Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Энэбишийн Золзаяа |
Хэргийн индекс | 183/2018/01524/и |
Дугаар | 2317 |
Огноо | 2018-11-19 |
Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 11 сарын 19 өдөр
Дугаар 2317
2018 оны 11 сарын 19 өдөр | Дугаар 210/МА2018/02317 |
Ш.Ц-гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 183/ШШ2018/02122 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: Ш.Ц-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: “ХУДТҮТ” ОНӨААТҮГазарт холбогдох,
Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэндийн даатгалын дэвтэр болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: М.Бүрнээ
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: В.Мөнх-Эрдэнэ
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Ган-Өнөр нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хураралдаанд гаргасан тайлбартаа: Намайг ажлын байранд заагдсан үүрэгт ажлаа хийгээд явж байтал 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Б/20 тоот захирлын тушаал гарган намайг гэнэт ажлаас халсан. Уг тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.5, 42 дугаар зүйлийн 42.1-д заасныг баримтлан хөдөлмөрийн гэрээг цуцласан нь үндэслэлгүй.
Аж ахуйн няравын орон тоог цөөрүүлсэн, хассан эрх зүйн акт байхгүйгээр ажлаас чөлөөлсөн. Төлөөлөн удирдах зөвлөл нь бүтэц орон тоог батлах тухай тогтоолыг 2018 оны 2 сард гаргаад байхад нэхэмжлэгчид 2018 оны 3 сард мэдэгдсэн нь тогтоол гарсны дараа мэдэгдсэн гэж үзэж байна. Мөн орон тоо өөрчилсөн, багасгасан захирлын тушаал байхгүй байхад хөдөлмөрийн гэрээг цуцласан нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийг зөрчсөн бөгөөд нэхэмжлэгчийн ажлын байр нь хэвээр хадгалагдаж байгаа.
Иймд “ХУДТҮТ” ОНӨААТҮГ-ын захирлын 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн Б/20 тоот тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ХУДТҮТ нь 2013 онд дүүргийн Иргэдийн хурлын тогтоолоор байгуулагдсан. 2016 оны 12 дугаар сарын 01-ний А/61 тогтоолоор Төлөөлөн удирдах зөвлөл томилогдсон. Төлөөлөн удирдах зөвлөл нь байгууллагын бүтэц, зохион байгуулалтыг баталдаг. 2017 онд бүтэц зохион байгуулалтаар кассын нярав, аж ахуйн нярав гэсэн 2 орон тоо байсныг 2018 онд бүтэц зохион байгуулалтыг батлахдаа аж ахуйн нярав гэсэн орон тоог хасаж, кассын нярав гэснийг нярав болгон орон тоог цөөрүүлсэн.
Тиймээс нэхэмжлэгчийн аж ахуйн няравын орон тоо нь хасагдсан тул ажлаас чөлөөлсөн, мэдэгдэх хуудсыг хуульд заасан хугацаанд гардуулсан. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д зааснаар Ш.Ц-гийн нэхэмжлэлтэй ХУДТҮТ ОНӨААТҮГ-т холбогдох 2018 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн Б/20 тоот “ХУДТҮТ” ОНӨААТҮГ-ын захирлын тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор олгуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Ш.Ц- нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн тул түүний улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн 2603030349 тоот данснаас буцаан гаргуулж, нэхэмжлэгч Ш.Ц-д олгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлан хэт нэг талын байр суурийг баримтлан шийдвэрлэсэнд гомдолтой байна. Нэхэмжлэгч нь бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт хийсэн нь хууль бус,Төлөөлөн удирдах зөвлөл нь хууль зөрчсөн тухай тайлбар гаргаж шүүх хуралдаанд маргаагүй байхад маргасан мэтээр тайлбар дүгнэлт хийсэн нь шүүхийн шийдвэр үнэн бөгөөд бодиттой байна гэсэн зарчим алдагдсан.
Ажил олгогч, хугацаагүй хөдөлмөрийн гэрээтэй ажилтан, хөдөлмөрийн гэрээ, ажлын байр зэргийг зөв тодорхойлж чадаагүй учраас анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлгүй болсон.
“ХУДТҮТ” ОНӨААТҮГазар орон тоо бүтэц зохион байгуулалтаа хэрхэн яаж хийсэн энэ талаар нотлох баримт байхгүй, хариуцагч нь орон тоо хасагдсан гэхээс өөр тайлбар хийж чадахгүй байхад 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдөр мэдэгдэл өгсөн нь хөдөлмөрийн гэрээ цуцлаж, ажлаас чөлөөлөх үндэслэл болсон байна гэж илтэд хууль зөрчсөн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүйд тооцож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.
Нэхэмжлэгч Ш.Ц- нь хариуцагч ХУДТҮТ ОНӨААТҮГ-т холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Анхан шатны шүүх 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдөр шүүх хуралдааныг хойшлуулахдаа товыг жич зарлахаар шийдвэрлэсэн. Үүнээс хойш анхан шатны шүүх хуралдааныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.1-д зааснаар захирамж гаргаж тов зарлах зохицуулалтыг зөрчсөн. Улмаар шүүх хуралдааныг 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр явуулахаар зохигчдод мэдэгдсэн тухай 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн мэдэгдэл үйлджээ.
Анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлд хуралдааныг 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр явуулсан гэж тодорхойлсон атлаа шүүхийн шийдвэрт огноог 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрөөр үйлдсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.1-д заасан товолсон хугацаанд шүүх хуралдааныг явуулах тухай хуулиар тогтоосон журам зөрчсөн гэж үзнэ.
Дээрх алдааг давж заалдах шатны шүүх залруулах боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 183/ШШ2018/02122 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ
ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН
Э.ЗОЛЗАЯА