Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 182/ШШ2022/00762

 

                                                                                         

 

 

 

 

 

 

                                      2022        03         22

                            182/ШШ2022/00762

   

 

                              

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

       

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Буд даргалж, шүүгч Ч.Даваасүрэн, Ц.Наранчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: О ХХК

 

Хариуцагч: АМГТГ

 

албан тушаалтны хууль бус шийдвэрийн улмаас хохирол учирсан гэж 721,968,917.5 төгрөг нэхэмжилсэн тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.О,

нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.С,

хариуцагчийн төлөөлөгч М.Б,

иргэдийн төлөөлөгч Б.Э,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Д.                        

 

                                          ТОДОРХОЙЛОХ нь:

 

   Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “О” ХХК нь 2018 оны 11-р сард “Д” ХХК-аас ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайг хэсэгчлэн шилжүүлэн авахаар судалж эхэлсэн юм. Тусгай зөвшөөрлийг шилжүүлэн авахтай холбоотой баримт бичгийн судалгаа хийхэд энэхүү MV-020873 дугаартай тусгай зөвшөөрлийг анх 2007 онд MV-12923 дугаартайгаар “Оё” ХХК-д олгож, 2009 онд тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон боловч 2017 онд 128/ШШ2017/0466 дугаартай шүүхийн шийдвэрээр сэргээсэн, 2018 онд “Д” ХХК шилжүүлэн авсан бөгөөд дугаарыг нь MV-020873 болгож өөрчилсөн тусгай зөвшөөрөл байсан. MV-020873 дугаартай тусгай зөвшөөрөл нь шүүхийн шийдвэрээр сэргээсэн, аливаа эрх зүйн маргаан байхгүй тусгай зөвшөөрөл байсан.

 

АМГТГ шийдвэрээр тусгай зөвшөөрөл нь хүчин төгөлдөр, эрхийн зөрчилгүй байсан, АМГТГ бүртгэлд хүчинтэй гэж бүртгэгдсэн байсан тул Ашигт малтмалын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3-т заасны дагуу 2018 оны 11 сарын 30-ны өдөр Геологи, уулын ажлын тайлан мэдээ, мэдээллийг худалдах, худалдан авах гэрээ байгуулж, улмаар 2018 оны 12 сарын 06-ны өдөр Тусгай зөвшөөрлийг шилжүүлэх тухай өргөдлийг АМГТГт гаргасан юм.

 

Тусгай зөвшөөрлийг шилжүүлэх тухай хүсэлтийг 2018 оны 12 сарын 06-ны өдөр гаргахдаа бид Ашигт малтмалын тухай хуулийн 49.4.1-49.4.8-д заасан бүх материалыг бүрдүүлэн гаргаж өгсөн бөгөөд тус ашиглалтын тусгай зөвшөөрөл нь улсын тусгай хамгаалалтын газартай давхцалтай болохыг дурьдаж, зөрчилдөх зүйл байгаа эсэхийг тусгайлан лавласан боловч эрх зүйн зөрчилгүй гэж үзэж АМГТГ даргын 2018 оны 12 сарын 26-ны өдрийн 907 тоот шийдвэрээр “О” ХХК-д ашигт малтмалын ашиглалтын MV-021248 дугаартай тусгай зөвшөөрлийг олгосон юм. Гэтэл 2019 оны 03 сард Хамарын хийд шашны байгууллагын хүсэлтээр анх “Оё” ХХК-д олгосон ашигт малтмалын ашиглалтын MV-12923 дугаартай тусгай зөвшөөрлийг 2017 онд сэргээсэн шүүхийн шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас дахин хянуулах хүсэлт гаргаж, улмаар 2019 оны 07 сарын 08-ны өдрийн 128/ШШ2019/0078 дугаартай шүүхийн тогтоолоор хэргийг дахин хянан хэлэлцэхээр шийдвэрлэсэн байсан. “О” ХХК-ыг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шийдвэрийг дахин хянан хэлэлцэх ажиллагаанд болон хэргийг дахин хянан хэлэлцэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцуулаагүй.

 

Энэ ажиллагааны явцад АМГТГ Кадастрын хэлтсийн дарга 2019 оны 07 сарын 26-ны өдөр 371 дугаартай шийдвэрийг гаргаж “Д” ХХК-ийн MV-020873 дугаартай тусгай зөвшөөрлийн талбайгаас “О” ХХК-д хэсэгчлэн шилжүүлэх, “О” ХХК-д MV-021248 дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох тухай 2019 оны 12 сарын 26-ны өдрийн 907 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн тул бид 371 дугаартай захиргааны актыг хүчингүй болгуулахаар шүүхэд хандсан. Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 сарын 11-ний өдрийн 768 дугаартай шийдвэрээр “Оё” ХХК-ийн 2017 онд гаргасан нэхэмжлэл болон манай “О” ХХК-ийн 2020 оны 11 сарын 01-ний өдөр гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж, улмаар давж заалдах шатны шүүхийн 2021 оны 03 сарын 09-ний өдрийн 122 тоот магадлалаар шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж баталсан.

 

Захиргааны хэргийн шүүх үзэхдээ, анх “Оё” ХХК-аас эхтэй тусгай зөвшөөрлийг “Д” ХХК-д бүхэлд нь, улмаар түүнээс “О” ХХК-д хэсэгчлэн шилжүүлэх эрх зүйн үр дагавартай үйлдлийг хийхдээ төрийн захиргааны байгууллага буюу АМГТГ нь тус газрыг тусгай хамгаалалтанд авсан байсныг анхаараагүйн улмаас үр дагавар-ууд үүссэн болохыг дүгнэсэн ба энэ нь шүүхийн шийдвэрийн нэг гол үндэслэл болсон.

 

Шүүх “орон нутгийн тусгай хамгаалалтанд 2010, 2014 онд авч кадастрын бүртгэлийн системд бүртгэсэн газарт давхцуулан 2017 оны 07 сарын 19-ний 404 дүгээр тушаалаар 12923 А дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлийг сэргээсэн хариуцагчийн шийдвэрийг зөвтгөх боломжгүй юм., Хариуцагч шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хянах хүсэлт”-д холбогдох тайлбартаа орон нутгийн тусгай хамгаалалтад авсан шийдвэр кадастрын бүртгэлийн системд бүртгэгдсэн байсан талаар дурдсан байх бөгөөд улмаар шүүхийн шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянасан шүүхийн тогтоолыг үндэслэн 2017 оны 404 дүгээр тусгай зөвшөөрлийг сэргээсэн шийдвэр болон түүнээс дагалдаж гарсан бусад шийдвэрийг хүчингүй болгож, өөрөөр хэлбэл өмнө гаргасан алдаатай шийдвэрүүдээ залруулсан байх тул АМГТГ Кадастрын хэлтсийн 371 дүгээр шийдвэр хууль зөрчөөгүй байна.”, Иргэний хуулийн 498.2-т Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр харилцан арилгана гэжээ.

 

 “О” ХХК-ийн хувьд тухайн үед хүчин төгөлдөр гэсэн бүртгэлтэй байсан тусгай зөвшөөрлийг шилжүүлэн авахаар гэрээ хийсэн, холбогдох татвар, хураамжийг төлсөн, тусгай зөвшөөрлийн талаар хуульд заасан үүргээ биелүүлэх болон бусад үйл ажиллагааны урсгал зардлуудыг гаргасан. Үүнд тухайлбал:

 

            1.“Д” ХХК-с тусгай зөвшөөрөл бүхий Геологи, уулын ажлын тайлан мэдээ, мэдээллийг худалдан авах гэрээ байгуулж, гэрээний дагуу 500,000,000 төгрөг төлсөн. Энэхүү гэрээний дагуу шилжүүлэн авсан Геологи, уулын ажлын тайлан мэдээ, мэдээлэл нь зөвхөн Тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр байх нөхцөлд хэрэглэх боломжтой бөгөөд “О” ХХК-д тусгай зөвшөөрлийн талбайг  хэсэгчлэн шилжүүлсэн шийдвэр хууль бус болсноор цаашид ашиглах ямар ч боломжгүй болсон юм.

          Өөрөөр хэлбэл хүчингүй болсон тусгай зөвшөөрлийн тайлан мэдээллийг ашиглах боломжгүй, үр ашиггүй бөгөөд ийнхүү их хэмжээний зардал гаргах үндэслэл нь АМГТГ Кадастрын хэлтсийн дээр дурдсан 3 алдаатай шийдвэр юм.

 

          2.”Д” ХХК-аас тусгай зөвшөөрлийн эрх шилжүүлэн авах гэрээ байгуулсны дагуу 2006 оны ААНОАТатварын тухай хуулийн 17.2.7-р зүйлд заасны дагуу эрх борлуулсны орлогын албан татварт 150,000,000 төгрөгийг төлсөн.

 

          3.Улсын  тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 25.1.5-р зүйлд заасны дагуу Тусгай зөвшөөрлийг шилжүүлэх өргөдлийн улсын тэмдэгтийн хураамж 7,000,000 төгрөгийг төлсөн.

 

          4.2019 оны 06 сарын 10-нд 64,968,917.5 төгрөг төлсөн.

 

          5.Харин БНХАУ-аас тоног төхөөрөмж худалдан авахаар тохиролцож өндөр дүнтэй гэрээ байгуулсан байсан боловч багагүй ажил, хэлэлцээр хийж байж гэрээг цуцалж, учирч болох хохирлын хэмжээг багасгаж чадсан юм. Дээрх байдлаар АМГТГ хууль бус шийдвэрийн улмаас “О” ХХК-д нийт 721,968,917.5 төгрөгийн хохирол учраад байна. Иймд АМГТГ хууль бус шийдвэрийн улмаас, бий болсон хохиролд 721,968,917.5 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

          Хариуцагч АМГТГшүүхэд ирүүлсэн болон түүний төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: АМГТГ хууль бус шийдвэрийн улмаас бий болсон хохиролд нийт 721,968,917.5 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байна.

 

          Дорноговь аймгийн Эрдэнэ, Өргөн сумын Хар тал нэртэй 25301 гектар талбайд 2007 оны 08 дугаар сарын 03-ны өдөр АОЛК ХХК-д 012618Х тоот хайгуулын тусгай зөвшөөрлийг Кадастрын бүртгэлийн төвийн даргын 2007 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 2375 дугаар шийдвэрээр олгосон. АОЛКХХК-аас ашигт малтмалын ашиглалтын 012923А тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийг Оё ХХК-д бүхэлд нь шилжүүлэх хүсэлт гаргасныг хянан үзэж мөн Кадастрын бүртгэлийн төвийн даргын 2007 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 2407 дугаар шийдвэрээр бүртгэсэн. ОёХХК-аас ашигт малтмалын ашиглалтын 012923А тоот тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөр төлөөгүй тул Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт заасныг үндэслэн Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын /хуучин нэрээр/ 2009 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 516 дугаар шийдвэрээр цуцалсан.

 

          ОёХХК-иас ашигт малтмалын ашиглалтын 012923А тоот тусгай зөвшөөрлийг цуцалсан тухай 516 дугаар шийдвэрийн тус компанид холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийг Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргаж, мөн шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 0466 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн бөгөөд уг шүүхийн шийдвэрийг үндэслэн Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 07 дугаар сарын 19-ний 404 дүгээр шийдвэрээр ашигт малтмалын ашиглалтын 012923А тоот тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээн бүртгэсэн байна.

 

          Оё ХХК-аас ашигт малтмалын ашиглалтын MV-012923 тоот тусгай зөвшөөрлийн талбайгаас усан сан бүхий газартай давхцалтай хэсгийг хасуулж солбицолд өөрчлөлт оруулснаар талбайн хэмжээ 25262,44 гектар болсон. Оё ХХК-аас ашигт малтмалын ашиглалтын MV-020873 тоот тусгай зөвшөөрлийг Д ХХК-д бүхэлд нь шилжүүлэх хүсэлт гаргасныг хянан үзэж Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 443 дугаар шийдвэрээр бүртгэсэн. Д ХХК-иас ашигт малтмал ашиглалтын MV-020873 тоот тусгай зөвшөөрлийг талбайгаас 8961,23 гектар талбайг хэсэгчлэн О ХХК-д шилжүүлэх хүсэлт гаргасныг хянан кадастрын хэлтсийн даргын 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 907 дугаар шийдвэрээр бүртгэсэн ба О ХХК-д ашигт малтмал ашиглалтын MV-021248 тоот тусгай зөвшөөрөл олгосон. Талбайг хэсэгчлэн шилжүүлснээр MV-020873 тоот тусгай зөвшөөрлийн талбайн хэмжээ 16301,21 гектар болсныг бүртгэсэн.

 

          2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хянуулах тухай хүсэлтийг хангах тухай тогтоол гарч Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 0466 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлүүлэхээр тус шүүхэд буцаасан. 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр /0768 дугаартай/ гарч, О ХХК-ийн АМГТГ Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 371 дүгээр шийдвэрийн ОХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, MV-021248 дугаартай тусгай зөвшөөрлийг сэргээлгэх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

         

          Мөн Нийслэл дэх захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 122 тоот магадлалаар шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж баталсан. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-т заасны дагуу нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

 

          Иргэдийн төлөөлөгч Б.Э шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Энэ шүүх хурал нь газрын маргааныг шийдвэрлэх тухай байлаа. Нэхэмжлэгч, хариуцагчтай тайлбар, асуулт мэтгэлцээн хийлээ. Уг хэрэг нь компанийн эрхийг зөрчиж байгаа юм шиг харагдаж байвч, орон нутгийн тусгай хэрэгцээний газрыг эзэмших эрхийг тэр тусмаа хүчингүй болгосон газрыг хоорондоо худалдах нь тухайн орон нутгийн эрхийг зөрчиж байна гэж үзэж байна. Монгол улсын үндсэн хуулийг, байгууллагын эрхийг зөрчихгүй, зөв шударга шийдвэр гарна байх гэжээ.

 

          Шүүх нэхэмжлэгчийн ирүүлсэн Геологи, уулын ажлын тайлан мэдээ, мэдээллийг худалдан авах гэрээ, мөнгө төлсөн баримтууд, компанийн улсын бүртгэлийн гэрчилгээ, ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар, шүүхийн шийдвэр,  хариуцагчийн ирүүлсэн ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг компани хооронд шилжүүлсэн баримт, шилжүүлснийг бүртгэсэн болон тусгай зөвшөөрлийн эрх сэргээсэн цуцалсан тухай Кадастрын даргын шийдвэрүүд, дотоод хяналтын хуудас зэрэг баримтыг шинжлэн судлав.

 

                                                    ҮНДЭСЛЭХ нь:

         

          1.Нэхэмжлэгч “О” ХХК хариуцагч АМГТГ албан тушаалтны хууль бус шийдвэрийн улмаас хохирол учирсан гэж АМГТГ 721,968,917.5 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийг шүүхэд гаргасан ба хариуцагч шүүхийн шийдвэрийн дагуу АМГТГ албан тушаалтан шийдвэр гаргасан тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж марган мэтгэлцэж байна.

 

          2.Дорноговь аймгийн Эрдэнэ, Өргөн сумын Хар тал нэртэй 25301 гектар талбайд 2007 оны 08 дугаар сарын 03-ны өдөр АОЛК ХХК-д 012618Х тоот хайгуулын тусгай зөвшөөрлийг Кадастрын бүртгэлийн төвийн даргын 2007 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 2375 дугаар шийдвэрээр олгосон, АОЛКХХК-аас ашигт малтмалын ашиглалтын 012923А тоот тусгай зөвшөөрлийг Оё ХХК-д шилжүүлснийг мөн даргын 2007 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 2407 дугаар шийдвэрээр бүртгэсэн байх ба ОёХХК-аас ашигт малтмалын ашиглалтын 012923А тоот тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөр төлөөгүй тул Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2009 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 516 дугаар шийдвэрээр тусгай зөвшөөрлийг цуцалжээ.

 

          ОёХХК-иас ашигт малтмалын ашиглалтын 012923А тоот тусгай зөвшөөрлийг цуцалсан тухай 516 дугаар шийдвэрийн тус компанид холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийг Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргаж, мөн шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 0466 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн бөгөөд уг шүүхийн шийдвэрийг үндэслэн Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 07 дугаар сарын 19-ний 404 дүгээр шийдвэрээр Оё ХХК-д ашигт малтмалын ашиглалтын 012923А тоот тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээн бүртгэсэн байна.

 

          Оё ХХК-аас ашигт малтмалын ашиглалтын MV-012923 тоот тусгай зөвшөөрлийн талбайгаас усан сан бүхий газартай давхцалтай хэсгийг хасуулж солбицолд өөрчлөлт оруулснаар талбайн хэмжээ 25262,44 гектар болсон. Оё ХХК-аас ашигт малтмалын ашиглалтын MV-020873 тоот тусгай зөвшөөрлийг Д ХХК-д бүхэлд нь шилжүүлэх хүсэлт гаргасныг хянан үзэж Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 443 дугаар шийдвэрээр бүртгэсэн, Д ХХК нь “О ХХК-тай Геологи, уулын ажлын тайлан мэдээ, мэдээллийг худалдах, худалдан авах гэрээ байгуулж, өөрийн ашигт малтмал ашиглалтын MV-020873 тоот тусгай зөвшөөрлийн талбайгаас 8961,23 гектар талбайг хэсэгчлэн О ХХК-д шилжүүлэх хүсэлт гаргасныг хянан Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 907 дугаар шийдвэрээр бүртгэж, О ХХК-д ашигт малтмал ашиглалтын MV-021248 тоот тусгай зөвшөөрөл олгосон байна.

 

          3.Хэргийн оролцогчийн хүсэлтээр 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хянаж, тус шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 0466 дугаар шийдвэрийг хүчингүй болгосон ба хэргийг ердийн журмаар шүүх шийдвэрлэж, 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн шийдвэр /0768 дугаартай/ гарч, О ХХК-ийн АМГТГ Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 371 дүгээр шийдвэрийн ОХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, MV-021248 дугаартай тусгай зөвшөөрлийг сэргээлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

 

            4.Нэхэмжлэгч өөрт нь шилжиж олгогдсон ашигт малтмалын тусгай зөвшөөрөл хүчингүй болсон, энэ нь тус байгууллагын албан тушаалтны талбайг, тусгай хэрэгцээний газартай давхцуулж бүртгэсэн хариуцлагагүй ажиллагаатай холбоотой гэж хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газраас

 

-“Д” ХХК-иас хэсэгчилж, тусгай зөвшөөрлийн талбай бүхий Геологи, уулын ажлын тайлан мэдээ, мэдээллийг худалдан авах гэрээ байгуулж, гэрээний дагуу худалдагчид 2018 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр төлсөн 500,000,000 төгрөг,

          -2006 оны Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 17.2.7-р зүйлд заасны дагуу эрх борлуулсны орлогын албан татварт Баянзүрх дүүрэгт 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр төлсөн 150,000,000 төгрөг,

          -тусгай зөвшөөрөл шилжүүлэх өргөдлийн улсын тэмдэгтийн хураамжид  Улсын  тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 25.1.5-р зүйлд заасны дагуу төлсөн 7,000,000 төгрөг,

          -MV-021248 тоот тусгай зөвшөөрлийн төлбөрт 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр төлсөн 64,968,917.5 төгрөг,

          нийт 721,968,917.5 төгрөгийг нэхэмжилж байна.

 

            5.Нэхэмжлэгч ОХХК нь бусдаас тусгай зөвшөөрөл бүхий талбайг шилжүүлж авахаар Ашигт малтмал, газрын тосны газарт 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүсэлт гаргахдаа хэсэгчлэн шилжүүлж авч буй талбай нь аймгийн тусгай хэрэгцээний газартай давхцалтай байгааг тэмдэглэж байсан байх бөгөөд хариуцагч тус талбайг “Д” ХХК-иас ОХХК-д шилжүүлснийг бүртгэсэн байна. Хожим нь буюу Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн шийдвэр /0768 дугаартай/-ээр ОХХК, АМГТГ аль аль нь ашигт малтмалын зөвшөөрөл бүхий талбайг аймгийн тусгай хэрэгцээний газартай давхцалтай гэдгийг мэдэж байсан үндэслэлээр О ХХК-ийн АМГТГ Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 371 дүгээр шийдвэрийн ОХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, MV-021248 дугаартай тусгай зөвшөөрлийг сэргээлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

          6.Нэхэмжлэгчийн “Д” ХХК-тай Геологи, уулын ажлын тайлан мэдээ, мэдээллийг худалдан авах гэрээ байгуулж, гэрээний дагуу 2018 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр түүнд төлсөн 500,000,000 төгрөг, эрх борлуулсны орлогын албан татварт Баянзүрх дүүрэгт 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр төлсөн 150,000,000 төгрөг, тусгай зөвшөөрөл шилжүүлэх өргөдлийн улсын тэмдэгтийн хураамжид  Улсын  тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 25.1.5-р зүйлд заасны дагуу улсад төлсөн 7,000,000 төгрөг зэрэг нь нэхэмжлэгч гэрээний дагуу бусдад төлсөн, худалдагчийн мэдээ мэдээллийг  худалдаж олсон орлогын албан татвар, мөн тусгай зөвшөөрөл бүхий талбайг бусдад шилжүүлсэнтэй холбоотой улсад төлсөн төлбөрүүд байх ба тэдгээрийг хариуцагч АМГТГхариуцах үндэслэлгүй байна. Нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрөл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар хүчингүй болсон тул дээрх төлсөн төлбөрийн талаар холбогдох этгээдүүдэд хандах боломжтой байна.

 

          7.Харин нэхэмжлэгч MV-021248 тоот тусгай зөвшөөрлийн жилийн төлбөрт 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр төлсөн 64,968,917.5 төгрөгийн хувьд, түүний тусгай зөвшөөрөл нь АМГТГ Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 371 дүгээр шийдвэрээр хүчингүй болсон, ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий талбайг нэхэмжлэгч 7 сарын турш өөрийн эзэмшил, мэдэлд байлгасан, түүнээс хойш өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар дээрх талбай түүний эзэмшил, мэдлээс гарсан тул жилийн төлбөрт төлсөн төлбөрөөс 5 сард оногдох хэсэг болох 27,070,382 төгрөгийг хариуцагчаас нэхэмжлэгчид гаргуулж олгох нь зүйтэй байна. 

 

          8. Нэхэмжлэгч шаардах эрхийн үндэслэлээ Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2 гэж үндэслэж байх ба шүүх нэхэмжлэгчийн шаардах эрхийн үндэслэлийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 гэж гэж тодорхойлов.

 

9. Иргэдийн төлөөлөгч “Уг хэрэг нь компанийн эрхийг зөрчиж байгаа юм шиг харагдаж байвч, орон нутгийн тусгай хэрэгцээний газрыг эзэмших эрхийг тэр тусмаа хүчингүй болгосон газрыг хоорондоо худалдах нь тухайн орон нутгийн эрхийг зөрчиж байна гэж үзэж байна” дүгнэсэн нь тусгай хэрэгцээний газартай давхцалтай байсан тусгай зөвшөөрөл бүхий талбайг өөр хоорондоо шилжүүлэхдээ нэхэмжлэгч хариуцагч нар аль аль нь анхааралтай хандах байсныг хэлж байна гэж үзнэ.

 

           

            Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 

                                                              ТОГТООХ нь:

 

  1.  Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг баримтлан АМГТГ 27,070,382 төгрөгийг гаргуулж “О” ХХК-д олгож, нэхэмжлэгчийн 694,898,535.5 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.2-т зааснаар хариуцагч АМГТГ улсын тэмдэгтийн хураамжинд 293,302 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгон, нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 3,767,795 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

            3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119-р зүйлийн 119.2,  120-р зүйлийн  120.2-д  зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц  хуулийн  хүчинтэй  болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч  14 хоногт бэлэн болох  шийдвэрийг 14 хоногийн  гардан авах  үүрэгтэй ба  гардан авснаас хойш 14  хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                     ДАРГАЛАГЧ                                            С.БУД

 

                     ШҮҮГЧИД                                               Ч.ДАВААСҮРЭН

 

                                                                                     Ц.НАРАНЧИМЭГ