Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 001/ХТ2021/01446

 

 

Ч.Болорчулууны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

  

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Сонинбаяр даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 102/ШШ2021/00365 дугаар шийдвэр,

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2021 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 786 дугаар магадлалтай, 

Ч.Болорчулууны нэхэмжлэлтэй,

Д.Өлзийжаргалд холбогдох  

Гэм хорын хохиролд 45,770,649 төгрөг, хөдөлмөрийн чадвар алдсаны төлбөрт сар бүр 813,794 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч Д.Өлзийжаргалын гаргасан гомдлоор

Шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтанзул, түүний өмгөөлөгч М.Бадрал, хариуцагч Д.Өлзийжаргал, түүний өмгөөлөгч Г.Нацагдорж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1. Ч.Болорчулуун нь Д.Өлзийжаргалд холбогдуулан гэм хорын хохиролд 45,770,649 төгрөг, хөдөлмөрийн чадвар алдсаны төлбөрт сар бүр 813,794 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч Д.Өлзийжаргал ...шүүхээр шийдвэрлэсэн хохирол, нийт бусад зардал нийт 33,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид өгсөн тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэж эс зөвшөөрөн маргажээ.  

2. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 102/ШШ2021/00365 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 509 дүгээр зүйлийн 509.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Д.Өлзийжаргалаас эмчилгээний зардал 13,539,968 төгрөг, онгоцны билетийн зардалд 2,199,800 төгрөг, орчуулгын зардалд 90,000 төгрөг, авч чадаагүй цалин, цалингийн зөрүү 29,940,881 төгрөг, нийт 45,770,649 төгрөгийг гаргуулж Ч.Болорчулуунд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх гэм хор учруулсны төлбөрт сар бүр 813,794 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7 зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 367,580 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэжээ. 

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 786 дугаар магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 102/ШШ2021/00365 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 507 дугаар зүйлийн 507.1, 509 дүгээр зүйлийн 509.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Д.Өлзийжаргалаас 43,565,539 төгрөгийг гаргуулж Ч.Болорчулуунд олгож, Д.Өлзийжаргалаас сар бүр 813,794 төгрөгийг гаргуулж Ч.Болорчулуунд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2,205,110 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосуай. гэж өөрчлөн найруулж, 3 дахь заалтын 367,580 төгрөг гэснийг 379,846 төгрөг гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 24,081 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож, мөн хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 358,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн шийдвэрлэсэн байна.  

4. Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны 2021.09.17-ны өдрийн 001/ШХТ2021/00421 дүгээр тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.3-т шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж заасны дагуу хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцүүлэхээр шийдвэрлэжээ.  

5. Хариуцагч Д.Өлзийжаргал хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.-т Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө гэж заасан. Тухайн хэрэгт нэхэмжлэгч талаас өгсөн баримтууд нь уг шаардлагыг хангахгүй байна. Тухайлбал 1 дүгээр хавтаст хэргийн 18, 35-125 дугаар хуудаст авагдсан баримтууд нь эх биш байх бөгөөд нотариатчаар гэрчлүүлээгүй байхад нотлох баримт хэмээн анхан болон давж заалдах шатны шүүх үнэлсэн. Хоёр шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д заасан Нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн бол тэдгээр нь нотлох чадвараа алдах бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй гэснийг зөрчсөн. Мөн цалингийн зөрүү гаргуулна хэмээн нэхэмжлэгч тал маргаж байх бөгөөд цалингийн тодорхойлолт гаргаж өгөөгүй байхад уг шаардлагыг хангасан нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангахгүй байна.

5.1 Улсын Дээд шүүхийн 2009 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг арилгах талаарх Эрүүгийн байцаан шийтгэх хууль болон Иргэний хуулийн зарим зүйл заалтыг эрүү, иргэний шүүн таслах ажиллагаанд хэрэглэх тухай 15 дугаар тогтоолын 5.1.-д Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хариуцвал зохих этгээдэд Иргэний хуулийн 498 дугаар зүйлд заасан ажил олгогч, хуулийн этгээдээс гадна мөн хуулийн 499 дүгээр зүйлийн 499.3, 499.4, 500 дугаар зүйлийн 500.1, 501 дүгээр зүйлийн 501.1, 502 дугаар зүйлийн 502.1, 512 дугаар зүйлийн 512.1-д заасан иргэн, хуулийн этгээд хамаарна гэж заасан. Иймд Иргэний хуулийн 505 дугаар зүйлийг үндэслэн шаардах болон түүнийг шүүх хэрэглэх үндэслэлгүй байна.

5.2. Шүүх ... эмчилгээний зардлыг хариуцах үүрэгтэй гэжээ. Жагсаалт, журам шинэчлэн батлах тухай Эрүүл мэндийн сайдын 2017.09.21-ний өдрийн А/370 дугаар тушаалын 1 дэх заалтаар Монгол Улсад эмчлэх боломжгүй өвчний жагсаалт-ыг баталсан байх бөгөөд уг жагсаалтад нүдэнд протез суулгах, нуухтах болон үрэвслийн эсрэг эмчилгээ байхгүй байх бөгөөд протез суулгах эмчилгээг Монгол Улсад хийлгэсэн талаараа Ч.Болорчулуун маргадаггүй ба цаашид эмчилгээ хийгдэх үү гэсэн өмгөөлөгчийн асуултад гэрч Э.Энхзаяа протезоо байнга маш сайн цэвэрлэж байх ёстой. Хэрвээ нуухтаж, үрэвсэж улайвал үрэвслийн эсрэг эмчилгээ хийлгэнэ хэмээн хариулсан байх бөгөөд уг нотлох баримтыг үнэлэхгүй байгаа үндэслэлээ шүүх тайлбарлаагүй. Тушаалын 1 дэх заалтад Гадаад оронд зайлшгүй шаардлагаар эмчлүүлэх иргэдэд эмнэлгийн дүгнэлт гаргах маягт-ыг баталсан байх бөгөөд 2 дахь заалтаараа Монгол Улсад эмчлэх боломжгүй өвчин, эмгэгийн улмаас гадаад улсад зайлшгүй шаардлагаар эмчилгээ хийлгэх иргэдэд дүгнэлт гаргах орон тооны бус комисс-ыг байгуулсан байна. Хэрэгт комиссын ямар ч дүгнэлт болон бөглөгдсөн маягт байхгүй байх тул зайлшгүй шаардлагаар гадаад улсад эмчлүүлэх шаардлага Ч.Болорчулуунд байхгүй байсан байна. Эрүүл мэндийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.5, МУЗГ-ын 2011 оны 226 дугаар тогтоолоор батлагдсан Зайлшгүй шаардлагаар гадаад улсад эмчлүүлэх иргэнд санхүүжилт олгох журмын 4.1.-д заасны дагуу Монгол Улсад оношлох, эмчлэх боломжгүй өвчин, эмгэгийн улмаас гадаад оронд эмчлүүлэх зайлшгүй шаардлагатай иргэдэд үзүүлэх санхүүгийн дэмжлэгийг ЭМЯ хариуцдаг байна. Ч.Болорчулуунд шаардагдах эмчилгээг Монгол Улсад хийх боломжтой талаар эмнэлгийн дүгнэлтэд тодорхой заасан байхад түүнийг шүүх мөн үнэлээгүй. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.  

ХЯНАВАЛ:  

6. Хариуцагч Д.Өлзийжаргалын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна. 

Хариуцагч Д.Өлзийжаргал ...1 дүгээр хавтаст хэргийн 18, 35-с 125 дугаар хуудаст байгаа баримтууд нь эх биш байх бөгөөд нотариатчаар гэрчлүүлээгүй байхад ...үнэлсэн. ...УДШ-ийн 2009.05.22-ны өдрийн 15 дугаар тогтоолын 5.1-д зааснаар ...Иргэний хуулийн 505 дугаар зүйлийг үндэслэн шаардах болон түүнийг шүүх хэрэглэх үндэслэлгүй, ... Ч.Болорчулуунд шаардагдах эмчилгээг Монгол Улсад хийх боломжтой байхад түүнийг шүүх мөн үнэлж үзсэнгүй... гэсэн үндэслэлээр шийдвэр, магадлалыг хүчингүй болгож хэргийг дахин хянан шийдвэрлүүлэх тухай хяналтын журмаар гомдол гаргажээ. 

7. Нэхэмжлэгчийн шаардах эрх, хэргийн үйл баримтын талаар. 

7.1. Ч.Болорчулуун нь Д.Өлзийжаргалд холбогдуулан эмчилгээний зардал 13,539,968 төгрөг, онгоцны билетийн зардалд 2,199,800 төгрөг, орчуулгын зардалд 90,000 төгрөг, авч чадаагүй цалин, цалингийн зөрүү 29,940,881 төгрөг, хөдөлмөрийн чадвар алдсаны төлбөрт сар бүр 813,794 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. 

Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрөхдөө ...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч хохирлыг хангалттай хэмжээнд төлсөн. Нэхэмжлэгч Ч.Болорчулуун нь Монгол Улсад 2 удаа хагалгаанд орж байсан. ...Заавал гадаадад очиж мэс засалд орох шаардлагагүй байсан... гэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргасан байна. 

Нэхэмжлэгч нь эрүүл мэндэд гэм хор учирсан үндэслэлээр Солонгос улсад хийлгэсэн эмчилгээний болон бусад зардал, цалингийн зөрүү нэхэмжилсэн байх бөгөөд уг төлбөрийг хариуцагч төлөх үүрэгтэй эсэх нь маргааны зүйл болжээ. 

7.2. Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 30 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 2019/ДШМ/1205 дугаар магадлалаар Д.Өлзийжаргалыг Ч.Болорчулууны эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар торгох ялаар шийтгэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан Д.Өлзийжаргалаас 8,808,481 төгрөг гаргуулан Ч.Болорчулуунд олгосон шийдвэр хүчин төгөлдөр болсон байна.  

Д.Өлзийжаргалын үйлдлээс Ч.Болорчулууны зүүн нүдний агууламжийг авсан мэс засал хийгдсэн байдал, зүүн нүдний цус хуралт, зөөлөн эдийн няцралт, толгойн хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдсон, түүний эрүүл мэндэд учирсан хохирлыг 2018.06.27-ны өдрөөс хойш Налайх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тогтоол гарсан 2019.02.13-ны өдрийг хүртэл хугацаанд 33,808,481 төгрөгөөр тогтоосон, Д.Өлзийжаргал нь үүнээс 25,000,000 төгрөгийг төлсөн үйл баримт дээр дурдсан шүүхийн шийдвэрээр тогтоогджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар Д.Өлзийжаргалын гэм бурууг тогтоосон уг үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар дахин нотлохгүй. 

7.3. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д Бусдын ...эрүүл мэнд, ...хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэх/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй ба, мөн зүйлийн 497.2-т зааснаар гэм хор учруулсан этгээд түүний буруугаас болоогүйг нотолбол хохирол төлөхөөс чөлөөлөгдөнө.  

Бусдын эрүүл мэндэд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа хохирогчийн эрхийг өмнөх байдалд сэргээх, хэрэв боломжгүй бол мөнгөөр нөхөн төлүүлэх зарчмыг баримталдаг. 

Хохирлыг мөнгөөр нөхөн төлүүлэх тохиолдолд учруулсан гэм хорын улмаас гаргасан зардлын хэмжээ тогтоогдсон байхыг шаардана. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн хийлгэсэн гэх эмчилгээний зардал, хохирол нь Д.Өлзийжаргалын учруулсан гэмтэлтэй шалтгаант холбоотой эсэх, шалтгаант холбоотой бол үүнтэй холбогдон гарсан зардлын хэмжээ хэд болох нь тус тус тогтоогдсон байх учиртай.    

Нэхэмжлэгч Ч.Болорчулуун Д.Өлзийжаргалд холбогдуулж гэм хорын хохиролд 45,770,649 төгрөг, хөдөлмөрийн чадвар алдсаны улмаас авах ёстой байсан цалингийн зөрүү 813,794 төгрөгийг сар бүр гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь хууль зөрчөөгүй байна. 

8. Хууль хэрэглээний талаар:

8.1. Д.Өлзийжаргал нь хууль бусаар санаатай үйлдлээр Ч.Болорчулууны эрүүл мэндэд гэм хор учруулсан нь тогтоогдсон, хариуцагчийг Ч.Болорчулууны эрүүл мэндэд учруулсан хүнд хор уршигтай шалтгаант холбоотой эсэх, гэм хорын хэмжээний хувьд тэрээр маргах эрхтэй. 

БНСУ-ын Сөүлийн их сургуулийн эмнэлгийн 2019.11.07-ны өдрийн дүгнэлтэд зааснаас үзэхэд Ч.Болорчулуун зүүн нүдний цөцгий авахуулсан, зүүн нүдний архаг салст бүрхэвчийн үрэвсэл оноштойгоор эмчилгээ хийлгэсэн байх ба түүний эрүүл мэндэд учирсан гэм хор нь хариуцагч Д.Өлзийжаргалын хууль бус үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.  

Иймд хариуцагч Д.Өлзийжаргал Ч.Болорчулууны эрүүл мэндэд учирсан дээрх гэм хорын хохирлыг арилгах үүрэгтэй юм.

Ч.Болорчулуун нь 2019.10.17-ны өдрөөс 2019.11.28-ны өдрийг хүртэл БНСУ-ын Сөүлийн их сургуулийн эмнэлгийн Нүдний эмнэлгийн тасагт үзүүлж, эмчлүүлсэн зардал 4,349,720 вонн, 2019.11.07-ны өдөр үзлэг, тусламж үйлчилгээ, хагалгааны төлбөрт 100,760,вонн, эм болон эм зүйчийн төлбөр 32,000 вонн, эмнэлгийн тодорхойлолт гаргуулсны төлбөр 16,000 вонн, 2019.11.28-ны өдөр нүдний протез худалдаж авсан 4,200,000 вонн буюу /1 вонныг 2019.10.15-ны өдрийн ханш 2,29/ 9,960,858 төгрөгийг төлсөн байна. 

Түүнчлэн нэхэмжлэгч БНСУ-д эмчлүүлэх хугацаанд түр амьдрах зорилгоор орон сууцыг 2019.10.15-ны өдрөөс 2019.11.21-ний өдөр хүртэл хугацаагаар түрээслэж, гэрээний хөлсөнд 600,000 вонн буюу 1,374,000 төгрөг төлсөн, БНСУ руу зорчихтой холбоотой онгоцны тийзийг 2,199,800 төгрөгөөр худалдаж авсан, орчуулагчид 90,000 төгрөг төлсөн зардлыг гаргажээ. 

8.2. Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй гэж зохицуулан хуульчилжээ. 

Дээрх төлбөр нэхэмжлэгчийн эрүүл мэндэд гэм хор учирсантай холбоотой гарсан зайлшгүй зардалд хамаарах үндэслэлтэй. 

Мөн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх 2020.07.24-ний өдрийн тодорхойлолт нэхэмжлэгчийн Нийгмийн даатгалын дэвтэртэй зөрүүгүй, түүнчлэн нэхэмжлэгч Солонгос хэл дээр бичигдсэн нотлох баримтын эх, тэдгээрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4-т зааснаар албан ёсны зөвшөөрөл бүхий орчуулагчаар монгол хэл дээр орчуулж өгсөнтэй харьцуулан шүүхээс үнэлснийг буруутгах боломжгүй.  

Ч.Болорчулуун Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгт илчит тэрэгний машинчаар ажиллаж, сарын хөдөлмөрийн хөлс 2,901,513 төгрөг байсан, 3 сарын цалин хөлс авч чадаагүй, Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн даргын 2018.11.21-ний өдрийн 1240 дүгээр тушаалаар цахилгааны машины цехэд илчит тэрэгийн 1 дүгээр зэрэгтэй засварчнаар томилогдож, түүний сарын хөдөлмөрийн хөлс 1,163,388 төгрөг болж буурсан, эрүүл мэндийн даатгалын сангаас 2018.09.20-ны өдрөөс 2020.07.24-ний өдрийг хүртэлх хугацаанд 1 сард 545,000 төгрөгийн тэтгэвэр авсан үйл баримтын талаар хийсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасантай нийцжээ. 

Нэхэмжлэгчийн авч чадаагүй цалин болон цалингийн зөрүүг хоёр шатны шүүхээс зөв тооцож, Д.Өлзийжаргалаас 29,940,881 төгрөг гаргуулж Ч.Болорчулуунд олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д заасантай нийцжээ. 

Түүнчлэн давж заалдах шатны шүүх Ч.Болорчулууны хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон актыг үндэслэж, хариуцагчаас сар бүр 813,794 төгрөгийн цалингийн зөрүүг гаргуулж нэхэмжлэгчид олгож байхаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахдаа Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.3, 505 дугаар зүйлийн 505.1, 509 дүгээр зүйлийн 509.1-д заасан зохицуулалт, тэдгээрт заасан ойлголт, шаардлага, агуулгыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Ч.Болорчулууны хөдөлмөрийн чадвар нь цаашид дордох буюу авч байгаа тэтгэврийн хэмжээ багасвал гэм хор учруулсны төлбөрийг зохих хэмжээгээр нэмэгдүүлэх, харин түүний хөдөлмөрийн чадвар сайжирсантай холбоотойгоор авч байгаа цалин, хөлс, орлого болон тэтгэврийн хэмжээ нэмэгдвэл Д.Өлзийжаргал гэм хор учруулсны төлбөрийн хэмжээг багасгахыг Иргэний хуулийн 507 дугаар зүйлийн 507.1, 507.2-т зааснаар тус тус шаардах эрхтэй болохыг дурдах нь зүйтэй. 

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар зохигч нь нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах, үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй. 

Монгол Улсын Засгийн газрын 2011.07.06-ны өдрийн 226 дугаар тогтоолоор Зайлшгүй шаардлагаар гадаад улсад эмчлүүлэх иргэнд санхүүжилт олгох журам, Эрүүл мэндийн сайдын 2017.09.21-ний А/370 дугаар тушаалын 1 дэх хавсралтаар Монгол Улсад эмчлэх боломжгүй өвчний жагсаалт-ыг тус тус баталжээ. 

Сан нь нэхэмжлэгчийн гадаад улсад эмчлүүлсэн зардлыг үгүйсгэх үндэслэл болохгүй.  

Хариуцагч нь нэхэмжлэгч Ч.Болорчулууны БНСУ-ын Сөүлийн их сургуулийн эмнэлэгт хийлгэсэн эмчилгээг Монгол Улсад эмчлэхэд гарах зардлыг нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй тул шүүхээс харьцуулан дүгнэх, гэм хорын хэмжээг багасгах боломжгүй, хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийнэ.  

Анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн эмчилгээ хийлгэсэн байдал нь учирсан гэмтэлтэй хамааралтай болох, гарсан зардлын хэмжээг хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, эдгээр нотлох баримтын хэмжээнд маргааны үйл баримтад зөв дүгнэлт хийжээ.  

10. Монгол Улсын Дээд шүүхийн 2009 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 15 дугаартай Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг арилгах талаарх Эрүүгийн байцаан шийтгэх болон Иргэний хуулийн зарим зүйл, заалтыг эрүү, иргэний шүүн таслах ажиллагаанд хэрэглэх тухай тогтоолын 6.1.3-т Гэмт хэргийн улмаас бусдын эрүүл мэндэд гэм хор учирсан бол гэм буруутай этгээд Иргэний хуулийн 505, 506 дугаар зүйлүүдэд зааснаар хохирогчийн эмчилгээний зардал, хөдөлмөрийн чадвар алдсанаас олох байсан орлогын хэмжээгээр хохирлыг нөхөн төлнө. Олох байсан орлогын хэмжээг авах байсан цалин, орлого, авсан тэтгэвэр, тэтгэмжийн зөрүүгээр тооцох тул хөдөлмөрийн чадвар алдсан этгээдийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээ ихсэх, багасах тохиолдолд гэм хор учруулсны төлбөр Иргэний хуулийн 507 дугаар зүйлд зааснаар өөрчлөгдөнө гэж зохигчийн хоорондох эрх зүйн маргаанд хэрэглэгдэх хуулийн зохицуулалтыг эрүүгийн болон иргэний шүүн таслах ажиллагаанд нэг мөр ойлгож, шүүхийн практикт зөв хэрэглэх явдлыг хангах зорилгоор тайлбарлажээ. 

Хариуцагч Д.Өлзийжаргалын хяналтын журмаар гаргасан гомдолд дурдсан дээрх тогтоолын 5.1-д заасан тайлбар энэ маргаанд хамааралгүй байх тул түүний гомдол хангагдахгүй. 

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулсан байх бөгөөд давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг багасгаж шийдвэрлэсэн үндэслэлээ тодорхой заасан байх тул магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч Д.Өлзийжаргалын гаргасан гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 786 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч Д.Өлзийжаргалын гаргасан гомдлыг хангахгүй орхисугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 380,000 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

   

                                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ               Х.СОНИНБАЯР 

                                     ТАНХИМЫН ТЭРГҮҮН              Г.АЛТАНЧИМЭГ

                                                           ШҮҮГЧИД             Г.БАНЗРАГЧ 

                                                                                         С.СОЁМБО-ЭРДЭНЭ 

                                                                                          Х.ЭРДЭНЭСУВД