Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 176

 

 

 

 

 

 

 

 

 

“Х-” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Туяа даргалж, шүүгч Б.Нармандах, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 184/ШШ2019/02946 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Х-” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Э-” ТББ болон “С-” ХХК-д холбогдох

 

Гэрээний үүргийн гүйцэтгэлд 7 956 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Б,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Э,

Хариуцагч нарын төлөөлөгч С.Э,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгч “Х-” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Цэндбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр “С-” ХХК, “Э-” ТББ-тай ЗҮ-01 худалдах, худалдан авах гэрээ байгуулан Дорноговь аймгийн Замын-Үүд суманд байрлах Замын-Үүд зочид буудалд 2.500 м.кв талбайг халаах хүчин чадалтай, нүүрсээр халаадаг АСЭ-8 маркийн зуухыг авахаар тохиролцсон. Үүний төлбөрт 7 200 000 төгрөгийг бэлнээр шилжүүлсэн. Шилжүүлсэн баримт, хүлээн авсан баримт нь хэрэгт авагдсан байгаа. Зуухыг суурилуулан ажиллуулах гэрээ байгуулсан боловч тухайн зуух нь халаагүй, гэрээний шаардлага хангаагүй. Манай захирал удаа дараа утасдаж энэ асуудлаа шийдвэрлэж өгөхийг шаардсан боловч ямар нэгэн үр дүнд хүрээгүй. Ийм учраас манай компани өөрийн зардлаараа уг зуухыг Улаанбаатар хотод авчирч хариуцагч талд зуухаа хүлээн авч урьдчилгаа төлбөрийг буцаан өгөхийг удаа дараа мэдэгдсэн боловч үр дүн гараагүй тул анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасны дагуу шүүх хуралдаан явагдаж байна. Бид хариуцагч нь гэрээний үүргээ биелүүлээгүй, зуух нь халаагүй, Замын-Үүдэд зочид буудал хөлдөх шахуу болсон учраас хариуцагч талаас шаардаж байгаа. Ингээд бид манай компанитай байгуулсан урьдчилгаа төлбөрт хүлээн авсан буюу хохирсон 7 200 000 төгрөг, үүргээ биелүүлээгүйгээс учирсан алданги 756 000 төгрөгийн хамт 7 956 000 төгрөгийг нэхэмжилж байгаа юм гэжээ. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Алдангийн хувьд 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс 2019 оны 8 дугаар сарын 16-ны өдөр хүртэлх нийт 7 сарын хугацаанд 7 200 000 төгрөгөөс нэг хоногийн 3 600 төгрөгөөр тооцож гаргасан мөнгөн дүн байгаа юм. Уг нь гэрээг 12 000 000 төгрөгийн үнийн дүнтэй байгуулсан. Уг 12 000 000 төгрөгөөс бодохоор гэрээнд заасан байгаа боловч манай талаас 7 200 000 төгрөгөөс гэрээнд заасан 0.05 хувиар алдангийг тооцсон байгаа. Гэрээний үүрэг биелэгдэхгүй байна. Зуухаа аваарай гэдэг зүйлийг тэр даруйд нь хэлсэн. Мөн өөрийнх нь хүүхэд гэх хүнд хэлсэн. Гэтэл өөрсдөө алга болсон юм. Ийм учраас манай захирал энэ хүн яагаад алга болсон талаар намайг тодруулахыг хүсэхэд нь би эдгээр хүмүүсийг шүүхэд өгсөн нь дээр байх гэж хэлсэн юм. Бид 7 200 000 төгрөгийг өгсөн бол заавал шүүхээр орох шаардлага байхгүй байсан гэж бодож байна. Бид арга буюу шүүхэд хандсан юм. Яагаад арга байхгүй тэр зуухыг буулгасан бэ гэхээр тухайн зуухыг буулгаж, шинэ зуух тавихаас өөр арга байхгүй байсан учраас бид буулгасан юм. Гэрээнд заахдаа зочид буудал хэвийн ажиллах нөхцөл байдал бүрдсэн байх ёстой байсан. Гэтэл зочид буудлыг хөлдөхөөс аварсан гэдэг зүйл ярих нь үндэслэлтэй юм. Гэрээнд заахдаа үлдэгдэл төлбөрийг байршуулж, халааж, хоёр тал хүлээн авсан, хүлээлгэн өгсөн акт үйлдэж байж үлдэгдэл төлбөрийг шилжүүлнэ гэж заасан байгаа. Гэтэл хариуцагч тал нь ажлаа хаяад явцгаасан хүмүүс. Би анх хариуцагч нарын төлөөлөгчтэй уулзахдаа 7 200 000 төгрөгийг төлөөд зуухаа авахад маргаангүй болох талаар ярилцсан байгаа. Бид гэрээний үүргээ баримталж ажиллаж байсан. Гэтэл хариуцагч тал нь гэрээний үүргээ биелүүлээгүй учраас арга буюу шүүхэд хандахад хүрсэн. Манай тал гэрээний үүргийг бүрэн биелүүлсэн. Манай тал зуух тээвэрлэх зардлыг манай тал хариуцсан. Өөрсдөө тээвэрлэж аваачиж өгсөн гэдэг нь худал зүйл. Шүүхэд гаргасан тайлбар дээр хэлэхэд хугацаанд нь нийлүүлж халаасан гэдэг нь худал юм. Үнийн талаар бид харилцан тохиролцсон байгаа. Удаан халж байна, дур мэдэн буулгасан гэж байгаа. Хэрэв халаахгүй байсан бол Замын-Үүдийн зочид буудал хөлдөх байсан. Тийм учраас бид зайлшгүй халаах шаардлагатай байсан. Актыг тогтоох үед өөрт нь хэлж байсан гэжээ.

 

Хариуцагч “Э-” ТББ, “С-” ХХК-ийн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2019 оны 01 дүгээр сард Замын-Үүдэд байрлах зочид буудлын паар нь хөлдөх гээд байна үүнийг сольж өгөөч гэж хүссэний дагуу нэхэмжлэгчтэй худалдах худалдан авах гэрээ байгуулж урьдчилгаа 7 200 000 төгрөг авсан. Уг халаалтыг манайх өөрсдөө хийдэг. Гэтэл нэхэмжлэгч байгууллагын захирал нь дуусаагүй байхад яаруулсаар байгаад зуухыг аваад явсан. Түүний дараа манай хүүхэд очиж халаалтыг нь шалгасан. Нэхэмжлэгч байгууллагын захирал н.Б- гэдэг хүн энэ халаалт чинь санаанд хүрэхээр халахгүй байна. Би ойрхоноор нь Эрээн хотоос хямдхан зуух авлаа гэж хэлсэн. Манай үлдэгдэл төлбөрийг төлж байхаар урдаас хямдхан зуух авсан нь арай дээр байсан байх. Түүнээс биш энэ зуух нь маш олон газрыг халааж байгаа. Олон давуу талтай, патенттай, Монголдоо өөрсдөө хийж байгаа зуух юм. “С-” ХХК нь үлдэгдэл төлбөрөө авах талаар сөрөг нэхэмжлэлийг энд гаргах юм уу, дараа нь гаргах юм уу сайн мэдэхгүй байна. Ямар нэгэн мэргэжлийн байгууллагын дүгнэлт байхгүйгээр буюу зуухандаа, эсхүл шугамандаа байгаа юм уу гэдгийг тогтоогоогүй байж шууд зуух сольсон. Бид Замын-Үүд рүү хоёр удаа явсан. Манай хүүхэд гүйцээх гэж 3 хоносон. Хэрэв манайх энэ зуухыг аваачиж тавьж байж тухайн зочид буудлыг тэр чигт нь хөлдөх аюулаас хамгаалсан. Тийм учраас энэ нэхэмжлэл ямар ч үндэслэлгүй. Манай байгууллагын үлдэгдэл төлбөрийг төлөөч гэж хүсэж байна. Бид анх 12 000 000 төгрөгийн үнийн дүнтэй гэрээ байгуулсан. Үүнээс 7 200 000 төгрөгийг нь урьдчилгаанд авсан. Үлдэгдэл 4 800 000 төгрөгийг өгөөгүй. Би зуухаа буцааж авах гэхэд өгөөгүй. Үндэсний үйлдвэрээ дэмжээд хамтраад ажиллахын оронд зуухыг буулгасан. Бид ажлыг нь хаяж яваагүй. н.Б- гэдэг захирал нь манай хүүхдийг аваад явсан юм. Манай хүүхдэд ярихдаа байшин дулаан алдаад байх шиг байна гэж ярьсан байгаа юм. Бид ажлаа дуусгах үед хүлээлгэж өгөх хүн байгаагүй. Би хүлээлгэж өгөөд гарын үсэг зуруулаарай гэж хэлсэн боловч хүлээж авах хүн байгаагүй. Үүдний ресепшн гэдэг хүн л байсан. Би н.Б- захиралтай нь ярихад би хүлээж авна гэхдээ би очих болоогүй байна гэж хэлсэн. Манай хүүхэд хэзээ ирнэ гэж Замын-Үүдэд хүлээж байхав. Би зуухаа аваад ирээч энд хүн авах гээд байна гэж хоёр ч удаа ярьсан. Би олон ч удаа залгасан. Гэтэл н.Б- нь утсаа аваагүй. Гэрээн дээр тээврийг нэхэмжлэгч байгууллага хариуцсан нь үнэн. Би зуухны төмрийг цехээс тээвэрлэсэн талаар ярьсан. Буруу ойлгосон юм шиг байна. Манай тал гэрээний үүргээ хангалттай биелүүлсэн, цаг хугацаанд нь байрлуулсан тийм учраас үлдэгдэл төлбөрөө гаргуулахаас өөр аргагүй байдалд хүрээд байх шиг байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 343 дугаар зүйлийн 343.1-д заасныг баримтлан хариуцагч хариуцагч “Э-” ТББ, “С-” ХХК нарт холбогдох худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, 7 956 000 төгрөг гаргуулах тухай “Х-” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 142 246 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч "Х-" ХХК нь Сонгино хайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 184/2019/02946 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, анхан шатны шүүх нотлох баримтыг үнэлээгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэн давж заалдах журмаар дараах үндэслэл бүхий гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх шийдвэртээ "... зуух болон түүнийг суурилуулсан ажил үйлчилгээг доголдолтой гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна, гомдлын шаардлага гаргаагүй, гэрээнээс татгалзах хүсэлтээ илэрхийлээгүй" гэх үндэслэлүүдээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон байна. Гэсэн атлаа шүүх шийдвэртээ "... хариуцагч талаас захирал Б- танай зуух муу халж байна, удаан халж байна авахаа болилоо, энэ зуух чинь санаанд хүрэхгүй байна, би урдаас авлаа" гэж тайлбарласан, мөн "би зуухаа буцаан авах гэсэн ..., би урьдчилгаанд өгсөн 7 200 000 төгрөгийг буцаан өгч зуухаа авах гэсэн гэж олон удаа залгасан" гэх тайлбаруудыг гаргасан гэж тодорхойлсон атлаа нэхэмжлэгч талыг гомдлын шаардлага гаргаагүй, гэрээнээс татгалзах хүсэлтээ илэрхийлээгүй гэж үндэслэлгүй дүгнэлт хийсэн байна. Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-д заасны дагуу нэхэмжлэгч гэрээг цуцлах шаардлага гаргасныг хариуцагч тал зөвшөөрсөн байсан болох нь дээрх тайлбараар нотлогдож байхад анхан шатны шүүх ийнхүү 2 талын гэрээг хуулийн дагуу судалж, дүгнэлт хийгээгүй шийдвэрлэсэн нь нотлох баримтыг буруу үнэлсэн гэж үзэхээр байна. Хариуцагч "Э-" ТББ, "С-" ХХК нарын нэгэнт суурилуулчихсан зуухыг шаардлага хангаагүй гэдгээс өөр шалтгаанаар буюу хямдхан зуухаар солихын тул нураах боломж шударга, эрүүл хүнд огт байхгүй билээ. Ийм маягаар чанар, стандартын шаардлага хангаагүй, баталгаагүй, чанаргүй зуух нийлүүлж олон компаниудыг хохироож, хууран мэхэлж байгаагийн нэг нь тус "Х-" ХХК-нд нийлүүлсэн зуухнаас нотлогдож байна. Мөн зуух олон газрыг халааж байгаа гэдэг нотолгоо нь "Х-" ХХК-ийн захиалсан зуух чанартай гэдгийн нотолгоо огт биш бөгөөд зуухны ажлаа хүлээлгэж: өгөөгүй болох нь хариуцагчийн тайлбараар нотлогддог юм. "С-" ХХК-ийн төлөөлөгч Э.Э, Г нар манай компанийн машинаар уг зуухыг тээвэрлэн 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Замын Үүд буудалд хүргэж, 2019 оны 02 дугаар сарын 01-03-ны өдрийн хооронд угсран ажиллуулахад ямар ч үр дүн гарахгүй, шаардлага хангахгүй байгаа талаар зуух угсарч шалгасан 2019 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн №01 тоот актаар нотлогдсоор байтал анхан шатны шүүх энэ байдалд огт дүгнэлт өгөөгүй байна. Ийнхүү гүйцэтгэсэн ажлаа хүлээн авахаас өмнө чанарын шаардлага хангаагүй талаар мэдэгдсэн нь хариуцагчийн тайлбараар бүрэн нотлогдож, хариуцагчаас чанарын шаардлага хангасан зуух болохоо нотлох ажиллагаа хийхгүйгээр зуухаа буцааж авах талаар уг зуухыг угсарч шалгасан 2019 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн №01 актаар нотлогдсоор байтал анхан шатны шүүх нотлох баримтыг үнэлээгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн тул Сонгино хайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 184/2019/02946 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг минь хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

            Нэхэмжлэгч “Х-” ХХК нь хариуцагч “Э-” ТББ, “С-” ХХК нарт холбогдуулан гэрээний үүргийн биелэлтийг хангуулж, урьдчилгаа төлбөрт хүлээн авсан 7 200 000 төгрөг, үүргээ хугацаандаа биелүүлээгүйгээс үүссэн алдангид 756 000 төгрөг, нийт 7 956 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

            Талуудын хооронд 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, худалдагч 2.500 м.кв талбайг нүүрсээр халаах хүчин чадалтай, АСЭ-8 маркийн нам даралтын зуухыг хийж нийлүүлэх, худалдан авагч зуухны урьдчилгаа төлбөрт 7 200 000 төгрөгийг гэрээ байгуулах үед, үлдэгдэл 4 800 000 төгрөгийг зуухыг халааж тохируулга хийж 2 талын комиссоор хүлээлгэн өгсөн актыг үндэслэн гүйцэтгэгч талд үлдэгдэл санхүүжилтыг олгохоор тохиролцжээ. /хэргийн 4-5 дугаар тал/

 

            Хариуцагч өөрийн үйлдвэрлэсэн зуухыг бусдад худалдаж байгаа нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан Ажил гүйцэтгэх гэрээ, эсэхүл мөн хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан Худалдах-худалдан авах гэрээний шинжийг агуулж буй эсэхэд шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байна.

 

            Хэдийгээр нэхэмжлэгч хариуцагчийн нийлүүлсэн зуух доголдолтой байсан гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлага гаргаж байх боловч хариуцагч гэрээнд заасан шинж чанар бүхий зуухыг нийлүүлсэн талаарх баримт хэрэгт авагдаагүй. Талуудын байгуулсан гэрээгээр тохиролцсон зуухыг шилжүүлсэн эсэх үйл баримт тодорхойгүй байна. Өөрөөр хэлбэл, талуудын маргааны зүйл болох эд хөрөнгийн доголдлын талаар шүүх дүгнэлт хийх боломжгүй байна.

 

            Дээрх гэрээний 1.5-д “Урьдчилгаа төлбөр 7 200 000 төгрөгийг гэрээ байгуулах үед, үлдэгдэл 4 800 000 төгрөгийг зуухыг халааж тохируулга хийж 2 талын комиссоор хүлээлгэн өгсөн актыг үндэслэн гүйцэтгэгч талд үлдэгдэл санхүүжилтыг олгоно” гэж, мөн гэрээний 3.3-т “бараа материалын чанартай холбогдсон бичиг баримт, паспорт, сертификатыг дагалдуулна” гэж, 3.4-т “худалдагч тал худалдан авагч хүлээн авсан, хүлээлгэн өгсөн акт үйлдэж 2 талын төлөөлөгч гарын үсэг зурж баталгаажуулна” гэж заасан үүргээ хэн нь биелүүлээгүй буруутай эсэхэд шүүх дүгнэлт хийгээгүй алдаа гаргажээ.

 

            Гэтэл хариуцагч биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлсэн эсэх нь тодорхойгүй, энэ талаар шүүх талуудыг мэтгэлцүүлэх ажиллагааг хийгээгүй байна.

 

            Давж заалдах шатны шүүхээс дээрх байдлыг тодруулах ажиллагааг нөхөн гүйцэтгэж, хэрэгт авагдсан баримтын хүрээнд маргааны үйл баримт, хууль хэрэглээний хувьд дүгнэлт хийх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж дүгнэв.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 184/ШШ2019/02946 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нэхэмжлэгчийн төлөөлөгчийн 142 246 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Т.ТУЯА

 

                                            ШҮҮГЧИД                                 Б.НАРМАНДАХ

 

                                                                 С.ЭНХТӨР