Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 24 өдөр

Дугаар 41

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

     Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Дэлгэрсайхан даргалж, нарийн бичгийн дарга Э.Нарантуяа, улсын яллагч Т.Дэлгэрсайхан, шүүгдэгч Л.Буянтогтох, шүүгдэгчийн өмгөөлөгч П.Буманзаяа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар, Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын Прокурорын газраас Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Онгод овгийн Лхагвын Буянтогтохд холбогдох эрүүгийн 201718010071 тоот хэргийг хянан хэлэлцэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт: Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 0000 оны 00-р сарын 10-ны өдөр Булган аймгийн Сэлэнгэ суманд төрсөн, 00 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Булган аймгийн Сэлэнгэ сумын 3 дугаар багийн задгайд оршин суух, Онгод овгийн Лхагвын Буянтогтох /РД:ГИ75101010/. Үйлдсэн хэргийн талаар: Шүүгдэгч Л.Буянтогтох нь 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын 2 дугаар багийн нутаг Салуужин гэх газарт байрлах иргэн Ш.Сайндэлгэрэхийн эзэмшлийн өвлийн байшинд хууль бусаар нэвтэрч Винтов маркийн буу хулгайлж, Ш.Сайндэлгэрэхэд 700.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 1.Мөрдөн байцаалтад хохирогч Ш.Сайндэлгэрэхийн өгсөн “...Би 2017 оны 05 дугаар сарын 07-ны өдөр өвөлжөөний газар болох Салуужин гол гэх газраас зуслангийн Ар бургалтай гэх газарт очихоор малаа туугаад нүүдэл хийсэн юм. Бид нар малаа зуслангийн газраа авчирчихаад буцаад гэрээ авчихар гэтэл бороо ус ороод шавар ихтэй болчихсон учраас явж чадахгүй байсаар 05 дугаар сарын 30- ны өдөр хүргэсэн. Манайхыг нүүдэл хийгээд эзгүй байх хооронд өвөлжөөн дээр байсан байшинг маань харж хандах хүн байгаагүй. 2017 оны 05 дугаар сарын 30- ны өдөр өвөлжөөн дээрээ иртэл байшингийн маань цонх нь онгорхой байхаар нь ороод үзтэл миний Винтов маркийн буу алга болчихсон байсан учраас Булган аймгийн Хангал сумын Хялгант тосгоны цагдаад энэ талаар мэдээлсэн юм. Энэ бууг би өөрийнхөө төрсөн ахын хүү Даваанямаас худалдан аваад нэрээ шилжүүлж өөрийн нэр дээр бүртгүүлж чадаагүй байгаа... надад одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 хуудас/, 2.Мөрдөн байцаалтад гэрч С.Даваанямын өгсөн “...Би Баруунбүрэн суманд “Газар агро” ХХК-ын гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа тус компаны эзэмшлийн Винтов маркийн бууг эзэмшиж байсан. Тэгээд ажлаа хүлээлгэж өгөхдөө өөрийн нэр дээр байсан Винтов бууг тус байгууллагын малчин Ш.Сайндэлгэрэх гэдэг хүнд шилжүүлж өгсөн. Тэр хүнийг хэрэгт хохирогчоор оролцуулж өгнө үү... гэх мэдүүлэг /хх-ийн 29-30 хуудас/, 3.Мөрдөн байцаалтанд гэрч Т.Батбаярын өгсөн ...ямар ч байсан Буянтогтох, Ганзориг бид гурав эзэнгүй айлд борооноос зугтаж толгой хорогдох зорилгоор ороод хоночихсон юм. Маргааш өглөө нь Буянтогтох орон доороос нэг буу оллоо аваад явчих уу гэхээр нь Ганзориг бид хоёр хүний юм яах гээд байгаа юм бэ, байранд нь буцаагаад тавь гэж хэлээд Ганзориг бид хоёр түрүүлж гэрээс гараад морио услаад байж байсан. Араас Буянтогтох байшингаас гарч ирэхээр нь бид гурав шууд Хялгант тосгон руу явсан. Би замдаа өөрийн ээжийнд ороод үлдсэн. Ганзориг, Буянтогтох 2 Ганзоригийн гэрлүү явсан. Хэд хоногийн дараа Хялгантын цагдаа Ганзориг, Батбаяр, бид гуравыг Булган аймгийн цагдаа дээр оч гэж хэлсэний дагуу шалгагдаж байна... гэх мэдүүлэг /хх-ийн 75 хуудас/, 4.мөрдөн байцаалтанд гэрч Э.Ганзоригын өгсөн: ...Буянтогтох, Батбаяр бид 3 эзэнгүй айлд толгой хорогдох зорилгоор ороод хоносон. Маргааш өглөө нь Буянтогтох 1 буу олоод аваад явчих уу гэхээр нь Батбаяр ах бид хоёр хүний юм яах юм бэ, байранд нь буцаагаад тавь гэж хэлээд Батбаяр ах бид хоёр гараад морио услаад байж байх үед Буянтогтох байшин дотороос гарч ирээд бид гурав шууд Хялгантад манай гэрт очихоор явсан. Буянтогтох бид хоёр манай гэрт очиход хүн байгаагүй ба Буянтогтох бид гурвын хоноглосон айлын орон доор байсан Винтов маркийн бууг гаргаад ирсэн. Тэгэхээр нь би “чи яаж байгаа юм бэ” гэж хэлсэн чинь хонь мал үргээх гээд нууцаар авчихсан юм гэж хэлж байсан. Тэгээд манайд байсан тасдагчаар гол төмрийг тасдаад, буун дээр байсан тоог хуссан. Би яах гэж байгаа юм бэ гэсэн чинь баригдаж магадгүй л гэж хэлсэн.... гэх мэдүүлэг /хх-ийн 87 хуудас/ 5. Шүүгдэгч Л.Буянтогтох шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...Би Ганзориг Батбаяр нартай эвэр түүж яваад айлын өвөлжөө байхаар нь борооноос хоргодохоор орж хоносон. Өглөө босоод гутлаа авах гээд тонгойход нааран доогуур нь буу байсан. Нөгөө хоёртоо энд нэг буу байна авчих уу? гэхэд хүний юмаар яах гээв гэж хэлээд яваад өгсөн. Тэгэхээр нь би дээлэндээ боогоод аваад гарсан... гэх мэдүүлэг, 6. Буунд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-7 хуудас/, 7. Бууг хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 8 хуудас/, 8.2017 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 64 дугаартай ...Винтов маркийн гар буу 700.000 төгрөг... гэсэн үнэлгээний комиссын акт /хх-ийн 18 хуудас/, 9. Л.Буянтогтохын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 66 хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шүүгдэгч Л.Буянтогтох нь 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын 2 дугаар багийн нутаг “Салуужин” гэх газарт байрлах иргэн Ш.Сайндэлгэрэхийн эзэмшлийн өвлийн байшинд хууль бусаар нэвтэрч Винтов маркийн буу хулгайлж, Ш.Сайндэлгэрэхэд 700.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох хохирогч Ш.Сайндэлгэрэх, гэрч С.Давааням, Т.Батбаяр, Э.Ганзориг нарын мэдүүлэг болон мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Буянтогтохын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ тогтоосон акт, буунд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, бууг хураан авсан тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна. Прокурорын газраас шүүгдэгч Л.Буянтогтохыг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч бусдын эд хөрөнгийг хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн /2015 он/ 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл тохирсон бөгөөд хэргийн бүрдэл хангагдсан шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдсон байна. Эрүүгийн хуулийн /2015 он/ 1.9 дүгээр зүйлийн 1-д ...оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ... гэж заасан байна. Иймд шүүгдэгч Л.Буянтогтохын эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хууль буюу 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар түүнийг гэм буруутайд тооцож, 02 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэх нь зүйтэй байна. Шүүгдэгч Л.Буянтогтох нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна. Шүүгдэгч Л.Буянтогтох нь хүндэвтэр гэмт хэрэг анх удаа үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад төлөх төлбөргүй буюу хохирогч нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн /2002 оны/ 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар түүнд оногдуулсан 02 жилийн хугацаагаар хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзээд оногдуулах хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзах нь зүйтэй байна. Шүүгдэгч Л.Буянтогтох нь бусдад төлөх төлбөргүй болох нь мөрдөн байцаалтад хохирогч Ш.Сайндэлгэрэхийн өгсөн “...надад одоо гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэх мэдүүлгээр тогтоогдож байна. Шүүгдэгч Л.Буянтогтох нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, гэм хорыг арилгасныг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож ял шийтгэл оногдуулав. Харин шүүгдэгчид ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.12 дугаар зүйлийн 2, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь :

1.Прокуророос шүүгдэгч Онгод овгийн Лхагвын Буянтогтохыг 2015 оны Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 болгон зүйлчлэлийг өөрчилсүгэй.

2. Шүүгдэгч Онгод овгийн Лхагвын Буянтогтохыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн /2002 оны/ 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч Л.Буянтогтохын эд хөрөнгийг хураахгүйгээр 02 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар шүүгдэгч Л.Буянтогтохд оногдуулсан 02 жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, 01 жилийн хугацаагаар хянан харгалзсугай.

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ДЭЛГЭРСАЙХАН