Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 1373

 

 

 

 

                                                                       

 

2020          10             29                                             2020/ДШМ/1373                        МАЛАЛ

 

 

Ц.Л, М.Б, Т.П,

Б.А нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Мөнхцэцэг,

шүүгдэгч Ц.Лн өмгөөлөгч П.Гансүх,

шүүгдэгч М.Бгийн өмгөөлөгч Б.Долгорсүрэн,

шүүгдэгч Т.П өмгөөлөгч Г.Ганцэцэг,

нарийн бичгийн дарга Б.Халиунгоо нарыг оролцуулан, 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Дайрийжав даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 2020/ШЗ/1774 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор С.Цэрэндоржийн 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 64 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлээр Ц.Лувсанданзан, М.Б, Т.Пэрэнлэй, Б.А нарт холбогдох 1805048141138 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Бэрс овгийн Ц.Л, 2000 оны 8 дугаар сарын 16-ны өдөр Баянхонгор аймгийн Баянцагаан суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эх, хоёр дүүгийн хамт Баянгол дүүргийн 20 дугаар хороо, 1 дүгээр гудамж, “Хишиг Арвих” ХХК-ийн хашаанд оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД:ВЕ00281617/;

2. Намнан өвөр овгийн М.Б, 1997 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Булган аймагт төрсөн, 23 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 84 дүгээр гудамжны 5 тоотод оршин суудаг, /РД:ГБ97052218/;

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 430 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн;

3. Дархан овгийн Т.П, 1991 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр Баянхонгор аймгийн Баянцагаан суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, боловсролгүй, сантехникч мэргэжилтэй, “Өнхрүүш” ХХК-д гурил зуурагч ажилтай, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянгол дүүргийн 20 дугаар хороо, 1 дүгээр гудамж, “Эвт уянга” ХХК-ийн хашаанд оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД:ВЕ91010115/;

4. Боржигин овгийн Б.А, 1999 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, автомеханикч мэргэжилтэй, 4 дүгээр цахилгаан станцад сантехникч ажилтай, ам бүл 10, эцэг, эх, ах, эгч дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 97 дугаар гудамжны 11 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД:УП99052775/;

Ц.Лувсанданзан, Б.А, М.Б нар бүлэглэн 2017 оны 6 дугаар сарын 30-ны шөнө Баянгол дүүргийн 20 дугаар хороо, “Гангүүр” ХХК-ийн хашаанд хүн нэвтрэх зориулалттай хаалгаар нь бус, бусдын хууль бус нэвтрэлтээс хамгаалсан хашааг нь давж нэвтрэн орж бусдын эд хөрөнгийг харуул хамгаалалтад нь мэдэгдэлгүйгээр тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч иргэн Ж.Энхтөрийн “Норд” маркийн 08-57 УНГ, “Норд” маркийн 19-96 УНҮ улсын дугаартай, “Норд” маркийн 09-17 УНГ улсын дугаартай, “Зоомилион” маркийн /25тн/ 38-42 УНТ улсын дугаартай нийт 4 автомашины 8 ширхэг аккумуляторыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 1.736.000 төгрөгийн хохирол учруулсан хулгайлах гэмт хэргийг учрах саадыг арилгах зорилгоор машин механизм буюу “Хьюндай” маркийн грасе загварын 50-07 УБЛ улсын дугаартай автомашиныг ашиглаж үйлдсэн гэмт хэрэгт,

Ц.Лувсанданзан, Б.А, М.Б нар бүлэглэн 2017 оны 7 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 20 дугаар хороо, “Мэргэн Хангал конкрит” ХХК-ийн хашаанд хүн нэвтрэх зориулалттай хаалгаар нь бус, бусдын хууль бус нэвтрэлтээс хамгаалсан хашааг нь давж нэвтрэн орж бусдын эд хөрөнгийг харуул хамгаалалтад нь мэдэгдэлгүйгээр тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч иргэн Б.Хишигмаагийн “Хово” маркийн 19-08 УНЭ, 33-96 УНА, 24-93 УНР, 36-57 УНА улсын дугаартай нийт 4 автомашины 8 ширхэг аккумуляторыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 1.734.000 төгрөгийн хохирол учруулсан хулгайлах гэмт хэргийг учрах саадыг арилгах зорилгоор машин механизм буюу “Хьюндай” маркийн грасе загварын 50-07 УБЛ улсын дугаартай автомашиныг ашиглаж үйлдсэн гэмт хэрэгт,

Ц.Лувсанданзан, Б.А, М.Б нар бүлэглэн 2017 оны 10 дугаар сарын 7-ноос 8-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “МIRC” ХХК-ийн хашаанд хүн нэвтрэх зориулалттай хаалгаар нь бус, бусдын хууль бус нэвтрэлтээс хамгаалсан хашааг нь давж нэвтрэн орж бусдын эд хөрөнгийг харуул хамгаалалтад нь мэдэгдэлгүйгээр тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч иргэн Э.Ганбатын “Хово” маркийн 58-69 УНӨ улсын дугаартай автомашин, Ц.Батмөнхийн “Хово” маркийн 38-63 УБР улсын дугаартай нийт 2 автомашины 4 ширхэг аккумуляторыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 708.000 төгрөгийн хохирол учруулсан хулгайлах гэмт хэргийг учрах саадыг арилгах зорилгоор машин механизм буюу “Хьюндай” маркийн грасе загварын 50-07 УБЛ улсын дугаартай автомашиныг ашиглаж үйлдсэн гэмт хэрэгт,

Ц.Лувсанданзан, М.Б нар бүлэглэн 2017 оны 8 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 20 дугаар хороо, “Эс Ти Эй” ХХК-ийн хашаанд хүн нэвтрэх зориулалттай хаалгаар нь бус, бусдын хууль бус нэвтрэлтээс хамгаалсан хашааг нь давж нэвтрэн орж бусдын эд хөрөнгийг харуул хамгаалалтад нь мэдэгдэлгүйгээр тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч иргэн Я.Отгонбаярын “Хово” маркийн 21-84 УБЗ, 22-04 УБЗ, 22-05 УБЗ, 22-09 УБЗ улсын дугаартай нийт 4 автомашины 8 ширхэг аккумуляторыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 1.326.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

Ц.Лувсанданзан, М.Б нар бүлэглэн 2017 оны 10 дугаар сарын 2-ноос 3-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “MIRC” ХХК-ийн хашаанд хүн нэвтрэх зориулалттай хаалгаар нь бус, бусдын хууль бус нэвтрэлтээс хамгаалсан хашааг нь давж нэвтрэн орж бусдын эд хөрөнгийг харуул хамгаалалтад нь мэдэгдэлгүйгээр тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч иргэн Л.Бат-Эрдэнийн “Хово” маркийн 73-67 УНЕ улсын дугаартай автомашины 2 ширхэг аккумулятор, “Дэйвү” маркийн 53-27 УНӨ улсын дугаартай иргэн Б.Сайнжаргалын автомашины 2 ширхэг аккумулятор, “Исүзү” маркийн 45-28 УНП улсын дугаартай иргэн Л.Батзоригийн автомашины 2 ширхэг аккумулятор, “Хьюндай” маркийн 64-20 УНМ улсын дугаартай иргэн Л.Батзоригийн автомашины 2 ширхэг аккумулятор, “Хьюндай” маркийн 80-59 УБЛ улсын дугаартай иргэн Б.Жаргалсайханы 2 ширхэг аккумулятор, “Киа” маркийн 45-07 УНС улсын дугаартай иргэн Г.Түмэнжаргалын автомашины 2 ширхэг аккумулятор буюу нийт 6 автомашины 12 ширхэг аккумуляторыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 2.706.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

Ц.Лувсанданзан, Т.Пэрэнлэй нар бүлэглэн 2018 оны 9 дүгээр сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мах маркет” ХХК-ийн орчимд байрлах 1-23 тоот хашаанд хүн нэвтрэх зориулалттай хаалгаар нь бус, бусдын хууль бус нэвтрэлтээс хамгаалсан хашааг нь давж нэвтрэн орж бусдын эд хөрөнгийг харуул хамгаалалтад нь мэдэгдэлгүйгээр тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч иргэн Э.Нямдоржийн эзэмшлийн 91-98 УБД улсын дугаартай “Камаз” маркийн тээврийн хэрэгслийн 2 ширхэг аккумуляторыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 396.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

Ц.Лувсанданзан, Т.Пэрэнлэй нар бүлэглэн 2018 оны 9 дүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “JDL” зочид буудлын гадна байрлуулсан иргэн Б.Ариунболдын эзэмшлийн “Хово” маркийн 72-26 УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийн 2 ширхэг аккумуляторыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 396.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

Ц.Лувсанданзан, Т.Пэрэнлэй нар бүлэглэн 2018 оны 9 дүгээр сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дэвшлийн 1-9 тоот хашаанд хүн нэвтрэх зориулалттай хаалгаар нь бус, бусдын хууль бус нэвтрэлтээс хамгаалсан хашааг нь давж нэвтрэн орж бусдын эд хөрөнгийг харуул хамгаалалтад нь мэдэгдэлгүйгээр тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч иргэн Д.Мөнх-Эрдэнийн эзэмшлийн “Норд” маркийн 64-24 УНГ, 96-73 УБЛ улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийн 4 ширхэг аккумуляторыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 840.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

Ц.Лувсанданзан, Т.Пэрэнлэй нар бүлэглэн 2018 оны 9 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Молор трейд” ХХК-ийн хашаанд хүн нэвтрэх зориулалттай хаалгаар нь бус, бусдын хууль бус нэвтрэлтээс хамгаалсан хашааг нь давж нэвтрэн орж бусдын эд хөрөнгийг харуул хамгаалалтад нь мэдэгдэлгүйгээр тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч тус компанийн буюу С.Нарангэрэлийн эзэмшлийн “Бэйбэн Эн Ди 5254 Миксер” загварын 33-01 УБҮ, 33- 41 УБҮ, 33-16 УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийн 792.000 төгрөгийн үнэ бүхий 6 ширхэг аккумулятор, 72.000 төгрөгийн ком багажийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 864.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: Ц.Лувсанданзан, Б.А, М.Б нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар,

Ц.Лувсанданзан, Т.Пэрэнлэй нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “...Анхан шатны шүүхийн гэм буруугийн хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлаад шүүгдэгч Ц.Лувсанданзан, Т.Пэрэнлэй, М.Б, Б.А нарт холбогдох хэргийг энэ шүүх хуралдаанаар эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна гэж шүүх дүгнэлээ.

Учир нь, хяналтын прокуророос шүүгдэгч Ц.Лувсанданзан, Т.Пэрэнлэй нарыг бүлэглэн 2018 оны 9 дүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “JDL” зочид буудлын гадна байрлуулсан иргэн Б.Ариунболдын эзэмшлийн “Хово” маркийн 72-26 УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийн 2 ширхэг аккумуляторыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 396.000 төгрөгийн хохирол учруулсан гэх үйлдлийг урьд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллагдагчаар татах тогтоол үйлдсэн байх ба уг тогтоолд “2020 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн 246 дугаартай тогтоолоор нэмэлт өөрчлөлт оруулахдаа дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолыг хэвээр үлдээсүгэй” гэжээ. /4хх-195/

Түүнчлэн хяналтын прокуророос шүүгдэгч Ц.Лувсанданзан, Т.Пэрэнлэй нарыг бүлэглэсэн гэх 4 үйлдлийн 2018 оны 9 дүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “JDL” зочид буудлын гадна байрлуулсан иргэн Б.Ариунболдын эзэмшлийн “Хово” маркийн 72-26 УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийн 2 ширхэг аккумуляторыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 396.000 төгрөгийн хохирол учруулсан гэх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан зүйлчилж, бусад 3 үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан зүйлчилж ирүүлсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж заасан Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзнэ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.17 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Эрүүгийн хуулийн ямар зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэрэгт буруутгаж байгаа тухай заана. . ..” гэж хуульчилсан байна.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Ц.Лувсанданзан, Т.Пэрэнлэй нарыг бүлэглэн хохирогч Б.Ариунболдын эд зүйлийг хулгайлж авсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт буруутгаж яллагдагчаар татсан тогтоол үйлдэж, уг зүйл заалтаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байхад уг үйлдлийг тэдний бусад 3 үйлдэлд буруутгагдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт хамааруулан шийдвэрлэх боломжгүй юм.

Эдгээр байдал нь шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй үндэслэлд хамаарах тул Ц.Лувсанданзан, Т.Пэрэнлэй, М.Б, Б.А нарт холбогдох хэргийг Баянгол дүүргийн прокурорын газарт буцаав.

Шүүх хуралдаан дээр шүүгдэгч Т.Пэрэнлэй “...Ц.Лнамайг гэмт хэрэгт гүтгэж, гөлийчихөөд дуугарахгүй байна. ...” гэх мэтчилэнгээр мэдүүлж байгаа нь гэмт хэрэгт хамт шалгагдсан хүнийг дарамталж буй байдалтай байна гэж шүүх дүгнэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар цагдан хорив.

Шүүгдэгч Ц.Лн хувьд хэрэг шүүхэд хянагдах явцад шүүхийн дуудсан цагт удаа дараа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан үүргээ биелүүлээгүй нь цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах хуулийн үндэслэл болно.

Хэргийг прокурорт очтол шүүгдэгч Б.Ат урьд авсан “хувийн баталгаа гаргах”, шүүгдэгч М.Бд авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Т.Пэрэнлэй, Ц.Лнарын хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий газрын харьяа хаалттай 461 дүгээр ангид цагдан хорьж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор С.Цэрэндорж бичсэн эсэргүүцэлдээ: “...Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 16.2 дугаар зүйл, 32.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасны дагуу хуульд заасан энэхүү үүргээ хэрэгжүүлж, хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд боломжтой гэж үзэж үнэлэлт дүгнэлт өгсөн болно.

Шүүгдэгч Ц.Лувсанданзан, Т.Пэрэнлэй нарын бүлэглэн 2018 оны 9 дүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “LSD” зочид буудлын гадна байрлуулсан иргэн Б.Ариунболдын эзэмшлийн “Хово” маркийн 72-26 УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийн 2 ширхэг аккумуляторыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 396.000 төгрөгийн хохирол учруулсан гэх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан зүйлчилж, бусад 3 үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.17 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Эрүүгийн хуулийн ямар зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэрэгт буруутгаж байгаа тухай заана...” гэж хуульчилсны дагуу эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд хяналтын прокуророос 2020 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн 240 дугаартай прокурорын тогтоолоор яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу хууль зүйн үнэлэлт дүгнэлт өгч шийдвэрлэсэн.

Шүүгдэгч Ц.Лувсанданзан, Т.Пэрэнлэй нарын бүлэглэн хохирогч Б.Ариунболдын эд зүйлийг хулгайлж авсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйлдлийг шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар гэмт буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага оногдуулж хууль зүйн дүгнэлт хийх бүрэн боломжтой гэж үзнэ.

Эсхүл шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаар”-ын хүрээнд хууль зүйн дүгнэлт хийж хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой юм.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 16.2 дугаар зүйл, 32.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасны дагуу хуульд заасан энэхүү үүргээ хэрэгжүүлж, хуульд заасны дагуу мөрдөн шалгах бүхий л ажиллагааг явуулсан байхад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн хуулийн шаардлагад нийцээгүй буюу мөрдөн шалгах ямар ажиллагаа хийх нь ойлгомжгүй байгаа нь тус заалтыг зөрчсөн гэж үзнэ.

Өөрөөр хэлбэл, шүүх хуралдаанаар нөхөн хийж болохгүй ажиллагаанд тодорхой мөрдөн шалгах ажиллагаа явуулж байж нотлох баримт шинээр цуглуулах, гэмт хэрэгт сэрдэгдсэн бусад этгээдийг олох, түүнчлэн өөр газарт мөрдөн шалгах ажиллагаа явуулах шаардлагатай байхыг ойлгоно.

Хэрэв шинэ баримт бичиг, эд мөрийн баримтыг олж аван шинжээчийн дүгнэлт гаргах шаардлагатай буюу яллах дүгнэлтэд заасан хэргийн зүйлчлэлийн хүрээнд хэргийн бодит байдал эрс өөрчлөгдөх үндэслэл тогтоогдохгүй байх тул хэргийг шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд эцэслэн шийдвэрлэх боломжтой юм.

Шүүгдэгч Ц.Лувсанданзан, Б.А, М.Б нар бүлэглэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар тус тус гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлснийг шүүх хүлээн авч яллагдагчийг шүүхэд шилжүүлэх тухай шийдвэр гаргасан бөгөөд анхан шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны явцад... “мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийлгэх шаардлагатай” гэж үзээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг баримтлан хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.

Учир нь, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийлгэхээр хэргийг прокурорт буцаах асуудлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр шийдвэрлэхээр зохицуулсан.

Тодруулбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “...шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллах дүгнэлтэд заасан гэмт хэргийн хүрээнд талуудын гаргасан хүсэлт, гомдлоор, эсхүл шүүгч өөрийн санаачилгаар дараах асуудлыг хянан хэлэлцэж шийдвэр гаргана. ...”,

-6.13-т “...нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх талаар энэ хуульд заасан журам зөрчигдсөн талаар гаргасан гомдол. ...”,

-6.15-т “...мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх хүсэлт. ...”,

12 дахь хэсэгт урьдчилсан хэлэлцүүлгээр энэ зүйлийн 6.13, 6.14, 6.15, 6.16-д заасан гомдол, хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй бол хэлэлцэхгүй орхиж, анхан шатны шүүх хуралдаанаар уг гомдол, хүсэлтийг шийдвэрлэнэ”... гэж,

мөн хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Урьдчилсан хэлэлцүүлгийн үед дараах үндэслэлээр шүүх өөрийн санаачилгаар, эсхүл хэргийг буцаах тухай прокурорын санал, яллагдагч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн хүсэлтийг харгалзан хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэнэ. ...”,

1.2-т “шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх бол” гэж тус тус заажээ.

Гэтэл “нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх, мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх” талаарх асуудлыг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шатанд бус хэргийг анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх явцад шүүх хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй болно.

Шүүхэд шилжүүлсэн хэрэгт анхан шатны шүүх хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт хийсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 дахь заалтад зааснаар шүүгчийн захирамжид заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчсөн гэж үзнэ.

Иймд Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 2020/ШЗ/1774 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар улсын яллагчийн эсэргүүцэл бичив. ...” гэжээ.

Прокурор Н.Мөнхцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Прокурор С.Цэрэндоржийн бичсэн эсэргүүцлийг дэмжин оролцож байна. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид “...Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно. ...” гэж дурдсан. Гэмт хэрэг гэдэг нь бие даасан шинжтэй байхыг шаардана. Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд тухайн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдалд тохируулан ял шийтгэл оногдуулахыг тусгасан. Прокурор яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулахдаа хэвээр үлдээж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий шийдвэр гарсан гэж үзэж байна. Үүнийг шүүх хуулийн заалтыг илтэд буруу тайлбарлаж хэргийг буцаасан нь үндэслэлгүй байна. Мөн урьдчилсан хэлэлцүүлгээр хэргийг хэлэлцэх ёстой байсан. ...” гэв.

Шүүгдэгч Ц.Лн өмгөөлөгч П.Гансүх тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээж өгнө үү. Ц.Лн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж өгнө үү. Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзвэл Ц.Лн сэтгэцийн байдал нь хэрэг хүлээх чадвартай эсэх нь эргэлзээтэй байдлаар харагдахаар сэтгэцийн дүгнэлт гарсан байдаг. ...” гэв.

Шүүгдэгч М.Бгийн өмгөөлөгч Б.Долгорсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү. Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчимд зааснаар нэг гэмт хэрэгт нэг л удаа ял шийтгүүлэх ёстой. Анхан шатны шүүх энэ гэмт хэргийг нэг гэмт хэргийн шинжтэй үргэлжилсэн нэг гэмт хэрэгт тооцохоор дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. ...” гэв.

Шүүгдэгч Т.П өмгөөлөгч Г.Ганцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, миний үйлчлэгчийн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж өгнө үү. Миний үйлчлүүлэгчийг өөрийгөө өмгөөлж үг хэлсний төлөө цагдан хорьсон гэж үзэхээр байна. Т.Пэрэнлэй нь 4 бага насны хүүхэдтэй бөгөөд эхнэр нь хөгжлийн бэрхшээлтэй учраас ганцаараа ажил хийж ар гэрээ асран хамгаалдаг. Ар гэрийн нөхцөл байдлыг харгалзан үзэж хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авч өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар эсэргүүцлийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Шүүгдэгч Ц.Лувсанданзан, М.Б, Т.Пэрэнлэй, Б.А нарт холбогдох хэргийг хянан хэлэлцээд прокурорт буцаасан шүүгчийн захирамж нь хууль ёсны, үндэслэлтэй болж чадаагүй байна гэж үзэв.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судлан үзэхэд, Ц.Лувсанданзан, М.Б, Т.Пэрэнлэй, Б.А нарт холбогдох эрүүгийн хэргийн мөрдөн шалгах ажиллагаа бүрэн гүйцэд хийгдсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг шалган тогтоожээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж заасан бөгөөд прокурор хуульд заасан чиг үүргийнхээ хүрээнд шүүх хуралдаанд гэрч, хохирогч, шинжээч зэрэг оролцогч нарыг оролцуулах талаар хүсэлт гарган шийдвэрлүүлж, шүүх хуралдаанд хэргийн бодит байдлыг тогтоох чиг үүргийг хэрэгжүүлэх боломжтой байна.

Түүнчлэн, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гэрч, хохирогч зэрэг оролцогч нарыг оролцуулах талаар хүсэлт гарган шийдвэрлүүлж, цагаатгах, ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тогтоох ажиллагааг хэрэгжүүлэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчимд нийцнэ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан зохицуулалтын хүрээнд шийдвэрлэх нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно. ...” гэж хуульчилжээ.

Шүүгдэгч Ц.Лувсанданзан, Т.Пэрэнлэй нарын бүлэглэн хохирогч Б.Ариунболдын эд зүйлийг хулгайлж авсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилснийг шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийн хүрээнд шүүгдэгчид ашигтай байдлаар хууль зүйн дүгнэлт хийх бүрэн боломжтой гэж үзэв.

Энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй байх тул “...шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх...”-ээр бичсэн прокурорын 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 64 дугаартай эсэргүүцлийг хүлээн авч, Ц.Лувсанданзан, М.Б, Т.Пэрэнлэй, Б.А нарт холбогдох хэргийг шүүхээр дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцааж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцтэл Ц.Лувсанданзан, М.Б, Т.Пэрэнлэй нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг, Б.Ат авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 2020/ШЗ/1774 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Ц.Лувсанданзан, М.Б, Т.Пэрэнлэй, Б.А нарт холбогдох хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцтэл шүүгдэгч Ц.Лувсанданзан, М.Б, Т.Пэрэнлэй нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг, Б.Ат авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Т.ӨСӨХБАЯР

ШҮҮГЧ                                                            М.ПҮРЭВСҮРЭН

                        ШҮҮГЧ                                                            Ш.БАТ-ЭРДЭНЭ