Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 157/ШШ2022/00020

 

 

 

 

 

 

 

  2022        03        15                                           157/ШШ2022/00020 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Х аймгийн Б сумын 1 дүгээр баг 00 дүгээр байрны 11 тоотод оршин суух, З овогт И-ийн С /РД:.........../-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “М” –т холбогдох,

“Урьд эрхэлж байсан буюу бетончин мужааны ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийлгүүлэх” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг  хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Солонго, нэхэмжлэгч И.С, түүний өмгөөлөгч Э.Д, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ  нь:

1.Нэхэмжлэгч И.С нь “М” ТӨҮГ-ын -т холбогдуулан урьд эрхэлж байсан буюу бетончин мужааны ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийлгүүлэх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Нэхэмжлэгч И.Сшүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “И.С миний бие нь "М" ТӨҮГ-ын газарт 1989 оноос эхлэн нийт 33 жилийн хугацаанд ажилласан бөгөөд ажиллаж байх хугацаандаа эрхэлсэн ажилдаа хариуцлагатай хандаж ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээ үнэнч шударгаар биелүүлж ирсэн. Үйлдвэрт ажилласан цаг хугацаа, хөдөлмөрийн ур чадварыг үнэлж тухайн үйлдвэрээс 2011 онд "Өргөмжлөл" мөнгөн шагнал, 2017 онд "Тэргүүний барилгачин" хүндэт тэмдэг тус тус хүртэж байсан.

Гэтэл үйлдвэрийн захирлын 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн Б/2525 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3, 40 дүгээр зүйлийн 40.1.4, 43 дугаар зүйлийн 43.2, Хөдөлмөрийн дотоод журмын 13.10.3, бусад баримт бичгийг үндэслэн 2021 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр ажлын байрандаа согтууруулах ундаа хэрэглэсэн буюу сахилгын ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас чөлөөлж шийдвэрлэснийг үндэслэлгүй гэж үзэж байна.

Миний бие нь 20 насандаа Б уулын баяжуулах үйлдвэрт ажилд орж өөрийн залуу нас, бие сэтгэл бүх зүйлээ тус үйлдвэрт зориулж нийт тасралтгүй 33 жилийг хүртэлх хугацаанд хүч хөдөлмөрөө зориулан ирсэн байхад ажлаас шууд чөлөөлөх сахилгын шийтгэл оногдуулж байгаад туйлын гомдолтой байх тул уг асуудлыг шүүхийн журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргасан болно. Иймд И.С намайг урьд эрхэлж байсан бетончин мужааны ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулж, эрүүл мэнд болон миний нийгмийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийлгэж өгнө үү” гэжээ.

 

Нэхэмжлэгч И.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Архи уусан нь миний буруу, би уучлалт гуйж байна. Зүүн цагаан дэл уурхайд томилолтоор ажиллахад албан тушаалд хамаарахгүй ажил үүрэг гүйцэтгүүллээ гэх гомдол надад байхгүй. Миний үндсэн цалин 1 сая гаруй төгрөг болдог ба нэмэгдэл цалин  авахаар 2 сая гаруй төгрөгний цалин авдаг юм...” гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: И.С нь Хөдөлмөрийн хуулийн шинэчилсэн найруулга хууль хэрэгжихээс өмнө буюу 2021 оны 11 дүгээр сарын 24-нд 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасны дагуу шүүхэд нэхэмжлэлээ гаргасан тул шүүхээр шийдвэрлэгдэх юм. И.С-ийн хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн Б/2525 дугаартай тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3, 40.1.4, Хөдөлмөрийн дотоод журмын 13.10.3 дахь заалт, дотоод хяналтын албаны мэргэжилтэн, хувь хүний тайлбар зэргийг үндэслэн гарсан байдаг.

Тушаалын үндэслэл нь архи уусан сахилгын ноцтой зөрчил гаргасан гэдэг ба энэхүү тушаал үндэслэлгүй гарсан байдаг.

            -Ноцтой зөрчил гэдгийг Монгол Улсын дээд шүүхийн 2012 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн “Зөвлөмж”, 2006 оны 33 дугаар тогтоолоор тайлбарласан байдаг. Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар ноцтой зөрчил гэдэгт ямар зөрчлийг хамруулах талаар талууд тохиролцож хөдөлмөрийн гэрээнд тухайлан зааж өгөх ёстой ба заагаагүй тул тушаал хууль зүйн үндэслэлгүй юм.

            -Хөдөлмөрийн дотоод журмын 14.3-т сахилгын шийтгэлийг тухайн ажилтны харьяалах нэгжийн болон захиргааны саналыг үндэслэн захирлын тушаалаар ногдуулна гэж заасан. И.С нь Уулын цехэд харьяалагддаг, гэтэл уулын цехийн даргын саналыг үндэслэл болгоогүй, дотоод хяналтын мэргэжилтний албан бичгийг үндэслэн ажлаас чөлөөлсөн.

            -И.С нь З уурхайд томилолтоор ажиллаж байхдаа архи уусан ноцтой зөрчил гаргасан гэдэг. И.С нь архи уусан боловч ажлын бус амралтын цагаар, шөнийн цагаар архи уусан нь нотлогддог. Тиймээс энэ нь хориглосон үйлдэл мөн эсэх гэдэгт дүгнэлт хийх нь зүйтэй.

            -Ажилтан, ажил олгогч хоёрын хооронд хөдөлмөрийн ямар харилцаа үүссэн нь хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод зааснаар тодорхойлогдоно. И.С нь бетончин мужаанчнаар ажилладаг. Гэтэл томилолтоор ямар ажил үүрэг гүйцэтгүүлэхээр томилсон, ажилтантай тохиролцсон эсэх нь тодорхойгүй байна.

            Эдгээр үндэслэлүүдээр Б/2525 дугаартай И.С-г ажлаас чөлөөлсөн тушаал үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү. Ажилгүй байсан 96 хоногийн цалин 10,661,856 төгрөгийг гаргуулж, Нийгмийн даатгалын хууль шинэчлэн найруулагдсантай холбоотойгоор нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхээ больсон тул эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг ажил олгогчийн зүгээс төлүүлж, цахим бүртгэлд бүртгүүлж өгнө үү гэв.  

 

2.Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...И.С-н  шүүхэд гаргасан  нэхэмжлэлийн  шаардлагыг  эс зөвшөөрч дараахи тайлбарыг гаргаж байна. Үүнд:

-И.С нь У-ийн Уулын цехийн өргөх хэсгийн бетончин-мужаанчнаар ажиллаж байхдаа өөрийн ажлын байрнаас 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдөр мод хулгай хийсэн Б-ын  үйлдлийг мэдсээр  байж харуул  болон  удирдлагад мэдэгдэлгүй  нуун дарагдуулж, хөдөлмөрийн дотоод журамд заасан үүргээ зөрчсний улмаас УБҮ-ийн захирлын 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн Б/2984 дугаар тушаалаар сануулах шийтгэл хүлээсэн.

-Мөн УБҮ-ийн "З уурхайд томилолтоор ажиллаж байхдаа 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр ажилчдын амрах байранд бусадтай нийлж архи ууж согтууран байгууллагын хөдөлмөрийн дотоод журам зөрчин, хөдөлмөрийн гэрээний 13.10.3-т заасан сахилгын ноцтой зөрчил гаргасан нь "З " уурхайн инженер О.Я-ийн гар утсан дээрээ бэхжүүлж авсан бичлэг, түүний тайлбар, И.С-ийн өөрийнх нь тайлбар болон бусад нотлох баримтуудаар тогтоогдож УБҮ-ийн захирлын 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн Б/2525 дугаар тушаалаар Хөдөлмөрийн хуулийн 40.1.3 зааснаар түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг захиргааны санаачлагаар цуцалж, ажлаас чөлөөлсөн байна.

И.С нь сахилгын шийтгэлтэй байх хугацаандаа хөдөлмөрийн сахилгын зөрчил давтан гаргасан, мөн Хөдөлмөрийн харилцааг шууд цуцлахаар Хөдөлмөрийн гэрээний 13.10.3-т заасан сахилгын ноцтой зөрчил гаргасан зэрэг нь нотлох баримтаар хангалттай тогтоогдсон тул УБҮ-ийн захирлын 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн Б/2984, 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн Б/2525 тоот тушаалуудыг хуульд нийцсэн, үндэслэл бүхий болохыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

“З” далд уурхай нь уулын баяжуулах үйлдвэрийн үндсэн нэгж учир тэнд ажиллах ажилчдыг томилон ажиллуулахдаа УБҮ-ийн захирлын тушаал гаргахгүй, тухайн цехийн удирдлагын өгсөн ажлын наряд даалгавраар ажил үүрэг гүйцэтгүүлдэг ба үндсэн цалин дээр нэмэгдэл цалинг индексийн дагуу тооцдог.

И.С нь ажлын байранд архи уусан асуудал гаргасан, үүнийг зөвтгөж, дэмжиж болохгүй юм. Ноцтой зөрчил гэдгийг хөдөлмөрийн гэрээнд нийтлэг байдлаар буюу ёс зүйн зөрчил гэдгээр тусгаж өгсөн байгаа. Миний хувьд И.С-г давтан зөрчил гаргасан үндэслэлээр ажлаас чөлөөлүүлэхээр албан бичиг хүргүүлсэн боловч тушаалд давтан зөрчлийг үндэслэл болгоогүй, бичиг хэргийн алдаа гарсан байна гэв.

 

3.Нэхэмжлэгчээс:

-“М” ТӨҮГ-ын захирлын 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн Б/2525 дугаартай И.С-г ажлаас чөлөөлөх тухай тушаалын хуулбар /4-р хуудас/

-2014 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн BU-14-ХГ-1088 дугаартай хөдөлмөрийн гэрээний хуулбар /5-р хуудас/

-И.С-ийн хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар / 6-14-р хуудас/

-И.С-н нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /15-р хуудас/  болон шүүх хуралдаанд 1 хуудас нэмж гаргаж өгсөн. Нийт 13 хуудас нотлох баримт.

Хариуцагч байгууллагаас:

-“М” ТӨҮГ-ын захирлын 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн Б/2984 дугаартай И.С-д сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал /27, 70-р хуудас/

-Уулын цехийн дарга Д.С-ын 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн албан бичиг /28, 71-р хуудас/

-Уулын баяжуулах үйлдвэрийн Дотоод хяналтын хэлтэст гаргасан И.С-н тайлбар хуудас, гэрэл зураг /29-31, 72-74-р хуудас/

-“М” ТӨҮГ-ын захирлын 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн Б/2525 дугаартай И.Сүхээг ажлаас чөлөөлсөн тухай тушаал /32, 67-р хуудас/

-Уулын баяжуулах үйлдвэрийн захирал Б.М-д Дотоод хяналтын мэргэжилтэн С.Б-аас гаргасан албан бичиг  /33, 68-р хуудас/,

-Уулын баяжуулах үйлдвэрийн захирал Б.М-д З цехийн Ерөнхий инженер О.Я-ийн гаргасан тайлбар бичиг  /34, 69-р хуудас/

-Дотоод хяналтын албанд И.С-ээс гаргасан тайлбар хуудас  /35-р хуудас/

-Б УБҮ-ийн Захирлын 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 106пр тоот тушаалаар баталсан “Уулын баяжуулах Б үйлдвэрт дагаж мөрдөх хөдөлмөрийн дотоод журам” /36-43, 76-83-р хуудас/

-2012 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн 688 дугаартай Хөдөлмөрийн гэрээ /44-р хуудас/

-Ажлын байрны тодорхойлолт /46-48 дугаар хуудас/,

-“М” ТӨҮГазрын 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 1/282 дугаартай албан бичиг, хавсралтын хамт /91-97-р хуудас/ зэрэг баримтууд.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр:

-“М” ТӨҮГ-ын захирлын 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн А/328 дугаартай М ТӨҮГ-ын Б УБҮ-ийн зохион байгуулалтын бүтцийн схем, ИТА, албан хаагч, БТА-ын албан тушаалын жагсаалтыг батлах тухай тушаал /1 хуудас/

-“М” ТӨҮГ-ын харьяа захирлын 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн Б/1143 дугаартай Э.Х-ийг томилон ажилуулах тухай тушаал /1 хуудас/

-“М” ТӨҮГ-ын захирлын 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 1/1516 дугаартай “Чиглэл өгөх тухай” албан бичиг /1 хуудас/

-И.С-д ээлжинд өгсөн наряд, даалгавар /12 хуудас/ зэрэг баримтуудыг шүүх бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

            Ажлаас чөлөөлсөн 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн Б/2525 дугаартай тушаал хууль зүйн үндэслэлгүй гарсан тул “Урьд эрхэлж байсан буюу бетончин мужааны ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 10,661,856 төгрөг гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг ажил олгогчоор төлүүлж, цахим бүртгэлд бүртгүүлж” өгнө үү гэв.

3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:

Ажилтан И.С-д 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн Б/2984 дугаартай тушаалаар сануулах сахилгын шийтгэл ногдуулсан ба сахилгын шийтгэлгүйд тооцох хугацаа дуусаагүй байхад дахин зөрчил гаргасан буюу ажлын байранд согтууруулах ундааны зүйл хэрэглэн сахилгын ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр ажлаас чөлөөлсөн ба тушаал хууль зүйн үндэслэлтэй гарсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

4.1.”М” ТӨҮГ-ын нь И.Сүхтэй 2014 оны 6 дугаар сарын 01-ний өдөр BU-14-ХГ-1088 дугаартай Хөдөлмөрийн гэрээ байгуулж, Уулын цехийн бетончин албан тушаалд ажиллуулжээ.

4.2.”М” ТӨҮГ-ын үйлдвэрийн захирлын 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн Б/2984 дугаартай “И.С-д сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалаар “...мод бэлтгэх хэсгээс мод хулгай хийсэн хүнийг харуул болон удирдлагад мэдэгдээгүй...” үндэслэлээр сахилгын сануулах шийтгэл ногдуулсан байна.

4.3.Ажилтан И.С нь “Б” Уулын баяжуулах үйлдвэрийн “З” уурхайд ажиллах хугацаандаа буюу 2021 оны 9 дүгээр сарын 27-ны орой буюу ажлын бус цагаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байна.  

4.4.”М” ТӨҮГ-ын харьяа Б Уулын баяжуулах үйлдвэрийн захирлын 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн Б/2525 дугаартай “И.С-г ажлаас чөлөөлөх тухай” тушаалаар “...2021 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр ажлын байрандаа согтууруулах ундаа хэрэглэсэн сахилгын ноцтой зөрчил гаргасан...” үндэслэлээр 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлсөн гэх үйл баримтууд тогтоогдож байна.  

5.Талуудын маргааны зүйл нь “М-” ТӨҮГ-ын харьяа            Б- Уулын баяжуулах үйлдвэрийн захирлын 2021 оны 10 дугаар сарын     27-ны өдрийн Б/2525 дугаартай “И.С-г ажлаас чөлөөлөх тухай” тушаал байх ба “З” уурхайд томилолтоор ажилласан болон согтууруулах ундааны зүйлийг ажлын бус цагаар хэрэглэсэн гэх үйл баримтад талууд  маргаагүй байна.

6.Дээрх үйл баримтуудыг дүгнэн үзэхэд ажил олгогч “М” ТӨҮГ-ын харьяа Б Уулын баяжуулах үйлдвэр болон ажилтан И.С нарын хооронд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүсч, улмаар 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөр хөдөлмөр эрхлэлтийн харилцаа 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3-т заасан үндэслэлээр дуусгавар болсон байна.

6.1.Урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоох нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд:

А./ Ажилтан И.С-г ажлаас чөлөөлсөн 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн Б/2525 дугаартай тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3 дахь заалт, 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалт, 43 дугаар зүйлийн 43.2 дахь хэсэг, Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэрт дагаж мөрдөх хөдөлмөрийн дотоод журмын 13.10.3, Дотоод хяналтын мэргэжилтний албан бичиг, хувь хүний тайлбар зэргийг удирдлага болгожээ.

Харин ажилтан И.С-эй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, түүнийг ажлаас чөлөөлөх үндэслэлийг дээрх тушаалын 1 дэх заалтад “...2021 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр ажлын байрандаа согтууруулах ундаа хэрэглэсэн сахилгын ноцтой зөрчил гаргасан...” гэжээ.

Тушаалын үндэслэлийн талаар хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарлахдаа “...хөдөлмөрийн дотоод журмын 13.10.3-т заасныг үндэслэсэн, түүнчлэн ажилтан И.С давтан зөрчил гаргасан үндэслэлээр ажлаас чөлөөлөх албан бичгийг Уулын баяжуулах үйлдвэрийн захиралд хүргүүлсэн. И.С-г ажлаас чөлөөлсөн тушаалд бичиг хэргийн алдаа гарсан байна...” гэж тайлбарлав.

Хөдөлмөрийн тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т “ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан” бол хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачлагаар цуцлахаар хуульчилсан ба хуулийн энэхүү заалт нь 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т ижил агуулгаар хуульчлагдсан байсныг дурдах нь зүйтэй.  

Тодруулбал: Хөдөлмөрийн тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т зааснаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачлагаар цуцлахдаа “ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан”, эсхүл “хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан” гэх хоёр үндэслэлээр юм уу,  аль нэг үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалж болохоор заасан байна.

Ажил олгогч нь ажилтан И.С-г ажлын байрандаа согтууруулах ундаа хэрэглэсэн сахилгын ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр ажлаас чөлөөлсөн ба хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...ажилтан И.Сүхийг давтан зөрчил гаргасан үндэслэлээр ажлаас чөлөөлсөн” гэх тайлбар нь ажлаас чөлөөлөх үндэслэл болоогүй /тушаалд үндэслэлийг бичээгүй/ байх тул шүүх давтан зөрчил гаргасан эсэх асуудалд дүгнэлт өгөх боломжгүй юм. 

Хөдөлмөрийн тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 /1999 оны Хөдөлмөрийн хуулийн 40.1.4/-т зааснаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлах ноцтой зөрчлийг хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан байхыг хуулийн заалтаар шаардаж байгаа ба ажил олгогч, ажилтан нарын хооронд 2014 оны 6 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан 1088 дугаартай “Хөдөлмөрийн гэрээ”-г судлан үзвэл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлах ноцтой зөрчлийг тусгайлан /тухайлан/ заасан эсэх нь тодорхойгүй байна.

Өөрөөр хэлбэл: Хариуцагч байгууллагаас шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн 2014 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн BU-14-ХГ-1088 дугаартай “Хөдөлмөрийн гэрээ”-ний агуулга дутуу, эсхүл дугаарлалтын алдаатай /гэрээний 8 дугаар зүйлийн ё гээд шууд 10.5 дахь заалт үргэлжилсэн/ байх ба нэхэмжлэгч И.С-н нотлох баримтаар гаргаж өгсөн “Хөдөлмөрийн гэрээ”-ний нотариатаар гэрчлүүлээгүй хуулбар мөн адил байна. /хх-ийн 5 болон 75 дугаар хуудас/

“Хөдөлмөрийн гэрээ”-нд хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлах ноцтой зөрчлийг тусгайлан заасан эсэх талаар хариуцагч байгууллагын  итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарлахдаа “...бид хөдөлмөрийн гэрээнд нийтлэг байдлаар тусгаж, хөдөлмөрийн дотоод журамдаа дэлгэрэнгүй тусгасан” гэж тайлбарласнаас дүгнэхэд ажил олгогч нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлах ноцтой зөрчлийг хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заагаагүй байна гэж шүүх үзлээ.

Б./ Ажилтан И.С-г ажлаас чөлөөлөхдөө зөвхөн Дотоод хяналтын мэргэжилтний албан бичгийг буюу саналыг удирдлага болгосон нь тухайн байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 14.3-т заасныг зөрчсөн байна.

Тодруулбал: Уулын баяжуулах “Бор-Өндөр” үйлдвэрт дагаж мөрдөх хөдөлмөрийн дотоод журмын 14.3-т “Сахилгын шийтгэлийг тухайн ажилтны харьяалах нэгжийн болон захиргааны саналыг үндэслэн захирлын тушаалаар ногдуулна.” гэж зааснаас үзвэл ажилтан И.С-д ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах сахилгын шийтгэл ногдуулахдаа И.С-н харьяалах нэгж болох Уулын цехийн дарга Д.С-ын санал болон захиргааны саналыг тус тус үндэслэхээр байжээ.

В./ Уулын баяжуулах “Б” үйлдвэрт дагаж мөрдөх хөдөлмөрийн дотоод журмын 13.10.3-т “Ажлын байранд архи болон согтууруулах төрлийн ундааг хэрэглэсэн, ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай ирсэн бол захиргааны санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцалж болно.” гэж заажээ.

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 3 дугаар зүйлийн     3.1.9-д "ажлын байр" гэж иргэн, ажилтны гүйцэтгэх ажил үүрэгтэйгээ холбоотойгоор хүрэлцэн очих ёстой ажил олгогчийн шууд ба шууд бус хяналтын дор байх бүх байрыг хамруулахаар тайлбарласан байх тул ажилтан И.Сүхийн томилолтоор ажилласан гэх “Зүүн цагаан дэл” уурхай нь ажлын байр мөн байна.

Ажилтан И.С нь “З”-ийн уурхайд ажиллахдаа 2021 оны 9 дүгээр сарын 27-нд согтууруулах ундаа хэрэглэсэн талаар маргаагүй боловч ажлын цагаар согтууруулах ундаа хэрэглээгүй байна.

Энэхүү үйл баримт нь “З” цехийн ерөнхий инженер О.Я-ийн 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн “...9-р сарын 27-ны шөнө 11:30 минутад  уулын цехийн мод бэлтгэх хэсгийн ажилчид ...ууж...” гэх тайлбар бичиг /69-р хуудас/, И.С-н “...2021 оны 9 дүгээр сарын 27-ны шөнө 20:30 цагийн үед Цогоо бид хоёр нэг шил 0,5 литрийн “Хараа” гэдэг архи хувааж уусан нь үнэн...” гэх тайлбар /35-р хуудас/, Дотоод хяналтын албаны мэргэжилтэн С.Б-ы 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн албан бичигт “...М.Ц, И.С нар тайлбартаа 27-ны шөнө 1 шил хараа архи ууж суухад мастер М, инженер О.Я хоёр орж ирсэн, тэр хоёрын үгэнд ороод амарсан гэж тайлбарласан...” гэх /68 дугаар хуудас/, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “З” уурхайн ажил орой 1800-1900 цагт дуусч, ажилчид хоолоо идээд амардаг” гэх тайлбар зэргээр тогтоогдож байна.

Тиймээс ажилтан И.С нь согтууруулах ундааны зүйлийг орой буюу ажлын бус цагаар хэрэглэсэн нь түүний хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн ажил үүрэгт харшлаагүй байна гэж үзэв.

Дээрх үндэслэлүүдээр гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбар үндэслэлтэй байх тул ажилтан И.С-г ажлаас чөлөөлсөн 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн Б/2525 дугаартай тушаал нь хуульд нийцээгүй байна гэж үзэж, И.С-г урьд эрхэлж байсан албан тушаалд нь буюу бетончины албан тушаалд эгүүлэн тогтоох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.  

Харин ажилтан И.С-г “З” уурхайд  томилолтоор ажиллуулахдаа ямар нэгэн эрхийн акт гаргаагүй, ямар ажил үүрэг гүйцэтгүүлэхээр томилсон, ажилтантай тохиролцсон эсэх нь тодорхойгүй байна гэх өмгөөлөгчийн тайлбар нь нэхэмжлэгч И.С-н “...би томилолтоор ажилласан болон гүйцэтгэсэн ажил үүрэгтэй холбоотойгоор ямар нэгэн маргаангүй...” гэх тайлбар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн  “З” далд уурхай нь уулын баяжуулах үйлдвэрийн үндсэн нэгж учир тэнд ажиллах ажилчдыг томилон ажиллуулахдаа УБҮ-ийн захирлын тушаал гаргахгүй, тухайн цехийн удирдлагын өгсөн ажлын наряд даалгавраар ажил үүрэг гүйцэтгүүлдэг ба үндсэн цалин дээр нэмэгдэл цалинг индексийн дагуу тооцдог” гэх тайлбараар няцаагдаж байгааг дурдах нь зүйтэй. 

6.2. Ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг ажил олгогчийн зүгээс төлүүлж, цахим бүртгэлд бүртгүүлэх шаардлагын талаар:

Хөдөлмөрийн тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэг, Монгол Улсын Нийгмийн хамгаалал, Хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалын хавсралтаар баталсан “Дундаж цалин хөлс тодорхойлох    журам”-ын 7 дугаар зүйлийн “а”-д “...буруу халсан буюу шилжүүлсэн үеийн зөрүү, олговор олгох, ...дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тооцно” гэж заасан байна.

Мөн журмын 2 дугаар зүйлд “ажилтны цалин хөлсний бүрэлдэхүүнд ажилтанд олгосон үндсэн цалин, бүх төрлийн нэмэгдэл, нэмэгдэл хөлс, шагнал урамшууллын мөнгөн орлогыг оруулна.” гэж,  3 дугаар зүйлд үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл, шагнал урамшууллыг хэрхэн ойлгохыг тайлбарласан байна.

“Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 7 дугаар зүйлийн “а”-д заасны дагуу тухайн ажилтны ажилгүй байсан хугацааны цалинг ажлаас халагдахын өмнөх 3 сарын цалингийн дундаж болох /2021 оны 8 дугаар сарын цалин 2,454,233 төгрөг, 9 дүгээр сарын цалин 2,576,473 төгрөг, 10 дугаар сарын цалин 2,132,752 төгрөг, нийт 7,163,458 төгрөгийг хуваах нь 3 сар/ 2,387,819  төгрөгийг сарын ажлын өдрийн дундаж тоо буюу 21,5 хоногт хувааж, 1 өдөрт ногдох цалинг 111,061 төгрөг гэж тооцов.

Харин ажилгүй байсан хугацааг 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл 98 хоногийн хугацаагаар тооцож, /98 хоногийг 1 өдрийн цалин 111,061 төгрөгөөр үржүүлэн/ 10,883,978 төгрөгийг хариуцагч “Монголросцветмет” ТӨҮГазрын харьяа Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэрээс гаргуулан нэхэмжлэгч И.С-д олгох нь зүйтэй байна.

Хөдөлмөрийн тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д зааснаар “ажилтныг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулах, хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлөх, тайлагнах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулах” ажил олгогчийн үндсэн үүргийн дагуу И.С-н эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг ажилгүй байсан хугацаанд хуульд заасны дагуу тооцож, цахим бүртгэлд бүртгүүлж, баталгаажуулахыг хариуцагч “М” ТӨҮГазрын үйлдвэрт даалгаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч И.С нь 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн Б/2525 дугаартай тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн ба 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь тухайн үед дагаж мөрдөж байсан буюу 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 129 дүгээр зүйлийн 129.2-т заасантай нийцэж байгаа болно.

Харин Хөдөлмөрийн тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2 дахь хэсэгт хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст эсхүл сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд  тус тус хандах эрхтэй гэж хуульчилсан байна.

Үүнтэй холбоотойгоор 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн хойшилсон шүүх хуралдаанаар нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нараас хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэх хуульд заасан эрхээ эдлэх эсэхийг лавлахад “1999 оны Хөдөлмөрийн хуульд заасны дагуу шүүхэд нэхэмжлэлээ гаргасан тул шүүхээр шийдвэрлүүлнэ” гэж тайлбарласныг дурдах нь зүйтэй.

7.Нэхэмжлэгч И.С нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэл бүрэн хангагдсан тул ажилгүй байсан хугацааны цалин болох 10,883,978 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжид 189,094 төгрөгийг хариуцагчаас гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх заалт, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон    ТОГТООХ нь:

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т зааснаар  И.С-г “М” ТӨҮГ-ын харьяа үйлдвэрийн У-н цехийн бетончины ажилд эгүүлэн тогтоосугай.

2.Хөдөлмөрийн тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “М” ТӨҮГ-ын харьяа         Б үйлдвэрээс ажилгүй байсан хугацааны цалин 10,883,978 /арван сая найман зуун наян гурван мянга есөн зуун далан найман/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч И.С-д олгосугай.

3.Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д зааснаар И.С-н нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тооцон цахим бүртгэлд бүртгүүлж, баталгаажуулахыг хариуцагч “М” ТӨҮГ-ын харьяа Б Уулын үйлдвэрт даалгасугай.

4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч И.С нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 189,094 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.

            5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

   6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

           7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл  гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Б.БОЛОР-ЭРДЭНЭ