Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 11 сарын 19 өдөр

Дугаар 2318

 

2018 оны 11 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2018/02318

 

 

М.С-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 182/ШШ2018/01940 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: М.С-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “М” ХХК-д холбогдох,

 

Сургалтын төлбөрт төлсөн 17 244 300 төгрөгийг буцаан гаргуулах тухай иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: М.С-

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Г.Нямсүрэн

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч:Д.Ичинхорлоо

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Ган-Өнөр нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би охин М.Намууныг АНУ-ын ахлах сургуульд суралцуулахаар “М” ХХК-тай 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр High School Exchange USA хөтөлбөрийн дагуу АНУ-ад суралцах сурагч, түүний эцэг, эхийн хооронд байгуулах гэрээг байгуулсан.  Гэрээгээр тохиролцсон төлбөр болох 7 200 ам.долларыг тус компанийн дансанд тушаасан. Гэрээний дагуу зуучлагч нь сурагчийг 2017-2018 оны хичээлийн жилд АНУ-ын ахлах сургуульд сурч, америк гэр бүлд амьдрахад Academic Foundation for International Cultural Exchange боловсролын байгууллагатай хамтран зуучлах үүрэг хүлээсэн.

“М” ХХК-д анх очиж уулзаж гэрээ байгуулахад АНУ-ын ихэнх ахлах сургуулийн хоёрдугаар семестрийн хичээл 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс эхэлдэг тул энэ хүртэлх хугацаанд сурагчийн суралцах ахлах сургууль болон Америкт амьдрах гэр бүл бэлэн болсон байна гэж хэлсэн. Улмаар 2017 оны 11, 12 сар болоход “М” ХХК болон тэдний Америк талын зуучлагч Afice агентлагаас охины АНУ-д очин амьдрах гэр бүлийн мэдээлэл ирээгүй бөгөөд бидний зүгээс удаа дараа утсаар шаардаж, улмаар биечлэн уулзахад энэ асуудлыг 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн дотор Америк талын Afice зуучлагч агентлаг шийдэж өгөхөөр харилцан тохиролцсон.

Гэтэл амласан хугацаандаа охины АНУ-д амьдрах гэр бүлийг олоогүй бөгөөд тус улсад ахлах сургуулийн хичээл эхлээд 3 хоносон тул суралцах боломжгүй болж гэрээний дагуу төлсөн төлбөрөө эргүүлж авахыг хүссэн хүсэлтээ 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүргүүлсэн. 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр “М” ХХК-иас охины АНУ-д амьдрах гэр бүлийн мэдээлэл ирсэн, явах бэлтгэлээ хийнэ үү гэсэн албан бичиг ирэхэд Монгол Улсад ахлах сургуулийн хичээл эхлэхэд 2 хоног үлдээд байсан.

Гэрээ байгуулахдаа ахлах сургуулийн хичээл эхлэхээс өмнө энэ бүх асуудлыг зохицуулж суралцуулахаар тохиролцож, төлбөр авсан атлаа бодитоор хэрэгжих боломжгүй болсон, сургалтаас хоцорсон байхад “М” ХХК-иас гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн гэж үзэж төлбөрийг эргүүлэн төлөхөөс татгалзаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Иймд “М” ХХК-аас 17 244 300 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай байгууллага энэ чиглэлээр 12 жил тасралгүй үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд High School Exchange USA хөтөлбөрт оролцож буй сурагчид нь АНУ руу хичээл эхлэхээс 2 хоногийн өмнө явах нь хамгийн зохистой хугацаа гэж үздэг ба ахлах сургуулиудын тухайн семестрийн хичээл нь муж, мужид харилцан адилгүй, улмаар сурагчдыг хүлээн авах сургууль, гэр бүлийн сонголт нь удаан хугацаанд үргэлжилдэгийг сурагч, эцэг эхчүүдэд мэдэгддэг.

Манай компани М.С-тай байгуулсан High School Exchange USA хөтөлбөрөөр АНУ-д суралцах сурагч, түүний эцэг, эхийн хооронд байгуулах гэрээнд зааснаар гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлж байсан. 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр High School Exchange USA хөтөлбөрт оролцогч М.Намууныг хүлээн авах айл нь Вашингтон мужийн Центрилад амьдардаг талаар мэдэгдэхэд М.С-ын гэр бүлээс татгалзсан хариу өгсөн. Иймд бид М.Намуун нь тухайн Америк айлаас татгалзсан талаарх мэдээллийг АНУ-ын хамтран ажилладаг байгууллага болох Afice /Academic Foundation for International Cultural Exchange/-д мэдэгдсэн.

Ингээд үүнээс 2 өдрийн дараа М.Намууныг хүлээн авах айлын асуудал шийдэгдэж түүнийг багш мэргэжилтэй Треза Кайзерын гэр бүл хүлээн авахаар болсон. Энэ талаар Afice байгууллага бидэнд утсаар мэдэгдсэн ба дэлгэрэнгүй мэдээллийг бүрэн баталгаажиж ирэх хүртэл буюу Треза Кайзерын гэр бүл нь гэмт хэрэгт холбогдож байгаагүй талаарх цагдаагийн лавлагаа гарах хүртэл бид хөтөлбөрт оролцогчид мэдээлэхгүй байхыг Afice байгууллага хүсдэг тул М.С-ад айл нь тодорхой болсон байна, та түр хүлээнэ үү хэмээн утсаар мэдэгдэж байсан. Улмаар 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр айлын мэдээлэл эцсийн байдлаар баталгаажсан тул М.С-ад энэ талаар утсаар мэдэгдэж, 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр албан бичиг хүргүүлсэн. М.Намууны суралцах байсан Пранклин Пийрс ахлах сургуулийн хаврын улирлын хичээл нь 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр эхлэх байсан.

Бид энэ талаар мөн мэдэгдсэн хэдий ч М.С-ын гэр бүлээс тус сургуулийг судалж үзээд сайн сургууль биш, мөн ихэнх сурагчид нь нийгмийн эмзэг давхаргын айлын хүүхдүүд байх тул аюултай гэж үзсэн тул тухайн айл болон сургуулиас татгалзсан. Манай компанийн захирал М.Ариунаа өөрөө М.Намууныг хүргэж өгөх онгоцны билетээ захиалсан байсан бөгөөд энэ талаар сурагч болон эцэг, эхэд нь мэдэгдсэн боловч хүлээж аваагүй.

Мөн нэхэмжлэгчийн төлсөн 7 200 ам.доллараас 5 500 ам.долларыг нь спонсор байгууллагын зардал буюу М.Намууны хамрагдах эрүүл мэнд, гэнэтийн осол, даатгал гэх мэт бусад холбогдох зардалд, 45 ам.долларыг англи хэлний түвшин тогтоох шалгалтанд, буухиа шууданд 42 ам.доллар, банкны шимтгэлд 30 ам.доллар болон 25 000 төгрөг, АНУ-ын Төрийн департмент буюу Sevis бүртгэлийн хураамжид 180 ам.доллар, “М” ХХК-ийн үйл ажиллагааны зардал буюу зуучлалын хөлсөнд 1 250 ам.доллар тус тус багтсан байдаг.

Манай компани гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн байхад нэхэмжлэгч нь өөрөө хүүхдээ АНУ руу явуулах гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүйгээр өөрөө гэрээнээс сайн дураар татгалзсан учраас талуудын байгуулсан гэрээний 5.1, 7.3, 7.11-д тус тус үндэслэн дээр төлбөрийг буцаан олгох боломжгүй. Ийм учраас М.С-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх: Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар “М” ХХК-иас 16 746 162 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож нэхэмжлэлийн шаардлагаас 498 138 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 244 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 241 680 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна.

Нэхэмжлэгч нь гэрээний дагуу шилжүүлсэн 7 200 ам.долларыг буцаан гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Шүүхийн шийдвэрт гэрээ цуцлагдсаны үр дагавар арилгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэж тодорхойлсон атлаа Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 буюу гэрээнээс татгалзснаас үүсэх үүргийн зохицуулалтыг хэрэглэсэн ойлгомжгүй болжээ. Гэрээнээс татгалзах тохиолдолд талууд гэрээгээр өгсөн авснаа буцаадаг бол гэрээг цуцлахад цуцлах хүртэлх гэрээний харилцаа хэвээр үлдэж, цуцалснаас хойшхи үр дагаврыг талууд шийдвэрлэдэг ялгаа байдаг.

Талуудын хооронд байгуулагдсан гэрээгээр “М” ХХК нь сурагчийг АНУ-ын ахлах сургуульд сургах, америк гэр бүлд амьдрах боломжийг зуучлан явуулах, сурагч нь шаардлагатай, үнэн зөв бичиг баримтыг бүрдүүлж өгөх, зуучлалын хөлсийг төлөхөөр тохиролцсон зуучлалын гэрээ юм. Энэ нь талуудын тайлбар, шүүхэд гаргасан нотлох баримтуудаар нотлогдоно. Гэтэл шүүх талуудын хооронд байгуулагдсан гэрээг хөлсөөр ажиллах гэрээ гэж хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй байна. Энэхүү гэрээнүүд эрх зүйн өөр зохицуулалттай, өөр үр дагавар бий болгодог. Шүүх талуудын хооронд үүссэн харилцааг буруу тодорхойлсноор шүүхийн шийдвэр буруу болжээ.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт "...АНУ-ын ахлах сургуульд сурах, америк гэр бүлд амьдрах боломжийг бүрдүүлсэн гэх үйл баримт нотлогдохгүй байна" гэжээ. Хөтөлбөрт хамрагдаж буй сурагчдыг хүлээн авах сургууль, гэр бүлийн сонголт нь удаан үргэлжилдгийг сурагч, эцэг эхчүүдэд гэрээ байгуулахаас өмнө урьдчилан хэлдэг бөгөөд зарим тохиолдолд тухайн сурагч АНУ-д очиход спонсор байгууллагын ажилтан хүлээн авч байгаад байршуулах тохиолдол гардаг. Үүнийг талуудын хооронд байгуулсан гэрээний 10.5-д тусгасан, нэхэмжлэгч танилцаж хүлээн зөвшөөрсний үндсэн дээр гэрээ байгуулагдсан. Эхний амьдрах айл болон сургуулийн мэдээлэл 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр баталгаажиж ирсэн. Үүнээс өмнө айл олдсон тухай нэхэмжлэгчид утсаар мэдэгдсэн байсан. Гэтэл тус айлыг 2 хүүтэй тул өсвөр насны охиноо очуулахгүй гэх үндэслэлээр татгалзсан бөгөөд нэхэмжлэгч үүнийгээ хүлээн зөвшөөрдөг. Ингээд тухайн дүүрэгт дахин өөр айл олдсон гэдгийг нэхэмжлэгчид утсаар мэдэгдсэн. Гэтэл сургуулийг  голж, ойлгомжгүй хандлага гарган, гэрээний дагуу төлсөн төлбөрийг буцааж авна гэдгийг 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр бичгээр мэдэгдсэн. Америк дахь талаас айлыг нарийн шалгуурын дор судалж үзсэний дараагаар шаардлага хангасан тул мэдээлэл нь баталгаажиж ирсэн бөгөөд мэдээллийг 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүргүүлсэн цагийн зөрүүгээс шалтгаалан 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр бид хүлээн авч нэхэмжлэгчид хүргүүлсэн гэдэг нь талуудын тайлбар, гаргаж өгсөн нотлох баримтаар нотлогдож байхад шүүхийн шийдвэрт М.Намууныг АНУ-ын ахлах сургуульд сурах, америк гэр бүлд амьдрах боломжийг бүрдүүлсэн гэх үйл баримт тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Мөн шийдвэрт Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасныг үндэслэн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гаргаагүй гэж дүгнэж байгаа нь ойлгомжгүй байна. “М” ХХК гэрээний үүргээ биелүүлсэн бөгөөд 2 ч айл олж, сургуульд суралцах бүрэн боломжоор хангасан. Хугацаа тогтоосон зүйл байхгүй бөгөөд тус хөтөлбөрийн онцлогоос шалтгаалж хугацаа тогтоох боломжгүй. М.Намууны суралцах сургуулийн хичээл 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр гадаад оюутнуудаа хүлээн авсан тул хичээлдээ амжиж очих бүрэн боломжтой байсан, энэ талаар бид мэдэгдсээр байсан. Манай компаниас М.Намууныг хүргэж өгөх байсан бөгөөд хүргэж өгөх байсан хүн 2 дахь айлын мэдээлэл баталгаажангуут нислэгийн тийз авч явахад бэлэн болсон байсан.

Түүнчлэн талуудын хооронд байгуулагдсан зуучлалын гэрээний 5.1-т заасан төлбөр буюу хөтөлбөрийн зардлыг манай байгууллага бүгдийг авдаггүй, зохих байгууллагад шилжүүлдэг, шилжүүлсний үндсэн дээр урилга ирнэ, амьдрах айлыг судлана, сургууль бэлтгэгдэнэ, визанд орох эрх нь нээгдэнэ, виза авна зэргээр шат дамжлагатай явагддаг, энэ талаар гэрээ байгуулахаас өмнө танилцуулж хүлээн зөвшөөрсөн тохиолдолд гэрээ байгуулдаг.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

 

            Нэхэмжлэгч М.С- нь хариуцагч “М” ХХК-д холбогдуулан гэрээ цуцалснаас сургалтын төлбөрт төлсөн 17 244 300 төгрөгийг буцаан гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

М.С- нь “М” ХХК-тай 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 02/06 тоот High School Exchange USA хөтөлбөрөөр АНУ-д суралцах сурагч, түүний эцэг, эхийн хооронд байгуулах нэртэй гэрээг байгуулж, уг гэрээгээр хариуцагч “М” ХХК нь сурагчийг АНУ-ын соёлтой танилцаж, 2017-2018 оны хичээлийн жилд АНУ-ын ахлах сургуульд сурч, америк гэр бүлд амьдрах боломжийг олгох, сурагчийн гаргасан аливаа хүсэлтийг спонсор байгууллагад мэдээлж хариуг цаг тухайд нь мэдэгдэх үүргийг, нэхэмжлэгч М.С- нь хөтөлбөрийн төлбөрт 7 200 ам.доллар төлөх үүргийг тус тус хүлээсэн байна.

 

            Тус гэрээний 5 дахь заалтаар хөтөлбөрийн төлбөр болох 7 200 ам.долларын зардалд “спонсор байгууллагын зардал, АНУ-ын Элчин сайдын яамны үйлчилгээний хураамж 160 ам.доллар, Эрүүл мэнд, гэнэтийн ослын даатгал, DS2019 маягт буюу J1 урилга, англи хэлний 3 сарын бэлтгэл, түвшин тогтоох шалгалт, Элчингийн ярилцлагад бэлтгэх хичээл, баримт бичгийн орчуулга, буухиа шуудангийн зардал, банкны шимтгэл, Sevis хураамж 180 ам.доллар тус тус багтсан байна гэж талууд тохиролцжээ.

 

Талуудын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж анхан шатны шүүх дүгнэснийг буруутгах үндэслэлгүй. Учир нь зуучлалын гэрээ байгуулагдсан бол хариуцагч байгууллага нь нэхэмжлэгч талыг АНУ-ын ахлах сургуулийн сурагч солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэгч байгууллагатай холбож өгснөөр түүний үүрэг дуусгавар болох байжээ. Гэтэл хариуцагч байгууллагын хүлээх үүрэг нь зуучлалын гэрээний үүрэг гэж тодорхойлохгүй бөгөөд харин  хөлсөөр ажиллах гэрээний харилцаанаас үүсэх үүрэгт илүү хамаарахаар байна. Иймд талуудын хооронд үүссэн харилцааг анхан шатны шүүх буруу тодорхойлсон гэх хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй болжээ.

 

            Нэхэмжлэгч М.С- нь гэрээний төлбөрт 7 200 ам.доллар төлсөн, сурагч М.Намуунд АНУ-ын элчин сайдын яамнаас зорчих эрхийн визийг 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр олгогдсон /хх 7, 55/ талаар талууд маргаагүй. Нэхэмжлэгч М.С- 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр гэрээнээс татгалзснаа хариуцагч талд өргөдөл гаргаж илэрхийлсэн талаар хариуцагч маргаагүй. /хх 214 дэх тал, шүүх хуралдааны тэмдэглэл/

 

Хариуцагч “М” ХХК-ийн 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 03/04, 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 03/06 тоот албан бичгийн агуулгаас үзвэл хариуцагч байгууллага нь сурагч М.Намууны АНУ-д амьдрах айлыг 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр олох үүргийг гүйцэтгэсэн нь Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсэгт зааснаар үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн гэж дүгнэхээргүй байна. Үүнээс гадна АНУ-ын ахлах сургуулийн 2 дугаар хагасын хичээл хэдийд эхэлсэн нь тодорхойгүй, энэ баримтыг хариуцагч тал нэхэмжлэгч талыг мэдээллээр хангах үүргийн хүрээнд нотлох үүрэгтэй байдлыг харьцуулан дүгнэвэл нэхэмжлэгч талаас гаргасан АНУ дахь ахлах сургуулийн 2 дугаар хагасын хичээл 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр эхэлнэ гэх тайлбар илүү үндэслэлтэй байна.

 

            Хариуцагч “М” ХХК нь нэхэмжлэгчийн охин М.Намууныг АНУ-д амьдрах гэр бүлийг боломжит хугацаанд олоогүй нь гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, биелүүлээгүй нь үүргийн ноцтой зөрчилд хамаарна гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасантай нийцжээ. Хариуцагч нь өөрийн талаас гаргаж өгсөн цахим шууданд үзлэг  хийлгэх хүсэлт гаргаагүйгээс анхан шатны шүүх уг цахим захидлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй гэж дүгнэсэн нь зөв бөгөөд мөн хуулийн 37 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй баримтыг мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар шүүх үнэлэхгүй юм.

 

            Гэрээнээс татгалзаж байгаа тохиолдолд талууд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасны дагуу өгсөн авсан зүйлээ харилцан буцааж өгөх үүрэгтэй тул нэхэмжлэгч М.С- нь гэрээний төлбөрт шилжүүлсэн 7 200 ам.долларыг буцаан шаардах эрхтэй.

 

            Түүнчлэн “М” ХХК нь гэрээний 5.1 дэх хэсэгт зааснаар гэрээний төлбөрийг бүтэн авдаггүй, АНУ-ын Academic Foundation for International Cultural Exchange гэх байгууллагатай хамтын ажиллагаатай гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй гэж анхан шатны шүүх дүгнэснийг буруутгах үндэслэлгүй ба энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

 

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2, Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч талаас сургалтын төлбөрт төлсөн 7 200 ам.доллараас АНУ-ын Элчин сайдын яамны визний хураамж 390 400 төгрөг, англи хэлний түвшин тогтоох шалгалтанд 45 ам.доллар зарцуулагдсаныг хасч тооцон хариуцагчаас 16 746 162 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс 498 138 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд нэхэмжлэгч гомдол гаргаагүй тул иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны мэтгэлцэх зарчмыг үндэслэн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

 

            Анхан шатны шүүхээс хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, эдлэх эрх, хүлээх үүргийг тайлбарлаж, нотлох баримтыг гаргах, цуглуулах, бүрдүүлэх журмыг танилцуулсан, хариуцагч нь өмгөөлөгчөөс эрх зүйн туслалцаа авсан байгааг үндэслэн эрх үүрэг хэрэгжүүлээгүйд анхан шатны шүүхийг буруутгах үндэслэл болохгүй юм.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 182/ШШ2018/01940 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 241 680 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

           

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй хэргийн оролцогч магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Н.БАТЗОРИГ

                                                                       

                        ШҮҮГЧИД                                              Д.ЦОГТСАЙХАН

 

                                                                                       Э.ЗОЛЗАЯА