Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 2021/ШЦТ/68

 

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга М.Солонго хөтлөн,

улсын яллагч С.Цэрэндорж,

шүүгдэгч Ц.Лувсанданзан, түүний өмгөөлөгч П.Гансүх,

шүүгдэгч М.Бат-Амгалан, түүний өмгөөлөгч Б.Долгорсүрэн,

шүүгдэгч Т.Пэрэнлэй, түүний өмгөөлөгч Г.Ганцэцэг,

шүүгдэгч Б.Агваанпүрэв, түүний өмгөөлөгч Д.Амаржаргал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос

Ц.Лувсанданзанг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт,

Б.Агваанпүрэв, М.Бат-Амгалан  нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт,

Т.Пэрэнлэйг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1805048141138 дугаартай 4 хавтаст хэргийг 2020 оны 12 дугаар сарын 14-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2000 оны 8 дугаар сарын 16-нд Баянхонгор аймгийн Баянцагаан суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эх, 2 дүүгийн хамт Баянгол дүүргийн 20 дугаар хороо 1 дүгээр гудамж Хишиг арвих ХХК-ны хашаанд  оршин суудаг, улсаас авсан шагналгүй, урьд ял шийтгэлгүй /РД:ВЕ00281617/, Бэрс овогт Цэндийн Лувсанданзан.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1991 оны 01 дүгээр сарын 01-нд Баянхонгор аймгийн Баянцагаан суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, боловсролгүй, сантехникч мэргэжилтэй, Өнхрүүш ХХК-д гурил зуурагч ажилтай ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт Баянгол дүүргийн 20 дугаар хороо 1 гудамжны Эвт уянга ХХК-ийн хашаа оршин суудаг, улсаас авсан шагналгүй, урьд ял шийтгэлгүй /РД:ВЕ91010115/, Дархан овогт Тавхайн Пэрэнлэй. 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1999 оны 5 дугаар сарын 27-нд Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, автомеханикч мэргэжилтэй, “Хаан хүнс” ХХК-д жолооч ажилтай, ам бүл 10, эцэг, эх, ах, эгч, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүрэг 1 дүгээр хороо Толгойтын 97 дугаар гудамжны 11 тоотод оршин суудаг,  улсаас авсан шагналгүй, урьд ял шийтгэлгүй, /РД:УП99052775/, Боржигин овогт Баасангийн Агваанпүрэв.

Шүүгдэгч: Монгол  Улсын иргэн, 1997 оны 5 дугаар сарын 22-нд Булган аймагт төрсөн, 24 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Сонгинохайрхан 1 дүгээр хороо Толгойтын 84-5 тоотод оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 430 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдсэн, /РД:ГБ97052218/ Намнан өвөр овогт  Мандширийн Бат-Амгалан.   

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

 Ц.Лувсанданзан, Б.Агваанпүрэв, М.Бат-Амгалан нар бүлэглэн;

2017 оны 6 дугаар сарын 30-ны шөнө Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Гангүүр ХХК-ийн хашаанд хүн нэвтрэх зориулалттай хаалгаар нь бус, бусдын хууль бус нэвтрэлтээс хамгаалсан хашааг нь давж нэвтрэн орж бусдын эд хөрөнгийг харуул хамгаалалтад нь мэдэгдэлгүйгээр тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч Ж.Энхтөрийн Норд маркийн чирэгч загварын 08-57 УНГ, Норд маркийн самосвал загварын 19-96 УНҮ улсын дугаартай, Норд маркийн самосвал загварын 09-17 УНГ улсын дугаартай, Зоомилион маркийн /25тн/ автокран загварын 38-42 УНТ улсын дугаартай нийт 4 автомашины 8 ширхэг аккумульяторыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 1.736.000 төгрөгийн хохирол учруулсан хулгайлах гэмт хэргийг учрах саадыг арилгах зорилгоор машин механизм буюу Хьюндай маркийн грейс загварын 5007 УБЛ улсын дугаартай автомашиныг ашиглаж үйлдсэн хулгайлах гэмт хэрэг,

2017 оны 7 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Мэргэн Хангал Конкрит ХХК-ийн хашаанд хүн нэвтрэх зориулалттай хаалгаар нь бус, бусдын хууль бус нэвтрэлтээс хамгаалсан хашааг нь давж нэвтрэн орж бусдын эд хөрөнгийг харуул хамгаалалтад нь мэдэгдэлгүйгээр тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч Б.Хишигмаагийн Хово маркийн миксер загварын 19-08 УНЭ, 33-96 УНА, 24-93 УНР, 36-57 УНА улсын дугаартай нийт 4 автомашины 8 ширхэг аккумульяторыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 1.734.000 төгрөгийн хохирол учруулсан хулгайлах гэмт хэргийг учрах саадыг арилгах зорилгоор машин механизм буюу Хьюндай маркийн грейс загварын 5007 УБЛ улсын дугаартай автомашиныг ашиглаж үйлдсэн хулгайлах гэмт хэрэг,  

2017 оны 10 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах MIRC ХХК-ний хашаанд хүн нэвтрэх зориулалттай хаалгаар нь бус, бусдын хууль бус нэвтрэлтээс хамгаалсан хашааг нь давж нэвтрэн орж бусдын эд хөрөнгийг харуул хамгаалалтад нь мэдэгдэлгүйгээр тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч Э.Ганбатын Хово маркийн миксер загварын 58-69 УНӨ улсын дугаартай автомашин, Ц.Батмөнхийн Хово маркийн самосвал загварын 38-63 УБР улсын дугаартай нийт 2 автомашины 4 ширхэг аккумульяторыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 708.000 төгрөгийн хохирол учруулсан хулгайлах гэмт хэргийг учрах саадыг арилгах зорилгоор машин механизм буюу Хьюндай маркийн грейс загварын 5007 УБЛ улсын дугаартай автомашиныг ашиглаж үйлдсэн хулгайлах гэмт хэрэг,

Ц.Лувсанданзан, М.Бат-Амгалан нар бүлэглэн;       

2017 оны 8 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Эс Ти Эй ХХК-ийн хашаанд хүн нэвтрэх зориулалттай хаалгаар нь бус, бусдын хууль бус нэвтрэлтээс хамгаалсан хашааг нь давж нэвтрэн орж бусдын эд хөрөнгийг харуул хамгаалалтад нь мэдэгдэлгүйгээр тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч Я.Отгонбаярын Хово маркийн миксер загварын 21-84 УБЗ, 22-04 УБЗ, 22-05 УБЗ, 22-09 УБЗ улсын дугаартай нийт 4 автомашины 8 ширхэг аккумульяторыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 1.326.000 төгрөгийн хохирол учруулсан хулгайлах гэмт хэрэг,

2017 оны 10 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах MIRC ХХК-ийн хашаанд хүн нэвтрэх зориулалттай хаалгаар нь бус, бусдын хууль бус нэвтрэлтээс хамгаалсан хашааг нь давж нэвтрэн орж бусдын эд хөрөнгийг харуул хамгаалалтад нь мэдэгдэлгүйгээр тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч Л.Бат-Эрдэнийн Хово маркийн миксер загварын 73-67 УНЕ улсын дугаартай автомашины 2 ширхэг аккумулъятор, Дэйвү маркийн Помп загварын 53-27 УНӨ улсын дугаартай иргэн Б.Сайнжаргалын автомашины 2 ширхэг аккумулъятор, Исүзү маркийн миксер загварын УНП улсын дугаартай иргэн Л.Батзоригийн автомашины 2 ширхэг аккумулъятор, Хьюндай маркийн миксер загварын 64-20 УНМ улсын дугаартай иргэн Л.Батзоригийн автомашины 2 ширхэг аккумулъятор, Хьюндай маркийн миксер загварын 80-59 УБЛ улсын дугаартай иргэн Б.Жаргалсайханы 2 ширхэг аккумулъятор,  Киа маркийн миксер загварын 45-07 УНС улсын дугаартай иргэн Г.Түмэнжаргалын автомашины 2 ширхэг аккумулъятор буюу нийт 6 автомашины 12 ширхэг аккумульяторыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 2.706.000 төгрөгийн хохирол учруулсан хулгайлах гэмт хэрэг, 

Ц.Лувсанданзан, Т.Пэрэнлэй нар бүлэглэн;

2018 оны 9 дүгээр сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Мах маркет ХХК-ийн орчимд байрлах 1-23 тоот хашаанд хүн нэвтрэх зориулалттай хаалгаар нь бус, бусдын хууль бус нэвтрэлтээс хамгаалсан хашааг нь давж нэвтрэн орж бусдын эд хөрөнгийг харуул хамгаалалтад нь мэдэгдэлгүйгээр тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч иргэн Э.Нямдоржийн эзэмшлийн 91-98 УБД улсын дугаартай Камаз маркийн кран загварын тээврийн хэрэгслийн 2 ширхэг аккумульяторыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 396.000 төгрөгийн хохирол учруулсан хулгайлах гэмт хэрэг,

2018 оны 9 дүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах JDL зочид буудлын гадна байрлуулсан иргэн Б.Ариунболдын эзэмшлийн Хово маркийн 72-26 УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийн 2 ширхэг аккумульяторыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлан авч бусдад 396.000 төгрөгийн хохирол учруулсан хулгайлах гэмт хэрэг,

2018 оны 9 дүгээр сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дэвшлийн 1-9 тоот хашаанд хүн нэвтрэх зориулалттай хаалгаар нь бус, бусдын хууль бус нэвтрэлтээс хамгаалсан хашааг нь давж нэвтрэн орж бусдын эд хөрөнгийг харуул хамгаалалтад нь мэдэгдэлгүйгээр тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч иргэн Д.Мөнх-Эрдэнийн эзэмшлийн Норд маркийн бенз загварын 64-24 УНГ, 96-73 УБЛ улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийн 4 ширхэг аккумульяторыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлан авч бусдад 840.000 төгрөгийн хохирол учруулсан хулгайлах гэмт хэрэг,

2018 оны 9 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Молор трейд ХХК-ний хашаанд хүн нэвтрэх зориулалттай хаалгаар нь бус, бусдын хууль бус нэвтрэлтээс хамгаалсан хашааг нь давж нэвтрэн орж бусдын эд хөрөнгийг харуул хамгаалалтад нь мэдэгдэлгүйгээр тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч тус компанийн буюу С.Нарангэрэлийн эзэмшлийн Бэйбэн Эн Ди 52-54 Миксер загварын 33-01 УБҮ, 33-41 УБҮ, 33-16 УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийн 792,000 төгрөгийн үнэ бүхий 6 ширхэг аккумульятор, 72,000 төгрөгийн ком багажийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 864.000 төгрөгийн хохирол учруулсан гэсэн гэмт хэргүүдэд тус тус холбогджээ.

                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ц.Лувсанданзан шүүхийн хэлэлцүүлэгт: Шүүхэд мэдүүлэх зүйлгүй. Би өөрийн  холбогдсон хулгайн 9 үйлдлээ зөвшөөрч байгаа. Пэрэнлэй ах манай нагац ах юм. Надтай хамт хулгайн үйлдэл хийгээгүй. Би айсандаа тэгээд мэдүүлчихсэн юм.  Надтай Пэрэнлэй ах хулгай хийгээгүй, өөр нэг ах хамт хулгай хийсэн. Би нэрийг нь мэдэхгүй гэв.

Шүүгдэгч Т.Пэрэнлэй шүүхийн хэлэлцүүлэгт: Би хулгайн гэмт хэрэг Лувсанданзантай бүлэглэж үйлдээгүй. Лувсанданзан, Бадамдорж нар намайг яагаад хулгай хийсэн гэж мэдүүлснийг би ойлгохгүй байна. Шүүх үнэн зөвөөр шийдэж өгнө үү гэв.

Шүүгдэгч Б.Агваанпүрэв шүүхийн хэлэлцүүлэгт: Би мэдүүлэг өгөхгүй. Яллах дүгнэлтийг зөвшөөрч байгаа.  Өөрт оногдох 1.394.000 төгрөгийн хохиролоо төлсөн. 50-07 улсын дугаартай грейс маркийн автомашин манай ахын машин байгаа юм. Шүүх хөнгөн ял шийтгэж өгнө үү гэв.

Шүүгдэгч М.Бат-Амгалан шүүхийн хэлэлцүүлэгт: Би өөрийн үйлдсэн 5 үйлдлээ зөвшөөрч байгаа. Хорих ангид ажил хийж байгаад хохирогч нарын хохиролыг төлж барагдуулна. Шүүхээс хөнгөн ял оногдуулж өгнө үү гэв.

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Ц.Лувсанданзанг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт,

Б.Агваанпүрэв, М.Бат-Амгалан  нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт,

Т.Пэрэнлэйг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.     

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн мэдүүлгүүд зэргийг үндэслэн гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хэргийн үйл баримтыг үйлдэл тус бүрээр шүүх дүгнэвэл;

Нэг. Шүүгдэгч Ц.Лувсанданзан, Б.Агваанпүрэв, М.Бат-Амгалан нар бүлэглэн   2017 оны 6 дугаар сарын 30-ны шөнө Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Гангүүр ХХК-ийн хашаанд хүн нэвтрэх зориулалттай хаалгаар нь бус, бусдын хууль бус нэвтрэлтээс хамгаалсан хашааг нь давж нэвтрэн орж бусдын эд хөрөнгийг харуул хамгаалалтад нь мэдэгдэлгүйгээр тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч Ж.Энхтөрийн Норд маркийн чирэгч загварын 08-57 УНГ, Норд маркийн самосвал загварын 19-96 УНҮ улсын дугаартай, Норд маркийн самосвал загварын 09-17 УНГ улсын дугаартай, Зоомилион маркийн /25тн/ автокран загварын 38-42 УНТ улсын дугаартай нийт 4 автомашины 8 ширхэг аккумульяторыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 1.736.000 төгрөгийн хохирол учруулсан хулгайлах гэмт хэргийг учрах саадыг арилгах зорилгоор машин механизм буюу Хьюндай маркийн грейс загварын 50-07 УБЛ улсын дугаартай автомашиныг ашиглаж үйлдсэн болох нь:

 хохирогч Ж.Энхтөр мөрдөн байцаалтад “2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 16 цагийн орчим Гангүүр ХХК-ийн болон ажлын хашаанд манай ажилчид болон миний бие ажлын цаг дуусаад Норд бенз маркийн 4 ширхэг ачааны автомашиныг байрлуулж тавиад гэр гэр рүүгээ явж амарсан. Манай ажил хагас бүтэн сайнд амраад 2017.07.03-ны өдөр ажилдаа ирээд 13 цагийн орчим жолооч нартайгаа машинаа асаах гэтэл 4 машины 8 ширхэг аккумлятор алдагдсан байсан. Би компанийн хашаанд тавьсан байсан. Норд бенз маркийн, 08-57 унг улсын дугаартай шалаанз машины 180 ампертай 2 ширхэг аккумлятор алдагдсан. Норд бенз самосвал маркийн 09-17 УНГ улсын дугаартай автомашины атлас нэртэй 180 ампертай 2 ширхэг аккумлятор Самосвал бебентрак маркийн 19-96 УНҮ улсын дугаартай автомашины 180 ам/тай 2 ширхэг аккумлятор, Кран маркийн 38-42 унт улсын дугаартай машины 200 ам/цагтай 2 ширхэг аккумлятор алдагдсан нэг машинд 2 ширхэг аккумлятор ордог үнэлэхдээ 2016 оны 8 дугаар сард авсан нэг ширхэгийг нь 350.000 төгрөгөөр худалдан авсан энэ үнээр нь үнэлж байгаа нийт 2.800.000 төгрөг болно...” гэсэн мэдүүлэг / 2 хх-ийн 190-193/,      

гэрч Д.Бямбадорж  мөрдөн байцаалтад“...2017 оны 7 дугаар сарын 04-ний өдөр манай байгууллагын хашаан дотор байсан Самосва́л , хово, шаланз машинуудын нийт 8 ширхэг аккумляторууд хулгайд алдагдсан...манайх хашаан дотроо нэг нохойтой гаднаас танихгүй хүн орж ирэхээр хуцдаг...миний гараан дээр ямар нэг хүн гаднаас ирсэн асуудал байхгүй. ” гэсэн мэдүүлэг / 2хх-ийн 198-199/,                    гэрч О.Галбадрах мөрдөн байцаалтад “2017 оны 7 дугаар сарын 03-ны өдөр намайг харуулаар ажиллаж байхад гаднаас ажилчид ирээд машинаа асаах гэтэл самосвал, хово машинуудын аккумлятор хулгайд алдагдсан байна гэсэн тэрний дагуу цагдаагийн байгууллагад бүртгүүлсэн...” гэсэн мэдүүлэг / 2хх-ийн 200/,

 гэрч Ж.Дугарсүрэн мөрдөн байцаалтад“...2017.07.03-ны өдөр ажил дээрээ ирэхэд самосвал, хово машинуудын аккумлятор хулгайд алдагдсан байна гэсэн тэрний дагуу цагдаад мэдэгдсэн...Би 2017.7.02-ны өглөө өмнөх харуулаас ажлаа хүлээж авахдаа машинуудын аккумляторуудыг шалгаж үзээгүй. Харуулаар гарахад зарим камерууд нь ажиллахгүй байсан. Би өмнөх харуулаасаа яагаад камер ажиллахгүй байгааг асуугаагүй.” гэсэн мэдүүлэг / 2 хх-ийн 201/,

2018 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланд“ нийт 8 ширхэг аккумлятор...1.736.000 /нэг сая долоон зуун гучин зургаан мянга/ төгрөгөөр үнэлэгдэв...” гэсэн тэмдэглэл /2 хх-ийн 194-195/,

 Яллагдагчаар М.Бат-Амгалан мөрдөн байцаалтанд “...Би 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Архангай аймгийн Батцэнгэл сум руу явж Болд гэх хүний малыг маллаж байгаад 2017 ны өдөр Улаанбаатар хотод ирсэн юм...” гэсэн мэдүүлэг /3-р хх-ийн 134-135/,

Яллагдагчаар Б.Агваанпүрэв мөрдөн байцаалтанд: “...2017 оны 6 дугаар сарын сүүлээр өдрийг нь сайн санахгүй байна. Аав Баасангийн 50-07 УБЛ улсын дугаартай микро автобустай шугаманд явж байгаад 5 шарын автобусны буудал дээр Бат-Амгалантай таарсан ба Бат-Амгалан дөнгөж хөдөөнөөс орж ирлээ, би Сансар дэлгүүрийн урдаас аккумлятор ачаад Энхжингийн хажууд буулгаад өгчих би 30.000 төгрөг өгье гэхээр нь би 30.000 төгрөг хаа юм бэ гэж бодоод зөвшөөрсөн. Тэр үед Бат-Амгалан Лувсанданзанг дагуулаад машинд орж ирж суусан. Тэгээд би ачиж явсан хүнээ Нарангийн голын эцсийн буудал дээр буулгачихаад буцаж 5 шарын Сансар дэлгүүрийн үүдэнд ирж зогссон чинь М.Бат-Амгалан ахаасаа аккумлятор аваад ирье зогсож байгаарай гэж хэлээд Лувсанданзанг дагуулаад урагш зам гараад яваад өгсөн. Яг хэдэн цаг болсоныг мэдэхгүй байна нэлээд удаж байгаад Бат-Амгалан, Лувсанданзан хоёр том машины 8 ширхэг аккумлятор авч ирээд Энхжингийн баруун талд байх түүхий эдийн цэг дээр аккумляторыг авчирч өгсөн, би аккумляторыг худалдахад нь машинаас буугаагүй болохоор хэдэн төгрөгөөр худалдсаныг хэлж мэдэхгүй байна. Надад 30000 төгрөг өгснийг машиндаа түдш хийгээд дуусгасан юм” гэсэн мэдүүлэг /4 хх-ийн 11-13/,

Яллагдагчаар Ц.Лувсанданзан мөрдөн байцаалтад:“2017 оны 6 дугаар сард өдрийг нь санахгүй байна Тахилтын чиглэлд Батаа гэх хүний микро автобустай шугаманд кондуктор хийж явж байгаад 00 цаг болох гэж байхад таван шарын автобусны буудал дээр  буугаад ТҮЦ-нээс юм авч идээд байж байгаад  Агваанпүрэв Бат-Амгалан хоёртой таарсан чинь Бат-Амгалан хэдүүлээ  ийшээ юманд яваад ирье гэхээр нь би юунд явах гэж байгаа юм бэ гэж асуухад Бат-Амгалан юм дуугараагүй. Тэгээд бид  гурав Агваанпүрэвийн машинтай Сансар дэлгүүрийн урд очиж зогсоод Бат-Амгалан хоёулаа ийшилчихээд ирье гэхээр нь би дагаад машинаас буусан, харин Агваанпүрэв машиндаа үлдсэн. Тэгээд Бат-Амгалан  бид хоёр урагшаа төмөр замын призер даваад, төмөр замын призерын урд талд нь байх блокон хашааны гадна очоод, Бат-Амгалан намайг наанаа зогсож байгаарай гэж хэлчихээд өөрөө хашаа даваад орсон, бараг нэг цаг орчим болсон байх хашааны булангаас намайг Бат-Амгалан дуудахаар нь яваад очтол, хашаа давуулаад аккумлятор давуулж өгсөн. Яг хэдэн аккумлятор давуулж өгснийг одоо би санахгүй байна. Тэгээд би Агваанпүрэвийг машинтай нь дуудаж машинд нь ачаад бид нар аккумлятораа 22-ын товчоо руу явах замд байдаг хоёрдогч түүхий эдийн цэг дээр аваачиж өгсөн тушаасан юм. Хулгайлан авсан аккумлятораа яг хэдэн төгрөгөөр зарснаа санахгүй байна. Бат-Амгалан надад 10,000 төгрөг өгсөн. Үлдсэн мөнгийг нь Бат-Амгалан, Агваанпүрэв нар авсан юм...” гэсэн мэдүүлэг /4 хх-ийн 05-07/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

Хоёр. Шүүгдэгч Ц.Лувсанданзан, Б.Агваанпүрэв, М.Бат-Амгалан нар бүлэглэн   2017 оны 7 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мэргэн Хангал Конкрит” ХХК-ийн хашаанд хүн нэвтрэх зориулалттай хаалгаар нь бус, бусдын хууль бус нэвтрэлтээс хамгаалсан хашааг нь давж нэвтрэн орж бусдын эд хөрөнгийг харуул хамгаалалтад нь мэдэгдэлгүйгээр тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч Б.Хишигмаагийн Хово маркийн миксер загварын 19-08 УНЭ, 33-96 УНА, 24-93 УНР, 36-57 УНА улсын дугаартай нийт 4 автомашины 8 ширхэг аккумульяторыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 1.734.000 төгрөгийн хохирол учруулсан хулгайлах гэмт хэргийг учрах саадыг арилгах зорилгоор машин механизм буюу Хьюндай маркийн грейс загварын 5007 УБЛ улсын дугаартай автомашиныг ашиглаж үйлдсэн болох нь:

хохирогч Б.Хишигмаа мөрдөн байцаалтанд “...Манай “Мэргэн Хангал Конкрит” ХХК-ны үйлдвэрийн байр нь Баянгол дүүргийн 20-р хорооны нутаг дэвсгэрт ТЭЦ-4 цахилгаан станцийн урд талд “Хос Бэрс” ХХК-ийн урд талд нь байрладаг юм. Манай үйлдвэр нь бетон зуурмагийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг юм. Манай үйлдвэр Хово маркийн, Миксер маркийн нийт 15  авто машинтай. 2017 оны 07 дугаар сарын 20-ноос 21-нд  шилжих шөнийн 01 цагт манай үйлдвэрийн ажил дуусаад манай үйлдвэрийн автомашины жолооч нар үйлдвэрийнхээ хашаанд байрлуулаад үйлдвэрийн амралтын өрөөнд ороод амарсан. Тэгээд маргааш өглөө нь манай автомашины жолооч нар автомашинаа шалгахад 19-08 УНЭ,  33-96 УНА, 24-93 УНР, 36-57 УНА улсын дугаартай автомашинуудын тус бүр 2 ширхэг аккумлятор алдагдсан байсан...Манай компанийн хашаанаас хово маркийн миксер бетон зуурмагийн 4 машины 8 ширхэг аккумлятор алдагдсан. Түүнээс Solite нэртэй аккумлятор 4 ширхэг atlas нэртэй аккумлятор 2 ширхэг delcor нэртэй аккумлятор 2 ширхэг алдагдсан. Энэ аккумляторуудын solite нэртэй аккумлятор 4  ширхэг байсан.  Нэгийг нь 330.000 төгрөгөөр нийт 1.320.000 төгрөг болно. Atlas нэртэй аккумлятор 2 ширхэг delcor нэртэй аккумлятор 2 ширхэгийн нэгийг нь 295.000 төгрөгөөр нийт 1.180.000 төгрөг болно. Нийтдээ 2.500.000 төгрөгийн хохирол учирсан юм...” гэсэн мэдүүлэг / 2 хх-ийн 163-168/,     

2017 оны 07 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Мэргэн Хангал конкрит ХХК-ийн хашаанд хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл / 2хх-ийн 157/,

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн тайланд “Solite нэртэй аккумлятор 4 ширхэг,  atlas нэртэй аккумлятор 2 ширхэг,  delcor нэртэй 2 ширхэг аккумлятор нийлээд 1.734.000 /нэг сая долоо зуун гучин дөрвөн мянга/ төгрөгөөр үнэлэгдэв...” гэжээ.  /2 хх-ийн 169-170/,

Яллагдагчаар Б.Агваанпүрэв мөрдөн байцаалтанд: “...2017 оны 7 дугаар сарын 20-ны өдөр гэртээ машин эвдэрсэн машинаа засаж байхад Бат-Амгалан ирээд ээжийн бие муу байгаа тэгээд манай ах ирээд хэдэн аккумльятор аваадах ээжийн эмчилгээний мөнгө хийх гэж байгаа гэж хэлсэн. Бат-Амгалан бид хоёр Сансар дэлгүүрийн зогсоолд очиж зогссон. Тэгээд Бат-Амгалан ганцаараа буугаад явсан, явахдаа наанаа зогсож байгаарай аккумлятор ахаас аваад ирье гэж хэлээд явсан. Тэгээд удаж байгаад ирэхдээ Лувсанданзантай хамт ирсэн ирэхдээ нэг нэг аккумлятор авч ирж тавьчихаад буцаж 4 удаа явж 8 ширхэг аккумлятор авч ирсэн. Тэгээд бид 3 хамт яваад хуучин 22-ын товчооны хажууд түүхий эд авдаг цэгт очоод Бат-Амгалан, Лувсанданзан нар буугаад аккумлятораа зөөгөөд тэр газар өгсөн, хэдэн төгрөг болсоныг би мэдээгүй. Надад 10000 төгрөгөөр түлш хийж өгсөн. Тэгээд дахиж уулзаагүй юм...” гэсэн мэдүүлэг /3 хх-ийн 96-98/

Яллагдагчаар М.Бат-Амгалан мөрдөн байцаалтанд: “2017 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин сумын Хужиртын аманд байх Отгонтөр гэсэн байх нэг айлд мал маллах гэж очоод 217 оны 7 дугаар сарын 23-ны өдөр цагдаад баригдан буцаад Улаанбаатар хотод ирээд 48 цаг саатуулагдаж байсан юм...” гэсэн мэдүүлэг /3-р хх-ийн 134-135/,

Яллагдагчаар Ц.Лувсанданзан мөрдөн байцаалтанд “2017 оны 7 дугаар сард өдрөө санахгүй байна. Агваанпүрэв Бат-Амгалан хоёртой таван шарын автобусны буудал дээр таараад бид нар дахин Сансар худалдааны төвийн гадна очиж зогсоод Агваанпүрэв машиндаа үлдээд, Бат-Амгалан бид хоёр төмөр замын призерын урд талд байх том оврын олон машин зогссон хашааны гадна очоод, Бат-Амгалан  намайг наанаа хүн хараад зогсож байгаарай гэж хэлчихээд өөрөө хашаа давж орсон. Бат-Амгалан мөн нэг цагийн дараа гарч ирээд, намайг Агваанпүрэвийг дуудаад ир, би аккумляторыг хашааны үүдэн дээр гаргаад тавьчихлаа гэж хэлсэн. Тэгээд би Агваанпүрэвийг дагуулан ирж Бат-Амгалангийн хашааны гадна гаргаж тавьсан аккумляторыг ачиж, 22-ын товчоо явах замд байдаг хоёрдогч түүхий эдийн цэгт аваачин тушаасан, би яг хэдэн ширхэг аккумлятор байсныг санахгүй байна. Яг хэдэн төгрөгөөр уг аккумляторыг тушаасныг мэдэхгүй байна Бат-Амгалан 100.000 төгрөг боллоо гэж ярьж байсан. Надад 5,000 төгрөг л өгсөн, үлдсэн мөнгийг нь тэр хоёр л аваад явсан...” гэсэн мэдүүлэг /4 хх-ийн 05-07/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

Гурав. Шүүгдэгч Ц.Лувсанданзан, Б.Агваанпүрэв, М.Бат-Амгалан нар бүлэглэн 2017 оны 10 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах MIRC ХХК-ний хашаанд хүн нэвтрэх зориулалттай хаалгаар нь бус, бусдын хууль бус нэвтрэлтээс хамгаалсан хашааг нь давж нэвтрэн орж бусдын эд хөрөнгийг харуул хамгаалалтад нь мэдэгдэлгүйгээр тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч Э.Ганбатын Хово маркийн миксер загварын 58-69 УНӨ улсын дугаартай автомашин, Ц.Батмөнхийн Хово маркийн самосвал загварын 38-63 УБР улсын дугаартай нийт 2 автомашины 4 ширхэг аккумуляторыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 708.000 төгрөгийн хохирол учруулсан хулгайлах гэмт хэргийг учрах саадыг арилгах зорилгоор машин механизм буюу Хьюндай маркийн грейс загварын 5007 УБЛ улсын дугаартай автомашиныг ашиглаж үйлдсэн болох нь:

хохирогч Э.Ганбат мөрдөн байцаалтад:  “...2017 оны 10 дугаар сарын 07-ны орой цагийг нь хэлж мэдэхгүй байна орой болчихсон байхад би өөрийн эзэмшлийн 58-68 УНӨ улсын дугаартай хово маркийн цагаан өнгийн автомашинаа Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эм Ай Ар Си” ХХК-ийн хашаанд байрлуулан тавиад гэр рүүгээ явсан юм. 2017 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 09 цагт  БГД-ийн 20 хорооны нутаг дэвсгэрт байрлах mirc компанийн хашаанд ирээд өөрийн эзэмшлийн 58-69 УНҮ улсын дугаартай хово маркийн миксер машин дээрээ иртэл миний автомашины 2017 оны хавар Сутайн буянт захаас нэгийг нь 350.000 төгрөгөөр авч байсан 150 ампер цагтай 2 ширхэг аккумлятор хулгайд  алдагдсан байсан...Би энэ компанийн хашаанд хово маркийн 58-69 УНҮ улсын дугаартай миксер бетон зуурмаг тээвэрлэгч машины 2 ширхэг аккумлятор алдагдсан. Энэ машинууд бол миний хувийн автомашин байгаа юм. Нэг автомашинд 2 ширхэг аккумлятор ордог. Үнэлэхдээ 2017.04 сарын сүүлээр худалдан авсан 350.000 төгрөгөөр нэг ширхэгийг нь худалдан авсан энэ үнээр нь үнэлж байна.” гэсэн мэдүүлэг / 2 хх-ийн 218-223/,    

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланд “Хово маркийн 58-69 УНӨ дугаартай машины 150 ампертай атлас, нэг машинд 2 ширхэг ордог  2 ширхэг аккумлятор 396.000 / гурван зуун ерэн зургаан мянга/ төгрөгөөр үнэлэгдэв...” /2 хх-ийн 226/,

хохирогч Ц.Батмөнх мөрдөн байцаалтад “2017 оны 10 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө 05 цагийн үед би өөрийн эзэмшлийн 38-63 УБР улсын дугаартай Хово маркийн улаан өнгийн автомашинаа Баянгол дүүргийн 20-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эм ай ар си” ХХК-ийн хашаанд ирээд машиндаа унтаж амарсан юм. Тэгээд өглөө нь буюу 2017 оны 10 дугаар сарын 08-ны 07 цагийн орчим босоод машинаа асаах гэтэл миний машины 2017 оны хавар 04-р сард Сутайн буянт захаас нэгийг нь 350.000 төгрөгөөр худалдан авч байсан 150 ампертай Атлас нэртэй 2 ширхэг аккумлятор хулгайд алдагдсан байсан...” гэсэн мэдүүлэг / 2 хх-ийн 231-236/,

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланд “ Хово маркийн самосвал автомашины 150 ампертай нэг машинд 2 ширхэг ордог 2 ширхэг аккумлятор 312.000 / гурван зуун арван хоёр мянга/ төгрөгөөр үнэлэгдэв...” /2 хх-ийн 239/,

2017 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн хэргийн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт 2017 оны 10 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах MIRC ХХК-ний хашаа / 2 хх-ийн 212-215/,

Яллагдагчаар М.Бат-Амгалан мөрдөн байцаалтанд: “2017 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Агваанпүрэв, Лувсанданзан бид 3 орой 22 цагийн үед 5 шарын автобусны буудал дээр уулзаад урьд нь хулгай хийсэн Сонсголонгийн замын баруун талд байсан зуурмагийн үйлдвэр дээр очоод Агваанпүрэв, Лувсанданзан бид 2-ыг буулгаж өгчихөөд түүхий эдийн цэг дээрээ хүлээж байя гээд яваад өгсөн. Лувсанданзан бид 2 хашааны хойд талын хаалгаар нь ороод 2 машины 4 ширхэг аккумльяторыг хулгайлан такси бариад урьд нь тушаасан түүхий эдийн цэг дээрээ авчирч 120.000 төгрөгөөр тушаагаад мөнгийг нь Агваанпүрэв бүгдийг нь авсан...” гэсэн мэдүүлэг /3 хх-ийн 134-135/, 

Яллагдагчаар Б.Агваанпүрэв мөрдөн байцаалтанд: “2017 оны 10 дугаар сарын 07-ны орой 20 цагийн үед би аавынхаа хамт хашаандаа машин янзлаад байж байтал Бат-Амгалан манайд ирээд шугаманд явах уу хоолны мөнгөгүй болчихлоо гэхээр нь би зөвшөөрөөд аавынхаа 50-07 УБЛ улсын дугаартай цагаан өнгийн грейс маркийн микро автобусаар Саппоро дээр очоод Нарангийн голын чиглэлд хүн ачаад 23 цаг өнгөртөл 3 удаа тойрч шугаманд яваад Нарангийн голын эцсийн буудал дээр ирсэн. Тухайн үед гадаа цас орох гээд хүйтэн байсан болохоор Бат-Амгаланг гэрт нь хүргэж өгсөн чинь Бат-Амгалан түр байж байгаач ээжийн бие муу байгаа юм аа, ах дээрээ очиж уулзмаар байна яваад өгөөч гэхээр нь би зөвшөөрсөн чинь Бат-Амгалан гэр рүүгээ ороод хувцасаа сольчихоод гараад ирсэн. Тэгээд бид хоёр Сансар дэлгүүрийн өмнө зогсоол дээр ирээд Бат-Амгалан ахтайгаа уулзчихаад ирье гээд буугаад яваад өгсөн. Би Бат-Амгаланг хүлээж сууж байгаад нэг мэдэхэд машиндаа унтчихсан байсан. Тэгтэл 03 цаг өнгөрч байхад Бат-Амгалан Лувсанданзанг дагуулаад 4 ширхэг аккумлятор авч ирсэн. Тэгээд бид нар аккумлятораа зарах түүхий эдийн цэг хайж нэлээд явж байгаад үүрээр 5 цагийн үед Моносын уулзварын түүхий эд авах цэг дээр аккумлятороо тушаасан. Би аккумлятор тушаахад нь буугаагүй машиндаа сууж байсан хэдэн төгрөгөөр тэр хоёр аккумлятороо тушаасныг мэдэхгүй байна. Ямар ч байсан  миний машинд 20000 төгрөгөнд түлш хийсэн юм. Бат-Амгалан, Лувсанданзан нартай нийт 3 удаагийн аккумлятор хулгайлах үйлдэлд нь оролцсон. Би эхэндээ хулгай хийж байна гэж мэдээгүй. Бат-Амгалан манай ах том тэрэг барьдаг ахаасаа аккумлятор авч байгаа юм гэж хэлж байсан.  3 дахь явалтан дээр би тэр 2-ыг хулгай хийгээд байгаа юм байна гэж бодсон юм. Тэгээд тэрнээс хойш дахин уулзаагүй юм.” гэсэн мэдүүлэг /4хх-ийн 11-12/,

Яллагдагчаар Ц.Лувсанданзан мөрдөн байцаалтанд “2017 оны 10 дугаар сард 23 цагийн үед би гэртээ байж байтал Бат-Амгалан  манай гэрт ирээд, бид хоёр такси бариад Сонсголонгийн зам дагуу байх зуурмагийн үйлдвэрийн хашааны гадна очоод сууж ирсэн таксигаа явуулчихаад хашааных нь араар тойроод хашааны ард нь очоод, би хашааных нь гадаа хүн хараад, Бат-Амгалан хашаа руу ороод 1 цаг гаруйн дараа намайг дуудаад, би хашааг нь давж ороод, Бат-Амгалангийн машинаас нь салгаад газар тавьчихсан байсан аккумляторуудыг зөөж хашаа давуулсан.  Бат-Амгалан зам дээрээс такси барьж ирээд бид хоёр хулгайлсан аккумляторуудаа таксинд ачаад 22-ын товчоо руу явах зам дагуу байдаг түүхий эдийн цэг дээр аваачиж өгсөн юм. Би одоо хэдэн аккумлятор байсан болон хэдэн төгрөгөөр зарснаа санахгүй байна. Ямар ч байсан Бат-Амгалан надад 10,000 төгрөг билүү 5,000 төгрөг өгсөн юм. Тэр өдрөөс хойш 3 билүү 4 хоногийн дараа Агваанпүрэв,  Бат-Амгалан бид нар 5 шарын автобусны буудал дээр уулзаад Бат-Амгалан бид хоёрын хулгай хийсэн Сонсголон руу явах зам дагуу байдаг зуурмагийн үйлдвэрийн ойролцоо Агваанпүрэвийг машинтай нь үлдээгээд, Бат-Амгалан бид хоёр яваад би зуурмагийн үйлдвэрийн хашааны гадаа хүн хараад,  Бат-Амгалан хашаа даван ороод 1 цаг гаран болсон байх Бат-Амгалан намайг дуудаад бид хоёр Бат-Амгалангийн тайлсан аккумляторыг зөөж хашаа давуулж гаргаад Агваанпүрэвийн машинд ачиж 22-ын товчоо руу явах зам дагуу байх түүхий эд авах цэгт тушаасан, яг хэдэн төгрөгөөр тушаасныг мэдэхгүй байна. Надад Бат-Амгалан 10.000 төгрөг өгсөн юм...” гэсэн мэдүүлэг /4 хх-ийн 05-07/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

Дөрөв.   Шүүгдэгч Ц.Лувсанданзан, М.Бат-Амгалан нар бүлэглэн   2017 оны 8 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 20 дугаар хороо, “Эс Ти Эй “ХХК-ийн хашаанд хүн нэвтрэх зориулалттай хаалгаар нь бус, бусдын хууль бус нэвтрэлтээс хамгаалсан хашааг нь давж нэвтрэн орж бусдын эд хөрөнгийг харуул хамгаалалтад нь мэдэгдэлгүйгээр тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч Я.Отгонбаярын Хово маркийн миксер загварын 21-84 УБЗ, 22-04 УБЗ, 22-05 УБЗ, 22-09 УБЗ улсын дугаартай нийт 4 автомашины 8 ширхэг аккумульяторыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 1.326.000 төгрөгийн хохирол учруулсан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь:

хохирогч Я.Отгонбаяр  мөрдөн байцаалтад: Би “Эс Ти Эй”  ХХК-д авто гражийн дарга ажилтай. Манай компани нийт 10 миксертэй, нэг нь үйлчилгээнд явдаггүй эвдрээд зогсчихсон байгаа. Өчигдөр буюу 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 20 цагийн орчим буугаад бүх машин компанийн хашаан дотор эгнүүлээд тавьчихдаг. 2017 оны 08 дугаар сарын 18-ны өглөө 08.00 цагийн орчим над руу нярав Батсүрэн хоносон болохоор 2  ширхэг аккумлятор алдчихлаа гэж залгасан. Тэгээд буцаад жаахан байж байгаад залгасанаа 4 миксер машины 8 ширхэг аккумлятор алдагдсан байна гэж залгасан...2017 оын 08 сарын 17-ны орой 22 цагийн үед манай бүх машинууд ирж хашаанд паркалж тавьсан юм. Тэгээд маргааш өглөө нь буюу 2017.08.18-ны 09 цагт ажил дээрээ ирэхэд манай компанийн 21-84УБЗ 22-04УБЗ 22-09УБЗ улсын дугаартай миксер маркийн нийт 8 ширхэг аккумлятор алдагдсан байсан юм. Манай компани 2016.08 дугаар сард Аккума төвөөс нэг бүрийг нь 280.000 төгрөгөөр худалдан авч байсан. Алдагдсан аккумлятор нь 150 ампертай аккумлятор байсан нэрийг нь мэдэхгүй байна...Манай компанийн хашаанд байсан Хово маркийн миксер бетон зуурмаг тээвэрлэгчийн машины 8 ширхэг аккумлятор алдагдсан. Энэ аккумляторууд 150 ампертай нэг машинд 2 аккумлятор ордог, үнэлэхдээ 2016 онд худалдан авсан 280,000 төгрөгөөр нэг ширхэгийг нь үнэлсэн...” гэсэн мэдүүлэг / 2 хх-ийн 132-137/,

Гэрч П.Өлзийбаяр мөрдөн байцаалтад:“...би хамгаалалтын албанд хамгаалагчаар ажиллаж байгаа юм. 2014 оноос эхлэн Баянгол дүүргийн 20-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “S.T.A” бетон зуурмагийн үйлдвэрт хамгаалагчаар ажиллаж байгаа юм. Манайх 3 ээлжтэй, 24 цаг ажлаад 48 цаг амардаг юм. Би өчигдөр буюу 2017.08.17-ны өдрийн 20.40 минутын орчим ажлаа хүлээн авсан. Өдрийн цагт харуулын байранд байж байгаад шөнийн 03-04 цагийн хооронд нүдээ амраасан. Өглөө би 05 цагт үйлдвэрийн гэрлээ унтраагаад  конторын байр руу орж нүүр гараа угаачихаад харуулын байр руугаа орсон. 07 цагийн орчимд үйлдвэрийн ажилчид ирэхэд зуурмагийн машиныг хөдөлгөх гэтэл үйлдвэрийн хашаанд байсан 4 зуурмагийн машины тус бүр 2 ширхэг аккумлятор алдагдсан байсан...манай үйлдвэрт нохойтой боловч манай нохой өчигдөр ямар нэгэн чимээ өгөөгүй.  Үйлдвэрт хяналтын камер байдаг боловч автомашин байрлаж байсан хэсэг рүү хяналтын камер тусдаггүй юм. Шөнө надад ямар нэгэн дуу чимээ ажиглагдаагүй. Өчигдөр орой хамгийн сүүлд 23 цагийн орчим манай үйлдвэрийн нярав Батсүрэн шинэ жолоочтой хамт явсан. ” гэсэн мэдүүлэг / 2 хх-ийн 143/,

Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн тайлан: “ 150 ампертай 8 ширхэг аккумлятор нийт 1.326.000 /нэг сая гурван зуун хорин зургаан мянга/ төгрөгөөр үнэлэгдэв...” /3 хх-ийн 199-200/,

Баянгол дүүргийн 20 дугаар хороо, “Эс Ти Эй” ХХК-ийн хашаа 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / 2 хх-ийн 124-128/,

Яллагдагчаар М.Бат-Амгалан мөрдөн байцаалтанд: “ 2017 оны 8 дугаар сарын 17-ны...орой нь Лувсанданзантай уулзаад 23 цагийн үед бид нар Сонсголонгийн замаар явж байгаад шороон замаар салаад нэг блокон хашааны гадаа очоод Лувсанданзан түрүүлж хашааг нь даван нохойг нь уяатай байна уу, сул байна уу, гэж шалгаад намайг дуудаад би араас нь ороод бид хоёр 4 машины 8 ширхэг аккумляторыг хулгайлан авч хашаа давуулан...явсан...” гэсэн мэдүүлэг /3-р хх-ийн 134-134/,

Яллагдагчаар Ц.Лувсанданзан мөрдөн байцаалтанд: “ 2017 оны 08 дугаар сард, би гэртээ  23 цагийн үед байж байтал Бат-Амгалан гэрт ирээд, бид хоёр алхаж явсаар ТЭЦ-4 цахилгаан станцын урд байх хашааны гадна очоод, би гадаа хүн хараад, Бат-Амгалан хашаа даван ороод 1 цагийн  дараа том автомашины аккумляторуудыг хашаа давуулан надад өгсөн, яг хэдэн ширхэг аккумлятор байсныг санахгүй байна. Тэгээд  зам дээрээс такси бариад 22-ын товчоо явах замд байдаг түүхий эдийн цэг дээр аваачиж өгсөн юм. Би бас хэдэн төгрөгөөр уг аккумляторыг хэдэн төгрөгөөр тушаасныг хэлж мэдэхгүй надад Бат-Амгалан 20,000 төгрөг өгөөд үлдсэн мөнгийг нь өөрөө авсан...” гэсэн мэдүүлэг /4 хх-ийн 05-07/ зэрэг бичгийн баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

Тав.  Шүүгдэгч Ц.Лувсанданзан, М.Бат-Амгалан нар бүлэглэн  2017 оны 10 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах MIRC ХХК-ийн хашаанд хүн нэвтрэх зориулалттай хаалгаар нь бус, бусдын хууль бус нэвтрэлтээс хамгаалсан хашааг нь давж нэвтрэн орж бусдын эд хөрөнгийг харуул хамгаалалтад нь мэдэгдэлгүйгээр тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч Л.Бат-Эрдэнийн Хово маркийн миксер загварын 73-67 УНЕ улсын дугаартай автомашины 2 ширхэг аккумулъятор, Дэйвү маркийн Помп загварын 53-27 УНӨ улсын дугаартай иргэн Б.Сайнжаргалын автомашины 2 ширхэг аккумулъятор, Исүзү маркийн миксер загварын 45-28УНП улсын дугаартай иргэн Л.Батзоригийн автомашины 2 ширхэг аккумулятор, Хьюндай маркийн миксер загварын 64-20 УНМ улсын дугаартай иргэн Л.Батзоригийн автомашины 2 ширхэг аккумулятор, Хьюндай маркийн миксер загварын 80-59 УБЛ улсын дугаартай иргэн Б.Жаргалсайханы 2 ширхэг аккумулъятор,  Киа маркийн миксер загварын 45-07 УНС улсын дугаартай иргэн Г.Түмэнжаргалын автомашины 2 ширхэг аккумулъятор буюу нийт 6 автомашины 12 ширхэг аккумуляторыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 2.706.000 төгрөгийн хохирол учруулсан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Л.Бат-Эрдэнэ мөрдөн байцаалтад: “ Би 2017 оны 10 дугаар сарын 02-ны орой Баянгол дүүргийн 20 дугаар хороо “MIRC” ХХК-ийн хашаанд өөрийн 73-67 УНЕ улсын дугаартай Хово миксер маркийн автомашинаа тавиад гэртээ харьж хоноод өглөө ажил дээрээ ирэхэд машины 150 ампертай 2 ширхэг аккумлятор хулгайд алдагдсан байсан. Тэгээд цагдаагийн хэлтэст хандсан энэ өдөр манай компанийн хашаанаас 6 машины 12 ширхэг аккумлятор алдагдсан байсан. Би машины аккумляторыг 2017 оны 9 сарын 02-ны өдөр” LUX-OIL” худалдааны төвөөс Solite нэртэй 2 ширхэг аккумляторыг нэг ширхэгийг нь 360.000 төгрөгөөр нийлээд 720.000 төгрөгөөр худалдан авсан. Үнээр нэг ширхэгийг нь 360.000 төгрөгөөр нийлээд 760.000 төгрөгөөр үнэлнэ...” гэсэн мэдүүлэг / 2 хх-ийн 82-84/,

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланд: “Solite” нэртэй Daewoo маркийн автомашины 150 ампертай 2 ширхэг аккумляторыг 594.000 /таван зуун ерэн дөрвөн мянга/ төгрөгөөр үнэлэгдэв..” /2 хх-ийн 86-87/,

хохирогч Л.Батзориг мөрдөн байцаалтад: “2017.10.02-ны шөнө “Эм Ай Ар Си” компанийн хашаанд байсан миний эзэмшлийн 45-28 УНП дугаартай миксер маркийн бетон зуурмагийн машины 2 ширхэг 150 ампертай аккумлятор нөгөө нь 64-20 УНМ дугаартай миксер бетон зуурмагийн 2 ширхэг аккумлятор 150 ампертай алдагдсан бөгөөд өөр эд зүйл алдагдаагүй юм...2017 оны 04-р сард худалдан авсан нэг ширхгийг нь 250,000 төгрөгөөр үнэлнэ явж байсан хуучин аккумлятор байсан 2 ширхэг нь атлас нэртэй нөгөө 2 нь solite нэртэй байсан бүгд 150 ампертай...” гэсэн мэдүүлэг / 2 хх-ийн 67-71/,

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланд: 2017 оны 04-р сард худалдан авсан “Solite” нэртэй Daewoo маркийн автомашины 150 ампертай 2 ширхэг аккумляторыг 528.000 /таван зуун хорин найман мянга/ төгрөгөөр үнэлэгдэв..” /2 хх-ийн 74/,

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланд: “атлас” нэртэй Daewoo маркийн автомашины 150 ампертай 2 ширхэг аккумляторыг 528.000 /таван зуун хорин найман мянга/ төгрөгөөр үнэлэгдэв..” /2 хх-ийн 79/,

хохирогч Г.Жаргалсайхан мөрдөн байцаалтад: “...Би 80-59 УБЛ улсын дугаартай миксер бетон зуурмаг тээвэрлэдэг машины 200 ампертай 2 ширхэг аккумляторыг үйлдвэрийн хашаанаас 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр алдсан юм...” гэсэн мэдүүлэг / 2хх-ийн 57-61/,

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланд:  “delcor” нэртэй 150 ампертай бетон зуурмагийн  машинд хэрэглэж байсан хуучин аккумлятор  2 ширхэг 372.000 /гурван зуун далан хоёр мянга/ төгрөгөөр үнэлэгдэв...” /2хх-ийн 63-64/,

хохирогч Б.Сайнжаргал мөрдөн байцаалтад “Би “MIRS” ХХК-д үйлдвэрийн дарга ажилтай.  2017 оны 10 дугаар сарын 02-ны орой 22 цагийн үед манай үйлдвэрийн ажил тараад би 00 цаг хүртэл хамт ажилладаг хүмүүстэйгээ ажил дээр сууж байгаад тарсан юм. Тэгээд маргааш өглөө буюу 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 09 цагт манай нягтлан Жаргалсайхан над руу залгаад үйлдвэрийн хашаанд байсан автомашины аккумлятор алдагдсан байна гэж хэлэхээр нь би 09.30 минутад ажил дээрээ ирэхэд манай үйлдвэрийн хашаанд байсан манай компани бетон зөөвөрлөж 73-67УНЕ, 64-20УНМ, 80-59УБА, 45-07УНС, 45-28УНП, 53-27УНӨ улсын дугаартай том оврын тээврийн хэрэгслүүдийн нийт 12 ширхэг 150 ампертай аккумлятор алдагдсан байсан юм. 53-27 УНӨ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь миний өөрийнх юм. Аккумляторыг нэг ширхгийг нь 290,000 төгрөгөөр худалдан авч байсан.  Одоо нэг ширхэгийг нь 290,000 үнэлнэ...Бусад автомашинууд нь манай компанид түрээсээр явдаг автомашинууд юм” гэсэн мэдүүлэг / 2 хх-ийн 46-51/,

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланд: “Daewoo” маркийн автомашины 150 ампертай 2 ширхэг аккумлятор 312.000 /гурван зуун арван хоёр мянга/ төгрөгөөр үнэлэгдэв...” /2 хх-ийн 53-54/,

хохирогч Г.Түмэнжаргал мэдүүлэхдээ “Би 2017 оны 10 дугаар сарын 02-ны орой БГД 20-р хороо MIRC ХХК-ийн хашаанд өөрийн 45-07УНС улсын дугаартай киа миксер маркийн автомашинаа тавиад гэртээ харьж хоноод өглөө ажил дээрээ ирэхэд манай ажил дээр байсан машинуудаас миний машины 150 ампертай 2 ширхэг аккумулятор хулгайд алдагдсан байсан. Би машины аккумулъяторыг 2017 оны 09 дүгээр сард худалдан авахад энэ аккумулъяторууд дагаж ирсэн Delkor нэртэй 2 ширхэг хуучин аккумляторийг нэг ширхэгийг нь 180,000 төгрөгөөр нийлээд 360,000 төгрөгөөр үнэлнэ. Өөр эд зүйл алдаагүй..” гэсэн мэдүүлэг / 2 хх-ийн 90-92/,

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланд: хуучин хэрэглэж байсан “Delkor” нэртэй 150 ампертай 2 ширхэг аккумлятор 312.000 /гурван зуун арван хоёр мянга/ төгрөгөөр үнэлэгдэв...” /2 хх-ийн 93-95/,

Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах MIRC ХХК-ийн хашаан дотор хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2 хх-ийн 36-40/,

Яллагдагчаар М.Бат-Амгалан мөрдөн байцаалтанд: “...2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр...Сонсголонгийн замын баруун талд байсан зуурмагийн үйлдвэрийн хашааны гадна очоод Лувсанданзан бид хоёрыг буулгачихаад яваад өгсөн юм. Лувсанданзан бид хоёр хашааны хойгуур давж ороод 6 том оврийн автомашины 12 ширхэг аккумляторыг хулгайлан хашааг нь давуулан зам дээрээс такси бариад Энхжингийн хажууд байдаг түүхий эд авах цэг дээр аваачиж тушаасан...” гэсэн мэдүүлэг /3 хх-ийн 134-135/,  

Яллагдагчаар Ц.Лувсанданзан мөрдөн байцаалтанд “...зуурмагийн үйлдвэрийн хашааны гадна очоод Бат-Амгалан хашаа руу ороод 1 цаг гаруйн дараа намайг дуудаад би хашааг нь давж ороод аккумляторуудыг зөөж хашаа давуулсан...Бат-Амгалан зам дээрээс такси барьж ирээд таксинд ачаад 22-ын товчоо явах замд байдаг түүхий эд авах цэгт аваачиж өгсөн юм” гэсэн мэдүүлэг /4хх-ийн 5-7/ зэрэг бичгийн баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

Зургаа. Шүүгдэгч Ц.Лувсанданзан, Т.Пэрэнлэй нар бүлэглэн 2018 оны 9 дүгээр сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Мах маркет ХХК-ийн орчимд байрлах 1-23 тоот хашаанд хүн нэвтрэх зориулалттай хаалгаар нь бус, бусдын хууль бус нэвтрэлтээс хамгаалсан хашааг нь давж нэвтрэн орж бусдын эд хөрөнгийг харуул хамгаалалтад нь мэдэгдэлгүйгээр тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч иргэн Э.Нямдоржийн эзэмшлийн 91-98 УБД улсын дугаартай Камаз маркийн кран загварын тээврийн хэрэгслийн 2 ширхэг аккумульяторыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 396.000 төгрөгийн хохирол учруулсан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Э.Нямдорж мөрдөн байцаалтад: “Би 2018 оны 9 дүгээр сарын 11-ний орой 18 цаг өнгөрч байхад өөрийн эзэмшлийн 91-98 УБД улсын дугаартай улаан өнгийн камаз  маркийн авто машинаа Баянгол дүүргийн 20 дугаар хороо мах маркет ХХК-ны урд талын хашаанд ертөнцийн зүгээр баруун зүгт харуулан байрлуулан тавьсан...12-ны өглөө 09 цаг өнгөрч байхад автомашин дээрээ ирсэн чинь миний автомашины Алтас нэртэй 200 ампертай 2 ширхэг аккумлятор хулгайд алдагдсан байсан юм. 14 хоногийн өмнө Сутай буянт захаас нэг бүрийг 470.000 төгрөгөөр авч байсан.” гэсэн мэдүүлэг  /1хх-ийн 206-209/,

гэрч Э.Цэдэндамба мөрдөн байцаалтад: “2018 оны 9 сарын 11-ний өдөр 18 цагийн үед “Сутай” ХХК-ийн хашаанд камаз маркийн 91-98 УБН улсын дугаартай тээврийн хэрэгсэл тавигдсан юм. Тэгээд 2018 оны 9  сарын 12-ны өглөө 07 цагийн орчим жолооч нь ирээд машины 2 ширхэг аккумлятор алдагдсан байна гэхээр нь цагдаад мэдэгдсэн юм...шөнө 00 цагийн үед гарч үзэхэд ямар нэгэн зүйл мэдэгдээгүй” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 211/

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланд: “атлас” брендийн 200 ампертай 2 ширхэг аккумлятор 396.000 /гурван зуун ерэн зургаан мянга/ төгрөгөөр үнэлэгдэв...” /3 хх-ийн 182/,

Яллагдагчаар Ц.Лувсанданзан мөрдөн байцаалтанд: 2018 оны 9 дүгээр сарын 11-нээс 12-нд шилжих шөнө би гэртээ байж байтал Пэрэнлэй ах гаднаас орж ирээд хоёулаа юманд явчихаад ирье гэж хэлээд бид хоёр төмөр замын призер дагаж алхаж явсаар Мах маркет компанийн урд талд байх хашааны үүдэн дээр очоод, би хашааг нь давж ороод хашаанд зогсож байсан том оврын машины 2 ширхэг аккумляторыг авч Пэрэнлэй ахад хашаа давуулан өгөөд, Пэрэнлэй ах такси барьж ирээд хулгайлан авсан аккумлятораа гэрийнхээ хажуу талын траншейнд хийж нуугаад маргааш нь 22-ын товчоо руу явах зам дагуу байрлах түүхий эдийн цэг дээр аваачиж тушаасан. Хэдэн төгрөгөөр тушаасныг нь мэдэхгүй байна Пэрэнлэй ах надад 10,000 төгрөг өгсөн.” гэсэн мэдүүлэг /4хх-ийн 5-7/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

Долоо.   Шүүгдэгч Ц.Лувсанданзан, Т.Пэрэнлэй нар бүлэглэн   2018 оны 9 дүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “JDL” зочид буудлын гадна байрлуулсан иргэн Б.Ариунболдын эзэмшлийн Хово маркийн 72-26 УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийн 2 ширхэг аккумульяторыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлан авч бусдад 396.000 төгрөгийн хохирол учруулсан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Б.Ариунболд мөрдөн байцаалтад: Би  2018 оны 9 сарын 11-ний шөнө Баянгол дүүргийн 20 дугаар хороо “JDL” зочид буудлын зүүн урд талд өөрийнхөө 72-26 УНӨ улсын дугаартай Хово машинаа байрлуулж тавьсан. 2018 оны 9 сарын 13-ны өглөө машин дээрээ ирэхэд миний 150 ампертай 2 аккумлятор хулгайд алдагдсан байсан...2 аккумлятораа 600.000 төгрөгийн  үнэтэй. Би өөрийнхөө аккумляторыг хараад танина. Expro Атлас гэх бичигтэй 2017 онд худалдаж авсан” гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 116-117/,

“Дамно” ХХК-ийн  хөрөнгийн үнэлгээний тайланд: “Expro Атлас брендийн 150 ампер цагтай 2 ширхэг аккумлятор 396.000 /гурван зуун ерэн зургаан мянга/ төгрөгөөр үнэлэгдэв...” гэсэн тэмдэглэл /1хх-ийн 126-127/,

Яллагдагчаар Ц.Лувсанданзан мөрдөн байцаалтанд: “Тэгээд орой нь би гэртээ байж байтал Пэрэнлэй ах 00 цагийн үед орж ирээд дахиад юманд явчихаад ирье гээд бид такси барьж Саппоро дээр буугаад Саппорогийн урд байдаг зочид буудлын гадна гудамжинд зогсож байсан том оврын автомашины 2 ширхэг аккумляторыг хулгайлан аваад такси барьж гэрийнхээ гадаа хүргүүлээд гэрийнхээ хажуу талын траншейнд аккумлятораа нууж тавьсан.” гэсэн мэдүүлэг  /4хх-ийн 05-07/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

Найм. Шүүгдэгч Ц.Лувсанданзан, Т.Пэрэнлэй нар бүлэглэн  2018 оны 9 дүгээр сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дэвшлийн 1-9 тоот хашаанд хүн нэвтрэх зориулалттай хаалгаар нь бус, бусдын хууль бус нэвтрэлтээс хамгаалсан хашааг нь давж нэвтрэн орж бусдын эд хөрөнгийг харуул хамгаалалтад нь мэдэгдэлгүйгээр тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч иргэн Д.Мөнх-Эрдэнийн эзэмшлийн Норд маркийн бенз загварын 64-24 УНГ, 96-73 УБЛ улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийн 4 ширхэг аккумуляторыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлан авч бусдад 840.000 төгрөгийн хохирол учруулсан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Д.Мөнх-Эрдэнэ мөрдөн байцаалтад: “2018.09.10-ны шөнө БГД-ийн 20-р хороо Дэвшлийн 1-9 тоот хашаанд өөрийнхөө эзэмшлийн Норд бенз маркийн 2 машинаа байрлуулж тавьсан. 2018 оны 09 дүгээр 13-ны өглөө хашаан дээр иртэл миний 2 машины 165 ампертай нэг тус бүр нь 350.000 төгрөгийн үнэтэй 4 ширхэг аккумлятор хулгайд алдагдсан байсан. Тэр хашаанд Санзайжамц гэсэн хүнээс хулгай орсон талаар асуухад мэдэхгүй гэж хэлсэн, гомдолтой байна, сэжиглэж байгаа хүн байхгүй, өөрийнхөө аккумляторыг харвал танина” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 162-164/,

гэрч Ц.Санзайжамц мөрдөн байцаалтанд “Би “New happy” нэртэй аж ахуйн хашаанд манаач хийдэг юм. Манай хашаанд байсан howo маркийн 64-24 УНГ мөн howo маркийн 96-73 УБА улсын дугаартай авто машинуудын аккумлятор алдагдсан байна. 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр байсан юм. Өнөөдөр үзээд байхгүй байхаар нь цагдаад мэдэгдсэн юм. Хяналтын камер байхгүй. ” гэсэн мэдүүлэг / 1 хх-ийн 165-166/,  

Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дэвшлийн 1-9 тоот хашаанд хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / 1 хх-ийн 150-154/,

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан: “165 ампертай 4 ширхэг аккумулятор 840.000 /найман зуун дөчин мянга/ төгрөгөөр үнэлэгдэв...” /1хх-ийн 173-174/,

Сэжигтэн Ц.Лувсанданзан мөрдөн байцаалтад: “Би уг хэргийг өөрийн ээж Цэндийн төрсөн хүү Тавхайн Пэрэнлэйн хамт үйлдсэн. Пэрэнлэй ахын манайх хоёр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 19 дүгээр сургуулийн баруун талын Дэлхийн зөн байгууллагын хашаанд тус тусдаа гэрт нэг дор амьдардаг юм. Тэр орой 00 цаг өнгөрч байхад намайг гэртээ байхад Пэрэнлэй ах гаднаас орж ирээд гараад ир ярих юм байна гээд дуудахаар нь би араас нь дагаад гэрийн гадаа гарахад Пэрэнлэй ах “надад мөнгөний хэрэг байна, хүнд мөнгө өгөхөөр болчихоод байна, явж аккумлятор хулгай хийчихээд ирье” гэхээр нь Мах маркет компанийн баруун талд байх бетон хашаан дээр очоод хашааны баруун хойд талаас нь би давж  ороод хашаан дотор байсан том оврын 2 машины 4 ширхэг аккумляторыг тайлж аваад хашаа давуулан Пэрэнлэй ахад өгөөд баруун талын зам дээрээс такси бариад гэрийнхээ гадаа ирээд гэрийнхээ баруун талын траншейнд хийж нууж тавиад маргааш өглөө нь Пэрэнлэй ах бид хоёр Моносын уулзвараас  баруун зүгт зам дагуу замынхаа урд талд байрлах улаан өнгийн контейнертэй түүхий эд авах цэг дээр аваачин нэг аккумляторыг 25000 төгрөгөөр бодож нийт 100.000 төгрөгөөр зараад  Пэрэнлэй ах надад 20000 төгрөгийг нь өгөөд бусдыг нь өөрөө авсан юм. Би уг 20000 төгрөгөөс 15000 төгрөгийг нь өвөө Тавхайдаа өгөөд 5000 төгрөгийг нь өөртөө зарцуулчихсан юм. Би сандарсандаа худлаа мэдүүлэг өгчихсөн юм. Оргил нь урьд нь хулгайн хэрэгт холбогдож байсан болохоор би Оргилтой хамт хулгай хийсэн гээд мэдүүлчихсэн юм. Пэрэнлэй ах бид 2-ыг хамтхан гэмт хэрэг үйлдсэн гэдгийг хэн нэгэн мэпэхгүй. Бид хоёр л өөрсдөө мэдэж байгаа. Пэрэнлэй ах хэлэхдээ хүнд өрөө өгнө гэж ярьж байсан. Би явахгүй гэхэд Пэрэнлэй ах хамт явчихаач дээ гээд намайг чулуугаар миний нурууны баруун хэсэгт цохиод би хамт явж хулгай хийсэн юм. Ер нь Пэрэнлэй ах намайг байнга зодож цохиж байдаг юм. Хулгай хийх санааг Пэрэнлэй ах гаргадаг, мөн өөрөө хулгай хийх газраа сонгочихсон байдаг байсан, шууд яваад л хулгай хийх газар дээрээ очдог. Бусдаар хайж явдаггүй байсан юм.” гэсэн мэдүүлэг /1 хх-ийн  178-179/,

Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дэвшилийн 1-9 тоот хашаанд  хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / 1 хх-ийн 150-154/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

Ес.  Шүүгдэгч Ц.Лувсанданзан, Т.Пэрэнлэй нар бүлэглэн   2018 оны 9 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Молор трейд” ХХК-ний хашаанд хүн нэвтрэх зориулалттай хаалгаар нь бус, бусдын хууль бус нэвтрэлтээс хамгаалсан хашааг нь давж нэвтрэн орж бусдын эд хөрөнгийг харуул хамгаалалтад нь мэдэгдэлгүйгээр тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч тус компанийн буюу С.Нарангэрэлийн эзэмшлийн Бэйбэн Эн Ди 52-54 Миксер загварын 33-01 УБҮ, 33-41 УБҮ, 33-16 УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийн 792,000 төгрөгийн үнэ бүхий 6 ширхэг аккумульятор, 72,000 төгрөгийн ком багажийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 864.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогч С.Нарангэрэл мөрдөн байцаалтад: “...2018 оны 9 дүгээр сарын 14-ний өглөө би ажил дээрээ ирээд ажилчид цуглаад контейнер онгойлготол багажнууд алга болсон байхаар нь хашаанд байсан 33-41 УБҮ, 33-01 УБҮ, 33-16 УБҮ улсын дугаартай цагаан өнгийн Миксер загварын 3 автомашины тус бүр 2 ширхэг нийлээд 6 ширхэг аккумлятор алдагдсан байсан...Дээр дурдсан автомашины нийт 6 ширхэг аккумлятор мөн контейнэрт байсан багаж зэрэг алдагдсан байсан. Содон шинж тэмдгийн хувьд бол 150 ампертай хар өнгөтэй аккумляторууд байсан. Уг аккумляторуудыг 2017 оны 8 сарын 13-ны өдөр Өгөөмөр захаас ширхэг аккумляторыг тус бүрийг нь 130.000 төгрөгөөр нийт 4 ширхэг  аккумляторыг 520.000 төгрөгөөр, мөн өдөр Сутайн буянт захаас тус бүрийг нь 120.000 төгрөгөөр 2 ширхэг аккумляторыг 240.000 төгрөгөөр худалдан авсан. Нийт 760.000 би аккумляторуудаа үнэлж байна...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 28-29/,

гэрч П.Оргодолбямба мөрдөн байцаалтад: “...2018 оны 09 дугаар сарын 14-ний өглөө ажил дээрээ очоод контейнэрээ онгойлгох гэтэл дотор нь байсан дроцов багажны ком байхгүй болсон байсан. Тэгээд тэр хавиар хайж байгаад өөрийн жолооддог 33-41 УБҮ маркийн машин дээрээ очиход 2 ширхэг аккумлятор байхгүй болчихсон байсан. Миний авто машины аккумлятор нь 150 ампер цагтай байсан.” гэсэн мэдүүлэг / 1 хх-ийн 30/, 

гэрч П.Мянганбаатар мөрдөн байцаалтад:“...өөрийн төрсөн ах П.Оргодолбямбатай хамт ажилладаг. Би 33-16УБҮ улсын дугаартай машиныг жолооддог. “ 2018 оны 09 дүгээр сарын 11-нээс хойш чөлөөтэй байж байгаад 2018 оны 09 дүгээр сарын 16-ны өглөө ажил дээрээ ирээд аккумлятор алдсан талаар мэдсэн. Хар өнгийн 150 ампер цагтай 2 ширхэг аккумлятор байгаа. Аккумлятор дээрээ 33-16 гэж хадаасаар бичсэн байгаа.” гэсэн мэдүүлэг / 1 хх-ийн 31/,

гэрч Ц.Батцоож мөрдөн байцаалтад: “...Би 33-01 УБҮ улсын дугаартай машин жолооддог ба 2018 оны 09 дугаар сарын 14-ний өглөө ажил дээрээ очоод машиндаа засвар хийх гээд контейнерээс багажаа авах гэтэл багаж байхгүй байхаар нь ойр хавиар хайж байтал миний машины болон өөр 2 машины аккумляторууд байхгүй байсан...” гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 32/,  

гэрч Г.Бүрэнжаргал мөрдөн байцаалтад: “...2018 оны 09 дүгээр сарын 14-ний өглөө 10:40 цагт Баянгол дүүргийн 20-р хороо МОЛОР ТРЕЙД ХХК-н хашаанд байрлах миксерын машинуудаа шалгахад 3 авто машины 6 ширхэг аккумлятор байхгүй болсон байсан. Аккумляторууд дээрээ 33-16 УБҮ, 33-01 УБҮ, 33-41УБҮ гэсэн дугааруудыг бичиж тэмдэглэсэн байсан. 2018.09.13-ний орой 21 цаг 50 минут орчимд аккумляторууд байсан...” гэсэн мэдүүлэг, /1 хх-ийн 33-34/,

Насанд хүрээгүй гэрч Т.Бадамдорж мөрдөн байцаалтад “...2018 оны 08 сарын дундуур эгч Бадамхандын гэрт байхад Пэрэнлэй ах Бадамханд эгчийн утас руу залгаж “ажил байна намайг хүрээд ир” гэж хэлсэн. Пэрэнлэй ахын гэрт нь очиход Пэрэнлэй ахын эхнэр Номин, муухай хочтой Лувсанданзан нар байсан. Тэгтэл Пэрэнлэй ах орой явж аккумлятор, төмөр хулгайлна Лувсанданзан 3-уулаа хамт явах уу гэж хэлсэн. Тэгэхээр нь би үгүй явахгүй гэж хэлсэн. Маргааш нь Пэрэнлэй ах бид нар Баянбүрдийн ойролцоо газар шорооны ажил хийгээд би гэр рүүгээ харьсан. Дахиж би тэдэнтэй уулзаагүй. Пэрэнлэй ах Барс-2 зах дэр ачигч хийдэг. Ааш араншингийн хувьд их ууртай, Лувсанданзанг зодож бие рүү нь чулуу шидэж их дарамталдаг. Би эмээлтэд Саян уул мал нядалгааны компанид ажиллаж байсан. Пэрэнлэй, Лувсанданзан нартай огт уулзаагүй байхад намайг хэрэгт гүтгэж байгаад гайхаж байна.  Учир нь Пэрэнлэй ах Лувсанданзанг дарамталж хулгай хийлгэчихээд цагдаад  баригдах үед  нь надтай хамт хулгай хийсэн гэж хэлсэн байх” гэсэн мэдүүлэг / 1 хх-ийн 35-36/,

Яллагдагч  Ц.Лувсанданзан мөрдөн байцаалтад: “...том оврын машин зогсож байсан хашааны хойд талаас бид хоёр хоёулаа давж ороод намайг машинаас аккумляторууд тайлж байх хооронд Пэрэнлэй ах цааш явж контейнероос хайрцагтай багаж авч гарч ирсэн.  Тэгээд бид хоёр аккумляторуудаа хашаа давуулан гаргаж тавиад Пэрэнлэй ах такси барьж ирээд хулгайлсан аккумляторуудаа ачиж гэрийнхээ гадаа хүргүүлээд гэрийнхээ хажуугийн траншейнд нууж тавиад маргааш нь мөн 22-ын товчоо явах замд байх түүхий эдийн цэг дээр тушаасан.  Надад Пэрэнлэй ах 10000 төгрөг л өгсөн үлдсэнийг нь өөрөө авсан. Хүмүүс  намайг хамт явъя гэсэн болохоор л хамт хулгай хийсэн. Хулгай хийж олсон мөнгөөрөө хоол авч идээд писи тоглоод дуусгасан юм”  гэсэн мэдүүлэг /4хх-ийн 6/

Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан: “150 ампертай 6 ширхэг аккумлятор 792.000 төгрөг, ком багаж 72000 төгрөгөөр нийлээд 864.000 /найман зуун жаран дөрвөн мянган төгрөг/-р үнэлэгдэв...” /1 хх-ийн 51-53/,

Мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагаа, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх-ийн  134-135/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан дээрх бичгийн нотлох баримтууд нь шүүгдэгч “Ц.Лувсанданзан, М.Бат-Амгалан, Б.Агваанпүрэв нар нь “Хулгайлах” гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр, бүлэглэж тусгайлан хамгаалсан байр агуулахад нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэргийг учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж үйлдсэн”, Т.Пэрэнлэй нь Ц.Лувсанданзантай бүлэглэж тусгайлан хамгаалсан байр агуулахад нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг тус тус тогтооход ач холбогдол бүхий баримтууд мөн гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн “Гуравдугаар бүлэг”-т заагдсан шаардлагууд хангагдсан гэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан, цуглуулж бэхжүүлэгдсэн байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.

Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох, шунахай сэдэлт, зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авахыг хэлнэ. Өөрөөр хэлбэл бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар авч, өөрийн эзэмшил болгохыг ойлгоно.

Мөн бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэгт “...Учрах саадыг арилгах зорилгоор, зэвсэг, машин механизм ашиглах” гэдгийг бусдын эд хөрөнгийг хулгайлах үйлдлээ хөнгөвчилж, түргэтгэх, хамгаалалт бэхэлгээг эвдэх, биеэр авч явж чадахгүй эд хөрөнгөд хүрэх, хэргийн газраас аль болох богино хугацаанд холдож, хулгайлсан эд хөрөнгөө зөөж тээвэрлэх зорилгоор урьдчилж бэлтгэхийг ойлгоно.

Түүнчлэн тусгайлан хамгаалсан байр, агуулах гэдэгт “...шүүгдэгч нарын хувьд нэвтрэхийг зөвшөөрөгдөөгүй эсвэл тухайн цаг хугацаанд нэвтрэхийг хориглосон орон зай байх ба хориг саад, хамгаалалтын бусдад мэдэгдэхээр байршуулсан, эсвэл хориг саадтай болохыг мэдсээр байж зөрчсөн үйлдэл нь тэдгээрийг хууль бус нэвтрэлтэд буруутгах объектив болон сувъектив нөхцөл байдлын үндэслэл болно.

Дээрх хэргийн хувьд шүүгдэгч Ц.Лувсанданзан, М.Бат-Амгалан, Б.Агваанпүрэв нар бүлэглэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай тусгайлан хамгаалсан байр агуулахад нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж үйлдлээ хөнгөвчилж, түргэтгэх, хэргийн газраас богино хугацаанд холдох, хулгайлсан эд хөрөнгөө зөөвөрлөх зорилгоор 50-07 УБЛ улсын дугаартай цагаан өнгийн грейс маркийн автомашиныг ашигласан байх тул дээрх үндэслэлээр хэргийг хүндрүүлэн зүйлчилсэн нь үндэслэл бүхий байна.

Мөн шүүгдэгч Ц.Лувсанданзан, Т.Пэрэнлэй нар бүлэглэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэргийг “үйл ажиллагаа явуулах зориулалттай тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн“ гэх шинжээр нь хүндрүүлэн зүйлчилсэн нь үндэслэлтэй.

Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч Ц.Лувсанданзан, Т.Пэрэнлэй нарын бүлэглэж хохирогч Б.Ариунболдын эзэмшлийн Хово маркийн 72-26 УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийн 2 ширхэг аккумляторыг хулгайлж 396.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргээр  зүйлчилсэн.  Энэ үйлдлийг тэдгээрийн эрх зүйн байдлыг дордуулахгүйн үүднээс Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт нь гэм буруутайд тооцуулах, 

шүүгдэгч Ц.Лувсанданзан,  Б.Агваанпүрэв, М.Бат-Амгалан  нарыг  Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 2.2. дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт,

шүүгдэгч Т.Пэрэнлэйг Эрүүгийн хуулийн 2.2. дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт гэм буруутайд тус тус тооцуулах санал дүгнэлтийг;

шүүгдэгч Ц.Лувсанданзангийн өмгөөлөгч П.Гансүх “Миний үйлчлүүлэгч 9 үйлдэл дээр дагаад явсан нь тогтоогдож байна. Гэм буруу дээр маргахгүй байгаа. Цаашид хэрэг хянан ажиллагаанд саад учруулахгүй учир Ц.Лувсанданзанд холбогдох хэргийг тусгаарлаад шүүхээс шинжээч томилж сэтгэцийг нь шалгуулах шаардлагатай байна” гэсэн,

шүүгдэгч М.Бат-Амгалангийн өмгөөлөгч Б.Долгорсүрэн “М.Бат-Амгалан 5 удаагийн хулгайн үйлдэлтэй. Гэм буруу болон хэргийн зүйлчлэлтэй маргахгүй” гэсэн,

шүүгдэгч Б.Агваанпүрэвийн өмгөөлөгч Д.Амаржаргал “Гэм буруу болон хэргийн зүйлчлэлтэй маргахгүй зөвшөөрч байгаа” гэсэн,  

шүүгдэгч Т.Пэрэнлэйгийн өмгөөлөгч Г.Ганцэцэг  “Улсын яллагч насанд хүрээгүй гэрч Бадамдоржийн мэдүүлгийг үндэслэж Т.Пэрэнлэйг яллаж байна.  Насанд хүрээгүй Бадамдорж үнэн зөв мэдүүлэг өгсөн эсэхэд эргэлзээ төрж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд заасан журмаар авсан эсэх нь эргэлзээтэй. Мөн  Ц.Лувсанданзангийн мэдүүлэг нь үнэн зөв эсэх нь үнэхээр эргэлзээтэй байна. Иймд Т.Пэрэнлэйд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү” гэсэн санал дүгнэлтийг тус тус гаргаж оролцлоо.  

2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Шүүхийн сэтгэц эмгэг судлалын шинжээчийн 65 дугаартай дүгнэлтэд “ Ц.Лувсанданзан нь оюуны хөнгөн хомсдол, шинж тэмдгийн цөөн уналт таталт сэтгэцийн эмгэгтэй байна. Ц.Лувсанданзангийн дээрхи эмгэг нь төрөлхийн сэтгэцийн эмгэг болно. Хэрэг  үйлдэх үедээ оюуны хөнгөн хомсдол, шинж тэмдгийн цөөн уналт таталт сэтгэцийн эмгэгтэй байсан байна. Ц.Лувсанданзан өөрийн сэтгэцийн түвшинд мэдүүлэг өгөх чадвартай байна. Ц.Лувсанданзан нь хэрэг хариуцах чадвартай байна.” гэжээ. /3хх-ийн 169-173/

Нэгэнт түүний сэтгэцийн байдлыг бүрэлдэхүүнтэй шинжээчид дүгнэсэн байх бөгөөд Ц.Лувсанданзан бусадтай бүлэглэсэн хулгайн бүх буюу 9 үйлдэлд өөрийн идэвхитэй үйлдлээр оролцсон нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар ямар нэгэн эргэлзээгүйгээр нотлогдож тогтоогдсон тул түүний сэтгэцийг дахин шалгуулах шаардлагагүй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.18 дугаар зүйлд заасан “яллах дүгнэлтэд заасан шүүгдэгчийн холбогдох зарим гэмт хэргийг шүүгдэгч үйлдсэн нь нотлогдоогүй бол, хүндэтгэн үзэх шалтгаанаар шүүх хуралдаанд оролцох боломжгүй болсон...” нөхцөл байдал бий болсон бол хэргийг тусгаарлах хууль зүйн үндэслэл Ц.Лувсанданзангийн хувьд тогтоогдоогүй болно.

Иймд түүний өмгөөлөгч П.Гансүхийн гаргасан “ Ц.Лувсанданзангийн сэтгэцийн дүгнэлт гаргуулах, хэргийг тусгаарлах” талаархи санал дүгнэлтийг шүүх хүлээн авах хуулийн үндэслэлгүй юм. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг өмгөөлөгчгүйгээр явуулж болохгүй  хуулийн зохицуулалт нь сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид хамаарна. Т.Бадамдорж мөрдөн байцаалтад гэрчийн мэдүүлэг өгөх үедээ 17 настай  насанд хүрээгүй байсан байх ба мөрдөгч түүнээс мэдүүлэг авахдаа эгч Н.Наранчимэгийг оролцуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчиж авсан мэдүүлэг гэж үзэхгүй.

Ингэж мэдүүлэг авахдаа мөрдөгч нь насанд хүрээгүй гэрчийг айлган сүрдүүлж, дарамталсан гэх байдал тогтоогдоогүй бөгөөд мөрдөн байцаалтад Т.Бадамдорж “...Пэрэнлэй ах  намайг ажил байна намайг хүрээд ир гэж хэлсэн. Пэрэнлэй ахын гэрт нь очиход Пэрэнлэй ахын эхнэр Номин, муухай хочтой Лувсанданзан нар байсан. Тэгтэл Пэрэнлэй ах орой явж аккумлятор, төмөр хулгайлна Лувсанданзан 3-уулаа хамт явах уу гэж хэлсэн. Тэгэхээр нь би үгүй явахгүй гэж хэлсэн...” гэж  мэдүүлжээ.  / 1 хх-ийн 35-36/,

Ийнхүү насанд хүрээгүй гэрч Т.Бадамдоржийн мэдүүлсэн нь  Ц.Лувсанданзан мөрдөн шалгах ажиллагааны явцад өөрийн садан төрлийн холбоотой ах Т.Пэрэнлэйтэй бүлэглэж 4 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хулгайлсан талаараа тодорхой бөгөөд тогтвортой мэдүүлсэн мэдүүлгээр давхар нотлогдон тогтоогдсон.

Иймд насанд хүрээгүй гэрч Т.Бадамдорж, шүүгдэгч Ц.Лувсанданзан нарын мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлгүүдийг шүүх нотлох баримтаар тус тус үнэлсэн болно.

Эдгээр үндэслэлээр шүүгдэгч Т.Пэрэнлэйгийн өмгөөлөгч Г.Ганцэцэгийн гаргасан “насанд хүрээгүй гэрч Т.Бадамдорж, шүүгдэгч Ц.Лувсанданзан нарын мэдүүлэг эргэлзээтэй тул Т.Пэрэнлэйд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү” гэсэн санал дүгнэлтийг шүүх хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй юм.

Хяналтын прокурор шүүгдэгч Ц.Лувсанданзан, Т.Пэрэнлэй нарын бүлэглэж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нийт 4 удаагийн үйлдлээс 3 удаагийн үйлдлийг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “үйл ажиллагаа явуулах зориулалттай тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч” үйлдсэн гэх хүндрүүлэх шинжээр нь зүйлчилж, хохирогч Б.Ариунболдын эзэмшлийн Хово маркийн 72-26 УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийн 2 ширхэг аккумляторыг хулгайлж 396.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан  зүйлчилсэн байна.  

Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно...” гэж хуульчилжээ.

Шүүгдэгч Ц.Лувсанданзан, Т.Пэрэнлэй нарын бүлэглэн хохирогч Б.Ариунболдын эд зүйлийг хулгайлж авсан үйлдлийг Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тэдгээрийн бусад 3 үйлдэлд зүйлчлэгдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийн хүрээнд ашигтай байдлаар шийдвэрлэх нь зүйтэй.       

Иймд шүүгдэгч Ц.Лувсанданзан, Т.Пэрэнлэй нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан зүйлчлэв.

Ингэж шийдвэрлэх нь тэдгээрийн холбогдсон хохирогч Б.Ариунболдын эд зүйлийг хулгайлж авсан үйлдлийг хүндрүүлэн зүйлчилж буй мэт  боловч үйлдэл тус бүрт ял оногдуулж ялыг нэмж нэгтгэвэл шүүгдэгч Ц.Лувсанданзан, Т.Пэрэнлэй нарын эрх зүйн байдал дордох юм.

Гэм буруугийн талаар улсын яллагчаас гаргасан нэр бүхий шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт нь хууль зүйн үндэслэлтэй байх тул шүүгдэгч Ц.Лувсанданзан,  Б.Агваанпүрэв, М.Бат-Амгалан  нарыг  Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 2.2. дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт,

шүүгдэгч Т.Пэрэнлэйг Эрүүгийн хуулийн 2.2. дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт гэм буруутайд тус тус тооцов.

 Хулгайлах гэмт хэрэг үйлдэж нэр бүхий хохирогч нарт шүүгдэгч Ц.Лувсанданзан 9 удаагийн үйлдлээр 4.656.666 төгрөг, шүүгдэгч М.Бат-Амгалан 5 удаагийн үйлдлээр  3.408.666 төгрөг, шүүгдэгч Б.Агваанпүрэв 3 удаагийн үйлдлээр 1.392.666 төгрөг, шүүгдэгч Т.Пэрэнлэй 4 удаагийн үйлдлээр 1.248.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч Ц.Лувсанданзангаас нийт 4.656.666 төгрөгийн хохирол гаргуулж  хохирогч Ж.Энхтөрд 578.666 төгрөг, Б.Хишигмаад 578.000 төгрөг, Э.Ганбатад 139.000 төгрөг, Ц.Батмөнхөд 97.000 төгрөг, Я.Отгонбаярт 663.000 төгрөг, Л.Бат-Эрдэнэд 297.000 төгрөг, Б.Сайнжаргалд 156.000 төгрөг, Л.Батзоригт 528.000 төгрөг, Г.Жаргалсайханд 186.000 төгрөг, Г.Түмэнжаргалд 186.000 төгрөг, Э.Нямдоржид 198.000 төгрөг, Б.Ариунболдод 198.000 төгрөг, Д.Мөнх-Эрдэнэд 420.000 төгрөг,  С.Нарангэрэлд  432.000 төгрөг,

шүүгдэгч М.Бат-Амгалангаас нийт 3.408.666 төгрөгийн хохирол гаргуулж хохирогч Ж.Энхтөрд 578.666 төгрөг, Б.Хишигмаад 578.000 төгрөг, Э.Ганбатад 139.000 төгрөг, Ц.Батмөнхөд 97.000 төгрөг, Я.Отгонбаярт 663.000 төгрөг, Л.Бат-Эрдэнэд 297.000 төгрөг, Б.Сайнжаргалд 156.000 төгрөг, Л.Батзоригт 528.000 төгрөг, Г.Жаргалсайханд 186.000 төгрөг, Г.Түмэнжаргалд 186.000 төгрөг,

 шүүгдэгч Б.Агваанпүрэвээс нийт 1.392.666 төгрөгийн хохирол гаргуулж хохирогч Ж.Энхтөрд 578.666 төгрөг, Б.Хишигмаад 578.000 төгрөг, Э.Ганбатад 139.000 төгрөг, Ц.Батмөнхөд 97.000 төгрөг,

шүүгдэгч Т.Пэрэнлэйгээс  нийт 1.248.000 төгрөгийн хохирол гаргуулж хохирогч Э.Нямдоржид 198.000 төгрөг, Б.Ариунболдод 198.000 төгрөг, Д.Мөнх-Эрдэнэд 420.000 төгрөг,  С.Нарангэрэлд 432.000 төгрөг тус тус олгох нь зүйтэй.    

Шүүгдэгч Б.Агваанпүрэв хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогч Ж.Энхтөрд 578.666 төгрөг, Б.Хишигмаад 578.000 төгрөг, Э.Ганбатад 139.000 төгрөг, Ц.Батмөнхөд 97.000 төгрөг төлж барагдуулсан нь /4хх-ийн 247-250/ баримтаар авагдсан байх тул шүүгдэгч Б.Агваанпүрэвийг бусдад төлөх төлбөргүйд тооцов. 

Гэм буруугийн шүүх хуралдаанаар хохирол төлбөрийн асуудлыг шийдвэрлэсэнтэй холбогдуулж шүүгдэгч Ц.Лувсанданзангийн өмгөөлөгч П.Гансүхээс “хохирол  төлүүлэхээр шүүх хуралдааныг завсарлуулж өгнө үү” гэсэн хүсэлт гаргасныг бусад оролцогчид дэмжиж оролцсоныг шүүх хүлээн авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийг 3 дахь хэсэгт “...шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх талаар гаргасан өмгөөлөгчийн санал, хүсэлтийг үндэслэн шүүх хуралдааныг засварлуулж болно” гэж зааснаар шүүх хуралдааныг 2021 оны 01  дүгээр сарын 20-ны  өдрийн 10 цаг 00 минут  хүртэл завсарлуулав. 

Шүүх хуралдаан завсарласан хугацаанд шүүхээс гэм буруутайд тооцогдсон шүүгдэгч  Б.Агваанпүрэвт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж  цагдан хорив. 

 Шүүх хуралдаан завсарласан дээрхи хугацаанд шүүгдэгч Т.Пэрэнлэйгийн талаас хохирогч Б.Ариунболдод 198.000 төгрөг, Д.Мөнх-Эрдэнэд 420.000 төгрөг,  С.Нарангэрэлд 432.000 төгрөгийг тус тус дансаар шилжүүлсэн,  Э.Нямдоржийн хохиролын 198.000 төгрөгийг түүний утас холбогдохгүй  байсан гэх тайлбар хэлж  тус шүүхийн дансанд шилжүүлсэн баримтууд хэрэгт хавсаргасан тул Т.Пэрэнлэйг бусдад төлөх төлбөргүйд тооцлоо.

Шүүгдэгч Ц.Лувсанданзангийн өмгөөлөгч П.Гансүх “хохирогч Б.Ариунболдод 198.000 төгрөг, Д.Мөнх-Эрдэнэд 430.000 төгрөг төлсөн” гэх 2 хуудас баримт шүүхэд гаргасныг хэрэгт хавсаргаж Ц.Лувсанданзангийн төлөх  нийт 4.656.666 төгрөгийн төлбөрөөс 628.000 төгрөгийг хасаж үлдэх 4.028.666 төгрөгийг гаргуулж хохирол төлөгдөөгүй нэр бүхий хохирогч нарт олгох нь зүйтэй.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон шүүгдэгч Ц.Лувсанданзан,  Б.Агваанпүрэв,  М.Бат-Амгалан  нарт  Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад заасан,  шүүгдэгч Т.Пэрэнлэйд Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан эрүүгийн хариуцлагыг эрүүгийн хуулийн шударга ёсны болон гэм буруугийн зарчмыг  баримтлан  хүлээлгэх нь зүйтэй.

Шүүгдэгч нар гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн нь хүндрүүлэх нөхцөлд, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролоо шүүгдэгч Б.Агваанпүрэв, Т.Пэрэнлэй нар нөхөн төлсөн нь хөнгөрүүлэх нөхцөлд хамаарна. 

Шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал буюу шүүгдэгч Ц.Лувсанданзан 9 удаагийн үйлдлээр,  М.Бат-Амгалан 5 удаагийн үйлдлээр,  Б.Агваанпүрэв 3 удаагийн үйлдлээр, Т.Пэрэнлэй 4 удаагийн үйлдлээр  амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор урьдчилан хулгайн гэмт хэрэг үйлдэхээр үгсэн тохиролцож, гэмт үйлдлээрээ санаатай нэгдэж, үргэлжилсэн үйлдлээр, бүлэглэж, шунахай сэдэлтээр бусдын эд хөрөнгөд хууль бусаар гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролын хэр хэмжээ, хувийн байдал буюу Ц.Лувсанданзан, Т.Пэрэнлэй, Б.Агваанпүрэв нар урьд нь ял шийтгэгдэж байгаагүй зэргийг нь харгалзаж ялыг ялгамжтай оногдуулав.  

Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар шүүгдэгч Ц.Лувсанданзанг 4 жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч М.Бат-Амгаланг 3 жилийн хугацаагаар хорих ялаар,  шүүгдэгч Б.Агваанпүрэвийг 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар, 

Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Пэрэнлэйг 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэв.  

Шүүгдэгч М.Бат-Амгалан Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 430 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт  3 жилийн хугацаагаар хорих ял шийтгэгдсэн байна. 

Шийдвэр гүйцэтгэх байгууллагын гаргасан ялын тооцооны тодорхойлолтоор М.Бат-Амгалан 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар биеэр эдэлсэн ял 02 жил 03 сар 22 хоног, шагналын хоног 01 сар, үлдэж байгаа ял 07 сар 08 хоног гэжээ. / 4хх-ийн 22/  

Иймд түүний өмнөх шийтгэх тогтоолоос эдлээгүй үлдсэн 07 сар 08 хоногийн хорих ялыг хулгайлах гэмт хэрэгт энэ тогтоолоор оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1,2 дахь хэсэг, мөн хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 3 жил 7 сар 08 хоногийн хугацаагаар тогтоов.

Шүүгдэгч нарын эдлэх ялыг гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн шинж чанарыг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт  цагдан хоригдсон Ц.Лувсанданзангийн 126 хоног, М.Бат-Амгалангийн 345 хоног, Т.Пэрэнлэйгийн 124 хоног, Б.Агваанпүрэвийн 5 хоногийг тэдгээрийн эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй. 

Шүүгдэгч Ц.Лувсанданзан, М.Бат-Амгалан, Б.Агваанпүрэв нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Хьюндай грейс” маркийн 50-07 УБЛ улсын дугаартай 1.300.000 төгрөгийн үнэлгээ бүхий тээврийн хэрэгсэл нь шүүгдэгч Б.Агваанпүрэвийн ах Н.Хүрэлсүхийн өмчлөлийх болох нь тээврийн хэрэгслийн лавлагаагаар тогтоогдсон. /3хх-ийн 100/

Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлд зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Хьюндай грейс” маркийн 50-07 УБЛ улсын дугаартай автомашины үнэлгээгээр тогтоогдсон 1.300.000 төгрөгийг Ц.Лувсанданзан, М.Бат-Амгалан, Б.Агваанпүрэв нараас хувь тэнцүүлэн  гаргуулж тус бүрээс 433.333 төгрөгийг улсын төсөвт  шилжүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч Т.Пэрэнлэй насанд хүрээгүй 4 хүүхэдтэй, эхнэр нь хаяад явсан гэж түүний өмгөөлөгч тайлбарлаж байх боловч энэ талаар хэрэгт нотлох баримт хангалттай авагдаагүй байна.

Иймд шаардлагатай бол шүүгдэгч Т.Пэрэнлэйгийн насанд хүрээгүй хүүхдүүдэд асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоохыг Баянгол дүүргийн Засаг даргад даалгах нь зүйтэй.

Энэ хэрэгт эрүүгийн  1805048121137, 1805047961118, 1805048741226, 1705009120154, 1705004620205, 1705002210204, 1705009400193, 1705009860203 дугаартай хэргүүд 1805048141138 дугаартай хэрэгт нэгтгэгдсэнийг дурьдаж байна.  

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй болно.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                           ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Ц.Лувсанданзан, Т.Пэрэнлэй нарын бүлэглэж хохирогч Б.Ариунболдын эд зүйлийг хулгайлсан  үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчилж ирүүлснийг Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан зүйлчилсүгэй.

2. Шүүгдэгч Бэрс овогт Цэндийн Лувсанданзан, Намнан өвөр овогт  Мандширийн Бат-Амгалан, Боржигин овогт Баасангийн Агваанпүрэв нарыг бүлэглэж  бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг  үйл ажиллагаа явуулах зориулалттай тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж үйлдсэн гэмт хэрэгт гэм буруутайд,

Дархан овогт Тавхайн Пэрэнлэйг Ц.Лувсанданзантай бүлэглэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг  үйл ажиллагаа явуулах зориулалттай тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1,  мөн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар шүүгдэгч Ц.Лувсанданзанг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч М.Бат-Амгаланг 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Б.Агваанпүрэвийг 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар, 

Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Пэрэнлэйг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

4. М.Бат-Амгаланд энэ тогтоолоор оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоос эдлээгүй үлдсэн 07 сар 08 хоногийн хорих ялыг Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1,2 дахь хэсэг, мөн хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 3 жил 7 сар 08 хоногийн хугацаагаар тогтоосугай.

5. Ц.Лувсанданзан, М.Бат-Амгалан, Б.Агваанпүрэв, Т.Пэрэнлэй нарт оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад  тус тус эдлүүлсүгэй.

6. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт  цагдан хоригдсон Ц.Лувсанданзангийн 126 хоног, М.Бат-Амгалангийн 345 хоног, Т.Пэрэнлэйгийн 124 хоног, Б.Агваанпүрэвийн 5 хоногийг тэдгээрийн эдлэх ялд тус тус оруулан тооцсугай.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч Ц.Лувсанданзангаас нийт 4.028.000 төгрөгийн хохирол гаргуулж  хохирогч Ж.Энхтөрд 578.666 төгрөг, Б.Хишигмаад 578.000 төгрөг, Э.Ганбатад 139.000 төгрөг, Ц.Батмөнхөд 97.000 төгрөг, Я.Отгонбаярт 663.000 төгрөг, Л.Бат-Эрдэнэд 297.000 төгрөг, Б.Сайнжаргалд 156.000 төгрөг, Л.Батзоригт 528.000 төгрөг, Г.Жаргалсайханд 186.000 төгрөг, Г.Түмэнжаргалд 186.000 төгрөг, Э.Нямдоржид 198.000 төгрөг, С.Нарангэрэлд  432.000 төгрөг,

шүүгдэгч М.Бат-Амгалангаас нийт 3.408.666 төгрөгийн хохирол гаргуулж хохирогч Ж.Энхтөрд 578.666 төгрөг, Б.Хишигмаад 578.000 төгрөг, Э.Ганбатад 139.000 төгрөг, Ц.Батмөнхөд 97.000 төгрөг, Я.Отгонбаярт 663.000 төгрөг, Л.Бат-Эрдэнэд 297.000 төгрөг, Б.Сайнжаргалд 156.000 төгрөг, Л.Батзоригт 528.000 төгрөг, Г.Жаргалсайханд 186.000 төгрөг, Г.Түмэнжаргалд 186.000 төгрөг олгосугай.

8. Шүүгдэгч Б.Агваанпүрэв, Т.Пэрэнлэй нар бусдад болох төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүйг тус тус дурьдсугай.

9. Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан автомашины үнэ 1.300.000 төгрөгийг Ц.Лувсанданзан, М.Бат-Амгалан, Б.Агваанпүрэв нараас хувь тэнцүүлэн гаргуулж тус бүрээс 433.333 төгрөгийг улсын төсөвт  шилжүүлсүгэй.

10. Шүүгдэгч Т.Пэрэнлэйгийн насанд хүрээгүй хүүхдүүдэд асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоохыг Баянгол дүүргийн Засаг даргад даалгасугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэсэн тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ц.Лувсанданзан, М.Бат-Амгалан, Б.Агваанпүрэв, Т.Пэрэнлэй нарт авсан цагдан хорих  таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.                              

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ц.ДАЙРИЙЖАВ