Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 143/ШШ2022/00107

 

******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Уранчимэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Д.Х

Хариуцагч: ******* аймгийн ******* сумын *******

Нэхэмжлэлийн шаардлага: *******ны мэдээллийн сангаас Д.*******г муу зээлийн ангилалд оруулсан мэдээллийг хасуулахыг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.*******,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөг Б.*******,

Нарийн бичгийн дарга А.Эрдэнэсувд.

 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.******* шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Миний бие 2014 оны 05 дугаар сарын 08-ны өдөр ******* аймгийн ******* сумын *******тай гэрээ байгуулж тус сумын "*******"-аас 10 сая төгрөгийн зээл авсан. Хамтран төслийн зээлийн үйл ажиллагааг явуулах хүмүүстээ зээлийн мөнгийг шилжүүлсэн боловч хамтран үйл ажиллагаа явуулах хүмүүсийн буруутай үйл ажиллагаанаас болж зээлээ төлөөгүй. Зээлдүүлэгч тал зээлийн эргэн төлөлтийг надаас шаардаагүй өнөөг хүрсэн.

*******ны зээлийн мэдээллийн сангаас дээрх зээлтэй холбоотойгоор иргэн Д.******* намайг "муу зээлийн ангилалд" оруулсан байсныг 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдөр миний бие мэдсэн.

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байхаар заасан. Хэрвээ хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол аливаа субьектив эрхээ албадлагын журмаар хэрэгжүүлэх боломжгүй байдаг.

Түүнчлэн Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 хэсэгт хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй гэж заасан байх тул зээлдүүлэгч тал зээлээ шаардах эрхээ алдсан.

Зээлийн мэдээллийн тухай хуулийн 4.1.8 -д мэдээлэл нийлүүлэгч гэж ... зээлдүүлэгч ... байгууллагыг хэлнэ. Мөн Хуулийн 18.1 дэх хэсэгт зээлийн мэдээллийн санд нийлүүлсэн зээлийн мэдээлэлд нэмэлт, өөрчлөлт орсон бол мэдээлэл нийлүүлэгч нь тухайн нэмэлт өөрчлөлтийг зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх этгээдэд хүргүүлнэ гэсэн байх тул *******ны зээлийн мэдээллийн сангаас "муу зээлийн ангилалд" оруулсан мэдээллийг хасуулахыг хариуцагч талд даалгаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2014 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Д.******* ******* аймгийн ******* сумын ******* болон Мак дэд сантай гэрээ байгуулсан юм байна лээ. Ингээд 10 000 000 төгрөгийн зээл авсан. Үүнийг 2021 он хүртэл буюу өнөөдрийг хүртэл Д.*******гээс ерөөсөө төлөхийг шаардаж байгаагүй. Түүний үйл ажиллагаа нь хамтарсан хүмүүсийн буруутай үйл ажиллагаанаас болоод төлөх боломжгүй өнөөдрийг хүрсэн байна. Тэгээд шаардаж байгаагүй учраас Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2 дахь хэсэгт зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах, хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байхаар заасан байна. 2015 оны 11 дүгээр сард гэрээний хугацаа дууссан. Хугацаа дууссанаас хойш 2018 оны 11 дүгээр сар хүртэл шаардлага гаргаагүй. Энэ шаардлага гаргах, хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. Тэгэхээр Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тул одоо үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй гэж заасан байх тул энэ эрхээ эдлээд мөн Иргэний хуулийн 77 дугаар зүйлд зааснаар үндсэн хөөн хэлэлцэх хугацаа дууссан бол нэмэгдэл үүргийн хөөн хэлэлцэх хугацаа нэгэн зэрэг дуусна гэсэн учраас зээлийн мэдээллийг муу зээлдэгчээр бүртгэж байгаа нь Д.*******д нэмэгдэл үүрэг болгосон гэж үзээд нэхэмжлэлийнхээ шаардлагаа муу зээлийн ангиллаас хасуулах ийм шийдвэр гаргаж өгөөч гэж гаргасан юм гэв.

Хариуцагч ******* аймгийн ******* сумын ******* Г.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Тус сумын ******* нь 2018 оны 09 дүгээр сараас *******гийн мэдээллийн сангийн хяналтын сангийн программыг ашиглах болсон тус программ нь 2021 оны 05 дугаар сараас *******ны зээлийн мэдээллийн сантай холбогдсон. Иргэн н *******гийн зээлийн мэдээллийг *******гийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, тайлагнах, хяналт тавих журмын 3.1.4 дэх хэсэг /сангаас олгосон зээлийн мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлэн хөтөлж, холбогдох мэдээллийг *******ны зээлийн мэдээллийн санд оруулах/-т заасны дагуу 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр тус программын мэдээллийн санд оруулж *******ны зээлийн мэдээллийн санд оруулах/-т заасны дагуу 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр тус программын мэдээллийн санд оруулж *******ны зээлийн мэдээллийн санд нэгтгэсэн. Тухайн мэдээллийн санд бүртгэгдсэн зээлдэгчийн зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлдэгч зээлээ бүрэн төлж барагдуулсан тохиолдолд *******ны зээлийн мэдээллийн сангаас муу зээлийн ангилалд оруулсан мэдээлэл засагдах болно.

Иймд дээрх мэдээллийг засах, нэмэлт, өөрчлөлт оруулах эрх бүхий байгууллага нь ******* тул манай зүгээс хариуцагч болох боломжгүй байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ярьж байгаагаар 2014 оны 05 дугаар сарын 08-ны өдөр ******* сумын сум хөгжүүлэх сангаас 10 000 000 төгрөгийн зээлийг жилийн гурван хувийн хүүтэй 18 сарын хугацаатайгаар аваад өнөөдрийг хүртэл зээлээ төлөөгүй нөхцөл байдал байдаг юм байна лээ. Зээлдэгч буюу Д.*******гээс ******* сумын ******* зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг шаардаж Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаад хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн Сонгинохайрхан дүүргийн шүүхийн шийдвэр хавтаст хэргийн 42 дугаар хуудсанд байгаа. Нэхэмжлэгч ******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбоотойгоор түүний оршин суугаа хаяг тодорхой болж ******* сумын *******ас прокурорын чиг үүргийн дагуу прокурорт хандаж нэхэмжлэл гаргаад явж байгаа нөхцөл байдал байгаа. Үүнийг хэлэх нь зүйтэй байх гэж ойлгож байна. 2014 оноос өнөөдрийг хүртэл гэрээнийхээ үүргийг гүйцэтгээгүй явж байгаад ******* ХХК-ийн зээлийн мэдээллийн муу зээлдэгчийн ангилалд Д.******* орсон байгаа. *******гийн үйл ажиллагааг зохион байгуулдаг төрийн захиргааны төв байгууллага нь Хүнс хөдөө аж ахуйн яам байдаг. Энэ яам нь ******* ХХК-тай мэдээлэл нийлүүлэх гэрээтэй ажилладаг юм байна лээ. Сум шууд ******* ХХК-д зээлийн ангилалтай холбоотой мэдээлэл нийлүүлдэггүй. 2018 оноос хойш сум хөгжүүлэх сангийн нэгдсэн программ гэдэг программыг ашиглаж эхлээд сум хөгжүүлэх сангийн зээлийн мэдээллийг зөвхөн тэр программд ашиглаж оруулдаг. Энэ нь удирдлага зохион байгуулалтаар хангадаг яамдаа очдог. Яам нь ******* ХХК-тай мэдээлэл нийлүүлэх гэрээтэй. Тэгээд Д.*******тэй холбоотой зээлийн мэдээллийг сум хөгжүүлэх сангийн нэгдсэн программдаа оруулдаг. Угаасаа оруулах үүрэгтэй. Төлөгдөөгүй зээлийг төлөгдөөгүй мэдээллийг нь оруулсан. Үүнийг яамнаас ******* ХХК руу илгээж ингээд энэ муу зээлийн ангилалд орсон байгаа. Нэхэмжлэгч талаас нэхэмжлэл дээрээ нэг л юм яриад байгаа юм. Хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж. Хөөн хэлэлцэх хугацаа дууссан учраас манайх үүрэг хүлээхгүй. Шаардах эрхээ зээлдүүлэгч алдсан. Ийм учраас бас нэмэгдэл үүрэг хүлээлгэж байгаа муу зээлийн ангиллаас хасуулах нь үндэслэлтэй гэж тайлбарлаад байгаа юм. Өнөөдөр хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснийг хэн ч тогтоогоогүй байгаа. Хөөн хэлэлцэх хугацаа дууссаныг шүүх тогтооно гэж ойлгож байгаа. Тийм болохоор хөөн хэлэлцэх хугацаа дууссан учраас муу зээлийн ангиллаас хасуулах нь үндэслэлтэй гэж тайлбарлаж байгаа нь өөрөө үндэслэлгүй байна. *******тай холбоотой үйл ажиллагаа нь Засгийн газрын 2016 оны 153 дугаар тогтоолоор баталгаажуулсан сум хөгжүүлэх сангийн хөрөнгийн бүрдүүлэлт, зарцуулалт тайлагнах, хяналт тавих журам гээд энэ журмын хүрээнд үйл ажиллагаа явуулдаг. Тухайн журмын 3.1.4 дээр сангаас олгосон зээлийн мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлэн хөтөлж холбогдох мэдээллийг ******* ХХК-ийн зээлийн мэдээллийн санд оруулах гээд Засгийн газрын бүрэн эрхт төрийн захиргааны төв байгууллага гээд өөрөөр хэлбэл, Хүнс хөдөө аж ахуйн яамны эрх үүрэг дээр ийм заалт байгаа. Ийм учраас сум бол шууд мэдээлэл нийлүүлээд ч гэдэг юм уу, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрлөө гэж бодоход энэ мэдээллийг ******* ХХК-д хасуулна гээд ямар нэгэн байдлаар хүсэлт гаргаад хасуулах боломжгүй. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж байгаа юм. Хоёрдугаарт, хариуцагч мөн эсэх дээр бас анхаарч үзэх хэрэгтэй. Хариуцагч гэдгийг Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль дээр тодорхойлсон байгаа. Нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэж нэхэмжлэлд дурдсан этгээдийг хэлнэ гэж заасан байгаа. Тэгээд ******* сумын ******* зээлдэгчийн өмнө ямар үүргээ биелүүлээгүй юм бэ гэдэг нь тодорхойгүй байгаа юм. Ийм ийм үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж хариуцагчийн зүгээс үзэж байгаа юм гэв.

 ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.******* *******ны зээлийн мэдээллийн сангаас муу /чанаргүй/ зээлийн ангилалд оруулсан мэдээллийг хасуулахыг ******* аймгийн ******* сумын *******д даалгахыг хүсчээ.

Хариуцагч ******* аймгийн ******* сумын ******* зээлдэгч зээлээ бүрэн төлж барагдуулсан тохиолдолд *******ны зээлийн мэдээллийн сангаас муу /чанаргүй/ зээлийн ангилалд оруулсан мэдээллийг засах бөгөөд эрх бүхий байгууллага нь ******* тул манайх хариуцах үндэслэлгүй гэсэн тайлбарыг гаргаж маргадаг.

Д.******* нь 2014 оны 05 дугаар сарын 08-ны өдөр МАК дэд сан /төлөөлөгч А., ******* /төлөөлөгч ******* сумын засаг дарга Г.*******/ нартай зээлийн гэрээ байгуулан 10 000 000 төгрөгийг 18 сарын хугацаатай, жилийн 3 хувь /сарын 0,25% / хүүтэй аялал жуулчлалын зориулалтаар зээлж, мөн өдөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгаа болгож Mark-2, болон Subaru impriza маркийн автомашин барьцаалсан барьцааны гэрээ тус тус байгуулжээ.

Зээлдэгч Д.******* зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас *******ны зээлийн мэдээллийн санд чанаргүй зээлийн ангилалд бүртгэгдсэн байх ба энэ талаар нэхэмжлэгч Д.******* 2021 оны 07 дугаар сарын 21-ны өдөр мэдсэн болох нь түүний тайлбараар тогтоогдож байх бөгөөд хариуцагч энэ үйл баримтыг няцаахгүй байна.

Нэхэмжлэгч талаас хариуцагчийг зээлийн гэрээний үүрэг шаардах хөөн хэлэлцэх хугацаа дууссан учраас зээлдүүлэгч шаардах эрхээ алдсан. Д.*******гийн зээлийн мэдээллийг чанаргүй зээлийн ангилалд бүртгүүлсэн байгаа нь Д.*******д нэмэгдэл үүрэг бий болгосон. Иргэний хуулийн 77 дугаар зүйлд зааснаар үндсэн үүргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан бол нэмэгдэл үүргийн хөөн хэлэлцэх хугацаа нэгэн зэрэг дуусна гэсэн тул чанаргүй зээлийн ангиллаас хасуулах үндэслэлтэй гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарладаг. .

Нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй байна. Иргэний хуулийн 77 дугаар зүйлд зааснаар үндсэн үүргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан бол нэмэгдэл үүргийн хөөн хэлэлцэх хугацаа нэгэн зэрэг дуусна гэсэн заалт нь нэмэгдэл үүрэг буюу анз, барьцаа, дэнчин, батлан даалт, баталгаа зэрэг нэмэгдэл үүрэгт хамааралтай байх ба зээлийн мэдээлэлд чанаргүй зээлийн ангилалд бүртгүүлснээр нэмэгдэл үүрэг үүссэн гэж үзэх үндэслэлгүй бөгөөд үүнийг хуулийн дээрхи заалтад хамааруулан ойлгох үндэслэлгүй.

Нэхэмжлэлийн агуулгаас үзвэл нэхэмжлэгч нь Д.*******гийн зээлийн мэдээллийг чанаргүй зээлийн ангилалд бүртгүүлэхдээ надад мэдэгдээгүй гэсэн үндэслэлээр мэдээллийг өгсөн эрх бүхий этгээдийг ******* сумын засаг дарга гэж үзэн түүнд холбогдуулан *******ны зээлийн мэдээллийн сангаас тухайн мэдээллийг хасуулахыг даалгах шаардлага гаргажээ.

Зээлийн мэдээллийн сангийн тухай хуулийн 4.1.8-д Мэдээлэл нийлүүлэгч гэж зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх этгээдтэй байгуулсан гэрээний үндсэн дээр зээлдэгчийн зээл төлбөрийн үүргийн талаарх мэдээллийг зээлийн мэдээллийн санд нийлүүлж байгаа зээлдүүлэгч, төрийн байгууллагыг хэлнэ гэжээ.

*******гийн зээлийн мэдээллийг *******ны зээлийн мэдээллийн системтэй нэгтгэх ажиллагаа 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр хийгдэж дууссан болох нь программын жигд ажиллагааг хангах гэрээ болон ******* сумын засаг даргын А/135 дугаартай захирамжаар нотлогдож байна.

******* нь ийнхүү *******ны мэдээллийн сантай холбогдсоноор зээлдэгчийн зээл төлбөрийн талаарх мэдээлэл нийлүүлэх үүргийг Сумын засаг дарга хүлээжээ.

Тэрээр зээлийн хугацаа хэтэрсэн зээлдэгчид 2021 оны 02 дугаар сарын 25-ны дотор зээлийн зөрчил арилгах боломжтой талаар, дээрх хугацаанд зээлийн эргэн төлөлт хийгээгүйгээс *******ны зээлийн мэдээллийн санд чанаргүй зээлдэгчээр бүртгэгдсэн эрсдэлийг зээлдэгч хариуцах талаар мэдэгдлийг сум хөгжүүлэх сангаас зээл авсан зээлдэгчдэд хүргэх үүрэгтэй байсан болох нь ******* аймгийн Хүнс хөдөө аж ахуйн даргын албан тоотоор нотлогдож байна.

Сумын засаг дарга нь *******ны зээлийн мэдээллийн санд зээлийн мэдээллийг нийлүүлэхдээ болон чанаргүй зээлдэгчээр бүртгэгдсэн эрсдэлийг зээлдэгч хариуцах талаар зээлдэгчид мэдэгдсэн эсэх нь баримтаар нотлогдохгүй байна. Энэ нь зээлийн мэдээллийн тухай хуулийн 9.1.2-дахь хэсэгт заасанчлан Зээлийн мэдээллийн санг бүрдүүлэхдээ Зээлийн мэдээллийг зээлдэгчийн зөвшөөрлийг үндэслэн мэдээлэл нийлүүлэгч зээлийн мэдээллийн санд өгөх, мөн хуулийн 17.1.6-д заасанчлан зээлийн мэдээллийг зээлдэгчийн зөвшөөрлийг үндэслэн мэдээлэл нийлүүлэгч мэдээллийн санд нийлүүлэх гэсэн заалтуудыг тус тус зөрчжээ.

Зээлдүүлэгч болох Сумын засаг дарга нь зээлийн мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлэн хөтөлж, холбогдох мэдээллийг монгол банкны зээлийн мэдээллийн санд оруулах үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, хууль зөрчсөн байх тул *******ны мэдээллийн сангаас Д.*******г чанаргүй зээлдэгчээр бүртгүүлсэн мэдээллийг хасуулахыг даалгах үндэслэлтэй байна.

Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Зээлийн мэдээллийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.6 дахь хэсэгт зааснаар ******* ХХК-ийн мэдээллийн сангаас Д.*******г муу зээлдэгчийн ангилалд оруулсан мэдээллийг хасуулахыг ******* аймгийн ******* сумын *******д даалгасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* аймгийн ******* сумын *******ас 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.*******д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Р.УРАНЧИМЭГ