Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2022/00986

 

2022.05.20 Магадлал төсөл

О.И.Б- ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Д.Цогтсайхан, шүүгч Д.Бямбасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 22ы өдрийн 182/ШШ2022/00762 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч О.И.Б- ХХК-ийн хариуцагч А.М.Г.Т.Г холбогдуулан гаргасан албан тушаалтны хууль бус шийдвэрийн улмаас учирсан хохирол 721,968,917.50 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Бямбасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунбат /цахимаар/, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Сэргэлэн /цахимаар/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Батдэлгэр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: О.И.Б- ХХК нь 2018 оны 11 дүгээр сард Даблью Эс Жи Эл ХХК-аас ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайг хэсэгчлэн шилжүүлэн авахаар судалж эхэлсэн юм. Ашигт малтмал газрын тосны газрын шийдвэрээр тусгай зөвшөөрөл нь хүчин төгөлдөр, эрхийн зөрчилгүй, тус газрын бүртгэлд хүчинтэй гэж бүртгэгдсэн байсан тул Ашигт малтмалын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3 дахь хэсэгт заасны дагуу 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Геологи, уулын ажлын тайлан мэдээ мэдээллийг худалдах-худалдан авах гэрээ байгуулж, улмаар 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр тусгай зөвшөөрлийг шилжүүлэх тухай өргөдлийг А.М.Г.Т.Г гаргасан юм. Тусгай зөвшөөрлийг шилжүүлэх тухай хүсэлтийг 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр гаргахдаа бид Ашигт малтмалын тухай хуулийн 49.4.1-49.4.8-д заасан бүх материалыг бүрдүүлэн гаргаж өгсөн бөгөөд тус ашиглалтын тусгай зөвшөөрөл нь орон нутгийн тусгай хамгаалалтын газартай давхцалтай болохыг дурьдаж зөрчилдөх зүйл байгаа эсэхийг тусгайлан лавлахад эрх зүйн зөрчилгүй гэж үзэж Ашигт малтмал газрын тосны газрын даргын 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 907 тоот шийдвэрээр О.И.Б- ХХК-д ашигт малтмалын ашиглалтын MV-021248 дугаартай тусгай зөвшөөрлийг олгосон юм. Гэтэл 2019 оны 03 дугаар сард Хамарын хийд шашны байгууллагын хүсэлтээр анх Оёяашиёоу ХХК-д олгосон ашигт малтмалын ашиглалтын MV-12923 дугаартай тусгай зөвшөөрлийг 2017 онд сэргээсэн шүүхийн шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас дахин хянуулах хүсэлт гаргаж, улмаар 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 128/ШШ2019/0078 дугаартай шүүхийн тогтоолоор хэргийг дахин хянан хэлэлцэхээр шийдвэрлэсэн байсан. Энэ ажиллагааны явцад Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 371 дугаартай шийдвэрийг гаргаж Даблью Эс Жи Эл ХХК-ийн MV-020873 дугаартай тусгай зөвшөөрлийн талбайгаас О.И.Б- ХХК-д хэсэгчлэн шилжүүлэх, О.И.Б- ХХК-д MV-021248 дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох тухай 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 907 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн тул бид 371 дугаартай захиргааны актыг хүчингүй болгуулахаар шүүхэд хандсан. Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 768 дугаартай шийдвэрээр Оёяашиёоу ХХК-ийн 2017 онд гаргасан нэхэмжлэл болон манай О.И.Б- ХХК-ийн 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж, улмаар давж заалдах шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 122 тоот магадлалаар шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Шүүх ... орон нутгийн тусгай хамгаалалтад 2010, 2014 онд авч кадастрын бүртгэлийн системд бүртгэсэн газарт давхцуулан 2017 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 404 дүгээр тушаалаар 12923А дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлийг сэргээсэн хариуцагчийн шийдвэрийг зөвтгөх боломжгүй юм., Хариуцагч шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хянуулах хүсэлтэд холбогдох тайлбартаа орон нутгийн тусгай хамгаалалтад авсан шийдвэр кадастрын бүртгэлийн системд бүртгэгдсэн байсан талаар дурдсан байх бөгөөд улмаар шүүхийн шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянасан шүүхийн тогтоолыг үндэслэн 2017 оны 404 дүгээр тусгай зөвшөөрлийг сэргээсэн шийдвэр болон түүнээс дагалдаж гарсан бусад шийдвэрийг хүчингүй болгож, өөрөөр хэлбэл өмнө гаргасан алдаатай шийдвэрүүдээ залруулсан байх тул Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн 371 дүгээр шийдвэр хууль зөрчөөгүй байна., Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2 дахь хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана гэжээ.

О.И.Б- ХХК-ийн хувьд тухайн үед хүчин төгөлдөр бүртгэлтэй байсан тусгай зөвшөөрлийг шилжүүлэн авахаар гэрээ хийсэн, холбогдох татвар хураамжийг төлсөн, тусгай зөвшөөрлийн талаар хуульд заасан үүргээ биелүүлэх болон бусад үйл ажиллагааны урсгал зардлуудыг гаргасан. Үүнд тухайлбал:

а. Даблью Эс Жи Эл ХХК-аас тусгай зөвшөөрөл бүхий Геологи, уулын ажлын тайлан мэдээ мэдээллийг худалдан авах гэрээ байгуулж, гэрээний дагуу 500,000,000 төгрөг төлсөн.

б. Даблью Эс Жи Эл ХХК-аас тусгай зөвшөөрлийн эрх шилжүүлэн авах гэрээ байгуулсны дагуу 2006 оны ААНОАТатварын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.7-д заасны дагуу эрх борлуулсны орлогын албан татварт 150,000,000 төгрөгийг төлсөн.

в. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.5-д заасны дагуу тусгай зөвшөөрлийг шилжүүлэх өргөдлийн улсын тэмдэгтийн хураамж 7,000,000 төгрөгийг төлсөн.

г. 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдөр тусгай зөвшөөрлийн төлбөрт 64,968,917.50 төгрөг төлсөн.

Иймд Ашигт малтмал газрын тосны газрын хууль бус шийдвэрийн улмаас бий болсон хохиролд 721,968,917.50 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.   Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Ашигт малтмал газрын тосны газрын хууль бус шийдвэрийн улмаас бий болсон хохиролд нийт 721,968,917.50 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байна. Оуяашиёоу ХХК-аас ашигт малтмалын ашиглалтын 012923А тоот тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөр төлөөгүй тул Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасныг үндэслэн Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын /хуучин нэрээр/ 2009 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 516 дугаар шийдвэрээр тусгай зөвшөөрлийг цуцалсан. Оуяашиёоу ХХК-аас ашигт малтмалын ашиглалтын 012923А тоот тусгай зөвшөөрлийг цуцалсан тухай 516 дугаар шийдвэрийн тус компанид холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргаж, мөн шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 0466 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн бөгөөд уг шүүхийн шийдвэрийг үндэслэн Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 404 дүгээр шийдвэрээр ашигт малтмалын ашиглалтын 012923А тоот тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээн бүртгэсэн байна. 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хянуулах тухай хүсэлтийг хангах тухай тогтоол гарч тус шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 466 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасан. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 768 дугаартай шийдвэр гарч, О.И.Б- ХХК-ийн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 371 дүгээр шийдвэрийн тус компанид холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, MV-021248 дугаартай тусгай зөвшөөрлийг сэргээлгэх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Мөн Нийслэл дэх Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 122 тоот магадлалаар шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-т заасны дагуу нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан Ашигт малтмал газрын тосны газраас 27,070,382 төгрөгийг гаргуулж О.И.Б- ХХК-д олгож, нэхэмжлэгчийн 694,898,535.50 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ашигт малтмал газрын тосны газраас улсын тэмдэгтийн хураамжид 293,302 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгон, нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 3,767,795 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.а. Анхан шатны шүүх өмнө нь Захиргааны хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхээс нэгэнт тогтоогдсон, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой үйл баримтыг харгалзан үзээгүй.

О.И.Б- ХХК-ийн хувьд хууль бус үйлдэл хийгээгүй, хууль зөрчөөгүй байхад түүнд олгосон тусгай зөвшөөрлийг Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 371 тоот шийдвэрээр хүчингүй болгож, тэрхүү шийдвэрийг Захиргааны хэргийн шүүх дүгнэхдээ өмнө нь гаргасан 2017 оны 404, 443, 907 тоот шийдвэрүүд нь Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн алдаатай шийдвэрүүд байсан. Ашигт малтмал газрын тосны газрын өмнө нь гаргасан шийдвэрүүд, алдаатай үйл ажиллагааг зөвтгөх боломжгүй гэж дүгнэсэн. Анхан шатны шүүх Ашигт малтмал газрын тосны газрын хууль бус үйлдлийг дээрх байдлаар тогтоосон үйл баримтыг харгалзан үзэхгүйгээр зөвхөн тухайн газар өөртөө ашиг орлого олсон эсэх талаар дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

4.б. Гэм хор, хууль бус үйлдлийн шалтгаант холбоог харгалзан үзэлгүйгээр харин хөрөнгө орлогыг хүлээн авсан этгээдүүдэд хандах боломжтой гэж бодит үндэслэлгүй дүгнэлт гаргасан.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хариуцлагаас чөлөөлөгддөг. Гэтэл хариуцагч энэ талаар тайлбар гаргаж нотлоогүй. Нэхэмжлэгч нь хариуцагчийн хууль бус алдаатай үйл ажиллагааны улмаас тусгай зөвшөөрлийн талбайн мэдээллийг худалдан авах зэргээр их хэмжээний хохирол учирсныг хэрэгт авагдсан баримтаар нотолсон, хариуцагчийн хууль бус үйлдэл нь гэм хор учруулах үндэслэл болоогүй гэдгийг нотлоогүй байхад нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

4.в. Шүүх өөр хуулийг, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн.

Иргэний хуулийн 498 дугаар зүйлд зааснаар буюу Ашигт малтмал газрын тосны газрын хууль бус үйлдлийн улмаас учирсан гэм хор, хохирлыг арилгах тухай нэхэмжлэл гаргасан. Гэтэл шүүх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг өөрчилж Иргэний хуулийн 492 дугаар зүйл буюу үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хэсэгчлэн хангаж шийдвэрлэсэн.

4.г. Шүүхийн шийдвэрт иргэдийн төлөөлөгчийн гаргасан дүгнэлтийг өөрчилж бичсэн.

Шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгч хэргийн үйл баримт, зохигчдын гэм буруугийн талаар дүгнэлт гаргахдаа компанийн эрх зөрчигдсөн байна, орон нутгийн тусгай хамгаалалттай газартай давхардуулан олгосон байна гэж дүгнэсэн байхад шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт дүгнэлтийн агуулгыг эрс өөрчилж компанийн эрх зөрчигдсөн юм шиг харагдаж байгаа боловч хүчингүй болгосон газрыг хоорондоо худалдах нь орон нутгийн эрхийг зөрчиж байна гэж тусгаад тусгай зөвшөөрөл бүхий талбайг шилжүүлэхдээ нэхэмжлэгч, хариуцагчийн хэн аль нь анхааралтай хандах байсныг хэлж байна гэж тайлбарласан нь хэрэгт авагдсан баримт, тайлбар мэдээллийн агуулгыг өөрчилж, түүн дээр үндэслэн алдаатай дүгнэлт хийхэд хүргэжээ.

4.д. Захиргааны хэргийн шүүхээс О.И.Б- ХХК-д тусгай зөвшөөрөл олгосон шийдвэрийг гаргах үндэслэлгүй байсан гэж үзэж хүчингүй болгосон байхад тусгай зөвшөөрөл эзэмшсэн хугацаанд хамаарах тусгай зөвшөөрлийн жилийн төлбөрийг О.И.Б- ХХК төлөх үндэслэлтэй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга: Нэхэмжлэгч талын давж заалдах журмаар гаргасан гомдол үндэслэлгүй. Даблью Эс Жи Эл ХХК, О.И.Б- ХХК-ийн хооронд байгуулагдсан худалдах-худалдан авах гэрээний дагуу тухайн үйл ажиллагаа болсон. Шүүхийн тухай хууль, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу шүүхийн шийдвэрийг биелүүлсэн. Нэхэмжлэгч талын нэхэмжилж буй 500,000,000 төгрөг нь О.И.Б- ХХК-аас Дабьлю Эс Жи Эл ХХК-д, 150,000,000 төгрөгийг татварт тухайн этгээдүүд өөрсдийнхөө хүсэл зоригийн үндсэн дээр төлсөн бөгөөд захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагаа байхгүй. Төрийн захиргааны байгууллага нь Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.14, 11.1.17-д тус тус заасны дагуу үйл ажиллагаа явуулсан. Тусгай зөвшөөрлийг шилжүүлэх, барьцаалах, худалдах нь тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрхийн асуудал юм. О.И.Б- ХХК нь тусгай зөвшөөрлийг шилжүүлэн авахдаа тусгай хэрэгцээнд авсан талбай гэдгийг мэдэж байсан. Гэрээгээр тохиролцсон үүргээ гэрээний талууд өөрсдөө хүлээх ёстой. Шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа Дабьлю Эс Жи Эл ХХК нь 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр А.М.Г.Т.Г ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн төлбөрийг буцааж авах тухай хүсэлт гаргасан. 2 хуулийн этгээдийн хооронд байгуулагдсан худалдах-худалдан авах гэрээний хохирлыг төрийн байгууллагаас нэхэмжилж буй нь хууль зүйн үндэслэлгүй. Төрийн захиргааны байгууллага хохирол учруулаагүй. Нэхэмжлэгч тал хууль зүйн үндэслэлгүй гомдол гаргасан. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй. Анхан шатны шүүх хуралдаанд хэргийн оролцогч нараас хангалттай тодруулж асуун мэтгэлцүүлсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэв.

 

2. Нэхэмжлэгч О.И.Б- ХХК нь хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газарт холбогдуулан гэм хорын хохиролд 721,968,917.50 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгч нь хариуцагч байгууллагын хууль бус үйлдлийн улмаас худалдах-худалдан авах гэрээний үнэд 500,000,000 төгрөг, эрх борлуулсны орлогын татварт 150,000,000 төгрөг, үйл ажиллагааны зөвшөөрөл авахад улсын тэмдэгтийн хураамжид 7,000,000 төгрөг, тусгай зөвшөөрлийн төлбөрт 64,968,917.50 төгрөгийг тус тус төлж хохирсон гэж тайлбарладаг бол хариуцагч нь тус байгууллага нь аж ахуйн нэгжүүдээс ирүүлсэн өргөдлийн дагуу бүртгэл хийдэг бөгөөд шүүхийн шийдвэрийн дагуу сэргээгдсэн эрхийг шилжүүлэн бүртгэсэн учир хохирлыг хариуцахгүй гэж маргасан.

 

3. Нэхэмжлэгч О.И.Б- ХХК нь Даблью Эс Жи Эл ХХК-тай 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр геологи, уулын ажлын тайлан мэдээ, мэдээллийг худалдах-худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр Даблью Эс Жи Эл ХХК нь Дорноговь аймгийн Өргөн сумын нутагт орших 8,961.16 гектар талбайтай ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайг шилжүүлэн өгөхөөр, О.И.Б- ХХК нь 500,000,000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцжээ. Улмаар талбайг хэсэгчлэн шилжүүлэх Даблью Эс Жи Эл ХХК-ийн хүсэлтээр Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 907 дугаар шийдвэрээр MV-020873 тоот тусгай зөвшөөрлийн талбайгаас 8,961.23 гектар талбайг хэсэгчлэн О.И.Б- ХХК-д шилжүүлж ашигт малтмалын ашиглалтын MV-021248 дугаартай тусгай зөвшөөрөл олгожээ. Дээрх тусгай зөвшөөрлийн талбай нь орон нутгийн тусгай хамгаалалтын газартай давхцалтай гэх үндэслэлээр Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 371 дүгээр шийдвэрээр Даблью Эс Жи Эл ХХК-аас О.И.Б- ХХК-д MV-020873 тоот тусгай зөвшөөрлийн талбайгаас хэсэгчлэн шилжүүлж MV-021248 дугаартай тусгай зөвшөөрөл олгосон Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 907 дугаар шийдвэрийг хүчингүй болгожээ.

Ашигт малтмал, газрын тосны газрын тусгай зөвшөөрлийг шилжүүлэх өргөдлийн дотоод хяналтын хуудаст 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр зураг зүйн шүүлт хийсэн тодорхойлолтод Хамарын хийд орон нутгийн тусгай хамгаалалтын газартай давхцалтай гэж тэмдэглэсэн, мөн дотоод хяналтын хуудаст Хууль эрх зүйн хэлтэс эрх зүйн шүүлт хийгээд 12 дугаар сарын 25-ны өдөр шилжүүлж буй талбайг хэзээ тусгай хэрэгцээнд авсныг хэзээ бүртгэсэн талаар тодруулах хэмээх тэмдэглэгээ хийсэн зэргээс үзвэл Даблью Эс Жи Эл ХХК-аас О.И.Б- ХХК-д тусгай зөвшөөрлийн талбайг хэсэгчлэн шилжүүлэх үед орон нутгийн тусгай хамгаалалтын газартай давхцалтайг Ашигт малтмал, газрын тосны газар мэдэж байсан атлаа тусгай зөвшөөрөл хэсэгчлэн шилжүүлсэнийг бүртгэж, шинээр MV-021248 тоот тусгай зөвшөөрөл олгосон нь Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.13, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг тус тус зөрчжээ.

Дээрх баримтаар Ашигт малтмал, газрын тосны газрын алдаатай шийдвэрийн улмаас О.И.Б- ХХК нь орон нутгийн тусгай хамгаалалтын газартай давхцалтай талбайг шилжүүлэн авсан үйл баримт тогтоогдсон байхад хариуцагчийн гэм бурууг анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэж чадаагүй байна.

Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2 дахь хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана гэж, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж тус тус заасан ба эдгээр зохицуулалтууд нэхэмжлэлийн эрх зүйн үндэслэл болсон байхад анхан шатны шүүх хариуцагчийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэн Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн шаардах эрхийг тодорхойлсон нь шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.

 

4. Хариуцагч нь захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагаа байхгүй. Тусгай зөвшөөрлийг шилжүүлэх, барьцаалах, худалдах нь тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрхийн асуудал гэж тайлбарлаж байх хэдий ч Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.14-т зааснаар Ашигт малтмал, газрын тосны газар нь хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй холбоотой үйл ажиллагаанд нэгдсэн хяналт тавих чиг үүрэгтэй ба уг үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүй байна.

Мөн хариуцагч нь Шүүхийн тухай хууль, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу шүүхийн шийдвэрийг биелүүлсэн гэж тайлбарлаж байх хэдий ч тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг хугацаанд нь төлөөгүй үндэслэлээр Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2009 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 516 дугаар шийдвэрээр 12923А дугаартай тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар цуцалсныг илт хууль бус хэмээн Оуяашиёоу ХХК маргаж 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаснаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 466 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэжээ. Тодруулбал шүүх ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь төлбөрөө хугацаанд нь төлөөгүйгээс тусгай зөвшөөрлийг цуцалсан талаархи маргааныг хянан шийдвэрлэсэн байх ба харин маргаанд хамаарах ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий газар нутгийг орон нутгийн тусгай хамгаалалтад авсан эрх бүхий байгууллагын шийдвэрийн талаар шүүхийн шийдвэрт дүгнэгдээгүй, энэ талаархи маргааныг шүүх шийдвэрлээгүй байх тул хариуцагчийн шүүхийн шийдвэрийг биелүүлсэн гэх тайлбар үндэслэлгүй.

 

5. Нэхэмжлэгч нь Даблью Эс Жи Эл ХХК-тай байгуулсан геологи, уулын ажлын тайлан мэдээ, мэдээллийг худалдах-худалдан авах гэрээний үүрэгт төлсөн 500,000,000 төгрөг, эрх борлуулсны орлогод төлсөн татвар 150,000,000 төгрөг, ашигт малтмал ашиглах үйл ажиллагаанд зөвшөөрөл авахад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 7,000,000 төгрөг, тусгай зөвшөөрлийн төлбөр 64,968,917.50 төгрөг, нийт 721,968,917.50 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн байна.

5.а. Иргэний хуулийн 260 дугаар зүйлийн 260.3 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө эзэмших боломж олгож байгаа эрхийг худалдсан тохиолдолд худалдагч тухайн эд хөрөнгийг худалдан авагчид биет байдлын болон эрхийн доголдолгүй шилжүүлэх үүрэгтэй бөгөөд худалдагч Даблью Эс Жи Эл ХХК нь хүчин төгөлдөр бус эрх худалдсан тохиолдолд худалдан авагч О.И.Б- ХХК нь гэрээний үүрэгт шилжүүлсэн 500,000,000 төгрөгийг худалдагчаас шаардах эрхтэй.

5.б. Харин эрх борлуулсны орлогод төлсөн татвар 150,000,000 төгрөг, ашигт малтмал ашиглах үйл ажиллагаанд зөвшөөрөл авахад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 7,000,000 төгрөг, тусгай зөвшөөрлийн төлбөр 64,968,917.50 төгрөг, нийт 221,968,918 төгрөгийн хохирол нь төрийн албан хаагчийн хууль бус үйлдэлтэй шалтгаант холбоотой байх тул эдгээр хохирлыг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй. Нөгөөтэйгүүр нэхэмжлэгч О.И.Б- ХХК нь Даблью Эс Жи Эл ХХК-аас тусгай зөвшөөрлийн талбайг хэсэгчлэн шилжүүлэн авах хүсэлт гаргахдаа 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 18/25 тоотоор Ашигт малтмал, газрын тосны газарт тус талбай нь аймгийн тусгай хэрэгцээний газартай давхцалтай байгаа тул шилжүүлж өгнө үү гэснээс үзвэл шилжүүлэн авч байгаа талбай нь орон нутгийн тусгай хамгаалалтын газартай давхцалтайг зөвшөөрч, хүлээн авахдаа тухайн эрх хүчин төгөлдөр эсэхийг анхаараагүй хохирогчийн гэм бурууг харгалзан хариуцах гэм хорын хэмжээг багасган 221,968,918 төгрөгийн хохирлын 50 хувийг буюу 110,984,459 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ. Иймээс нэхэмжлэлийг бүрэн хангаж өгөхийг хүссэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах боломжгүй байна.

 

6. Мөн шүүх Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг хэрэглээгүй алдааг залруулах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 22ы өдрийн 182/ШШ2022/00762 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 492 дугаар зүйлийн 492.1.1-т гэснийг 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.2, 510 дугаар зүйлийн 510.1, 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэгт гэж, 27,070,382 гэснийг 110,984,459 гэж, 694,898,535.50 гэснийг 610,984,459 гэж, 2 дахь заалтын 293,302 гэснийг 712,873 гэж тус тус өөрчилж, 56.2 гэсний дараа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 гэж нэмж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч О.И.Б- ХХК нь давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 3,632,443 төгрөг төлснийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

 

Д.БЯМБАСҮРЭН