Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 144/ШШ2022/00912

 

 

 

 

 

 

 

 

 

        2022          03             21                                           144/ШШ2022/00912

 

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  Л.Оюунцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: “О” ХХК-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж 3 тоот хаягт байрлах Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар холбогдох  

 

            Сонгинохайрхан дүүрэг, 14 дүгээр хороо, Ханын материал 14062, үйлдвэрчний эвлэлийн гудамж, 16 дугаар байр, 2 давхрын 175 м.кв талбайтай  үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 488,148,027 төгрөгөөр үнэлсэн  үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Одончимэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Золзаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Намуундарь нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “О” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд түүний төлөөлөгч тайлбарлахдаа: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 144/ШШ2021/00434 дугаар шийдвэрээр “О” ХХК-аас 414,113,573 төгрөгийг гаргуулж “М” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Энэхүү шийдвэрийн дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас “Э” ХХК-г шинжээчээр томилж төлбөрт хураагдсан улсын бүртгэлийн Ү-22010568225 дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, Ханын материал/14062/, үйлдвэрчний эвлэлийн гудамж, 16 дугаар байрны 2 давхрын үйлчилгээний зориулалттай 175 м.кв объектыг хэт багаар буюу 488,148,027 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ бүхий мэдэгдлийг танилцуулсан. Манай байгууллага энэхүү үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд тус объектыг бид 3 жилийн өмнө 580,000,000 төгрөгөөр тооцон авч байсан бөгөөд барилгын материалын хомсдол, цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан үнэ нь 650,000,000 төгрөг болж нэмэгдсэн. Энэ ханшаар буюу 650,000,000 төгрөгөөр бид объектыг бусдад бартерт өгье, өөр үл хөдлөх эд хөрөнгийг төлбөр авагчид өгөхөөр санал болгож байсныг хариуцагч байгууллага болон төлбөр авагч нар мэдэж байгаа. Яагаад 2,- 3 жилийн өмнө 580,000,000 төгрөгийн үнэтэй байсан объект шинээрээ 100,000,00 төгрөгөөр бууж байгааг огт ойлгохгүй байгаа бөгөөд зах зээлийн бодит үнийг хэтэрхий багаар дүгнэсэн байгаа нь үндэслэлгүй байна. Иймд манай эд хөрөнгийг хэтэрхий доогуур үнээр үнэлж, зах зээлийн бодит бус үнэ ханш тогтоосонд гомдолтой байгаа тул үнэлгээг хүчингүй болгож өгнө үү. 

Хавтаст хэргийн 120 дугаар талын арын хэсэгт объектыг ямар үнэлгээгээр авсан нь харагдана. Тухайн объектыг ямар үнээр худалдах гэж байсныг төлбөр авагч болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар мэдэж байгаа. Тус объектыг ямар гэрээгээр ямар үнэлгээгээр авсан болохыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт баримтаар гаргаж өгсөн. Гэтэл манай объект 488,000,000 төгрөгөөр үнэлэгдлээ гэж бодоход шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт дуудлага худалдаагаар орж, тухайн ханшаараа зарагдахгүй бол дахин үнэ нь буурч, манай компанид илүү хохиролтой болно. Мөн шинжээчийг гэрчээр асуухад объектын талбай их учраас хямдхан байдаг гэх үндэслэлгүй тайлбар хэлсэн. Манай объект Содон хорооллоос 1 километрийн зайтай. Содон хороололд байрлах манай объекттой адилхан үйлчилгээ эрхэлдэг үйлчилгээний газрын 1 м.кв талбай нь 3,500,000 төгрөгийн үнэтэй байгаа. Энэ талаар үнэлгээчин мэдэхгүй гэсэн. Харин хүн амьдрах зориулалттай орон сууцын 1 м.кв талбайн үнэ 1,900,000-2,000,000 төгрөг байгаа гэж хэлсэн. Гэтэл манай объектыг энгийн орон сууцнаас хэт доогуур үнэлж байгаа нь үндэслэлгүй байна гэв.

 

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 144/ШШ2021/00434 дүгээр шийдвэрээр “О” ХХК-аас 414,113,573 төгрөгийг гаргуулж “М” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Төлбөр төлөгч “О” ХХК-д шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг мэдэгдсэн боловч төлбөрийг төлж барагдуулаагүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эрхийн улсын бүртгэлийн Ү-2201056825 дугаарт бүртгэлтэй Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, Ханын материал/14062/, үйлдвэрчний эвлэлийн гудамж, 16 дугаар байрны 2 давхрын хэсэгт байрлах 175 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр битүүмжлэх тогтоолоор битүүмжилж, 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр эд хөрөнгө хураах тогтоолоор хурааж, Иргэний хуулийн 117 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу харилцан тохиролцуулах ажиллагааг зохион байгуулахад талууд тохиролцоонд хүрээгүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухайн хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагуу хөндлөнгийн шинжээч 488,148,027 төгрөгөөр үнэлэгдсэнийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т заасны дагуу талуудад хуулийн хугацаанд мэдэгдсэн.

Манай байгууллага 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр гарсан шүүхийн шийдвэрийн дагуу Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдөр үүсгэх тогтоолоор үүсгэж, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдсан. Бид 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэх ажиллагаа хийсэн. Битүүмжлэх тогтоол үйлдэхээс өмнө хэд хэдэн удаа “О” ХХК-д мэдэгдэл хүргүүлж, гардуулж байсан. Тиймээс нэхэмжлэгч талд 5 сараас 10 сарын хооронд хангалттай хугацаа өгсөн. Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь өөрөө сайн дураараа үнэлгээ тогтоодог байгууллага биш учраас үнэлгээтэй холбоотой, яагаад бага үнэлсэн талаар тайлбар хэлэх боломжгүй. “М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч н.Баяртогтох, “О” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Одончимэг нарыг байлцуулан тохиролцуулах ажиллагаа хийхэд, “О” ХХК-аас хэлсэн 650,000,000 төгрөгийн үнэлгээг “М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүлээн зөвшөөрөхгүй байсан тул хөндлөнгийн шинжээч томилуулах хүсэлтийн дагуу 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хөндлөнгийн шинжээч томилсон.

Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэгч “О” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбарууд болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “О” ХХК нь Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан Сонгинохайрхан дүүрэг, ханын материал /14062/ 16-р байр, 2 дугаар давхрын хэсэг 175 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 488,148,027 төгрөгөөр үнэлсэн “Э” ХХК-ийн хөрөнгө үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч нь шаардлагын үндэслэлээ Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газраас томилсон шинжээч нь үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн ханшнаас хэт доогуур үнэлсэн гэж,

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хууль зөрчөөгүй бөгөөд талуудыг тохиролцуулах ажиллагаа хийсэн боловч амжилтгүй болсон, хуульд заасны дагуу шинжээч томилж, хөрөнгийн үнэлгээг талуудад мэдэгдсэн, Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь өөрөө сайн дураараа үнэлгээ тогтоодог байгууллага биш учраас үнэлгээтэй холбоотой, яагаад бага үнэлсэн талаар тайлбар хэлэх боломжгүй гэж маргаж байна.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

Хэрэгт ирүүлсэн нотлох баримтуудаас үзэхэд: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 сарын 25-ны өдрийн 144/ШШ2021/00434 дугаар шийдвэрээр ... “М” ХХК-ийн нэхэмжлэлтэй “О” ХХК-д холбогдох худалдах худалдан авах гэрээний үүрэгт 516,471,434 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэрэгт хариуцагч “О” ХХК-иас 411,149,625 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “М” ХХК-д олгож, нэхэмжлэлээс 121,271,809 төгрөгийг шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хариуцагч нь дээрх төлбөрийг төлөөгүй тохиолдолд хариуцагчийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, Ханын материал 14062, Үйлдвэрчний эвлэлийн гудамж, 16 дугаар байр, 2 дугаар давхрын 175 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг албадан худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэсэн байна. /хавтаст хэргийн 16-34 дүгээр тал/

 

Дурдсан шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн:

Тус шүүхийн шүүгчийн 2021 оны 05 сарын 11-ний өдрийн 144/ШЗ2021/04722 дугаартай захирамжийг албадан гүйцэтгэх тухай мөн өдрийн 407 дугаартай гүйцэтгэх хуудас бичигдсэн байх ба уг гүйцэтгэх хуудсанд төлбөр төлөгч “О” ХХК-иас 411,149,625  төгрөг гаргуулан төлбөр авагч “М” ХХК-д олгох, хэрэв төлбөрөө сайн дураараа гүйцэтгээгүй тохиолдолд “О” ХХК-ийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, Ханын материал 14062, Үйлдвэрчний эвлэлийн гудамж, 16 дугаар байр, 2 дугаар давхрын 175 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн  шийдвэрийн дагуу албадан худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд зөвшөөрөв гэсэн байна. /хавтаст хэргийн 31 дүгээр тал/

 

 Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 5 сарын 31-ний өдрийн 21390468 дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоолоор төлбөр төлөгч “О” ХХК-д холбогдох гүйцэтгэх баримт бичигт шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэжээ. /хавтаст хэргийн 35 дугаар тал/

 

 Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасны дагуу төлбөр төлөгч “О” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Одончимэгт төлбөр төлөх тухай мэдэгдлийг 2021 оны 6 сарын 28-ны өдөр гардуулж, түүнтэй ярилцан тэмдэглэл үйлдсэн байна. /хавтаст хэргийн 39, 40 дүгээр тал/

 

Төлбөр төлөгч “О” ХХК”-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь үүргийн гүйцэтгэлд барьцаалсан хөрөнгөөр төлбөрөө төлөх хүсэлтэй байна гэснээр “О” ХХК-ийн өмчлөлийн маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг 2021 оны 10 сарын 06-нд битүүмжлэн захирал Х.Наранболдод танилцуулсан, 2021 оны 10 сарын 06-нд эд хөрөнгө битүүмжлэх тухай 21390468/01 дугаар тогтоол үйлдэн Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар төлбөр төлөгч “О” ХХК-ийн захирал Х.Наранболдод гардуулсан ба мөн 2021 оны 11 сарын 02-ны өдрийн 4-133/21146 дугаартай мэдэгдлийг “О” ХХК-д хүргүүлж, төлбөр төлөгч нь маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг 650,000,000 төгрөгөөр үнэлсэн тухай шийдвэр гүйцэтгэгч тэмдэглэл үйлдсэн байна. /хавтаст хэргийн 44, 49 дүгээр тал/

 

Төлбөр авагч “М” ХХК-иас төлбөр төлөгч талаас дуудлага худалдааны үүнийг 650,000,000 төгрөг гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байх тул үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хөндлөнгийн шинжээч томилон тогтоолгох хүсэлтийг 2021 оны 11 сарын 09-ний өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт ирүүлсэн байна. /хавтаст хэргийн 51 дүгээр тал/

 

Шийдвэр гүйцэтгэгч нь 2021 оны 11 сарын 09-ний өдөр 11/313 дугаартай “Шинжээч томилох тухай” тогтоолоор “Э” ХХК-ийг шинжээчээр томилж, дүгнэлтээ 2021 оны 11 сарын 15-ны өдрийн дотор гаргаж ирүүлэхийг даалгасан байна. Мөн тус өдөр шинжээч Ч.Жд хууль сануулж, гарын үсэг зуруулсан байна. /хавтаст хэргийн 52 дугаар тал/

 

2021 оны 11 сарын 15-ны өдрийн ҮХХ-821/2284 дугаартай албан бичиг бүхий “Үнэлгээний тайлан” гэх баримтаар маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг 488,148,027 төгрөгөөр үнэлсэн тухай тайланд “Э” ХХК-ийн үнэлгээчин Ч.Ж, үнэлгээчний туслах А.Цэрэнчунт нар гарын үсэг зурсан байна. /хавтаст хэргийн 68 дугаар тал/

Шинжээч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т зааснаар шинжилгээ хийж, дүгнэлт гаргахдаа Шүүхийн шинжилгээний тухай хууль, Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан журам, заалтыг мөрдлөг болгох үүрэгтэй байх ба Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.4-д “шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээд” гэж мөрдөгч, прокурор, шүүгч, шүүхийг болон хуульд заасан төрийн эрх бүхий байгууллагыг 6.1.2-т “шинжээч” гэж шүүхийн шинжилгээ хийж дүгнэлт гаргахаар хуульд заасан журмын дагуу томилогдсон, тусгай мэдлэг, мэргэжил эзэмшсэн этгээдийг ойлгоно гэжээ.

Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-т “...иргэний шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад мэргэжлийн тусгай мэдлэг шаардсан асуудлаар дүгнэлт гаргуулах зорилгоор шийдвэр гүйцэтгэгч өөрийн санаачилгаар, эсхүл оролцогч талын хүсэлтээр шинжилгээ хийж, дүгнэлт гаргах тусгай мэдлэг бүхий, хувийн ашиг сонирхолгүй этгээдийг шинжээчээр томилон оролцуулж, шинжээч нь ... дүгнэлт гаргахдаа Шүүхийн шинжилгээний тухай хууль, Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан журмыг баримтална гэжээ.

 

Шийдвэр гүйцэтгэгчийн 11/313 дугаартай шинжээч томилох тогтоолоор “Э” ХХК-ийг шинжээчээр томилсон байхад Ч.Ж уг үнэлгээг гаргасан байгаа нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2-т заасны дагуу томилогдсон этгээд байна.

     

Харин Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т “шинжээчийн дүгнэлтийг хүлээн авснаас хойш шийдвэр гүйцэтгэгч нь ажлын 3 хоногийн дотор талуудад мэдэгдэн, дүгнэлтийг танилцуулж, санал хүсэлтийг авч, тэмдэглэл хөтөлнө” гэж заасны дагуу шинжээчийн үнэлгээний тайланг тухайн үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч 2021 оны 11 сарын 16-ны өдөр “О” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Одончимэгт түүний 89110442 дугаар утас руу залгаж мэдэгдсэн ба мөн 2021 оны 11 сарын 17-ны өдрийн 4-133/22242 тоот мэдэгдлээр дахин мэдэгдэн, шинжээчийн үнэлсэн үнэ болох 488,148,027 төгрөгийн үнэлгээг,

 

Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-д заасны дагуу хөрөнгийн үнэлгээний талаар талууд гомдол гаргаагүй тохиолдолд шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 3 хоногийн дотор өөрийн хөрөнгийг уг шийдвэрт зааснаас багагүй үнээр бие даан худалдан борлуулах тухай санал гаргаж, энэ талаар хариуг бичгээр ирүүлэхийг тус тус мэдэгдсэн болох нь хавтас хэрэгт авагдсан 4-133/22242 дугаартай мэдэгдэл, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл зэргээр тогтоогдож байх тул хариуцагч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т заасныг зөрчөөгүй байна.

 

Харин Шинжээч нь маргаан бүхий хөрөнгийн үнэлгээний зах зээлийн үнийг тодорхойлохдоо тухайн хөрөнгийн үнэлгээг хийх үед ямар хэмжээтэй болохыг тодорхойлсон  ажиллагаа  явуулсан эсэх нь тодорхой бус байна. Шинжээч нь үл хөдлөх хөрөнгийн бодитой байдлын талаар тодорхой тусгаагүй тул шинжээчийн дүгнэлтийг  Иргэний хэрэг шүүхэд хянан  шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-д зааснаар   эргэлзээтэй гэж үзлээ.

 

          Өөрөөр хэлбэл Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан  үнэлгээний үнэ цэнэ, төрөл, түүний шинж байдлын тодорхойлолт үнэлгээний зүйлийн мэдээлэл дутуу авагдсан гэж үзлээ. 

 

Иймд “Э ” ХХК-аас 2021 оны 11 сарын 15-ны өдрийн тогтоосон хөрөнгийн  үнэлгээг хүчингүй болгох нь зүйтэй байна.  

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь: маргаж байгаа 175 м.вк талбай бүхий  үйлчилгээний зориулалттай объектыг 2014 оны 4 сарын 29-нд 3 жилийн өмнө захиалсан ба нэгж үнэ нь 2,300,000 төгрөг, нийт үнэ 586,500,000 төгрөгөөр үнэлсэн, гэтэл шинжээч зах зээлийн үнээс хэт бага үнэлсэн гэж  нэхэмжлэлийн үндэслэлийг нотолж баримтыг   ирүүлсэн ба хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна. /хавтаст хэргийн 117-121 дүгээр тал/

 

Дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгч “О” ХХК-ийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, Ханын материал 14062, Үйлдвэрчний эвлэлийн гудамж, 16 дугаар байр, 2 дугаар давхрын 175 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө үнэлсэн үнэлгээг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 Нэхэмжлэгч “О” ХХК нь үнэлгээний талаарх гомдлоо Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор буюу 2021 оны 12 сарын 02-ны өдөр шүүхэд гаргасан байна.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “О” ХХК-д олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 114, 156 дугаар зүйлийн 156.1.1, 160 дугаар зүйлийн 160.1.1-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасныг баримтлан Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас нэхэмжлэгч “О” ХХК-ийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, Ханын материал 14062, Үйлдвэрчний эвлэлийн гудамж, 16 дугаар байр, 2 дугаар давхрын 175 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 488,148,027 төгрөгөөр  үнэлсэн  үнэлгээг  хүчингүй болгосугай.

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн Шийдвэр гүйцэтгэх газраас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.4, 114.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь  гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй  бөгөөд  шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Л.ОЮУНЦЭЦЭГ