Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 1940

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Дашдэчмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, М.С/РД:/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, М.А ХХК /РД:/-д холбогдох,

 

17,244,300 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.С, түүний өмгөөлөгч Г.Нямсүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ичинхорлоо, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Оюу-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч М.С шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Миний бие өөрийн төрсөн охин Мөнхтөрийн Намууныг АНУ-д ахлах сургуульд суралцуулахаар М.А ХХК-ийг сонгож, бүрэн итгэсний үндсэн дээр боловсролын хөтөлбөрт зуучлуулсан.

 

Тус байгууллагатай 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр High School Exchange USA хөтөлбөрийн дагуу АНУ-д суралцах сурагч, түүний эцэг/эхийн хооронд байгуулах гэрээг байгуулж зуучлагч буюу М.А ХХК-д гэрээгээр тохиролцсон төлбөр болох 7,200 ам.долларын 100 ам.долларыг гэрээ байгуулсан өдрийн Монгол банкны хаалтын ханшаар тооцож 245,617 төгрөгийг бэлнээр, 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 7,100 ам.долларыг М.А ХХК-ийн Голомт банкны 1105048246 тоот дансанд тус тус тушаасан.

 

Тус гэрээний дагуу зуучлагч нь 2017-2018 оны хичээлийн жилд АНУ-ын ахлах сургуульд сурч, Америк гэр бүлд амьдрахад Academic Foundation for International Cultural Exchange боловсролын байгууллагатай хамтран зуучлах үүрэг хүлээсэн.

 

Бид тус зуучлалын газарт итгэл хүлээлгэж, төлбөрөө тухай бүр төлж, үүргээ биелүүлэн хүлээлт өндөртэй байсан. Охины минь хувьд хүүхэд учир бүр илүү өндөр хүлээлттэй байсан.

 

М.А ХХК-д анх очиж уулзаж гэрээ байгуулахад Америкийн ихэнх ахлах сургуулийн хоёрдугаар семестрийн хичээл 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс эхэлдэг тул энэ хүртэлх хугацаанд суралцах ахлах сургууль болон Америкт амьдрах гэр бүл бэлэн болсон байна, та бүхэн санаа зоволтгүй, хувийн бэлтгэлээ анхаар гэж хэлсэн.

 

Бид итгэж зуучлуулахаар шийдсэн бөгөөд улмаар 2017 оны 11, 12 сар болоход М.А ХХК болон тэдний Америк талын зуучлагч Afice агентлагаас охины Америкт очин амьдрах гэр бүлийн мэдээлэл ирээгүй бөгөөд бидний зүгээс удаа дараа утсаар шаардаж, улмаар биечлэн уулзахад сая Америкт амьдрах гэр бүлийг 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн дотор Америк талын Afice зуучлагч агентлаг шийдэж өгөхөөр харилцан тохиролцсон.

 

Тус хугацааг гэрээний дагуу үүргээ гүйцэтгэх эцсийн хугацаа байхаар бид тохиролцсон бөгөөд дурдсан хугацаа болоход Америкт амьдрах гэр бүлийг М.А ХХК олоогүй байсан. 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр миний охин М.Намуун АНУ-ын визний ярилцлагад орж, улмаар 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрөөс 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаагаар оршин суух зөвшөөрөл визээ авсан.

 

Манай улсын хувьд ахлах сургуулийн хичээл 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр эхлэх байсан бөгөөд АНУ-ын хувьд 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрөөс эхэлсэн. Зуучлагч нь 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр гэхэд бидэнд охины Америкт амьдрах гэр бүлийг олсон байхаар амлаж, бид итгэж АНУ-ын ахлах сургууль эхлэхээс өмнө амжина гэж хүлээж, хувийн бэлтгэлээ базаасан байсан.

 

Гэтэл амласан цаг хугацаа дээр дурдсанчлан хойшилж, бид итгэл алдарсан бөгөөд АНУ-д нэгэнт хичээл эхлээд 3 хоносон тул суралцах боломжгүй болж гэрээний дагуу төлсөн төлбөрөө эргүүлж авахыг хүссэн хүсэлтээ 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүргүүлсэн бөгөөд 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр М.А ХХК-иас охины Америкт амьдрах гэр бүлийн мэдээлэл ирсэн, явах бэлтгэлээ хийнэ үү гэсэн албан бичиг ирэхэд Монголд ахлах сургууль эхлэхэд 2 хоног үлдээд байсан.

 

АНУ-руу хамгийн хурдан явлаа гэхэд тийз захиалах, бусад тээвэртэй холбоотой бэлтгэл асуудлыг шийдэхэд багадаа 7 хоног хүртэлх хугацаа зарцуулах байсан. Товчдоо гэрээ байгуулахдаа ахлах сургуулийн хичээл эхлэхээс өмнө энэ бүх асуудлыг зохицуулж суралцуулахаар тохиролцож, хүлээлт үүсгэн, төлбөр авсан атлаа бодитоор хэрэгжих боломжгүй болсон, сургалтаас хоцорсон байхад М.А ХХК-иас гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн гэж үзэж төлбөрийг эргүүлэн төлөхөөс татгалзаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.

 

Миний охины хувьд АНУ-д солилцооны хөтөлбөрт хамрагдах сүүлийн боломж, насны хязгаар нь энэ жил байсан бөгөөд дараа жил хамрагдах боломжгүй юм. Хэрэв гэрээгээр хүлээсэн үүрэг, харилцан тохирсон зүйлээ хугацаандаа үнэнч шударгаар биелүүлээгүй бол өгсөн авснаа буцаах нь зүй ёсны хэрэг билээ.

 

Зуучлагчийн хариуцлагагүй байдлаас шалтгаалан бидний хооронд байгуулсан гэрээ хэрэгжих боломжгүй болсон байтал зуучлагч илт шударга бус хандаж, хэлсэн үгэндээ хүрээгүй, бодит байдалд хэрэгжих, биелэх боломжгүй нөхцлийг шахан тулгаж улмаар гэрээний дагуу төлсөн төлбөрийг эргүүлэн өгөхгүй байна.

 

Иймд М.А ХХК-д 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр төлсөн 100 ам.доллар буюу Монгол банкны тухайн өдрийн ханшаар 2,456.22 төгрөгөөр тооцож төлсөн 245,622 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр дансаар шилжүүлсэн 7,100 ам.доллар буюу нэхэмжлэл гаргах өдрийн Монгол банкны хаалтын ханш 2,394.18 төгрөгөөр тооцож 16,998,678 төгрөг, нийт 17,244,300 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ичинхорлоо шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Манай байгууллага энэ чиглэлээр 12 жил тасралгүй үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд High School Exchange USA хөтөлбөрт оролцож буй сурагчид нь АНУ-руу хичээл эхлэхээс 2 хоногийн өмнө явах нь хамгийн зохистой хугацаа гэж үздэг ба АНУ-ын ахлах сургуулиудын тухайн семестрийн хичээл нь муж, мужид харилцан адилгүй, улмаар сурагчдыг хүлээн авах сургууль, гэр бүлийн сонголт нь удаан хугацаанд үргэлжилдэгийг сурагч, эцэг эхчүүдэд мэдэгддэг.

 

Манай компани М.Стай байгуулсан High School Exchange USA хөтөлбөрөөр АНУ-д суралцах сурагч, түүний эцэг/эхийн хооронд байгуулах гэрээ-нд зааснаар гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлж байсан бөгөөд 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр High School Exchange USA хөтөлбөрт оролцогч М.Намууныг хүлээн авах айл буюу Host family нь Washington мужийн Centralia-д амьдардаг айл байгаа талаар мэдэгдэхэд М.Сын гэр бүлээс татгалзсан хариу өгсөн тул бид М.Намуун нь тухайн Америк айлаас татгалзсан талаарх мэдээллийг АНУ-ын хамтран ажилладаг байгууллага болох AFICE /Academic Foundation for International Cultural Exchange/-д мэдэгдсэн.

 

Ингээд үүнээс 2 өдрийн дараа М.Намууныг хүлээн авах айлын асуудал шийдэгдэж М.Намууныг багш мэргэжилтэй Teresa Keiser-ийн гэр бүл хүлээн авахаар болсон. Энэ талаар AFICE бидэнд утсаар мэдэгдсэн ба дэлгэрэнгүй мэдээллийг бүрэн баталгаажиж ирэх хүртэл буюу Teresa Keiser-ийн гэр бүл нь гэмт хэрэгт холбогдож байгаагүй талаарх цагдаагийн лавлагааг нь гарах хүртэл бид хөтөлбөрт оролцогчид мэдээлэхгүй байхыг AFICE хүсдэг тул М.Сад айл нь тодорхой болсон байна та түр хүлээнэ үү хэмээн утсаар мэдэгдэж байсан.

 

Улмаар 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр айлын мэдээлэл эцсийн байдлаар баталгаажсан тул М.Сад энэ талаар утсаар мэдэгдэж, 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр албан тоот хүргүүлсэн. М.Намууны суралцах байсан Franklin Pierce Ахлах сургуулийн хаврын улирлын хичээл нь 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр эхлэх байсан.

 

Бид энэ талаар мөн мэдэгдсэн хэдий ч М.Сын гэр бүлээс тус сургуулийг судалж үзээд сайн сургууль биш, мөн ихэнх сурагчид нь нийгмийн эмзэг давхаргын айлын хүүхдүүд байх тул аюултай гэж үзсэн тул тухайн айл болон сургуулиас татгалзсан.

 

Манай компанийн захирал Ариунаа өөрөө М.Намууныг АНУ-руу хүргэж өгөх онгоцны билетээ захиалсан байсан бөгөөд энэ талаар сурагч болон эцэг, эхэд нь мэдэгдсэн боловч хүлээж аваагүй.

 

Мөн нэхэмжлэгчийн төлсөн 7,200 ам.доллараас 5,500 ам.долларыг нь спонсор байгууллагын зардал буюу М.Намууныг АНУ-д очоод хамрагдах эрүүл мэнд, гэнэтийн осол, даатгал гэх мэт бусад холбогдох зардалд, 45 ам.долларыг англи хэлний түвшин тогтоох шалгалтанд, буухиа шууданд 42 ам.доллар, банкны шимтгэлд 30 ам.доллар болон 25,000 төгрөг, АНУ-ын Төрийн департмент буюу Sevis бүртгэлийн хураамжид 180 ам.доллар, М.А ХХК-ийн үйл ажиллагааны зардал буюу зуучлалын хөлсөнд 1,250 ам.доллар тус тус багтсан байдаг.

 

Манай компани гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн байхад нэхэмжлэгч нь өөрөө хүүхдээ АНУ-руу явуулах гэрээгээ хүлээсэн үүргээ биелүүлэхгүйгээр өөрөө гэрээнээс сайн дураар татгалзсан учраас талуудын байгуулсан гэрээний 5 дугаар зүйлийн 5.1, 7 дугаар зүйлийн 7.3, 7.11-д тус тус үндэслэнн дээр төлбөрийг буцаан олгох боломжгүй.

 

Ийм учраас М.Сын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч М.С нь хариуцагч М.А ХХК-д холбогдуулан сургалтын төлбөрт төлсөн 17,244,300 төгрөгийг буцаан гаргуулах буюу гэрээ цуцлагдсаны үр дагавар арилгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч нь гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн, нэхэмжлэгч өөрөө гэрээний үүргээ биелүүлээгүй учраас талуудын байгуулсан гэрээний дагуу сургалтын төлбөрт төлсөн 17,244,300 төгрөгийг буцаан өгөх боломжгүй гэж маргаж байна.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

М.С нь 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 02/06 тоот High School Exchange USA хөтөлбөрөөр АНУ-д суралцах сурагч, түүний эцэг/эхийн хооронд байгуулах гэрээ-г М.А ХХК-тай байгуулж уг гэрээгээр хариуцагч нь сурагчийг АНУ-ын соёлтой танилцаж, 2017-2018 оны хичээлийн жилд АНУ-ын ахлах сургуульд сурч Америк гэр бүлд амьдрах боломжийг олгох, сурагчийн гаргасан аливаа хүсэлтийг спонсор байгууллагад мэдээлж хариуг цаг тухайд нь мэдэгдэх ажлуудыг цогцоор нь хийж гүйцэтгэх, холбогдох бичиг баримтуудын бүрдүүлэлтийг хийх, М.С нь хөтөлбөрийн төлбөрт 7,200 ам доллар төлөх үүргийг тус тус хүлээсэн байна.

 

Нэхэмжлэгчийн зүгээс 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 02/06 тоот гэрээний дагуу 100 ам.долларыг бэлнээр өгч, 2017 оны 11 дүгээр сарын 09-нд 7,100 ам долларыг М.А ХХК-ийн Голомт банкны 1105048246 тоот дансанд М.Намуун highschool /хагас жил/ төлбөр гэж шилжүүлсэн байх ба талууд төлбөрт нийт 7,200 ам.доллар төлөгдсөн эсэх талаар болон хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан эсэх талаар маргаагүй учраас шүүхээс дээрх гэрээг хуулийн хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан гэж үзсэн болно.

 

Улмаар High School Exchange USA хөтөлбөрийн Америкийн нэгдсэн улс талын байгууллага болох Academic Foundation for International Cultural Exchange буюу спонсор байгууллагад зуучлах үүрэг бүхий М.А ХХК нь М.Стай 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 02/06 тоот High School Exchange USA хөтөлбөрөөр АНУ-д суралцах сурагч, түүний эцэг/эхийн хооронд байгуулах гэрээ-г байгуулж, уг гэрээгээр хариуцагч нь М.Сын охин М.Намууныг Америкийн нэгдсэн улсын ахлах сургуульд сурч, америк гэр бүлд амьдрах боломжийг уг хөтөлбөрөөр олгох үүргийг хүлээжээ.

 

Тус гэрээний 5 дахь заалтаар төлбөр тооцоо буюу 7,200 ам.долларын зардлуудыг тохиролцсон байх ба хөтөлбөрийн төлбөрт төлсөн 7,200 ам.долларт спонсор байгууллагын зардал, АНУ-ын Элчин сайдын яамны үйлчилгээний хураамж 160 ам.доллар, Эрүүл мэнд, гэнэтийн ослын даатгал, DS2019 маягт буюу J1 урилга, англи хэлний 3 сарын бэлтгэл, түвшин тогтоох шалгалт, Элчингийн ярилцлагад бэлтгэх хичээл, баримт бичгийн орчуулга, буухиа шуудангийн зардал, банкны шимтгэл, Sevis хураамж 180 ам.доллар ... тус тус багтсан байна.

 

Талуудын хооронд нэг талаас сургалтанд хамруулах, суралцуулах нөгөө талаас сургалтын төлбөр, үйл ажиллагааны зардал төлөх үүргийг хүлээсэн гэрээ байгуулсан нь хөлсөөр ажиллах гэрээний шинжийг илүү агуулсан байх тул шүүх зохигч талуудын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасан гэрээ байгуулагдсан байна гэж үзэв.

 

Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасан хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч нь хөлс төлөх үүрэгтэй байдаг.

 

Манай тохиолдолд сургалтын төлбөр болон үйл ажиллагааны зардал аль, аль нь нийлж хөлсөөр ажиллах гэрээний хөлс гэх ойлголтыг бүрдүүлж байх ба нэхэмжлэгч тал гэрээ болон хуулиар хүлээсэн сургалтын төлбөр, үйл ажиллагааны зардалд 7,200 ам доллар төлөх үүргээ биелүүлж, харин хариуцагч тал нэхэмжлэгчийн охин М.Намууныг АНУ-ын ахлах сургуульд сурах, америк гэр бүлд амьдрах боломжийг бүрдүүлсэн гэх үйл баримт нотлогдохгүй байна.

 

Зохигч талуудын хооронд байгуулагдсан сургалтын гэрээ нь хариуцагчийн буруугаас болж цуцлагдах болсон гэж нэхэмжлэгч тайлбарласан бол хариуцагч нь нэхэмжлэгч өөрөө гэрээний үүргээ биелүүлэхээс татгалзсан, компанийн зүгээс М.Намууны амьдрах гэр бүлийг сонгож танилцуулах болгонд дандаа татгалзаж байсан гэж тус тус тайлбарлаж байна.

 

Нэхэмжлэгч нь 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр гэрээг цуцалж, гэрээний дагуу төлсөн төлбөрөө буцаан авахаар хариуцагчид хандаж байсан талаар талууд маргаагүй бөгөөд хариуцагч нь 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 03/06 тоот албан бичгээр ...гэрээний 7 дугаар зүйлийн 7.11, 5 дугаар зүйлийн 5.11-д заасан үндэслэлээр төлбөрийг буцаан олгох боломжгүй, гэрээнд заасан үүргээ заавал биелүүлж Намууныг АНУ-д суралцуулахаар явуулах эрхээ эдлэхийг хүсье. Танай гэр бүл Намууныг хүлээн авч буй айл, сургуулийг голох ойлгомжгүй хандлага гаргаж байгаа нь гэрээ цуцлах буюу танай төлбөрийг буцаах үндэслэл болохгүй гэдгийг анхаарна уу ... гэсэн хариуг М.Сад хүргүүлсэн байна. /хх-ийн 8, 68 х/

 

Хариуцагч М.А ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээнд үйл ажиллагааны чиглэлийг нь аялал жуулчлал, эрх зүйн туслалцаа үзүүлэх, орчуулгын үйлчилгээ гэж тодорхойлсон байх бөгөөд тус компани нь Америкийн нэгдсэн улсын Academic Foundation for International Cultural Exchange гэх байгууллагатай хамтын ажиллагаатай гэж тайлбарласан боловч холбогдох баримтуудыг шүүхэд ирүүлээгүй учраас хариуцагчийг гэрээгээр шилжүүлсэн төлбөрийг нэхэмжлэгчид буцаан төлөх үүрэг бүхий этгээд гэж үзнэ.

 

 

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй байдаг бөгөөд нэхэмжлэгч нь Америкийн нэгдсэн улсын ахлах сургуулийн хичээл эхлэхээс өмнө Намууны амьдрах айлыг олохыг санал болгосон боловч хариуцагч нь айлаа олоогүй, АНУ-д хичээл эхлээд 2 хоног өнгөрсний дараа охины маань амьдрах айл олдсон талаар хариу бичгээр өгсөн, мөн Монгол сургуулийн 3 дугаар улирлын хичээл 2018 оны 02 дугаар сарын 01-нээс эхэлж байгаа учраас гэрээг үргэлжлүүлэх боломжгүй болсон гэж тайлбарласан тайлбар нь талуудын тайлбар, Сант сургуулийн тодорхойлолтоор тус тус тогтоогдож байна.

 

Хөлсөөр ажиллах гэрээ нь хиймэгц биелэх бус харин тодорхой цаг хугацаа шаардагддаг шинжээрээ урт хугацааны гэрээнд хамаарах тул шүүх үүрэг дуусгавар болсон гэж үзэхгүй, харин гэрээ цуцлагдсан гэж үзсэн.

 

Нэхэмжлэгч М.Сын охин М.Намуун нь АНУ-д ахлах сургуульд суралцаагүй хэдий ч уг сургалтанд хамрагдахаар 7,200 ам доллар төлсөн байх ба үүнээс хариуцагч нь М.Намууны ярилцаганд ороход Америкийн нэгдсэн улсын Элчин сайдын яамны визний хураамжид төлөх төлбөрт 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 390,400 төгрөг, Англи хэлний түвшин тогтоох шалгалтанд 45 ам.доллар төлсөн болох нь хэрэгт авагдсан АНУ-ын Элчин сайдын яамны визний хураамжийн ордер, ярилцлагын цаг баталгаажуулах хуудас, талуудын тайлбараар тогтоогдож байна. /хх-ийн 49,52 х/

 

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын татгалзлаа нотлохын тул хэрэгт High School Exchange USA хөтөлбөрийн Америкийн нэгдсэн улс талын байгууллага болох Academic Foundation for International Cultural Exchange буюу спонсор байгууллагаас нэхэмжлэгчийн охин Намууныг Америкийн нэгдсэн улсад байх хугацаанд нь амьдруулах айлын талаар электрон шуудангаар и майл ирүүлж байсан, нэхэмжлэгч айлуудыг голж байсан учраас дахин айл олоход хугацаа шаардлагатай болсон гээд холбогдох баримтуудыг орчуулгын товчоогоор орчуулуулан өгсөн.

 

Гэвч хариуцагч нь хэрэгт авагдсан дээрх электрон шуудан буюу и майл болон гадаад хэл дээрх баримтуудад үзлэг хийлгэх, шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлэх хүсэлтийг тус тус гаргаагүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 38.6-д тус тус заасан шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг цуглуулах, гаргаж өгөх, шүүхэд хүсэлтээ гаргах үүргээ хэрэгжүүлээгүй тул шүүхээс дээрх баримтуудыг нотлох баримтын шаардлага хангасан эргэлзээгүй үнэн зөв баримтууд гэж нотлох баримтаар үнэлэх боломжгүй байна.

 

Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь ... харилцан буцааж өгөх үүрэгтэй.

 

 

 

Иймд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар нэхэмжлэгчийн охин М.Намууны сургалтын төлбөрт төлсөн 7,200 ам доллар буюу 17,244,300 төгрөгөөс хариуцагчийн М.Намууны Америкийн нэгдсэн улсын Элчин сайдын яамны визний хураамжид төлсөн 390,400 төгрөг /1 ам.доллар = 2,427.09 төгрөг/ буюу 160 ам.доллар, Англи хэлний түвшин тогтоох шалгалтанд төлсөн 45 ам.доллар буюу /1 ам.доллар = 2,394.8 төгрөг/ 107,738 төгрөгийг тус тус хасч, нийт 16,746,162 төгрөгийг хариуцагч нь буцаан төлөх үүрэгтэй байна.

 

Иймд нэхэмжлэгч М.Сын охин М.Намууны сургалтын төлбөрт төлсөн 7,200 ам.доллар буюу 17,244,300 төгрөгөөс хариуцагч М.А ХХК-иас 16,746,162 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож нэхэмжлэлээс 498,138 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2-т гадаад валютын ханшийг тухайн үеийн Монголбанкнаас зарласан албан ёсны ханшаар, эд хөрөнгийн үнийг нотлогдсон хэмжээгээр тус тус тооцно, Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т улсын болон орон нутгийн төсөвт төлөх, төсвөөс санхүүжүүлэх аливаа төлбөр тооцоог зөвхөн үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх бөгөөд тэдгээр төлбөр тооцоог гадаад валютаар гүйцэтгэхийг хориглоно гэж тус тус заасан.

 

Нэхэмжлэгч М.С нь Иргэний хуулийн 218 дугаар зүйлд зааснаар үүрэг үүсэх үеийн ханшаар буюу нэхэмжлэл гаргах үеийн /Монгол банкны 1 ам.долларын төгрөгтэй тэнцэх ханш 2,394.18 төгрөг/ ханшаар тооцож 7,200 ам.доллар буюу 17,244,300 төгрөгийг шаардсан байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар М.А ХХК-иас 16,746,162 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож нэхэмжлэлийн шаардлагаас 498,138 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 244,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 241,680 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                        Х.ДАШДЭЧМАА