Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 133/ШШ2022/00191

 

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                       

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ГАА-ийн ХХҮГ-ийг төлөөлж, ПГ-ын гаргасан нэхэмжлэлтэй,

Хариуцагч: 0 оршин суух, М овогт Д-ийн Б-т холбогдох

 

төрд учруулсан хохиролд 4,390,996 /дөрвөн сая гурван зуун ерөн мянга есөн зуун ерөн зургаан/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгч Ч.О, Говь-Алтай аймгийн Прокурорын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.П, нэхэмжлэгч Говь-Алтай аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б, Л.У-, хариуцагч Д.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Говь-Алтай аймгийн Прокурорын газар шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Хөдөлмөрийн хэлтсийн даргаар ажиллаж байсан Д.Б нь Ц.Аг 2014 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Б/03 тоот тушаалаар ажлаас нь чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Улмаар Ц.А нь шүүхэд нэхэмжлэл гаргаж, Улсын дээд шүүхийн хяналтын шатны 2014 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 537 дугаартай шийдвэрээр Ц.А-г ажилд эргүүлэн томилохыг даалгасан, мөн Ц.А нь ажилгүй байсан хугацааны цалин авахаар нэхэмжпэл гаргаж, Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 59 дугаартай, давж заалдах шатны шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 15 дугаартай магадлал зэргээр ажилгүй байсан хугацааны 4.390.996 төгрөгийг нөхөн төлүүлэх шийдвэр гарсан байна. Шүүхийн дээрх шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэгчээс 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын дансны хөдөлгөөний хаах мэдэгдлийг Төрийн санд хүргүүлж, улмаар 4.390.996 төгрөгийг гаргуулж шүүхийн шийдвэр биелэгдсэн байна. Иймд буруутай албан хаагчаас төрд учирсан 4.390.996 төгрөгийг гаргуулах ажиллагаанд хамтарч ажиллах талаар Хөдөлмөр халамж үйлчилгээний газраас хүсэлт ирүүлсэн байна. Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт Прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлт, эсхүл өөрийн санаачилгаар захиргааны болон иргэний хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчоор, эсхүл гуравдагч этгээдээр оролцоно гэж заасан, мөн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт Төр, нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн шүүхэд нэхэмжпэл, тайлбар, гомдол гаргана гэж заасан байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн дэх хэсэгт Прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд энэ хуулийн 25 дугаар зүйлд заасны дагуу төрийн нэрийн өмнөөс оролцоно гэж тус тус зааснаар төрийн ашиг сонирхлыг хамгаалж төрийн байгууллагын хүсэлтээр Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож нэхэмжлэл гаргах нь хууль тогтоомжийн шаардлагад нийцэж байна. Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1 дэх хэсэгт Иргэн, хуулийн этгээдийн хохирлыг барагдуулсны улмаас өөрт учирсан хохирлыг захиргааны байгууллага Монгол улсын Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5- д заасны дагуу гэм буруутай албан тушаалтнаар буцааж төлүүлнэ", Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/- ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана гэж зааснаар шүүхийн шийдвэрийн дагуу Ц.Ад олгосон нөхөн олговрыг Д.Б-ээс гаргуулж улсын төсөвт оруулах хууль зүйн үндэслэлтэй байна. Дээрх хууль тогтоомжид зааснаар Д.Б нь хууль бус шийдвэр гаргасны улмаас төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэхээр байх тул гэм хорын хохирол гаргуулахаар прокурорын нэхэмжлэл гаргаж байна. Төрийн албан хаагч Ц.А-г үндэслэлгүйгээр хууль бус шийдвэр гаргаж ажлаас халсан албан тушаалтан Д.Б-ээс шүүхийн шийдвэрийн дагуу төрийн сангаас олгосон 4.390.996 /дөрвөн сая гурван зуун ерэн мянга есөн зуун ерэн зургаа/ төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулж өгнө үү. Прокурорын нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14 дэх хэсэгт заасан үндэслэлээр улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхөөр байх тул улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж өгнө үү гэжээ.

2. Говь-Алтай аймгийн Прокурорын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.П шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Төрийн байгууллагаас гаргасан хүсэлтийн дагуу Прокуророос төрийг төлөөлж нэхэмжлэл гарган шүүх хуралдаанд оролцож байна. Албан тушаалтан Д.Б нь ажилтан Ц.Аг 2014 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн Б/03 дугаартай тушаалаар ажлаас нь чөлөөлж Хөдөлмөрийн гэрээг нь цуцалсан байдаг. Улмаар Ц.А нь шүүхэд нэхэмжлэл гаргаж анхан, давж заалдах шатны шүүхээс ажилгүй байсан хугацааны 4,390,996 төгрөгийн нөхөн төлүүлэх шийдвэр гарсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас тухайн төлбөрийг гаргуулахаар мэдэгдлийг хүргүүлж үүний дагуу Хөдөлмөр, халамж үйлчилгээний газраас 4,390,996 төгрөгийг Ц.А-д нөхөн олгуулсан нь баримтуудаар тогтоогдсон. Шүүхийн шийдвэрээр Д.Бийн шийдвэр хууль бус болохыг тогтоосон. Хууль бус шийдвэрийн улмаас төрд 4,390,996 төгрөгийн гэм хорын хохирол байна гэж үзээд буруутай албан тушаалтан болох Д.Б-ээс тухайн мөнгийг гаргуулж Хөдөлмөр, халамж үйлчилгээний газарт олгуулах нэхэмжлэлийг гаргаж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна. Учир нь албан тушаалтны иргэн, хуулийн этгээдэд учирсан хохирлыг барагдуулсны улмаас учирсан хохирлоо Захиргааны байгууллага Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу буруутай албан тушаалтнаас нь нэхэмжлэх эрхтэй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хууль бус санаатай үйлдлийн улмаас гэм хор учирсан гэж үзэж байна. Албан тушаалтны гаргасан шийдвэр нь хууль бус болохыг шийдвэрлэсэн анхан болон давж заалдах шатны шийдвэрүүд хүчин төгөлдөр болсон учраас хууль бус гэдэг нь тогтоогдсон гэж үзэж байна. Хөөн хэлэлцэх хугацааны хувьд энэ нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой богино хууль зүйн хугацааны заалт байхгүй. Ердийн буюу хуулийн шүүхийн шийдвэр гарчихсан шүүхийн шийдвэрийн дагуу шаардах эрх үүсчихсэн учраас хөөн хэлэлцэх хуульд заасан хугацаа 10 жил байдаг. Иймд төрд учирсан 4,390,996 төгрөгийг хууль бус шийдвэр гаргасан албан тушаалтан Д.Б-ээс гаргуулах саналтай байна гэв.

 

3. Нэхэмжлэгч Говь-Алтай аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.У шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Д.Б-тэй холбоотой 4.390.996 төгрөг 2015 оны цалингийн нөхөн төлбөр юм. Авлага барагдуулах нь дээд шатны байгууллага эсхүл төрийн албаны зөвлөлөөс нэхэмжлэл гаргаж авлага барагдуулна гэсэн болохоор манайхаас ажил зохион байгуулаагүй байсан. 2020, 2021 оны Санхүү тайлангийн Аудитын албан шаардлага өгсний дагуу Прокурорын газарт хандаж төрийн өмнөөс Прокурорын байгууллага төлөөлж төрийг хохиролгүй болгож өгнө үү гэсэн хүсэлт өгсний дагуу энэ шүүх хурал болж байна гэв.

 

4. Хариуцагч Д.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.А-г 2014 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр ажлаас чөлөөлсөн. Шүүхээр яваад буруу шийдвэр байна гэж шийдэгдсэн. Нэхэмжлэлээс харж байхад 2014 оны 4 сард буцаан томилох нь зүйтэй гэсэн шийдвэр гарсан байна. Энэ шийдвэр гарснаар миний гаргасан тушаал дуусгавар болж байгаа юм. Би 2014 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Хөдөлмөрийн сайдын тушаалаар ажлаасаа шүүхийн шийдвэр гарахаас өмнө чөлөөлөгдсөн. Шүүхийн шийдвэр гарахад би ажиллаж байсан бол шүүхийн шийдвэр биелүүлээд Ц.А-г ажилд нь эргүүлэн авах байсан. Нэхэмжлэлээс харахад 04 дүгээр сарын 29-ний өдрөөс 12  дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацааны цалинг нэхэмжилсэн байна. 12 дугаар сарын 20-нд Д.Б, Ц.А-г ажилд нь эргүүлэн авсан байна гэж алдаатай бичигдсэн байна. Тэр үед Пүрэвдорж гэдэг хүн ажиллаж байсан. Дараагийн томилогдсон дарга нь Ц.А-г ажилд томилоод төрд хохирол учруулахгүй байх боломжтой байсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 101 дүгээр зүйл, 35 дугаар зүйлийн 35.2 ажил олгогчтой болон бусад албан тушаалтанд эд хөрөнгийн бүрэн хариуцлагын тухай гэрээ байгуулсан байх ёстой. Энэ хуулиар ажилтантай бүрэн хариуцлагын тухай гэрээ байгуулаагүй болохыг та бүхэн хэлэлцэж үзээрэй. Иргэний хуульд хөөн хэлэлцэх хугацаа гэж байдаг. Энэ хуралд 2014 оны асуудал яригдаж байгаа нэхэмжлэгчийн өгсөн Аудитын дүгнэлтийг харахад 2020, 2021 оных байна. Одоо 2022 он хүртэл 8 жил өнгөрсөн нь иргэний хөөн хэлэлцэх хугацаанд хамаарах эсэхээс хамаарч энэ хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой асуудалд прокурор тайлбар хийж байна. Би 2014 оны 03 дугаар сарын 14-ний өдөр ажлаас чөлөөлөгдсөн. Нэхэмжлэгч 4 дүгээр сарын 20-ны өдөр шүүхийн шийдвэр гараад миний гаргасан тушаал буруу байна гэдэг нь тогтоогдсон. Ц.Аг буцааж ажилд нь томилох ёстой гэсэн тогтоол тухайн шатны хэн байсан ч шүүхийн шийдвэрийг биелүүлээд явах ёстой. 2014 оны 04 дүгээр сарын 20-оос 2014 оны 12 дугаар сарын 01-ний хоорондох 4,390,996 төгрөгийг нөхөн төлүүлж өгнө үү гэж байна. Төрийн залгамжаар ингэж явагдах ёстой. Хөдөлмөрийн тухай хуулийн 75 дугаар зүйлийн  75.2.1 дэх заалтад ажил олгогч, эд хөрөнгийн хариуцлагын гэрээ хийсэн эсэх нь нотлох баримтаас ч харагдахгүй байна гэв.

 

5. Иргэдийн төлөөлөгч дүгнэлтдээ: Хариуцагч Д.Б нэхэмжлэгчийн мөнгийг төлөх нь зүйтэй. Тухайн үед ажлаас нь эхэлж халсан хүн Д.Б учраас нэхэмжлэлийн мөнгийг төлөх хэрэгтэй гэж дүгнэлээ гэв.

 

6. Нэхэмжлэгч талаас Сум дундын 5 дугаар шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 59 дугаартай шийдвэрийн шүүхийн архив хуулбар үнэн гэсэн тэмдэг дарагдсан хуулбар,

Монгол Улсын Хөдөлмөрийн сайдын 2014 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн А/01 дугаартай тушаалын хуулбар,

Говь-Алтай аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын 2014 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Б/02 дугаартай Сосор овогт Батмөнхийг ажилд томилох тухай тушаалын нотариатаар баталгаажуулсан хуулбар,

Хөдөлмөрийн хэлтсийн харъяа Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төвийн дүрмийн Говь-Алтай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын хуулбар үнэн тэмдэг дарагдсан хуулбар,

Говь-Алтай аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын 2014 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Б/03 дугаартай Ц овогтой А-г ажлаас чөлөөлөх тухай тушаалын нотариатаар баталгаажуулсан хуулбар,

Иргэний хэргийн давж заалдах шатны 5 дугаар шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 15 дугаартай магадлал,

Говь-Алтай аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын 2014 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн Б/30 дугаартай Ажлаас чөлөөлж ажилд эгүүлэн томилох тухай тушаалын нотариатаар баталгаажуулсан хуулбар,

төлбөрийн хүсэлтийн нотариатаар баталгаажуулсан хуулбар,

12 дугаартай төлбөр төлөгчийн данснаас төлбөр гаргах мэдэгдэлийн нотариатаар баталгаажуулсан хуулбар,

Говь-Алтай аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн мэдэгдэх хуудасны нотариатаар баталгаажуулсан хуулбар, Говь-Алтай аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 2015 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн мэдэгдлийн нотариатаар баталгаажуулсан хуулбар,

Говь-Алтай аймаг дахь Төрийн аудитын газрын 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 02/51 дугаартай “Зөрчил арилгуулах тухай” албан шаардлагын хуулбар,

Говь-Алтай аймаг дахь Төрийн аудитын газрын 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 03/07 дугаартай “Зөрчил арилгах тухай” албан шаардлагын хуулбар,

Говь-Алтай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 103 дугаартай албан бичиг, Д-ийн Б-ийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт зэргийг нотлох баримтаар ирүүлжээ.

Хариуцагч талаас нотлох баримт ирүүлээгүй болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

7. Зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугласан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

8. Нэхэмжлэгч Говь-Алтай аймгийн Прокурорын газар нь хариуцагч Д.Б-т холбогдуулан төрд учруулсан хохиролд 4,390,996 /дөрвөн сая гурван зуун ерөн мянган есөн зуун ерөн зургаан/ төгрөг гаргуулахаар буюу Иргэний хуулийн 497, 498 дугаар зүйлүүдийг үндэслэн шаарджээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шаардлагын үндэслэлээ ... Хууль бус шийдвэрийн улмаас төрд 4,390,996 төгрөгийн гэм хорын хохирол учирсан байна гэж үзээд буруутай албан тушаалтан болох Д.Б-ээс тухайн мөнгийг гаргуулж Хөдөлмөр, халамж үйлчилгээний газарт олгуулж өгнө үү... гэж,

хариуцагч татгалзлын үндэслэлээ ... Би 2014 оны 03 дугаар сарын 14-ний өдөр ажлаас чөлөөлөгдсөн. 2014 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр шүүхийн шийдвэр гараад миний гаргасан тушаал буруу байна гэдэг нь тогтоогдсон. Ц.А-г буцааж ажилд нь томилох ёстой гэсэн шүүхийн шийдвэрийг биелүүлээд явах ёстой. 2014 оны 04 дүгээр сарын 20-оос 2014 оны 12 дугаар сарын 01-ний хоорондох 4,390,996 төгрөгийг нөхөн төлүүлж өгнө үү гэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Төрийн залгамж чанараараа дараагийн томилогдсон дарга нь Ц.А-г ажилд томилоод төрд хохирол учруулахгүй байх боломжтой байсан гэж, мөн энэ хуралд 2014 оны асуудал яригдаж байгаа нэхэмжлэгчийн өгсөн Аудитын дүгнэлтийг харахад 2020, 2021 оных байна. Одоо 2022 он хүртэл 8 жил өнгөрсөн нь иргэний хөөн хэлэлцэх хугацаанд хамаарах эсэхээс хамаарч энэ хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэж тус тус тайлбарлаж маргажээ.

 

9.Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлахад хариуцагч Д.Б нь Говь-Алтай аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн даргаар ажиллаж байхдаа Говь-Алтай аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн дарга Ц.Аг 2014 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс ажлаас чөлөөлсөн байх бөгөөд Сум дундын 5 дугаар шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 59 дугаартай шийдвэрээр ...Ц.Агийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн олговор 4,390,996 төгөргийг Говь-Алтай аймгийн Хөдөлмөрийн хэлтсээс гаргуулж нэхэмжлэгч Ц.А-д олгож, Иргэний хэргийн давж заалдах шатны 5 дугаар шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 15 дугаартай магадлалаар сум дундын 5 дугаар шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 59 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн үйл баримт тогтоогдож байна.

 

10. Говь-Алтай аймгийн Хөдөлмөрийн хэлтэс нь шүүхийн шийдвэрийн дагуу Ц.А-д ажилгүй байсан хугацааны олговорт 4,390,996 төгрөгийг шилжүүлэн өгсөн болох нь 2015 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн төлбөрийн хүсэлтийн нотариатаар баталгаажуулсан хуулбараар тогтоогдож байна.

 

11. Зохигчид дээрх үйл баримтын талаар буюу хариуцагч Д.Б нь Говь-Алтай аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн даргаар ажиллаж байхдаа ...Аймгийн Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвийн бүтэц орон тоонд өөрчлөлт орж байгаатай холбогдуулан тус төвийн захирал Ц овогтой А-г ажлаас чөлөөлсөн тушаал гаргаснаар шүүхийн шийдвэрээр  Ц.А-г урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоож, шүүхийн шийдвэрээр тогтоогдсон ажилгүй байсан хугацааны олговор олгосон талаар маргаагүй, харин гэм буруу болон ажил үүрэг гүйцэтгэж байсан цаг хугацаа буюу олговрыг нөхөн төлөх үүрэг, хөөн хэлэлцэх хугацааны талаар маргажээ.

 

12. Хариуцагч Говь-Алтай аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн даргаар ажиллаж байсан Д.Б нь ажил олгогчийн хувьд бүрэн эрхийнхээ хэмжээнд ажилтнуудыг ажилд авах, ажлаас чөлөөлөх тушаал гаргаж байсан байна. Ийнхүү гаргасан тушаал нь хууль зүйн хувьд алдаатай байсныг шүүх тогтоож, ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговрыг байгууллагаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь Д.Б-ийг хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдлээр байгууллагад гэм хор учруулсан гэж үзэх үндэслэл болохгүй юм. Гэм хор учруулснаас үүргийн харилцаа үүссэн гэж үзэхийн тулд тухайн үйлдэл нь хууль бус байх нөхцөл шаардлагатай. Хууль зүйн үндэслэлгүй тушаал гаргахыг тушаал гаргах ёсгүй байхад гаргасан хууль бус үйлдлээс ялгаатай юм.

 

13. Ажил олгогчийг төлөөлөх бүрэн эрхтэй этгээд ажлаас чөлөөлөх тушаал гаргах, ажилтан тухайн шийдвэрийн талаар шүүхэд гомдол гаргах, хөдөлмөрийн гэрээг захиргааны санаачлагаар цуцалсны эрх зүйн үр дагаврыг шүүхээс тодорхойлох зэрэг ажиллагааны эрх зүйн үндэслэл Хөдөлмөрийн тухай хуулийн зохицуулалтын хүрээнд хамаардаг. Ажилд эгүүлэн тогтоогдсон Ц.А, түүнийг ажлаас чөлөөлөх тушаал гаргасан Д.Б ч Говь-Алтай аймгийн Хөдөлмөрийн хэлтэстэй хөдөлмөрийн эрх зүйн харилцаатай учир шүүх маргааныг хянан шийдвэрлэхэд Хөдөлмөрийн тухай хуулийн зохицууулалтыг үндэслэл болгох нь зүйтэй гэж дүгнэлээ.

Мөн хариуцагч тал “намайг ажлаас чөлөөлөгдсөнөөс хойш тухайн хүнийг ажилд аваагүй хариуцлага, олговрыг хариуцахгүй” гэсэн агуулгаар маргажээ. Шүүх тухайн харилцаа, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл зэргийг хууль зүйн хувьд зөрчлийн улмаас үүсэх үүрэг бус хөдөлмөрийн харилцааны явцад үүссэн үүрэг гэж үзсэн тул тухайн хохирлын хэмжээ, цаг хугацааны байдлыг зааглаж үзэх шаардлагагүй юм.

 

14. Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 оны/ 132 дугаар зүйлийн 132.1-д зааснаар хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцдаа өөрийн буруугаас байгууллагад эд хөрөнгийн хохирол учруулсан ажилтанд сахилгын, захиргааны, эрүүгийн хариуцлага оногдуулсан эсэхийг харгалзахгүйгээр эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэнэ.

 

Хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх үедээ байгууллагад өөрийн буруугаас хохирол учруулсан ажилтан энэ хуулийн 135 дугаар зүйлд зааснаас  бусад тохиодолд эд хөрөнгийн хязгаарлагдмал хариуцлага хүлээх бөгөөд тэр нь уг ажилтны нэг сарын дундаж цалин хөлснөөс хэтрэхгүй хэмжээгээр хариуцан арилгах үүрэгтэйг Хөдөлмөрийн тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1-д заажээ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 оны/ 135 дугаар зүйлийн 135.1.2-т зааснаар хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх үедээ байгууллагад хохирол учруулсан ажилтан эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэхээр хууль тогтоомжид заасан бол тэрээр байгууллагад учруулсан хохирлыг бүрэн хэмжээгээр төлөх үүрэгтэй бөгөөд мөн зүйлийн 135.3-т зааснаар ажил олгогч нь эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэж болох ажил, албан тушаалын жагсаалтын дагуу ажилтантай эд хөрөнгийн бүрэн хариуцлагын тухай гэрээ байгуулах ёстой байна. Ажилтантай эд хөрөнгийн бүрэн хариуцлагын тухай гэрээ байгуулаагүй болон ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд эд хөрөнгийн бүрэн хариуцлагын талаар тусгаагүй бол түүнд эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэж болохгүй гэж мөн зүйлийн 135.4-т заасан байна.

 

Хуульд зааснаар эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэхийн тулд ажилтан байгууллагад хохирол учруулсан байх, мөн ажил олгогчтой эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулсан байх шаардлагатай. Гэтэл хэрэгт авагдсан нотлох баримтаар хариуцагч Д.Б нь эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулсан болох нь тогтоогдохгүй байна.

 

15. Хэрэв ажилтантай эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулаагүй бол Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 оны/ 133 дугаар зүйлийн 133.1-д зааснаар эд хөрөнгийн хязгаарлагдмал хариуцлага хүлээлгэх ба тэр нь уг ажилтны нэг сарын дундаж цалин хөлснөөс хэтэрч болохгүй гэж заасны дагуу хариуцагч Д.Бт эд хөрөнгийн хязгаарлагдмал хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

16. Энэхүү иргэний хэргийн маргааны үйл баримт нь цаг хугацааны хувьд Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга хүчин төгөлдөр мөрдөгдөхөөс өмнө буюу 2014 онд болсон харилцаа байх тул тухайн үед хүчин хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан 1999 оны 5 дугаар сарын 14-ний өдөр батлагдсан Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг баримтлан хянан шийдвэрлэх эрх зүйн үндэслэлтэй.

 

Учир нь Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт Хуульд зааснаас бусад тохиолдолд иргэний хууль тогтоомжийг буцаан хэрэглэхгүй гэжээ. Хууль хүчин төгөлдөр болохоос өмнө үүссэн харилцаанд өмнө нь хүчин төгөлдөр үйлчилж байсан хуулийг хэрэглэнэ.

 

Шинэчилэн найруулсан Хөдөлмөрийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 3 дугаар зүйлд энэ хуулийг Хөдөлмөрийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө гэж  заасан байх тул өмнөх хууль болон түүний зорилго, үзэл санаанд нийцүүлэн гаргасан журмыг баримтлан шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

 

17. Ажилтны нэг сарын дундаж цалин хөлсийг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 тоот тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 7-д ажилтны дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалингаас тооцохоор заасан.  

 

Хариуцагч Д.Б нь би 2014 оны 03 дугаар сарын 14-ний өдрөөс Говь-Алтай аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн гэж тайлбарлаж, нэхэмжлэгч тал маргаагүй тул Говь-Алтай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 103 дугаартай албан бичгээр ирүүлсэн Доржийн Батбилэгийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтод бичигдсэн 2013 оны 12, 2014 оны 01, 02 саруудын цалингаас 1 сарын дундаж цалин хөлсийг тооцоход 917508+721685+645400 = 2,284,593: 3 сар = 761,531 төгрөг байна.

 

18. Иймд хариуцагч Д.Б-ээс 761,531 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж, нэхэмжлэлийн шаардлагаас 3,629,465 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

19. Хариуцагч нь Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргажээ. Уг үйл баримт нь хөдөлмөрлөх эрхтэй холбоотой харилцаа бөгөөд Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэж шийдвэрлэсэн тул Иргэний хуулийн хөөн хэлэлцэх ерөнхий болон тусгай хугацаа хамаарахгүй болохыг тэмдэглэх нь зүйтэй байна.

 

20. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.6-д зааснаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгжиж, нэхэмжлэлийн шаардлагын талаарх тайлбарыг гагцхүү зохигч талууд гаргадаг тул мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.5, 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар зохигч гагцхүү бодит үнэнд нийцсэн тайлбар гаргах, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт гаргах үүрэгтэй тул хариуцагч татгалзаж байгаа үндэслэл тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.3-т зааснаар нотолж, нотлох баримтаа шүүхэд гаргах үүрэгтэй оролцоно.

 

21. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч байгууллага улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасныг баримтлан хариуцагч Д.Б-ээс нэхэмжлэлийн хангагдсан шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамжид 22,826 /хорин хоёр мянга найман зуун хорин зургаан/ төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 оны/ 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч М овогт Д-ийн Б-ээс эд хөрөнгийн хязгаарлагдмал хариуцлагын 761,531/долоон зуун жаран нэгэн мянган таван зуун гучин нэг/ төгрөгийг гаргуулж, улсын орлогод олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3,629,465 /гурван сая зургаан зуун хорин есөн мянга дөрвөн зуун жаран тав/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

 2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагч Д.Б-ээс нэхэмжлэлийн хангагдсан шаардлага болох 761,531 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 22,827 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

                

ДАРГАЛАГЧ                                    Ц.ҮЙТҮМЭН

                                                                                      ШҮҮГЧ                                    Б.МӨНХБАТ

 

        ШҮҮГЧ                                    Х.ТАСХЫН