Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 132/ШШ2022/00132

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Хишигдэлгэр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Булган аймгийн Бүрэгхангай сумын Засаг даргын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Булган аймаг, Бүрэгхангай сумын 2 дугаар баг, Цахт гэх газар оршин суух, Тайж овогт Цээлэйн Сайнхүү /ОТ69011260/-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүргийн гүйцэтгэл 9.280.000 төгрөг гаргуулах тухай 132/2022/00049/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Батцэнгэл

Хариуцагч Ц.Сайнхүү,

Прокурор Д.Сүрэнхор,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Батсайхан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Бүрэгхангай сумын Засаг дарга нь хариуцагч Ц.Сайнхүүд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 9.280.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

Цээлэй овогтой Сайнхүү нь Булган аймгийн Бүрэгхангай сумын Засаг даргатай 2014 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр 5 дугаартай “Сум хөгжүүлэх сангаас олгох зээлийн гэрээ” байгуулан увс гутал хийх төслөөр Сум хөгжүүлэх сангаас 8.000.000 /найман сая/ төгрөгийн зээлийг 3 жилийн хугацаатай 1,5 хувийн хүүтэйгээр гэрээ байгуулан авсан. Ц.Сайнхүү нь зээлийн гэрээний барьцаанд хөрөнгө барьцаалаагүй.

Зээлдэгч Ц.Сайнхүү нь гэрээнд заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийн төлөлтийг хийлгүй, 2015 онд 2.720.000 /хоёр сая долоон зуун хорин мянга/ төгрөг төлсөн байна.

Иймд зээлдэгч Ц.Сайнхүү нь гэрээнд заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлээ төлөөгүй байгаа тул үндсэн зээлийн үлдэгдэл 5.280.000 /таван сая хоёр зуун наян мянга/ төгрөг, хүү 604.005 /зургаан зуун дөрвөн мянга тав/ төгрөг, алданги 3.395.995 /гурван сая гурван зуун ерэн таван мянга есөн зуун ерэн тав/ төгрөг нийт 9.280.000 /есөн сая хоёр зуун наян мянга/ төгрөгийг хариуцагчаас гаргуулан Сум хөгжүүлэх сангийн 100030455401 тоот дансанд төлүүлнэ. Гэрээний хугацаа дуусаад удсан тул хариуцагчид хугацаа өгөх боломжгүй хурдан зээлийг төлүүлмээр байна гэв.

Прокурор шүүх хуралдаанд гаргасан гаргасан тайлбартаа: 2014 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр 5 дугаартай “Сум хөгжүүлэх сангаас олгох зээлийн гэрээ” байгуулан увс гутал хийх төслөөр Сум хөгжүүлэх сангаас 8.000.000 /найман сая/ төгрөгийн зээлийг 3 жилийн хугацаатай 1,5 хувийн хүүтэйгээр хариуцагч авсан  байна. ... Нэхэмжлэгч тал Булган аймгийн Бүрэгхангай сумын Засаг дарга М.Бадам нь зээлээ төлөөгүй байгаа тул үндсэн зээлийн үлдэгдэл 5.280.000 /таван сая хоёр зуун наян мянга/ төгрөг, хүү 604.005 /зургаан зуун дөрвөн мянга тав/ төгрөг, алданги 3.395.995 /гурван сая гурван зуун ерэн таван мянга есөн зуун ерэн тав/ төгрөг нийт 9.280.000 /есөн сая хоёр зуун наян мянга/ төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хариуцагч Ц.Сайнхүү нь  2015 онд 2.720.000 /хоёр сая долоон зуун хорин мянга/ төгрөг төлсөн байна. Үүнээс хойш хуваарийн дагуу зээлийн эргэн төлөлт огт хийгээгүй болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна.  Шүүх хуралдаанд гаргасан тайлбараас харахад зээл авсан нь үнэн харин хүү алданги торгуулийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна. ... Иргэний хуулийн  281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байна. Иргэний хуулийн 281.1 заасны дагуу Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан байдаг. Мөн хуулийн 282.4-т Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж зохицуулсан байдаг. Хариуцагч зээлийн гэрээний зүйл болох зээлээ төлөөгүй байгаа тул үндсэн зээлийн үлдэгдэл 5.280.000 /таван сая хоёр зуун наян мянга/ төгрөг нь дээр маргаангүй байна. Хариуцагчаас нэхэмжлэгч зээлээ буцаан шаардах эрхтэй гэж үзэж байна. Зээлийн гэрээний зүйл болох үндсэн зээлийг төлөхөө хүлээн зөвшөөрч байна. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1-т Хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ гэж заасан байдаг. Мөн хуулийн 232.6-т Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж заасан байдаг тул Сум хөгжүүлэх сангийн байгуулсан гэрээнд гэрээний үүргийн гүйцэтгэлд 0.3 хувиар тогтоогдсон болох нь хуульд харшлахгүй гэж үзэж байна. Иргэний хуулийн 232.4-т .Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасан нь алданги торгууль гэж ойлгож болно.  Гэрээний хөөн хэлэлцэх хугацаан  дээр 2017 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр зээлийн гэрээний хугацаа дууссан байна. Зээлийн гэрээний хугацаа дуусч 4 жилийн хугацаа өнгөрсөн байна. Гэтэл гэрээний хөөн хэлэлцэх хугацаан дээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч байнга шаардаж мэдэгдэл удаа дараа хүргүүлж байсан. 2021 оны 10 дугаар сард мэдэгдэл хүргүүлсэн. Хариуцагч тал мэдэгдлийг хүлээн авсан. 2021 оны 12 сард хамт уулзаж байсан гэж тайлбарладаг. Шүүхийн хэлэлцүүлэгт маргаагүй байна.

Иймд төрд учирсан хохирлыг бүрэн барагдуулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Хариуцагч Ц.Сайнхүү нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие нэхэмжлэлээс алданги 3.395.995 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Алданги төлнө гэж мэдээгүй, хүмүүс ер нь төлдөггүй юм байна лээ. Зөвхөн надаар төлүүлэх гээд байна. Хугацаа өгвөл үндсэн зээл болон хүүг төлөхөд татгалзах зүйлгүй гэв.

Нэхэмжлэгчээс 2014 оны 4 дүгээр сарын 9-ны өдрийн 5 дугаартай зохигчийн хооронд байгуулсан Сум хөгжүүлэх сангаас олгосон зээлийн гэрээний хуулбар, Бүрэгхангай сумын 2-р багийн засаг дарга “З.Пүрэвцэрэнгийн ам бүл малын тоо толгойн тодорхойлт”-ын албан бичиг, Ц.Сайнхүүгийн бизнес төлөвлөгөөний хуулбарыг тус тус нотлох баримтаар гаргаж өгсөн.

Хариуцагч тал шүүхэд нотлох баримт гаргаж өгөөгүй болно.

ҮНДЭСЛЭХ нь:

Булган аймгийн Бүрэгхангай сумын Засаг даргын нэхэмжлэлтэй, хариуцагч Ц.Сайнхүүд холбогдуулан 9.280.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх

Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Хариуцагч Ц.Сайнхүү нь 2014 оны 4 дүгээр сарын 9-ны өдөр Булган аймгийн Бүрэгхангай сумын Засаг даргатай гэрээ байгуулан “Сум хөгжүүлэх сангаас 8.000.000 /найман сая/ төгрөгийн зээлийг 3 жилийн хугацаатай 1,5 хувийн хүүтэй авсан. Зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийг хийлгүй 2015 онд 2.720.000 төгрөг төлсөн. Үүнээс хойш зээл төлөөгүй.

Иймд хариуцагчаас үндсэн зээлийн үлдэгдэл 5.280.000 төгрөг, хүү 604.005 төгрөг, алданги 3.395.995 төгрөг нийт 9.280.000 төгрөгийг гаргуулан сум хөгжүүлэх сангийн 100030455401 тоот дансанд төлүүлнэ гэв.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн зээлийн үлдэгдэл 5.280.000 төгрөг, хүү 604.005 төгрөгийг тодорхой хугацааны дараа төлөх боломжтой. Харин алданги 3.395.995 төгрөгийг төлөхгүй гэж маргадаг.

Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

-       Зохигчийн хооронд 2014 оны 4 дүгээр сарын 9-ны өдөр Сум хөгжүүлэх сангаас олгох зээлийн гэрээ байгуулагдсан байна.

-       Талуудын маргааны зүйл нь зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр, хүү, алданги төлүүлэх. Хариуцагч зээлийн гэрээний үлдэгдэл дүн, хүүгийн хэмжээнд маргаагүй харин алданги төлөхгүй гэж маргаж байна.

Зохигчийн хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх /Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ/ хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байна. Мөн хуулийн 282 дугаар зүйлийн  282.4 дэх хэсэгт мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээ байгуулагдсан тооцно гэжээ. Нэхэмжлэгч зээлдэгчид мөнгийг шилжүүлэн өгсөн бөгөөд зээлийн гэрээ байгуулагдсан эсэхэд хэн аль нь маргаагүй болно.

Иргэний хуулийн 208 дугаар зүйлд үүрэг гүйцэтгэх хугацааг тодорхойлохдоо үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ гэжээ.

Зохигчийн хооронд байгуулсан зээлийн гэрээний хугацаа 2017 оны 4 дүгээр сарын 9-ны өдөр дууссан. Зээлийн гэрээний хугацаа дуусахад зээлдэгч нь зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлээгүй байсан тул нэхэмжлэгч зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардах эрхтэй.

Гэвч Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д “гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил”, 76 дугаар зүйлийн 76.1 дэх хэсэгт “Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно” гэж тус тус заасан байна.

Нэхэмжлэгч Бүрэгхангай сумын Засаг даргын шаардах эрх нь Иргэний хуульд заасан гэрээний үүрэгтэй холбоотой шаардах эрх байх тул 2017 оны  4 дүгээр сарын 9-ны өдөр эхэлж, 2020 оны 4 дүгээр сарын 9-ны өдөр дуусвар болохоор байна.

 

Нэхэмжлэгч тал хариуцагчаас 9.280.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээ 2022 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр шүүхэд гаргасан болох нь хэрэгт авагдсан нэхэмжлэлээр тогтоогдож байна. 2022 оны 1 дүгээр сарын 12-ны өдрөөс өмнө хариуцагчид холбогдуулан нэхэмжлэл болон шүүхийн эвлэрүүлэн зуучлагчид өргөдөл гаргаагүй болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан /шүүхэд нэхэмжлэл, өргөдөл гаргаж байгаагүй хариуцагчаас шаардаж байсан/ тайлбараар тогтоогдож байна.

Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д Тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, эсхүл үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана гэжээ.

Тогтоосон журмаар нэхэмжлэл гаргах нь гэдэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар бүлэгт заасан журмын дагуу нэхэмжлэлийг харьяалах шүүхэд, нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаж гаргасан байхыг ойлгоно. Нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаагүй мөн үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах зэргээр шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаагүй тул хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзэх үндэслэлгүй байна.

Тодруулбал зээлдэгч Ц.Сайнхүү нь гэрээнд заасан хугацаанд үүргээ биелүүлээгүй тул зээлдүүлэгчид гэрээний хугацаа дууссан өдрөөс буюу  2017 оны 4 дүгээр сарын 9-ний өдрөөс эхлэн шаардах эрх үүссэн. Үүнээс хойш 3 жилийн хугацаанд буюу 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэл хугацаанд нэхэмжлэгч шаардах эрхээ хэрэгжүүлж, шүүхэд нэхэмжлэл гаргах байтал нэхэмжлэгч тал 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байна.

Иймд Ц.Сайнхүүгээс зээлийн гэрээний үүрэгт 9.280.000 төгрөг гаргуулах тухай Булган аймгийн Бүрэгхангай сумын Засаг даргын нэхэмжлэлийн шаардлагыг Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 75 дугаар зүйлийн 75.2.1,  76 дугаар зүйлийн 76.1 дэх хэсэгт зааснаар Ц.Сайнхүүгээс 9.280.000 /есөн сая хоёр зуун наян мянга/ төгрөг гаргуулах тухай Булган аймгийн Бүрэгхангай сумын Засаг даргын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Л.ХИШИГДЭЛГЭР