Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 214/МА2022/00014

 

“А*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч Х******* сумын Засаг даргын тамгын газарт

 холбогдох иргэний хэргийн тухай

 

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэн даргалж, шүүгч М.Хүрэлбаатар, С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 94 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: “А*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Х******* сумын Засаг даргын тамгын газарт холбогдох,

Х******* сумын Засаг даргын Тамгын газрын эзэмшиж буй барилга /8 айлын орон сууц/-ыг “А******* х*******” ХХК-ийн өмч болохыг тогтоож, хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Хүрэлбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э*******, нарийн бичгийн дарга М.Сувд-Эрдэнэ нар оролцов.

Нэхэмжлэгч “А*******” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

“А******* х*******” ХХК нь Нэгдэл дундын үйлдвэр нэртэйгээр 1961 онд байгуулагдаж, Булган аймгийн Х******* сумаас, сумуудад барилга барих, мал аж ахуй, барилга, барилгын материалын үйлдвэрлэл эрхэлж байгаад Булган аймгийн Ардын депутатуудын хурлын Гүйцэтгэх захиргааны өмч хувьчлалын комиссын 1992 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 51 дүгээр тогтоолоор Нэгдэл дундын үйлдвэрийг хувьцаат компани болгож, “Ө*******” ХК гэж нэрлэн дүрмийн санг 7036 төгрөгөөр компаний гишүүдэд ногдох хувь хөрөнгийг тогтоож, үлдэх хөрөнгийг Монголын хөрөнгийн биржээр худалдсан.

“Ө*******” ХК нь 1992 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 38253 тоот регистрээр улсын бүртгэлд бүртгүүлж, 1996 оны 03 дугаар сарын 28-ны өдөр бүх гишүүдийн хурлаар бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт хийж, хязгаарлагдмал хариуцлагатай компани болгож, 1996 оны 05 дугаар сарын 31-ний өдөр “А******* х*******” ХХК 2007916 тоот регистрээр улсын бүртгэлд бүртгэгдсэн. Нэгдэл дундын үйлдвэрээс “Ө*******” ХК, “А******* х*******” ХХК нь нэр, нэршлээ өөрчилсөн боловч 18 айлын үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх одоог хүртэл “А******* х*******” компанид хадгалагдаж ирсэн бөгөөд 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн Улсын бүртгэлийн Ерөнхий хууль, Эд хөрөнгийн улсын бүртгэлийн хуулиар эдгээр үл хөдлөх эд хөрөнгийг улсын бүртгэлд бүртгүүлж, гэрчилгээ авсан.

Харин шүүхээр өмчлөгч болохоо тогтоолгохоор нэхэмжилж буй найман айлын орон сууцны барилгын суурийн газрыг илт хууль бус захиргааны актаар Засаг даргын Тамгын газрын эзэмшилд шилжсэн тул үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгүүлж чадаагүй байна.

Х******* сумын Засаг даргын Тамгын газар нь эзэмшиж буй найман айлын орон сууц 1994 онд компаний санхүү хямран төлбөрийн чадваргүй болж ажилчид амьдарч байсан орон сууцнаасаа гарсан үед халаалтын төлбөрийг эрчим хүчний байгууллагад Засаг даргын Тамгын газрын эзэмшилд шилжсэн тул үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгүүлж чадаагүй байна.

Х******* сумын Засаг даргын тамгын газрын эзэмшиж буй 8 айлын орон сууц 1994 онд компаний санхүү хямран төлбөрийн чадваргүй болж ажилчид амьдарч байсан орон сууцнаасаа гарсан үед халаалтын төлбөрийг эрчим хүчний байгууллагад Засаг даргын Тамгын газар төлж, найман айлын орон сууцны хаалга, цонхыг засварлан эзэмшиж эхэлсэн.

Эхний нэг жил Засаг даргын Тамгын газарт манай компанид татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлүүлж эрчим хүчинд төлөх халаалтын өр төлбөрийг төлж барагдуулсан боловч сонгуулиар шинэ Засаг даргатай болсны дараа өмнөх аман тохирооноос буцаж “А******* х*******” ХХК-ийн эс үйлдэхүй болон татвараар дарамтлан 8 айлын орон сууц болох үл хөдлөх эд хөрөнгийг үнэ төлбөргүй эзэмшиж эхэлсэн.

Засаг даргын Тамгын газраас 2000 оноос хойш жил бүр 8 айлын орон сууцыг эзэмшсэний түрээсийн төлбөр төлөхийг шаарддаг ч энэ 8 айлын орон сууцны барилгыг хаягдчихсан байхад халаалтын төлбөрийг төлж цонх, хаалгыг нь засаж орсон засварлуулсан төлбөрөө төлөөд буцааж аваарай гэдэг байсан. Л.Намсрай захиралтай тохироод балансаас балансад авчихсан гээд манай үл хөдлөх эд хөрөнгийг төрийн байгууллага хууль бусаар эзэмшээд 20 гаруй жил болж байна.

2021 оны 06 дугаар сарын 01-ний өдөр өөрийн өмч болох талаар хөдөлшгүй нотлох баримт болох барилгын зураг төсөв Улсын комиссын актыг архиваас авч Улсын Их хурлын гишүүн Ц.Анандбазар, Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Н.Мөнхгэрэл нарт Иргэний хуулийн 106 дугаар зүйлд зааснаар “өмчлөгчийн шаардлага” хүргүүлсэн боловч урьдын адил татгалзан шүүхээр шийдвэрлүүл гэсэн. Х******* сумын удирдлагууд Засаг даргын Тамгын газрын эзэмшиж байгаа 8 айлын орон сууцыг балансаас балансад шилжүүлсэн гэж бидний хүсэлтийг удаа дараалан хүлээн авахгүй, үнэ төлбөргүй эзэмшиж байсан. Энэ нь архивын материалаас Л.Намсрай захирал өөрөө буцаан авах хүсэлт гаргаж байсан баримт эх хувиараа Засаг даргын Тамгын газрын архиваас олдсон нь тэдний гаргаж байсан ганц шалтаг худал болох нь илчлэгдсэн.

“А******* х*******” ХХК-ийн захирлаар 1988-2000 онуудад ажиллаж байсан Р.Балган 1999 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Булган аймгийн Санхүүгийн маргаан таслах комисст илгээсэн №10 тоот, 2000 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Монгол улсын Их хуралд гаргасан хүсэлт зэрэг нотлох баримтуудад компани өөрийн хөрөнгөө буцаан авахаар Засаг даргын Тамгын газраас удаа дараалан шаардаж байсан баримтуудыг нэхэмжлэлд хавсаргав.

Дээр дурдагдсан 2 захирал бол компанийг 1961 онд үүсгэн байгуулж, 2000 оныг дуустал удирдаж байсан хүмүүс юм.

Бүгд Найрамдах Монгол Ард улсын 1960 оны Үндсэн хуульд Монгол улсын ба хоршооллын өмч гэсэн 2 төрлийн өмч байна гэж хуульчилсан бөгөөд Хоршооллын өмчид Нэгдэл, Нэгдэл дундын үйлдвэр багтаж байсан. Нэгдэлд малчид сайн дураараа малаа нийгэмчилж хоршооллын өмч үүсгэдэг нэгдлүүд нь дундаа хөрөнгөө нийлүүлж Нэгдэл дундын үйлдвэр байгуулж байсан байдаг.

Улсын өмчид хамааралгүй хоршооллын хувийн өмч болох 8 айлын орон сууцыг төрийн өмчийн сургууль, цэцэрлэг, эмнэлгийн барилга шиг балансаас балансад шилжүүлж авлаа... гэж байгаа нь 1992 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн Ардчилсан Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 3 хэсэгт “...хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөх олговор, үнийг төлнө... гэсэн заалттай зөрчилдөж байна.

Иймд дээрхи нэхэмжлэлийн шаардлагыг ханган Х******* сумын Засаг даргын Тамгын газрын эзэмшиж буй 8 айлын орон сууцны жинхэнэ өмчлөгч нь “А******* х*******” ХХК болохыг тогтоож, Засаг даргын Тамгын газрын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

Хариуцагч Х******* сумын Засаг даргын тамгын газар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

Засаг даргын Тамгын газар нь төрийн өмчийн байрандаа төсвийн хөрөнгө оруулалтаар өргөтгөл барин ашиглалтад оруулж, жил бүр урсгал засварын ажлуудыг удаа дараа хийсэн. Мөн газраа хууль журмын дагуу Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар хэлэлцүүлэн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусган батлуулж эзэмшиж байгаа болно.

Өмнөх он жилүүдэд “А******* х*******” ХХК-д татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлүүлж, халаалтын өр төлбөр төлж байсан зүйлгүй. Манай байгууллага, сум орон нутгийн зүгээс ямар нэг хууль зөрчсөн үйлдэл байхгүй тул тус нэхэмжлэлийн шаардлагыг хүлээж авах боломжгүй.

Иймд тус сумын Засаг даргын Тамгын газрын эзэмшиж байгаа найман айлын орон сууцны барилгыг “А******* х*******” ХХК-ийн өмч болохыг тогтоож, Засаг даргын Тамгын газрын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 94 дугаар шийдвэрээр:

 Иргэний хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 101 дүгээр зүйлийн 101.1, 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “А******* х*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Х******* сумын Засаг даргын Тамгын газарт холбогдох, Х******* сумын Засаг даргын Тамгын газрын эзэмшиж буй барилга /8 айлын орон сууц/-ыг “А******* х*******” ХХК-ийн өмч болохыг тогтоож, хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 /нэг зуун дөчин мянга дөрвөн зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарлаж,

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н******* давж заалдах гомдол болон шүүх хуралдаан гаргасан тайлбартаа:

...Нэхэмжлэгч “А*******-Х*******”ХХК нь Булган аймгийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хүсэлт гаргаж Булган аймгийн шүүхээс бүхэлд нь татгалзсан үндэслэлээ Булган аймгийн шүүх байгуулага орон нутгийн Засаг захиргааны нөлөөнд автдаг юм уу, хуулийг буруу тайлбарлаж буруу хэрэглэдэг. Жишээ нь: Булган аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр 2017.06.13 дугаар 22 шийдвэрийг яаж, хууль зөрчин гаргасаныг Монгол улсын Хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны тогтоол 2018.10.23 Дугаар 394 ийн Хянавал хэсэгт хууль зөрчсөн болохыг тодорхой заасан. Гэтэл Булган аймгийн Иргэний Хэргийн анхан шатны шүүх энэ хүсэлтийг хүлээн авахаас татлгалзаад зогсонгүй хавтаст хэрэгт авагдсан Монгол улсын Дээд шүүх хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны тогтоолыг уншиж судлалгүй дээд шатны шүүхээр хууль зөрчсөнийг тогтоосон байхад уул Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг огт засвар оруулалгүй ишлэн хэрэглэж шүүхийн шийдвэр гаргав.

...Нэгдэл дундын үйлдвэр их хувьчлалд оролцож “Ө*******” ХК байгуулагдаж байснаас үзэхэд Нэгдэл дундын үйлдвэр нь хоршооллын байгууллага биш улсын үйлдвэрийн газар байсан болох нь тогтоогдож байна... гэсэн нь ИХШХ шийдвэрлэх тухай хуулийн 40.2 дах хэсэгт заасан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэн журмыг зөрчсөн гэж үзэхээр байна. Булганы шүүгчидийн дүгнэлтээр бол Булган аймгийн хэмжээнд Сумдад үйл ажиллагаа явуулж байсан Нэгдэлүүд улсын үйлдвэрийн газар болохоор их хувьчлалд хамрагдаж мал болон барилага байшингаа хувьчилсан болж таарч байна.

Хариуцагч 8 айлын орон сууцыг “А*******-Х*******” компаний өмч биш гэж маргаагүй танай өмч боловч бид удаан жил эзэмшиж, урсгал засвар хийсэн гэж мэтгэлцсэн... “Ө*******” ХК захирал Л.Намсрай 1990 ээд оны эхээр ЗДТГ-т балансаас балансад шилжүүлсэн... гэсэн нотолгоо нь Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нотлох баримтаар өгсөн Булганы Архив болон ЗДТГ-т хадгалагдаж байсан баримтаас гадна Монгол Улсын Үндэсний Төв Архиваас шинээр олдсон баримт барилгын зураг захиралаар ажиллаж байсан талийгаач захирлуудын албан хүсэлт, УИХ болон шүүхэд гаргасан баримтууд 1999.11.22 компаний бүх гишүүдийн хурлын тэмдэглэл зэрэгт 8 айлын орон сууц НДҮ, Ө******* ХК, А*******-Х******* ХХК өмч гэдгээр няцаагдаж байна.

....Үндэслэх хэсэгт... Нэхэмжлэгчийн нотлох баримтаар ирүүлсэн “Нэгдэл дундын үйлдвэрийн барилга байгууламжийн элэгдлийн тооцоо” гэх баримтын барилга байгууламжийн жагсаалтад “8 айлын орон сууц” гэсэн байх боловч Нэгдэл дундын үйлдвэрийн үндсэн хөрөнгийн дахин үнэлгээний жагсаалтад “8 айлын орон сууц” бүртгэгдээгүй байна. /хх-35-38,104-109/...гэсэн нь хамт уг жагсаалтанд бичигдсэн үл хөдлөх эд хөрөнгө “А*******-Х*******” ХХК-ний нэр дээр 2012-2020 оны хооронд бүртгэгдснийг хавтаст хэрэгт авхуулсан байхад үнэн зөв дүгнэлт хийсэнгүй.

 ....Д.Намсрай Р.Балган нарын гаргасан 8-н айлын орон сууцыг НДҮ өөрийн хөрөнгөөр барьсан бичгийн нотлох баримтуудтай биечлэн танилцсан мөртлөө, шүүх хуралд шүүгч хууль сануулсаар байхад худал мэдүүлэг өгсөн шүүхийн шийдвэр үндэслэлгүй гарахад нөлөөллөө.

Иймд уг байдлыг шалган холбогдох камерын бичлэгийг хамгаалалт авах хүсэлт нэхэмжлэгч Булган аймгийн Цагдаагийн байгууллагад шүүхэд худал мэдүүлэг өгсөн үндэслэлээр шалгуулах хүсэлт гаргахад зохих дэмжлэг үзүүлэн энэ мэт шүүхийг үл хүндлэн шүүгчид нь тохируулан худал мэдүүлэг өгөн доромжилж буй албан тушаал хашиж байсандаа эрэмшсэн энэ этгээдэд арга хэмжээ авч өгнө гэж найдаж байна.

Түүнчлэн анхан шатны шүүх хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч 2021.07.26 №01/142 албан тоотоор “А*******-Х*******” ХХК-нд хариу хүргүүлэхдээ... Танай компани 2021.06.15-ны өдрийн манайд ирүүлсэн албан хүсэлт тооттой танилцаад доорхи хариуг өгч байна. Тус сумын ЗДТГ эзэмшиж буй “8 айлын орон сууц” хэдийгээр архивын болон өмч хувьчлалтай холбоотой баримтаар танай компаний өмч байсан боловч манай байгууллага тухайн үед ашиглахгүй орхигдсон, эвдэрч балгас болж байсан барилгыг балансаас балансанд шилжүүлэн авч ЗДТГ-ын байрандаа төсөвийн хөрөнгөөр өргөтгөл хийж урсгал засварын ажлуудыг удаа дараа хийсэн шилжүүлэн авснаас хойш 28-29 жил болж байна...

2021.09.15 №03\131 шүүхэд гаргасан гаргасан нэхэмжлэлийн хариу тайлбарт... Тус сумын ЗДТГ-ын эзэмшиж буй “8 айлын орон сууц” хэдийгээр архивын болон бусад өмч хувьчлалтай холбоотой баримт, НДҮ-т ажиллаж байсан тус сумын иргэдийн баталж байгаагаар танай компаний өмч боловч манай байгууллага тухай үед ашиглахгүй орхигдсон, эвдэрч балгас болж байсан барилгад их хэмжээний засвар хийж баланснаас балансын хооронд шилжүүлэн авч төрийн өмч болсон бөгөөд 20 гаруй жил болсон байна. Шилжүүлэн авснаас хойш ЗДТГ-ын төрийн өмчийн байранд төсвийн хөрөнгө оруулалтаар өргөтгөл барин ашиглалтанд оруулж, жил бүр урсгал засварын ажлуудыг удаа дараа хийсэн. Иймд танай хүсэлтийг биелүүлж манайх дээрх төрийн өмчийн барилгыг чөлөөлж өгөх боломжгүй юм... гэж нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрснийг тодорхойлох хэсгээс зориуд хасчээ.

Иймд шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч “А******* х*******” ХХК нь Булган аймгийн Х******* сумын Засаг даргын тамгын газрын эзэмшиж байгаа барилга /8-н айлын орон сууц/ нь “А******* х*******” ХХК-ний өмч болохыг тогтоолгох, хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасан ба хариуцагч тухайн орон сууцыг 1993 онд балансаас балансад шилжүүлж авсан ЗДТГазрын өмч тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд Булган аймгийн Х******* сумын Нэгдэл дундын үйлдвэр 1961 онд байгуулагдаж барилга барих, мал аж ахуй, барилгын материалын үйлдвэрлэл эрхлэж байжээ.

Нэгдэл дундын үйлдвэр хувьчлагдаж “Ө*******”ХК болон байгуулагдан 1992 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 38253 дугаар регистр, улмаар хуулийн нэр, хариуцлагын хэлбэрээ өөрчлөн “А******* х*******” ХХК нэртэй болсон нь 1996 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 2007916 тоот регистрийн дугаар зэргээр нотлогдсон байна. 

Харин маргааны зүйл болох /8-н айлын орон сууц/ буюу Х******* сумын ЗДТГазар байрлаж байгаа байрыг Нэгдэл дундын үйлдвэр барьсан гэх боловч Нэгдэл дундын үйлдвэрийн үндсэн хөрөнгөнд бүртгэгдээгүй байгаагаас үзэхэд “Ө*******”ХК болон “А******* х*******” ХХК-ний өмч гэж үзэх хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй байна./х.х-ийн 35-38,104-109/

Хэрэгт авагдсан нотлох баримтаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нотлогдоогүй байна.

Х******* сумын ЗДТГазар нь ашиглагдахгүй орхисон тухайн орон сууцыг  1993 онд конторын зориулалтаар засвар хийж өөрийн өмч болгон үндсэн хөрөнгийн бүртгэлд бүртгүүлэн авсан болох нь гэрч О.Тарвий, С.Банзрагч, Ч.Батсуурь нарын мэдүүлэг, 1994, 1995 оны эд хөрөнгийн тооллогын бүртгэл зэргээр нотлогдож тогтоогдсон байна.

Анхан шатны шүүх дээр дурьдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, Эд хөрөнгийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 8.1.1-т заасантай нийцсэн шүүх хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдсан гомдлыг хүлээн авах боломжгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.       

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 94 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н*******гийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 140.400 /нэг зуун дөчин мянга дөрвөн зуу/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1.-т заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.5.-д  магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.     

     

  ДАРГАЛАГЧ  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Ё.БЯМБАЦЭРЭН

                                       ШҮҮГЧИД                                       С.УРАНЧИМЭГ

                                                                                                                      М.ХҮРЭЛБААТАР