Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 212/МА2022/00050

 

  Х.Еы нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Көбеш даргалж, Ерөнхий шүүгч С.Өмирбек, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж,   

тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл даргалж шийдвэрлэсэн, 2022 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 130/ШШ2022/00261 дүгээр шийдвэртэй, нэхэмжлэгч *** оршин суудаг ** овогт Х.Еы нэхэмжлэлтэй, хариуцагч Баян-Өлгий аймгийн Д сумын сум дундын эмнэлэгт /дарга С.Н/ холбогдох, 

“Баян-Өлгий аймгийн Д сумын сум дундын эмнэлгийн ерөнхий эмчийн 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Б/31 дүгээр тушаалыг хүчингүй болгож, тус эмнэлгийн нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгох” тухай иргэний хэргийг гуравдагч этгээд болон хариуцагчийн тус тус гаргасан давж заалдах гомдлыг үндэслэж 2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.   

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Т.Еркегүл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.С, хариуцагч С.Н, хариуцагчийн өмгөөлөгч Х.Зулхаш, гуравдагч этгээд Б.А нар оролцов.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн үндэслэл:         

1.1.Миний бие улсад 34 жил, үүнээс Д сумын сум дундын эмнэлгийн нягтлан бодогчоор 31 жил ажилласан. 2021 оны 7 дугаар сараас эхэлж ковид-19 өвчнөөр өвчилсөн хүмүүсийн тоо ихэссэнтэй холбоотой тус эмнэлгийн нягтлан бодогч болон нярав  нарын албан өрөөний зориулалтыг өөрчилж өвчтөний палат болгосон.  

1.2.Ингэснээр миний бие болон нярав бид хоёр өөрийн гэсэн өрөөгүй. Ширээ сандалгүй болсон. Гэсэн хэдий ч миний бие аргалаад ажлаа хийж байсан. Гэтэл ажил олгогч намайг үндэслэлгүйгээр ажил тасалсан гэж гүжирдэж ямар ч нотлох баримтгүйгээр ажлаас минь чөлөөлчихсөн байна.

1.3. Миний бие тухайн үед өвчтэй байсан. Мөн ажил олгогч төсвийн шууд захирагч болохын хувьд батлагдсан төсвийг зориулалтын бусаар зарцуулахыг надаас удаа дараа шаардаж байсан.

1.4. Миний бие Төсвийн тухай хуулийг зөрчих боломжгүй гэж хэлсний төлөө намайг ажлаас халсан байна. Би нягтлан бодогчоор ажиллаж байх хугацаанд ямар нэгэн сахилгын зөрчил гаргаж байгаагүй тул ажил олгогчийн шийдвэрт маш их гомдолтой байна.

1.5.Иймд Баян-Өлгий аймгийн Д сумын сум дундын эмнэлгийн Ерөнхий эмчийн 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Б/31 дүгээр тушаалыг хүчингүй болгож. намайг урьд эрхэлж байсан Д сумын сум дундын эмнэлгийн нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоож өгнө үү.  

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзал: 

2.1. Нэхэмжлэгч Х.Е нь тус сумын Эрүүл мэндийн төвд /өмнөх нэршлээр Д сумын сум дундын эмнэлэг/ он удаан жил нягтлан бодогчийн албан тушаалд ажилласан бөгөөд сүүлийн жилүүдэд байнга архи, согтууруулах ундааны зүйлийг өдөр алгасалгүй хэрэглэж, ажил таслах, ажилд ирэлгүй архидан согтуурч ажил төрлийг цалгардуулах, ажлын байранд согтууран, ухаан алдаж хэвтэх, санхүүгийн мэдээ тайланг гаргахгүй байх, санхүүгийн зөрчил гаргах, ажилчдын цалин хөлсийг хугацаанд нь бодож өгөлгүй ажилчид, албан хаагчдыг чирэгдүүлэх, эрх бүхий байгууллагаас явуулсан аудитын болон санхүүгийн хяналт шалгалтаар зөрчил гаргах зэргээр хөдөлмөрийн сахилгын зөрчлийг удаа дараа гаргаж байсан учир Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д зааснаар Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан. 

2.2. Нягтлан бодогч асан Х.Е нь байгууллагын дотоод журмын 11 дүгээр бүлгийн 11.1.2, 11.1.3-д заасан болон Хөдөлмөрийн гэрээний 20 дахь заалтад заасан хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчлийг удаа дараа гаргасан. Х.Е нь 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 19-ний өдрийн хооронд ажлын байранд ирэлгүй, ажлын цагаар архидан согтуурч, сумын Засаг даргын Тамгын газрын Төрийн сангийн ажлын байранд болсон орон нутгийн өмчийн газраас зохион байгуулсан албаны уулзалтын хуралд согтуу очиж оролцсон нь Д сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын даргын 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 02/29 тоот мэдэгдлээр нотлогдож байна.  

2.3. Мөн 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Д сумаас албаны ажлаар Өлгий хотод ирж яваад Думан зочид буудалд архидан согтуурч, ажлын цагаар зүй бус байдал гарган, хэрүүл маргаан үүсгэж, Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газарт баривчлагдан саатуулагдаж, эрүүлжүүлэгдэж байхад Ерөнхий эмч С.Н би эрүүлжүүлэх байрнаас тухайн өдөр гаргаж авсан. Энэ нь Х.Еы өөрийн 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр зөрчлийг хүлээн зөвшөөрсөн гарын баримтаар нотлогдож байна. Нягтлан бодогч Х.Е нь ажлын цагаар байнга архи уудаг, архи ууж согтууран ажил тасалдаг, чиг үүргээ хэрэгжүүлэлгүй, ажилчдын цалин хөлс, нийгмийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татварын суутгалыг буруу тооцож гаргадаг, санхүүгийн зөрчил үүсгэдэг зэрэг ноцтой зөрчил байнга давтамжтай гаргадаг болох нь санхүүгийн албаны дарга С.Сийн 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 01 дугаартай албан бичгээр батлагдаж байна.

2.4. Х.Е нь ажлын цагаар байнга архи ууж согтууран, ажилчин албан хаагч нартай зүй бус харьцдаг, хэл амаар доромжилж, зарим эмэгтэй хүмүүст салаавч гаргаж танхайрах, зүй бус авирлах, ажлын байранд согтуурч унах, ёс зүйн зөрчил гаргадаг болох нь түүнийг ажлаас халах шийтгэл оногдуулахыг шаардсан тухай хамт олны 42 хүний гарын үсэг бүхий шаардлага, уг шаардлагыг авч хэлэлцсэн тухай Д сумын Эрүүл Мэндийн төвийн бүх ажилчдын 2021 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хурлын тэмдэглэл зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.  

2.5. Х.Е нь Д сумын Эрүүл Мэндийн төвийн нягтлан бодогчийн албан тушаалд ажиллаж байхад ажлын цагаар ажлын байранд архидан согтуурч Хөдөлмөрийн гэрээнд заагдсан ноцтой зөрчил гаргасныг 2021 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр сумын Засаг дарга болон эмч Тилеубек нар үйлдэл дээр нь илрүүлж, өөрт нь сонсох ажиллагаа хийхэд ажлын байранд ажлын цагаар согтуурсан үйлдлээ хүлээн зөвшөөрч, дахин тийм төрлийн зөрчил гаргахгүй хэмээн андгайлж, 2021 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр гарын баримт бичиж өгсөн.  

2.6. Нэхэмжлэгч Х.Е нь Ковид-19-ийн шинжилгээний дүгнэлт хавсаргасан боловч, энэ нь хуурамч болох нь лабораторийн шинжилгээний бүртгэлээр ногтлогдож байна. Өөрөөр хэлбэл шинжилгээний бүртгэлд Х.Еы талаар мэдээлэл агуулаагүй учир эмч Ны тодорхойлолт үндэсгүй болох нь тогтоогдсон гэж үзэж байна.

2.7. Х.Е нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Төсвийн тухай хууль болон байгууллагын дотоод журмын 11 дүгээр бүлгийн 11.1.1, 11.1.2, 11.1.3, 11.2.1, 11.2.4-д заасан зөрчил гаргасан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Төрийн аудитын дүгнэлтээр тавьсан төлбөрийн актыг биелүүлээгүй, албан шаардлага, зөвлөмж хүргүүлсэн боловч, 2021 оны 7 дугаар сарын 05-ны дотор барагдуулах хугацаатай үүргийг огт биелүүлээгүй, ажил зохиогоогүй болох нь Баян-Өлгий аймаг дахь Төрийн Аудитын газрын 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн мэдэгдэх хуудсаар батлагдана.

2.8. Төсвийн тухай хуулийг зөрчиж үндсэн баримтгүй 360000 төгрөгийг зүй бус зарцуулсан, холбогдох хууль тогтоомжуудыг зөрчсөн болох нь Санхүүгийн хяналт, аудитын албаны 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн танилцуулга, улсын байцаагчийн 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 18/04 тоот дугаартай актаар батлагдсан. Х.Е нь 2018-2021 онуудад жил дараалан Санхүүгийн зөрчил дутагдал гаргаж нягтлан бодох бүртгэлийн тухай хууль болон Төсвийн тухай хууль бусад холбогдох хууль тогтоомжийг зөрчиж, байгууллагыг өр төлбөрт оруулж, санхүүгийн зөрчил гаргаж байсан нь эрх бүхий байгууллагын дүгнэлт, акт зэргээр тогтоогдсон.

2.9. Х.Е албан байгууллагын конторт ажлын цагаар архидан согтуурч, ухаан алдаж хэвтэж байсныг нотлох зургийг хавсаргасан. Эдгээр сахилгын зөрчлүүд нь 2021 онд олон удаа давтагдаж гарсан, нэг жилийн дотор удаа дараа үргэлжилсэн байдлаар, ноцтой зөрчил гаргасан нь нотлох баримтаар тогтоогдсон тул ажлаас халах сахилгын шийтгэл хүлээлгэсэн. Тиймээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 130/ШШ2022/00261 дүгээр шийдвэрээр Хөдөлмөрийн тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т зааснаар хариуцагч Баян-Өлгий аймгийн Д сумын Эрүүл мэндийн төвийн даргын 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Б/31 дүгээр тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Х.Еыг Баян-Өлгий аймгийн Д сумын Эрүүл мэндийн төвийн нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Х.Е нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагч Баян-Өлгий аймгийн Д сумын Эрүүл мэндийн төвөөс улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөгийг гаргуулан улсын орлого болгож шийдвэрлэжээ. 

 

4. Гуравдагч этгээдийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: 

4.1. Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-д зааснаар нотлох баримтыг хэрэгт хамаалтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэснийг зөрчсөн.

4.2. Хариуцагч Х.Е нь 2021 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр ажлын байранд ажлын цагаар архидан согтуурсан, Хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргасныг өөрөө хүлээн зөвшөөрч тодорхойлолт бичиж өгсөн. 2021 оны 5 дугаар сарын 11-ний өдөр архи ууж согтууран ажилд ирээгүй тасалсан, цалин гаргаж өгөөгүй учир ажилчид бухимдаж, хурал хийж, Х.Еы зөрчлийг тогтоож, хуралдаан хийсэн тэмдэглэж Д сумын ИТХ-ын даргын 2021.11.22-ны өдрийн 2/29 дугаартай “Мэдэгдэл” Д сумын Санхүүгийн албаны даргын 2021 оны .. сарын 22-ны өдрийн 01 дүгээр албан бичиг, 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн нябо Х.Е Ө хотын ** зочид буудалд архидан согтуурч, танхайран аймгийн Цагдаагийн газарт эрүүлжүүлэх байранд баривчлагдаж, эрүүлжүүлэх байрнаас гаргаж авахад зөрчлийг зөвшөөрч, бичиж өгсөн гарын үсэгтэй баримт, мөн Д сум дахь Эрүүл мэндийн төвийн өвчтөн хүлээж авах үзлэгийн өрөөнд согтуурч ухаан алдаж байсан болон сумын Эрүүл мэндийн даргын конторт архидан согтуурсан ухаан алдаж байсан болон сумын Эрүүл мэндийн даргын конторт архидан согтуурч ухаан алдсан байхад сумын хэсгийн төлөөлөгч зохицуулж, гэр оронд нь хүргэх гэж байсан 2021 оны 10-11 дүгээр саруудын фото зураг зэрэг бичгийн нотлох баримтуудаар хариуцагч Х.Е нь “ажлын цагаар, ажлын байранд болон ажлын цагаар томилолтоор явж байгаад архидан согтуурч” Хөдөлмөрийн сахилгын зөрчил удаа дараа гаргасан болох нь нотлогдсон байна. Гэтэл анхан шатны шүүх тухайн нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас үнэлээгүй байна.

4.3. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хянавал хариуцагч Х.Еы 2021 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн “ажлын цагаар архи ууж согтуурсан нь үнэн цаашид архи уухгүй” гэсэн зөрчлийг хүлээн зөвшөөрсөн баримт, 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хурлын тэмдэглэл, 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Х.Еы ажлын цагаар архи ууж эрүүлжүүлэгдээд согтуурсныг зөвшөөрсөн баримт сумын ИТХ-ийн даргын 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн “мэдэгдэл”, Санхүүгийн албаны даргын 2021.11.22-ны өдрийн албаны бичиг, 2021 оны 10,11 дүгээр саруудад Х.Еы ажлын цагаар ажлын байранд архидан согтуурч, ухаан алдаж унаж байсан байдлыг бэхжүүлж авсан фото зураг зэрэг нотлох баримтуудаар батлагдсан байна.

4.4. Дээрх нотлох баримтаар тогтоогдсон хариуцагч Х.Еы гаргасан 2021 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн ажлын цагаар архи ууж, Засаг даргын албан тасалгаанд согтуугаар орж, гаргасан зөрчлийн талаар баримт бичиж өгсөн, зөрчил 2021 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн ажилчдын хурлаар тогтоосон ажлын цагаар архи ууж, эмэгтэй ажилчдад зүй бус хандаж, салаавч гаргаж доромжилсон сахилгын зөрчил 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн ИТХ-ын даргын өрөөнд болсон Төрийн өмчийн хорооноос зохион байгуулсан хуралд согтуу очиж, хуралдаан үймүүлсэн зөрчил, мөн өдрийн Санхүүгийн албаны дарга руу согтуу очиж, судалгаа, тайлан гаргах боломжгүй согтуурсан талаарх сахилгын зөрчил, 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Думан зочид буудалд танхайран, архи ууж согтууран ажлын цагаар баривчлагдан эрүүлжүүлэгдсэн зөрчил 2021 оны 10, 11 дүгээр саруудад ажлын байранд согтуурч ухаан алдаж албан байгууллагын хэвийн байдлыг алдагдуулсан нь фото зурагт нотлогдсон зэрэг” удаа дараагийн давтан болон үргэлжилсэн зөрчлүүд нь Улсын дээд шүүхийн 2006.07.03-ны өдрийн “Хөдөлмөрийн хуулийн зарим заалтуудыг тайлбарлах  тухай 33 дугаартай тогтоолын 15 дугаар заалтын 15.4.1-д заасан “Давтан зөрчлүүдийг хоорондох хугацаа өмнөх зөрчилд сахилгын шийтгэл хүлээсэн бол 1 жилээс, хүлээгээгүй бол 6 сараас хэтрээгүй байна.” гэх заалтад бүрэн нийцэж байна. Учир нь хариуцагч Х.Еы ажлын цагаар ажлын байранд согтуурч, төрийн байгууллагын ажлыг хэвийн явуулахад саад учруулан архидан согтуурч ухаан алдаж унах зэрэг үйлдлүүд нь 2021 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр, 5 дугаар сарын 11-ний өдөр, 2021 оны 10 дугаар сар, 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр, 2021 оны 11 дүгээр сарын 30, 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр тус тус давтагдсан, удаа дараа үйлдэгдсэн боловч “сахилгын шийтгэл хүлээгээгүй” зөрчлүүдийн хооронд 6 сарын хугацаа өнгөрөөгүй байна. Гэтэл эдгээр нотлох баримтад анхан шатны шүүхээс хууль ёсны  бөгөөд үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй.

4.5. Хөдөлмөрийн гэрээний 20 дахь заалтад хөдөлмөрийн сахилгын зөрчил болон хөдөлмөрийн ноцтой зөрчлийг байгууллагын Хөдөлмөрийн дотоод журмын 11.1.2, 11.1.3-д заасан журмаар зохицуулж дотоод журамд нэрлэн заасан зөрчлийг “ноцтой” зөрчилд тооцохоор зохицуулсан. Хөдөлмөрийн дотоод журмын 11.1.1, 11.1.2-д зааснаар “архи согтууруулах ундааг” ажлын цагаар уусан, ажлын байранд уусныг ноцтой зөрчилд тооцох” зохицуулалт үйлчилж байна.

4.6. Анхан шатны шүүх энэ талаар буруу дүгнэлт гаргасан байна. Байгууллагын Хөдөлмөрийн дотоод журам нь хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан байхад шүүхийн шийдвэрийн “хянавал” хэсгийн 8 дахь заалтад “Дотоод журмыг ирүүлээгүй” гэж, 9 дэх заалтад “дотоод журмыг нотлох баримтаар үнэлээгүй” гэж хоёрдмол утга санаатай дүгнэлт хийсэн. Энэ нь нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлнэ” гэсэн заалт зөрчигдсөн гэж үзнэ.

4.7. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаартай зөрчлийн 167.1.4 дэх заалтыг үндэслэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

5. Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга:

5.1. Анхан шатны шүүх нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас үнэлээгүй явдал нь шүүхийн шийдвэр хууль ёсны болон үндэслэл бүхий байна гэсэн зарчимд нийцээгүй байна. Тухайлбал: Хариуцагч Х.Еы 2021 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн ажлын байранд ажлын цагаар архи ууж согтууран, хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргасныг зөвшөөрсөн сахилгын зөрчил гаргасан үйлдлийг нотолсон нотлох баримт, 2021 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн Д сумын ЭМТ-ийн ня-бо Х.Еы ажлын цагаар архи ууж, хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргасан үйлдлийг тогтоосон хурлын протокол, Д сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 01/29 тоот албаны мэдэгдлээр хариуцагч Х.Е согтууруулах ундааг хэрэглэн, ажлын цагаар олон нийтийн газар хэвийн бус явсан, хуралд согтуу ирсэн гэх мэдээлэл, санхүүгийн албаны даргын 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 01 тоот албан бичгээр хариуцагч Х.Е нь ажлын цагаар согтуу явж, судалгаа тайлан гаргах үүргээ үл биелүүлж, согтуураад алга болсон гэх гомдол, 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр архи ууж “Думан” зочид буудалд согтуурч, эрүүлжүүлэх байранд саатуулагдаж хугацаанаас өмнө гарган авахад Н надад зөрчлийг зөвшөөрч бичиж өгсөн баримт, Д сумын цагдаагийн хэсгийн төлөөлөгч 2021 оны 11 дүгээр сард ажлын цагаар, ажлын байранд согтуурч ухаан алдаж хэвтэж байхад гэрт нь хүргэхээр ирсэн үеийн хоёр удаагийн фото зураг зэрэг нотлох баримтууд байсан байтал анхан шатны шүүхээс нотлох баримтад буруу дүгнэлт гаргаж, 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-т заасан сахилгын зөрчил гаргаснаас хойш 6 сар, илрүүлснээс хойш 1 сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна гэж заасан учир нотлох баримтаар үнэлэхгүй, шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй гэж буруу дүгнэсэн.

5.2. УДШ-ийн 2006 оны 7 дугаар 03-ны өдрийн “Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай” 33 дугаар тогтоолоор баталсан “хууль ёсны тайлбар”-ын 15.4-р заалтад “Хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан” гэдэг бол хөдөлмөрийн сахилтын зөрчлийг 2 ба түүнээс дээш удаа гаргасныг ойлгоно. Зөрчил тус бүр тогтоогдсон байх ба сахилгын шийтгэл заавал хүлээсэн байхыг шаардахгүй” гэжээ. Гэтэл Х.Еы ажлын цагаар архи ууж, согтууран, ажлын байранд согтуу байсан үйлдэл, согтуурч ажлын байранд ухаан алдаж унасан явдал, сумын ЗДТГ-ын ажлын байранд болсон хурал цуглаанд согтуу очиж, хэвийн бус байдал гаргаж, төрийн ажилд саад учруулсан. *** зочид буудалд согтуурч, ажлын цагаар бусадтай хэрүүл үүсгэж, цагдаагийн газарт саатуулагдсан зэрэг үйлдэл нь тус тус тогтоогдсон, өөрөө зөрчлүүдийг зөвшөөрч өгсөн гарын баримт нотлох баримтаар авагдсан, сумын Засаг дарга болон хурлын даргад бичиж өгсөн Х.Еы баримт, хурлын даргын мэдэгдэл, санхүүгийн албаны даргын шаардлага, ухаан алдсан байсан фото зураг, ажилчдын хурлын тэмдэглэл зэрэг нотлох баримтууд нь Х.Е нь 2021 оны 4 дүгээр сарын 21-ний өдрөөс ажлаас халсан 2021 оны 12 дугаар сарын 23-ныг хүртэлх 8 сарын хугацаанд 5-6 удаа давтамжтай сахилгын зөрчил гаргасан үйлдэл тус тусдаа нотлогдсон байхад шүүх нотлох баримтыг үнэлээгүй орхигдуулсан байна.

5.3. Давтан зөрчлүүдийн хоорондох хуралдаан нь өмнөх зөрчилд сахилгын шийтгэл хүлээсэн бол 1 жил, хүлээгээгүй бол 6 сараас хэтрэхгүй байна гэжээ. Тэгвэл Х.Е нь 2021 оны 4 дүгээр сарын 21-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 23-ны /ажлаас чөлөөлсөн өдөр/ хүртэл 8 сарын хугацаанд зөвхөн ажлын цагт архи ууж, согтууран, Хөдөлмөрийн гэрээ болон дотоод журамд заасан зөрчил гаргасан нь 5-6 удаагийн үйлдэл байх тул зөрчлүүдийн хооронд 6 сарын хугацаа өнгөрөөгүй байна.

5.4. Нэхэмжлэгч Х.Е нь өөрөө зөвшөөрч 2016 онд байгуулсан хөдөлмөрийн гэрээг нотлох баримтаар гаргаж өгсөн. Хариуцагч Н би байгууллагын Хөдөлмөрийн дотоод журмыг нотлох баримтаар өгсөн. Гэтэл анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэх нь хэсгийн 8 дахь заалтад хариуцагч хөдөлмөрийн болон дотоод журмыг нотлох баримтаар ирүүлж, нотолж чадаагүй гэж нотлох баримтын талаар илт худлаа дүгнэлт гаргасан. Мөн дотоод журмыг нотлох баримтаар гардуулж өгөөгүй гэсэн атлаа 9 дахь заалтад Д сумын ЭМТ-ийн дотоод журмыг нотлох баримтаар ирүүлсэн боловч 2016 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулснаас хойших хугацааны дотоод журам нотлох баримт болгон өгсөн, түүнийг хэзээ баталсныг нэр бүхий гэрчүүд нотлоогүй учир нотлох баримтаар үнэлээгүй гэж үндэслэлгүй дүгнэсэн.

5.5. Нэгэнт дотоод журам байгаа бол хэзээ баталснаас үл хамааран ажилтан батлагдсан өдрөөс эхлэн дагаж мөрдөх нь жам ёсны асуудал юм. Хөдөлмөрийн гэрээний 20 дахь заалт, хөдөлмөрийн дотоод журмын 11 дэх заалтуудыг харилцан хамааралтай, хэрэгт ач холбогдолтой талаас шүүх хууль ёсны үндэслэлтэй дүгнэлт гаргаагүй гэж гомдол гаргаж байна.

5.6. Нэхэмжлэгч Х.Е болон шүүгч А.Жархынгүл нар нь ойрын хамаатан, садан төрлийн хүмүүс болохыг нутгийн иргэд, нэг суманд удам угсаа залгамжлан амьдардаг уугуул иргэд болохын хувьд бид сайн мэдэж байгаа. Тийм учраас нэхэмжлэгч тал бид шүүгч Жархынгүлийг татгалзах боловч шүүгч Жархынгүл өөрөө татгалзах үүргээ зөрчиж, төрөл садан Х.Еы нэхэмжлэлийг хянан шийдвэрлэсэн нь шүүгч ёс зүйн алдаа гаргасан, зориуд энэ хэргийг хувийн ашиг сонирхолд нотлогдон шийдвэрлэсэн гэх хардалт төрж байна. Иймд анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн шийдвэрийг хүчингүй болгож, Х.Еы нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгөн үү.

 

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

6.1. Гуравдагч этгээд болон хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй. Маргаан бүхий тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалтыг баримталсан байна. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн агуулгыг зөв тайлбарлан хэрэглэсэн. Монгол Улсын Дээд шүүхийн 2012 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн зөвлөмжөөс үзэхэд, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан "ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан" гэдэгт хөдөлмөрийн сахилгын зөрчлийг 2 буюу түүнээс дээш удаа гаргасан байхыг ойлгоно. Зөрчил бүр тус тусдаа тогтоогдсон байх шаардлагатай боловч тус бүрд нь сахилгын шийтгэл заавал ногдуулсан байхыг шаардахгүйгээс гадна давтан гаргасан зөрчлүүдийн хоорондох хугацаа өмнөх зөрчилдөө сахилгын шийтгэл хүлээсэн бол 1 жилээс, хүлээгээгүй бол 6 сараас хэтрээгүй байна” гэж хөөн хэлэлцэх хугацаатай холбогдуулан тайлбарласан байна.

6.2. Хариуцагч тал 2020 оны зөрчилтэй  холбоотой нотлох баримтуудыг ирүүлсэн. Маргаан бүхий тушаал 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр гарсан гэвэл үүнээс 6 сарыг хасвал 6 дугаар сарын 23-нд таарч байна. 2021 оны 12 дугаар сараас өмнөх гаргасан зөрчилд арга хэмжээ авсан нь хуульд нийцээгүй байсныг анхан шатны шүүх зөв дүгнэсэн. Зөрчил хоорондын хамрах хугацаанууд нь 6 сар, 3 сараас дээш байсан. Үүнийг анхан шатны шүүх зөв шийдвэрлэсэн.

6.3. Хариуцагчийн тушаалын агуулгаас харахад, нэхэмжлэгчийг ажил тасалсан, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлсөн. Энэ хүрээнд асуудал хянагдах ёстой. Хариуцагчаас 2021 оны 11 дүгээр  сарын 15-аас 11 дүгээр сарын 19-ний хүртэл, 12 дугаар сарын  21, 22-ны өдөр ажил тасалсан гэдгийг нотлох баримтаар нотолж чадаагүй. Хариуцагч байгууллагаас нэхэмжлэгчид ямар үүрэг даалгавар өгснийг нэхэмжлэгч хэзээ, яаж биелүүлэхгүй байсан гэдэг нь тодорхой бус. Нэхэмжлэгчийн гаргасан гэж байгаа зөрчлүүд нотлогдоогүй учраас анхан шатны шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хэрэгт хамааралтай, эргэлзээгүй, ач холбогдолтой талаас нь үнэлнэ. Маргаан бүхий тушаалд дурдагдсан зөрчлүүд нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоогүй. Иймд хариуцагч, гуравдагч этгээдийн давж заалдах гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэсэн саналтай байна.

 

ХЯНАВАЛ:

 

7. Шүүхийн шийдвэртэй холбогдуулан гуравдагч этгээд болон хариуцагчийн тус тусдаа гаргасан давж заалдах гомдол үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн гомдлоор авч хэлэлцсэн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

8. Шүүх хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу талуудаас цугларсан нотлох баримтыг хуульд заасан журмаар үнэлээгүйгээс 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалтыг буруу хэрэглэсэн тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангаагүй байна. Тиймээс дараах үндэслэлээр, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1 дэх заалтаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Х.Еы ажилд эгүүлэн тогтоолгох тухай гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

9. Х.Еыг ажлаас чөлөөлсөн ажил олгогчийн шийдвэр 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн үйлчлэлийн үед гарсан. Тиймээс тус хөдөлмөрийн маргаанд тухайн үед мөрдөгдөж байсан 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийг ажил олгогч хэрхэн биелүүлж, хэрэгжүүлсэн, гомдлын шаардлагын хүрээнд ажил олгогчийн үйл ажиллагаа тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Хөдөлмөрийн тухай хуульд нийцсэн эсэх талаар эрх зүйн үнэлэлт, дүгнэлт өгөх нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хууль ёсны зарчимд нийцнэ. Учир нь Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар хуульд зааснаас бусад тохиолдолд иргэний хууль тогтоомжийг буцаан хэрэглэхгүй. Хөдөлмөрийн тухай хууль нь хөдөлмөрийн харилцааны зарчим, суурь хэм хэмжээг тогтоосон хувийн эрх зүйн эх сурвалж мөн болохын хувьд түүнийг буцаан хэрэглэх эсэх асуудалд Иргэний хуулийн дээрх зохицуулалт нэгэн адил үйлчлэх ба талуудын хооронд үүссэн хөдөлмөрийн маргаанд 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн 2021 оны Хөдөлмөрийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг буцаан хэрэглэх хууль зүйн үндэслэлгүй, уг хуулийг дагаж мөрдөх журмын тухай 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн хуульд “хуулийг буцаан хэрэглэх” талаар өөр журам тогтоогоогүй байна.

 

10. Ажил олгогч Баян-Өлгий аймгийн Д сумын сум дундын эмнэлгийн ерөнхий эмчийн 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн б/31 дүгээр тушаалаар тус байгууллагын нягтлан бодогч ажилтай Х.Еыг 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалт, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 258 дугаар тогтоолыг үндэслэн:

  • 2021 оны 11 дүгээр сарын 15-19-ний өдрийг хүртэл, 12 дугаар сарын 21-22-ны өдрүүдэд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан,
  • Удирдах албан тушаалтнаас өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлдэггүй,
  • Ажил олгогчоос өгсөн хуульд нийцсэн шаардлагыг удаа дараа биелүүлээгүй,
  • Ёс зүйгүй харьцдаг, төрийн байгууллагын соёл, дэг журмыг сахидаггүй,
  • Ажлын цагаар байнга архи уудаг гэсэн үндэслэлээр 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөр тасалбар болгож үүрэгт ажлаас нь чөлөөлж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан байна.

 

11. Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг, тухайлбал эмнэлгийн магадалгаа, Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүүгийн албаны 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 01 дүгээр албан бичиг, тус аймгийн Төрийн аудитын газрын 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 01 дүгээр мэдэгдэх хуудас, аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт, аудитын албаны 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хяналт шалгалтын танилцуулга, тус албаны улсын ахлах байцаагчийн мөн өдрийн 18-04 дугаар акт зэргийг зохигчийн тайлбаруудтай харьцуулан шинжлэн судалбал, ажилтан Х.Е нь 2021 оны 11 дүгээр сарын 15-19-ний өдрийг хүртэл, 12 дугаар сарын 21-22-ны өдрүүдэд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан, удирдах албан тушаалтнаас өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлдэггүй, ажил олгогчоос өгсөн хуульд нийцсэн шаардлагыг удаа дараа биелүүлээгүй, ажилтнуудтай ёс зүйгүй харьцдаг, төрийн байгууллагын соёл, дэг журмыг сахидаггүй гэх хөдөлмөрийн сахилгын зөрчил үйлдсэн болох нь хангалттай тогтоогдоогүй байна. (Хэргийн 4, 40, 49, 50-54, 55 дахь тал)

Ажилтан Х.Е нь эдгээр зөрчлүүдийг үйлдсэн эсэх нь нотлогдон тогтоогдоогүй гэх анхан шатны шүүхийн дүгнэлт нотлох баримтуудад тулгуурласан бөгөөд хэргийн үйл баримт, бусад нөхцөл байдлуудыг шүүх үнэлж 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалтыг тухайн нөхцөлд “хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэдэгт ажилтан уг зөрчлийг хоёр буюу түүнээс дээш удаа гаргасан байхаас гадна зөрчил тус бүр тус тусдаа тогтоогдсон байх шаардлагатай” гэж зөв тайлбарлаж хэрэглэсэн атлаа ажилтны гаргасан гэх “ажлын цагаар байнга архи уудаг” зөрчлийн талаар “хөдөлмөрийн гэрээ болон дотоод журамд тухайлан заасан нь тогтоогдоогүй” гэж хэргийн үйл баримтад чухал ач холбогдолтой “ажилтан ажлын байранд, ажлын цагаар байнга архи уудаг” гэсэн нөхцөл байдалд хууль зүйн хувьд буруу үнэлэлт, дүгнэлт өгчээ.

 

12. Анхан шатны шүүх ажилтан Х.Еы гаргасан “ажлын цагаар, ажлын байранд байнга архи уудаг” гэх хөдөлмөрийн сахилгын зөрчил илэрхий тогтоогдсон байхад тухайн зөрчлийн хоёр ба түүнээс дээш /ажлын өдөр/ удаа үйлдэгдсэн “давтан” шинжийг нь анхаарахгүйгээр, уг зөрчлийг “хөдөлмөрийн гэрээ болон хөдөлмөрийн дотоод журамд тухайлан заасан “ноцтой зөрчил” гаргасан гэж үзэхгүй” буюу тухайн зөрчлийн тохиолдлыг хөдөлмөрийн гэрээ болон хөдөлмөрийн дотоод журамд нэрлэн заагаагүй гэх үндэслэлээр ажил олгогчийн хөдөлмөрийн гэрээг цуцалсан шийдвэрийг хүчингүй болгож, Х.Еыг Д сумын сум дундын эмнэлгийн нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоохдоо 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалтыг түүний агуулга, зорилгод нийцүүлэн оновчтой, зөв тайлбарлаж хэрэглээгүй байна.

 

13. Хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар ажилтан Х.Е нь 2021 оны 11 дүгээр сарын 15-19-ний өдрүүдэд, 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр ажлын байранд, ажлын цагаар согтууруулах ундаа хэрэглэж, согтуу байсан буюу хөдөлмөрийн сахилгын зөрчлийг “давтан” гаргасан нь Баян-Өлгий аймгийн Д сумын иргэдийн төлөөлөгчдийн Хурлын даргын 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 01/29 дүгээр албан бичиг, 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Өлгий суманд томилолтоор ажиллаж байхдаа архидан согтуурч, цагдаагийн байгууллагад түр саатуулагдах үед ажилтан Х.Еы үйлдсэн баримт, тэрээр ажлын байрандаа архидан согтуурсныг нотлох гэрэл зургууд, гэрч Е.Бийн “Ажлын цагаар архи  уудаг. Х.Е нь архи ууж ажил хийхээ больсон учраас архийг нь болиулах талаар хурал хийсэн” гэх, гэрч Т.Сийн “Х.Е сүүлийн нэг жилд ажлын цагаар архи уугаад ажлын байрандаа суухаа больсон, заримдаа өрөөндөө архи уудаг, архи ууж байсныг нь харсан” гэх, гэрч Ө.Тийн “...сумын Засаг дарга болон ИТХ-ын дарга Х.Ед цаашид ажил битгий таслаарай, ажлаа битгий цалгардуулаарай, ажлын цагаар ажлын байранд битгий архи уугаарай гэж сануулж байсан, Х.Е нь ажлын цагаар архи хэрэглэж байсан” гэх, гэрч Б.С “Х.Е архи уугаад, ажил үүргээ зохих ёсоор гүйцэтгэж чадахгүй байсан учраас манай байгууллагын ажилчид хамт олны хуралд түүнд “ажлаа зохих ёсоор хийгээрэй, архи уухаа болиорой, нэг сарын чөлөө аваад архины эмчилгээ хийлгээд ирээрэй” гэж олон удаа сануулж байсан боловч Х.Е нь уг шаардлагыг тоомсорлоогүй учраас энэ байдалд хүрсэн. Х.Е ажлын цагаар архи уусан тохиолдол байна” гэх, гэрч Д.Ж Нурхуат ийн “Би ажилд орсноос хойш Х.Е ажлын цагаар, ажлын байранд сууж байсныг хараагүй. Тааралдах болгонд архи нэхээд зүй бусаар харьцдаг байсан. Х.Е ажлын байранд байнга архи уудаг. Ажил тарах үед дээд давхарт байдаг өвчтөний өрөөнд ухаан алдаж хэвтэж байсныг нь харсан” гэх анхан шатны шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгүүдээр тогтоогдож байна. (хэргийн 38, 39, 46, 71, 72 дахь тал)

Ажил олгогчоос түүний гаргасан энэхүү зөрчлийн шинжийг ажлын цагаар “байнга” архи уудаг гэж тодорхойлж, 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалтыг баримталж хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан нь хуульд нийцсэн бөгөөд энэ талаар гаргасан гуравдагч этгээд болон хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлтэй тул хүлээж авах нь зүйтэй.

 

            14. Ажилтан Х.Еы “ажлын байранд, ажлын цагаар байнга архи уудаг” гэх зөрчлийн талаар талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээнд тухайлан “ноцтой” гэж заасан нь баримтаар тогтоогдоогүй нь ажил олгогчоос түүнийг хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэж үзэж Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсгийг хэрэглэхэд саад болохгүй. Учир нь ажилтан Х.Е 2021 оны 11 дүгээр сарын 15-19-ний өдрүүдэд, 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр ажлын байранд, ажлын цагаар согтууруулах ундаа хэрэглэж, согтуу байсан буюу ажлын дээрх өдрүүдэд хоёр ба түүнээс дээш удаа ажлын байрандаа согтуу байсан сахилгын зөрчил үйлдсэн нь тус тусдаа тогтоогдсоноос гадна зөрчлүүд тус бүрийн болон хооронд хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй байна.

Х.Еы ажлын байрандаа, ажлын цагаар байнга архи ууж, согтуурдаг зөрчил нь хор уршгийн хувьд ажил олгогчийн иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээг үзүүлэх ажлын эрх ашигт илтэд хохиролтой, ажилтны чиг үүрэгт харш буюу ноцтой болох нь “илэрхий” бөгөөд “талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээнд энэ тухай тухайлан тусгасан эсэх нь тогтоогдоогүй” нөхцөл байдал нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааг “давтан зөрчил гаргасан” гэх үндэслэлээр цуцалсан ажил олгогчийн шийдвэрийг хууль бус гэж үзэх үндэслэл болохгүй. Энэ төрлийн “ноцтойд тооцогдох нь илэрхий” зөрчилд “хөдөлмөрийн гэрээнд тухайлан заагаагүй” гэх шалтгаанаар хариуцлага тооцохгүйгээр ажилтны ажлын байрандаа байнга буюу давтан зөрчил үйлдэж согтуурсан хариуцлагагүй, ёс зүйгүй байдлыг өөгшүүлэх нь шударга ёсны зарчимд харшилна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

15. Хэрэгт хариуцагчаас гаргаж өгсөн хөдөлмөрийн дотоод журмыг шүүх “хамт олноороо хэлэлцэж баталсан нь эргэлзээтэй” гэх үндэслэлээр нотлох баримтаар үнэлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсгийг зөрчсөн байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1 дэх заалтаар хэргийн оролцогч болох хариуцагч нь шүүхэд хэргийн талаар үнэн зөв тайлбар гаргах үүрэгтэй ба шүүх хуралдаанд оролцсон гэрчүүд “хөдөлмөрийн дотоод журмыг хэзээ шинэчилж баталсныг мэдэхгүй, санахгүй байна” гэх мэдүүлгүүд нь байгууллагын тамга тэмдэг, ерөнхий эмчийн баталгаажуулсан гарын үсэг бүхий баримт бичгийг хуульд зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлэхэд саад болохгүй, тухайн байгууллагын дотоод журмыг үнэн, зөв эсэхэд нь эргэлзээтэй гэж үзэх нөхцөл байдал хэргээс тогтоогдохгүй байна.

 

16. Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн “Төрийн албаны сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай” 258 дугаар тогтоолын 1.7 дахь заалтад “төрийн албан хаагч албан томилолтын явцад, ажлын болон ажлын бус цагаар ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэх явдлыг таслан зогсоох, ... байгууллагын дотоод журамд тусган хориглож, зөрчсөн тохиолдолд хариуцлага тооцох” гэж журамласан бөгөөд ажил олгогч Д сумын сум дундын эмнэлгийн ерөнхий эмчийн 2021 оны 3 дугаар сарын 30-ны өдөр баталсан Хөдөлмөрийн дотоод журмын 11-1-3 дахь заалтад ажилтан ажлын байрандаа архи уусан бол хөдөлмөрийн гэрээг цуцлах хэмжээний ноцтой зөрчилд тооцохоор тусгасан байна.

 

17. 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт заасан хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан “ноцтой зөрчил” гэдэгт гэрээний талууд ажлын байр, албан тушаал, гүйцэтгэж буй ажил үүргийн онцлогтой нь холбогдуулан ямар зөрчлийг ноцтой гэж тооцохыг харилцан тогтоож, уг зөрчлийн тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээндээ нэрлэн заасан байхаас гадна ажил олгогчийн чиг үүрэг, үйл ажиллагааны онцлогтой холбоотойгоор түүний ажлын эрх ашигт илтэд хохиролтой, ажилтны хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгт нь харш үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно. Үүнд дурдсан “ноцтой зөрчил”-д (1) ажилтны гүйцэтгэж буй ажил үүргийн онцлогтой нь холбогдуулан ноцтой гэж харилцан тогтоосон зөрчлүүдээс гадна (2) ажил олгогчийн ажлын эрх ашигт илтэд хохиролтой, ажилтны чиг үүрэгт харш, тухайлбал ажлын байранд, ажлын болон ажлын бус цагаар архи, согтууруулах ундааны зүйл, мансууруулах бодис хэрэглэх, ажилдаа согтуу, мансуурсан байдалтай ирэх зэрэг ноцтой болох нь илэрхий зөрчлүүдийг хамаатуулж ойлгоно гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

18. Нэхэмжлэгчээс шүүхэд гаргаж өгсөн хөдөлмөрийн гэрээ нь хуулбар, нотлох баримтын шаардлага хангахгүй учраас шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй ба Баян-Өлгий аймаг дахь аудитын газрын 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 01/28 дугаар акт, мөн өдрийн 01/51 дугаар албан шаардлага зэрэг хэргийн 56-68 хуудаст авагдсан баримт бичгүүд цаг хугацааны болон тэдгээрт агуулагдсан баримтат мэдээллийн хувьд хэрэгт хамааралгүй байна.

 

19. Иймд ажлын байранд, ажлын цагаар архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэж хоёр ба түүнээс дээш ажлын өдөр, давтан зөрчил гаргаж, ажил олгогчийн тодорхойлсноор “байнга” архидан согтуурсан Х.Еы хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан ажил олгогчийн шийдвэр хууль ёсны болон шударга ёсны зарчимд нийцсэн учраас Хөдөлмөрийн тухай хуулийн /Шинэчилсэн найруулга/ 158 дугаар зүйлийн 158.2.2 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч Х.Еы хариуцагч тус аймгийн Д сумын сум дундын эмнэлэгт холбогдуулан гаргасан “тус эмнэлгийн ерөнхий эмчийн 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Б/31 дүгээр тушаалыг хүчингүй болгож, нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгох” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч болон гуравдагч этгээдийн давж заалдах гомдлыг дээрх үндэслэлүүдээр хангаж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4 дэх заалтыг удирдлага болгож, 

ТОГТООХ нь:

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 130/ШШ2022/00261 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн /Шинэчилсэн найруулга/ 158 дугаар зүйлийн 158.2.2 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч Х.Еы хариуцагч тус аймгийн Д сумын сум дундын эмнэлэгт холбогдуулан гаргасан “Баян-Өлгий аймгийн Д сумын сум дундын эмнэлгийн ерөнхий эмчийн 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Б/31 дүгээр тушаалыг хүчингүй болгож, тус эмнэлгийн нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгох” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч болон гуравдагч этгээдийн давж заалдах гомдлуудыг хүлээж авсугай.    

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 57.2, 57.3, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 41.1.5 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч Х.Еы анхан шатны шүүхэд гаргасан гомдол, гуравдагч этгээд болон хариуцагч нарын давж заалдах гомдлууд тус тус улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.  

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Д.КӨБЕШ      

                                    ШҮҮГЧ                                                                        М.НЯМБАЯР

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       С.ӨМИРБЕК