Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 2020/ДШМ/1225

 

 

 

 

 

   2020             09             22                                       2020/ДШМ/1225                                                                   №  Т  M № 546                                  МАЛАЛ

Б.Б-, В.Б- нарт холбогдох                                                                                                           эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Ц.Оч, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор А.Сайнбаяр,

шүүгдэгч Б.Б-, түүний өмгөөлөгч Ц.Батзаяа,  

шүүгдэгч В.Б-,

хохирогч Н.М-гийн өмгөөлөгч Л.Баасанжав,

нарийн бичгийн дарга Б.Халиунгоо нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 2020/ШЦТ/1332 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Б-гийн өмгөөлөгч Э.Уянга, Ц.Батзаяа нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Б.Б-, В.Б- нарт холбогдох эрүүгийн 1706018731468 дугаартай хэргийг 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Г овгийн В-гийн Б-, Улаанбаатар хотод 1954 оны 01 дүгээр сарын 21ий өдөр төрсөн, 66 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ Баянзүрх дүүргийн тойргийн нотариатчаар ажиллаж байсан, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, Баянзүрх дүүргийн 00 дугаар хороо, Улаан хуарангийн 0 дүгээр хэсэг, 000 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй. /регистрийн дугаар: 00000000/

2. А овгийн Б-ын Б-, Дорнод аймагт 1982 оны 06 дугаар сарын 01-ний өдөр төрсөн, 37 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй,GGL констракшн” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, Чингэлтэй дүүргийн  дугаар хороо, 0 дугаар хороолол, 000 байрны 00 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй. /регистрийн дугаар: 00000000/

В.Б- нь 2016 оны 12 дугаар сард Н.М-гаас Б.Б-д олгосон 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн итгэмжлэлд Н.М-г байлцуулахгүйгээр өгүүлбэр нэмэх, он, сар, өдрийг зэргээр өөрчлөлт оруулсны улмаас их хэмжээний хохирол учруулсан,

Б.Б- нь 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 17-ны хооронд үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн Ү-2204090162, Ү-2204090176, Ү-2204090177, Ү-2204090181, Ү-2204090184, Ү-2204090186, Ү-2204090188, Ү-2204089878, Ү-2204090107, Ү-2204090108, Ү-2204090109, Ү-2204090110, Ү-22024090111, Ү-2204090115, Ү-2204090118, Ү-2204090119, Ү-2204090120, Ү-2204089966, Ү-2204088713, Ү-2204086610, Ү-2204085859, Ү-2204086022, Ү-2204086482, Ү-2204087340, Ү-2204088194, Ү-2204089773, Ү-2204089795, Ү-2204089967, Ү-2204091511 тоот дугаартай үл хөдлөх хөрөнгүүдийн гэрчилгээг бусдын нэр дээр гаргуулахад татгалзах зүйлгүй гэх албан бичгүүдийг  хуурамчаар үйлдэн Баянзүрх дүүргийн бүртгэлийн хэлтэст гаргасны улмаас Н.М-д ноцтой хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: В.Б-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Б.Б-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: шүүгдэгч В.Б-г өмчлөх эрхийг хязгаарлах, шилжүүлэхтэй холбоотой илт хууль бус хэлцлийг гэрчлэн баталсны улмаас их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Б.Б-г хуурамч баримт бичиг үйлдсэний улмаас ноцтой хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар В.Б-г 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.Б-г 12.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12,000,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч В.Б-, Б.Б- нарт оногдуулсан торгох ялыг тус бүр 6 сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч В.Б-, Б.Б- нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар Б.Б-гийн цагдан хоригдсон 21 хоногийг торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож нийт 315,000 төгрөгийн торгох ялыг эдэлсэн хугацаанд тооцож үлдэх 11,685,000 төгрөгийн торгох ялаар торгох ялыг эдлүүлэх, Б.Б- нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг итгэмжлэлийг хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалж, Энэ хэрэгт битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч В.Б-, Б.Б- нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, иргэн Э.Солонгын өмчлөлд бүртгэлтэй Ү-2204090162, Ү-2204090186, Ү-2204090176, Ү-2204090177, Ү-2204090181, Ү-2204090107, Ү-2204090108, Ү-22024090109, Ү-2204090110, Ү-22024090111, Ү-2204090115, Ү-2204090118, Ү-2204090119, Ү-2204089966, Ү-2204088713, Ү-2204090188, Ү-2204090120, Ү-2204089878, Ү-2204090184, иргэн Т.Эрдэнэбатын өмчлөлд бүртгэлтэй Ү-2204086610, иргэн Д.Отгонжаргал, Б.Бумбаарай нарын өмчлөлд бүртгэлтэй Ү-2204089967, иргэн Т.Эрдэнэбат, Э.Марал нарын өмчлөлд бүртгэлтэй Ү-22024086326 дугаартай орон сууцны гэрээ болон үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг тус тус хүчингүй болгож шийдвэрлэжээ.   

Шүүгдэгч Б.Б-гийн өмгөөлөгч Э.Уянга, Ц.Батзаяа нар хамтран гаргасан давж заалдах гомдол болон өмгөөлөгч Ц.Батзаяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар гэмт хэргийн улмаас иргэн М-д ноцтой хохирол учирсан болох нь нотлогдож тогтоогдоогүй. Үл хөдлөх хөрөнгүүдийг Б.Б- хувьдаа ашиглаагүй, ноцтой хохирол учруулсан гэх үл хөдлөх хөрөнгүүд нь одоо хүртэл Н.М-гийн гэр бүлийн дундын өмчлөлийн хөрөнгө хэвээр байгаа. Гэтэл шүүх Б.Б-г бусдад ноцтой хохирол учруулсан гэж бодит байдалд нийцээгүй буруу дүгнэлт хийсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “ноцтой хохирол, хор уршиг гэж хохирогчийн амьдралын эх үүсвэр болсон эд хөрөнгийн эрхэд, эсхүл улс орон, хүн амын аюулгүй байдалд ач холбогдол бүхий эрхэд хохирол, хор уршиг учирсныг ойлгоно” гэж заасан. Хохирогчийн амьдралын эх үүсвэр болсон эд хөрөнгийн эрхэд ноцтой хохирол учруулсан гэдэг нь тухайн өмчийн эзнийг өөр байдлаар орлого олох, амьдралын хэрэгцээг хангах чадваргүй болгохыг ойлгодог. Хохирогч Н.М-гийн гомдолд дурдсан үл хөдлөх хөрөнгүүдийг Н.Б- нь эхнэр Э.Солонгын нэр дээр шилжүүлснээр хохирогчийн амьдралын эс үүсвэрээс салаагүй. Эд хөрөнгийн болон эдийн засгийн уналтанд орох нөхцөл байдал үүссэн болохыг хангалттай нотолж тогтоолгүйгээр Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн. Нэг хохирогч, хоёр холбогдогчтой энэ хэргийг шийдвэрлэхдээ шүүгдэгч В.Б- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.10 дугаар зүйлд заасан нотариатч, улсын бүртгэгч өмчлөгчийн эрхийг зөрчих гэмт хэрэг үйлдэж, Н.М-д их хэмжээний хохирол учруулсан, шүүгдэгч Б.Б- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлд заасан хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах гэмт хэрэг үйлдэж Н.М-д ноцтой хохирол учруулсан гэж хохирлын хувьд харилцан өөр дүгнэлт хийж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм.

Иймд Б.Б-д холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчилж, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү ...” гэв.

Шүүгдэгч Б.Б- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өмгөөлөгчийн давж заалдсан гомдлыг дэмжиж байна” гэв.

Шүүгдэгч В.Б- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Намайг М-г байлцуулахгүйгээр итгэмжлэлд нэмэлт, өөрчлөлт оруулсан гэж буруутгасан. Гэтэл тухайн үед М-, Б- нар хоёулаа ирсэн байсан. Мөн төлбөр, тооцоо дууссан хэрэгт нэмэлт хийсэн гэж байна. Тэрийг Б- хийгээгүй, М- өөрөө ирж биечлэн хийсэн. Энэ асуудлыг шалгаж өгнө үү” гэв.

Прокурор А.Сайнбаяр тус шүүх хуралдаад гаргасан дүгнэлтдээ: “Хэрэгт авагдсан баримтуудаар шүүгдэгч В.Б- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг, шүүгдэгч Б.Б- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогдож тогтоогдсон. Хохирогчийн өмгөөлөгчөөс залилах гэмт хэргийг бусадтай хамтарч үйлдсэн байх боломжтой талаар дурдаж байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан залилах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдоогүй. Гэмт хэргийн улмаас хохирогч Н.М-д ноцтой хохирол учирсан. Өөрөөр хэлбэл, “Мөнхөд ашдын зам” ХХК-ийг эхнэрийн хамт байгуулснаас бусад нөхцөл байдал нь хавтас хэрэгт авагдсан баримтаар тогтоогддоггүй. Иймд 1,200,000,000 төгрөгийн зээл авч барилгыг барьсан. Энэ байгууламжийн дийлэнхи хувийг бусдын нэр дээр шилжүүлсний улмаас Н.М-д ноцтой хохирол учирсан гэж үзсэн. Шүүгдэгч В.Б-гийн хувьд учирч байгаа хохирлын хэмжээгээрээ их хэмжээнээс давсан буюу тухайн гэмт хэргийн шинжийг хангаж байгаа. Шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд үндэслэлтэй дүгнэлт хийсэн тул тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

Хохирогчийн өмгөөлөгч Л.Баасанжав тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Уг барилгыг барихад 1,200,000,000 төгрөгийн зээл авсан. Зээл авч барилгаа барьж дуусгаад борлуулалтын ашиг гарвал хувааж авах ёстой байтал шүүгдэгч хуурамч баримтаар үл хөдлөх эд хөрөнгүүдийг бусдад шилжүүлсэн. Хэрэгт авагдсан Н.М-гийн нийгмийн даатгалын дэвтэрээс үзэхэд яах аргагүй амьдралын эх үүсвэрт нь халдсан байсан учир ноцтой хохирол гэж үзнэ. Мөн энэ гэмт хэрэг нь нэг хүний үйлдэх хэрэг биш. Анх 3 жилийн өмнө цагдаагийн байгууллагад гомдол гаргахдаа Эрдэнэбат, Лхагвасүрэн, Солонго, Б- гэх 4 хүнд холбогдуулж гомдол гаргасан. Цагдаагийн байгууллагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан залилах гэмт хэрэгт холбогдуулж хэрэг бүртгэлтийн хэрэг нээж шалгаж байгаад сүүлдээ зөвхөн Б.Б- гэх хүн хуурамч бичиг баримт бүрдүүлсэн гэж торгуулийн ял оногдуулж байгаа нь үндэслэлгүй. Давж заалдах шатны шүүх гомдлоор хязгаарлахгүй хэргийг бүхэлд нь хянах эрх хэмжээтэй тул эдгээр нөхцөл байдлыг анхаарч үзнэ үү. Шүүгдэгч В.Б- өнөөдрийн шүүх хуралдаанд шал өөр зүйлийн талаар ярьж байна. Шүүгдэгч В.Б- мэдүүлэхдээ “Н.М- байгаагүй. Б.Б- өөрөө ирээд хоёрын тооны урд нэгийг нэмээд 12 болгоод явсан” гэдэг. Энэ талаар удаа дараа мэдүүлсэн атлаа өнөөдөр мэдүүлгээсээ буцаж байна. Дээрх нөхцөл байдлуудаар давж гомдлуудыг няцааж байгаа тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.   

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Б.Б-, В.Б- нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ шүүгдэгчийн өмгөөлөгч нарын давж заалдсан гомдлын үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Мөрдөн шалгах ажиллагаагаар дор дурьдсан асуудлуудыг шалгалгүй орхигдуулснаар Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаах нь зүйтэй. Үүнд:

  1. Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Б.Б- нь хохирогч Н.М-гийн үл хөдлөх эд хөрөнгүүдийг бусдад хууль бусаар шилжүүлсэн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх ашигт халдсан нийлмэл гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй байх тул энэ талаар мөрдөн шалгах ажиллагаа явуулах нь зүйтэй.  
  2. Шүүдэгч В.Б- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.10 дугаар зүйлд заасан нэг төрлийн хоёр гэмт хэрэгт холбогдож, мөрдөн шалгах ажиллагааг тус тусад нь явуулж, шүүхээр шийдвэрлүүлсэн /5-р хх 203-209/ ба уг хоёр тогтоол хуулийн хүчин төгөлдөр болоогүй учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийг хэрэглэх боломжгүй болж, түүний эрх зүйн байдал дордох нөхцөл байдал үүсчээ.
  3. Үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгэгдсэн дугаар бүхий үл хөдлөх хөрөнгүүдийн өмчлөгчдийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулаагүй байхад шүүх улсын бүртгэлийг хүчингүй болгож хууль ёсны өмчлөгчдийн эрхийг зөрчсөн гэж үзэхээр байх тул  эрх ашиг нь хөндөгдөж буй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчдийг иргэний нэхэмжлэгчээр тогтоон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулбал зохино.  

Иймд дээр дурдсан асуудлуудаар нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулахаар шүүгдэгч Б.Б-, В.Б- нарт холбогдох хэргийг прокурорт буцааж, тэдэнд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Хэргийг прокурорт буцаасантай холбогдуулан давж заалдсан гомдолд хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 2020/ШЦТ/1332 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Б.Б-, В.Б- нарт холбогдох эрүүгийн хэргийг тус шүүхээр дамжуулан Баянзүрх дүүргийн прокурорын газарт буцаасугай.

 

2. Хэрэг прокурорт очтол Б.Б-, В.Б- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлсүгэй.

 

   3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.ЗОРИГ

 

                                 ШҮҮГЧ                                                            Ц.ОЧ

                                 ШҮҮГЧ                                                           М.ПҮРЭВСҮРЭН