Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Лхүндэвийн Атарцэцэг |
Хэргийн индекс | 128/2017/0314/З |
Дугаар | 450 |
Огноо | 2017-11-08 |
Маргааны төрөл | Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэл, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2017 оны 11 сарын 08 өдөр
Дугаар 450
Э.Н-гийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Г.Банзрагч, Б.Мөнхтуяа, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга А.Батдэлгэр, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мягмардорж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Халзан, гуравдагч этгээд Д.Сэлэнгэ, гуравдагч этгээд Д.Сэлэнгийн өмгөөлөгч Б.Ариунболд, Ц.Өлзийбаяр, гуравдагч этгээд Н.Нансалмаагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Түвшинтөгс нарыг оролцуулан хийж, Э.Н-гийн нэхэмжлэлтэй, Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 128/ШШ2017/0541 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 221/МА2017/0644 дүгээр магадлалтай захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор шүүгч Л.Атарцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 128/ШШ2017/0541 дүгээр шийдвэрээр: Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, 3.1.5, 11 дүгээр зүйлийн 11.5, 11.5.2, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн /2003 оны/ 15 дугаар зүйлийн 15.1.1, 22 дугаар зүйлийн 22.2-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Э.Н-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Агрокорп ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр Д.Сэлэнгэ, Н.Нансалмаа, Х.Батхишиг нарыг бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 221/МА2017/0644 дүгээр магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар арын 05-ны өдрийн 128/ШШ2017/0541 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мягмардорж хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүх нь хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэлгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж, хуулийг буруу тайлбарлаж, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн. Анхан шатны шүүхээс гуравдагч этгээд Х.Батхишигээс Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлд заасны дагуу хариу тайлбарыг авах, түүнийг шүүхээс дуудах, хэргийн оролцогчийн адил эрх үүргийг нь тайлбарлах зэрэг ажиллагааг гүйцэтгэхийн тулд Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Иргэний бүртгэлийн газраас хаягийн лавлагаа авахаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох бололцоотой арга хэмжээг авахаар байж, ... тиймээс анхан шатны шүүх дээр дурдсан ажиллагааг явуулсны үндсэн дээр хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.3 дахь хэсэг буюу “... анхан шатны шүүх энэ хуулийг зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн ...” гэх хуулийн үндэслэлийг удирдлага болгон анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж байгаа нь энэ хуулийн 118 дугаар зүйлийн 118.3, 118.4, 22 дугаар зүйлийн 22.2, 22.3, 22.4 дэх хэсгүүдийг зөрчин зохих хуулийг хэрэглэлгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд анхан шатны шүүхээс гуравдагч этгээдээр татан оролцуулсан 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдрөөс шүүх хуралдаан явагдсан 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийг хүртэлх хугацаанд гуравдагч этгээд нараас хуульд заасан үндэслэл журмын дагуу шүүхэд дуудан ирүүлэх, нэхэмжлэлийн хувийг гардуулах, хариу тайлбар авах зэрэг процессын ажиллагаануудыг хангалттай авч хэрэгжүүлсэн байдаг бөгөөд гуравдагч этгээд Х.Батхишигийн хувьд “Агрокорп” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэмд тусгасан хаяг, холбоо барих утсан дээрээ байхгүй учир анхан шатны шүүхээс 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдөр 1/7728 тоот албан бичгээр Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Иргэний бүртгэлийн газарт хандаж РД:ЧА78032511 дугаарын бичиг баримттай Хүдэрбаатар овогтой Батхишигийн талаарх мэдээллийг гаргаж өгөхийг мэдэгдснээр Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Иргэний бүртгэлийн газраас 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 1/4433 тоот албан бичгээр Х.Батхишигийн иргэний үнэмлэхний лавлагааг анхан шатны шүүхэд хүргүүлсэн байдаг.
Нөгөө талаар анхан шатны шүүх гуравдагч этгээд Х.Батхишигийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж, нэхэмжлэлийн хувийг гардуулах, хариу тайлбарыг авах буюу гуравдагч этгээдийн хуулиар олгогдсон эрхийг хангахын тулд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 511 дүгээр тогтоолоор 30 хоногийн хугацаагаар сунгаж өгсөн байдаг. 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдөр шүүх хуралдаан эхлэхэд гуравдагч этгээд Д.Сэлэнгийн зүгээс хэрэгт гуравдагч этгээд Х.Батхишигтэй 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдөр хийсэн “Эрх шилжүүлэх”, “Хувьцаа худалдах-худалдан авах” тухай гэрээнүүдийг нотлох баримтаар гаргаж өгсөн бөгөөд дээрх гэрээнүүдээр гуравдагч этгээд Х.Батхишиг нь “Агрокорп” ХХК-ийн өөрийн эзэмшлийн 35 хувийн хувьцааг гуравдагч этгээд Д.Сэлэнгэд 420.000 төгрөгөөр худалдсан талаар тодорхой дурдсан байдаг.
Дээрх үйл баримтад анхан шатны шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2 дахь хэсэгт зааснаар дүгнэлт хийж гуравдагч этгээд Х.Батхишигийг анхан шатны шүүх хуралдаанд оролцуулалгүйгээр шүүх хуралдаан явуулах шийдвэр гаргаж байгаа нь хууль зөрчсөн үйлдэл болохгүй бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч болон хэргийн бусад оролцогчдын зүгээс гуравдагч этгээд Х.Батхишигийн хүсэл зоригоо илэрхийлж нотариатаар баталгаажуулж Д.Сэлэнгээр дамжуулан шүүхэд гаргаж буй “Эрх шилжүүлэх” болон “ Хувьцаа худалдах-худалдан авах” тухай гэрээ, хэлцлийг уншиж танилцан түүнийг оролцуулалгүйгээр, цаашлаад хариу тайлбар, санал хүсэлтийг нь авалгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлэх саналыг тус тус гаргасан нь шүүх хуралдааны тэмдэглэлд тодорхой тусгагдсан.
Гуравдагч этгээд Д.Сэлэнгэ, Х.Батхишиг нарын дунд 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдөр, 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдрүүдэд тус тус хийгдсэн “Хувьцаа худалдах-худалдан авах” болон “Компаний эрх шилжүүлэх” тухай гэрээ, хэлцлүүд нь Монгол Улсын Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1, 276.2 дахь хэсгүүдэд үндэслэж нотариатаар баталгаажуулсан, талуудын хүсэл зоригийг бүрэн илэрхийлсэн хүчин төгөлдөр хэлцэл мөн бөгөөд дээрх гэрээ, хэлцлүүдийг ялангуяа 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдөр хийгдсэн гэрээ, хэлцлүүдийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2 дахь хэсэгт заасан үндэслэлд хамааруулж дүгнэлт хийх нь анхан шатны шүүхийн нотлох баримтыг үнэлэх талаар хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2 дахь хэсэгт заасан эрхийн асуудал юм.
Гэтэл давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шатанд тогтоогдсон дээрх үйл баримт, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үгүйсгэж зөвхөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.3 дахь хэсэгт заасан үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож байгаа нь хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.2, 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2 дахь хэсгүүдийг ноцтой зөрчиж хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэлгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн болохыг нотлон харуулна.
Гуравдагч этгээд Д.Сэлэнгийн өмгөөлөгч А.Ганбат, гуравдагч этгээд Н.Нансалмаа нарын зүгээс анхан шатны шүүхийн 541 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргахдаа гуравдагч этгээд Х.Батхишигийн хуулиар олгогдсон эрхийг хангаагүй талаар нэг ч зүйл дурдаагүй. Гэтэл давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаахдаа зөвхөн гуравдагч этгээд Х.Батхишигийн талаар дурдаж, өмгөөлөгч А.Ганбат, гуравдагч этгээд Н.Нансалмаа нарын давж заалдах гомдлыг хэрхэн шийдвэрлэсэн, дүгнэсэн, хангасан эсхүл хангалгүй орхисон зэрэг нь тодорхой бус үлдсэн учраас тэдгээрийн гомдлыг хангасан гэж дүгнэх хууль зүйн боломжгүй юм. Гэтэл давж заалдах шатны шүүхээс өмгөөлөгч болон гуравдагч этгээд нарын гомдолд хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй атлаа магадлалын тогтоох хэсгийн 2 дахь заалтаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгохоор шийдвэрлэж байгаа нь хууль бус байна. Тиймээс давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн буюу төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг хэрэглэсэн болохыг тодорхой харуулж байна.
Иймд, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлал Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3 дахь хэсгүүдэд заасантай нийцжээ.
Дээрх хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт зааснаар эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй гэж үзэж, анхан шатны шүүх Х.Батхишигийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр татан оролцуулахаар шийдвэрлэсэн атлаа түүнд эрх, үүргийг тайлбарлаж өгөөгүй, тайлбар аваагүй зэргээр энэ хуулийн 22.4-т заасныг зөрчсөнийг давж заалдах шатны шүүх “хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, шийдвэр гарахад нөлөөлсөн” хэмээн зөв дүгнэсэн байна.
Нэхэмжлэгч Э.Н-гээс “Агрокорп” ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр Д.Сэлэнгэ, Н.Нансалмаа, Х.Батхишиг нарыг бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг гаргасан бөгөөд одоогийн байдлаар Д.Сэлэнгэ 15, Н.Нансалмаа 50, Х.Батхишиг 35 хувийн хувьцаа эзэмшигчээр тус тус бүртгэлтэй байгааг хариуцагч Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарласан байна.
Дээр дурдсанаар эдгээр 3 иргэнийг хувьцаа эзэмшигчээр бүртгэсэн улсын бүртгэлийн гэрчилгээнд өөрчлөлт ороогүй байхад Д.Сэлэнгэ, Х.Батхишиг нарын хооронд 2017 оны 06 сарын 21-ний өдөр хийгдсэн “Хувьцаа худалдах, худалдан авах” тухай гэрээ болон шүүх хуралдаанд Д.Сэлэнгэ, Н.Нансалмаа нараас гаргасан “Х.Батхишиг компанийн бүрэлдэхүүнээс гарсан, ...шүүх хуралдаанд оролцох шаардлагагүй...” гэх тайлбар нь шүүхээс Х.Батхишигийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцох эрхийг эдлүүлэхгүй байх үндэслэл болохгүй.
Өөрөөр хэлбэл, Х.Батхишигийн өөрийнх нь тайлбараар дээр дурдагдсан үйл баримтуудыг нотлох шаардлагатай байжээ.
Иймээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...давж заалдах шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22, 34 дүгээр зүйлийг зөрчиж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн...” гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй.
Мөн давж заалдах шатны шүүх, хэргийн оролцогч Б.Сэлэнгэ, Н.Нансалмаа нарын давж заалдах шатны журмаар гаргасан гомдлын хүрээг хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж, хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн шийдвэрийг хүчингүй болгон, давж заалдах гомдол гаргахад төлсөн тэмдэгтийн хураамжийг буцаан олгохоор шийдвэрлэсэн нь дээрх хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-т “...улсын тэмдэгтийн хураамжийг ... буцаан олгоно“, ...118 дугаар зүйлийн 118.3-т “...гомдлын хүрээнд хянах ба хэргийн хоёр ба түүнээс дээш оролцогч гомдол гаргасан...хэргийг бүхэлд нь хянах үүрэгтэй” гэж тус тус заасныг зөрчөөгүй байх тул “...тэмдэгтийн хураамжийг буцаан олгосон нь буруу,...давж заалдах гомдлыг дүгнээгүй...” гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол мөн үндэслэлгүй.
Анхан шатны шүүх хэргийг дахин шийдвэрлэх явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэргийн оролцогчдыг бүрэн хамруулж, “Агрокорп” ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр Д.Сэлэнгэ, Н.Нансалмаа, Х.Батхишиг нарыг бүртгэсэн бүртгэлтэй холбоотой шаардлагатай нотлох баримтуудыг бүрэн бүрдүүлэх, бүртгэл хийхэд үндэслэл болгосон нотлох баримтуудыг хуульд заасан журмаар үнэлэх, хариуцагчийн үйл ажиллагаа нь хуульд нийцсэн эсэх, нэхэмжлэгчийн эрх ямар байдлаар зөрчигдсөнийг дүгнэх нь зөв болно.
Дээр дурдсан үндэслэлээр магадлалыг хэвээр үлдээхээр шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 221/МА2017/0644 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАТСУУРЬ
ШҮҮГЧ Л. АТАРЦЭЦЭГ