Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 132/ШШ2022/00094

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Одончимэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: “*******”  ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******,******* холбогдох,

Хишиг-Өндөр сумын Засаг даргын Тамгын газрын эзэмшиж буй барилга /8 айлын орон сууц/-ыг “*******” ХХК-ийн өмч болохыг тогтоож, хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай шаардлага бүхий 132/2021/00400/И  индэкстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Н,

Хариуцагчийн  төлөөлөгч Д.Э,

Гэрч О.Т,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Сувд-Эрдэнэ нар оролцлоо.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... “*******” ХХК нь Нэгдэл дундын үйлдвэр нэртэйгээр 1961 онд байгуулагдаж, Булган аймгийн Хишиг-Өндөр сумаас, сумуудад барилга барих, мал аж ахуй, барилга, барилгын материалын үйлдвэрлэл эрхэлж байгаад Булган аймгийн Ардын депутатуудын хурлын Гүйцэтгэх захиргааны өмч хувьчлалын комиссын 1992 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 51 дүгээр тогтоолоор Нэгдэл дундын үйлдвэрийг хувьцаат компани болгож, “*******” ХК гэж нэрлэн дүрмийн санг 7036 /долоон мянга гучин зургаа/ төгрөгөөр компаний гишүүдэд ногдох хувь хөрөнгийг тогтоож, үлдэх хөрөнгийг Монголын хөрөнгийн биржээр худалдсан.

“*******” ХК нь 1992 оны 12 дугаар сарын 14-ний өдөр ******* тоот регистрээр улсын бүртгэлд бүртгүүлж, 1996 оны 03 дугаар сарын 28-ны өдөр бүх гишүүдийн хурлаар бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт хийж, хязгаарлагдмал хариуцлагатай компани болгож, 1996 оны 05 дугаар сарын 31-ний өдөр “*******” ХХК ******* тоот регистрээр улсын бүртгэлд бүртгэгдсэн. Нэгдэл дундын үйлдвэрээс “*******” ХК, “*******” ХХК нь нэр, нэршлээ өөрчилсөн боловч 18 айлын үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх одоог хүртэл “*******” компанид хадгалагдаж ирсэн бөгөөд 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн Улсын бүртгэлийн Ерөнхий хууль, Эд хөрөнгийн улсын бүртгэлийн хуулиар эдгээр үл хөдлөх эд хөрөнгийг улсын бүртгэлд бүртгүүлж, гэрчилгээ авсан.

Харин шүүхээр өмчлөгч болохоо тогтоолгохоор нэхэмжилж буй  найман айлын орон сууцны барилгын суурийн газрыг илт хууль бус захиргааны актаар Засаг даргын Тамгын газрын эзэмшилд шилжсэн тул үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгүүлж чадаагүй байна.

Хишиг-Өндөр сумын Засаг даргын Тамгын газар нь эзэмшиж буй найман айлын орон сууц 1994 онд компаний санхүү хямран төлбөрийн чадваргүй болж ажилчид амьдарч байсан орон сууцнаасаа гарсан үед халаалтын төлбөрийг эрчим хүчний байгууллагад Засаг даргын Тамгын газрын эзэмшилд шилжсэн тул үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгүүлж чадаагүй байна.

Хишиг-Өндөр сумын Засаг даргын тамгын газрын эзэмшиж буй 8 айлын орон сууц 1994 онд компаний санхүү хямран төлбөрийн чадваргүй болж ажилчид амьдарч байсан орон сууцнаасаа гарсан үед халаалтын төлбөрийг эрчим хүчний байгууллагад Засаг даргын Тамгын газар төлж, найман айлын орон сууцны хаалга, цонхыг засварлан эзэмшиж эхэлсэн.

Эхний нэг жил Засаг даргын Тамгын газарт манай компанид татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлүүлж эрчим хүчинд төлөх халаалтын өр төлбөрийг төлж барагдуулсан боловч сонгуулиар шинэ Засаг даргатай болсны дараа өмнөх аман тохирооноос буцаж “*******” ХХК-ийн эс үйлдэхгүй болон татвараар дарамтлан 8 айлын орон сууц болох үл хөдлөх эд хөрөнгийг үнэ төлбөргүй эзэмшиж эхэлсэн.

Засаг даргын Тамгын газраас 2000 оноос хойш жил бүр 8 айлын орон сууцыг эзэмшсэний түрээсийн төлбөр төлөхийг шаарддаг ч энэ 8 айлын орон сууцны барилгыг хаягдчихсан байхад халаалтын төлбөрийг төлж цонх, хаалгыг нь засаж орсон засварлуулсан төлбөрөө төлөөд буцааж аваарай гэдэг байсан. Л.******* захиралтай тохироод балансаас балансад авчихсан гээд манай үл хөдлөх эд хөрөнгийг төрийн байгууллага хууль бусаар эзэмшээд 20 гаруй жил болж байна.

2021 оны 06 дугаар сарын 01-ний өдөр өөрийн өмч болох талаар хөдөлшгүй нотлох баримт болох барилгын зураг төсөв Улсын комиссын актыг архиваас авч Улсын Их хурлын гишүүн Ц.*******, Засаг даргын  үүрэг гүйцэтгэгч Н.******* нарт Иргэний хуулийн 106 дугаар зүйлд зааснаар “өмчлөгчийн шаардлага” хүргүүлсэн боловч урьдын адил татгалзан шүүхээр шийдвэрлүүл гэсэн. Хишиг-Өндөр сумын удирдлагууд Засаг даргын Тамгын газрын эзэмшиж байгаа 8 айлын орон сууцыг балансаас балансад шилжүүлсэн гэж бидний хүсэлтийг удаа дараалан хүлээн авахгүй, үнэ төлбөргүй эзэмшиж байсан. Энэ нь архивын материалаас Л.******* захирал өөрөө буцаан авах хүсэлт гаргаж байсан баримт эх хувиараа Засаг даргын Тамгын газрын архиваас олдсон нь тэдний гаргаж байсан ганц шалтаг худал болох нь илчлэгдсэн.

“*******” ХХК-ийн захирлаар 1988-2000 онуудад ажиллаж байсан Р.Б 1999 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Булган аймгийн Санхүүгийн маргаан таслах комисст илгээсэн №10 тоот, 2000 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Монгол улсын Их хуралд гаргасан хүсэлт зэрэг нотлох баримтуудад компани өөрийн хөрөнгөө буцаан авахаар Засаг даргын Тамгын газраас удаа дараалан шаардаж байсан баримтуудыг нэхэмжлэлд хавсаргав.

Дээр дурдагдсан 2 захирал бол компанийг 1961 онд үүсгэн байгуулж, 2000 оныг дуустал удирдаж байсан хүмүүс юм.

Бүгд Найрамдах Монгол Ард улсын 1960 оны Үндсэн хуульд Монгол улсын ба хоршооллын өмч гэсэн 2 төрлийн өмч байна гэж хуульчилсан бөгөөд Хоршооллын өмчид Нэгдэл, Нэгдэл дундын үйлдвэр багтаж байсан. Нэгдэлд малчид сайн дураараа малаа нийгэмчилж хоршооллын өмч үүсгэдэг нэгдлүүд нь дундаа хөрөнгөө нийлүүлж Нэгдэл дундын үйлдвэр байгуулж байсан байдаг.

Улсын өмчид хамааралгүй хоршооллын хувийн өмч болох 8 айлын орон сууцыг төрийн өмчийн сургууль, цэцэрлэг, эмнэлгийн барилга шиг балансаас балансад шилжүүлж авлаа... гэж байгаа нь 1992 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн Ардчилсан Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 3 хэсэгт “...хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөх олговор, үнийг төлнө... гэсэн заалттай зөрчилдөж байна.

Иймд дээрхи нэхэмжлэлийн шаардлагыг ханган Хишиг-Өндөр сумын Засаг даргын Тамгын газрын эзэмшиж буй 8 айлын орон сууцны жинхэнэ өмчлөгч нь “*******” ХХК болохыг тогтоож, Засаг даргын Тамгын газрын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...Засаг даргын Тамгын газар нь төрийн өмчийн байрандаа төсвийн хөрөнгө оруулалтаар өргөтгөл барин ашиглалтад оруулж, жил бүр урсгал засварын ажлуудыг удаа дараа хийсэн. Мөн газраа хууль журмын дагуу Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар хэлэлцүүлэн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусган батлуулж эзэмшиж байгаа болно.

Өмнөх он жилүүдэд “*******” ХХК-д татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлүүлж, халаалтын өр төлбөр төлж байсан зүйлгүй. Манай байгууллага, сум орон нутгийн зүгээс ямар нэг хууль зөрчсөн үйлдэл байхгүй тул тус нэхэмжлэлийн шаардлагыг хүлээж авах боломжгүй.

Иймд тус сумын Засаг даргын Тамгын газрын эзэмшиж байгаа найман айлын орон сууцны барилгыг “*******” ХХК-ийн өмч болохыг тогтоож, Засаг даргын Тамгын газрын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  1992 онд 8 айлын орон сууц Засаг даргын Тамгын газрын өмчлөлд шилжиж ирсэн. Тухайн үед “*******” ХК гэж байсан. “*******” ХК нь нэгдэл дундын үйлдвэрийн суурь дээр бий болсон компани. гуайн хэлж байгаагаар нэгдэл дундын үйлдвэр нь хоршооллын өмч гэж тайлбарлаад байна. Гэвч нэгдэл дундын үйлдвэр нь улсын өмч. Улсын өмч байсныг гарцаагүй нотолж байгаа зүйл нь өмч хувьчлал улсын өмчид явагдсан. Энэ өмч хувьчлалаар нэгдэл дундын үйлдвэр маань “*******” ХК-иас “*******” ХХК болж өөрчлөн зохион байгуулагдсан. Тэгэхээр улсын өмч гэдэг нь өмч хувьчлал хийгдэж хувийн өмчид шилжсэн учраас энэ нь улсын өмч мөн болох нь тогтоогдож байгаа гэж ойлгож байна. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулиар 1996 онд бий болсон. Өнөөдөр Хишиг-Өндөр сумын Засаг даргын Тамгын газар Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн дагуу 8 айлын орон сууцыг Засаг даргын Тамгын газрын конторын барилга гэсэн нэртэйгээр 1992 онд эд хөрөнгөндөө бүртгэсэн. 1992 оноос хойш Хишиг-Өндөр сумын Засаг даргын Тамгын газрын өмчид бүртгэлтэй яваад 1996 онд Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль бий болоход тухайн байгууллагын өмчлөлд байсан хөрөнгө төрийн болон орон нутгийн өмчид бүртгэлтэй байна гэсний дагуу Засаг даргын Тамгын газрын өмчөөр бүртгэгдээд улсын хэмжээний эд хөрөнгийн бүртгэлд бүртгэлтэй гээд явж байгаа. Үүнийг нотлох баримтуудыг хавтаст хэрэгт нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр гаргаж өгсөн байгаа. гуайн ярьж байгаагаас үгүйсгэх зүйлийн тухайд 1991 оны өмч хувьчлалаар *******г албадан, хүчээр гарын үсэг зуруулсан гэдэг зүйлийг өнөөдөр яриад байна. Тухайн үеийн асуудлыг би мэдэхгүй. гуай өөрөө ч мэдэхгүй. Хавтаст хэрэгт авагдсан нэгдэл дундын үйлдвэр, “*******” ХК-ийн нийт ажилчдын бичиг байгаа. Тухайн үед орон нутгийг удирдаж байсан удирдлага “*******” ХК-ийг удирдаж байсан удирдлагуудын эрх хэмжээнд зохицуулан 30 гаруй жилийн өмнө хийгдсэн ажил. Тухайн үедээ хуулийн дагуу л хийгдсэн ажил байх. “*******” ХК нь иргэдийн хувьцаагаар бий болсон компани.  Нэгдэл дундын үйлдвэр, “*******” ХК, “*******” ХХК 8 айлын орон сууц бүртгэлтэй байгаа гэсэн нотлох баримт байхгүй. Үнэхээр авчихсан гэж байгаа бол маргаантай хөрөнгийг данснаас хасахгүй. Ямар ч хүн балансаасаа хасаад бүртгэлгүй авч явна гэж байхгүй. “*******” ХХК-нд энэхүү өмч нь бүртгэлгүй байгаа учраас Булган аймгийн Хишиг-Өндөр сумын Засаг даргын Тамгын газрын өмч. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулиар баталгаажсан өмч гэдгийг хэлэх байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв. 

 

Гэрч О.Т шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ: ...Би 1996 оны 11 дүгээр сард Булган аймгийн Хишиг-Өндөр сумын Засаг даргаар томилогдсон. Тэгэхэд Булган аймгийн Хишиг-Өндөр сумын Засаг даргын Тамгын газрын барилга нь тамгын газрын дансанд бүртгэлтэй байсан. 8 айлын орон сууцыг Булган аймгийн Хишиг-Өндөр сумын Лениний зам нэгдлээр 24 айлын орон сууц бариулахаар нэгдэл дундын үйлдвэрт захиалга өгсөн. 1989-1993 оны хооронд нэг барилга нь баригдсан. Зах зээлийн үед нөгөө хоёр барилга нь баригдаагүй. Уг байранд С  гэдэг хүн амьдарч байсныг мэдэж байна. Амьдарч байгаад удаагүй байрнаас гарсан. Өөр хүн мэдэхгүй байна. Нэгдэл дундын үйлдвэрийн ажилчдыг танихгүй. ... гэв.

 

Нэхэмжлэгчээс шүүхэд дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн: Булган аймгийн Хишиг-Өндөр сумын Засаг даргын 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 01/142 дугаар албан бичиг /хх-5/, Нэгдэл дундын үйлдвэр, “*******” ХХК, “*******”  ХХК-ийн хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн лавлагаа /хх-6/, Нэгдэл дундын үйлдвэрийн элэгдлийн тооцоо, үнэлгээний жагсаалт /хх7-18/, “*******” ХХК-ийн Булган аймгийн Хишиг-Өндөр сумын Засаг даргад гаргасан хүсэлт /хх-19/, “*******” ХХК-ийн Хишиг-Өндөр сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, Засаг дарга нарт хүргүүлсэн хүсэлт /хх-20/, “*******” ХХК-ийн Хишиг-Өндөр сумын Засаг даргад хүргүүлсэн хүсэлт /хх-21/, “*******” ХХК-ийн хуулийн этгээдийн лавлагаа /хх-22/, “*******” ХХК-ийн дүрэм /хх23-26/, Монгол Улсын дээд шүүхийн Хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 394 дүгээр тогтоол /хх27-29/, 1999 онд “*******” ХХК-ийн Булган аймгийн шүүхэд хандаж байсан албан бичиг /хх-30/, 1999 оны 10 дугаар сарын 09-ний өдөр “*******” ХХК-ийн Аймгийн Санхүүгийн маргаан таслах комисст хандаж байсан албан бичиг /хх-31/, “*******” ХХК-ийн1999 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн “Ногдол хувь эзэмшигчдийн хурлын тогтоол”, “*******” ХХК-ийн 2000 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Монгол Улсын Их Хуралд компаний үйл ажиллагааны байдалтай холбогдуулж тавьж байсан хүсэлт /хх33-34/, Нэгдэл дундын үйлдвэрийн үндсэн хөрөнгийн дахин үнэлгээний жагсаалт /хх35-38/, Булган аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн Ерөнхий хорооны гишүүдийн хурлын 1991 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн протокол /хх-60/, ҮҮ-61122211 дугаартай эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-61/, 000097961, 000544703, 000784160, 000784136, 000784239, 000784240, 000784241, 000784242, 000784244, 000784245, 000784246 дугаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээнүүд /хх62-72/,

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.гийн хүсэлтийг үндэслэн шүүх Булган аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 22 дугаартай захиргааны хэрэг, Булган аймгийн Татварын хэлтсийн 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 1/556 албан тоот, Нэгдэл дундын үйлдвэрийн хувьчлалтай холбоотой болон найман айлын орон сууцтай холбоотой баримт хөрөнгийн бүртгэл /102-109/, Р.А, Г.Э нараас авсан гэрчийн мэдүүлэг,

хариуцагчийн төлөөлөгч Д.Э-ийн хүсэлтийг үндэслэн шүүх гэрч С.Б-аас авсан мэдүүлэг зэрэг баримт бүрдүүлсэн байна.

 

Хэрэгт цугларсан нотлох баримтууд болон зохигчийн тайлбарыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “*******” ХХК нь хариуцагч Булган аймгийн******* холбогдуулан Хишиг-Өндөр сумын Засаг даргын Тамгын газрын эзэмшиж буй барилга /8 айлын орон сууц/-ыг “*******” ХХК-ийн өмч болохыг тогтоож, хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай  шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хариуцагч нь уг барилгыг балансаас балансад шилжүүлж авсан тул Булган аймгийн Хишиг-Өндөр сумын Засаг даргын Тамгын газар уг барилгын өмчлөгч мөн гэж маргаж байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Хэрэгт авагдсан нотлох баримт болон зохигчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

Булган аймгийн Хишиг-Өндөр сумын Нэгдэл дундын үйлдвэр хувьчлагдаж “*******” ХК байгуулагдан 1992 оны 12 дугаар сарын 14-ний өдөр ******* дугаартай регистээр, улмаар “*******” ХК нь хуулийн этгээдийн нэр, хариуцлагын хэлбэрээ өөрчлөн “*******” ХХК нэртэйгээр 1996 оны 05 дугаар сарын 31-ний өдөр ******* дугаартай регистээр улсын бүртгэлд бүртгүүлсэн байна. /хх6/

Нэгдэл дундын үйлдвэр нь улсын захиалгаар Хишиг-Өндөр суманд 8 айлын 3 орон сууц барихаар төлөвлөгдсөн байснаас 8 айлын 1 орон сууц баригдсан байна.

Хишиг-Өндөр сумын Засаг даргын Тамгын газар байрлаж байгаа конторын барилгыг Нэгдэл дундын үйлдвэр нь 8 айлын орон сууцны зориулалтаар барьсан боловч  уг барилга нь  халаалтын хүрэлцээгүйн улмаас хүн амьдрах боломжгүй болж тухайн байранд орсон айлууд нь гарч, эзэнгүй орхигдож эвдэрч тоногдсон, ашиглалтгүй байгаа барилгуудын жагсаалтад орж 1992 онд Булган аймгийн өмч хувьчлалын комиссын судалгаанд орж уг барилгыг Хишиг-Өндөр сумын Засаг даргын Тамгын газар засварлаж 1993 онд өөрийн мэдэлд шилжүүлэн авч үндсэн хөрөнгийн бүртгэлд бүртгэн авсан болох нь гэрч О.Т, С.Бнарын мэдүүлэг, Хишиг-Өндөр сумын Засаг даргын Тамгын газрын архивын баримта д узлэг хийсэн тэмдэглэл  , 1994, 1995 оны эд хөрөнгийн тооллогын буртгэл , гэрч Ч. Батсуурийн мэдүүлэг зэрэг баримтаар тогтоогдож байна. /баримтыг ******* дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 158/2017/0011/3 индекстэй хэргээс хуулбарлан авав./

Нэхэмжлэгч нь улсын өмчид хамааралгүй хоршооллын хувийн өмч болох 8 айлын орон сууцыг Хишиг-Өндөр сумын Засаг даргын Тамгын газар байрлаж хууль бусаар эзэмшиж байна гэж маргасан.

БНМАУ-ын өмч хув ьчлах тухай хуулийн 3 дугаар зуйлд "хувьчлалд улсын үйлдвэрийн газар, байгууллагын эд хөрөнгө хамаарна", мөн хуулийн 16 дугаар зүйлд их хувьчлалд төрийн өмчид үлдэх үйлдвэрийн газар болон бага хувьчлалд хамрагдсанаас бусад үйлдвэрийн газрын эд хөрөнгө хамаарна, 17 дугаар зуйлд "их хувьчлалыг БНМАУ-ын иргэд эрхийн бичгээ оруулан үйлдвэрийн газрын хувьцааг худалдан авч хувьцаат компани байгуулах замаар хэрэгжуулнэ" гэж тус тус зааснаар Хишиг-Өндөр сумын Нэгдэл дундын үйлдвэр их хувьчлалд оролцож “Өгөөмөр" XК байгуулагдаж байснаас үзэхэд Нэгдэл дундын үйлдвэр нь хоршооллын байгууллага биш улсын үйлдвэрийн газар байсан болох нь тогтоогдож байна.

Нэхэмжлэгчийн нотлох баримтаар ирүүлсэн "Нэгдэл дундын үйлдвэрийн барилга байгууламжийн элэгдлийн тооцоо" гэх баримтын барилга байгууламжийн жагсаалтад  "8 айлын орон сууц" гэсэн байх боловч Нэгдэл дундын үйлдвэрийн үндсэн хөрөнгийн дахин үнэлгээний жагсаалтад  "8 айлын орон сууц" бүртгэгдээгүй байна. /хх-35-38, 104-109/

Мөн уг барилга нь “*******” ХК, “*******” ХХК-ийн өмчлөл, эзэмшил, эд хөрөнгийн бүртгэлд бүртгэгдэж байгаагүй болох нь “*******” ХК-ийн үндсэн хөрөнгийн бүртгэл, Булган аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 752 тоот лавлагаа зэрэг баримтаар тогтоогдож байна.

 Иймд Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “өмчлөгч нь хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах, аливаа халдлагаас хамгаалах эрхтэй”, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Иргэн, хуулийн этгээд Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 8.1.1-д заасан эрхийг хуульд заасан журмын дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлснээр өмчлөх эрх үүснэгэж заасны Хишиг-Өндөр сумын Засаг даргын Тамгын газрын эзэмшиж буй барилга /8 айлын орон сууц/-ын өмчлөгчөөр *******” ХХК-ийн тогтоож, бусдын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх  үндэслэлгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 101 дүгээр зүйлийн 101.1, 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй,******* холбогдох, Хишиг-Өндөр сумын Засаг даргын Тамгын газрын эзэмшиж буй барилга /8 айлын орон сууц/-ыг “*******” ХХК-ийн өмч болохыг тогтоож, хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 /нэг зуун дөчин мянга дөрвөн зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.

 

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              О.ОДОНЧИМЭГ