Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 184/ШШ2022/00639

 

 

 

 

       2022            02             24                                           184/ШШ2022/00639

 

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  Л.Оюунцэцэг даргалж, тус шүүхийн 1 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: “Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: “С” ХХК  холбогдох,

 

Гэрээний үүргийн гүйцэтгэлд 7,956,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

             Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Цэндбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Галмандах нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Манай компани 2019 оны 01 сарын 16-нд ““С”ХХК, “Э” ТББ-тай ЗҮ-01 худалдах, худалдан авах гэрээ байгуулан Дорноговь аймгийн Замын-Үүд суманд байрлах Замын-Үүд зочид буудалд 2.500 м.кв талбайг халаах хүчин чадалтай, нүүрсээр халаадаг АСЭ-8 маркийн зуухыг авахаар 12.000.000 төгрөгт тохирч урьдчилгаа  төлбөрт 7.200.000 төгрөгийг 2019.01.16-нд шилжүүлсэн. Холбогдох баримтууд байгаа. Зуухыг манай байгууллага өөрийн зардлаар тээвэрлэсэн. Гэрээний дагуу  хариуцагч компаний гагнуурчин н.Гансүх, түүний хүүхэд нь сангийн инженер  Д.Э нар ирж 2019 оны 02 сарын  01-ээс   2019 оны 02 сарын 03  ны өдөр хүртэл хугацаанд АСЭ-8 маркийн зуухыг угсарч шалгахад зуухны даралтын хэмжээ  шаардлага хангахгүй, градус нь хэвийн хэмжээнд хүрэхгүй, нүүрс нь бүрэн  шатахгүй  20-30 хувийн шаталттай шаардлага хангахгүй  байна гэдгийг тогтоож акт үйлдсэн   байдаг. Ингээд  зуухыг буцааж 7,200,000 төгрөгийг буцаахаар ярилцаад тохирч акт №1 гэж үйлдээд харилцан гарын үсэг зурсан байдаг.

 Ийм учраас манай компани хариуцагч талд зуухыг буцааж урьдчилгаа төлбөрийг буцаан өгөхийг удаа дараа мэдэгдсэн боловч үр дүн гараагүй байна.  Манай компанитай байгуулсан урьдчилгаа төлбөрт хүлээн авсан  7,200,000 төгрөг, үүргээ биелүүлээгүйгээс учирсан алданги 756.000 төгрөг, нийт 7.956.000 төгрөгийг нэхэмжилж байна.

Алдангийн хувьд 2019 оны 01 сарын 16-ны өдрөөс 2019 оны 8 сарын 16-ны өдөр хүртэлх нийт 7 сарын хугацаанд 7,200,000 төгрөгөөс нэг хоногийн 3,600 төгрөгөөр тооцсон юм.  Бид  7,200,000 төгрөгөөс  0.05 хувиар алданги тооцсон юм. Гэрээний үүрэг биелэгдэхгүй байна. Зуухаа аваарай гэдэг зүйлийг тэр даруйд нь хэлсэн.

 Манай тал зуух тээвэрлэх зардлыг хариуцсан. Замын -Үүдийн зочид буудал хөлдөхөөс сэргийлж өөр зуух авсан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна.  Хариуцагч тал маш зальтай олон удаа шүүх хурлыг үндэслэлгүй хойшлуулж байгаа   тул эзгүйд шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн төлөөлөгч С.Энхтайван шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Манай компани нь ““Х”” ХХК-тай АСЭ-8 нам даралтын зуухыг  2500 м.кв зочид буудалд тавьж халаах гэрээг хийгээд гэрээний хугацаанд зуух  хийж нийлүүлэн халаасан. Гэтэл захирал Баянцагаан танай зуух муу халж байна авахаа болилоо, би Эрээн хотоос хямд зуух авахаар боллоо, нэгд танай зуух үнэтэй, хоёрт удаан халж байна гэж ямар нэгэн мэргэжлийн байгууллагын дүгнэлт байхгүй дур мэдэн зуухыг буулгаж үлдэгдэл төлбөрийг өгөхөөс зайлсхийн хүний хийсэн бүтээснийг үгүйсгэж хохироосон. Иймд ““Х”” ХХК-ийн нэхэмжилсэн мөнгийг төлөх учиргүй гэжээ.

           Зохигчийн шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтууд

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ дэмжин: талуудын хооронд байгуулсан 2019 оны 01 сарын 16-ны өдрийн 34-01 дугаар худалдах худалдан авах гэрээ, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ,  төлбөрийн даалгавар №11, 2019.02.15-ны өдрийн №01 тоот акт, 2019.02.03-ны өдөр  Замын-Үүд зочид буудалд “АСЭ-8” маркийн зуухыг угсарч шалгасан №01 тоот акт, Стандарт хэмжил зүйн газрын 2022.02.21-ний өдрийн 104 тоот албан бичиг, зуухны зургийг бэхжүүлсэн фото зураг  зэрэг баримтуудыг ирүүлжээ.

Хариуцагч талаас: нотлох баримтаар хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээнүүдийг нотариатчаар гэрчлүүлэн ирүүлсэн /хх 46,47 дугаар тал/ хурал хойшлуулахыг хүссэн хүсэлтүүд тус тус ирсэн байна.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбарууд болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ““Х”” ХХК нь хариуцагч “С” ХХК, болон  “Э” ТББ нарт холбогдуулан худалдах худалдан авах гэрээг  цуцалж, АСЭ-8 маркийн нам даралтын зуухны урьдчилгаа төлбөрт хүлээн авсан 7,200,000 төгрөг, үүргээ хугацаандаа биелүүлээгүйгээс үүссэн алдангид 756,000 төгрөг, нийт 7,956,000 төгрөг нэхэмжилжээ. 

Хариуцагч “С” ХХК, “Э” ТББ-ын төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч  нэхэмжлэгч тал Эрээн хотоос хямд зуух авахаар боллоо, танай зуух үнэтэй, удаан халж байна гэж мэргэжлийн байгууллагын дүгнэлт гараагүй байхад дур мэдэн зуухыг буулгаж үлдэгдэл төлбөрийг өгөхөөс зайлсхийн хүний хийсэн бүтээснийг үгүйсгэж хохироож байна, “биет байдлын  доголдолгүй зуухыг хүлээлгэн өгсөн” гэх үндэслэлээр маргажээ.

  Талуудын хооронд 2019.01.16-нд “худалдах худалдан авах гэрээ” байгуулагдсан ба хариуцагч “С” ХХК, “Э” ТББ нь АСЭ-8 маркийн нам даралтын 2,500 м.кв талбайг нүүрсээр халаах хүчин чадалтай   зуухыг хийж нийлүүлэх, нэхэмжлэгч ““Х”” ХХК нь зуухны үнэд урьдчилгаа  төлбөрт 7,200,000 төгрөгийг гэрээ байгуулах үед, үлдэгдэл 4,800,000 төгрөгийг  зуухыг халааж тохируулга хийж хоёр талын комиссууд хүлээлгэн өгсөн актыг  үндэслэн үлдэх төлбөрийг өгөхөөр нийт 12,000,000 төгрөгт тохиролцсон болох нь   хэрэгт авагдсан гэрээ, актууд, зохигчдын тайлбарууд зэргээр тогтоогдсон байна. /хх 4-6,10 дүгээр тал/ 

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 1.5-д “Урьдчилгаа төлбөрт   7,200,000 төгрөгийг гэрээ байгуулах үед, үлдэгдэл 4,800,000 төгрөгийг зуухыг  халааж, тохируулга хийж 2 талын комиссоор хүлээлгэн өгсөн актыг үндэслэн ...олгоно” гэж,

гэрээний 3.2-д “Зуух нь  ... стандартын шаардлага хангасан  ... чанарын өндөр түвшинд гүйцэтгэж 2019.01.16-ны өдрөөс эхлэн 2019.02.01-ний өдрийн дотор хийж өгөх, 3.3-д “Бараа материалын чанартай холбогдсон бичиг баримт, паспорт,  сертификатыг дагалдуулна гэж,

гэрээний 4.2-д “Худалдагч тал гэрээнд тохирсон шаардлага хангасан бараа  нийлүүлээгүйгээс худалдан авагч талд учирсан хохирлыг тохиролцсон хугацаандаа  барагдуулаагүй бол ... 0,05% алданги төлнө”,

гэрээний 5.3-д “гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд  талуудын аль нэгний санаачилгаар гэрээг цуцлах үндэстэй, гэрээг цуцлах санал гаргасан тал энэ тухайгаа 10 хоногийн  дотор албан ёсоор бичгээр мэдэгдэнэ”  гэх нөхцлийг гэрээнд тусгаж харилцан тохирсон байна.

Хариуцагч буюу худалдагч тал гэрээний дагуу “АСЭ-8 маркийн зуухыг нийлүүлж худалдан авагч тал буюу ““Х”” ХХК нь зуухны урьдчилгаа үнэ  7,200,000 төгрөгийг төлсөн үйл баримтууд зохигчдын тайлбараар болон төлбөр  төлсөн төлбөрийн даалгавар зэрэг баримтаар тогтоогдож байна.  /хх 10-11 дүгээр  тал/ 

 Дээрх байдлаас үзвэл: талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн  243.1-д  “Худалдах худалдан авах гэрээгээр худалдагч  нь биет  байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг   худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан  авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө   хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж зааснаар худалдах худалдан авах   гэрээний харилцаа үүссэн ба нэхэмжлэгч шаардах эрхтэй байна.

Талуудын хооронд байгуулсан гэрээ нь хуульд заасан хэлбэрийн шаардлага хангасан хүчин төгөлдөр бөгөөд гэрээний талаар талууд маргаагүй байна. 

Нэхэмжлэгч нь гэрээний зүйл болох “АСЭ-8 маркийн “нам даралтын зуух нь чанарын шаардлага хангаагүй гэж, хариуцагч нь 2500 м.кв талбай бүхий зочид буудалд тавьж халаах гэрээ хийгээд гэрээний хугацаанд зуух хийж нийлүүлэн халаасан гэж талууд маргаж байна. 

Гэрээний 2.6-д худалдан авагчийн үүрэгт: “Бүтээгдэхүүний чанарын талаарх гомдлыг ирснээс хойш 10 хоногийн дотор гаргана” 

Гэрээний худалдан нийлүүлэгчийн үүрэгт: 3.2-д “зуух нь ... чанарын өндөр түвшинд гүйцэтгэж 2019 оны 01 сарын 16-ны өдрөөс эхлэн 2019 оны 02 сарын 01-ний өдрийн дотор хийж өгөх,

Гэрээний 3.5-д “Зуухны угсралт, тохируулгын ажлыг бүрэн хариуцна” гэж тус тусын үүрэг хариуцлагыг хүлээхээр тохирсон байна.

 Нэхэмжлэгч тал нь “АСЭ-8 маркийн “нам даралтын зуухны  урьдчилгаа  үнийг  2019.01.16-нд төлж зуухыг авснаас хойш горимын дагуу ажиллахгүй, чанарын шаардлага хангахгүй байгаа талаар 10 хоногийн дотор мэдэгдсэн талаар тайлбарлаж, 2019 оны 02 сарын 15-нд үйлдсэн №01 дугаар актыг ирүүлсэн байна. 

Тус актанд: “ ...2019 оны 02 сарын 3-аас 4-ний өдрийн хооронд Замын-Үүд  зочид буудалд  “АСЭ-8 маркийн “нам даралтын зуухыг суурилуулан ажиллуулсан ч халаалт шаардлага хангахгүй, хөлдөөх аюулд орсон тул ...Улаанбаатар хот руу  тээвэрлэх, С.Энхтайванд биечлэн мэдэгдэх, урьдчилгаа төлбөрийг буцаахаар харилцан тохиролцсон” гэж дурдсан  болох нь баримтаар тогтоогдсон байна. /хх 12 дугаар тал/

Түүнчлэн 2019 оны 02 сарын 03-нд “Замын үүд зочид буудалд “АСЭ-8 маркийн зуухыг угсарч шалгасан акт” №1 гэх нэртэй актыг хариуцагч талын гагнуурчин н.Гансүх, сангийн инженер Д.Э, нэхэмжлэгч компанийн захирал  Д.Баянцагаан  нар үйлдэж гарын үсэг зурсан нотлох баримтыг ирүүлжээ.

 Тус актаар:  4 нөхцөл зааж техникийн шаардлага хангахгүй тул зуухыг буцаан татах, буудлын халаалтыг хэвийн болгох зорилгоор хүчин чадалд нь тохирох  зуухыг  БНХАУ-аас худалдан авах, гэрээний урьдчилгаа 7,2 сая төгрөгийг буцааж  шилжүүлэх, нэхэмжлэгч тал тээвэрлэн Улаанбаатар хотод хүргэж зардлыг хариуцагчаас гаргуулахаар тус тус талууд тохирсон байна.

Дээрх үйл баримтаас үзэхэд: Талуудын хооронд байгуулсан гэрээний 3.2-д зааснаар  “Зуух нь  ... стандартын шаардлага хангасан  ... чанарын өндөр түвшинд гүйцэтгэж 2019.01.16-ны өдрөөс  2019.02.01-ний өдрийн дотор хийж “, 2019 оны 02 сарын 3-аас 4-ний өдрийн хооронд суурилуулахаар  ажилласан  боловч шаардлага   хангаагүй талаар дурдан талууд 10 хоногийн дотор 2019 оны 02 сарын 03-нд №01 дугаар акт үйлдэж гарын үсэг зурж мэдэгдсэн болох нь нотлогдож байгаа ба    хариуцагч нь биет байдлын доголдолгүй эрхийн зөрчилгүй хөрөнгө шилжүүлээгүй болох нь дээрх үйл баримтаар тогтоогдож байна. /хх 71-72 дугаар тал/

 Хариуцагч “С” ХХК, “Э” ТББ нь доголдолгүй зуух хүлээлгэн өгсөн гэж маргаж “ ... мэргэжлийн байгууллагын дүгнэлт гараагүй байхад дур мэдэн зуухыг буулгаж үлдэгдэл төлбөрийг өгөхөөс зайлсхийсэн, хүний хийсэн бүтээснийг үгүйсгэж хохироож байна” гэх тайлбараа  баримтаар нотлоогүй ба мөн талуудын хооронд 2019.02.03-нд үйлдсэн актыг  үгүйсгэсэн нотлох баримтыг гаргаж өгөөгүй нотолж чадахгүй байна гэж үзлээ.  

  Мөн нэхэмжлэгчээс нотлох баримтаар ирүүлсэн Стандарт хэмжил зүйн газрын 2022.02.21-ний өдрийн №104 тоот албан бичигт “тус компани үйлдвэрлэж байгаа “АСЭ-8 загварын” нүүрсээр халдаг зууханд тохирлын гэрчилгээ олгоогүй  байна” гэх баримтыг ирүүлсэн байна. /хх 141 дүгээр тал/

Иймд хариуцагчийг гэрээний 4.2-д заасны дагуу ... шаардлага хангасан бараа нийлүүлээгүйгээс, ...учирсан хохирлыг тохиролцсон хугацаанд барагдуулаагүй  бол... алданги тооцно гэж зааснаар үүргээ зөрчсөн гэж үзэн нэхэмжлэгч нь Иргэний  хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар гэрээнээс татгалзаж түүний үр дагаврыг шаардах эрхтэй тул хариуцагчаас зуухны урьдчилгаанд шилжүүлсэн   7,200,000 төгрөг, гэрээний дагуу тооцсон алдангид 756,000 төгрөг, нийт 7,956,000 төгрөг гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.

Хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д тус тус зааснаар “зохигч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх” үүрэгтэй гэж хуульд заасан үүргээ хэрэгжүүлээгүй болно.

Шүүхээс талуудад эрх үүргийг хангалтай тайлбарлаж Иргэний хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5-д “Зохигч бодит байдалд нийцсэн тайлбар өгөх, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт гаргах үүрэгтэй” гэж заасны дагуу мэтгэлцэх боломжийг хангалттай олгосон боловч хариуцагч нь хуульд заасан үүргээ хэрэгжүүлээгүй болно.       

                    Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тухайд:

Шүүх хэргийг 2021 оны 11 сарын 30-ны өдөр хүлээн авч, талуудад эрх үүрэг, нөлөөлөл хэргийн материал танилцуулж хуульд заасны дагуу ажиллагаа хийсэн байна.

Шүүгчийн 2021 оны 12 сарын 23-ны өдрийн 184/ШЗ2022/00139 дугаар захирамжаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч авах хүсэлтийг хангаж, шүүх хуралдааныг 2022 оны 01 сарын 19-ний өдрийн 15:00 цагт товлон хойшлуулсан байна. /хх 124, 125 дугаар тал/

2022 оны 01 сарын 19-ний өдрийн 184/ШЗ2022/01318 дугаар захирамжаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өвчтэй гэх үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг хангаж  хойшлуулсан байна. /хх 132 дугаар тал/

2022 оны 02 сарын 10-ны өдрийн 184/ШЗ2022/02118 дугаар захирамжаар хариуцагчийн  өвчтэй гэх үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг хангаж, хурлыг 2022 оны 02 сарын 24-ний өдрийн 13:30 цагт товлон хойшлуулсан байна. /хх 132-135 /дүгээр тал

Хариуцагч С.Энхтайванд 2022 оны  01 сарын 31-нд 99105510 дугаар утас руу холбогдож шүүх хурлын товыг мэдэгдэж баримтжуулсан болох нь баримтаар тогтоогдож  байна.  /хх 133 дугаар тал/

Хариуцагч нь “2022 оны 02 сарын 24-ний өдрийн 13:30 цагийн байдлаар Төв аймгийн Баянчандмань суманд явж байгаа тул хурал хойшлуулж өгнө үү” гэсэн хүсэлтийг цахимаар явуулсан байх ба хурлын товыг 23 хоногийн өмнө мэдэгдсэн  байхад энэ хугацаанд мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлэх боломжтой хугацаа байсан ба  шүүх хуралд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй гэж үзлээ.    

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариуцагчийг эзгүйд шийдвэрлэх тухай хүсэлтийг гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д зааснаар нэхэмжлэгчээс гаргасан тайлбар, болон  хавтаст хэрэгт авагдсан хариуцагчийн бичгиийн тайлбар бусад баримтыг үндэслэн хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэв. 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч “Э” ТББ, “С” ХХК- аас нийт 7,956,000 /долоон сая есөн зуун тавин зургаан мянга/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч ““Х”” ХХК-д олгосугай. 

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 142,246 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж хариуцагчаас 142,246 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.  

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.  

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь  гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй  бөгөөд  шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

                        ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                                 Л.ОЮУНЦЭЦЭГ