Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 130/ШШ2022/00261

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Е . Хаяг: Баян-Өлгий аймаг, Д  сум 09 дүгээр баг, Хөх толгой гэх газарт оршин суух 

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Д  сумын Эрүүл мэндийн төв /дарга Н /. Хаяг: Баян-Өлгий аймаг, Д  сум 9 дүгээр багт үйл ажиллагаа явуулах

 

Нэхэмжлэлийн шаардлага: Баян-Өлгий аймгийн Д  сумын Эрүүл мэндийн төвийн даргын 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Б/31 дүгээр тушаалыг хүчингүй болгож, Баян-Өлгий аймгийн Д  сумын Эрүүл мэндийн төвийн нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгохыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С,

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Н , түүний өмгөөлөгч З,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд А ,

ГэрчБ , С , Т , И.С , Б.С , Ж ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Арманбек нар оролцов.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Е нь хариуцагч Баян-Өлгий аймгийн Д  сумын Эрүүл мэндийн төвийн дарга Н ад холбогдуулан тус сумын Эрүүл мэндийн төвийн даргын 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Б/31 дүгээр тушаалыг хүчингүй болгож, Баян-Өлгий аймгийн Д  сумын Эрүүл мэндийн төвийн нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгохыг хүссэн тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж, тодорхойлж байна. Үүнд:

2.Нэхэмжлэгч Е нь улсад 34 жил, үүнээс Д  сумын Эрүүл мэндийн төвд нягтлан бодогчоор 31 жил ажилласан. 2021 оны 7 дугаар сараас эхэлж КОВИД-19 өвчнөөр өвчилсөн хүмүүсийн тоо ихэссэнтэй холбоотой тус эмнэлгийн нягтлан бодогч болон нярав нарын албан өрөөний зориулалтыг өөрчилж өвчтөний палат болгосон.

Ингэснээр Е болон нярав хоёр өөрийн гэсэн өрөөгүй, ширээ сандалгүй болсон. Гэсэн хэдий ч нэхэмжлэгч аргалаад ажлаа хийж байсан. Гэтэл ажил олгогч түүнийг үндэслэлгүйгээр ажил тасалсан гэж гүжирдэж ямар ч нотлох баримтгүйгээр ажлаас нь чөлөөлчихсөн байна. Тэрээр тухайн үед өвчтэй байсан юм. Мөн ажил олгогч төсвийн шууд захирагч болохын хувьд батлагдсан төсвийг зориулалтын бусаар зарцуулахыг түүнээс удаа дараа шаардаж байсан. Гэтэл Е нь Төсвийн тухай хуулийг зөрчих боломжгүй гэж хэлснийхээ төлөө түүнийг ажлаас халсан байна. Е нягтлан бодогчоор ажиллаж байх хугацаанд ямар нэгэн сахилгын зөрчил гаргаж байгаагүй тул ажил олгогчийн шийдвэрт маш их гомдолтой байна. Ажил олгогч маргаан бүхий тушаалыг гаргахдаа тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасныг баримталсан боловч уг хуулийн заалтад заасан 2 нөхцөлийн аль аль нь нотлох баримтаар нотлогдохгүй байна. Хариуцагч маргаан бүхий тушаалын Е ыг ажлаас чөлөөлсөн үндэслэлээ Е нь 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 11 дүгээр сарын 19-ний өдрийн хооронд, 11 дүгээр сарын 21-ний өдрөөс 11 дүгээр сарын 22-ны өдөр хүртэл хүндэтгэн үзэх шалтгаангүй ажил тасалсан учир түүнийг ажлаас чөлөөлсөн гэж тайлбарлажээ. Гэтэл энэ нь нотлох баримтаар одоо хүртэл нотлогдоогүй. Е нь 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 11 дүгээр сарын 19-ний өдрийн хооронд өвчтэй байсан бөгөөд энэ талаар нотлох баримт болох эмчийн магадалгаа гаргаж өгсөн. Хариуцагч талаас энэ нотлох баримтыг няцаахуйц нотлох баримт гаргаж өгч чадаагүй. Мөн ажил олгогчийн маргаан бүхий тушаалын 2 дахь заалтад нэхэмжлэгчийг ажлаас халсан дараагийн үндэслэл гэж Е нь удирдах албан тушаалтнаас өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа цаг тухайд нь биелүүлээгүй гэсэн үндэслэлийг дурджээ. Гэтэл Е нь удирдлагаас өгсөн ямар үүрэг даалгаврыг хэзээ биелүүлээгүй гэдэг нь мөн адил нотлох баримтаар нотлогдох ёстой. Ажил олгогч уг үндэслэлээ нотлох, нотлох баримтыг гаргаж өгөөгүй. Хавтаст хэрэгт 2018, 2019 онд Төрийн аудитын газраас тогтоосон актууд л нотлох баримтаар авагдсан. Энийг удирдлагаас өгсөн үүрэг даалгавар гэж тайлбарлах гэж байгаа юм уу, үгүй юм уу? гэдэг нь тодорхойгүй. Дээрээс Е ыг байнга архи ууж, зөрчил гаргадаг, архи уугаад зөрчил гаргасан үйлдэл дээрээ хэд хэдэн удаа баригдсан учраас түүнийг ажлаас чөлөөлсөн гэж ажил олгогч маргаан бүхий тушаалдаа болон шүүхэд нэхэмжлэлтэй холбоотой ирүүлсэн хариу тайлбартаа ч гэсэн дурдсан. Гэтэл Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газрын дэд даргаас шүүхэд ирүүлсэн албан бичгээс харахад Е ы архи уугаад зөрчил гаргасан нь тогтоогдохгүй байна. Тиймээс ажил олгогчийн маргаан бүхий тушаалд дурдсан бүх үйл баримт нотлох баримтаар нотлогдохгүй байна гэж үзэх бүрэн боломжтой. Хавтаст хэрэгт Е ы хэвтэж байгаа зургуудыг хариуцагч талаас нотлох баримтаар гаргаж өгсөн. Гэтэл уг зургуудад бичсэн тайлбарууд нь үнэн үү, худлаа юу гэдэг нь тодорхой бус. Энэ зургууд хэзээ, хаана авагдсан нь ч гэсэн тодорхойгүй байна. Тиймээс хариуцагч талын гаргаж өгсөн зургуудын тайлбарт бичсэн үйл баримтууд Цагдаагийн газраас ирүүлсэн тодорхойлолтоор үгүйсгэгдэж байна. Мөн хариуцагч талаас Е ыг 2021 оны 11 дүгээр сард удаа дараа ажил тасалсан гэж буруутгаж байна. Гэтэл Е нь 2021 оны 11 дүгээр сард 1498000 төгрөг, 12 дугаар сард 1564000 төгрөгийн цалин авсан. Е ы үндсэн цалин 1206000 төгрөг байдаг. Үүнээс харахад Е нь 2021 оны 11, 12 дугаар саруудад илүү цалин авч урамшуулал авсан болохоос биш ажил тасалсан гэж цалин хөлс нь хасагдаагүй. Ажилтны ажил тасалсныг цагийн бүртгэлээр нотлох ёстой болохоос хэн нэгний тайлбараар нотлохгүй. Нэхэмжлэгч нэхэмжлэл гаргаснаас хойш хариуцагч талаас нэг ч нотлох баримтыг гаргаж өгч чадаагүй. Хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа 2 хувь үйлдэх ёстой. Хэрэв хөдөлмөрийн гэрээг 2 хувь үйлдээгүй бол ажилтанд ядаж хуулбарыг нь өгөх ёстой байсан. Хариуцагч талаас хөдөлмөрийн гэрээний эх хувийг нотлох баримтаар гаргаж өгч чадаагүй. Ажил олгогч болон ажилтан ямар үйлдэл, эс үйлдэхүйг сахилгын ноцтой зөрчилд тооцохыг хөдөлмөрийн гэрээгээр харилцан тохиролцсон байх ёстой. Хавтаст хэрэгт хөдөлмөрийн гэрээ гаргаж өгөөгүй байж хариуцагч ямар учраас сахилгын ноцтой зөрчил гэж тайлбарлаж байгаа нь ойлгомжгүй байна. Хариуцагч талаас байгууллагын Хөдөлмөрийн дотоод журам гэх баримтыг гаргаж өгсөн боловч уг баримтын эхний хуудас нь бусад хуудаснуудаас өөр фонтоор бичигдсэн. Үүнийг би хариуцагч хөдөлмөрийн дотоод журмын эхний хуудсыг сольсон байна гэж үзэж байна. Мөн 1 дүгээр хуудаст дарагдсан тамга тэмдэг нь ч гэсэн хатаагүй, цоо шинэ, цаасанд шингэж амжаагүй байна. Тийм учраас сүүлд нотлох баримтыг нөхсөн гэж үзэх үндэслэл бүхий хардалт үүсээд байна. Маргаан бүхий тушаалыг гаргах үед хариуцагч байгууллагад Хөдөлмөрийн дотоод журам байгаагүй гэж үзэж байна. Учир нь  хариуцагч маргаан бүхий тушаалыг гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн дараа Хөдөлмөрийн дотоод журмыг баримталсан байх ёстой байсан. Иймд, Баян-Өлгий аймгийн Д  сумын Эрүүл мэндийн төвийн даргын 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Б/31 дүгээр тушаалыг хүчингүй болгож, Е ыг урьд эрхэлж байсан Д  сумын Эрүүл мэндийн төвийн нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэв.

3.Хариуцагч Баян-Өлгий аймгийн Д  сумын Эрүүл мэндийн төвийн дарга Н ад хариу тайлбар, татгалзал:

Д  сумын Эрүүл мэндийн төвийн дарга Н  би нэхэмжлэгч Е ы тус шүүхэд гаргасан нягтлан бодогчийн ажилд эргүүлэн томилох тухай нэхэмжлэлийг, эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.

Нэгдүгээрт, нэхэмжлэгч Е нь тус сумын Эрүүл мэндийн төвд /өмнөх нэршлээр Д  сумын сум дундын эмнэлэг/ он удаа жил нягтлан бодогчийн албан тушаалд ажилласан бөгөөд сүүлийн жилүүдэд байнга архи, согтууруулах ундааны зүйлийг өдөр алгасалгүй хэрэглэж, ажил таслах, ажилд ирэлгүй архидан согтуурч ажил төрлийг цалгардуулах, ажлын байранд согтууран, ухаан алдаж хэвтэх, санхүүгийн мэдээ тайланг гаргахгүй байх, санхүүгийн зөрчил гаргах, ажилчдын цалин хөлсийг хугацаанд бодож өгөлгүй ажилчид, албан хаагчдыг чирэгдүүлэх, эрх бүхий байгууллагаас явуулсан аудитын болон санхүүгийн хяналт шалгалтаар зөрчил гаргах зэргээр хөдөлмөрийн сахилгын зөрчлийг удаа дараа гаргаж байсан учир Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д зааснаар Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан болно.

Хоёрдугаарт, нягтлан бодогч асан Е нь байгууллагын дотоод журмын 11 дүгээр бүлгийн 11.1.2, 11.1.3-д заасан болон Хөдөлмөрийн гэрээний 20 дахь заалтад заасан хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчлийг удаа дараа гаргасан талаар зөрчлийн нотлогдох байдлын талаар тайлбарлая. Нягтлан бодогч асан Е нь 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 19-ний өдрийн хооронд ажлын байранд ирэлгүй, ажлын цагаар архидан согтуурч, сумын Засаг даргын тамгын газрын Төрийн сангийн ажлын байранд болсон орон нутгийн өмчийн газраас зохион байгуулсан албаны уулзалтын хуралд согтуу очиж оролцсон нь Д  сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын даргын 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 02/29 тоот “Мэдэгдэл”-ээр нотлогдож байна. Мөн нэхэмжлэгч Е нь 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Д  сумаас албаны ажлаар Өлгий хотод ирж яваад Думан зочид буудалд архидан согтуурч, ажлын цагаар зүй бус байдал гарган, хэрүүл маргаан үүсгэж Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газарт баривчлагдан саатуулагдаж, эрүүлжүүлэгдэж байхад Ерөнхий эмч Н  би эрүүлжүүлэх байрнаас тухайн өдөр гаргаж авсан. Энэ нь Е ы өөрийн 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр зөрчлийг хүлээн зөвшөөрсөн гарын баримтаар нотлогдож байна. Нягтлан бодогч Е нь ажлын цагаар байнга архи уудаг, архи ууж согтууран ажил тасалдаг, чиг үүргээ хэрэгжүүлэлгүй, ажилчдын цалин хөлс, нийгмийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татварын суутгалыг буруу тооцож гаргадаг, санхүүгийн зөрчил үүсгэдэг зэрэг ноцтой зөрчил байнга давтамжтай гаргадаг болох нь санхүүгийн албаны дарга С.С ийн 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 01 дугаартай албан бичгээр батлагдаж байна. Нэхэмжлэгч Е нь ажлын цагаар байнга архи ууж согтууран, ажилчин албан хаагч нартай зүй бус харьцдаг, хэл амаар доромжилж, зарим эмэгтэй хүмүүст салаавч, гаргаж танхайрах, зүй бус авирлах, ажлын байранд согтуурч унах, ёс зүйн зөрчил гаргадаг болох нь түүнийг ажлаас халах шийтгэл оногдуулахыг шаардсан тухай хамт олны 42 хүний гарын үсэг бүхий шаардлага, уг шаардлагыг авч хэлэлцсэн тухай Д  сумын Эрүүл Мэндийн төвийн бүх ажилчдын 2021 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хурлын тэмдэглэл зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна. Е нь Д  сумын Эрүүл Мэндийн төвийн нягтлан бодогчийн албан тушаалд ажиллаж байхад ажлын цагаар ажлын байранд архидан согтуурч Хөдөлмөрийн гэрээнд заагдсан ноцтой зөрчил гаргасныг 2021 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр сумын Засаг дарга болон эмч Т  нар үйлдэл дээр нь илрүүлж, өөрт нь сонсох ажиллагаа хийхэд ажлын байранд ажлын цагаар согтуурсан үйлдлээ хүлээн зөвшөөрч, дахин тийм төрлийн зөрчил гаргахгүй хэмээн андгайлж, 2021 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр гарын баримт бичиж өгсөн байдаг. Нэхэмжлэгч Е нь Ковид-19-ийн шинжилгээний дүгнэлт хавсаргасан боловч, энэ нь хуурамч болох нь лабораторийн шинжилгээний бүртгэлээр ногтлогдож байна. Өөрөөр хэлбэл шинжилгээний бүртгэлд Е ы талаар мэдээлэл агуулаагүй учир эмч Н ы тодорхойлолт үндэсгүй болох нь тогтоогдсон гэж үзэж байна. Е нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Төсвийн тухай хууль болон байгууллагын дотоод журмын 11 дүгээр бүлгийн 11.1.1, 11.1.2, 11.1.3, 11.2.1, 11.2.4-д заасан зөрчил гаргасан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Төрийн аудитын дүгнэлтээр тавьсан төлбөрийн актыг биелүүлээгүй, албан шаардлага, зөвлөмж хүргүүлсэн боловч, 2021 оны 07 дугаар сарын 05-ны дотор барагдуулах хугацаатай үүргийг огт биелүүлээгүй, ажил зохиогоогүй болох нь Баян-Өлгий аймаг дахь Төрийн Аудитын газрын 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн мэдэгдэх хуудсаар батлагдана Төсвийн тухай хуулийг зөрчиж үндсэн баримтгүй 360000 төгрөгийг зүй бус зарцуулсан, холбогдох хууль тогтоомжуудыг зөрчсөн болох нь Санхүүгийн хяналт, аудитын албаны 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн танилцуулга, улсын байцаагчийн 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 18/04 тоот дугаартай актаар батлагдсан Е нь 2018-2021 онуудад жил дараалан Санхүүгийн зөрчил дутагдал гаргаж нягтлан бодох бүртгэлийн тухай хууль болон Төсвийн тухай хууль бусад богдох хууль тогтоомжийг зөрчиж, байгууллагыг өр төлбөрт оруулж,санхүүгийн зөрчил гаргаж байсан нь эрх бүхий байгууллагын дүгнэлт, акт зэргээр. Мөн Е албан байгууллагын конторт ажлын цагаар архидан согтуурч, ухаан алдаж хэвтэж байсныг нотлох зургийг хавсаргасан. Эдгээр сахилгын зөрчлүүд нь 2021 онд олон удаа давтагдаж гарсан, нэг жилийн дотор удаа дараа үргэлжилсэн байдлаар, ноцтой зөрчил гаргасан нь нотлох баримтаар тогтоогдсон тул ажлаас халах сахилгын шийтгэл хүлээлгэсэн болно. Тиймээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж байна гэв.

4.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд А  хариу тайлбар: Миний бие Е ы нэхэмжлэлтэй Д  сумын Эрүүл Мэндийн төвийн дарга Н  холбогдох тус төвийн нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгохыг хүссэн тухай иргэний хэрэгт бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцож байна. А  миний бие Хөдөө аж ахуйн Их сургуулийг 2006-2010 онуудын хооронд суралцаж төгсөж “нягтлан бодогч, эдийн засагч” мэргэжилтэй, дээд боловсролтой, бакалавр зэрэгтэй эзэмшсэн болно.Миний бие 2010 оны 10-р сараас 2021 оны12 дугаар сар хүртэл Төрийн банкны Д  сум дахь салбар банканд тасралтгүй 11 жилийн турш эдийн засагчийн орон тоонд ажилласан бөгөөд ажилласан хугацаанд ямар нэгэн зөрчил дутагдал гаргаж байгаагүй болно. 2021 оны 12-р сард Д  сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурал,Засаг дарга болон сумын ЗДТГ, сумын Санхүүгийн албаны удирдлагаас А  надад удаа дараа хүсэлт гаргаж, Д  сумын Эрүүл мэндийн төвийн нягтлан бодогч Е нь үүрэгт ажлыг шаардлагын түвшинд гүйцэтгэж чадахгүй байна, удаа дараа санхүүгийн зөрчил дутагдал гаргасан, сумын Эрүүл мэндийн төвөөс гомдол ажлаас гаргах санал гаргаж байна. Е нь архины хамааралтай болсон ба сумын Эрүүл мэндийн төвийг санхүүгийн үйл ажиллагааг бусад байгууллагын нягтлан бодогч нараар гуйж гүйцэтгүүлж байна.Тийм учраас Төрийн банкны эдийн засагчийн ажлаас хүсэлтээрээ чөлөөлөгдөж сумын Эрүүл мэндийн төвийн даргын 2021 оны 12-р сарын 23-ний өдрийн “ажилд томилох тухай” тушаалаар томилогдсон болно.Би 2021 оны 12-р сарын 23-ны өдөр Д  сумын ЭМТ-ийн нягтлан бодогчийн албан тушаалыг авахад Санхүүгийн анхан шатны бүртгэл хөтлөгдөөгүй жилийн тайлан тооцоо гараагүй, зөрчилтэй, бүх баримт Санхүүд авагдаагүй учир Төрийн сангаас хуулбарлаж авсан бөгөөд байгууллагын компьютер аймгийн төвд өөр хүнд дамжуулчихсан учраас Санхүүгийн мэдээлэл цахим санд ороогүй байсан юм.Учрыг лавлавал ня-бо Е нь өөрөө компьютер ажиллуулж чаддаггүй учраас программыг огт мэдэхгүй, цахимаар нягтлан бүртгэлийн болон Санхүүгийн тайлан гаргаж сураагүй, тэр талаар анхан шатны мэдлэггүй учраас компьютерыг өөр хүнд ашиглуулж байсан байна. Үүнээс болж Д  сумын ЭМТ-ийн нягтлан бодох бүртгэл, Санхүүгийн тайлан тооцоо өдөр тутам хэвийн ажиллах нөхцөлийг бүрэн алдсан байна. Е нь ажлын цагаар ажлын байранд болон гадуур байнгын архидан согтуурч явдаг хүн байсан юм. Е ы байнга согтуурч явдаг байдлыг сумын ард иргэд захаас мэддэг болсон, архины хамааралтай болсон нь нийгэмд илэрхий болсон юм. Үүнийг би тухайн хүний орон тооны ажилд томилогдсон болоод бичиж байгаа юм биш үнэн дүр төрхийг бодит байдлаар хэлж ойлгуулах гэсэн юм. Миний бие тухайн үед ажил томилогдсоноос хойш Д  сумын ЭМТ-ийн санхүүгийн ажлыг эмхлэн цэгцэлж, ня-бо бүртгэлийн анхан шатны баримт материалын бүрдүүлэлтийг бүрэн хангаж Санхүүгийн баримтын стандарт бүх төрлийн маягтыг журмын дагуу хөтөлж тайлан тооцоог өдөр тутам гаргаж, цахим системд оруулж ажиллаж байна. Е нь үнэхээр төрийн албан хаагчийн ёс зүйгүй байнга архи ууж согтууран хэвийн бус байдаг удаа дараа ёс зүйн болон санхүүгийн зөрчил гаргаж байсан тул Е ы нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Хэрэв нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн хангасан тохиолдолд би ажилгүй үлдэж хохирно. Би Д  сумын Эрүүл мэндийн төвийн бүх санхүүгийн ажлыг эмхлэн цэгцэлж, Е ы хийгээгүй ажлыг нөхөж хийснийхээ төлөө ажилгүй хохирч үлдмээргүй байна. Тиймээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж байна гэв.

5.Нэхэмжлэгчээс Монгол Улсын Иргэний үнэмлэх, 2016 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хариуцагч Баян-Өлгий аймгийн Д  сумын сум дундын эмнэлгийн эрхлэгчтэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээ зэргийн хуулбар, 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Баян-Өлгий аймгийн Д  сумын Эрүүл мэндийн төвийн ерөнхий эмчийн Б/31 дүгээр Е ыг ажлаас чөлөөлсөн тухай тушаал, эмнэлгийн магадалгаа, нэхэмжлэгч Е аас 2022.03.02-ны өдрийн №0238 дугаартай итгэмжлэлээр А д олгосон итгэмжлэл зэрэг баримтуудыг,

6.Хариуцагч байгууллагын төлөөлөгчөөс 2022 оны 02 дугаар сарын 18-ний өдөр өмгөөлөгч З тай байгуулсан өмгөөллийн гэрээ, хариуцагч байгууллагын төлөөлөгчийн 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 04 дугаар албан бичгээр ирүүлсэн тайлбар,2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Баян-Өлгий аймгийн Д  сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 01/29 дугаартай “мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичиг, 2021.11.30-ны өдрийн Е ы бичсэн гэх баримт, 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Баян-Өлгий аймгийн ЗДТГазрын санхүүгийн албаны дарга С.С ийн №01 дугаартай “Эрүүл мэндийн төвийн дарга Н  танд” гэх албан бичиг,тус төвийн ня-бо Е ыг ажлаас гаргах тухай зөвшөөрсөн эмнэлгийн 42 ажилтнуудаас гаргасан албан шаардлага, 2021 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Е ы бичсэн гэх баримт,лабораторийн шинжилгээний бүртгэл, 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн Баян-Өлгий аймаг дахь Төрийн аудитын газрын  “Д  сумын Эрүүл мэндийн төвийн дарга Н , нягтлан бодогч Е нарт” гэсэн №01 дугаартай мэдэгдэх хуудас, 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны хяналт шалгалтын улсын байцаагчийн танилцуулга,  2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Баян-Өлгий аймгийн Санхүүгийн хяналт, аудитын алба улсын ахлах байцаагчийн “Үндсэн баримтгүй зарцуулсан мөнгийг төлүүлэх тухай” 18-04 дугаартай акт,  Д  сумын ЭМТөвийн даргын 2021.03.30-ны өдөр баталсан Д  сумын Эрүүл мэндийн төвийн дотоод журам, 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдөр болон 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хөтөлсөн хурлын тэмдэглэл,2021 оны 10 ба 11 дүгээр сард ажлын цагаар ажлын байранд архи уусан гэх нэхэмжлэгч Е ы фото зураг, 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн Баян-Өлгий аймаг дахь Төрийн аудитын газрын 02/65 дугаартай Сахилгын шийтгэл ногдуулах тухай”  албан шаардлага, 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Баян-Өлгий аймаг дахь Төрийн аудитын газрын 337 дугаартай албан бичиг, 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн  Баян-Өлгий аймаг дахь Төрийн аудитын газрын 337 дугаартай албан бичиг, зэргийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн  Баян-Өлгий аймгийн Орон нутгийн өмчийн газрын даргын 01/ 88 дугаар албан бичиг,  2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн Баян-Өлгий аймаг дахь Төрийн аудитын газрын даргын 265 дугаар албан бичиг, 2020 оны 02 дугаар сарын 27-ний өдрийн Баян-Өлгий аймаг дахь Төрийн аудитын газрын “төлбөр барагдуулах тухай” 01/8 дугаартай акт, 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн Баян-Өлгий аймаг дахь Төрийн аудитын газрын “зөрчил арилгах тухай” 01/51 дугаартай албан шаардлага, 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн болон 2020 оны 02 дугаар сарын 27-ний өдрийн Баян-Өлгий аймаг дахь Төрийн аудитын газрын 267 дугаартай Аудитын гэрчилгээ зэрэг баримтуудыг,

7.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд А аас  2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Баян-Өлгий аймгийн Д  сумын Эрүүл мэндийн төвийн даргын А ыг тус төвийн нягтлан бодогчоор томилсон тухай Б/32 дугаартай тушаал,бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр татан оролцуулах тухай хүсэлт, 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдөр бичгээр ирүүлсэн тайлбар зэрэг баримтуудыг  тус тус шүүхэд гаргаж өгсөн байна.

8.Хариуцагч байгууллагын төлөөлөгчийн хүсэлтээр шүүх хуралдаанд Б, С , Т , И.С , Б.С , Ж  нарыг гэрчээр оролцуулж, 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн  Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын дэд бөгөөд эрүүгийн цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн хошууч Г ын 28/1223 дугаартай албан бичгийг шүүх бүрдүүлсэн болно.

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.Шүүхээс хэргийн оролцогчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж  шийдвэрлэх үндэслэлтэй байна.

2.Нэхэмжлэгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Д  сумын Эрүүл мэндийн төв нь 2021 оны 7 дугаар сараас эхэлж КОВИД-19 өвчнөөр өвчилсөн хүмүүсийн тоо ихэссэнтэй холбоотой тус эмнэлгийн нягтлан бодогч болон нярав нарын албан өрөөний зориулалтыг өөрчилж өвчтөний палат болгосон. Ингэснээр нэхэмжлэгч Е болон нярав хоёр өөрийн гэсэн өрөөгүй, ширээ сандалгүй болсон. Гэсэн хэдий ч нэхэмжлэгч аргалаад ажлаа хийж байсан. Гэтэл ажил олгогч түүнийг үндэслэлгүйгээр ажил тасалсан гэж гүжирдэж ямар ч нотлох баримтгүйгээр ажлаас нь чөлөөлчихсөн байна. Тэрээр тухайн үед өвчтэй байсан мөн ажил олгогч төсвийн шууд захирагч болохын хувьд батлагдсан төсвийг зориулалтын бусаар зарцуулахыг түүнээс удаа дараа шаардаж байсан. Е нь Төсвийн тухай хуулийг зөрчих боломжгүй гэж хэлснийхээ төлөө түүнийг ажлаас халсан байна. Е нягтлан бодогчоор ажиллаж байх хугацаанд ямар нэгэн сахилгын зөрчил гаргаж байгаагүй тул ажил олгогчийн шийдвэрт маш их гомдолтой байна. Дээрээс нь Е ыг байнга архи ууж, зөрчил гаргадаг, архи уугаад зөрчил гаргасан үйлдэл дээрээ хэд хэдэн удаа баригдсан учраас түүнийг ажлаас чөлөөлсөн гэж ажил олгогч маргаан бүхий тушаалдаа болон шүүхэд нэхэмжлэлтэй холбоотой ирүүлсэн хариу тайлбартаа ч гэсэн дурдсан. Гэтэл Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газрын дэд даргаас шүүхэд ирүүлсэн албан бичгээс харахад Е ы архи уугаад зөрчил гаргасан нь тогтоогдохгүй байна.Удирдах албан тушаалтнаас өгсөн үүрэг даалгаврыг цагт тухайд нь биелүүлдэггүй гэсэн ба ямар албан шаардлагыг өгч биелүүлээгүй талаарх бичгийн нотлох баримтыг гаргаж өгөөгүй тул нэхэмжлэгч Е ыг хөдөлмөрлөх эрхийг ажил олгогч зөрчиж, үндэслэлгүй ажлаас чөлөөлсөн гэж тайлбарлажээ.

3.Хариуцагч Баян-Өлгий аймгийн Д  сумын Эрүүл мэндийн төвийн дарга Н  болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд А  нараас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн:

Үүнд: Тус төвийн нягтлан бодогч байсан Е нь ажлын цагаар байнга архи уудаг, архи ууж согтууран ажил тасалдаг, чиг үүргээ хэрэгжүүлэлгүй, ажилчдын цалин хөлс, нийгмийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татварын суутгалыг буруу тооцож гаргадаг, санхүүгийн зөрчил үүсгэдэг зэрэг ноцтой зөрчил байнга давтамжтай гаргадаг болох нь санхүүгийн албаны дарга С.С ийн 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 01 дугаартай албан бичгээр батлагдаж байна. Мөн ажлын цагаар байнга архи ууж согтууран, ажилчин албан хаагч нартай зүй бус харьцдаг, хэл амаар доромжилж, зарим эмэгтэй хүмүүст салаавч гаргаж танхайрах, зүй бус авирлах, ажлын байранд согтуурч унах, ёс зүйн зөрчил гаргадаг болох нь түүнийг ажлаас халах шийтгэл оногдуулахыг шаардсан тухай хамт олны 42 хүний гарын үсэг бүхий шаардлага, уг шаардлагыг авч хэлэлцсэн тухай Д  сумын Эрүүл Мэндийн төвийн бүх ажилчдын 2021 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хурлын тэмдэглэл гэх мэт нотлох баримтаар тогтоогдож байх тул ажлаас чөлөөлсөн гэжээ.

4.Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар хариуцагч Баян-Өлгий аймгийн Д  сумын Эрүүл мэндийн төвийн даргын  2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Б/31 дугаартай тушаалаар тус сумын Эрүүл мэндийн төвийн нягтлан бодогч ажилтай Е нь 2021 оны 11 дүгээр сарын 15-аас 19-ний хүртэл, 12 дугаар сарын 21, 22-ны өдрүүдэд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан, Удирдах албан тушаалтнаас өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлдэггүй, ажил олгогчоос тавьсан хуульд нийцсэн шаардлагыг удаа дараа биелүүлээгүй, ёс зүйгүй, харьцдаг, төрийн байгууллагын соёл дэг журмыг сахидаггүй, ажлын цагаар байнга архи уудаг гэж Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, Монгол улсын Засгийн газрын 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 258 тоот тогтоолыг тус тус үндэслэн тус сумын Эрүүл мэндийн төвийн нягтлан бодогч Е ыг 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас чөлөөлсөн байжээ.

5.Нэхэмжлэгч Е аас ажил олгогчийн уг тушаалыг эс зөвшөөрч Монгол Улсын Үндсэн хуульд заасан хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах тухай болон Хөдөлмөрийн тухай хуулийн /Шинэчилсэн найруулга/ 158 дугаар зүйлийн 158.2.2-т “хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, ... тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй талаарх” ажил олгогч Баян-Өлгий аймгийн Д  сумын Эрүүл мэндийн төвийн даргад холбогдуулан гомдлын шаардлага гаргах эрхтэй байна.

6.Тухайн үед мөрдөгдөж байсан 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1-д зааснаар ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн ажилтанд сануулах, үндсэн цалинг гурван сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах, ажлаас халах сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулах эрхтэй гэж заажээ.

Хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа хариуцагч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсгийг баримталсан бөгөөд ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан мөн хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэж тайлбарлажээ.

“Ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан” гэдэгт хөдөлмөрийн сахилгын зөрчлийг 2 буюу түүнээс дээш удаа гаргасан байхыг ойлгоно. Зөрчил бүр тус тусдаа тогтоогдсон байх шаардлагатай боловч тус бүрд нь сахилгын шийтгэл заавал ногдуулсан байхыг шаардахгүй. Давтан гаргасан зөрчлүүдийн хоорондох хугацаа өмнөх зөрчилдөө сахилгын шийтгэл хүлээсэн бол 1 жилээс, хүлээгээгүй бол 6 сараас хэтрээгүй байна гэж “ноцтой зөрчил” гэдгийг гэрээний талууд ажлын байр, албан тушаал, гүйцэтгэх ажил үүргийн онцлогтой холбогдуулан ямар зөрчлийг ноцтой гэж тооцохыг харилцан тохиролцон тогтоож, уг зөрчлийн тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заах ёстой байна.

7.Гэтэл нэхэмжлэгч Е аас 2016 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн ажил олгогчтой байгуулсан Хөдөлмөрийн гэрээний хуулбарыг нэхэмжлэлдээ хавсаргаж ирүүлсэн бөгөөд хариуцагч Баян-Өлгий аймгийн Д  сумын Эрүүл мэндийн төвийн дарга Н аас уг гэрээний эх хувийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгөөгүй бөгөөд 2021 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн Д  сумын Эрүүл мэндийн төвийн дотоод журмыг нотлох баримтаар ирүүлжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С нь хариуцагч талаас хөдөлмөрийн гэрээний эх хувийг нотлох баримтаар гаргаж өгөөгүй, ажил олгогч болон ажилтан ямар үйлдэл, эс үйлдэхүйг сахилгын ноцтой зөрчилд тооцохыг хөдөлмөрийн гэрээгээр харилцан тохиролцсон байх ёстой. Хөдөлмөрийн дотоод журам гэх баримтыг гаргаж өгсөн боловч уг баримтын эхний хуудас нь бусад хууднуудаас өөр фонтоор бичигдсэн. Үүнийг би хариуцагч хөдөлмөрийн дотоод журмын эхний хуудсыг сольсон байна гэж үзэж байна. Мөн 1 дүгээр хуудаст дарагдсан тамга тэмдэг нь ч гэсэн хатаагүй, цоо шинэ, цаасанд шингэж амжаагүй байна. Тийм учраас сүүлд нотлох баримтыг нөхөж бүрдүүлсэн гэж маргажээ.

8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д тус тус зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд хариуцагч Баян-Өлгий аймгийн Д  сумын Эрүүл мэндийн төвийн дарга Н аас нэхэмжлэгч Е нь 2021 оны 11 дүгээр сарын 15-аас 19-ний хүртэл, 12 дугаар сарын 21, 22-ны өдрүүдэд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан, ажлын цагаар байнга архи ууж Хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлсөн гэж мэтгэлцдэг боловч нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ хавсаргаж ирүүлсэн хуулбар 2016 онд байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 20-рт “ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргавал Хөдөлмөрийн тухай хуульд заасан хариуцлага хүлээнэ. Дор дурдсан хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил гаргавал хөдөлмөрийн гэрээг шууд цуцална. Үүнд: Хөдөлмөрийн дотоод журмын 11-1-2, 11-1-3-р заалтыг зөрчвөл” гэж заасан ба хариуцагчаас уг Хөдөлмөрийн гэрээ болон 2016 оны  Д  сумын Эрүүл Мэндийн Төвийн Хөдөлмөрийн дотоод журмыг шүүхэд нотлох баримтаар ирүүлж нотолж чадаагүй болно.

9.Хариуцагчаас 2021 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн Д  сумын Эрүүл мэндийн төвийн дотоод журмыг нотлох баримтаар ирүүлсэн боловч энэ нь 2016 оны 5 дугаар сарын 15-ны өдөр талуудын хооронд байгуулсан Хөдөлмөрийн гэрээнээс хойших хугацаанд баталсан дотоод журам байх ба шүүх хуралдаанд хариуцагч байгууллагын төлөөлөгчийн хүсэлтээр гэрчээр оролцсон Б, С , Т , И.С , Б.С , Ж  нарын мэдүүлгээр “...Бид Хөдөлмөрийн дотоод журмыг хэзээ шинэчилж баталсныг мэдэхгүй байна. Б.С  би 2020 онд хөдөлмөрийн дотоод журамтай танилцаад гарын үсэг зурж байсан. Тэрнээс биш яг хэзээ хамгийн сүүлд байгууллагын хөдөлмөрийн дотоод журам шинэчлэгдсэнийг санахгүй байна. ...” гэх мэдүүлгээр 2021 оны 3 дугаар сарын 30-ны өдөр хамт олны хурлаар Хөдөлмөрийн дотоод журмыг хэлэлцэж баталсан эсэх нь эргэлзээтэй байх тул уг Хөдөлмөрийн дотоод журмыг нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад хамааралтай, ач холбогдолтой нотлох баримтаар үнэлээгүй болно.

10.Нэхэмжлэгч Е ы ажил талсан болон ажлын байранд болон томилолтоор ажиллахдаа архи уусан гэх зөрчил нь Д  сумын Эрүүл мэндийн төвийн 2016 оны Хөдөлмөрийн дотоод журмын 11.-1-2,11-1-3-д тус тус тухайлан заасан ноцтой зөрчил эсэхийг хариуцагч Д  сумын Эрүүл мэндийн төвийн дарга Н  нь бичгийн нотлох баримтаар нотолж чадаагүй тул ажилтан Е нь ажил олгогчтой байгуулсан Хөдөлмөрийн гэрээ болон Хөдөлмөрийн дотоод журамд тухайлан заасан ноцтой зөрчлийг гаргасан байна гэж дүгнэх боломжгүй гэж шүүх үзлээ.

11.Хариуцагч болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээс нэхэмжлэгч Е нь Санхүү бүртгэлийн аколоус программыг  өдөр бүр ажилдаа хэрэглэж ажилладаггүй, санхүүгийн мэдээ тайланг гаргахгүй байх, санхүүгийн зөрчил гаргах,  ажилчдын цалин хөлс, нийгмийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татварын суутгалыг буруу тооцож гаргадаг, санхүүгийн зөрчил үүсгэдэг зэрэг ноцтой зөрчил байнга давтамжтай гаргадаг болох  нь  2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Баян-Өлгий аймгийн ЗДТГазрын санхүүгийн албаны дарга С.С ийн №01 дугаартай “Эрүүл мэндийн төвийн дарга Н  танд” гэх албан бичгээр нотлогдож байгаа гэж уг албан бичгийг нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн боловч 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн  Баян-Өлгий аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны хяналт шалгалтын улсын байцаагч Б ий танилцуулгад “...Д  сумын Эрүүл мэндийн төвийн 2019, 2020 оны санхүүгийн үйл ажиллагааны баримтад 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийг дуустал ажлын 5 хоногийн хугацаанд төлөвлөгөөт шалгалт хийв. Нягтлан бодох бүртгэл тайланг санхүүгийн тооцоолох “Accolous” программаар бүртгэж хөтөлсөн. Шалгуулагчийн ололттой, дэвшилттэй тал гэдэг дээр “Анхан шатны баримт, баримтын бүрдүүлэлтийг хууль стандартын дагуу хөтөлсөн, нягтлан бодох бүртгэл хөтлөлт, хөрөнгийн хадгалалт, хамгаалалт хэвийн, санхүүгийн тайлан, мэдээг хугацаанд нь гаргаж холбогдох газраар хянуулан баталгаажуулсан. Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийг хангахаар мэдээ тайлангаа оруулж хэвшиж байна” гэсэн ба үүгээр нэхэмжлэгч Е нь санхүүгийн тайлан мэдээг хугацаанд гаргадаг болох нь тогтоогдож байгаа. Мөн “Дүгнэлт” хэсэгт “Санхүүгийн анхан шатны баримтын бүрдүүлэлт сайн боловч шалгалтаар илэрч байгаа нийтлэг зөрчлүүд нь байгууллага дотооддоо бүртгэлээр тавих дотоодын хяналт сул байна  гэж дүгнэсэн...” дүгнэлтээр ажил олгогчийн дотооддоо бүртгэлээр тавих дотоодын хяналт сул байгааг дүгнэсэн болохоос нэхэмжлэгч Е нь “Accolous” программыг өдөр бүр ажилдаа хэрэглэж ажилладаг болох нь тогтоогдож байна.

Тус шалгалтаар 360000 төгрөгийг үндсэн баримтуудыг гүйцэд бүрдүүлээгүйгээр зарцуулсан гэж 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагчийн 18-04 тоот акт тогтоосон ба хариуцагч Д  сумын Эрүүл мэндийн төвийн даргын нэхэмжлэгч Е ыг ажлаас чөлөөлсөн Б/31 дүгээр тушаал болон, ажилтан Е ы гаргасан зөрчлийг хянан хэлэлцсэн 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хурлын тэмдэглэлд уг актын талаар хэлэлцэж үндэслэл болгоогүй тул шүүхээс энэхүү актын талаар хууль зүйн дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзлээ.

12.Хариуцагч Д  сумын Эрүүл мэндийн төвийн даргаас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч 2021 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн Е ы Д  сумын Засаг даргын өрөөнд би хоёр удаа архи уусан цаашид уухгүй тухай гарын баримт, 2021 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн Баян-Өлгий аймгийн Д  сумын Эрүүл мэндийн төвийн ажилчдаас Е нь архи ууж ажилдаа ирэхгүй байгаа тул ажлаас гаргах тухай Хамт олны хурлын протокол, 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн Баян-Өлгий аймаг дахь Төрийн аудитын газрын актын дагуу төлөгдөөгүй үлдсэн 500000 төгрөгийн төлбөрийн актыг барагдуулах тухай №01 дугаартай мэдэгдэх хуудас, мөн 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн Баян-Өлгий аймаг дахь Төрийн аудитын газрын 02/65 дугаартай “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” албан шаардлага, 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Баян-Өлгий аймаг дахь Төрийн аудитын газрын 337 дугаартай албан бичиг, 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Баян-Өлгий аймаг дахь Төрийн аудитын газрын 337 дугаар албан бичиг, 2021 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн Баян-Өлгий аймгийн Орон нутгийн өмчийн газрын даргын 01/ 88 дугаар албан бичиг,  2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн Баян-Өлгий аймаг дахь Төрийн аудитын газрын даргын 265 дугаар албан бичиг, 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн Баян-Өлгий аймаг дахь Төрийн аудитын газрын “төлбөр барагдуулах тухай” 01/8 дугаартай акт, 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн Баян-Өлгий аймаг дахь Төрийн аудитын газрын “зөрчил арилгах тухай” 01/51 дугаартай албан шаардлага, 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн болон 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн Баян-Өлгий аймаг дахь Төрийн аудитын газрын 267 дугаартай Аудитын гэрчилгээ зэрэг нотлох баримтыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн байна.

Эдгээр бичгийн нотлох баримтаар нэхэмжлэгч Е ы гаргасан зөрчилд хариуцагч нь тухайн үед мөрдөгдөж байсан 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн  131.2-т “Сахилгын зөрчил гаргаснаас хойш зургаан сар, илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна” гэж заасан хугацаа өнгөрүүлсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй.

13.Хариуцагч Д  сумын Эрүүл мэндийн төвийн дарга нь ажилтан Е 2021 оны 11 дүгээр сарын 15-аас 19-ний хүртэл, 12 дугаар сарын 21, 22-ны өдрүүдэд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан гэж түүнийг ажлаас чөлөөлсөн байхад хариуцагч байгууллагын хүсэлтээр шүүх хуралдаанд гэрчээр оролцсон Б, С , Б.С , Ж  нараас “...Е нь сүүлийн нэг жилд ажлын цагаар архи уугаад ажлын байрандаа суухаа больсон. Е ажлын цагаар ажлын байрандаа бараг суудаггүй. Е ажлын цагаар ажлын байранд сууж байсныг хараагүй...” гэж мэдүүлж байгаа боловч энэ нь хөндлөнгийн бусад бичгийн нотлох баримтаар тогтоогдохгүй байгаа бөгөөд хариуцагч Д  сумын Эрүүл мэндийн Төвийн даргаас тус төвийн цагийн бүртгэл хөтөлсөн журналаа  шүүхэд  нотлох баримтаар ирүүлээгүй, ажилчдын цагийн бүртгэлийг тус төвийн бичиг хэргийн бүртгэл хөтөлдөг болох нь мөн шүүх хуралдаанд гэрчээр оролцсон Т ийн “Цагийн бүртгэл хийх хурууны хээ уншуулах төхөөрөмжийг манай байгууллага саяхан авсан. Үүнээс өмнө цагийн бүртгэлийг бичиг хэргийн ажилтан Биржан гэх хүн хийдэг байсан” гэх мэдүүлгээр, мөн нэхэмжлэгч Е нь ажлын цагт ажлын байранд болон томилолтоор ажиллах хугацаанд архи уудаг болохыг эрх бүхий байгууллагаас тогтоосон бичгийн нотлох баримтгүй энэ нь 2022 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын Дэд бөгөөд Эрүүгийн цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн хошууч Г ын 28/1223 дугаар албан бичгээр тогтоогдож байгаа тул хариуцагчийн Е нь 2021 оны 10 болон 11 дүгээр сард ажлын газарт архи уусан гэх фото зургийг үндэслэж түүнийг ажлын газарт архи уусан байна гэж дүгнэх боломжгүй байна.

14.Ажил олгогч тухайн үед мөрдөгдөж байсан 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлд заасан ажилтанд сахилгын шийтгэлийг ажилтанд ногдуулахдаа тушаалдаа заасан зөрчлийг шалгасан талаарх материал, хэлэлцсэн хурлын тэмдэглэл, зөрчил гаргагчийн тайлбар зэрэг нотлох баримтыг хариуцагч буюу ажил олгогч Д  сумын Эрүүл Мэндийн Төвийн дарга нь шүүхэд гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд хариуцагчийн 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр нэхэмжлэгч Е ы сахилгын зөрчлийг хэлэлцсэн гэж нотлох баримтаар гаргаж өгсөн протоколд “...тус төвийн нягтлан бодогч Е өдөр болгон архи уудаг, ажил хийхгүй, урьд жил аудит сануулах арга хэмжээ авсан, бүх байгууллагуудаас албан тоот ирсэн, нягтлан бодогч Е ыг ажлаас гаргах гэж байна. Та бүхэн удаа дараа ажлаас гарга гээд гарын үсэг зурж өгч байсан. Тийм учраас өнөөдөр ажлаас гаргаад оронд А ыг томилох тухай ...” гэж бичигдсэн боловч зөрчил гаргагчаас тайлбар аваагүй, түүнийг хуралд оролцуулаагүй, ямар зөрчил гаргаж түүнийг яаж тогтоосон эсэхээ хэлэлцээгүй байна.

Уг хурлын тэмдэглэлээс үзэхэд бүх байгууллагуудаас албан тоот ирсэн гэсэн ба үүнтэй холбогдуулан хариуцагчаас 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Баян-Өлгий аймгийн Д  сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга А ийн 01/29 дугаартай “...Е нь 2021 оны 11 дүгээр сарын 15-аас 19-ны хооронд ажлын байранд ирээлгүй, ажлын цагаар олон нийтийн газар архидан согтуурч, удаа дараа зөрчил гаргасан. ...Иймд ня-бо ажилтай Е д зохих хуулийн дагуу арга хэмжээ тооцон ажлын таван хоногийн дотор хариу ирүүлнэ үү” гэх албан бичгийн нотлох баримтаар ирүүлсэн ба шүүхээс уг албан бичгийг нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад хамааралтай, ач холбогдолтой нотлох баримтаар үнэлээгүй болно.

Учир нь, Баян-Өлгий аймгийн Д  сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга А нь нэхэмжлэгч Е ы ажил олгогч эрх бүхий этгээд биш бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулиар ажил олгогч нь Баян-Өлгий аймгийн Д  сумын Эрүүл мэндийн төвийн дарга Н  байна.

15.Харин маргаан бүхий тушаалд “удирдах албан тушаалтнаас өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлдэггүй, ажил олгогчоос тавьсан хуульд нийцсэн шаардлагыг удаа дараа биелүүлээгүй, ёс зүйгүй харьцдаг, төрийн байгууллагын соёл дэг журмыг сахидаггүй” гэх зөрчил нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй, удирдах болон ажил олгогчоос ажилтанд ямар үүрэг даалгавар, хэзээ өгсөн, мөн эдгээрийг хэрхэн дүгнэсэн, ёс зүйгүй харьцсан гэх боловч тус төвийн ёс зүйн хороонд хэлэлцсэн эсэх гэх зэрэг баримтыг шүүхэд ирүүлээгүй тул нэхэмжлэгч Е нь тухайн үед мөрдөгдөж байсан 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсгийг зөрчөөгүй гэж шүүхээс дүгнэлээ.

16.Иймд өөрийн шаардлага болон татгалзлыг нотлох үүргийг зохигчид өөрөө хүлээх тул шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Баян-Өлгий аймгийн Д  сумын Эрүүл мэндийн төвийн даргын 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Б/31 дүгээр тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Е ыг Баян-Өлгий аймгийн Д  сумын Эрүүл мэндийн төвийн нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэв.

17.Нэхэмжлэгч Е нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Баян-Өлгий аймгийн Д  сумын Эрүүл мэндийн төвөөс улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг гаргуулан улсын орлого болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118-д заасныг удирдлага болгон

 

 

ТОГТООХ нь:

1.Хөдөлмөрийн тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т зааснаар хариуцагч Баян-Өлгий аймгийн Д  сумын Эрүүл мэндийн төвийн даргын 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Б/31 дүгээр тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Е ыг Баян-Өлгий аймгийн Д  сумын Эрүүл мэндийн төвийн нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Е нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагч Баян-Өлгий аймгийн Д  сумын Эрүүл мэндийн төвөөс улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөгийг гаргуулан улсын орлого болгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

 

4.Энэ шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      А.ЖАРХЫНГҮЛ