Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 202/МА2022/00007

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                

 

Т.Г-н нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч А.Сайнтөгс, шүүгч Н.Болормаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар;

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Э.Болормаа даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 137/ШШ2022/00083 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч: И овогт Т-ын Г-ын нэхэмжлэлтэй,

 

хариуцагч: Ж овогт А-ийн А-д холбогдох,

 

20 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

хариуцагч А.А-гийн давж заалдсан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2021 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Болормаа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.О /зайнаас цахимаар/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Намуунзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Т.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Миний бие эхнэр Э.Х-ны танил эгч гэх А.А-гийн хүсэлтийн дагуу түүний эзэмшлийн Хаан банк дахь 5360205795 тоот данс руу 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр 20,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Тухайн үед хариуцагч А.А нь хувийн бизнесээ өргөжүүлэх, ажил хэргээ бүтээх шаардлага байна, удахгүй эргүүлээд өгнө гэсэн боловч өнөөдрийг хүртэл өгөлгүй элдэв шалтаг тоочсоор байх тул арга буюу шүүхэд хандаж байгаа болно. Дээрх 20,000,000 төгрөгийг А.А-д өгөхдөө би бусдаас хүүтэй зээлж, зарим эд зүйлсээ барьцаалан яаралтай боловч одоогоор өндөр хүүний өрөнд, 4 сарын хугацаанд багагүй хэмжээний нэмэлт зардал гараад байгаа юм. Гэсэн ч эхнэрийн танил эгчийн хувьд тэдэнд итгэж, огт танихгүй, зүс хараагүй хүний данс руу мөнгө шилжүүлсэн, эхнэрээр өөртэй нь яриулахаар би аваагүй, өөр хүнд өгсөн, шүүхэд өгвөл өг гэсэн тайлбар хэлдэг. Иймд хариуцагч А.А-аас 20,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

 

Хариуцагч А.А анхан шатны шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Миний бие нь Э.Х гэдэг дүүдээ туслах зорилгоор өөрийн танил эгч О-т 20 сая төгрөгийг өөрийн дансаар дамжуулж гаргаж өгсөн боловч миний хүнд тус болъё гэсэн сайхан сэтгэлийг буруугаар ашиглаж хүний мөнгийг залилж авсан болно. Тэрнээс биш Г гэх залууг би мэдэхгүй бөгөөд Э.Х бид хоёрын дунд ямар нэг бизнес дэмжих гэсэн яриа байхгүй бөгөөд би Г-аас мөн Х-аас мөнгө зээлж аваагүй болно. Миний бие О гэх хүнээс удаа дараа хүний мөнгийг эргүүлж өгөхийг шаардсан бөгөөд одоо утас шөрмөсөө авахгүй холбогдож чадахгүй байгаа тул Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст хүн залилсан хэргээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгуулж байгаа болно” гэжээ.

 

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч Ж овогт А-ийн А-гаас 20,000,000 /хорин сая/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч И овогт Т-ын Г-д олгож,

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 257,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.А-аас 257,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т.Г-д олгож,

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөөр гардан авах ба ийнхүү гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй дурдаж,

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

 

            Хариуцагч А.А давж заалдсан гомдолдоо: “...Анхан шатны шүүх нотлох баримтыг үнэлээгүй, нотлох баримт гаргаж өгөх, бүрдүүлэх эрхээр хангаагүй тухайд: Тус шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 хариуцагч А-ийн А-аас 20,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Т.Г-д олгосугай гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа болоод шүүх хуулийг буруу хэрэглэсэн. Мөн ИХШХШтХ-ын 37 дугаар зүйлд зааснаар нотлох баримт бүрдүүлэх цуглуулах эрхээр хангаагүй гэж үзэж байгаа болно. Учир нь Г-ын эхнэр Х манай дүүгийн найз бөгөөд тус болох нэрийдлээр өөрийн ажлын байрыг Замын-Үүд рүү шилжүүлэх санаатай байсан тул туслах зорилготойгоор танил эгч болох О-т хандан тус мөнгийг өөрийн дансаар оруулан гаргасан боловч ямар нэгэн өөр ашиг сонирхол огт байгаагүй бөгөөд өөртөө захиран зарцуулаагүй болно. Гэтэл үүнийг анхан шатны шүүх хүлээж аваагүйгээс гадна хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь үнэлээгүйгээс гадна нотлох баримт бүрдүүлж өгөх эрхээр хангаагүй гэж үзэж байна. Учир нь тус 20,000,000 төгрөгийг өөрт захиран зарцуулаагүй болохыг Т.Гантулгын нөхөр Халиунаатай ярьсан утсан тэмдэглэгээ voice байсаар байтал тэрхүү баримт гаргаж хуралдаанд оролцох эрхээр хангаагүй гэж үзэж байгаа юм.

            Зохигч, хэргийн оролцогчийн эрхээр хангаагүй тухайд иргэний хэрэгт шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйл, хэргийн оролцогчийн эрх үүрэг, 26 дугаар зүйл, 29 дүгээр зүйл зэрэгт заасан эрхээр хангаагүй, мөн Монгол Улсын Үндсэн хуульд заасны дагуу өмгөөлөл хууль зүйн туслалцаа авах, өмгөөлөгч авах эрхээр хангаагүй зохигчийн эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэж байна. Монгол Улсын иргэн би хуульд заасны дагуу өмгөөлөгч авах, өмгөөлөгчтэй хуралдаанд оролцох эрхээр хангаагүй бөгөөд мөн эрх зүй туслалцаа авах, хүсэл зоригоо илэрхийлсээр байтал шүүх хангаж өгөөгүй болох нь анхан шатны шүүх хуулиар олгогдсон зохигчдын эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэж байгаа болно. Мөн шүүх хуралдаан 1 удаа зарлаж дахин хойшлуулаагүй болоод өмгөөлөгч авах хүсэл зоригоо илэрхийлсээр байтал шүүх хурал хойшлуулалгүйгээр товлосон өдөр шууд хуралдаанаар шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүх хуралдааны процессын алдаа гаргахаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа зохигчдын эрх зүйн байдлаар хуулиар бүрэн хангаагүй, Монгол Улсын Үндсэн хуульд заасны дагуу өмгөөлөгч авах эрх зүйн туслалцаа авах эрхээр хангаагүй шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгч, анхан шатны шүүх рүү дахин хянан хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэж өгнө үү мөн гомдолд дурдсан үндэслэлийг харгалзан үзэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зохигч хариуцагч миний өөрт олгогдсон эрхээр хангаж өгч анхан шатны шүүхэд дахин нотлох баримт гаргаж үнэлүүлэх боломж олгож, анхан шатны шүүх рүү бүхэлд нь хянан хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.

           

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Гомдлын эхний үндэслэл нь нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэж үзэж байгаа. Учир юу вэ гэвэл Т.Г гэж этгээд А.А-г танихгүй, түүнтэй холбоотой мөнгө төгрөгийн авлагатай асуудал байхгүй. Харин Т.Г-ын эхнэр Х-г ажилд оруулах зорилгоор уг мөнгийг өөрийн дансаар оруулж, О-ийн данс руу шилжүүлсэн байдаг. Одоо О гэж хүн нь эрүүгийн хэргээр шалгагдаж байгаа. Үүнтэй холбоотойгоор үндсэн эрх ашиг нь хөндөгдсөн этгээд нэхэмжлэл гаргах ёстой байхад Т.Г өнөөдөр нэхэмжлэл гаргаж байгаа этгээдээр оролцож, иргэний хэрэг үүссэн дээр шүүх анхаарч үзээсэй гэж хүсэж байна. Мөн /хх-24/ дүгээр хуудсанд А.А-гийн хариу тайлбар байгаа. А.А 20 000 000 төгрөгийг авсан, аваагүй гэдгээ нотлох, нотлох баримтаа гаргаж өгөх эрхийг анхан шатны шүүх хангаагүй гэж үзэж байгаа. Мөн О гэдэг хүний данс руу 20 000 000 төгрөгийг явуулаад О гэдэг хүн авсан гэдгийг нотлох voice бичлэг утсан дээр нь байсан. Тэр бичлэг дээр О нь 20 000 000 төгрөгийг авсан гэдгээ өөрийнхөө амаар илэрхийлсэн байсан. Тэр утсанд үзлэг хийх, нотлох баримтаа гаргаж өгөх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд үнэлэх зэрэг эрхээр нь анхан шатны шүүх хангаагүй. Монгол улсын Үндсэн хуульд заасны дагуу А.А өмгөөлөх өмгөөлүүлэх, хариуцагчаас гаргаж байгаа нотлох баримтаа эсэргүүцэх түүнтэй холбоотой баримт хүсэлтээ гаргаж өгөх бүрэн дүүрэн хуулиар олгогдсон эрхтэй. Гэтэл Үндсэн хуульд заасан өмгөөлөх, өмгөөлүүлэх эрхийг нь хангаагүй гэж үзэж байгаа. Анхан шатны шүүх нэг удаа хурал зарласан тэгэхэд өмгөөлөгч авахаа илэрхийлсэн байдаг. Гэтэл шүүх хуралдаан хийсэн нь процессын маш том алдаа гарсан. Гуравдугаарт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэргийн оролцогч буюу хариуцагч тухайн холбогдсон нөхцөл байдлаа үгүйсгээд байхад шүүх яагаад үүнийг харж үзээгүй юм бэ? А, Х хоёр тохиролцоод энэ мөнгийг дансаараа оруулаад О-ийн данс руу оруулсан байхад О-ийг хариуцагчаар эсхүл гуравдагч этгээдээр татаж оролцуулах, гэх мэтчилэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хийгдэх ажиллагаанууд хийгдээгүй байгаа учраас хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөөч гэж гомдол гаргасан гомдлоо дэмжиж байна. Иймд шүүх бүрэлдэхүүн анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1-т заасныг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

 

  Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.О давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...хавтаст хэрэгт Т.Г-ын дансны хуулга авагдсан байгаа. Тухайн мөнгөө А.А-гийн данс руу хийсэн учир нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд мөн. Дээрээс нь хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчтэй оролцъё гэдэг хүсэлтийг хангаагүй гэж байна. Хэрэг хянан шийдвэрлэх явцад ийм хүсэлт гаргаж байгаагүй. Алдармаа өөрөө шүүх хуралдаанд оролцсон. Оролцохдоо манай өмгөөлөгч Баянгол дүүрэг дээр шүүх хуралдаантай, шүүх хурал давхацсан гэдэг үндэслэлээр тайлбарласан. Гэхдээ шүүх хурал давхацсан гэдгээ нотлоогүй. Тийм байж өнөөдөр шүүх хуралдаанд өмгөөлөгчтэй оролцох эрхийг маань хангаагүй гэж хэлээд байгаа нь үндэслэлгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчийн эрхийг зөрчсөн үйлдэл гаргаагүй. Хэрэгт ач холбогдолтой тохиолдолд шүүхээс хэргийн оролцогчийн гаргасан саналаар үзлэг хийдэг.  Хариуцагч хэрэгт ач холбогдолтой зүйлүүдээ нотлоогүй. Энэ мөнгийг А.А авсан, цаашаа О гэдэг хүн рүү дамжуулсан гэдэг дээр аль аль нь маргаагүй. Ийм болохоор шүүх хэрэгт авагдсан баримтыг хүрээнд шийдвэрээ гаргасан. Өнөөдрийн байдлаар А.А нь О гэдэг хүнийг Баянзүрх дүүргийн цагдаа дээр эрүүгийн хэрэг үүсгэж хянан шалгуулаад явж байгаа. Бид нар О гэдэг хүнтэй харьцаагүй А.А-гийн данс руу л шилжүүлсэн. А.А өөрөө 20 000 000 төгрөгөө О-ээс гаргуулах боломж байгаа шүү дээ. Гомдлоос харсан гомдол дээр анхан шатны шүүхийн шийдвэрийг 3 дугаар сарын 24-ний өдөр гардаж авсан байдаг. Тэгэхээр шууданд хийсэн огноог нь харахаар 3 дугаар сарын 22-ны өдөр байдаг. Гэтэл гомдол гаргах хугацаа нь 4 дүгээр сарын 5-ны өдөр дуусах байсан. Тиймээс гомдол гаргах хугацаагаа хэтрүүлсэн учраас энэ гомдол үндэслэлгүй учир  гомдлыг хэлэлцэхгүй байх боломж байна уу гэдгийг хангуулъя. Мөн давж заалдах гомдол үндэслэлгүй, шүүхийн шийдвэр үндэслэлтэй, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж үзээд шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна гэж үзлээ.

 

1/ Нэхэмжлэгч Т.Г-аас, хариуцагч А.А-д холбогдуулан “...Миний бие эхнэр Э.Х-ны танил эгч гэх А.А-ийн удахгүй эргүүлээд өгнө гэсний дагуу түүний эзэмшлийн Хаан банк дахь 53602057** тоот данс руу 2021-09-06-ны өдөр 20,000,000 төгрөгийг шилжүүлсэн, гэвч тэрээр өнөөдрийг хүртэл өгөлгүйгээр мөнгийг би аваагүй, өөр хүнд өгсөн, шүүхэд өгвөл өг гэсэн, хариуцагч А.А-гаас 20,000,000 төгрөгийг гаргуулах” тухай нэхэмжлэл гаргасан байна.

 

 Энэ нэхэмжлэлийг хариуцагчаас эс зөвшөөрч “...Миний бие Э.Х гэдэг дүүдээ туслах зорилгоор өөрийн танил эгч О-т 20 сая төгрөгийг өөрийн дансаар дамжуулан гаргаж өгсөн, О-ээс удаа дараа хүний мөнгийг эргүүлж өгөхийг шаардсан, одоо утас шөрмөсөө авахгүй холбогдож чадахгүй байгаа тул Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст түүнийг залилсан хэргээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгуулж байгаа, би Г гэх залууг би мэдэхгүй, би Г-аас мөн Х-аас мөнгө зээлж аваагүй” гэж маргажээ.

 

Хавтас хэрэгт авагдсан баримтаас үзвэл 2021-09-06-ны өдөр нэхэмжлэгчээс хариуцагчийн данс руу 20 000 000 төгрөгийг шилжүүлсэн, хариуцагч энэ мөнгийг өөрийн дансаар хүлээн авсан үйл  баримт болж өнгөрсөн нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн ХААН банкны дипозит дансны хуулга/1 хх 6/ болон зохигчийн зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд өгсөн тайлбар зэрэг нотлох баримтаар тогтоогдсон байх ба анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн эдгээр нотлох баримтыг хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой гэж үнэлж, эдгээр нотлох баримтад үндэслэн  нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

 

Өөрөөр хэлбэл Анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, 20 000 000 төгрөгийг хариуцагч А.А-аас гаргуулан нэхэмжлэгч Т.Г-д олгохоор шийдвэрлэсэн байх ба уг нэхэмжлэлийн шаардлагыг “...Иргэний хуульд заасан үндэслэлгүй хөрөнгөжсөнөөс үүсэх үүргийн харилцаа буюу нэхэмжлэгч Т.Г, хариуцагч А.А нарын хооронд үүрэг үүсээгүй байх тул нэхэмжлэгчийг өөрийн хөрөнгө болох 20 000 000  төгрөгийг  хариуцагч А.А-аас буцаан шаардах эрхтэй” гэж тэдгээрийн хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлж, хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцжээ.

 

 2/ Хариуцагч А.А-ийн дээрх шийдвэрийг эс зөвшөөрч “...Анхан шатны шүүх нотлох баримт гаргаж өгөх, бүрдүүлэх эрхээр хангаагүй, шүүх хуулийг буруу хэрэглэсэн, нотлох баримт бүрдүүлэх цуглуулах эрхээр хангаагүй, өмгөөлөгч авах эрхээр хангаагүй зохигчийн эрх зүйн байдлыг дордуулсан, мөн шүүх хуралдаан 1 удаа зарлаж,  дахин хойшлуулаагүйд гомдолтой. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгч, анхан шатны шүүх рүү дахин хянан хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэж өгнө үүгэсэн агуулга бүхий гомдлыг хүлээн авч, хангах үндэслэлгүй гэж үзлээ. 

 

Учир нь анхан шатны шүүхээс, хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах гаргах өгөх болон мэтгэлцэх эрхийг эдлүүлээгүй, хууль зүйн туслалцаа авах, өмгөөлөгч авах эрхийг нь хангаагүй мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэж үзэх нөхцөл байдал  тус тус тогтоогдохгүй байна.

 

Тухайлбал шүүхээс 2022-01-28-ны өдөр нэхэмжлэлийг хүлээн авч улмаар  хариуцагчид уг нэхэмжлэлийн хувийг хуулийн хугацаанд буюу мөн сарын 31-ний өдөр гардуулахдаа түүнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдлэх эрх, хүлээх үүргийг тайлбарлаж/1хх 15/, танилцуулан/1хх 15/ гарын үсгийг зуруулжээ.

 

Харин хариуцагчаас хариу тайлбарыг хуульд заасан 14 хоногийн дотор буюу   2022-02-14-ний өдөр биш хугацаа хэтрүүлж буюу мөн сарын 22-ны өдөр зөвхөн хариу тайлбараа шүүхэд ирүүлсэн байна.

 

Түүнчлэн  хариуцагч А.А шүүхээс 2022 оны 03 дугаар сарын 07-11-ний хооронд шүүх хуралдаан зарлах гэж байгаа талаар 2022-03-04, 10-ны өдрүүдэд мэдсэн/1 хх 27, 28, 29, 34, 36, 37/ атлаа нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан үндэслэл, татгалзлын үндэс болж байгаа байдлыг нотлох баримтаар нотлоогүйн гадна өөрийн банкны дансаар 20 000 000 төгрөгийг нэхэмжлэгчээс хүлээн авсан бодит нөхцөл байдлыг үгүйсгэх нотлох баримтыг гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй төдийгүй товлогдсон шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нотлох баримт  болон өмгөөлөгч авах, өмгөөлөгчтэй хуралдаанд оролцох тухай хүсэлтийг шүүхэд гаргаагүй, ирүүлээгүй байх тул анхан шатны шүүхийг хариуцагчийн хуульд заасан эрхийг эдлүүлээгүй, эдлэх боломжоор хангаагүй, хуулиар олгогдсон эрхийг нь ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй юм.

 

3/ “Хариуцагч” гэж нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэж нэхэмжлэлд дурдсан этгээдийг хэлдэг бөгөөд хариуцагчаар оролцох этгээдийг нэхэмжлэгч сонгодог ба нэхэмжлэгч хариуцагчийг өөр этгээдээр солих тухай хүсэлт гаргаагүй, эсхүл зөвшөөрөөгүй бол шүүх хариуцагчийг сольж болохгүй, тиймээс нэхэмжлэгч Т.Г-ын хариуцагч А.А-д холбогдуулан гаргасан нэхэмжлэл нь  энэхүү хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журамд нийцжээ.

 

4/ Шүүхийн шийдвэрийг хариуцагч А.А 2022-03-22-ны өдөр хүлээн авсан/1 хх 57/ бөгөөд шийдвэрийг гардан авсан авснаас хойш 14 хоногийн хугацаанд буюу хариуцагч 2022-04-06-ны өдөр давж заалдах гомдлоо гаргасан/1 хх 66/ байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.О-ын “...хариуцагч гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн учир хэргийг хэлэлцэхээс татгалзах ёстой” гэсэн хүсэлт, тайлбарыг хүлээн авч хангах үндэслэлгүй болно. 

 

Иймд эдгээр дурдсан үндэслэлээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч А.А-ийн гаргасан давж заалдах гомдлыг  хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Нэгэнт анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхисон учир хариуцагчийн давж заалдах гомдол гаргахад төлсөн 257950/1 хх 62/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.  Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 137/ШШ2022/00083 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч А.А-ийн гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 57.4, 162 дугаар зүйлийн 162.4-т тус тус зааснаар хариуцагч А.А-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 257950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны  шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.  

 

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 14 хоногийн дотор магадлалын агуулгыг бүрэн эхээр бичгээр үйлдэж, шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурснаас хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь  хяналтын  журмаар  гомдол  гаргах хугацааг тоолоход   саад  болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй. 

 

 

 

                                ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                    Н.БАТЧИМЭГ

 

                                                 ШҮҮГЧИД                                     А.САЙНТӨГС

 

                                                                                                       Н.БОЛОРМАА