Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 102/шш2022/02976

 

 

 

 

 

2022 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 102/ШШ2022/02976

Улаанбаатар хот

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *** дугаар байр, *** тоот хаягт оршин суух, *** овогт ***гийн *** /РД: ***/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, *** тоот хаягт оршин суух, *** овогт ***ын ***/РД: ***/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгч Л.***,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ***,

Хариуцагч ***,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Урансайхан оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Л.***ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *** нарын гаргасан тайлбарт: Миний бие Л.*** нь хариуцагч ***тэй *** өдөр худалдах-худалдан авах гэрээ байгуулж *** тоот хаягт байрлах 29 м/кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг худалдаж авсан. Уг гэрээгээр байрны үнийг 110,000,000 төгрөгөөр тохиролцсон бөгөөд төлбөрийг бүрэн төлснөөр байрыг чөлөөлөн өгөхөөр гэрээнд тусгасан. Миний бие гэрээний төлбөрөөс дараах байдлаар төлсөн болно. Үүнд: Өөрийн Голомт банк ХХК дахь *** тоот данс, Хаан банк ХХК дахь *** тоот данснаас 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 3,000,000 төгрөг, 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр 8,000,000 төгрөг, 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр 4,000,000 төгрөг, 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 30,000,000 төгрөг, 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 2,200,000 төгрөг, мөн 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 5,000,000 төгрөг, 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 8,000,000 төгрөг, 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 4,000,000 төгрөг, нийт 64,200,000 төгрөгийг хариуцагч ***гийн Голомт банк ХХК дахь *** тоот данс, түүний эхнэр ***ын Худалдаа хөгжлийн банк ХХК дахь *** тоот данс болон Хаан банк ХХК дахь *** тоот дансуудад тус тус шилжүүлсэн.

 

Анх үл хөдлөх хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ байгуулснаас хойш миний банкны зээл бүтэхгүй болсон тул 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр би ...миний зээл гарахгүй юм байна, байраа авахаа болилоо гэж хэлсэн. Харин хариуцагч ...та нэгэнт 58,000,000 төгрөг өгчихсөн байгаа юм чинь бид хоёрт таны мөнгийг байраа зарж байж л буцааж өгнө, тэгэхээр хэцүү байна, та өөр аргаар үлдэгдэл төлбөрөө төлөөд авчихаа, нэгэнт байрны гэрчилгээг таньд шилжүүлчихсэн, одоо бөөн ажил болчихоод буцааж яах юм бэ гэж санал тавьсан бөгөөд 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр үлдэгдэл төлбөрт өөрийн эзэмшлийн *** улсын дугаартай, Lexus-RX загварын автомашиныг 47,000,000 төгрөгөөр тооцон өгөхөөр тохиролцсон. Тэгээд хариуцагч орон сууцыг сулалмагц автомашины нэрийг тэдэнд шилжүүлэн өгөхөөр тохиролцсон болно. Улмаар засвар хийж байна, өөрсдийнх нь орох байр хүлээгдэж байна гэх мэтээр хүлээлгэсээр 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийг хүрсэн. Иймд би уг өдөр байраа чөлөөлөхгүй байгаа надаас нүүнэ гэж худал хэлж мөнгө нэмж авсан *** үйлдлийг нь үндэслэл болгон цагдаагийн байгууллагад хандан гомдол гаргасан. Яг тухайн үед өмнөх байрнаасаа гарчихсан, өвлийн хүйтэн орчихсон үед 2 настай охиноо дагуулан айлд байсан. Саунд хүртэл хоносон, мөн 60 сая гаруй төгрөг хүнд өгчихсөн учир миний хувийн бизнес маш хүнд байдалд ороод байсан. Энэ талаараа хариуцагч болон түүний эхнэрт удаа дараа хэлж байсан. Би Солонгосын Aaron innovation компанийн албан ёсны төлөөлөгчөөр ажилладаг бөгөөд тухайн үе нь шинэ жил дөхөхтэй холбоотойгоор бараа захиалга маш их байсан боловч би мөнгөө байрандаа гацааснаас шалтгаалан бараа татан авалтаа хийж чадаагүй бөгөөд цаашдын ашиг орлогоо ч алдахад хүрсэн. Улмаар одоо бараа татан авалт огт хийж чадахгүй байгаа тул диспербютерийн эрхээ алдахад хүрээд байна. Хариуцагч Б.***болон түүний эхнэр *** нартай анх байр худалдах тохиролцоо хийхэд ...уг орон сууц 48,000,000 төгрөгийн банкны барьцаанд тавигдсан байгаа, нэн даруй тухайн байрны зээлийг хааж байж өөрсдийнх нь хөөцөлдөх байрны зээл гарах боломжтой болох тул та энэ зээлийг яаралтай хаагаад өгчих, бид урьдчилгааг нь шингээгээд зээлээ гаргуулна гэж хэлсэн. Тиймээс би сарын 3 хувийн хүүтэй зээлийг 2021 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр хувь хүнээс авч байрны ордерыг чөлөөлүүлсэн бөгөөд одоо би cap бүр уг зээлийн хүү болох 1,500,000 төгрөгийг төлж байгаа. Огт байрандаа ороогүй хэрнээ одоо болтол 6 сарын хугацаанд хүү төлсөөр байна. Дээрх хугацаанд хариуцагч нэг удаа зээлийн хүү болох 1,500,000 төгрөгийг надад төлж өгсөн. Хариуцагчийн зүгээс байрны засвар хийгдэж байна, нүүх гэсэн мөнгө хэрэгтэй байна гэх мэтээр худал хэлж цаг хожин хойшлуулсаар намайг хохироосоор байсан. Энэ шалтгааны улмаас би үл хөдлөх хөрөнгө худалдах-худалдан авах гэрээг бүр мөсөн цуцалж, өөрийн төлсөн мөнгөө буцаан авахаар шаардсан боловч хариуцагч миний мөнгийг буцааж өгнө гэж элдэв худал шалтаг тоочсоор байгаа бөгөөд одоог болтол ямар ч мөнгө буцааж өгөөгүй өнөөдрийг хүртэл намайг хохироож байна. Миний хувьд 2021 оны 09 дүгээр сараас өнөөдрийг хүртэл нийт 8 сарын хугацаанд байр худалдан авахаар хариуцагчтай аль болох эв зүйгээр учраа олохоор хичээж ирсэн боловч тэд намайг хуурч мэхлэн, цаг хожиж миний өмчлөлийн орон сууцыг чөлөөлж өгөхөөс санаатай зайлсхийсээр ирсэн бөгөөд сүүлдээ байнга хэл амаар доромжлон сэтгэл санааны хувьд хүнд байдалд оруулсаар байна. Хариуцагч орон сууцыг тохиролцсон хугацаандаа чөлөөлж өгөөгүй тул би охины хамтаар *** тоот хаягт байрлах 62 м/кв орон сууцыг нэг сарын төлбөр 1,500,000 төгрөгийн төлбөртэйгөөр өнөөдрийг хүртэл түрээслэн амьдарч байгаа болно. Уг байрны төлбөрт өнөөдрийг хүртэл 15,000,000 төгрөг төлсөн. Дээрхээс үзвэл миний бие хариуцагч ***гээс байраа чөлөөлүүлж авч чадаагүйгээс шалтгаалан зээлийн хүү 7,500,000 төгрөг, байрны түрээс 13,500,000 төгрөг төлсөн бөгөөд дээрх бодит хохирлоос гадна бизнесийн хувьд хүнд байдалд орсон. Байр сууцаа чөлөөлүүлээд орчих болов уу гэж бодсоор өнөөдрийг хүртэл хүүхдээ ч цэцэрлэгт оруулж чадахгүй асар хүнд нөхцөлд амьдарч байгааг шүүх харгалзан үзнэ гэж найдаж байна. Би хариуцагч ***д өгөх ёстой 45,800,000 төгрөгөөс дээрх бодит хохирол болох 21,000,000 төгрөгийг хасуулж, үлдэгдэл төлбөр болох 24,800,000 төгрөгийг хариуцагч орон сууцыг чөлөөлж өгмөгц шилжүүлэхэд бэлэн байгаа болно.

 

Анх тухайн байрыг худалдан борлуулахдаа 2021 оны 09 дүгээр сарын 21-ны өдөр үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээгээр талууд хэлцэл хийсэн. Тус гэрээнд байрны хууль ёсны өмчлөгч этгээд болох ***, Л.*** нар хоорондоо гэрээ хийж талууд улсын бүртгэлд бүртгүүлсэн. Гэрээний төлбөрийн нөхцөл дээр урьдчилгаа төлбөр төлж, үлдэгдэл төлбөрийг Голомт банкны зээлээр төлж барагдуулна гэж талууд тохиролцсон. Банкны зээлээр төлбөрийг барагдуулах тохиролцоо хийгдсэн байсан. Банкны зээл гараагүй гэдэг шалтгаанаар үлдэгдэл төлбөрийг төлөх боломжгүй болсон. Гэхдээ худалдах худалдан авах гэрээний төлбөрт 64,200,000 төгрөгийг төлсөн. Энэ төлбөрийг төлсөн нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж байна. Энэ мөнгийг хариуцагч тал өгөх боломжтой байсан. Тухайн хэлцлийг хүчин төгөлдөр хэлцэл гэж үзэж байна. Иргэний хуульд заасан хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцох үндэслэлд хамаарахгүй. Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ нэхэмжлэгчийн нэр дээр гарсан байсан. Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-д зааснаар улсын бүртгэл хүчин төгөлдөр гэж үзэхээр байна. Улсын бүртгэлийг үнэн зөв гэж үздэг. Тухайн үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлсэн этгээд гуравдагч этгээдээр оролцоно гэдгийг эсэргүүцэж маргаагүй тохиолдолд энэ үнэн зөв юм. Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно гэж заасны дагуу тухайн хөрөнгийг бүртгэлд шилжүүлснээр хариуцагчийн хувьд өмчлөх эрх нь дуусгавар болсон гэж үзэж байна. Хариуцагч шилжүүлсэн, бүртгүүлсэн өдрөөс эхлээд хөрөнгийг эзэмших, ашиглах эрх нь хуулиар хязгаарлагдана. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар гаргаж байгаа нь үндэслэлтэй гэж үзэж байна. Яагаад гэвэл өмчлөх эрхийн талаар хариуцагч Б.***ямар нэгэн байдлаар маргаагүй, өмчлөх эрх нэхэмжлэгчийн мэдэлд байгаа, хариуцагчийн зүгээс төлбөрөө дутуу төлсөн гэж маргаж байгаа хэдий ч өмчлөх эрхээ хүчин төгөлдөр хэлцлийн дагуу, нэхэмжлэгч талд сайн дурын үндсэн дээр шилжүүлээд өгсөн. Сөрөг нэхэмжлэл дээр дурдах ёстой байсан үлдэгдэл төлбөрөө шаардах эсэх талаар, гэвч сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэл тодорхойгүй байлаа, өмчлөх эрхийн хуулийн зохицуулалт нь тухайн эд хөрөнгийг шилжүүлж өгснөөр нөгөө талын өмчлөх эрх дуусгавар болно. Манай талаас гэрээний үлдэгдэл төлбөрийг төлөх боломжтой.

 

Иймд Иргэний хуульд заасны дагуу *** тоот хаягт байрлах 29 м/кв талбай бүхий өөрийн өмчлөлийн 2 өрөө орон сууцыг хариуцагчийн эзэмшлээс албадан чөлөөлж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч ***гийн шүүхэд гаргасан хариу тайлбарт болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***ийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: 2021 оны 09 дүгээр сарын 08-нд *** тоот хаягт байрлах 2 өрөө орон сууцаа худалдахаар зар тавьсан. Зарын дагуу хүмүүс ирж үзэж байсан, 2021 оны 09 дүгээр сард Л.*** ирээд орон сууцыг чинь худалдаж авья, урьдчилгаа өгөөд үлдсэн мөнгийг нь Голомт банкны зээл гаргуулж авна, мөнгө найдвартай, зар аа устгачих гэж хэлсний дагуу эхнэр бид 2 зар аа устгаад байрыг маань авахаар ярьж байсан хүмүүсийг болиулсан. Л.***ээс 64,200,000 төгрөг авсан тал дээр маргах зүйлгүй. Эхнэр бид 2 итгэж Л.***т байрныхаа гэрчилгээ төлбөрөө бүрэн төлөөгүй ч шилжүүлж өгсөн. Ингээд хэсэг хугацааны дараа орон сууцны зээл бүтэхээ болилоо гэж хэлсэн ба эхнэр бид 2 ярилцаад нэгэнт зарахаар тохиролцсон тул энэ хүндээ л зарья гэж шийдээд та авдагаараа авчихаа, мөнгөө зохицуулаад өгчих гэдгээ хэлсэн. Тэгээд *** загварын машин үлдсэн төлбөртөө санал болгосон. Бид 2 мөн хотын төв руу нүүхээр төлөвлөөд байраа авахаар тохиролцоод гэрээгээ байгуулсан байсан боловч энэ хүний зээл бүтээгүйгээс болоод тэр байр маань зарагдчихсан. Энэ хүнээс 64,200,000 төгрөг авсан ба үүний 48 сая орчим нь байраа зээлээс чөлөөлөхөд зориулагдсан, үлдсэн 10 орчим сая төгрөг нь орон сууцны засварт зориулагдсан.

 

Нэхэмжлэгч Л.*** өрөө үүргээ биелээгүй, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан гэрээг хийчихсэн, өөрийнх нь нэр дээр байрны гэрчилгээ гарчихсан, улмаар байрыг бусдад 50,000,000 төгрөгний барьцаанд тавьчихсан байгаа. Энэ хэний хариуцлагагүй ажиллагаа вэ? худалдаж авах гэж байгаа хүний хүсэл зоригоор хөдөлснийхөө төлөө хариуцагч өнөөдөр ипотекийн зээл ч байхгүй, орон байр ч байхгүй байна. Хэрвээ нэхэмжлэгч худалдах худалдан авах гэрээний үүргээ биелүүлсэн бол хариуцагч нь өөр хүний гурван өрөө байр засахгүй, илүү зардал гаргахгүй байх байсан, бодит байдал дээр ***гийн гар дээр мөнгө ирээгүй. Нэхэмжлэгч тухайн байрыг өөрийнх нь нэр дээр гэрчилгээ гарчихсан болохоор өөрийнхөө өмч гэж ойлгоод байх шиг байна. Тухайн байр нэхэмжлэгчийн өмч болоогүй байгаа. Зээлээ эхэлж судалсны дараа банкны шийдвэр гарсны дараа банк худалдах худалдан авах гэрээ хийдэг. Худалдах худалдан авах гэрээ хийсний дараа ипотекийн зээл судалдаггүй. Иймд нэхэмжлэгчээс зуун хувь 64,200,000 төгрөг гараагүй. Хэрвээ нэхэмжлэгч машин өгөх гэж байсан бол зээлээр худалдах худалдан авах гэрээн дээр, эсвэл тухайн худалдах худалдан авах гэрээн дээр зүйл заалт оруулж би чиний байрыг өөрийн нэр дээр шилжүүлээ, энэ банкнаас ингэж мөнгө авлаа, үүргийн гүйцэтгэлийг буюу банк бусын зээлийг би төлөх болно, энэ машиныг энд оролцуулаа гэж бодитой тохиролцсон тохиролцоо байх ёстой. Хэрвээ машинаа ***ий нэр дээр шилжүүлж төлбөрөө 100 хувь төлчихсөн байсан бол Иргэний хуулийн 106 дугаар зүйлээр нэхэмжлэлийн шаардлага гаргаж болно. Гэтэл хавтаст хэрэгт тийм үйл баримт байхгүй байна. Маргааны үндэс нь худалдах худалдан авах гэрээ, худалдах худалдан авах гэрээ нь дүр үзүүлж хийгдсэн гэрээ юм. Бодитой өгсөн авсан зүйл байхгүй. Худалдах-худалдан авах гэрээний 3.4-т Үл хөдлөх эд хөрөнгийг хүлээлгэн өгөх хугацаа: Төлбөр бүрэн төлөгдсөн өдөр гэж тохиролцсон байгаа. Нэхэмжлэлийн шаардлага хангагдах үндэслэл байхгүй учир нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Өөр замаар бол нэхэмжлэл гаргах эрх нь нээлттэй гэдэгт өмгөөлөгч нар зөвлөсөн байх. Нэхэмжлэгч маань улсын бүртгэлийн гэрчилгээ миний нэр дээр байгаа учир энэ байр минийх гэж ойлгоод байх шиг байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3. Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ иргэний үнэмлэхний лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 000930887 тоот гэрчилгээ, 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн худалдах-худалдан авах гэрээ, Голомт банк ХХК дахь Л.***ийн эзэмшлийн *** тоот дансны хуулга, Хаан банк ХХК дахь Л.***ийн эзэмшлийн *** тоот дансны хуулга, 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 2/021 тоот зээлийн гэрээ, зээлийн барьцааны гэрээг нотлох баримтын шаардлага хангуулан хавсаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Голомт банк, Хаан банк ХХК-ийн мөнгөн шилжүүлэг, төлбөрийн баримтууд, мемориалын баримтуудыг гарган өгчээ.

 

4. Хариуцагч Б.***нь шүүхэд 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хариу тайлбараа бичгээр гаргасан.

 

5. Тус шүүхийн шүүгчийн 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн *** дугаар захирамжаар зохигчдын үзлэг хийлгэх хүсэлтийг хангаж, үзлэгийн ажиллагааг 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдөр хийж гүйцэтгэн, явцыг тэмдэглэл, фото зургаар бэхжүүлсэн, тус шүүхийн шүүгчийн 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн *** дүгээр захирамжаар маргаан бүхий орон сууцны хувийн хэргийг Улсын бүртгэлийн ерөнхий газраас гаргуулж шүүхийн журмаар нотлох баримтуудыг цуглуулсан.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Л.*** нь хариуцагч ***д холбогдуулан *** хаягт байрлах 29 м/кв талбай бүхий өөрийн өмчлөлийн 2 өрөө орон сууцыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

 

2. Нэхэмжлэгч дараахь үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Миний бие Л.*** нь хариуцагч ***тэй *** өдөр худалдах-худалдан авах гэрээ байгуулж *** тоот хаягт байрлах 29 м/кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг худалдаж авсан. Уг гэрээгээр байрны үнийг 110,000,000 төгрөгөөр тохиролцсон бөгөөд төлбөрийг бүрэн төлснөөр байрыг чөлөөлөн өгөхөөр гэрээнд тусгасан. Миний бие гэрээний төлбөрөөс дараах байдлаар төлсөн болно. Үүнд: Өөрийн Голомт банк ХХК дахь *** тоот данс, Хаан банк ХХК дахь *** тоот данснаас 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 3,000,000 төгрөг, 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр 8,000,000 төгрөг, 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр 4,000,000 төгрөг, 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 30,000,000 төгрөг, 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 2,200,000 төгрөг, мөн 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 5,000,000 төгрөг, 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 8,000,000 төгрөг, 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 4,000,000 төгрөг, нийт 64,200,000 төгрөгийг хариуцагч ***гийн Голомт банк ХХК дахь *** тоот данс, түүний эхнэр ***ын Худалдаа хөгжлийн банк ХХК дахь *** тоот данс болон Хаан банк ХХК дахь *** тоот дансуудад тус тус шилжүүлсэн. Миний банкны зээл бүтэхгүй болсон тул орон сууцыг худалдаж авахаа больё гэхэд хариуцагч өөрөө гэрээг үргэлжлүүлэх санал тавьсан бөгөөд 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр үлдэгдэл төлбөрт өөрийн эзэмшлийн *** улсын дугаартай, Lexus-RX загварын автомашиныг 47,000,000 төгрөгөөр тооцон өгөхөөр тохиролцсон. Тэгээд хариуцагч орон сууцыг сулалмагц автомашины нэрийг тэдэнд шилжүүлэн өгөхөөр тохиролцсон болно. Улмаар засвар хийж байна, өөрсдийнх нь орох байр хүлээгдэж байна гэх мэтээр хүлээлгэсээр өдийг хүрсэн. Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-д зааснаар улсын бүртгэл хүчин төгөлдөр гэж үзэхээр байна. Улсын бүртгэлийг үнэн зөв гэж үздэг. Тухайн үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлсэн этгээд гуравдагч этгээдээр оролцоно гэдгийг эсэргүүцэж маргаагүй тохиолдолд энэ үнэн зөв юм. Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно гэж заасны дагуу тухайн хөрөнгийг бүртгэлд шилжүүлснээр хариуцагчийн хувьд өмчлөх эрх нь дуусгавар болсон гэж үзэж байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар гаргаж байгаа. Манай талаас гэрээний үлдэгдэл төлбөрийг төлөх боломжтой гэжээ.

 

3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр бүхэлд нь татгалзсан. Үүнд: ... Зарын дагуу 2021 оны 09 дүгээр сард Л.*** ирээд орон сууцыг чинь худалдаж авья, урьдчилгаа өгөөд үлдсэн мөнгийг нь Голомт банкны зээл гаргуулж авна, мөнгө найдвартай, зар аа устгачих гэж хэлсний дагуу эхнэр бид 2 зар аа устгаад байрыг маань авахаар ярьж байсан хүмүүсийг болиулсан. Л.***ээс 64,200,000 төгрөг авсан тал дээр маргах зүйлгүй. Эхнэр бид 2 итгэж Л.***т байрныхаа гэрчилгээ төлбөрөө бүрэн төлөөгүй ч шилжүүлж өгсөн. Ингээд хэсэг хугацааны дараа орон сууцны зээл бүтэхээ болилоо гэж хэлсэн ба эхнэр бид 2 ярилцаад нэгэнт зарахаар тохиролцсон тул энэ хүндээ л зарья гэж шийдээд та авдагаараа авчихаа, мөнгөө зохицуулаад өгчих гэдгээ хэлсэн. Тэгээд *** загварын машин үлдсэн төлбөртөө санал болгосон. Бид 2 мөн хотын төв руу нүүхээр төлөвлөөд байраа авахаар тохиролцоод гэрээгээ байгуулсан байсан боловч энэ хүний зээл бүтээгүйгээс болоод тэр байр маань зарагдчихсан. Энэ хүнээс 64,200,000 төгрөг авсан ба үүний 48 сая орчим нь байраа зээлээс чөлөөлөхөд зориулагдсан, үлдсэн 10 орчим сая төгрөг нь орон сууцны засварт зориулагдсан. Нэхэмжлэгч Л.*** өрөө үүргээ биелээгүй, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан гэрээг хийчихсэн, өөрийнх нь нэр дээр байрны гэрчилгээ гарчихсан, улмаар байрыг бусдад 50,000,000 төгрөгний барьцаанд тавьчихсан байгаа. Нэхэмжлэгч тухайн байрыг өөрийнх нь нэр дээр гэрчилгээ гарчихсан болохоор өөрийнхөө өмч гэж ойлгоод байх шиг байна. Тухайн байр нэхэмжлэгчийн өмч болоогүй байгаа. Зээлээ эхэлж судалсны дараа банкны шийдвэр гарсны дараа банк худалдах худалдан авах гэрээ хийдэг. Худалдах худалдан авах гэрээ хийсний дараа ипотекийн зээл судалдаггүй. Машинаа ***гийн нэр дээр шилжүүлж төлбөрөө 100 хувь төлчихсөн байсан бол Иргэний хуулийн 106 дугаар зүйлээр нэхэмжлэлийн шаардлага гаргаж болно. Худалдах-худалдан авах гэрээний 3.4-т Үл хөдлөх эд хөрөнгийг хүлээлгэн өгөх хугацаа: Төлбөр бүрэн төлөгдсөн өдөр гэж тохиролцсон байгаа. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

4. Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 000930887 тоот гэрчилгээ, 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн худалдах-худалдан авах гэрээ, Голомт банк ХХК дахь Л.***ийн эзэмшлийн *** тоот дансны хуулга, Хаан банк ХХК дахь Л.***ийн эзэмшлийн *** тоот дансны хуулга, 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 2/021 тоот зээлийн гэрээ, зээлийн барьцааны гэрээ, үзлэгийн тэмдэглэл, фото зураг, маргаан бүхий орон сууцны хувийн хэрэг, зохигчдын тайлбараар дараахь үйл баримт тогтоогдож байна. Үүнд,

 

- Нэхэмжлэгч Л.***, хариуцагч Б.***нар нь *** өдөр худалдах-худалдан авах гэрээ байгуулж хариуцагч ***гийн өмчлөлийн *** тоот хаягт байрлах 29 м/к талбай бүхий 2 өрөө орон сууцыг 110,000,000 төгрөгөөр худалдаж, худалдан авах, нэхэмжлэгч нь урьдчилгаа 10,000,000 төгрөгийг 2021 оны 09 дүгээр сарын 20-нд төлсөн ба үлдэгдэл төлбөрийг Голомт банкны зээлээр төлж барагдуулах, хариуцагч нь орон сууцыг төлбөр бүрэн төлөгдсөн өдөр хүлээлгэн өгөх үүргийг тус тус хүлээжээ.

 

5. Нэхэмжлэгч нь гэрээний үүрэгт хариуцагчид нийт 64,200,000 төгрөгийг төлсөн, хариуцагч нь орон сууцны өмчлөх эрхийг 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр нэхэмжлэгчид шилжүүлэн өгсөн, төлбөрийн үлдэгдэл 45,800,000 төгрөгийг нэхэмжлэгч төлөөгүй, маргаан бүхий орон сууц хариуцагчийн эзэмшилд байгаа талаар зохигчид маргаагүй болно.

 

6. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй, мөн 106.3Энэ хуулийн 106.1, 106.2-т заасан шаардлага гаргаснаас хойш эрх нь зөрчигдсөн хэвээр байвал, өмчлөгч арбитрын хэлэлцээртэй бол арбитрын журмаар, бусад тохиолдолд шүүхэд нэхэмжлэл гаргаж зөрчигдсөн эрхээ хамгаалуулна. гэж хуульчилжээ. Нэхэмжлэгч Л.***ийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч Б.***хууль бусаар эзэмшиж байгаа гэж үзэх үндэслэл хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна. Учир нь өмчлөх эрх үүсэх үндэслэл болсон худалдах-худалдан авах гэрээний үүргээ нэхэмжлэгч Л.*** бүрэн биелүүлээгүй буюу 45,800,000 төгрөгийг хариуцагчид төлж барагдуулаагүй, зохигчдын хооронд байгуулсан худалдах-худалдан авах гэрээний 3.4-т Үл хөдлөх эд хөрөнгийг хүлээлгэн өгөх хугацаа: Төлбөр бүрэн төлөгдсөн өдөр гэж зааснаар хариуцагч ***г маргаан бүхий орон сууцыг хууль бусаар эзэмшиж байгаа гэж үзэх үндэслэлгүй. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар өмчлөгч нь өмчлөлийн зүйлээ бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй тул нэхэмжлэгч Л.***ийн хариуцагч ***д холбогдуулан гаргасан хууль бус эзэмшлээс орон сууц албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага нь хуулийн дээрх зүйлтэй нийцэхгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д Шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно. Улсын тэмдэгтийн хураамжийг энэ хуульд заасны дагуу төлнө. гэж зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч Л.***ийн хариуцагч ***д холбогдуулан гаргасан *** тоот хаягт байрлах 29 м/кв талбай бүхий өөрийн өмчлөлийн 2 өрөө орон сууцыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХТӨР