Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 226/МА2022/00015

 

 

 

 

 

2022 оны 05 сарын 10-ны өдөр            226/МА2022/00015                                    Хэрлэн сум

 

 

 

 

И.С-ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч “М” ТӨҮГ-ын харьяа

УБҮ-т холбогдох

иргэний хэргийн талаар

 

 

226/2022/00015/И

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Дэнсмаа даргалж, шүүгч Г.Болормаа, Я.Алтаннавч нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд,  

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Даваасүрэн /цахимаар/,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б-/цахимаар/,  

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Довчинсүрэн нарыг оролцуулан

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Болор-Эрдэнийн даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 157/ШШ2022/00020 дугаар шийдвэртэй И.С-ийн нэхэмжлэлтэй хариуцагч “М” ТӨҮГ-ын харьяа УБҮ-т холбогдох “урьд эрхэлж байсан буюу бетончин мужааны ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийлгүүлэх тухай” иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б-ны гаргасан давж заалдах гомдлоор 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч шүүгч Я.Алтаннавчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

            Нэхэмжлэгч И.С- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие УБҮ-ийн захирлын 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн Б/2525 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3, 40 дүгээр зүйлийн 40.1.4, 43 дугаар зүйлийн 43.2, Хөдөлмөрийн дотоод журмын 13.10.3, бусад баримт бичгийг үндэслэн 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр ажлын байрандаа согтууруулах ундаа хэрэглэсэн буюу сахилгын ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас чөлөөлж шийдвэрлэснийг үндэслэлгүй гэж үзэж байна. Би "М" ТӨҮГ-ын харьяа УБҮ-ийн газарт 1989 оноос эхлэн нийт 33 жил ажиллаж байгаа бөгөөд ажиллаж байх хугацаандаа эрхэлсэн ажилдаа хариуцлагатай хандаж ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээ үнэнч шударгаар биелүүлж үйлдвэрээс 2011 онд "Өргөмжлөл" мөнгөн шагнал, 2017 онд "Тэргүүний барилгачин" хүндэт тэмдэг тус тус шагнагдаж байсан. Тухайн үед архи уусан нь миний буруу, би уучлалт гуйж байна. Гэхдээ шууд ажлаас чөлөөлөх сахилгын шийтгэл оногдуулж байгаад гомдолтой байна. Иймд намайг урьд эрхэлж байсан бетончин мужааны ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулж, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийлгэж өгнө үү” гэжээ.

 

            Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б-шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: И.С- нь Уулын баяжуулах үйлдвэрийн Уулын цехийн өргөх хэсгийн бетончин мужаанчнаар ажиллаж байхдаа 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн Б/2984 дугаар тушаалаар сануулах шийтгэл хүлээж байсан. Уулын баяжуулах үйлдвэрийн “З" уурхайд томилолтоор ажиллаж байхдаа буюу 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр ажилчдын амрах байранд бусадтай нийлж архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгууллагын хөдөлмөрийн дотоод журам зөрчин, хөдөлмөрийн гэрээний 13.10.3-т заасан “сахилгын ноцтой зөрчил гаргасан нь "З" уурхайн инженер Я-ийн гар утсан дээрээ бэхжүүлж авсан бичлэг, Я-ийн тайлбар, И.С-ийн өөрийнх нь өгсөн тайлбар болон бусад нотлох баримтуудаар тогтоогдсон учир Уулын баяжуулах үйлдвэрийн захирлын 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн Б/2525 дугаар тушаалаар Хөдөлмөрийн хуулийн 40.1.3 зааснаар түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг захиргааны санаачлагаар цуцалж, ажлаас чөлөөлсөн. И.С- нь сахилгын шийтгэлтэй байх хугацаандаа хөдөлмөрийн сахилгын зөрчил давтан гаргасан, мөн хөдөлмөрийн харилцааг шууд цуцлахаар Хөдөлмөрийн гэрээний 13.10.3-т заасан сахилгын ноцтой зөрчил гаргасан зэрэг нь нотлох баримтаар хангалттай тогтоогдсон. Иймд Уулын баяжуулах үйлдвэрийн захирлын 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн Б/2984, 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн Б/2525 тоот тушаалуудыг хуульд нийцсэн гэж үзэж байна.

            “З” далд уурхай нь уулын баяжуулах үйлдвэрийн үндсэн нэгж учир тэнд ажиллах ажилчдыг томилон ажиллуулахдаа Уулын баяжуулах үйлдвэрийн захирлын тушаал гаргахгүй, тухайн цехийн удирдлагын өгсөн ажлын даалгавраар ажил үүрэг гүйцэтгүүлдэг ба үндсэн цалин дээр нэмэгдэл цалинг олгодог. Миний хувьд И.С-ийг давтан зөрчил гаргасан үндэслэлээр ажлаас чөлөөлүүлэхээр албан бичиг хүргүүлсэн боловч тушаалд давтан зөрчлийг үндэслэл болгоогүй нь бичиг хэргийн алдаа болсон.

            Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

            Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 157/ШШ2022/00020 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т зааснаар И.С-ийг “М” ТӨҮГ-ын харьяа УБҮ-ийн Уулын цехийн бетончины ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “М” ТӨҮГ-ын харьяа УБҮ-ээс ажилгүй байсан хугацааны цалин 10.883.978 /арван сая найман зуун наян гурван мянга есөн зуун далан найман/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч И.С-эд олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д зааснаар И.С-ийн нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тооцон цахим бүртгэлд бүртгүүлж, баталгаажуулахыг хариуцагч “М” ТӨҮГ-ын харьяа УБҮ-т даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч И.С- нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 189.094 төгрөг гаргуулан улсын орлогод оруулахаар тус тус заан шийдвэрлэжээ.

 

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б-давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна.

            1. И.С- нь Уулын баяжуулах үйлдвэрийн Уулын цехийн өргөх хэсгийн бетончин мужаанчнаар ажиллаж байхдаа Уулын баяжуулах үйлдвэрийн даргын 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн Б/2984 дугаар тушаалаар сануулах сахилгын шийтгэл хүлээж байсан. Мөн сахилгын шийтгэлтэй байх хугацаанд Уулын баяжуулах үйлдвэрийн “З” далд уурхайн цехэд албан томилолтоор ажиллах үедээ буюу 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр ажилчдын амрах байранд бусадтай нийлж архи ууж согтууран байгууллагын Хөдөлмөрийн дотоод журмын 13.10.3 дахь заалт болон түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний 10.2-ын “а”-д заасан “Ажил үүргээ гүйцэтгэх үед эсхүл ажлын цагаар ажлын байр, байгууллагын нутаг дэвсгэрт согтууруулах ундаа болон мансууруулах бодис хэрэглэх” гэсэн хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил гаргасан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан “ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан” үндэслэлээр түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, Уулын баяжуулах үйлдвэрийн захирлын 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн Б/2525 дугаар тушаалаар ажлаас чөлөөлсөн.

            И.С- нь сахилгын шийтгэлтэй байх хугацаандаа хөдөлмөрийн сахилгын зөрчил давтан гаргасан талаарх тайлбар нотлох баримтыг анхан шатны шүүхэд гаргаж өгсөөр байтал шүүх Уулын баяжуулах үйлдвэрийн захирлын 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн Б/2525 дугаар тушаалд “Давтан гэх үндэслэлийг бичээгүй байх тул дүгнэлт өгөх боломжгүй” гэж дүгнэн хэргийг хянан шийдвэрлэсэн нь Улсын Дээд Шүүхийн 2012 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн “Хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргаантай хэргийг хянан шийдвэрлэхэд анхаарах зарим асуудлын тухай” зөвлөмжийн 3.1-д заасан “Ажилтныг ажилд авсан болон ажлаас халсан тушаал нь эрх зүйн акт болохын хувьд түүнд тавигдах шаардлагыг хангасан байх, улмаар ажлаас халсан тушаалд баримталсан хуулийн зохицуулалт нь ажилтны гаргасан сахилгын зөрчил буюу ажлаас халагдсан үндэслэлтэй тохирч байх нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцэх” талаарх зөвлөмж болон шүүх хэрэг маргааныг зөвхөн хуульд нийцүүлэн шийдвэрлэх Үндсэн хуулийн зарчим, үзэл санаанд нийцээгүйн гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэж үзэж байна.

            Тухайлбал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан “Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, 40.2-т заасан “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэснийг, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д хэрэгт хамааралгүй, нотолгооны ач холбогдолгүй, хуулиар зөвшөөрөгдөөгүй баримтыг хэргийн нотлох баримтаас хасах буюу шаардан авахаас татгалзах эрхийг шүүх эдэлж эдгээр тохиолдолд шүүх тогтоол, шүүгч захирамж гаргахаар, 170 дугаар зүйлийн 170.1-д хэргийн оролцогч шүүхийн тухайн тогтоол, шүүгчийн захирамжид гомдол гаргаж болохоор тус тус зохицуулагдсан байхад шүүх “дүгнэх боломжгүй” гэсэн байдлаар нотлох баримтыг шийдвэрлэлгүй орхигдуулсныг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэж байна.

 

            2. Уулын баяжуулах үйлдвэрийн архив бичиг хэргийн ажилтан нь И.С-ийн ажил олгогчтой 2014 оны 06 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан BU-14-X-1088 дугаартай хөдөлмөрийн гэрээг хэргийн оролцогчид хуулбарлан өгөхдөө хөдөлмөрийн гэрээний жинхэнэ эхэд заасан “ажил олгогчийн хүлээх үүрэг, хөдөлмөрийн гэрээ цуцлах, дуусгавар болгох болон  сахилгын ноцтой зөрчлийг” нэрлэн заасан зохицуулалт бүхий бүтэн нэг нүүр хуудсыг орхин канондаж “хуулбар үнэн” тэмдэг дарсныг нотариатч баталгаажуулж, улмаар илт эргэлзээ бүхий бичмэл нотлох баримтыг шүүхэд ирүүлснийг шүүх хүлээн авч эргэлзээ бүхий болохыг нь шийдвэртээ цохон тэмдэглэсэн атлаа түүнийг бичмэл нотлох баримтаар үнэлж “ажил олгогч нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлах ноцтой зөрчлийг хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заагаагүй” гэж дүгнэж маргааныг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан “...хуулбарыг өгсөн үед шаардлагатай гэж үзвэл шүүх жинхэнэ эхийг шаардан авах эрхтэй. ...түүнийг хадгалагдаж буй газарт нь шүүх үзлэг явуулах, ба шинжлэн судалж болно” гэсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн төдийгүй анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан “шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн хуулийн шаардлагад нийцээгүй байна.

 

            3. Бор-Өндөр сумаас 60 гаруй километрт орших “З”-ийн жоншны нөөц бүхий гүнийн далд ордыг шинээр нээж ашиглах зорилгоор Монгол Улсын Засгийн газар, “Монголросцеветмет” ТӨҮГ-ын шийдвэрээр “З” далд уурхайн цехийг Уулын баяжуулах үйлдвэрийн бүтцэд, цехийн хэлбэрээр үүсгэн байгуулж, 2021 оны 07 дугаар сараас үйл ажиллагааг нь эхлүүлсэн ба тус цехийн алслагдсан байдал, үйлдвэрлэлийн онцлог, үйлдвэрийн үйл ажиллагаанд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, дүрэм, журмыг сахин мөрдүүлэх, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж, ажилчдыг үйлдвэрлэлийн осол, зөрчилгүй ажиллуулах шаардлагаар үйлдвэрлэлийн бүсэд ажилчдын амрах байрыг /кемп/ байгуулж, ажилчдыг тус байранд зайлшгүй амраах шаардлага, амрах цаг хугацаа, амрах байранд мөрдөх дэг журмыг тогтоон, амрах байр нь ажил олгогчийн шууд хяналтад байж, үйл ажиллагаа нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааны бүрэлдэхүүн хэсэг байхаар зохицуулагдсан байдаг. Иймд ажилчдын амрах байр нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9-д заасан “...ажилтны гүйцэтгэх ажил үүрэгтэй нь холбоотой, тэднийг ажлын бус цагт зөвхөн амраах зориулалт бүхий ажил олгогчийн шууд хяналтын дор байдаг” ажлын байр мөн болно. Гэтэл шүүх Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн тухайн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9 дэх заалтыг буруу тайлбарлан хэрэглэж “З” уурхайг бүхэлд нь ажлын байр мөн гэж тодорхойлон улмаар “И.С- нь согтууруулах ундааны зүйлийг орой буюу ажлын бус цагаар хэрэглэсэн нь түүний хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн ажил үүрэгт харшлаагүй байна” гэж дүгнэсэн нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль болон түүнд нийцүүлэн гаргасан хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны талаарх бусад дүрэм, журамд огт нийцээгүй байна.

 

            4. И.С- нь “З”-ийн далд уурхайн цехэд томилолтоор ажиллах үедээ буюу 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр ажилчдын амрах байранд бусадтай нийлж архидан согтуурсныг тус цехийн даргын үүрэг гүйцэтгэгч, ерөнхий инженер Я- хяналтаар тогтоон, гар утсаар бэхжүүлж, түүнд сахилгын арга хэмжээ авахуулахаар Уулын баяжуулах үйлдвэрийн захиралд санал ирүүлсний дагуу дотоод хяналтын мэргэжилтэн шалгалт явуулж, сахилгын зөрчлийн талаарх нотлох баримтыг бүрдүүлж захиралд хүргүүлсэн байдаг. Гэтэл шүүх шийдвэртээ “ажилтан И.С-ийг ажлаас чөлөөлөхдөө зөвхөн дотоод хяналтын мэргэжилтний албан бичгийн дагуу буюу саналыг удирдлага болгосон нь тухайн байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 14.3-т заасныг зөрчсөн” гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалд нийцээгүй, хэт нэг талыг барьсан байна.

 

            Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү” гэв.  

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч И.С- нь хариуцагч “М” ТӨҮГ-ын харьяа УБҮ-т холбогдуулан ”ажлаас чөлөөлсөн 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн Б/2525 дугаартай тушаал хууль зүйн үндэслэлгүй гарсан тул урьд эрхэлж байсан бетончин, мужааны ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй хүлээлгэсэн хугацааны цалин 10.661.856 төгрөгийг гаргуулж, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг ажил олгогчоор төлүүлэх” тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б-нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа тайлбарлахдаа:  “Ажилтан И.С-эд 2020 оны 12 дугаар сарын 10 ны өдрийн тушаалаар хөдөлмөрийн сахилгын сануулах шийтгэл ногдуулсан ба сахилгын шийтгэлгүйд тооцох хугацаа дуусаагүй байхад дахин зөрчил гаргасан буюу ажлын байранд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлтэй” гэж мэтгэлцжээ.

 

Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор хянан хэлэлцэв.

 

М ТӨҮГ-ын  харьяа УБҮ-ийн захирлын 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн Б/2525 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3, 40 дүгээр зүйлийн 40.1.4, 43 дугаар зүйлийн 43.2, УБҮ-ийн Хөдөлмөрийн дотоод журмын 13.10.3 зэргийг үндэслэн Уулын цехийн өргөх хэсгийн бетончин мужаан И.С- нь 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр ажлын байрандаа согтууруулах ундаа хэрэглэсэн сахилгын ноцтой зөрчил гаргасан тул 2021 оны 10 дугаар сарын 26 ны өдрөөс хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас нь чөлөөлжээ.

 

Ажилтан И.С- нь “З”-ийн уурхайд ажиллаж байхдаа 2021 оны 09 дүгээр сарын 27-нд согтууруулах ундаа хэрэглэсэн талаар маргаагүй, согтууруулах ундаа хэрэглэсэн нь ажлын байранд эсвэл ажлын цагаар гэдэгт талуудын хооронд маргаантай,   анхан шатны шүүх ажилтан И.С-ийг согтууруулах ундааны зүйлийг орой буюу ажлын бус цагаар хэрэглэсэн нь хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн ажил үүрэгт харшлаагүй гэж дүгнэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-д заасан “нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэсэнтэй нийцээгүй байна.

 

Ажил олгогч тушаалдаа УБҮ-ийн Хөдөлмөрийн дотоод журмын 13.10.3-д заасан “ажлын байранд архи болон согтууруулах төрлийн ундааг хэрэглэсэн, ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай ирсэн” бол захиргааны санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцалж болно” гэж тусгажээ. Ажилтан  И.С-ийн 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр ажлын байрандаа согтууруулах ундаа хэрэглэсэн сахилгын зөрчил нь хариуцагчийн тайлбар, дотоод хяналтын албаны мэргэжилтэн, ерөнхий инженер нарын албан бичиг зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

 

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9-д “ажлын байр” гэж иргэн, ажилтны гүйцэтгэх ажил үүрэгтэйгээ холбоотойгоор хүрэлцэн очих ёстой ажил олгогчийн шууд ба шууд бус хяналтын дор байх бүх байрыг хамруулахаар тайлбарласан байх тул ажилтан И.С-ийн томилолтоор ажилласан гэх “З” уурхай нь ажлын байр мөн байна гэсэн анхан шатны дүгнэлт үндэслэлтэй байна.

 

Харин Бор-Өндөр УБҮ-ийн Хөдөлмөрийн дотоод журмын 13.10.3-д “ажлын байранд” архи уусан бол сахилгын зөрчил гэж үзнэ гэж тусгасан байхад анхан шатны шүүх “ажлын цагаар” гэж хөдөлмөрийн дотоод журамд заагаагүй үндэслэлд дүгнэлт хийсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийг буруу тайлбарласан байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д “ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцалж болно” гэж хуульчилжээ.

 

Ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэдэгт хөдөлмөрийн сахилгын зөрчлийг 2 буюу түүнээс дээш удаа гаргасан байхыг ойлгох ба ажилтан И.С- нь  УБҮ-ийн захирлын 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн Б/2984 дугаартай тушаалаар сахилгын шийтгэл хүлээж байсан тул түүнийг хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэж үзнэ.

 

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан байхад анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийг буруу тайлбарласан гэх давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Хариуцагч байгууллагаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 189.094 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгох нь зүйтэй байна.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 157/ШШ2022/00020 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн “урьд эрхэлж байсан бетончин, мужааны ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй хүлээлгэсэн хугацааны цалин 10.661.856 төгрөгийг гаргуулж, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг ажил олгогчоор төлүүлэх” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дугаар зүйлийн 59.3-т заасныг баримтлан хариуцагч байгууллагаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 189.094 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Б.ДЭНСМАА

                              ШҮҮГЧИД                                                  Г.БОЛОРМАА

                                                                                                 Я.АЛТАННАВЧ