Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2022/02018

 

 

2022 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2022/02018

 

 

А ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Золзаяа, Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дугаар сарын 09-ний өдрийн 102/ШШ2022/03031 дүгээр шийдвэртэй,

А ХХК-ийн нэхэмжлэлтэй Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох,

Эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг гуравдагч этгээд Б-ын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 102/ШШ2016/05903 дугаартай захирамжаар А ХХК-аас 1,828,192,212 төгрөгийг гаргуулж Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжүүлэх санд олгохоор шийдвэрлэсний дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж, төлбөр төлөгч А ХХК нь Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Баянголын ам, Найрамдлын 999, 888, 777 тоот хаягт байрлах хувийн сууцуудыг тус бүрийг 250,000,000 төгрөгөөр, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Сонсголонд байрлах 40,000 м.кв талбайтай газрыг 2,500,000,000 төгрөгөөр үнэлсэн үнийн саналаа хүргүүлсэн.

Шинжээчийн дүгнэлтээр 999 тоот хаягт байрлах хувийн сууцыг 108,523,000 төгрөгөөр, 888 тоот хаягт байрлах хувийн сууцыг 107,800,000 төгрөгөөр, 777 тоот хаягт байрлах хувийн сууцыг 108,474,000 төгрөгөөр, газрыг 1,593,174,000 төгрөгөөр үнэлсэн. Гэтэл Найрамдалд баригдсан 3 хаус нь тус бүр 61 см-ийн ханатай тоосгон барилга юм. Тухайн байршилд байрлах орон сууц, үл хөдлөх эд хөрөнгийн м.кв-ын үнэлгээ нь зах зээл дээр дунджаар 1,500,000 орчим төгрөгийн үнэтэй байгаа ба үнэлгээнд ашиглагдах хэрэглэсэн үнэ цэнийн суурийг тодорхойлоогүй, зах зээлийн үнийг гол тодорхойлох үзүүлэлтүүд болгосон "Байршлийн итгэлцүүр" зэргийг буруу тооцоолж зах зээлийн бодит үнэ ханшид нийцээгүй, хэт доогуур үнэлсэн. Одоо барилгын материалын үнэ өсөж барилгын үнэ 50-75 хувиар өссөн байгааг харгалзаж үзээгүй, бодитой үнийн дүн гаргаагүй.

Үл хөдлөх хөрөнгийн зуучлагчтай байгуулсан гэрээнд үнэлгээг өндрөөр тогтоосон байгаа. Шинжээчийн дүгнэлт төсөөлсөн үнэ, санал болгосон үнэ гээд хоёр янзаар ангилсан. Эдгээр хандлагаар авч үзээд дараа нь дүгнэлтээ гаргахдаа арай өөр үнийн дүн гараад байна. Гүйцэтгэлийн дүнг харахад барилгын ажлын үлдэгдэл 14-14.6 хувь гэсэн байна, барилга бол зөвхөн дотоод засал үлдсэн. Тайлан дээр яг юу дутуу байгаа нь харагдахгүй байна. Гүйцэтгэлийн хувь дээр гадна болон дотоод засал гээд гаргачихсан байсныг тодруулахаар шинжээчийг оролцуулах хүсэлт гаргасан. Харьцуулалтын хандлага дээр 250,000,000 төгрөг гэж бичсэн атлаа дүгнэлтээ өөр гаргасан. Ийм зөрүүтэй үнэлсэн нь өмчлөгчийн эрхийг зөрчиж байна. Иймд дээрх үнэлгээг хүчингүй болгож өгнө үү.

 

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн татгалзал, тайлбарын агуулга: Үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Баянголын ам, Найрамдлын 999, 888 ,777 тоот хаягт байрлах хувийн сууцнууд, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Сонсголонд байрлах 40,000 м.кв талбай бүхий газрыг тус тус шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад битүүмжлэн хураасан.

Төлбөр төлөгч, өмчлөгч нарын үнэлснийг төлбөр авагч зөвшөөрөхгүй гээд хөндлөнгийн шинжээч томилуулах тухай хүсэлтийг гаргасныг үндэслэн Баян модот ХХК, Хөрөнгө эйстимэйнт ХХК-ийг тус тус шинжээчээр томилсон. Үнэлгээг төлбөр төлөгчид 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 4-142/21238-1, 4-142/21237 дугаар албан бичгээр тус тус мэдэгдсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Гуравдагч этгээд Жижиг, дунд үйлдвэрийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч татгалзал, тайлбарын агуулга: Шинжээчийн дүгнэлт зах зээлийн үнээс доогуур гэж тайлбарладаг боловч хэдэн төгрөгөөр үнэлэгдэх ёстой байсныг тогтоож гаргаж чадахгүй байгаа нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг санаатайгаар удаашруулж хугацаа авсан үйлдэл байна. Шинжээчийн тайлан 2021 оны 10 сард гарсан. Гэтэл нэхэмжлэгч 1 сард шүүхэд гомдол гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удаашруулж байгаа нь инфляцийн тодорхой хэмжээний дүнд өөрчлөлт орно. 2022 оны 04 дүгээр улирлын байдлаар байгаа зуучлагч компанийн үнийн дүнг гаргаж харьцуулаад байгаа нь хэрэгт ач холбогдолгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

4. Гуравдагч этгээд Б-ын тайлбарын агуулга: Шинжээчийн үнэлгээг зөвшөөрөхгүй. Учир нь тухайн үед зээл авч барилга дуусгахын тулд барьцааны 3 үл хөдлөх хөрөнгийг 70 хувийн гүйцэтгэлтэй байхад нь үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээнүүд авч байсан. Одоо бол 90 хувийн гүйцэтгэлтэй, дотор заслууд хийгдээгүй орон сууцнууд юм. Шинжээч Баян модот ХХК нь өмнөх шинжээч нарын алдааг давтан мөн 70 хувьтай тэнцэх үнэлгээгээр нь тооцож үнэлгээ гаргасан. Барилга 70 хувийн гүйцэтгэл бүхий гэрчилгээ гаргуулснаас хойш барилгад нэмэлт 20 хувийн хөрөнгө оруулалт хийснийг үнэлэхгүй орхигдуулсан. Барилга нь тус бүр 61 см зузаан ханатай тоосгон барилга юм. Тухайн үед тоосго 95 төгрөг байсан бол одоо 300 төгрөг болсон. Одоо Найрамдал байрлалтай ижил төрлийн таунхаус 1 м.кв нь 2,000,000 төгрөг, 166 м.кв талбайтай нь 350,000,000 төгрөгөөр үнэлэгдэж байна. Тус үнэлгээнд хэрэглэсэн үнэ цэнийн суурийг тодорхойлоогүй, зах зээлийн үнийг тодорхойлох үзүүлэлтүүд болгосон байршлын итгэлцүүрийг буруу тооцоолж зах зээлийн бодит үнэ ханшид нийцээгүй хэт доогуур үнэлсэн. Шинжээч тухайн үеийн Найрамдалд зарагдаж байсан ижил төстэй хаусын үнэлгээг гол үнэлгээ болгосон гэдэг. Гэтэл одоо барилга материалын үнэ өсч барилгын үнэ 35 хувь өссөн гэж Тэнхлэг зууч ХХК-аас зах зээлийн судалгаа гаргасан байгаа. Нэхэмжлэгч А ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг дэмжиж байна.

 

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч А ХХК-ийн хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

6. Гуравдагч этгээд Б-ын гаргасан давж заалдах гомдлын агуулга: Шинжээчийн үнэлгээ нь зах зээлийн ханшнаас хэт доогуур үнэлсэн нь хэрэгт авагдсан нотлох баримт болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээдийн тайлбар зэргээс харагдаж байхад, тэдгээрийг шүүх дутуу үнэлж хэт нэг талыг барьж шийдвэр гаргасан. Мөн үнэлгээнүүд нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Хөрөнгийн үнэлгээний тухай хууль болон Шүүхийн шинжилгээний тухай хуульд нийцүүлж гаргаагүй, зах зээлийн ханшнаас хэт доогуур үнэлсэн, хуульд заасан журмыг баримтлаагүй, үнэлгээг тал бүрээс нь, бодитой хийх зарчмыг баримтлаагүй байна.

Баян модот ХХК нь өмнөх шинжээч нарын алдааг давтаж барьцааны 3 хувийн орон сууцууд бодит байдал дээр 90 хувийн гүйцэтгэлтэй байхад зөвхөн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээнд үндэслэж үнэлгээг хийсэн нь үнэлгээ бодитой, үндэслэлтэй гараагүй, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээнүүдийг тухай үед зээл авахын тулд 70 хувийн гүйцэтгэлтэй гэж гаргуулж байснаас хойш 20 хувийн хөрөнгө оруулалт хийснийг үнэлэхгүй орхигдуулсан. Шинжээч нь үнэлгээ гаргахдаа тухайн үед Найрамдалд зарагдаж байсан ижил төстэй таунхаусын үнэлгээг гол үнэлгээ болгосон гэдэг нь мөн бодит байдалд нийцээгүй. Найрамдалд ижил төстэй үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн ханш өнөөдөр 1,5 - 2,0 сая төгрөгөөр зарагдаж байгаа гэдгийг олон нийтийн цахим зараас харах бүрэн боломжтой. Мөн тус үнэлгээнд хэрэглэсэн үнэ цэний суурийг тодорхойлоогүй, зах зээлийн үнийг тодорхойлох үзүүлэлтүүд болгосон байршлын итгэлцүүрийг буруу тооцоолж зах зээлийн бодит үнэ ханшид нийцээгүй хэт доогуур үнэлсэн байна.

Цар тахлын нөхцөл байдлын улмаас бүх салбар тэр тусмаа барилгын салбарт түүхий эд болон барилгын материалын үнэ 35 хувиар өссөн гэдэг судалгаа гаргасныг анхан шатны шүүх нотлох баримтын хэмжээнд үнэлээгүй дутуу орхигдуулсан байна.

Хөрөнгө Эстимэйт ХХК-ийн гаргасан дүгнэлт мөн л зах зээлийн ханшаас хэт доогуур үнэлсэн нотлох баримтыг анхан шатны шүүх үнэлээгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хэвээр нь үлдээж өгнө үү.

 

7. Давж заалдах шатны шүүх хуралдаанд зохигч оролцоогүй, бичгээр тайлбар ирүүлээгүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гуравдагч этгээд Б-ын гаргасан давж заалдах гомдлын хүрээгээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч А ХХК нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг гуравдагч этгээд Б- дэмжиж, хариуцагч болон гуравдагч этгээд Жижиг дунд үйлдвэрийн газар эс зөвшөөрч маргажээ.

 

3. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 102/ШШ2022/05903 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 538 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 001/ХТ2017/00638 дугаар тогтоолоор хариуцагч А ХХК-аас 1,818,939,565 төгрөг гаргуулан Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 218,293,725 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол барьцаа хөрөнгө болох Б-ын өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Баянголын ам, Найрамдлын 999, 888 ,777 тоот хаягт байрлах хувийн сууцнууд, Монграфито ХХК-ийн эзэмшлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Сонсголонд байрлах 40,000 м.кв талбай бүхий газраар тус тус үүргийн гүйцэтгэл хангуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагч байгууллага нь 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн гүйцэтгэх хуудсыг үндэслэн шүүхийн шийдвэрт заасан барьцаа үл хөдлөх эд хөрөнгүүдийг 2019 оны 10 дугаар сарын 28, 11 дүгээр сарын 12-ны өдөр битүүмжилж, 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хураасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4, 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт заасанд тус тус нийцжээ /хх 56-57, 61, 64/.

 

5. Хөрөнгийн үнэлгээний талаар талууд харилцан тохиролцоогүй тул хариуцагч байгууллагаас 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 10/289, 10/290 дүгээр шинжээч томилох тухай тогтоолоор шинжээчээр Баян модот ХХК, Хөрөнгө эстимэйт ХХК-ийг тус тус шинжээчээр томилсон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйл, 55 дугаар зүйлийн 55.1, 55.2.2-д заасантай нийцсэн /хх 92-93/.

 

6. Шинжээч Баян модот ХХК-ийн үнэлгээний тайлангаар Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Баянголын ам, Найрамдлын 999 тоот хаягт байрлах хувийн сууцыг 108,523,000 төгрөгөөр, 888 тоот хаягт байрлах хувийн сууцыг 107,800,000 төгрөгөөр, 777 тоот хувийн сууцыг 108,474,000 төгрөгөөр, шинжээч Хөрөнгө эстимэйт ХХК-ийн үнэлгээний тайлангаар Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Сонсголонд байрлах 40,000 м.кв газрыг 1,593,174,000 төгрөгөөр тус тус үнэлжээ /хх 94-123/.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, гуравдагч этгээд Б-ын давж заалдах гомдолд барилгын гүйцэтгэлийг анхаараагүй зах зээлийн ханшнаас хэт доогуур үнэлсэн, үнэлгээг тал бүрээс нь, бодитой хийх зарчмыг баримтлаагүй, байршлийн итгэлцүүр буруу тооцоолсон, барилгын материалын үнийн өсөлтийг харгалзаж үзээгүй, үл хөдлөх хөрөнгийн зуучлагчтай байгуулсан гэрээгээр илүү үнэ тогтоосон гэж тайлбарладаг.

 

6.а. Б-ын өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Баянголын ам, Найрамдлын 999, 888 ,777 тоот хаягт байрлах хувийн сууцуудыг 70 хувийн гүйцэтгэлтэй байхад 2011 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгогджээ /хх 105-107/.

 

6.б Шинжээч Баян модот ХХК нь үнэлгээний тайлан гаргахдаа дээрх хөрөнгүүдэд үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгогдсоноос хойших хугацаанд хийгдсэн гүйцэтгэлийг үнэлж барилгын бодит гүйцэтгэл 85.6-86.4 хувьтай байгааг тогтоосон.

 

Түүнчлэн шинжээч Баян модот ХХК болон Хөрөнгө эстимэйт ХХК нь үл хөдлөх эд хөрөнгийн үнэ цэнийг урьд гарч байсан үнэлгээнээс өсгөсөн үнэлгээг хийжээ.

 

Дээрх үнэлгээнүүд нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8-9 дүгээр зүйлд заасан арга, аргачлалын дагуу хийгдсэн, үнэлгээнд тавигдах шаардлагыг хангасан байх тул үнэлгээг хүчингүй болгох нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

6.в Дээрх үнэлгээг хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 4-142/21236, 4-142/21237, 4-142/21238, 4-142/21238-1 тоот мэдэгдлүүдээр төлбөр төлөгч А ХХК болон үнэлгээ хийлгэсэн хөрөнгийн эзэмшигч, өмчлөгч болох Монграфито стоун ХХК, Б-д нарт мэдэгдэж, хүргүүлсэн байхаас гадна шийдвэр гүйцэтгэгч Ц.Цолмонтуяа энэ талаар тэмдэглэл үйлдсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт нийцжээ /хх 124-127/.

 

7. Хариуцагч байгууллагаас 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний талаар өөрт нь мэдэгдсэн байхад нэхэмжлэгч 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр шүүхэд гомдол гаргасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасан хугацааг хэтрүүлсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

Хэдийгээр Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 102/ШЗ2022/05920 дугаар захирамжаар нэхэмжлэгчийн хариуцагчид холбогдуулан гаргасан үнэлгээ хүчингүй болгуулахыг хүссэн иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байгаа боловч хуульд заасан хугацааны дотор шүүхэд гомдол гаргасан болохоо нэхэмжлэгч нотолж чадаагүй.

 

8. Дээр дурдсан үндэслэлээр гуравдагч этгээд Б-ын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дугаар сарын 09-ний өдрийн 102/ШШ2022/03031 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээд Б-ын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар гуравдагч этгээд Б-ын давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

 

ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА

 

Т.БАДРАХ