Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 001/ХТ2019/00977

 

Ш.Цгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 183/ШШ2019/00146 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 469 дүгээр магадлалтай

Ш.Цгийн нэхэмжлэлтэй,

Х ОНӨААТҮГ-т холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг даалгуулах тухай иргэний хэргийг

Нэхэмжлэгч Ш.Цгийн хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Бүрнээ, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Мөнх-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Сувд-Эрдэнэ нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би өөрийн ажлын байранд заагдсан үүрэгт ажлаа хийгээд явж байтал тус байгууллагын захирлын 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Б/20 тоот тушаал гарч, аж ахуйн няравын орон тоог цөөрүүлсэн үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.5, 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт заасныг баримталж намайг ажлаас чөлөөлсөн.

Төлөөлөн удирдах зөвлөл нь бүтэц орон тоог батлах тухай тогтоолыг 2018 оны 2 сард гаргасан байхад нэхэмжлэгчид 2018 оны 3 сард мэдэгдсэн нь тогтоол гарсны дараа мэдэгдсэн. Мөн орон тоо өөрчилсөн, багасгасан захирлын тушаал байхгүй байхад хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийг зөрчсөн бөгөөд нэхэмжлэгчийн ажлын байр нь хэвээр хадгалагдаж байгаа.

Иймд хууль зөрчин гаргасан 2018 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн Б/20 тоот захирлын тушаалыг хүчингүйд тооцож, ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж нөхөн бичилтийг хийлгүүлж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Манай байгууллагын Төлөөлөн удирдах зөвлөл 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хуралдаж байгууллагын бүтэц, орон тоог шинэчлэн баталж тогтоол гаргасан. Уг тогтоолоор “Аж ахуйн нярав” албан тушаал нь бүтэц орон тооноос хасагдсан тул 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Б/20 тоот тушаал гаргаж, Ш.Цг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Мэдэгдэх хуудсыг хуульд заасан хугацаанд гардуулсан. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 183/ШШ2019/00146 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д зааснаар Ш.Цгийн нэхэмжлэлтэй Х ОНӨААТҮГ-т холбогдох аж ахуйн няравын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор олгуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 5-1 зааснаар нэхэмжлэгч Ш.Ц нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн тул түүний улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн 2603030349 тоот данснаас буцаан гаргуулж, нэхэмжлэгч Ш.Цд олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 469 дүгээр магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 183/ШШ2019/00146 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Ш.Ц хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Магадлалыг эс зөвшөөрч, шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэх үндэслэлээр гомдол гаргаж байна.

2018.04.05-ны өдрийн Б/20 тушаал гарч няравын орон тоог цөөрүүлсэн үндэслэлээр намайг ажлаас чөлөөлсөн. Миний бие ТУЗ нь хэдийд хэрхэн орон тооны бүтэц зохион байгуулалт хийсэн талаар огт мэдээгүй, урьдчилан надад мэдэгдээгүй.

2018 оны 3 сард мэдэгдсэн нь тогтоол гарсны дараа мэдэгдэж хууль зөрчсөн. Мөн орон тоо өөрчилж багасгасан нь, захирлын тушаал огт байхгүй байхад хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийг зөрчсөн бөгөөд би хөдөлмөрийн гэрээг ТУЗ-тэй байгуулаагүй, мөн миний ажиллаж байсан орон тоон дээр хуучин ажиллаж байсан хүн өнөөдрийг хүртэл ажиллаж байгаа. ТУЗ гэдгийг шүүх дээр л мэдсэн.

Миний ажлын орон тоо хэвээр хадгалагдаж байгаа, 2 шатны шүүх хөдөлмөрийн гэрээ байгуулсан ажил олгогч мөн бишийг ялгаж салгаагүй, ТУЗ-ийн тушаалд автаж миний хөдөлмөрлөх эрхийг зөрчиж шийдвэр гаргасан 2 шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоож, ажиллаж байсан үеийн цалинг гаргуулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Ш.Ц Х ОНӨААТҮГ-т холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг даалгуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

Г.Ц нь Х ОНӨААТҮГ-т 2014 оноос аж ахуйн нярав албан тушаалд ажиллаж байсан, Төлөөлөн удирдах зөвлөлийн 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн хуралдаанаар Байгууллагын бүтэц, орон тоо, цалингийн хэмжээг шинэчлэн баталж №04 дугаартай тогтоол гаргасан, тус тогтоолоор аж ахуйн няравын албан тушаалыг бүтэц, орон тооноос хассан байна.

Улмаар 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдөр ажилтанд мэдэгдэл өгч, Захирлын 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн Б/20 тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1.-д заасныг үндэслэн Ш.Цтой байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1.-д аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн бол ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлахаар зохицуулсан ба аж ахуйн няравын орон тоо хасагдсан үндэслэлээр ажил олгогчоос Ш.Цтой байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчөөгүй байна.

Анхан шатны шүүх хэргийн оролцогчоос гаргаж, хэрэгт цугларсан баримтыг тал бүрээс нь харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй, үнэн зөв талаас нь үнэлж, байгууллагын бүтэц орон тоонд өөрчлөлт орж, нэхэмжлэгчийн ажлын байр хасагдсантай холбогдуулан, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан ажил олгогчийн шийдвэр Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөрчөөгүй гэж дүгнэн, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй байх тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагыг хангасан байна.

Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянахдаа хэрэгт цугларсан баримтад өөрийн эрх хэмжээний хүрээнд дүгнэлт хийж, шийдвэрийг хэвээр үлдээсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4., 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх заалтад нийцжээ.

Х ОНӨААТҮГ-ын дүрмийн 6.5.-д Үйлдвэрийн газарт дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн тогтоолоор баталсан Төлөөлөн удирдах зөвлөл төлөөлөл хэрэгжүүлэх, арга зүйн удирдлагаар хангаж ажиллана гэж, 6.6.-д Үйлдвэрийн газрын зохион байгуулалтын бүтэц, орон тооны дээд хязгаарыг Төлөөлөн удирдах зөвлөл батална гэж, 6.9.5.-д Захирал нь Төлөөлөн удирдах зөвлөлөөс баталсан удирдлагын бүтэц, зохион байгуулалтын хүрээнд байгууллагын удирдлага, зохион байгуулалтын бүтэц батлах, цалингийн хэмжээ, урамшууллын журам, дотоод журмыг мөрдүүлэх, ажилтнуудын ажлын байрны тодорхойлолтыг батлах, ажилд томилох, тэдэнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулах, хууль тогтоомжийн хүрээнд ажлаас чөлөөлөх эрхтэй гэжээ.

Төлөөлөн удирдах зөвлөл байгууллагын бүтэц, орон тоо, цалингийн хэмжээг шинэчлэн тогтоосон тогтоол гаргасан, тус тогтоолыг үндэслэн ажил олгогч ажилтан Г.Цтой байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь Х ОНӨААТҮГ-ын дүрэм, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөрчөөгүй, ажилтныг ажлаас чөлөөлсний дараа тухайн ажлын байранд өөр хүн ажиллаж байгаа гэх хариуцагчийн тайлбар баримтаар тогтоогдоогүй тул “...миний бие Төлөөлөн удирдах зөвлөлтэй хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, бүтэц орон тооны өөрчлөлтийг тогтоол гарсны дараа мэдэгдсэн, ...миний ажилд ажиллаж байсан хүн өнөөдрийг хүртэл ажиллаж байгаа...” гэх үндэслэлээр шийдвэр, магадлалыг эс зөвшөөрсөн нэхэмжлэгчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй, хэрэгт цугларсан баримтад үндэслэн, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байх тул  хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхиж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 183/ШШ2019/00146 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 469 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгч Ш.Цгийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар тус нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.

                           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                     Х.СОНИНБАЯР      

                           ШҮҮГЧ                                                Х.ЭРДЭНЭСУВД