Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2022/01920

 

 

 

 

 

 

 

2022 10 24 210/МА2022/01920

 

 

 

Л.О ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Ш.Оюунханд, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 102/ШШ2022/02976 дугаар шийдвэртэй,

Л.О ийн нэхэмжлэлтэй

Б.А д холбогдох

Хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Л.О , хариуцагч Б.А , түүний өмгөөлөгч П.Аюушжав, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга:

Миний бие хариуцагч Б.А тэй 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр худалдах-худалдан авах гэрээ байгуулж, Баянгол дүүрэг, 0 дүгээр хороо, 0 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 0 дугаар байр, 00 тоот хаягт байрлах 29 м/кв талбайтай 2 өрөө орон сууцыг худалдаж авсан.

Уг гэрээгээр орон сууцны үнийг 110,000,000 төгрөгөөр тохиролцож, төлбөрийг бүрэн төлснөөр орон сууцыг чөлөөлөн өгөхөөр тусгасан. Миний бие 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 3,000,000 төгрөг, мөн оны 09 дүгээр сарын 13-ны өдөр 8,000,000 төгрөг, 09 дүгээр сарын 14-ний өдөр 4,000,000 төгрөг, 09 дүгээр сарын 20-ны өдөр 30,000,000 төгрөг, 10 дугаар сарын 27-ны өдөр 2,200,000 төгрөг, 09 дүгээр сарын 10-ны өдөр 5,000,000 төгрөг, 09 дүгээр сарын 20-ны өдөр 8,000,000 төгрөг, 11 дүгээр сарын 03-ны өдөр 4,000,000 төгрөг, нийт 64,200,000 төгрөгийг хариуцагч Б.А , түүний эхнэр Б.О нарт тус тус шилжүүлсэн.

Үл хөдлөх хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ байгуулснаас хойш банкны зээл бүтэхгүй болсон тул 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр ...миний зээл гарахгүй юм байна, байраа авахаа болилоо гэж хэлсэн.

Харин хариуцагч ...та 58,000,000 төгрөг өгсөн болохоор бид байраа зарж таны мөнгийг буцаан өгнө, та өөр аргаар үлдэгдэл төлбөрөө төлчих,... гэх санал тавьсны дагуу 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр өөрийн өмчлөлийн Lexus-RX загварын 00-00 ХХХ улсын дугаартай автомашиныг 47,000,000 төгрөгт тооцон өгч, орон сууцыг сулламагц өмчлөх эрхийг шилжүүлэн өгөхөөр тохиролцсон.

Хариуцагч ...орон сууцандаа засвар хийж байна, өөрсдийнх нь орох байр хүлээгдэж байна гэх зэрэг шалтгаанаар хүлээлгэсээр 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийг хүрсэн.

Хариуцагч Б.А болон түүний эхнэр Б.О нартай орон сууц худалдан авах тохиролцоо хийхэд уг орон сууц 48,000,000 төгрөгийн банкны барьцаанд байсан. Б.А , Б.О нар ...нэн даруй зээлийг хаасны дараа шинэ орон сууцны зээл гарах боломжтой, та энэ зээлийг яаралтай хаагаад өгчих, бид урьдчилгааг нь шингээгээд зээлээ гаргуулна гэж хэлсний дагуу 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хувь хүнээс сарын 3 хувийн хүүтэй зээл авч зээлээс чөлөөлсөн, одоо уг зээлийн хүү болох 1,500,000 төгрөгийг 6 сарын хугацаанд төлсөн, хариуцагч нэг удаа төлсөн.

Би үл хөдлөх хөрөнгө худалдах-худалдан авах гэрээг цуцалж, өөрийн төлсөн мөнгөө буцаан авахаар шаардсан боловч хариуцагч миний мөнгийг буцааж өгнө гэж шалтаг тоочсоор намайг хохироож байна.

Хариуцагч орон сууцыг тохиролцсон хугацаандаа чөлөөлж өгөөгүй тул Баянзүрх дүүргийн, 00 дугаар хороо, Х хотхон, 0 дугаар байр, 0 тоот хаягт байрлах 62 м/кв орон сууцыг сарын төлбөр 1,500,000 төгрөгийн төлбөртэйгөөр өнөөдрийг хүртэл түрээсэлж, өнөөдрийг хүртэл 15,000,000 төгрөг төлсөн.

Иймд зээлийн хүү 7,500,000 төгрөг, орон сууцны түрээс 13,500,000 төгрөг нийт 21,000,000 төгрөгийг Б.А д өгөх ёстой 45,800,000 төгрөгөөс хасуулж, үлдэх 24,800,000 төгрөгийг орон сууцыг чөлөөлмөгц шилжүүлнэ.

Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт зааснаар улсын бүртгэл хүчин төгөлдөр юм. Мөн хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт зааснаар тухайн хөрөнгийг бүртгэлд шилжүүлснээр хариуцагчийн өмчлөх эрх дуусгавар болсон.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар гаргасан нь үндэслэлтэй. Учир нь хариуцагч Б.А орон сууцны өмчлөх эрхийн талаар маргаагүй, өмчлөх эрх нэхэмжлэгчид байгаа ба хариуцагч төлбөрөө дутуу төлсөн гэж маргаж байгаа ч өмчлөх эрхээ хүчин төгөлдөр хэлцлийн дагуу нэхэмжлэгчид сайн дурын үндсэн дээр шилжүүлсэн.

Иймд Иргэний хуульд заасны дагуу маргаан бүхий 2 өрөө орон сууцыг хариуцагчийн эзэмшлээс албадан чөлөөлж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч нарын тайлбар, татгалзлын агуулга:

Баянгол дүүргийн 0 дүгээр хороо, 0 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 0 дугаар байрны 00 тоот хаягт байрлах 2 өрөө орон сууцыг худалдахаар зар тавьсны дагуу 2021 оны 09 дүгээр сард Л.О ирээд ...орон сууцыг худалдаж авъя, урьдчилгаа өгөөд үлдсэн мөнгийг нь Х банкны зээл гаргуулж авна, мөнгө найдвартай, зар аа устгачих гэсний дагуу түүнд худалдсан.

Эхнэр бид хоёр Л.О ээс 64,200,000 төгрөг авч, төлбөрөө бүрэн төлөөгүй байхад нь түүнд итгэж орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлж өгсөн. Гэтэл орон сууцны зээл бүтэхээ болилоо гэж хэлсэн, эхнэр бид хоёр та орон сууцаа аваад мөнгөө зохицуулаад өгчих гэдгээ хэлсэн. Л.О ХХ загварын автомашиныг орон сууцны үлдэгдэл төлбөрт санал болгосон.

Л.О ээс 64,200,000 төгрөг авсны 48,000,000 орчим төгрөгийг орон сууцаа зээлээс чөлөөлөхөд, үлдэх 10,000,000 орчим төгрөгийг орон сууцны засварт тус тус зарцуулсан.

Л.О гэрээгээр хүлээсэн үүргээ биелээгүй ба орон сууцыг 50,000,000 төгрөгийн барьцаанд тавьсан. Нэхэмжлэгч худалдах худалдан авах гэрээний үүргээ биелүүлсэн бол Иргэний хуулийн 106 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж болно.

Худалдах-худалдан авах гэрээний 3.4-т үл хөдлөх эд хөрөнгийг хүлээлгэн өгөх хугацааг төлбөр бүрэн төлөгдсөн өдөр гэж тохиролцсон. Нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Л.О ийн хариуцагч Б.А д холбогдуулан гаргасан Баянгол дүүрэг, 0 дүгээр хороо, 0 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 0 байр, 00 тоот хаягт байрлах 29 м/кв талбай бүхий өөрийн өмчлөлийн 2 өрөө орон сууцыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1. Шүүх хэргийн нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй тухай.

Анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ орон сууцанд хууль бус эзэмшил үүсээгүй гэж дүгнэсэн нь хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн.

Талуудын хооронд байгуулагдсан худалдах-худалдан авах гэрээнд зааснаар орон сууцны үлдэгдэл төлбөрийг төлөхөөс өмнө өмчлөх эрхийг шилжүүлэхээр тохиролцсон тул нэхэмжлэгчийн өмчлөх эрхийг олж авсан нь үндэслэлтэй.

Маргаан бүхий орон сууцны эрхийн бүртгэл хүчин төгөлдөр ба уг бүртгэлд хариуцагч маргаагүй тул үнэн зөв юм. Гэтэл өмчлөгчийг шаардах эрхгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

Иймд Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагыг хангуулж өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн өмгөөлөгчийн тайлбарын агуулга: Эхнэр бид хоёр 2 өрөө орон сууцаа бэлэн мөнгөөр яаралтай худалдаж, 3 өрөө орон сууц авахаар шийдвэрлэсэн. Л.О манай орон сууцыг үзэж, бэлэн мөнгөөр худалдан авахаар тохиролцсон ба 2, 3 хоногийн дараа бэлэн мөнгөгүй гэдгээ мэдэгдэж, Х банк ХХК-аас зээл авах талаар хэлсэн. Энэ хугацаанд худалдах, худалдан авах гэрээ байгуулсан боловч Х банк ХХК-аас нэхэмжлэгчийн авах зээл бүтээгүй. Л.О ийн зээл бүтэхгүй байхаар нь автомашиныг авч, худалдан борлуулж, орон сууцны урьдчилгаа хийхээр төлөвлөсөн.

Л.О нь хууль бус эзэмшлээс орон сууцыг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба анхан шатны шүүхийн шийдвэр нь үндэслэлтэй тул дэмжиж байна гэв.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч Л.О нь хариуцагч Б.А д холбогдуулан Баянгол дүүргийн 0 дүгээр хороо, 0 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 0 байр, 00 тоот орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Талууд 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр худалдагч Б.А нь Баянгол дүүргийн 0 дүгээр хороо, 0 дугаар хороолол, 0 байрны 00 тоотод байрлах 2 өрөө орон сууцыг 110,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авагч Л.О нь урьдчилгаа 10,000,000 төгрөгийг 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр төлж, үлдэгдлийг Х банк ХХК-ийн зээлээр төлөхөөр тохиролцжээ. /хэргийн 1 дүгээр хавтасны 8 дахь тал/

 

3.а. Зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан байх бөгөөд уг гэрээ хүчин төгөлдөр байна.

 

3.б. Нэхэмжлэгч Л.О үл хөдлөх хөрөнгө худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 64,200,000 төгрөгийг хариуцагчид төлсөн, хариуцагч Б.А орон сууцны өмчлөх эрхийг 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр нэхэмжлэгч Л.О т шилжүүлсэн, харин эзэмшлийг шилжүүлэн өгөөгүй болох нь хэргийн баримтаар тогтоогджээ.

 

Талууд гэрээний 3.4-т үл хөдлөх эд хөрөнгө хүлээлгэн өгөх хугацааг төлбөр бүрэн төлөгдсөн өдөр гэж тохиролцсон байна. Нэхэмжлэгч нь хариуцагчид үл хөдлөх эд хөрөнгийн үнийг бүрэн төлөөгүй тул эзэмшил шилжүүлэхийг шаардах боломжгүй.

 

Учир нь Иргэний хуулийн 209 дүгээр зүйлийн 209.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч үнэ бүрэн төлөгдөөгүй тохиолдолд нэхэмжлэгчид үл хөдлөх эд хөрөнгийн эзэмшлийг шилжүүлэхээс татгалзах эрхтэй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон шүүхийн дүгнэлт зөв байна.

 

4. Талуудын хооронд байгуулсан гэрээний үүрэг дуусгавар болоогүй буюу нэхэмжлэгч хариуцагчаас үүргийн биелэлтийг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасны дагуу шаардсан байхад анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэгт заасныг баримтлан хууль хэрэглээний алдаа гаргажээ.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 102/ШШ2022/02976 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын ...106 дугаар зүйлийн 106.1, 106.3-т заасныг баримтлан... гэснийг ...243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул... гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ

 

ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ