Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 182/ШШ2022/00758

 

 

 

 

 

 

 

 

   2022         03         21                                       182/ШШ2022/00758

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Д.П-ийн нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: ЭЭЖ ХХК-нд холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: БЗД, * хороо, ** байр, ** тоот, 68,5 м.кв, 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, орон сууцны өмчлөгчөөр бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгийг гаргаж өгөхийг даалгах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Д.П,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Т,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А,

Хариуцагч ЭЭЖК ХХК-ийн захирал А.А хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд нэхэмжлэгч талын гаргасан хүсэлтээр хариуцагчийн эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч тал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Д.Пби 2008 онд ЭЭЖК ХХК-ийг Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороонд 96 айлын орон сууцны захиалга, борлуулалт хийж байна гэдгийг сонсоод охин н.Дын хамт ЭЭЖК ХХК дээр очиж уулзсан. Ингээд 2008.04.03-ны өдөр орон сууц захиалгаар бариулах тухай гэрээг байгуулсан. Энэ гэрээгээр би Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 43 байрны 1 дүгээр орцны 12 дугаар давхрын 68,5 м.кв, 2 өрөө орон сууцыг 1 м.кв-ыг 750 ам доллар, нийтэд нь 51,375 ам доллараар захиалж төлбөр төлөх, хариуцагч ЭЭЖК ХХК нь байрыг заасан хугацаанд ашиглалтад оруулж надад хүлээлгэн өгөх үүрэг хүлээсэн байдаг. Энэ гэрээг тухайн үед Булгантай байгуулсан. Энэ үед би өөрийн амьдарч байсан Баянзүрх дүүрэгт байрлах, 1 өрөө байраа зараад, мөнгөө бэлэн авч очсон. Тухайн үед би захирал нь гэж ойлгосон Б, хуулийн зөвлөх Б, миний охин н.Д нар хамт байсан. Тэгээд 50 сая төгрөгөөр бэлнээр өгч, гэрээг байгуулсан. Хэдийгээр тухайн үед баримт үйлдээгүй боловч энэ талаар гэрч Булган, Д,О.нар мэдүүлэг өгсөн, тэдний мэдүүлгээр тогтоогдоно. Бид шинэ байраа хүлээж байр хөлсөлж байгаад 2009 оны 8 сард байрандаа нүүж ороод орон сууцандаа гэр бүлээрээ өнөөдрийг хүртэл амьдарч байна. Ер нь 2011 онд байрыг улсын комисс хүлээн авсан байдаг. Ингээд орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээгээ авах гэхээр компанийн зүгээс орон сууцны барилгыг улсын комисс хүлээж аваагүй байгаа гэсэн тайлбарыг өгдөг байсан. Мөн Улсын бүртгэлийн ерөнхий газар бүртгүүлэх гээд очихоор наад байран дээр чинь маргаантай байгаа учир бүртгэх боломжгүй гэдэг хариу амаар хэлдэг.

Тухайн үед байр Анод банкны барьцаанд, газар нь бас маргаантай байсны улмаас өмчлөх эрхийн гэрчилгээ гарахгүй хүлээгдэж байсан юм. ЭЭЖК ХХК нь Анод банкны эрүүгийн хэрэгтэй холбоотой шалгагдаж байх үед хаана үйл ажиллагаа явуулж байгаа нь мэдэгдэхгүй, нэг хэсэг сураггүй болсон. Манай байр 12 давхрынх байсан учир дээврээс нь ус гоожиж янзлуулах шаардлагатай байсан. Тэгээд би туслан гүйцэтгэгч компани болох ОУнэртэй компанийг олж засвар хийлгэсэн юм. Ийнхүү хэсэг хугацаа өнгөрсний дараа, 2014 онд зарим айлуудын гэрчилгээ гарч эхэлснийг сонссон, мөн гэрчилгээгээ гаргуулж авах талаар тухайн үед зарлал тавьсан байсан. Тиймээс 2014 оны эхээр ЭЭЖК ХХК-тай очиж уулзахад захирал нь А.Амарбаясгалан гэж хүн болсон байсан. Тэгээд таны байрны мөнгө төлсөн баримт манайд байхгүй байна, мөнгөө төл гэх шаардлага тавьсан, мөн н.Быгоо та эрүүгийн журмаар шалгуул, тэр хүнтэй бид холбоогүй, олох боломжгүй байна. Ингээд Бод холбогдуулан эрүүгийн журмаар шалгуулсан байдаг юм. Би тухайн үеийн эрх бүхий этгээд болох Б, Бнарыг байхад 50 сая төгрөгөө бэлэн өгсөн, үүнийгээ гэрчилж мэдүүлэг өгсөн байдаг. Тийм учир байрыг зохих ёсоор надад хүлээлгэн өгсөн, өнөөдрийг хүртэл оршин сууж байгаа учир байраа өмчилж авах эрхтэй. Харин хариуцагч өөрөө байгууллагын ажилтан байсан Бтойгоо учраа олох ёстой.

Гэтэл надад 2016.02.22-нд ЭЭЖК ХХК-иас орон сууцыг чөлөөлж өг гэсэн мэдэгдэл ирсэн, би үүнийг зөвшөөрөхгүй байгаа. Би өнөөдрийг хүртэл байрныхаа гэрчилгээг хөөцөлдөж, шүүх, цагдаа гээд олон байгууллагаар явлаа, хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй гэж үзэж байна. Иймд намайг БЗД, * хороо, ** байр, ** тоот, 68,5 м.кв, 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, орон сууцны өмчлөгчөөр бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгийг гаргаж өгөхийг хариуцагчид даалган нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.  

 

2.Хариуцагч ЭЭЖК ХХК нь шүүхэд ирүүлсэн тайлбар болон 2020.02.15-ны өдөр шүүх хуралдаанд амаар гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр зөвшөөрөхгүй байна. Үүнд:

2.1.Зохигчдын хооронд байгуулагдсан 2008.04.03-ны өдрийн 95 тоот орон сууц захиалгаар бариулах тухай гэрээ нь хүчин төгөлдөр бус юм. Учир нь тухайн үед байгууллагын захирал нь БНСУ-ын иргэн Им Чин У гэж хүн байсан ба н.Б гэж тухайн компанийн ерөнхий инженер байсан. Харин гэрээг тухайн үеийн хуулийн зөвлөх байсан Ббайгуулсан. Булганд гэрээ байгуулах эрх олгогдоогүй. Энэ талаар Бгэрчийн мэдүүлэг өгөхдөө надад ямар ч эрх олгогдоогүй гэдгийг өөрөө хэлчихсэн байгаа, тэгээд ч гэрээгээр 46 тоот байрыг авчихаад 47 тоотыг нэхээд байж болохгүй.

2.2.Нэхэмжлэгч тал тухайн гэрээний үүргээ огт биелүүлээгүй болох нь харагддаг. Гэрээнд нийт талбайн хэмжээ 61.5 м.кв, 51.375 ам.доллар байна, захиалагч нь 100% төлбөр төлж байж өмчлөх эрх баталгаажна гэж заасан. Гэтэл нэхэмжлэгч өөрөө 50,000,000 төгрөг өгсөн гэдгээс өөр төлбөр төлөөгүй. Тухайн үеийн ам.долларын ханшаар тооцвол 60,000,000 гаруй төгрөг болно. Өөрөөр хэлбэл 51,375 ам долларыг 100% бүрэн төлөөгүй, төлбөрийн үлдэгдэлтэй байсаар байна. Тэгээд ч мөнгө өгсөн гэдгийг Булган, өөрийнх нь охин хоёр гэрчээр асуугдахдаа хэлээд байгаа болохоос биш бичгийн баримт байхгүй. Тухайн үед манай байгууллага Анод банкнаас зээл авсан байсан учир бүх захиалагчид бэлнээр бус харин дансаар мөнгийг шилжүүлж байсан. Харин компани 50 сая төгрөг аваагүй учир нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй.

2.3.Миний зүгээс 2014 оноос хойш энэ компанийн захирлын ажлыг хийж байна. Нэхэмжлэгч талын зүгээс Л.Быг цагдаад өгсөн байдаг. Гэтэл цагдаагийн байгууллагаас энэ нь залилах гэмт хэрэг мөн, гэхдээ хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон байсан. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь иргэн Бод залилуулсан гэдэг нь тогтоогдсон учир Бод холбогдуулан нэхэмжлэлээ гаргах нь зүйтэй байх. Мөн бид Т.Булганы мэдүүлэгтэй холбоотой Сүхбаатар дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст өргөдөл өгч, шалгуулж байна.

2.4.Мөн энэ маргаан аль 2008 оноос эхэлсэн, хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3.Нэхэмжлэгч талаас, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.12.17-ны өдрийн 20831 дугаар, 2019.09.23-ны өдрийн 14677 дугаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай шүүгчийн захирамжууд, мөн шүүхийн 2019.11.14-ний өдрийн 17666 дугаар нэхэмжлэлийг буцаах тухай шүүгчийн захирамж, 2008.04.03-ны өдрийн орон сууц захиалгаар бариулах тухай гэрээ, Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газрын 2016.04.17-ны өдрийн эрүүгийн хэрэг үүсгэх тухай тогтоол, 2016.05.02-ны өдрийн хохирогч болон түүний хууль ёсны төлөөлөгчөөр тогтоох тогтоол, хохирогчийг байцаасан тэмдэглэл, гэрчийг байцаасан тэмдэглэлүүд, Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газрын 2017.08.02-ны өдрийн 32 дугаар хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай тогтоол, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.09.02-ны өдрийн 6912 дугаар хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж, Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны Засаг даргын 2020.06.11-ний өдрийн тодорхойлолт, Нийслэлийн Улсын бүртгэлийн газрын 2020.05.20-ны өдрийн лавлагаа, иргэний үнэмлэхний хуулбар, Төрийн банкны ашиглалтын зардал буюу СӨХ, кабель, контоорын төлбөр төлсөн баримтууд /2013-2020 он/, 2015.05.15-ны өдрийн цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ, 2009 оны телефон хэрэглэгчийн хувийн гэрээ, 2016.03.15-ны өдрийн Баянзүрх дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст гаргасан өргөдөл, эрүүгийн хэргийн ажиллагааны баримтууд, 2011.09.09-ний өдрийн Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын акт, Баянзүрх-43 СӨХ-ны тодорхойлолт, хавсралт зураг гэсэн баримтуудыг шүүхэд өгсөн байна.  

4.Хариуцагч талаас, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн дэлгэрэнгүй лавлагаа, монгол банкнаас зарласан ханшийн лавлагаа, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016.03.28-ны өдрийн 12524 дугаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай шүүгчийн захирамж, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.05.04-ний өдрийн 973 дугаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.09.10-ны өдрийн 9054 дүгээр хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016.05.23-ны өдрийн 1015 дугаар магадлал гэсэн баримтуудыг шүүхэд өгчээ.

 

5.Шүүх 2021.01.25-ны өдрийн 862 дугаар шүүгчийн захирамжаар, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д зааснаар Улсын бүртгэлийн ерөнхий газраас 2021.02.03-ны өдрийн хариу, 2022.02.15-ны өдрийн 1929 дүгээр шүүгчийн захирамжаар Баянзүрх дүүргийн Прокурорын газрын 2017.08.09-ний өдрийн 32 дугаар “хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай” прокурорын тогтоолтой хэрэг бүртгэлийн хэргийн материалыг бүхэлд нь, Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газраас 2022.03.09-ний өдрийн лавлагааг тус тус бүрдүүлсэн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Пнь хариуцагч ЭЭЖК ХХК-д холбогдуулж БЗД, * хороо, ** байр, ** тоот, 68,5 м.кв, 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, орон сууцны өмчлөгчөөр бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгийг гаргаж өгөхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Шүүх хэрэгт авагдсан, тодорхойлох хэсэгт дурдагдсан зохигчдын гарган өгсөн болон шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийж, дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

                                               

1.Нэхэмжлэгч тал дээрх нэхэмжлэлийнхээ үндэслэлийг би маргааны зүйл болсон байраа ажил гүйцэтгэх гэрээний үндсэн дээр захиалж авсан бөгөөд бэлэн 50 сая төгрөгийг 2008.04.03-ны өдөр хариуцагч ЭЭЖК ХХК-ийн захирал гэж ойлгож байсан н.Б, хуулийн зөвлөх Т.Бнарт хүлээлгэн өгсөн, ингээд байр ашиглалтад орж 2009 онд хүлээн авснаас хойш өнөөдрийг хүртэл амьдарч байна, тухайн үед 5 сая төгрөг үлдсэн бөгөөд манай байр 12 давхарт байсан учраас цонх хагарч, таазнаас ус гоожсон байсан учир өөрөө хөөцөлдөж байж туслан гүйцэтгэгч болох ОУХХК-иар засуулсан, надад өөр төлбөрийн тооцоо байхгүй, энэхүү байр тухайн үед Анод банк ХХК-ийн барьцаанд, мөн газрын маргаантай байсан учраас гэрчилгээ олгогдохгүй удсан, сүүлд зарлал тавьсны дагуу ЭЭЖК ХХК-тай очиж уулзахад захирал нь А.Амарбаясгалан болсон байсан, намайг төлбөрөө төлөөгүй байна, төлбөр төлсөн баримт байгууллагад байхгүй байна гэдэг шалтгаанаар гэрчилгээ олгох боломжгүй гэсэн хариу өгсөн, би энэ асуудлыг тодруулахаар 2016 оны 4 сард н.Быг цагдаад өгч, залилангийн хэргээр эрүүгийн хэрэг үүсгэж шалгагдаж байсан боловч хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон, мөн шүүхэд хандсан, тиймээс хөөн хэлэлцэх хугацаан дотор шаардлага гаргаад явж байгаа учир өмчлөгч болохоор шаардах эрхтэй гэж тайлбарлав.

 

Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөөгүй байх бичгийн тайлбар нь маш товч, тэрээр 2020.02.15-ны өдөр шүүх хуралдаанд тайлбарыг амаар гаргаж, зохигчдын хооронд гэрээ байгуулагдаагүй, үүрэг үүсээгүй, гэрээ байгуулах эрх Т.Булганд олгогдоогүй, гэрээгээр 46 тоот байрыг авчихаад 47 тоотыг нэхээд байж болохгүй, нэхэмжлэгчийн охин гэх Д нь тухайн үедээ манай борлуулалтыг хариуцдаг байсан, Бтой хуйвалдаад энэ байранд орсон, төлбөр төлсөн баримт компанид байдаггүй, гэрээнд заасан долларыг тухайн үеийн ханшаар тооцвол зөрүү гарч байгаа, нэхэмжлэгч нь Л.Быг цагдаад өгсөн байдаг, харин Цагдаагийн байгууллагаас энэ нь залилах гэмт хэрэг мөн, гэхдээ хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хэргийг нь хэрэгсэхгүй болгосон байдаг. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь иргэн Бод залилуулсан гэдэг нь тогтоогдсон учир Бод холбогдуулан нэхэмжлэлээ гаргах нь зүйтэй. Мөн бид Т.Б-ны мэдүүлэгтэй холбоотой Сүхбаатар дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст өргөдөл өгч, шалгуулсан, 2008 оноос хойш өнөөдрийг хүртэл олон жил өнгөрсөн, хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж мэтгэлцэж байжээ.

 

2.Зохигчдын хооронд 2008.04.03-ны өдөр Орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулагдсан байх бөгөөд уг гэрээгээр хариуцагч ЭЭЖК ХХК нь БЗД, .. хороо, .. гудамж, , 1 дүгээр орцны 12 давхарт байрлах 46 тоотын 2 өрөө, 68,5 м.кв орон сууцыг 2008 оны 08 дугаар сард багтаан барьж, ашиглалтад оруулан нэхэмжлэгч Д.Пд хүлээлгэн өгөх, нэхэмжлэгч Д.Пнь орон сууцны 1 м.кв талбайн үнэ 750 ам.доллар, нийт 51,375 ам.долларыг хариуцагч ЭЭЖК ХХК-д төлөх, орон сууцыг хүлээн авах үүргийг тус тус хүлээж, энэхүү гэрээнд хариуцагч ЭЭЖК ХХК-ийг төлөөлж хуулийн зөвлөх Т.Булган, нэхэмжлэгч Д.Пнар гарын үсэг зурж, ЭЭЖК ХХК-ийн тамга дарагдсан байна.

 

Өөрөөр хэлбэл, хариуцагч ЭЭЖК ХХК-ийн хуулийн зөвлөхөөр ажиллаж байсан Т.Б2021.03.10-ны өдрийн шүүх хуралдаанд гэрчээр оролцож “...43 дугаар байрыг Монгол талын хөрөнгө оруулагч нар хариуцан барихаар болж захиалгын гэрээн дээр Б болон би ээлжлээд гарын үсэг зурдаг байсан, гэхдээ ихэнхидээ би гарын үсэг зурдаг байсан, харин надад гэрээнд гарын үсэг зурах эрхийг бичгээр олгосон баримт байхгүй боловч тухайн үедээ Солонгосын 4 иргэн, Б захирал, хөрөнгө оруулагчид, хувьцаа эзэмшигчдийн хурлаар Монгол талын барьж байгаа барилга дээр Б болон Булганыг төлөөлүүлээд зуруулья гэсэн аман тохиролцоогоор яриад Им Жүн Мү Солонгос хүн, гарын үсэг зурагдаад орсон гэрээн дээр тамгаа дарж байгаа нь төлөөлөх эрхээ шилжүүлэх эрхээ өгсөн гэж ойлгож болно, компанийн захирал зөвшөөрөөд тамга дарж байгаа учир эрх олгосон гэж үзэж байна...” агуулга бүхий мэдүүлгийг өгчээ.

 

Энэхүү мэдүүлгээс үзвэл, зохигчдын хооронд байгуулагдсан Орон сууц захиалгаар бариулах гэрээнд хариуцагч ЭЭЖК ХХК-ийн хүсэл зориг илэрхийлэгдсэн, байгууллагыг төлөөлж Т.Бгэрээнд гарын үсэг зурах эрхтэй, зохигчдын хооронд хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан болох нь тотоогдож байх тул хариуцагч талын гаргасан “...Т.Бгэдэг хүнд гэрээнд гарын үсэг зурах эрх олгогдоогүй учир гэрээ байгуулагдсан гэж үзэхгүй гэх...” агуулга бүхий тайлбар няцаагдаж байна.

 

Харин хариуцагч ЭЭЖК ХХК нь Т.Б мэдүүлгийг зөвшөөрөхгүй, “Т.Бнь худал мэдүүлэг өгсөн байж болзошгүй” гэх гомдлыг Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтэст гаргасан байх ба, уг гомдлыг Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хэлтсээс шалгаж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж, 2022.01.31-ний өдөр хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай санал гаргаж, Сүхбаатар дүүргийн прокурорын газарт хүргүүлсэн, хариуцагчийн гаргасан гомдлыг Цагдаагийн байгууллага нэгэнт шалгасан байх тул шүүх гэрч Т.Б-ны 2021.03.10-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан дээр дурдсан мэдүүлгийг үнэн зөв гэж үзсэн болно.

 

3.Шүүх зохигчдын хооронд үүссэн энэхүү харилцааг гэрээний агуулга, зохицуулалтыг үндэслэн ажил гүйцэтгэх гэрээний харилцаа байна гэж дүгнэсэн бөгөөд уг тохиролцоо Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 189 дүгээр зүйлийн 189.1-д заасантай нийцжээ.  

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д “ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ”,

350 дугаар зүйлийн 350.1-д “ажил гүйцэтгэгч дараах үүрэг хүлээнэ:” 350.1.1-д “гэрээнд заасан ажлыг тогтоосон хугацаанд гүйцэтгэх”, 350.1.6-д “захиалагчийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй үр дүн шилжүүлэх”,

351 дүгээр зүйлийн 351.1-д “захиалагч дараах үүрэг хүлээнэ:” 351.1.1-д “гэрээнд заасан хугацаанд, эсхүл ажлын үр дүнг хүлээн авмагц зохих журмын дагуу хөлс төлөх” гэж тус тус заасан.

 

4.Хариуцагч ЭЭЖК ХХК нь гэрээний 3 дугаар зүйлийн 3.1, 4 дүгээр зүйлийн 4.5, Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 350 дугаар зүйлийн 350.1.1, 350.1.6-д зааснаар маргааны зүйл болсон орон сууцыг 2008 оны 08 дугаар улиралд багтаан барьж, ашиглалтад оруулж, улсын комиссын актыг үндэслэн нэхэмжлэгч Д.П-д акт үйлдэн хүлээлгэн өгөх үүрэгтэй байсан бөгөөд тэрээр БЗД, .. хороо, .. гудамж, , 97 айлын орон сууцны барилгыг 2007 оны 05 сараас эхлэн барьж, 2009.09.30-ны өдөр барьж дуусган, 2011.09.09-ний өдрийн барилга, байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын актаар бүхэлд нь ашиглалтад оруулж, улсын комисст хүлээлгэн өгсөн, уг барилгын хөрөнгө оруулагч, захиалагч, ерөнхий гүйцэтгэгчээр Улаанбаатар сан ХХК, ЭЭЖК ХХК, туслан гүйцэтгэгчээр ОУХХК ажилласан байна.

Ийнхүү нэхэмжлэгч Д.Пнь гэрээний 5 дугаар зүйлийн 5.2-т зааснаар 2009 оны 08 сард хариуцагч ЭЭЖК ХХК-ийн холбогдох хүмүүсээс Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 43 дугаар байрны 46 тоот, 68,5 м.кв, 2 өрөө орон сууцны түлхүүрийг хүлээн авч, байрандаа орсон байх боловч зохигчид энэ талаар ямар нэгэн акт үйлдээгүй гэдгээ хүлээн зөвшөөрсөн.

 

Харин дээрх 46 тоот орон сууц нь хаалганы дугаарлалтын хувьд, оршин суугч нэг айл байраа хоёр хувааж, хоёр хаалгатай болгосноос шалтгаалж, нэг дугаар хойш гүйн, сүүлд 47 тоот болсон нь нэхэмжлэгчийн тайлбар, Баянзүрх-43 сууц өмчлөгчдийн холбооны тодорхойлолтоос гадна, гэрч Т.Б гаргасан “...энэ байр 1 давхартаа 4 айлтай, 2 орцтой, 48 айлтай, Урд талын орцны 9 давхрын 98 м.кв 3 өрөө байрыг хоёр хуваагаад урд талын орц 49 айлтай болсон, эдний гэрээ хийсний дараа учраас автоматаар хаалганы дугаарлалт зөрнө...” гэх агуулга бүхий тайлбараар давхар нотлогдсон тул хариуцагч талын гаргасан “...нэхэмжлэгч нь гэрээгээр 46 тоот орон сууцыг захиалчихаад одоо 47 тоот орон сууцыг шаардаад байгаа нь ойлгомжгүй” гэх тайлбар үгүйсгэгдэнэ.

 

5.Улмаар нэхэмжлэгч Д.Пнь 47 тоот орон сууцыг хүлээн авснаар  гэрээний 5.4-т заасныг хэрэгжүүлэх, уг орон сууцаа эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой гарах зардлыг өөрөө хариуцаж, үүнтэй холбогдох бичиг баримтыг хариуцагч ЭЭЖК ХХК-иас шаардах, баримтуудыг бүрдүүлэн авснаар 47 тоот орон сууцыг улсын бүртгэлд бүртгүүлэн өмчлөх эрхтэй болох байжээ.

 

Өөрөөр хэлбэл, маргааны зүйл болсон орон сууц нь нэхэмжлэгч Д.Пгийн захиалгын үндсэн дээр хариуцагч ЭЭЖК ХХК-ийн ажлын үр дүнд шинээр бий болж байгаа учир хариуцагч ЭЭЖК ХХК нь нэхэмжлэгч Д.Пд өмчлөгчөөр бүртгүүлэхэд шаардлага хангасан орон сууцыг шилжүүлж, түүнд холбогдох баримт бичгийг бэлэн болгож өгөх учиртай.

 

6.Тийм учраас нэхэмжлэгч Д.Пнь гэрээний 5 дугаар зүйлийн 5.4-т зааснаар хариуцагч ЭЭЖК ХХК-иас өмчлөх эрхээ бүртгүүлэхтэй холбоотой баримтуудыг 2014 оноос эхлэн шаардаж, Улсын бүртгэлийн газарт хандаж байсан байх боловч хариуцагч ЭЭЖК ХХК нь “...таны төлбөрийн баримт компанид байхгүй, төлбөр төлөөгүй байна, н.Быгоо цагдаад өг, гэрчилгээ гарган өгөх боломжгүй...” гэсэн хариуг, Улсын бүртгэлийн ерөнхий газар нь “...энэ байр маргаантай байгаа учир шүүхээр явж өмчлөгчөөр тогтоолго...” гэсэн хариуг тус тус амаар өгсөн байна.

 

Үүнээс гадна Улсын бүртгэлийн ерөнхий газар нь 2021.02.03-ны өдрийн 7/776 тоот албан бичгээр “Баянзүрх дүүргийн 47 дугаар байр хаягт байршилтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө нь бүхэлдээ эрхийн улсын бүртгэлийн Ү-2204021257 дугаарт ЭЭЖК ХХК-ийн өмчлөлд бүртгэгдсэн, 47 тоот нь өнөөдрийн байдлаар эрхийн улсын бүртгэлд бүртгэгдээгүй байгаа” гэсэн хариуг шүүхэд ирүүлжээ.

 

7.Ийнхүү нэхэмжлэгч Д.Пнь эрхээ хамгаалуулах зорилгоор Цагдаагийн байгууллага болон шүүхэд удаа дараа хандсан байх бөгөөд нэхэмжлэгч Д.Пнь 2016.03.25-ны өдөр “...2008 оны 04 сард БЗД, * хороо, ** байр, ** тоот орон сууцыг худалдаж авахаар ЭЭЖК ХХК-ийн захирал Бод өгч байр худалдан авсан боловч байрныхаа мөнгийг хувьдаа завшиж намайг залилсан гэх...” гомдлыг Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэст гаргасан, энэхүү гомдлын дагуу Цагдаагийн байгууллага гэрч, хохирогчийг байцаах, оргодол эрэн сурвалжлах зэргээр хэрэг бүртгэлтийн ажиллагааг явуулж, хэргийг Баянзүрх дүүргийн Прокурорын газарт шилжүүлсэн, Баянзүрх дүүргийн Прокурорын газрын 2017.08.09-ний өдрийн 32 дугаар “хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай” прокурорын тогтоолоор “...энэхүү хэрэг нь гэмт хэргийн шинжтэй байх боловч хөөн хэлэлцэх 5 жилийн хугацаа өнгөрсөн, Эрүүгийн хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй үндэслэл тогтоогдсон...” гэдэг үндэслэлээр хаагдсан байна.

 

Өөрөөр хэлбэл, дээрх баримтаар н.Б нь нэхэмжлэгч Д.Пг залилсан гэж шууд үзэхгүй бөгөөд хариуцагч ЭЭЖК ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, хариуцагчийн тайлбар, гэрч Т.Б-ы мэдүүлгээс үзвэл, Д.Б нь 2008.12.24-ний өдрөөс эхлэн ЭЭЖК ХХК-ийн хувьцаа эзэмшигч, гишүүн байснаас гадна ерөнхий менежерээр ажиллаж байсан, түүнийг албан ёсоор ажиллаж байх цаг хугацаанд зохигчдын хооронд гэрээ хийгдсэн, шүүх гэрээг хүчин төгөлдөр гэж нэгэнт дүгнэсэн тул хариуцагч тал “нэхэмжлэгч Д.Пнь иргэн н.Бод залилуулсан гэдэг нь тогтоогдсон, манай байгууллагад ямар нэгэн төлбөр төлөөгүй” гэдэг тайлбараар хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэл болохгүй,  хариуцагч Эм энд жи констаркшн ХХК нь Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар ажилтан байсан Б.Бтой хариуцлага тооцох асуудал тусдаа гэж үзнэ.  

 

8.Улмаар нэхэмжлэгч Д.Пнь 2019.08.08-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.09.02-ны өдрийн 182/ШЗ2019/06912 дугаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, мөн 2019.09.16-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байх бөгөөд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 101/ШЗ2019/14677 дугаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн, 2019.12.10-ны өдөр дахин шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд тус шүүхийн 2019.12.17-ны өдрийн 101/ШЗ2019/20831 дугаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн ба тэрээр тус шүүхэд 2020.04.23-ны өдөр нэхэмжлэлийг дахин гаргажээ.

 

Тодруулбал, ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой байх тул, Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2-д зааснаар Д.Пгийн нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх 6 жилийн хугацааг Барилга байгууламж ашиглалтад орсон 2009 он, улсын комисст хүлээлгэн өгсөн 2011 он болон нэхэмжлэгч Д.П-н 2014 оноос эхлэн 2016, 2019, 2020 онуудад хариуцагч ЭЭЖК ХХК, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Цагдаагийн байгууллага, Шүүх зэрэг байгууллагад хандаж байснаар Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1, 79.7-д зааснаар тасалдаж, дахин шинээр тоологдсон гэж үзнэ. Тиймээс энэ талаарх хариуцагчийн тайлбар, татгалзал үндэслэлгүй болно.

 

9.Нөгөө талаар нэхэмжлэгч Д.П нь гэрээний 3 дугаар зүйлийн 3.2, 3.6, Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 351 дүгээр зүйлийн 351.1.1-д зааснаар БЗД, * хороо, ** байр, ** тоот, 68,5 м.кв, 2 өрөө орон сууцны 1 м,кв талбайн үнийг 750 ам.доллараар тооцож 51,375 ам.доллар буюу 2008.04.03-ны өдрийн Монгол банкны зарласан албан ёсны ханш болох нэг ам.долларыг 1167,97 төгрөгөөр тооцон 60,004,458 төгрөгийг хариуцагч ЭЭЖК ХХК-нд төлөх үүрэгтэй байхад 50,000,000 төгрөгийг төлсөн, төлбөрийн үлдэгдэлтэй байна.

 

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Д.Пнь тухайн үед өөрийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, 10 дугаар байрны 57 тоот орон сууцыг бусдад худалдаж, энэхүү 50,000,000 төгрөгийг 2008.04.03-ны орой, хариуцагч ЭЭЖК ХХК-ийн ажлын байранд ерөнхий менежер, захирал гэх Б, хуулийн зөвлөх Т.Бнарт бэлнээр хүлээлгэн өгч, төлсөн болох нь нэхэмжлэгч талын тайлбараас гадна 2021.01.25-ны өдрийн шүүх хуралдаанд гэрчээр оролцсон, П.Дын гаргасан “...би ээжтэйгээ ярилцаад 13 дугаар хорооллын байраа зарсан, энэ мөнгөө хар уутанд бэлэн авсан байсан учир тэр дор нь буюу...2008.04.03-ны өдөр байгууллагын оффист очсон, энэ үед Б захирал, Бхуулийн зөвлөх хоёулаа байсан, мөнгийг хоёулаа тоолоод авсан, ...нийтдээ 50 сая төгрөг бэлэн өгсөн боловч ямар нэгэн санхүүгийн баримт үйлдээгүй, үлдэгдэл 5 сая төгрөгийг байрыг авах үедээ өгөх байсан гэдгийг сайн санаж байна...” гэх агуулга бүхий мэдүүлэг,

Мөн 2021.03.10-ны өдрийн шүүх хуралдаанд гэрчээр оролцсон, Т.Б-ны гаргасан “...Ихэнхи гэрээ 5-10%-ийг үлдээгээд барилга ашиглалтад ороход авахаар гэрээ хийгддэг. П захиалагчийн хувьд 2014-2016 онд төлбөр төлөгдсөн төлөгдөөгүй гэсэн маргаан яваад байсан, Б захирал бид хоёрыг байхад нийт үнийн дүнг санахгүй байна, 40 хэдэн мянган доллар Б захиралд өгч байсан санагдаж байна, тухайн үед орой болсон, хүмүүсийн гэрээ тулгаад шивж байсан, тухайн үед мөнгийг тоолж авч Б захиралд өгч байсан...“ гэх агуулга бүхий мэдүүлгүүдээр давхар нотлогдсон. Иймд хариуцагч талын гаргасан “нэхэмжлэгч Д.Пнь манай байгууллагад төлбөр төлсөн баримт байхгүй, төлбөр төлөөгүй” гэх тайлбар үгүйсгэгднэ.

 

10.Тодруулбал, нэхэмжлэгч Д.Пнь гэрээний 3 дугаар зүйлийн 3.3, Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1-д зааснаар хариуцагч ЭЭЖК ХХК-иас 47 тоот орон сууцны түлхүүрийг хүлээн авах өдөр төлбөрийг бүрэн төлж барагдуулснаар маргааны зүйл болсон орон сууцыг өмчлөх эрхтэй болох байтал, тэрээр 10,004,458 /60,004,458 төг – 50,000,000 төг/ төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй, энэхүү төлбөр төлөх үүргийг гэрээнд заасны дагуу, Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1, 208 дугаар зүйлийн 208.1-д зааснаар зохих ёсоор, шударгаар, бүрэн биелүүлээгүй байна гэж үзлээ.

 

Иймд нэхэмжлэгч талын гаргасан “...миний бие үлдэгдэл 5,000,000 төгрөгийг орон сууцны засвар, үйлчилгээ хийсэн үнийн дүнд суутган тооцсон учир төлбөрийн үлдэгдэл байхгүй, энэхүү засварыг ОУХХК-иар гүйцэтгүүлсэн, үүнээс ч их зардал гарсан...” гэх тайлбар үндэслэлгүй байх бөгөөд энэхүү тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.2-т зааснаар баримтаар нотолсонгүй.

 

11.Хэдийгээр нэхэмжлэгч Д.Пнь хариуцагч ЭЭЖК ХХК-нд 10,004,458 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байх боловч гэрээний дагуу төлбөрийн дийлэнхи хэсгийг буюу 50,000,000 төгрөгийг нэгэнт төлсөн, 10,004,458 төгрөгийн үлдэгдэл нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4.1-д зааснаар үүргийн ялимгүй зөрчил байх бөгөөд энэ нь гэрээнээс татгалзах үндэслэл болохгүйгээс гадна  түүний өмчлөгчөөр тогтоолгох шаардах эрхийг үгүйсгэхгүй юм.

 

Энэхүү маргааны зүйл болсон 47 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийг иргэн Б.Ариунзул нь ЭЭЖК ХХК-нд холбогдуулан Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасныг шүүх 2020.05.04-ний өдрийн 973 дугаар шүүгчийн захирамжаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна. Харин шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг ердийн журмаар дахин хэлэлцэж, 2020.09.10-ны өдрийн 9054 дугаар шүүгчийн захирамжаар “Д.Пү-н нэхэмжлэлтэй ЭЭЖК ХХК-нд холбогдох хэрэг харьяаллын дагуу тус шүүхэд шилжин ирсэн, Д.Пгийн нэхэмжлэлтэй хэргийг шийдвэрлэх хүртэл хэргийг шийдвэрлэх боломжгүй” гэж үзэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1, 65 дугаар зүйлийн 65.1.7-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.

 

Түүнчлэн хариуцагч ЭЭЖК ХХК нь 2016.02.22-ны өдөр нэхэмжлэгч Д.Пг байрны төлбөрөө төлөөгүй, 2009 оноос хойш оршин суусан гэсэн шалтгаанаар 47 тоот орон сууцыг чөлөөлөх шаардлага тавьж, 2016.03.21-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасныг шүүх 2016.03.28-ны өдрийн 12524 дүгээр шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаагүй гэж үзэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11-д зааснаар хүлээн авахаас татгалзжээ.

 

Өөрөөр хэлбэл, маргааны зүйл болсон БЗД, * хороо, ** байр, ** тоот, 68,5 м.кв, 2 өрөө орон сууцны талаар шүүхэд ямар нэгэн маргаан байхгүй, гуравдагч этгээдийн эрх, ашиг хөндөгдсөн зүйлгүй, хариуцагч ЭЭЖК ХХК нь ямар нэгэн сөрөг шаардлага гаргаагүй болно.  

 

12.Дээрх бүгдээс дүгнэн үзвэл, хариуцагч ЭЭЖК ХХК нь маргааны зүйл болсон БЗД, * хороо, ** байр, ** тоот, 68,5 м.кв, 2 өрөө орон сууцыг 2009 оны 08 сард нэхэмжлэгч Д.Пд нэгэнт хүлээлгээд өгсөн, энэхүү орон сууц нь хаалганы дугаарлалтын хувьд 47 тоот болсон, нэхэмжлэгч Д.Пнь 2009 оны 08 сараас хойш өнөөдрийг хүртэл уг 47 тоот орон сууцанд оршин сууж, эзэмшиж, ашиглаж байгаа, түүнчлэн орон сууцны ашиглалтын зардал болох СӨХ, контоор, цахилгаан, утасны төлбөр болон бусад ашиглалтын зардлыг тухай бүр төлж байгаа болох нь түүний тайлбар, хэрэгт авагдсан цахилгаан болон телефон утасны гэрээ, ашиглалтын төлбөр төлсөн баримтууд, оршин суугаа хорооны тодорхойлолт зэрэг баримтуудаар давхар тогтоогдсон.

 

Иймд нэхэмжлэгч Д.Пд Иргэний хуулийн 343 дүгээр зүйлийн 343.1, гэрээний 5 дугаар зүйлийн 5.4-т зааснаар БЗД, * хороо, ** байр, ** тоот, 68,5 м.кв, 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөгчөөр бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтуудыг хариуцагч ЭЭЖК ХХК-иас гаргуулахаар шаардах эрх үүссэн, нөгөө талаар хариуцагч ЭЭЖК ХХК нь өмчлөх эрхээ бүртгүүлэхэд шаардагдах бичиг баримтуудыг нэхэмжлэгч Д.Пд бүрдүүлэн өгөх үүрэгтэй.

 

Харин хариуцагч ЭЭЖК ХХК нь дээрх үүргээ биелүүлээгүй, нэхэмжлэгч Д.Пнь өнөөдрийг хүртэл маргааны зүйл болсон 47 тоот орон сууцны өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэн, гэрчилгээгээ авч чадахгүй байгаа нь тогтоогдсон тул нэхэмжлэгч Д.Пг БЗД, * хороо, ** байр, ** тоот, 68,5 м.кв, 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож, орон сууцны өмчлөгчөөр бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг гаргаж өгөхийг хариуцагч ЭЭЖК ХХК-д даалгах нь зүйтэй гэж үзлээ.

 

 

 

13.Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1-д зааснаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг бусдад шилжүүлэх, энэ тухай улсын бүртгэлд бүртгүүлэх тухай хүсэлтийг эрхээ шилжүүлж байгаа болон уг эрхийг олж авч байгаа этгээдийн хэн нь ч гаргах эрхтэй,

түүнчлэн хариуцагч талын гарган өгсөн Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016.05.23-ны өдрийн 1015 дугаар магадлалыг энэ хэрэгт хамааралгүй гэж үзэн шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүйг тус тус дурдаж байна.

 

Нэхэмжлэгч Д.Пгийн тэмдэгтийн хураамжид төлсөн 478,150 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч ЭЭЖК ХХК-иас 478,150 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Пд олгох нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасантай нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2, 115.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Пг БЗД, * хороо, ** байр, ** тоот, 68,5 м.кв, 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож, орон сууцны өмчлөгчөөр бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгийг гаргаж өгөхийг хариуцагч ЭЭЖК ХХК-д даалгасугай.

            2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Пгийн тэмдэгтийн хураамжид төлсөн 478,150 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч ЭЭЖК ХХК-иас 478,150 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Пд олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай. 

 

   4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болж, 14 хоногийн дотор бичгээр гарах ба, шүүх хуралдаанд оролцсон тал уг хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, энэхүү үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                    Т.ЭНХТУЯА