Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 203/МА2022/00021

 

 

 

 

 

 

 

 

2022 оны 06 сарын 08 өдөр Дугаар 203/МА2021/00021 Даланзадгад сум

 

 

 

Д.*******гийн нэхэмжлэлтэй, Өмнөговь

аймгийн Гурвантэс сумын Засаг даргад

хариуцагдах иргэний хэргийн тухай

 

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Насанжаргал даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, Ш.Төмөрбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 143/ШШ2022/00107 дугаар шийдвэртэй,

Д.*******гийн нэхэмжлэлтэй,

Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Засаг даргад хариуцагдах,

Монгол банкны мэдээллийн сангаас Д.*******г муу зээлийн ангилалд оруулсан мэдээллийг хасуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгч Б.*******ын давж заалдах гомдлоор 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч шүүгч Н.Насанжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.******* /цахимаар/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, нарийн бичгийн дарга А.Ариунаа нар оролцов.

 

1.   Нэхэмжлэгч Д.*******гийн нэхэмжлэлийн агуулга:

1.а. Нэхэмжлэлийн шаардлага:

Монгол банкны зээлийн мэдээллийн сангаас "муу зээлийн ангилалд" оруулсан мэдээллийг хасуулахыг хариуцагч талд даалгах.

1.б. Нэхэмжлэлийн үндэслэл, тайлбарын агуулга:

Миний бие 2014 оны 05 дугаар сарын 08-ны өдөр *******тай гэрээ байгуулж тус сумын "Сум хөгжүүлэх сан"-аас 10 сая төгрөгийн зээл авсан. Хамтран төслийн зээлийн үйл ажиллагааг явуулах хүмүүстээ зээлийн мөнгийг шилжүүлсэн боловч хамтран үйл ажиллагаа явуулах хүмүүсийн буруутай үйл ажиллагаанаас болж зээлээ төлөөгүй. Зээлдүүлэгч тал зээлийн эргэн төлөлтийг надаас шаардаагүй өнөөг хүрсэн.

Монгол банкны зээлийн мэдээллийн сангаас дээрх зээлтэй холбоотойгоор иргэн Д.******* намайг "муу зээлийн ангилалд" оруулсан байсныг 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдөр миний бие мэдсэн.

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байхаар заасан. Хэрвээ хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол аливаа субьектив эрхээ албадлагын журмаар хэрэгжүүлэх боломжгүй байдаг.

Түүнчлэн Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 хэсэгт хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй гэж заасан байх тул зээлдүүлэгч тал зээлээ шаардах эрхээ алдсан.

Зээлийн мэдээллийн тухай хуулийн 4.1.8 -д мэдээлэл нийлүүлэгч гэж ... зээлдүүлэгч ... байгууллагыг хэлнэ. Мөн Хуулийн 18.1 дэх хэсэгт зээлийн мэдээллийн санд нийлүүлсэн зээлийн мэдээлэлд нэмэлт, өөрчлөлт орсон бол мэдээлэл нийлүүлэгч нь тухайн нэмэлт өөрчлөлтийг зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх этгээдэд хүргүүлнэ гэсэн гэжээ.

 

2. Хариуцагч Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Засаг даргын татгалзал, түүний агуулга:

Тус сумын Сум хөгжүүлэх сан нь 2018 оны 09 дүгээр сараас Сум хөгжүүлэх сангийн мэдээллийн сангийн хяналтын сангийн программыг ашиглах болсон тус программ нь 2021 оны 05 дугаар сараас Монгол банкны зээлийн мэдээллийн сантай холбогдсон. Иргэн Дашнамсрайн *******гийн зээлийн мэдээллийг Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, тайлагнах, хяналт тавих журмын 3.1.4 дэх хэсэг /сангаас олгосон зээлийн мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлэн хөтөлж, холбогдох мэдээллийг Монгол банкны зээлийн мэдээллийн санд оруулах/-т заасны дагуу 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр тус программын мэдээллийн санд оруулж Монгол банкны зээлийн мэдээллийн санд оруулах/-т заасны дагуу 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр тус программын мэдээллийн санд оруулж Монгол банкны зээлийн мэдээллийн санд нэгтгэсэн. Тухайн мэдээллийн санд бүртгэгдсэн зээлдэгчийн зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлдэгч зээлээ бүрэн төлж барагдуулсан тохиолдолд Монгол банкны зээлийн мэдээллийн сангаас муу зээлийн ангилалд оруулсан мэдээлэл засагдах болно.

Иймд дээрх мэдээллийг засах, нэмэлт, өөрчлөлт оруулах эрх бүхий байгууллага нь Монгол банк тул манай зүгээс хариуцагч болох боломжгүй байна гэжээ.

 

3. Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Зээлийн мэдээллийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.6 дахь хэсэгт зааснаар *******-ийн мэдээллийн сангаас Д.*******г муу зээлдэгчийн ангилалд оруулсан мэдээллийг хасуулахыг *******д даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******ас 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.*******д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Зээлийн мэдээллийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.8-д мэдээлэл нийлүүлэгч гэж зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх этгээдтэй байгуулсан гэрээний үндсэн дээр зээлдэгчийн зээл, төлбөрийн үүргийн талаарх мэдээллийг зээлийн мэдээллийн санд нийлүүлж байгаа зээлдүүлэгч, төрийн байгууллагыг ойлгохоор заасан.

Гурвантэс сумын Засаг дарга нь зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэгч *******-тай мэдээлэл дамжуулах талаар үүрэг хүлээж ямар нэгэн гэрээ байгуулаагүй байхад шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Сум хөгжүүлэх сан нь Монгол банкны мэдээллийн сангай холбогдсоноор зээлдэгчийн зээл, төлбөрийн талаарх мэдээлэл нийлүүлэх үүргийг сумын Засаг дарга хүлээжээ. Тэрээр зээлийн хугацаа хэтэрсэн зээлдэгчид 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн дотор зээлийн зөрчил арилгах боломжтой талаар, дээрх хугацаанд зээлийн эргэн төлөлт хийгээгүйгээс Монгол банкны зээлийн мэдээллийн санд чанаргүй зээлдэгчээр бүртгэгдсэн эрсдэлийг зээлдэгч хариуцах талаар мэдэгдлийг сум хөгжүүлэх сангаас зээл авсан зээлдэгчдэд хүргэх үүрэгтэй байсан болох нь Өмнөговь аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын албан бичгээр тогтоогдож байна гэсэн нь үндэслэлгүй байна.

Гурвантэс сумын Засаг даргаас аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газартай байгуулсан гэрээгээр Монгол банканд мэдээлэл нийлүүлэх болон зээлдэгчийн мэдээллийг программд ямар журмаар оруулах харилцааг зохицуулаагүй, харин сум хөгжүүлэх сангийн нэгдсэн программын жигд ажиллагааг хангах, тус программ суурилуулсны төлбөрийг төлөхтэй холбоотой харилцааг зохицуулж байгаа гэрээ юм.

Шүүхээс байгууллагын хооронд үүссэн харилцааг зохицуулсан хамтран ажиллах гэрээ, тэдгээрийн хооронд харилцсан албан бичгийг үндэслэн сумын Засаг дарга нь мэдээлэл нийлүүлэгч байна, зээлдэгчийн мэдээллийг программд оруулахдаа зээлдэгчид мэдэгдэх үүрэгтэй байна гэсэн нь нэг талыг барьсан дүгнэлт болжээ.

Зээлийн мэдээллийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2-т заасан зээлийн мэдээллийг зээлдэгчийн зөвшөөрлийг үндэслэн мэдээлэл нийлүүлэгч зээлийн мэдээллийн санд өгөх гэснийг үндэслэл болгон дүгнэлтээ хийсэн байх бөгөөд мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.2-т заасан Банк банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж, зээлийн хоршоо, санхүүгийн түрээс /лизинг/-ийн компани, төрийн байгууллага нь иргэн, хуулийн этгээдээс зөвшөөрөл авсан эсэхээс үл хамааран Монгол банкны мэдээллийн санд зээлийн мэдээллийг тогтмол өгнө гэсэн хэрэглэх ёстой зохицуулалтыг хэрэглээгүй байна.

Сумын Засаг дарга Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасны дагуу төрийн нэрийн өмнөөс үйл ажиллагаа явуулдаг, төрийн төлөөлөгч болохын хувьд сум хөгжүүлэх сангийн зээл олгохтой холбоотой харилцаанд төрийн байгууллагыг төлөөлөн Зээлийн мэдээллийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2-т зааснаар иргэн, хуулийн этгээдээс зөвшөөрөл авсан эсэхээс үл хамааран мэдээлэл дамжуулах, нийлүүлэх эрхтэй байх тул Сумын Засаг дарга сум хөгжүүлэх сангийн зээлдэгчид урьдчилан мэдэгдэх үүрэгтэй, энэ үүргээ хэрэгжүүлээгүй байна гэсэн шүүхийн дүгнэлт үгүйсгэгдэж, улмаар шийдвэр бүхэлдээ хүчингүй болох үндэслэлтэй гэж үзэж байна.

Иймд дээрх байдлаар хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий баримтууд болох талуудын хооронд байгуулсан гэрээ, бусад нотлох баримтыг нэг талд ашигтай байдлаар тайлбарлаж үнэлсэн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй Өмнөговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 143/ШШ2022/00107 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолд ирүүлсэн болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Зээлийн мэдээллийн тухай хуулийн 4.1.8-д зааснаар төрийн байгууллага монгол банктай гэрээ байгуулсан байх ёстой гэж гомдсон нь үндэслэлгүй.

Зээлийн мэдээллийн тухай хуулийн 4.1.8-д гэрээ байгуулсан зээлдүүлэгч гээд таслал тавиад төрийн байгууллага гэж бичсэнийг төрийн байгууллага гэрээ байгуулах ёстой мэтээр буруу ойлгож тайлбарлажээ. Уг заалтаар зээлдүүлэгч байгууллага гэрээ байгуулах ёстой бөгөөд төрийн байгууллага бол гэрээ байгуулахгүйгээр шууд мэдээлэл нийлүүлэгч байхаар хуульчлагдсан байхад гэрээ байгуулах ёстой мэтээр буруу ойлгож тайлбарласан байна.

Хариуцагч нь гомдолдоо чанаргүй зээлдэгчээр бүртгэгдсэн эрсдэлийг зээлдэгч хариуцах талаар мэдэгдлийг зээлдэгчдэд хүргэх үүрэгтэй байсан нь Өмнөговь аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын даргын албан бичгээр тогтоогдож байна гэсэн нь үндэслэлгүй гээд программын жигд ажиллагааг хангах гэрээний талаар албан тоотод дурдсан мэтээр зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ тайлбарласан байна.

Гэтэл Өмнөговь аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын даргын 2021.02.01-ний өдрийн 56 дугаар албан тоотоор тус сумын засаг даргад даалгавар хүргүүлсний нэг гэсэн дугаарт мэдэгдлийг зээлдэгчдэд хүргэж ажиллах гэж тов тодорхой заасан байхад программ суулгах гэрээ хийсэн гэж гомдсон нь үндэслэлгүй байна.

Хариуцагч нь байгууллага хоорондын үүссэн харилцаа, албан бичгийг үндэслээ нэг талыг барьж шийдвэрлэсэн гэх гомдол нь үндэслэлгүй. ИХШХШТХ-ийн 37 дугаар зүйл, 37.1-д хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ гэж зааснаар дээрх албан бичиг нь сумын засаг дарга зээлдэгчдэд мэдэгдэл хүргүүлэх үүрэгтэй байсныг нотолсон нотолгооны ач холбогдол бүхий нотлох баримт мөн болохыг анхан шатны шүүх зөв анхаарч хууль ёсны дагуу шийдвэрээ гаргасан байна.

Зээлийн мэдээллийн сангийн тухай хуулийн 28 дугаар зүйл, 28.2-т заасныг хэрэглээгүй гэж гомдсон нь үндэслэлгүй. Зээлийн мэдээллийн сан бүрдүүлэхдээ Зээлийн мэдээллийн тухай хуулийн 9 дүгээр зүйл, 9,1.2-д зааснаар зээлдэгчийн зөвшөөрлийг аван сан бүрдүүлээд, бүрдсэн сангийн мэдээллийг мөн хуулийн 28.2-д зааснаар Монгол банканд мэдээлэл солилцохдоо зөвшөөрөл авах шаардлагагүй гэж хуульчилсан байхад сумын Засаг дарга Зээлийн мэдээллийн санг зээлдэгчээс зөвшөөрөл авалгүй бүрдүүлчхээд Монгол банк руу өгсөн гэдгийг анхан шатны шүүх зөв олж хараад шударгаар дүгнэсэн байна.

Иймд хариуцагчийн гомдол хуульд нийцэхгүй байгааг харгалзан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэлтэй байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасны дагуу хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзэв.

 

2.   Нэхэмжлэгч Д.******* нь Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Засаг даргад холбогдуулан Монгол банкны мэдээллийн сангаас Д.*******г муу зээлийн ангилалд оруулсан мэдээллийг хасуулах тухай шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан байна.

 

3.   Шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан эх хувь, хэрэв эхийг нь өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар байх хуулийн шаардлага хангаагүй нотлох баримтуудыг шийдвэрийн үндэслэл болгосон байх тул шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэн хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

4.   Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-т заасан баталгаажуулах гэх ойлголтыг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

4.1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан нотлох баримтыг өөрийн байгууллагын архивын хуулбар үнэн гэсэн тэмдэг дарж баталгаажуулах төрийн болон төрийн бус байгууллага, хуулийн этгээд гэдэгт мөн хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-т заасан хэргийн оролцогч хамаарах боломжгүй.

4.2. Хэргийн 51-78 дугаар хуудсанд хариуцагчаар оролцож буй Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Засаг даргын өөрийнх нь ажлын алба болох Тамгын газрын архивын хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулж авагдсан бичмэл нотлох баримтууд авагджээ.

Шүүх эдгээр нотлох баримтаас Программын жигд ажиллагааг хангах гэрээ болон Гурвантэс сумын Засаг даргын А/135 дугаар захирамж-ийг шийдвэрийн үндэслэл болгосон.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар хуульд заасан журам зөрчсөн бол тэдгээр нь нотлох чадвараа алдах бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй гэж зааснаар нотлох чадвараа алдсан нотлох баримтыг шийдвэрийн үндэслэл болгосон, мөн бусад нотлох баримтыг шүүхээс хэрхэн үнэлсэн тухайгаа заагаагүйг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4 дэх хэсэгт заасантай нийцээгүй гэж үзэв.

5. Монгол Улсын Шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 20 дугаар зүйлийн 20.2.4-т заасны дагуу Нийт шүүгчдийн чуулганы хуралдааны 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 05 дугаар тогтоолоор батлагдсан Хэрэг, нэхэмжлэл, өргөдөл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох нийтлэг журамыг үндэслэн тухайн шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөн нь Монгол Улсын шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 19 дүгээр зүйлийн 19.2.5-т зааснаар хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох нарийвчилсан журмыг батлах ёстой.

Тухайн шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөний шийдвэрийн дагуу нэхэмжлэл, гомдол, хүсэлтийг шүүгчид урьдчилан мэдэх боломжгүй байдлаар сугалаагаар хуваарилагдаж, ийнхүү хэрэг хуваарилагдсан тухай шийдвэрийг Ерөнхий шүүгч захирамж гарган албажуулаагүй Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4-т заасантай нийцээгүй гэж үзнэ.

Хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа гэдэг нь шүүх хуралдааны ажиллагаагаар хязгаарлахгүйгээр Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан ажиллагааг бүхэлд нь ойлгоно.

Дээрх нэхэмжлэл нь тухайн шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөнөөс урьдчилан тогтоосон журмын дагуу урьдчилан мэдэх боломжгүй, санамсаргүй тохиолдлоор шүүгч Р.Уранчимэгт хуваарилсан гэх баримт, шийдвэр хэрэгт авагдаагүй нь хэргийг хууль бус бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэлийг бий болгож байна.

6. Шүүх нэхэмжлэлийн шаардлага үндэслэлийг тодруулаагүй, нэхэмжлэлд заагаагүй асуудлыг шийдвэрлэсэн байна.

6.1. Нэхэмжлэгч нь Монгол банкны мэдээллийн сан-гаас мэдээлэл хасуулах тухай шаардлага гаргасан байхад шүүх *******-ий мэдээллийн сангаас мэдээлэл хасуулах-ыг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 115 дугаар зүйлийн 115.1 дэх хэсэгтэй нийцээгүй шийдвэрийг гаргажээ.

6.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй.

6.3. Шүүхийн шийдвэр заавал биелэгдэх шинж нь шүүхийн шийдвэр ойлгомжтой, эргэлзээгүй буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсэгт ...нэхэмжлэгч, хариуцагч бүр ямар эрх эдэлж, үүрэг хүлээхийг тусгана гэсэн шийдвэрт тавигдах шаардлагыг хангасан шийдвэрээс хамаарах үр дагавартай.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хариуцагч ******* нь Монгол банкны мэдээллийн сан гэх сангийн үйл ажиллагааг бие даан эрхлэх, өөрчлөлт оруулах зэрэг эрх бүхий этгээд мөн эсэхийг тодруулаагүй байх тул шүүхийн шийдвэр биелэгдэхэд эргэлзээтэй гэж нөхцөл байдлыг үүсгэж байна.

7. Анхан шатны шүүхийн дээрх зөрчлийг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжгүй, зохигчдын хооронд үүссэн маргааны үйл баримт, хууль хэрэглээнд эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.3,168.1.4-т заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.3,168.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 143/ШШ2022/00107 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 143/ШЗ2022/00917 дугаартай захирамжаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал нь шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.НАСАНЖАРГАЛ

ШҮҮГЧИД Г.ТЭГШСУУРЬ

Ш.ТӨМӨРБААТАР