Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 102/ШШ2022/03031

 

 

 

 

 

2022 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 102/ШШ2022/03031

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж, тус шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *** тоот хаягт оршин байх, *** ХХК /РД: ***/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, ***, өөрийн байранд байрлах ***т холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дүүриймаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч *** ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Уянгын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: ***т Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн *** -ний өдрийн *** дугаартай захирамжаар *** ХХК-иас 1,828,192,212 төгрөгийг гаргуулж Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжүүлэх санд олгохоор шийдвэрлэсний дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа болно. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж, төлбөр төлөгч *** ХХК-ний зүгээс *** тоот хаягт байрлах хувийн сууцуудыг тус бүрийг 250,000,000 төгрөгөөр, *** талбайтай газрыг 2,500,000,000 төгрөгөөр үнэлсэн үнийн саналаа хүргүүлсэн. Гэтэл төлбөр авагч нь манай зүгээс гаргасан үнийн саналыг хүлээн зөвшөөрөөгүйн улмаас шинжээч томилж, эрхийн улсын бүртгэлийн *** дугаарт бүртгэлтэй *** тоот хаягт байрлах хувийн сууцыг 108,523,000 төгрөгөөр, 11/12 тоот хаягт байрлах хувийн сууцыг 107,800,000 төгрөгөөр, *** тоот хаягт байрлах хувийн сууцыг 108,474,000 төгрөгөөр, *** газрыг 1,593,174,000 төгрөг гэх үнэлгээг шинжээч нар тогтоосон байна. Гэтэл *** д баригдсан 3 хаус нь тус бүр 61 см-ийн ханатай тоосгон барилга юм. Тухай байршилд байрлах орон сууц, үл хөдлөх эд хөрөнгийн м/кв-ийн үнэлгээ нь зах зээл дээр дунджаар 1,500,000 орчим төгрөгийн үнэтэй байгаа ба үнэлгээнд ашиглагдах хэрэглэсэн үнэ цэнийн суурийг тодорхойлоогүй, зах зээлийн үнийг гол тодорхойлох үзүүлэлтүүд болгосон "Байршлийн итгэлцүүр" зэргийг буруу тооцоолж зах зээлийн бодит үнэ ханшид нийцээгүй, хэт доогуур үнэлсэнд гомдолтой байна. Одоо барилгын материалын үнэ өсөж барилгын үнэ 50-75 хувиар өссөн байгааг харгалзаж үзэхгүй хуучин үнэлгээгээр үнэлж бодитой үнийн дүнг гаргаагүй гэж үзэж байна.

 

Одоо байгаа 3 орон сууцны гэрчилгээг 90 хувийн гүйцэтгэлтэй байхад авсан, дуусаагүй барилга байсан. Барьцаанд тавих гэж байсан учраас гэрчилгээ авсан гэж ойлгосон. Үл хөдлөх хөрөнгийн зуучлагчтай байгуулсан гэрээн дээр үнэлгээг өндрөөр тогтоосон байна. Шинжээчийн дүгнэлт төсөөлсөн үнэ, санал болгосон үнэ гээд хоёр янзаар ангилсан. Эдгээр хандлагаар авч үзээд дараа нь дүгнэлтээ гаргахдаа арай өөр үнийн дүн гараад байна. Гүйцэтгэлээс нь хамаараад үнийн дүн багассан гэж байна. Гүйцэтгэлийн дүнг харахад барилгын ажлын үлдэгдэл 14-14.6 хувь гэсэн байна, барилга бол зөвхөн дотоод засал үлдсэн юм билээ. Тайлан дээр яг юу дутуу байгаа нь харагдахгүй байна. Гүйцэтгэлийн хувь дээр гадна болон дотоод засал гээд гаргачихсан байсныг тодруулах гэж би шинжээчийг оролцуулах хүсэлт гаргасан. Харьцуулалтын хандлага дээр 250 сая төгрөг гэж биччихээд дүгнэлтэн дээрээ арай өөр дүн гарсан байна. Төлөөлөгч бол өөрөө ч 10 хувийн гүйцэтгэл дутуу буюу дотоод засал дутуу байгаа гэдгийг хэлсэн. Дотоод засалд одоогийн ханшаар материалаасаа хамаараад 10 сая орчим төгрөг шаардлагатай. Ийм зөрүүтэй үнэлсэн нь өмчлөгчийн эрхийг зөрчиж байна. Тайлангаас харахад маш багаар үнэлж байна гэж харлаа. Иймд дээрх үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

2. Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч *** гийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн *** -ний өдрийн *** дугаар шийдвэрээр *** ХХК-аас 1,828,192,212 төгрөгийг гаргуулан Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан-д олгохоор шийдвэрлэсэн. Үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан 96.03 мкв талбайтай, *** , ***3 тоот хаягт байрлах хувийн сууцнууд, *** талбай бүхий газрыг тус тус шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад битүүмжлэн хураасан. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар төлбөр төлөгч, өмчлөгч нар нь дээрх *** тоот хаягт байрлах хувийн сууцнуудыг тус бүрийг 250,000,000 төгрөгөөр, *** мкв газрыг 2,000,000,000 төгрөгөөр тус тус үнэлснийг төлбөр авагч зөвшөөрөхгүй гээд хөндлөнгийн шинжээч томилуулах тухай хүсэлтийг гаргасныг үндэслэн *** ХХК, *** ХХК-иудыг тус тус хөндлөнгийн шинжээчээр томилсон. Шинжээч *** ХХК нь *** тоот хаягт байрлах 96.03 мкв талбайтай хувийн сууцыг 73,185,800 төгрөгөөр, мөн 11/12 тоот хаягт байрлах 96.13 м/к талбайтай хувийн сууцыг 73,262,000 төгрөгөөр, мөн 98.20 м/к талбайтай 11/13 тоот хувийн сууцыг 74,839,700 төгрөгөөр, харин шинжээч *** ХХК нь ***д байрлах 40,000 мкв газрыг 805,870,000 төгрөгөөр тус тус үнэлсэн. Энэхүү үнэлгээг төлбөр төлөгчид 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн *** дугаар албан бичгээр тус тус мэдэгдсэн. Төлбөр төлөгч нь дээрх хөрөнгийн үнэлгээг хүлээн зөвшөөрөөгүй тул Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан ба тус шүүхийн ***-ны өдрийн *** дугаар шийдвэр, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн *** дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн *** дугаар тогтоолоор нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэсэн.

Иймд *** , ***3 тоот хувийн сууцуудыг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулах зах зээлийн үнэлгээг гаргуулахаар *** ХХК-ийг, *** мкв газрын үнэлгээг гаргуулахаар *** ХХК-ийг тус тус томилсон. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөрт хураагдсан, үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан *** тоот хаягт байрлах хувийн сууцыг 108,523,000 төгрөгөөр, мөн *** тоот хаягт байрлах хувийн сууцыг 107,800,000 төгрөгөөр, *** тоот хувийн сууцыг 108,474,000 төгрөгөөр, *** мкв газрыг 1,593,174,000 төгрөг тус тус үнэлсэн. Энэ үнэлгээг төлбөр төлөгчид 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн *** дугаар албан бичгээр тус тус мэдэгдсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Жижиг, дунд үйлдвэрийн газар-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч *** гийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Төлбөр төлөгч *** ХХК нь 2013 онд Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сан-тай зээлийн болон барьцааны гэрээ байгуулаад 1.5 тэрбум төгрөгийг 60 сарын хугацаатай зээлж авсан. Энэ зээлийг зориулалтын дагуу ашиглаагүй, төлөлт хийгээгүйн улмаас тус сангаас шүүхэд нэхэмжлэл гаргаж гэрээг цуцалж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шийдвэрийг 2016 онд гаргуулсан. *** ХХК-ийн төлөөлөгчийн хэлж буйгаар энэ зээлийг бүрэн төлмөөр байгаагаа илэрхийлээд байгаа боловч барьцаа хөрөнгийн үнийн дүн дээр маргаж байгаа нь нэхэмжлэлийн шаардлагатай нийцэхгүй удаа дараа шүүх хурлыг хойшлуулах зорилго агуулаад байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа холбогдох нотлох баримтаар батлах ёстой. Гэтэл шинжээчийн дүгнэлт зах зээлийн үнээс доогуур байна гээд яриад байдаг. Яг яаж хичнээн төгрөгөөр үнэлэгдэх ёстой байсныг тогтоож гаргаж чадахгүй байгаа нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг санаатайгаар удаашруулж хугацаа авсан үйлдэл гэж харагдаад байна. Иймд манай зүгээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн саналыг бүрэн дэмжиж оролцож байна. Шинжээчийн тайлан 2021 оны 10 сард гарсан. Гэтэл нэхэмжлэгч 1 сард шүүхэд гомдол гаргасан. Хэргийг санаатай хойшлуулж, 2, 3 итгэмжлэгдсэн төлөөлөгч сольж байгаа, энэ хугацаанд нь инфляцийн тодорхой хэмжээний дүнд өөрчлөлт орно. 2022 оны 04 дүгээр улирлын байдлаар байгаа зуучлагч компанийн үнийн дүнг гаргаж харьцуулаад байгаа нь хэрэгт ач холбогдолгүй байна. Үл хөдлөх хөрөнгийн зуучлалын үйл ажиллагаа эрхэлдэг зуучийн байгууллагын үнэлгээг харьцуулах ёстой гэж тайлбарлаад байгаа нь үндэслэлгүй. 2013 оноос хойш 1.5 тэрбум төгрөгийг нэхэмжлэгч тал хангалттай ашиглалаа, удаа дараа 3 шатны шүүхээр маргаж явлаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож төрд учирсан хохирол буюу төсвийн хөрөнгийг яаралтай төлүүлж сангийн дансанд эргүүлэн татах ажиллагааг хийх боломжоор хангаж хэргийг шийдвэрлэж өгнө үү гэв.

4. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд *** ын шүүхэд гаргасан тайлбарт: Миний бие *** нь ***т холбогдох иргэний хэрэгт гуравдагч этгээдээр оролцох болсон тул дараах тайлбарыг шүүхэд гаргаж байна. 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн Дээд шүүхийн тогтоолоор *** ХХК-д 1,828,192,212 төгрөгийг гаргуулж Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан-нд олгож, төлбөрийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэсэн. Энэхүү шийдвэрийн дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2 дахь удаагаа шинжээч томилж *** миний өмчлөлийн хувийн сууцнууд болох улсын бүртгэлийн *** ,*** , *** дугаарт бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгүүдийг маш багаар үнэлснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь тухайн үед зээл авч барилга дуусгахын тулд барьцааны 3 үл хөдлөх хөрөнгийг 70 хувь гүйцэтгэлтэй байхад нь үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээнүүд авч байсан. Одоо бол 90 хувийн гүйцэтгэлтэй, дотор заслууд хийгдээгүй орон сууцнууд юм. Дотор засалд их хөрөнгө шаардагдахгүй гэдгийг барилгын салбарынхан мэддэг. Тэр тусмаа барилгын үнэлгээ хийдэг компаниуд сайн мэдэх учиртай. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас томилсон хамгийн анхны шинжээч нар үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээнд үндэслэн 70 хувийн гүйцэтгэлтэй байхад нь үнэлгээ гаргасныг тухайн үед гурван шатны шүүхээр яваад шинжээчийн дүгнэлтийг хэт доогуур үнэлсэн гээд хүчингүй болж байсан. Одоо томилогдсон шинжээч *** ХХК нь өмнөх шинжээч нарын алдааг давтан мөн 70 хувьтай тэнцэх үнэлгээгээр нь тооцож үнэлгээ гарган миний хөрөнгийг үнэгүйдүүлж байна. Барилга 70 хувийн гүйцэтгэл бүхий гэрчилгээ гаргуулснаас хойш барилгад нэмэлт 20 хувийн хөрөнгө оруулалт хийснийг огт үнэлэхгүй орхигдуулсанд гомдолтой байна. Барилга нь тус бүр 61 см зузаан ханатай тоосгон барилга юм. Тухайн үед тоосго 95 төгрөг байсан бол одоо 300 төгрөг болсон. Харин одоо *** д модон байшин л 105 сая төгрөгөөр үнэлэгдэн зарагдаж байна. Одоо *** д манайхтай төстэй таунхаус 166 мкв талбайтай нь 350 сая төгрөгөөр үнэлэгдэж байна. Метр квадратын үнэлгээ зах зээлд 2 сая төгрөг байна. Тус үнэлгээнд хэрэглэсэн үнэ цэнийн суурийг тодорхойлоогүй, зах зээлийн үнийг тодорхойлох үзүүлэлтүүд болгосон байршлын итгэлцүүрийг буруу тооцоолж зах зээлийн бодит үнэ ханшид нийцээгүй хэт доогуур үнэлсэн. Шинжээч тухайн үеийн *** д зарагдаж байсан ижил төстэй хаусын үнэлгээг гол үнэлгээ болгосон гэдэг. Гэтэл одоо барилга материалын үнэ өсч барилгын үнэ 35 хувь өссөн гэж Тэнхлэг зууч ХХК-аас зах зээлийн судалгаа гаргасан байгаа. Манай улсад цар тахлаас хойш барилгын салбарт гэлтгүй бүх салбарт ямар өөрчлөлтүүд гарч байгааг бүгд мэдэж байгаа. Үнийн өсөлттэй холбоотой нотлох баримтуудыг би итгэмжлэгдсэн төлөөлөгч Уянгад гаргаж өгсөн. *** миний бие Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас томилсон шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд *** ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг дэмжиж байгаагаа энэ тайлбараараа дамжуулан гаргаж байна гэв.

 

5. Нэхэмжлэгчээс тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ дараахь нотлох баримтуудыг шаардлага хангуулан хавсаргажээ. Үүнд, Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн *** 7 дугаар тогтоол, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн *** тоот мэдэгдэл, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн *** тоот захирамж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Үл хөдлөх эд хөрөнгийг худалдахад зуучлах гэрээг нотлох баримтын шаардлага хангуулан тус тус гаргасан.

 

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2022 оны 06 дугаар сарын 10-нд хариу тайлбараа бичгээр гаргасан бөгөөд хариу тайлбартаа дараахь нотлох баримтуудыг шаардлага хангуулан хавсаргажээ. Үүнд, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн *** дугаар гүйцэтгэх хуудас, тус шүүхийн шүүгчийн 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн *** тоот захирамж, тус шүүхийн *** -ний өдрийн *** дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн *** дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн *** дугаар тогтоол, үл хөдлө эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн *** дүгээр үнийн санал хүргүүлэх тухай албан бичиг, шүүхийн шийдвэр биелүүлэх тухай мэдэгдэл, 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн *** дугаартай Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн *** дугаартай Эд хөрөнгө хураах тухай тогтоол, 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн *** дүгээр шинжээч томилох тухай тогтоол, шинжээчид хууль тайлбарласан акт, *** ХХК-ийн 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлан, *** ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан, шийдвэр гүйцэтгэгчийн *** -ний өдрийн тэмдэглэл, шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцогч талуудад эрх, үүрэг тайлбарласан тухай акт, аж ахуйн нэгж байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээ, ***ын 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн хүсэлт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, *** ХХК, *** ХХК-иудын 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн хүсэлт, төлбөр төлөгчийн хөрөнгийн 2020 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн мэдүүлэг, Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн *** дүгээр албан бичиг, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн *** дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн *** дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн ***  дугаар тогтоол, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн *** дүгээр шинжээч томилох тухай тогтоол, шинжээч *** ХХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн *** дүгээр хөрөнгийн үнэлгээний тайлан, *** ХХК-ийн 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлан, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны ***, ***, ***8, *** , ***, ***, *** тоот мэдэгдэл, 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн *** тоот анхны албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоолыг нотлох баримтын шаардлага хангуулан шүүхэд гаргаж өгсөн болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч *** ХХК нь хариуцагч ***т холбогдуулан эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.

 

2. Нэхэмжлэгч дараахь үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд, Одоо байгаа 3 орон сууцны гэрчилгээг 90 хувийн гүйцэтгэлтэй байхад авсан, дуусаагүй барилга байсан. Барьцаанд тавих гэж байсан учраас гэрчилгээ авсан гэж ойлгосон. Үл хөдлөх хөрөнгийн зуучлагчтай байгуулсан гэрээн дээр үнэлгээг өндрөөр тогтоосон байна. Шинжээчийн дүгнэлт төсөөлсөн үнэ, санал болгосон үнэ гээд хоёр янзаар ангилсан. Эдгээр хандлагаар авч үзээд дараа нь дүгнэлтээ гаргахдаа арай өөр үнийн дүн гараад байна. Гүйцэтгэлээс нь хамаараад үнийн дүн багассан гэж байна. Гүйцэтгэлийн дүнг харахад барилгын ажлын үлдэгдэл *** хувь гэсэн байна, барилга бол зөвхөн дотоод засал үлдсэн юм билээ. Тайлан дээр яг юу дутуу байгаа нь харагдахгүй байна. Гүйцэтгэлийн хувь дээр гадна болон дотоод засал гээд гаргачихсан байсныг тодруулах гэж би шинжээчийг оролцуулах хүсэлт гаргасан. Харьцуулалтын хандлага дээр 250 сая төгрөг гэж биччихээд дүгнэлтэн дээрээ арай өөр дүн гарсан байна. Төлөөлөгч бол өөрөө ч 10 хувийн гүйцэтгэл дутуу буюу дотоод засал дутуу байгаа гэдгийг хэлсэн. Дотоод засалд одоогийн ханшаар материалаасаа хамаараад 10 сая орчим төгрөг шаардлагатай. Ийм зөрүүтэй үнэлсэн нь өмчлөгчийн эрхийг зөрчиж байна. Тайлангаас харахад маш багаар үнэлж байна гэж харлаа. Иймд дээрх үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гээд дараахь үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: барьцаа хөрөнгийн үнэлгээний талаар төлбөр авагч, төлөгч нар харилцан тохиролцоогүй тул хөндлөнгийн шинжээчээр үнэлгээг хийлгэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдсан гэжээ.

 

4. Шүүх дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

5. Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн *** -ний өдрийн *** дугаар шийдвэрээр *** ХХК-иас 1,830,136,852 төгрөг гаргуулж Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 207,096,438 төгрөгт холбогдох хэсгийг болон үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөө хангуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг , Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн *** дугаар магадлалаар хэвээр үлдээж шийдвэрлэжээ. Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн *** дугаар тогтоолоор шийдвэр, магадлал дараахь өөрчлөлтийг оруулжээ. Үүнд, хариуцагч *** ХХК-иас 1,818,939,565 төгрөг гаргуулж Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 218,293,725 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, үүргийн гүйцэтгэлийг *** талбайтай газар, *** тоот хувийн сууцыг албадан дуудлага худалдаагаар борлуулж үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар өөрчилжээ. Улмаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн *** дугаар гүйцэтгэх хуудас, тус шүүхийн шүүгчийн 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн *** тоот захирамжийг үндэслэн, *** шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан. Үүнд, дээрх барьцаа хөрөнгүүдийг 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн *** дугаартай Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор битүүмжилж, 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн *** дугаартай Эд хөрөнгө хураах тухай тогтоолоор хураасан, 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн *** дүгээр шинжээч томилох тухай тогтоолоор *** ХХК, *** ХХК-иудыг шинжээчээр томилсон. Шинжээч 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр хөрөнгийн үнэлгээний тайлангаа гаргажээ. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн *** дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн *** дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн *** 7 дугаар тогтоолоор үнэлгээг хүчингүй болгожээ.

 

Улмаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн ***, *** дүгээр шинжээч томилох тухай тогтоолоор шинжээчээр *** ХХК, Хөрөнгө эстимэйт ХХК-иудыг шинжээчээр томилсон.

 

Шинжээч *** ХХК, * ХХК-иуд нь үнэлгээний тайлангаар *** тоот хаягт байрлах хувийн сууцыг 108,523,000 төгрөгөөр, мөн ***2 тоот хаягт байрлах хувийн сууцыг 107,800,000 төгрөгөөр, *** тоот хувийн сууцыг 108,474,000 төгрөгөөр, *** мкв газрыг 1,593,174,000 төгрөг тус тус үнэлсэн. Дээрх үнэлгээг хариуцагч *** нь төлбөр төлөгчид 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр *** , *** тоот албан бичгээр тус тус мэдэгджээ.

 

6. Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас төлбөрт төлөгч, энэ иргэний хэргийн нэхэмжлэгч *** ХХК-д үнэлгээний тайланг 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр мэдэгдсэн болох нь *** тоот мэдэгдлээр тогтоогдох байх бөгөөд нэхэмжлэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д Талууд эд хөрөнгийн талаарх гомдлоо энэ хуулийн 55.3-т зааснаар мэдэгдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасан журмыг зөрчиж үнэлгээг мэдэгдсэнээс хойш 5 сарын 15 хоногийн дараа буюу 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д Шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно. Улсын тэмдэгтийн хураамжийг энэ хуульд заасны дагуу төлнө. гэж зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг баримтлан нэхэмжлэгч *** ХХК-ийн хариуцагч ***т холбогдуулан гаргасан үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХТӨР