Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2022/00875

 

 

 

 

 

 

 

 

2022 05 09 210/МА2022/00875

 

 

 

ОЗ ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 184/ШШ2022/00912 дугаар шийдвэртэй

ОЗ ХХК-ийн нэхэмжлэлтэй НШШГГ холбогдох

үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 184/ШШ2021/00434 дугаар шийдвэрээр ОЗ ХХК-аас 414,113,573 төгрөгийг гаргуулж, Монцемент билдинг материалс ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Энэ шийдвэрийн дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Ашид Билгүүн ХХК-ийг шинжээчээр томилж төлбөрт хураагдсан улсын бүртгэлийн Ү-22010568225 дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, Ханын материал 18062, Үйлдвэрчний эвлэлийн гудамж, 32 дугаар байрны 2 давхрын үйлчилгээний зориулалттай 255 м.кв объектыг хэт багаар буюу 488,188,027 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ бүхий мэдэгдлийг танилцуулсан.

Манай байгууллага энэхүү үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй, тус объектыг 3 жилийн өмнө 580,000,000 төгрөгөөр авч байсан ба барилгын материалын хомсдол, цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан үнэ нь 650,000,000 төгрөг болж нэмэгдсэн.

Иймд 650,000,000 төгрөгөөр объектыг бусдад бартерт өгч, өөр үл хөдлөх эд хөрөнгийг төлбөр авагчид өгөхөөр санал болгосныг хариуцагч байгууллага болон төлбөр авагч нар мэднэ.

Гэтэл 488,000,000 төгрөгөөр үнэлсэн объектыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар дуудлага худалдаанд оруулж, тухайн ханшаар зарагдахгүй бол дахин үнэ нь буурч, манай компани хохирно.

Мөн шинжээчийг гэрчээр асуухад объектын талбай их учраас хямдхан байдаг гэх үндэслэлгүй тайлбар хэлсэн. Манай объект Содон хорооллоос 1 километрийн зайтай ба Содон хороололд байрлах манай объекттой адилхан үйлчилгээний газрын 1 м.кв талбай нь 3,500,000 төгрөгийн үнэтэй байна. Харин хүн амьдрах зориулалттай орон сууцын 1 м.кв талбайн үнэ 1,900,000-2,000,000 төгрөг байна. Иймд тус объектыг хэт бага үнээр үнэлж, бодит бус үнэ ханш тогтоосонд гомдолтой байгаа тул үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Төлбөр төлөгч ОЗ ХХК-д шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг мэдэгдсэн боловч төлбөрийг төлж барагдуулаагүй тул 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн шүүхийн шийдвэрийн дагуу мөн оны 05 дугаар сарын 31-ний өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тогтоолоор үүсгэж үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх хөрөнгийг 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр битүүмжилж, мөн оны 10 дугаар сарын 28-ны өдөр хурааж, Иргэний хуулийн 117 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу харилцан тохиролцуулах ажиллагааг зохион байгуулахад талууд тохиролцоонд хүрээгүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухайн хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагуу хөндлөнгийн шинжээч томилсон. Ингээд тус үл хөдлөх хөрөнгийг 488,188,027 төгрөгөөр үнэлснийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт заасан хуулийн хугацаанд талуудад мэдэгдсэн.

Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь өөрөө сайн дураараа үнэлгээ тогтоодог байгууллага биш учраас үнэлгээтэй холбоотой буюу хөрөнгийг ямар учраас бага үнээр үнэлсэн талаар тайлбар хэлэх боломжгүй.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул ОЗ ХХК-ийн нэхэмжлэлийн бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасныг баримтлан Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас нэхэмжлэгч ОЗ ХХК-ийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, Ханын материал 18062, Үйлдвэрчний эвлэлийн гудамж, 32 дугаар байр, 2 дугаар давхрын 255 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 488,188,027 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн Шийдвэр гүйцэтгэх газраас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга: Төлбөр төлөгч ОЗ ХХК нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт талуудад эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3 дахь хэсэгт зааснаар мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гомдол гаргана гэх хуулийн хугацааг 10 хоног хэтрүүлж гомдол гаргасан. Иймд үнэлгээг хүчингүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Нэхэмжлэгч тал давж заалдах гомдолд тайлбарын гаргаагүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

1. Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

 

2. Нэхэмжлэгч ОЗ ХХК нь хариуцагч НШШГГ холбогдуулан Сонгинохайрхан дүүрэг, Ханын материал 18062, Үйлдвэрчний эвлэлийн гудамж, 32 дугаар байр, 2 дугаар давхрын хэсэг 255 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 488,188,027 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 25-ын өдрийн 184/ШШ2022/00434 дугаар шийдвэрээр хариуцагч ОЗ ХХК-аас 411,199,625 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Монцемент билдинг материалс ХХК-д олгож, хариуцагч сайн дураараа төлбөрийг төлөөгүй тохиолдолд түүний өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, Ханын материал 18602, Үйлдвэрчний эвлэлийн гудамж, 32 дугаар байр, 02 дугаар давхрын 255 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг албадан худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг НШШГГ даалгаж шийдвэрлэжээ. /хх 32-34/

 

3. Төлбөр төлөгч ОЗ ХХК нь төлбөр авагч Монцемент билдинг материалс ХХК-д 411,199,625 төгрөгийг сайн дураараа төлж барагдуулаагүй тул 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 184/ШЗ2021/04722 дугаар захирамжийг үндэслэн мөн өдрийн 184/ГХ2021/00407 дугаар шүүхийн гүйцэтгэх хуудсаар барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн байна. /хх 31/

 

3.а.Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр, гүйцэтгэх хуудсыг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, төлбөр төлөгчийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэн, хураах зэрэг ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт заасан журмын дагуу явуулсан болох нь хэрэгт авагдсан эд хөрөнгө битүүмжлэх, хураах тогтоол зэрэг баримтаар тогтоогдожжээ. /хх41, 45/

 

Хэрэгт авагдсан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулсан баримтаас үзвэл Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр барьцаа хөрөнгийн үнийг үүрэг гүйцэтгүүлэгч, үүрэг гүйцэтгэгч, өмчлөгч нарын саналыг харгалзан харилцан тохиролцуулах ажиллагааг зохион байгуулсан ба ОЗ ХХК-аас маргаан бүхий хөрөнгөд 650,000,000 төгрөгийн үнийн санал гаргасныг төлбөр авагч Монцемент билдинг материалс ХХК эс зөвшөөрч хөндлөнгийн шинжээч томилуулах талаар хүсэлт гаргасан тул Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагуу 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Ашид билгүүн ХХК-ийг шинжээчээр томилсон байна. /хх52/

 

Ашид билгүүн ХХК-ийн мэргэшсэн үнэлгээчин Ч.Жамъян нь 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр төлбөр төлөгчийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, Ханын материал 18062, Үйлдвэрчний эвлэлийн гудамж 32 байр, 2 давхрын 255 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 488,188,027 төгрөгөөр үнэлсэн байна. /хх58-75/

 

3.б.Төлбөр авагч, төлбөр төлөгч талууд хөрөнгийн үнэлгээний талаар харилцан тохиролцоогүй тул шинжээчээр үнэлгээ тогтоолгохоор томилсон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасанд нийцсэн боловч үнэлгээчний үнэлгээ үндэслэл бүхий болсон гэж үзэх боломжгүй.

 

Учир нь хэрэгт авагдсан ОЗ ХХК-ийн Алтан намар трейд ХХК-тай 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр байгуулсан үйлчилгээтэй, орон сууцны барилгаас үйлчилгээний зориулалттай талбайг захиалан бариулах гэрээнээс үзвэл тус үл хөдлөх хөрөнгийн нэг метр.квадратыг 2,300,000 төгрөгөөр тооцож, 255 м.кв талбайг нийт 586,500,000 төгрөгөөр худалдан авсан байна. /хх85-89/

 

Шинжээч Ашид билгүүн ХХК нь үнэлгээг гаргахдаа Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд зааснаар үл хөдлөх эд хөрөнгийн мэдээллийг зохих байдлаар цуглуулсан, харгалзвал зохих үзүүлэлтийг харгалзсан, ижил байршил, хэмжээ бүхий үл хөдлөх хөрөнгөтэй харьцуулж үнэлгээ хийсэн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

 

4.Нэхэмжлэгч ОЗ ХХК нь төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний тайланг 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр танилцаж, мөн өдрөө НШШГГ үнэлгээг зөвшөөрөхгүй талаар гомдол гаргасан байна. Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн төлбөр төлөгч ОЗ ХХК нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасан 7 хоногийн хугацааг хэтрүүлэн шүүхэд гомдол гаргасан гэх давж заалдах гомдлыг хангахгүй. /4/

 

Анхан шатны шүүхийн нэхэмжлэгчийн НШШГГ холбогдуулан гаргасан үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хангаж, үнэлгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасанд нийцжээ.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 184/ШШ2022/00912 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Ц.ИЧИНХОРЛОО

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ