Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 83

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Э.Б даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар  

Нэхэмжлэгч: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 4 дүгээр баг Сүлд хөгжлийн гудамж, ... тоотод оршин суух, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, И овогт Т.Г-н нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дорноговь аймгийн Замын-Үүд сум Сүлд баг ... тоотод оршин суух, Ж овогт А.А-д холбогдох

20,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр иргэний үүсгэн хянан хэлэлцэв.

Бусад оролцогчид: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ө, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.О /онлайн/, нэхэмжлэгч Т.Г, хариуцагч А.А нар оролцов.

                                                            ТОДОРХОЙЛОХ нь:      

Нэхэмжлэгч Т.Г шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Миний бие эхнэр Э.Х-ны танил эгч гэх А.А-н хүсэлтийн дагуу түүний эзэмшлийн Х банк дахь ... тоот данс руу 2021 оны 09 сарын 06-ны өдөр 20,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Тухайн үед хариуцагч А.А нь хувийн бизнесээ өргөжүүлэх, ажил хэргээ бүтээх шаардлага байна, удахгүй эргүүлээд өгнө гэсэн боловч өнөөдрийг хүртэл өгөлгүй элдэв шалтаг тоочсоор байх тул арга буюу шүүхэд хандаж байгаа болно. Дээрх 20,000,000 төгрөгийг А.А-д өгөхдөө би бусдаас хүүтэй мөнгө зээлж, зарим эд зүйлсээ барьцаалан яаралтай боловч одоогоор өндөр хүүний өрөнд орж, 4 сарын хугацаанд багагүй хэмжээний нэмэлт зардал гараад байгаа юм. Гэсэн ч эхнэрийн танил эгчийн хувьд тэдэнд итгэж, огт танихгүй, зүс хараагүй хүний данс руу мөнгө шилжүүлсэн, эхнэрээр өөртөө нь яриулахаар би аваагүй, өөр хүнд өгсөн, шүүхэд өгвөл өг гэсэн тайлбар хэлдэг. Иймд хариуцагч А.А-с 20,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.  

Нэхэмжлэгч Т.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А гэх хүний данс руу 20 сая төгрөгийг шилжүүлсэн байгаа. Өгөөд олон сарын хугацаа өнгөрсөн. Энэ мөнгө миний тээвэр хийж олсон мөнгө, мөн хүнээс зээлсэн мөнгө байгаа юм. Одоо А-с 20 сая төгрөгийг нэхэмжилж байна гэв.

Хариуцагч А.А шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие нь Э.Х гэдэг дүүдээ туслах зорилгоор өөрийн танил эгч О-т 20 сая төгрөгийг өөрийн дансаар дамжуулж гаргаж өгсөн боловч миний хүнд тус больё гэсэн сайхан сэтгэлийг буруугаар ашиглаж хүний мөнгийг залилж авсан болно. Тэрнээс биш Г гэх залууг би мэдэхгүй бөгөөд Э.Х бид хоёрын дунд ямар нэг бизнес дэмжих гэсэн яриа байхгүй бөгөөд би Г-с мөн Х-с мөнгө зээлж аваагүй болно. Миний бие О гэх хүнээс удаа дараа хүний мөнгийг эргүүлж өгөхийг шаардсан бөгөөд одоо утас шөрмөсөө авахгүй холбогдож чадахгүй байгаа тул Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэст хүн залилсан хэргээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгуулж байгаа болно гэжээ.  

            Хариуцагч А.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г-н эхнэр Х нь манай дүүгийн найз юм. Манай дүү Х-д туслах хэрэгтэй байна гэж хэлсний дагуу би О гэж хүнд хандаж Х-д туслах хэрэгтэй байна гэж хэлэхэд О зөвшөөрсөн. Тэгээд би О, Х хоёрыг уулзуулж өгсөн юм. Х нь өөрийн ажлын байрыг Замын-Үүд рүү шилжүүлэх санаатай байсан тул О туслахаар болсон юм. Эд нар хоорондоо ярилцаад 20 сая төгрөгийг өгч авахаар болсон юм шиг байгаа юм. Х мөнгө төгрөгөө өгөх гээд надтай ярихаар нь би О эгчтэй ярьтал намайг өөрийн дансанд авчих гэж хэлсэн. Тэгээд би өөрийн дансанд 20 сая төгрөгийг аваад О-т шилжүүлж өгсөн юм. Г-г би огт танихгүй, Х, Г нараас би мөнгө зээлсэн асуудал огт байхгүй. О нь хүний мөнгө аваад ажлын бүтээж өгөөгүй юм шиг байгаа юм. Энэ хүн анхнаасаа ажил нь бүтэхгүй гэж мэдэж байсан учир мөнгийг миний дансаар авсан гэж би одоо бодож байна. О-г цагдаагийн байгууллагад шалгуулах гээд өргөдөл гаргасан байгаа юм. Би мөнгийг авч хэрэглээгүй учир би төлөх үндэслэлгүй. Би хүнд туслах гэж л ийм асуудалд орсон гэв.   

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:          

Нэхэмжлэгч Т.Г хариуцагч А.А-н эзэмшлийн Х банк дахь ... тоот данс руу 2021 оны 09 сарын 06-ны өдөр 20,000,000 төгрөгийг шилжүүлсэн боловч буцаан өгөөгүй тул 20,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хариуцагч А.А нь нэхэмжлэгчтэй зээлийн гэрээ хийгээгүй, 20,000,000 төгрөгийг өөрөө хэрэглээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

Нэхэмжлэгч Т.Г нь хариуцагч А.А-н Х банкны ... дугаартай дансанд 3 удаагийн үйлдлээр 2021 оны 09 сарын 06-ны өдөр шилжүүлсэн болох нь зохигчдын тайлбар, Х банкин дахь Т.Г-н депозит дансны хуулга /хх-ийн 6-8/-аар тогтоогдож байна. Хариуцагч А.А 20,000,000 төгрөгийн өөрийн дансанд шилжүүлэн авсан гэдэг үйл баримтан дээр маргаагүй болно.

Хариуцагч А.А нь гаргасан тайлбартаа “Т.Г-н эхнэр гэх Х гуйлтаар ажлын байраа өөрчлөхөд нь тусалж О гэх хүнтэй танилцуулж уг 20,000,000 төгрөгийг О-т шилжүүлсэн, иймд би уг мөнгийг төлөх учиргүй” гэж маргаж байгаа нь үндэслэлгүй болно. Нэхэмжлэгч Т.Г-н хувьд хариуцагч А.А-д шилжүүлэн өгсөн 20,000,000 төгрөгийг хэн нэгэн гуравдагч этгээдэд мөнгийг шилжүүлэн өгөх талаар огт яригдаж байгаагүй болно. Нэхэмжлэгч Т.Г, гуравдагч этгээд болох О нарын хооронд ямар нэгэн иргэний эрх зүйн харилцаа үүсээгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар “хэргийн оролцогч нь өөрийн шаардлага болон татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтыг өөрөө цуглуулах, шүүхэд гаргаж өгөх үүрэгтэй”. Хариуцагч А.А нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, татгалзаж буй байдлаа баримтаар нотлоогүй болно. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д “хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй бол ...хөрөнгө шилжүүлсэн этгээд уг эд зүйлийг олж авсан этгээдээс шилжүүлсэн хөрөнгөө буцаан шаардах эрхтэй” гэж заажээ.

Хэрэгт цугларсан бичгийн баримтаар нэхэмжлэгч нь хариуцагчийн өмчлөлд 20,000,000 төгрөгийг шилжүүлсэн нь нотлогдсон, нэхэмжлэгч нь уг мөнгийг хариуцагчаас буцаан авахгүй талаар тохиролцоогүй, зохигчдын хооронд ямар нэг хэлцэл, гэрээний үүргийн харилцаа үүсээгүй бөгөөд энэ тохиолдолд хөрөнгө шилжүүлсэн этгээд хөрөнгөө буцаан шаардах эрхтэй тул шүүх уг нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй хөрөнгөжсөнөөс үүсэх үүргийн харилцаа гэж үзэж, энэ үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж хариуцагчаас 20,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.   

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч Ж овогт А.А-с 20,000,000 /хорин сая/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч И овогт Т.Г-д олгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 257,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.А-с 257,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т.Г-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах  эрхтэйг дурдсугай.           

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                 Э.Б