Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 102/шш2021/00365

 

 

 

 

 

91

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж, шүүгч Х.Энхзаяа, А.Сарантуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ... дүүрэг, 18 дугаар хороо, .... тоот хаягт оршин суух, Б овогт Ч ын Б /РД: ... /-ы нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, ... дүүрэг, 3 дугаар хороо, ... дугаар байр, ... тоот хаягт оршин суух, Б овогт Д гийн Ө /РД: ... /-д холбогдох,

 

Гэм хорын хохиролд 46,584,444.2 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.С , М.Б , хариуцагч Д.Ө , хариуцагчийн өмгөөлөгч Г.Н , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Оюунтулга нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Ч.Б ы шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.С , М.Б нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Миний нөхөр Ч.Б Улаанбаатар төмөр замын зүтгүүрийн депогийн татах хэсгийн 8 дугаар цувааны 2 дугаар зэрэгтэй суудлын машинч, онц хөдөлгөөнчин, хүндэт төмөр замчин, тус байгууллагад 28 дахь жилдээ ажиллаж байсан. 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдөр энэ байгууллага хамт олноороо зугаалганд явсан. Манай нөхөр явахгүй гэсэн боловч Д.Ө утсаар дуудаж байгаад аваад явсан. Орой 23 цагийн үед манай нөхөр утсаар ярихдаа Д.Ө ах намайг зодчихлоо. Би Налайхад байна, ирээд аваарай гэсэн. Ингээд очоод авах гэтэл түгжрэл их байсан тул очиж чадалгүй шууд Гэмтэл, согог судлалын үндэсний төв дээр очсон. Нөхрийнхөө нүдийг сохорсон гэж бодоогүй яваад очтол нүд нь гоожсон байдалтай байсан. Яаралтай нэгдүгээр эмнэлэгт очсон боловч засвартай байсан болохоор оношлоод 3 дугаар эмнэлэг рүү явах болсон. Эмч үзлэг хийгээд яаралтай хагалгаанд орсон. Монголд 2 удаа хагалгаанд орсон, 2 дахь хагалгаанд нүдний шарик суулгасны дараа Солонгос улсад эмчлүүлэхээр болсон. Энэ хооронд анхан шатны шүүх хурал товлогдсон. Энэ үед Д.Ө миний нөхрийг 4 удаа эмнэлэгт хэвтэхэд нэг удаа ч эргэж ирж байгаагүй. Ганц удаа биеийн байдлыг нь асуугаагүй. Нэг удаа уулзахдаа надад хохиролгүй гээд хэлчих ах нь бүх зардлыг төлнө гэж гуйж байсан. Хэргийг анхан шатны шүүхээр шийдвэрлүүлж, 2018 онд Солонгос улс руу эмчилгээнд явсан. Хэдий нэг нүд нь байхгүй болсон ч эрүүл нүдэндээ баталгаа авахын тулд явсан. Эмнэлгийн байгууллагын зүгээс 6 сардаа нэг эсвэл жилдээ нэг ирж эмчлүүлэх шаардлагатай гэж дүгнэсэн. Тухайн үед бодохдоо заавал жилдээ очоод яах вэ гэж бодсон боловч хүний 2 нүд хоорондоо холбоотой байдаг болохоор эрүүл нүд нь ширгэдэг юм байна. 2018 онд Солонгос улсад эрүүл нүдээ үзүүлэхэд сайн байсан. Гэвч 2019 онд дахин үзүүлэхэд эрүүл нүд нь өөрчлөгдсөн байсан. Эрүүл нүд нь үе үе юм харахаа больж сэтгэл санааны хувьд хэцүү байна. Би нөхрөө маш их өрөвдөж байна. Өдөр болгон нүдээ авч сольдог. Угаалгын өрөөнөөс гарч ирэхдээ догдлон нулимстай гарч ирдэг, тэр нулимсаа хүртэл мэдэхгүй. Цэцэрлэгийн хүүхдийг өглөө оройдоо хүргэж өгч авдаг шиг ажилд нь хүргэж өгдөг. Хос эрхтэн маш аюултай юм байна. 2018 онд эрүүгийн хэргийг Налайх дүүргийн анхан шатны шүүхээр шийдвэрлүүлсэн, Нийслэлийн давж заалдах шүүхээр мөн л явсан. Давж заалдах шүүхэд гурван шүүгч сууж байсан. Тухайн үед Д.Ө 25,000,000 төгрөг өгсөн. Бид мөнгө аваад Солонгос улс руу яаралтай явсан, Монголын эмнэлэгт хийсэн хагалгаагаар нүдний шарикийг суулгахдаа муруй суулгасан байсан. Үүнийг хоёр дахь хагалгаан дээр нь мэдсэн. Өмнөх шүүх хуралдаан дээр өмгөөлөгч Г.Н нотлох баримт гаргаж өгөхдөө баахан хад чулууны зургийг гаргаж өгч байсан. Миний нөхрийг чулуу мөргөөд унасан гэж хэлсэн, энэ бол худлаа. Ингэж хэлж арай болохгүй. Энэ хэлсэн үгэнд одоо болтол эмзэглэж байна. Жирийн сайхан амьдарч байсан айлыг тэр чигээр нь эргүүлсэн. Үхсэн бол яахын?, чулуу мөргөөд үхсэн гэх юм уу? Давж заалдах шүүх хурал болоход гурван шүүгч гурвуулаа өмгөөлөгч Д.Н ид хандаж Д.Ө гэдэг хүн яагаад хуралд ирээгүй юм бэ? гэж асуусан, мөн энэ хүний биеийн байдлыг асууж үзсэн үү гэж асуухад хариулаагүй. Манай нөхрийг төрийн хамгаалалтад байгаа хүн, бид нар ямар мөнгө өгөх юм гэж хэлэхэд даргалагч шүүгч та ингэж ярьж болохгүй гэж ууралсан. Манай нөхөр улсад 27 жил ажилласан тэтгэвэрт гарахад 7 жил дутуу байсан.

 

2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд Бүгд Найрамдах Солонгос улсын Сөүлийн их сургуулийн Эмнэлгийн нүдний тасагт хиймэл нүд буюу портез хийлгэсэн ба ийнхүү хиймэл нүд хийлгэхтэй холбоотой дараах зардал гарсан. Үүнд, Бүгд Найрамдах Солонгос Улсад очиж эмчлүүлсэн эмчилгээний зардалд 5,912,650 вон /1 вон-2,29 төгрөг/ буюу 13,539,968.5 төгрөг, онгоцны билетийн зардал 2,199,800 төгрөг, орчуулга хийлгэхэд 90,000 төгрөг, нийт 15,829,768.5 төгрөгийн зардал гарсан. Мөн уг гэмтлийн улмаас нэхэмжлэгч Ч.Б 2018 оны 8, 9, 10 дугаар сард огт ажиллаагүй тул 8,704,539 төгрөгийн /нэг сарын цалин 2,901,513 төгрөг байсан/ цалингаа авч чадаагүй, 2018 оны 11 дүгээр сарын 21-нээс албан тушаал буурч засварчнаар ажиллах болсон ба цалин хөлс нь 1,163,388 төгрөг болж буурснаас 2018 оны 11 дүгээр сараас 2020 оны 7 дугаар сарыг хүртэлх хугацаанд 41,810,881 төгрөгийн цалингийн зөрүү үүссэн. Хариуцагчийн гэмт үйлдлийн улмаас нэхэмжлэгч хөдөлмөрийн чадвараа алдсанаар нийгмийн даатгалын сангаас 2018 оны 10 дугаар сараас 2020 оны 7 дугаар сарын хооронд 11,597,000 төгрөгийн тэтгэмж авсан. Хариуцагч Б.Ө нь нэхэмжлэгч Ч.Б д энэ гэм хорыг учруулаагүй байсан бол Б.Ө нь 2018 оны 7 дугаар сараас 2020 оны 7 дугаар сарыг хүртэлх хугацаанд 69,363,312 төгрөгийн цалин хөлс авах байсан. Гэтэл дээрх гэмтлийн улмаас албан тушаал буурч 27,825,431 төгрөгийн цалин авч, 41,537,881 төгрөгийн цалин хөлсөө авч чадалгүй алдсан. Нэхэмжлэгчийн авч чадаагүй 41,537,881 төгрөгийн цалингаас хөдөлмөрийн чадвараа алдсаны тэтгэмж 11,597,000 төгрөгийг хасч тооцвол бодитоор 29,940,881 төгрөгийн цалин хөлсийг авч чадалгүй хохирсон юм. Хариуцагч нэхэмжлэгчид гэм хор учруулахаас өмнө Ч.Б нь сар бүр 2,901,513.5 төгрөгийн цалин хөлстэй байсан бол одоо 1,542,718.8 төгрөгин дундаж цалин хөлс авч байна. Мөн хөдөлмөрийн чадвараа 50 хувь алдсаны тэтгэмжид сар бүр 545,000 төгрөг авдаг, өөрөөр хэлбэл өнөөдрийн байдлаар нэхэмжлэгч нь 1 сард 2,087,718.8 төгрөгийн цалин, тэтгэмжийн орлоготой болж, эрүүл байх үедээ авч байсан цалингийн орлого нь 813,794.7 төгрөгөөр буурсан. Иймд цаашид сар бүр 813,794.7 төгрөгийг хариуцагч Б.Ө аас гаргуулахаар нэхэмжилж байна

 

Иймд хариуцагч Б.Ө аас эмчилгээний зардалд 15,829,768.5 төгрөг, авч чадаагүй цалин болон цалингийн зөрүүнд 29,940,881 төгрөг, нийт 45,770,649.5 төгрөгийг гаргуулж, цаашид цалингийн зөрүү 813,794.7 төгрөгийг сар бүр гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Б.Ө ын шүүхэд гаргасан хариу тайлбарт болон шүүх хуралдаанд хариуцагч Б.Ө , түүний өмгөөлөгч Г.Н нарын гаргасан тайлбарт: Миний бие гэм буруугаа ухамсарлаж байсан тул 2018-2019 онд Ч.Б ы эмчилгээний зардалд зарцуулсан төлбөрөөс хэд дахин илүү төлбөрийг төлсөн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан үндэслэл муутай олон баримтын дагуу түүний нэхсэн бусад зардал болох ах, эгч нь хүүхдүүдийнхээ хамт гадаадаас Монгол улсад ирэхэд гарсан зардал, Ч.Б болон түүний ар гэрийн хоол ундны зардал, бусдад төлөх зээлийн төлбөрийг төлсөн. Монгол улсад эмчлэх боломжгүй өвчин, эмгэгийн улмаас гадаад оронд эмчлүүлэх зайлшгүй шаардлагатай иргэдэд санхүүгийн дэмжлэгийг Эрүүл мэндийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.5, Монгол улсын Засгийн газрын 2011 оны 226 дугаар тогтоолоор батлагдсан Зайлшгүй шаардлагаар гадаад улсад эмчлүүлэх иргэнд санхүүжилт олгох журам-ын 4.1-т заасны дагуу зардлыг Эрүүл мэндийн яам хариуцдаг. Ч.Б д хийгдэх эмчилгээг Монгол улсад хийх боломжтой талаар эмнэлгийн дүгнэлтэд тодорхой заасан, гэрчээр шүүх хуралдаанд оролцсон эмч мөн тодорхой мэдүүлсэн. Нүдний портез хийлгэсэн гэх 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн баримт нь түүнийг зайлшгүй Солонгос улсад биечлэн очиж солиулах шаардлагатайг нотолсон баримт биш. Би одоо өндөр насны тэтгэвэрт байдаг бөгөөд амьжиргааны эх үүсвэрээ Ч.Б д өгчихвөл хэвийн байдлаар амьдрах боломжгүй, мөн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хариуцах этгээд биш. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг арилгах талаарх Улсын Дээд шүүхийн 2009 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн тогтоолд заасан этгээдэд Ч.Б хамаарахгүй. Мөн түүний дутуу авсан цалинг нөхөн төлөх хууль зүйн үндэслэлгүй болно.

 

Нэхэмжлэгч Ч.Б нь Монгол улсад 2 удаа хагалгаанд орж байсан. Гэмтэл авсан өдрийнхөө маргааш нь эхний хагалгаанд орсон. Хоёр дахь хагалгаагаар нүдний протез хийлгэсэн. Шүүх хурал 2019 онд болсон. Үүнээс өмнө Ч.Б Солонгос улс руу яваад ахиад нүдний протезийн хагалгаа хийлгэсэн байсан. Тухайн үед бид ямар асуудлаар маргаж байсан бэ? гэхээр Монгол улсад хийлгэсэн бол заавал гадаад улс руу явах шаардлагатай байсан уу? Ах, эгч, дүүс нь Монгол улсад ирэх зардлыг бид яагаад төлөх ёстой вэ гэж маргасанн. Анхан шүүх хуралдаанаар 11,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөөд шийдсэн. Давж заалдах шатны шүүхээр ах, эгчийн гадаадаас ирсэн зардлыг гэмт хэргийн улмаас гарсан зардал байна гэж үзээд 10,000,000 гаран төгрөг гаргуулж явсаар байгаад 33,000,000 төгрөг нэхэмжлэгч талд өгсөн байдаг. Нэгэнт хүний эрүүл мэндийг хохироосон болохоор төлбөрийг барагдуулж, эрүүгийн хэргийн шүүхийн шийтгэх тогтоолд гомдол гаргаагүй. Бид нарын гол маргаж байгаа үндэслэл бол зайлшгүй шаардлагаар гадаад улсад эмчлүүлэх шаардлагатай байсан уу? үгүй юу? гэдгийг нотлуулмаар байна. Нэхэмжлэгч тал нотлох баримтыг хангалтай гаргаж өгөөгүй. Улсын дээд шүүхийн 2009 оны 15 дугаар тогтоолын 5.1-д Иргэний хуулийн 498 дугаар зүйлд заасан ажил олгогч, хуулийн этгээдээс гадна мөн хуулийн 499.3, 499.4, 500.1, 501.1, 502.1, 512.1-д заасан иргэн, хуулийн этгээд хамаарна гэж заасан, Иргэний хуулийн 505 дугаар зүйлийг үндэслэн нэхэмжлэгч шаардсан нь дээрх тогтоолтой нийцэхгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хянаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Ч.Б нь гэм хорын хохиролд буюу эмчилгээний зардал 13,539,968.5 төгрөг, онгоцны билетийн зардалд 2,199,800 төгрөг, орчуулгын зардалд 90,000 төгрөг, авч чадаагүй цалин, цалингийн зөрүү 29,940,881 төгрөг, хөдөлмөрийн чадвар алдсаны төлбөрт сар бүр 813,794.7 нийт 46,584,444.2 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасныг хариуцагч ... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч хохирлыг хангалттай хэмжээнд төлсөн. Нэхэмжлэгч Ч.Б нь Монгол улсад 2 удаа хагалгаанд орж байсан. Гэмтэл авсан өдрийнхөө маргааш нь эхний хагалгаанд орсон. Хоёр дахь хагалгаагаар нүдний портез хийлгэсэн. Шүүх хурал 2019 онд болсон. Үүнээс өмнө Ч.Б Солонгос улс руу яваад ахиад нүдний протезийн хагалгаа хийлгэсэн байсан. Заавал гадаадад очиж мэс засалд орох шаардлагагүй байсан гэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй маргаж байна.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараахь нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 30 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 2019/ДШМ/1205 дугаар магадлалаар Д.Ө ыг 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдөр согтуугаар Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутагт байрлах Эко амралтын газрын хажууд ачааны машинаар тавина гэсэн ажил, албан тушаалын шинжтэй асуудлаас болж Ч.Б тай маргалдаж зүүн нүдэн тус газарт нь гараараа цохиж зүүн нүдний агууламжийг авсан мэс заслын дараах байдал, зүүн нүдэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, толгойн хуйханд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учруулан нүдийг нь сохлон хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Ө ыг 15,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар Д.Ө аас 8,808,481 төгрөг гаргуулж, хохирогч Ч.Б д олгохоор шийдвэрлэжээ. /1 дүгээр хавтаст хэргийн 6-15 дугаар тал/

Иргэний хуулийн 497.1-д Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй., мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-т Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй. гэж зааснаар нэхэмжлэгч Ч.Б ы эмчилгээний зардал буюу портез хийлгэсэн зардал, түүнтэй холбоотой хоол хүнс, тээвэр, зочид буудал, орчуулагчид төлсөн зардал, гэм хор учруулсны улмаас авч чадаагүй цалин, бага цалинтай ажилд шилжсэн, группэд орсон зэргээс болж одоогийн авч байгаа цалин, хөлс, тэтгэвэр, тэтгэмж нь урьд эрүүл байхдаа авч байсан цалин, олж байсан орлогоос буурсан зөрүүг хариуцагч Д.Ө хариуцан төлөх үүрэгтэй.

Нэхэмжлэгч Ч.Б нь 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд Бүгд Найрамдах Солонгос улсын Сөүлийн их сургуулийн эмнэлгийн нүдний тасагт хиймэл нүд буюу портез хийлгэсэн эмчилгээний зардалд 5,912,650 вон буюу /1 вон-2,29 төгрөг/ 13,539,968.5 төгрөг, онгоцны билетийн зардалд 2,199,800 төгрөг, орчуулга хийлгэхэд 90,000 төгрөгийг зарцуулсан болох нь бэлэн мөнгөний орлогын баримт, төлбөрийн баримтууд, Гадуур эмчилгээ хийлгэж буй өвчтөний эмнэлэгийн төлбөр төлсөн баримт /Солонгос хэлнээс орчуулсан/, үл хөдлөх хөрөнгийн түрээсийн гэрээгээр тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Ч.Б нь гэмтэл авах үедээ Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгт илчит тэрэгний машинчаар хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллаж байсан ба сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого нь 2,901,513 төгрөг байсан, Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн даргын 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн .... дүгээр тушаалаар цахилгааны машины цехэд илчит тэрэгний 1 дүгээр зэрэгтэй засварчнаар томилсноор түүний сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого 1,163,388 төгрөг болж буурсан болох нь хөдөлмөрийн гэрээ, нийгмийн даалтгалын дэвтэр, Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн даргын тушаалаар тогтоогдсон. Мөн ... дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магдлах комиссын 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн .... дугаар актаар хөдөлмөрийн чадвар 50 хувь алдсан нь тогтоогдсоноор эрүүл мэндийн даатгалын сангаас 2018 оны 09 дүгээр сарын 20-ноос 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдрийг хүртэлх хугацаанд 1 сард 545,000 төгрөгийн тэтгэвэр авч байсан нь хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон 2018 оны .... дугаар акт, тэтгэвэрийн дэвтэрээр тогтоогдож байна.

Гэмтлийн улмаас нэхэмжлэгч Ч.Б 2018 оны 8, 9, 10 дугаар сард огт ажиллаагүй тул 8,704,539 төгрөгийн /нэг сарын цалин 2,901,513 төгрөг байсан/ цалин хөлсөө авч чадаагүй. Мөн 2018 оны 11 дүгээр сараас 2020 оны 7 дугаар сарыг хүртэлх 21 сарын хугацаанд 60,658,773 төгрөгийн цалин авах ёстой байсан /2,901,513х21=60,658,773 төгрөг/, тэрээр мөн хугацаанд бага цалинтай ажилд ажиллаж 27,825,431 төгрөгийн цалин авсан, нийгмийн даатгалын сангаас 11,597,000 төгрөгийн тэтгэвэр авсан, нийт 39,422,431 төгрөгийн цалин, тэтгэвэрийн орлого олсон зэргээс үзвэл нэхэмжлэгчийн одоогийн авч байгаа цалин, тэтгэвэр нь урьд буюу эрүүл байх үедээ авах байсан хөдөлмөрийн хөлсөөс 21,236,342 төгрөгөөр буурч цалингийн зөрүү үүсчээ. Иймд нэхэмжлэгчийн авч чадаагүй цалин болон цалингийн зөрүүнд 29,940,881 төгрөг гаргуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Харин нэхэмжлэлийн шаардлагаас гэм хор учруулсны төлбөрт 813,794.7 төгрөгийг хөдөлмөрийн чадвар алдалт тогтоогдсон хугацаанд сар бүр гаргуулах гэх хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээс үзэхэд нэхэмжлэгч нь гэмтэл авахаас өмнө Улаанбаатар төмөр зам нийгэмлэгт илчит тэрэгний машинчаар ажиллаж байгаад гэмтэл авснаар бага цалинтай ажилд буюу цахилгааны машины цехэд илчит тэрэгний 1 дүгээр зэрэгтэй засварчнаар томилогдсоноор түүний сарын хөдөлмөрийн хөлс буурч цалингийн орлогод 813,794.7 төгрөгийн зөрүү үүсснийг гэм хорын төлбөр гэж тодорхойлжээ. Мөн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хөдөлмөрийн чадвар алдалтын хугацаа тогтоосон актын хугацаанд сар бүр 813,974.7 төгрөгийг гаргуулах гэж тодорхойлсон, хэрэгт авагдсан ... дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн .... тоот Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон актаар Ч.Б ы 50 хувийн хөдөлмөрийн чадвар алдалтын хугацааг 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөр тогтоосноос үзэхэд нэхэмжлэгч цалингийн зөрүү 813.794.7 төгрөгийг 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд сар бүр хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилсэн ба Иргэний хуулийн 509 дүгээр зүйлийн 509.1-д Хохирогч нас барсан буюу хөдөлмөрийн чадвараа алдсантай холбогдсон төлбөрийг сар тутам төлнө. гэж хуульчилсан боловч дээрх цалингийн зөрүүг сар тутам хариуцагчаас гаргуулах хууль зүйн үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Хэрэгт авагдсан Сөүлийн их сургуулийн эмнэлгийн 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн .... дугаар дүгнэлтэд Онош: Зүүн нүдний цөцгий авахуулсан, цаашид хийгдэх эмчилгээний талаарх эмчийн дүгнэлт: Зүүн нүдний цөцгий бяцарсан байдалтай, нүдний цөцгий авахуулах хагалгаа хийлгэсэн, зүүн нүдний салст бүрхэвчийн үрэвсэлтэй, портез суулгуулсан тул жил бүр эмчилгээ хийлгэх, эмнэлгийн хяналтад байх шаардлагатай гэснээр хариуцагч, түүний өмгөөлөгч нарын ... нэхэмжлэгч Ч.Б нь Монгол улсад 2 удаа хагалгаа хийлгэсэн, Бүгд Найрамдах Солонгос улсад очиж мэс засал хийлгэх шаардлагагүй байсан гэх тайлбар үгүйсгэгдэж байна.

Иймд хариуцагч Д.Ө аас эмчилгээний зардал 13,539,968.5 төгрөг, онгоцны билетийн зардалд 2,199,800 төгрөг, орчуулгын зардалд 90,000 төгрөг, авч чадаагүй цалин, цалингийн зөрүү 29,940,881 төгрөг, нийт 45,770,649.5 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ч.Б д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх гэм хор учруулсны төлбөрт сар бүр 813,794.7 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 509 дүгээр зүйлийн 509.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Д.Ө аас эмчилгээний зардал 13,539,968.5 төгрөг, онгоцны билетийн зардалд 2,199,800 төгрөг, орчуулгын зардалд 90,000 төгрөг, авч чадаагүй цалин, цалингийн зөрүү 29,940,881 төгрөг, нийт 45,770,649.5 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ч.Б д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх гэм хор учруулсны төлбөрт сар бүр 813,794.7 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 367,580 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуулинд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХТӨР

 

ШҮҮГЧ А.САРАНТУЯА

 

Х.ЭНХЗАЯА