэмдэглэн бичсэн дарааллаар нэхэмжлэл бүртгэх дэвтэрт бичнэ” гэжээ.

“Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд” гэж хаягласан, 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн огноотой 1 хуудас нэхэмжлэлийг тус шүүхэд албан ёсоор гаргаагүй гэдгээ нэхэмжлэгч А.И нь шүүх хуралдаанд хүлээн зөвшөөрсөн тайлбарыг гаргасан./Хавтаст хэргийн 102 хуудас/

Хэрэв нэхэмжлэгч А.И нь тухайн үедээ дээрх нэхэмжлэлээ шүүхэд албан ёсоор хүлээлгэн өгсөн бол Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт заасны дагуу “тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан” үндэслэлээр хөөн хэлэлцэх хугацаа тасалдах байжээ.

Тогтоосон журмаар нэхэмжлэл гаргаагүй, шүүхийн захиргааны ажилтанд нэхэмжлэлээ хүлээлгэн өгөөгүй, хөөн хэлэлцэх хугацаа тасалдаагүй тул гомдол гаргах хугацаа сэргээлгэх хүсэлт гаргах шалтгаан болжээ.

6.2. Нэхэмжлэгч А.И нь иргэний үнэмлэх болон Говь-Алтай аймгийн Ардын дуу бүжгийн “Алтай” чуулгын даргын 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн Б/25 дугаар тушаалын хуулбарын үнэн зөвийг 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдөр нотариатчаар гэрчлүүлсэн нь шүүхэд нэхэмжлэл гаргах хүсэл зоригтой байсныг үгүйсгэхгүй ч “хариуцагч байгууллагын удирдлага нь ажилд эгүүлэн авна гэж хүлээлт үүсгэсэн” гэх тайлбарыг нотлохгүй.

6.3. Эдгээр бичмэл нотлох баримтыг нэхэмжлэгчийн тайлбартаа харьцуулж, бие биенээ дэмжин нотолж байгаа талаас нь үнэлж, дүгнэсэн хэдий ч нэхэмжлэгч А.И “хариуцагч байгууллагын удирдлага нь ажилд эгүүлэн авна гэж хүлээлт үүсгэсэн” гэх тайлбар батлагдахгүй байна.

6.4. Хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар ч  нэхэмжлэгч А.Идэрбаярын “хариуцагч байгууллагын удирдлага нь ажилд эгүүлэн авна гэж хүлээлт үүсгэсэн” гэх тайлбар тогтоогдсонгүй.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэгт “Шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй” гэжээ.

“Хариуцагч байгууллагын удирдлага нь ажилд эгүүлэн авна гэж хүлээлт үүсгэсэн” гэх нэхэмжлэгч А.Идэрбаярын тайлбарыг шүүх үгүйсгэхгүй ч энэхүү үйл баримт нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан баримтаар хөдөлбөргүй тогтоогдох учиртай.

Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4 дэх хэсэгт “Үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэс болсон нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэл, түүнийг шүүхээс хэрхэн үнэлж байгаа тухай заана” гэжээ.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт тусгагдсан дүгнэлт нь зөвхөн хуулиар зөвшөөрөгдсөн, хэрэгт хамааралтай, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтад тулгуурласан байх учиртай бөгөөд нотлох баримтаар тогтоогдоогүй үйл баримтыг шүүх тогтоогдсон гэж үзэх боломжгүй.

Иймд нэхэмжлэгч А.Идэрбаярын хариуцагч Говь-Алтай аймгийн Ардын дуу бүжгийн “Алтай” чуулгад холбогдуулан “ажлаас буруу халсан тухай гомдол гаргах хугацаа сэргээлгэх” тухай хүсэлтийг хангахаас татгалзав.

Хэрэв иргэний хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар “хариуцагч Говь-Алтай аймгийн Ардын дуу бүжгийн “Алтай” чуулгын дарга нь ажилд эгүүлэн авна гэж хүлээлт үүсгэсэн” гэх үйл баримт тогтоогдсон тохиолдолд уг шалтгаан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3 дахь хэсэгт заасан “хүндэтгэн үзэх шалтгаан”-д хамаарах эсэхэд эрх зүйн дүгнэлт хийж, улмаар хөдөлмөрийн маргааны талаар гомдол гаргах хугацааг сэргээн тогтоох эсэхийг хянан шийдвэрлэх боломжтой.

8. Шүүх нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан ажлаас буруу халсан тухай гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн гэж үзсэн учир ажил олгогчийн санаачилгаар ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халсан шийдвэр хуульд нийцсэн эсэхэд дүгнэлт хийгээгүй, уг хөдөлмөрийн ганцаарчилсан маргааныг агуулгаар нь хянан шийдвэрлэх эрх зүйн үндэслэлгүй юм.

Иймд нэхэмжлэгч А.И хариуцагч Говь-Алтай аймгийн Ардын дуу бүжгийн “Алтай” чуулгад холбогдох “урьд эрхэлж байсан хөгжимчин ажилд эгүүлэн тогтоолгох, 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

9. Зохигчийн хөдөлмөрийн ганцаарчилсан маргааныг агуулгаар нь хянан шийдвэрлээгүй учраас ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажилтныг эрхэлж буй ажлаас нь халсан шийдвэрт хамааралтай гэх хариуцагчаас талаас гаргасан бичмэл нотлох баримтад эрх зүйн дүгнэлт хийгээгүй болно.  

10. Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 07 сарын 02 өдөр баталсан Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга нь 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөгдсөн.

Уг хуулийн шинэчилсэн найруулга хүчин төгөлдөр мөрдөгдөхөөс өмнө нэхэмжлэгч А.И болон хариуцагч Говь-Алтай аймгийн Ардын дуу бүжгийн “Алтай” чуулга хооронд хөдөлмөрийн ганцаарчилсан маргаан үүсчээ.

Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “Хуульд зааснаас бусад тохиолдолд иргэний хууль тогтоомжийг буцаан хэрэглэхгүй” гэжээ. Хууль хүчин төгөлдөр болохоос өмнө үүссэн харилцаанд өмнө нь хүчин төгөлдөр үйлчилж байсан хуулийг хэрэглэнэ.

Иймд зохигч хоорондох хөдөлмөрийн ганцаарчилсан маргааныг тухайн үед хүчин хүчин төгөлдөр мөрдөж байсан 1999 оны 5 дугаар сарын 14-ний өдөр батлагдсан Хөдөлмөрийн тухай хуулийг баримтлан хянан шийдвэрлэсэн болно.

11. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт “гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл” улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхөөр заажээ.

Хуулийн дээрх заалтын дагуу нэхэмжлэгч А.И нь хариуцагч Говь-Алтай аймгийн Ардын дуу бүжгийн “Алтай” чуулгад холбогдуулан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйл, 160 дугаар зүйлийн 160.1.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хууль/1999 он/-ийн 129 дүгээр зүйлийн 129.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч А.И хариуцагч Говь-Алтай аймгийн Ардын дуу бүжгийн “Алтай” чуулгад холбогдуулан “ажлаас буруу халсан тухай гомдол гаргах хугацаа сэргээн тогтоолгох” тухай хүсэлтийг хангахаас татгалзсугай.   

2. Хөдөлмөрийн тухай хууль/1999 он/-ийн 129 дүгээр зүйлийн 129.2, 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Хөтөч овгийн Алтантугийн Идэрбаярын хариуцагч Говь-Алтай аймгийн Ардын дуу бүжгийн “Алтай” чуулгад холбогдох “урьд эрхэлж байсан хөгжимчин ажилд эгүүлэн тогтоолгох, 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч А.И нь хариуцагч Говь-Алтай аймгийн Ардын дуу бүжгийн “Алтай” чуулгад холбогдуулан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасныг баримтлан зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.  

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Б.МӨНХБАТ