Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 215/МА2022/00013

 

 

ГАА-ийн ХХҮГ-ыг төлөөлж ГАА-ийн

ПГ-ын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

 

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Ж даргалж, шүүгч Ч.Э, Ш.Б нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 133/ШШ2022/00191 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: ГАА-ийн ХХҮГ-ыг төлөөлж ГАА-ийн ПГ-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ГАА-ийн Есөнбулаг сумын 7 дугаар баг, Жинст хөгжил 8-р гудамж, 2 байр ... тоотод оршин суух, М овогт Д.Б-т холбогдох төрд учруулсан хохиролд 4,390,996 /дөрвөн сая гурван зуун ерөн мянга есөн зуун ерөн зургаан/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Ш.Б-ын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: ГАА-ийн ПГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.П, нэхэмжлэгч ГАА-ийн ХХҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.У, хариуцагч Д.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Б нар оролцов.

 

ГАА-ийн ПГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.П шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Төрийн байгууллагаас гаргасан хүсэлтийн дагуу Прокуророос төрийг төлөөлж нэхэмжлэл гарган шүүх хуралдаанд оролцож байна. Албан тушаалтан Д.Б нь ажилтан Ц.А-г 2014 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн Б/03 дугаартай тушаалаар ажлаас нь чөлөөлж Хөдөлмөрийн гэрээг нь цуцалсан байдаг. Улмаар Ц.А шүүхэд нэхэмжлэл гаргаж анхан, давж заалдах шатны шүүхээс ажилгүй байсан хугацааны 4,390,996 төгрөгийн нөхөн төлүүлэх шийдвэр гарсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас тухайн төлбөрийг гаргуулахаар мэдэгдлийг хүргүүлж үүний дагуу Хөдөлмөр, халамж үйлчилгээний газраас 4,390,996 төгрөгийг Ц.А-д нөхөн олгуулсан нь баримтуудаар тогтоогдсон. Шүүхийн шийдвэрээр Д.Б-ийн шийдвэр хууль бус болохыг тогтоосон. Хууль бус шийдвэрийн улмаас төрд 4,390,996 төгрөгийн гэм хорын хохирол байна гэж үзээд буруутай албан тушаалтан болох Д.Б-ээс тухайн мөнгийг гаргуулж Хөдөлмөр, халамж үйлчилгээний газарт олгуулах нэхэмжлэлийг гаргаж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна. Учир нь албан тушаалтны иргэн, хуулийн этгээдэд учирсан хохирлыг барагдуулсны улмаас учирсан хохирлоо Захиргааны байгууллага Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу буруутай албан тушаалтнаас нь нэхэмжлэх эрхтэй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хууль бус санаатай үйлдлийн улмаас гэм хор учирсан гэж үзэж байна. Албан тушаалтны гаргасан шийдвэр нь хууль бус болохыг шийдвэрлэсэн анхан болон давж заалдах шатны шийдвэрүүд хүчин төгөлдөр болсон учраас хууль бус гэдэг нь тогтоогдсон гэж үзэж байна. Хөөн хэлэлцэх хугацааны хувьд энэ нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой богино хууль зүйн хугацааны заалт байхгүй. Ердийн буюу хуулийн шүүхийн шийдвэр гарчихсан шүүхийн шийдвэрийн дагуу шаардах эрх үүсчихсэн учраас хөөн хэлэлцэх хуульд заасан хугацаа 10 жил байдаг. Иймд төрд учирсан 4,390,996 төгрөгийг хууль бус шийдвэр гаргасан албан тушаалтан Д.Б-ээс гаргуулах саналтай байна гэжээ.

Нэхэмжлэгч ГАА-ийн ХХҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.У шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Д.Б-тэй холбоотой 4.390.996 төгрөг 2015 оны цалингийн нөхөн төлбөр юм. Авлага барагдуулах нь дээд шатны байгууллага эсхүл төрийн албаны зөвлөлөөс нэхэмжлэл гаргаж авлага барагдуулна гэсэн болохоор манайхаас ажил зохион байгуулаагүй байсан. 2020, 2021 оны Санхүү тайлангийн Аудитын албан шаардлага өгсний дагуу Прокурорын газарт хандаж төрийн өмнөөс Прокурорын байгууллага төлөөлж төрийг хохиролгүй болгож өгнө үү гэсэн хүсэлт өгсний дагуу энэ шүүх хурал болж байна гэжээ.

Хариуцагч Д.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.А-г 2014 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр ажлаас чөлөөлсөн. Шүүхээр яваад буруу шийдвэр байна гэж шийдэгдсэн. Нэхэмжлэлээс харж байхад 2014 оны 4 сард буцаан томилох нь зүйтэй гэсэн шийдвэр гарсан байна. Энэ шийдвэр гарснаар миний гаргасан тушаал дуусгавар болж байгаа юм. Би 2014 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Хөдөлмөрийн сайдын тушаалаар ажлаасаа шүүхийн шийдвэр гарахаас өмнө чөлөөлөгдсөн. Шүүхийн шийдвэр гарахад би ажиллаж байсан бол шүүхийн шийдвэр биелүүлээд Ц.А-г ажилд нь эргүүлэн авах байсан. Нэхэмжлэлээс харахад 04 дүгээр сарын 29-ний өдрөөс 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацааны цалинг нэхэмжилсэн байна. 12 дугаар сарын 20-нд Д.Б, Ц.А-г ажилд нь эргүүлэн авсан байна гэж алдаатай бичигдсэн байна. Тэр үед П гэдэг хүн ажиллаж байсан. Дараагийн томилогдсон дарга нь Ц.А-г ажилд томилоод төрд хохирол учруулахгүй байх боломжтой байсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 101 дүгээр зүйл, 35 дугаар зүйлийн 35.2-д ажил олгогчтой болон бусад албан тушаалтанд эд хөрөнгийн бүрэн хариуцлагын тухай гэрээ байгуулсан байх ёстой. Энэ хуулиар ажилтантай бүрэн хариуцлагын тухай гэрээ байгуулаагүй болохыг та бүхэн хэлэлцэж үзээрэй. Иргэний хуульд хөөн хэлэлцэх хугацаа гэж байдаг. Энэ хуралд 2014 оны асуудал яригдаж байгаа нэхэмжлэгчийн өгсөн Аудитын дүгнэлтийг харахад 2020, 2021 оных байна. Одоо 2022 он хүртэл 8 жил өнгөрсөн нь иргэний хөөн хэлэлцэх хугацаанд хамаарах эсэхээс хамаарч энэ хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой асуудалд прокурор тайлбар хийж байна. Би 2014 оны 03 дугаар сарын 14-ний өдөр ажлаас чөлөөлөгдсөн. Нэхэмжлэгч 4 дүгээр сарын 20-ны өдөр шүүхийн шийдвэр гараад миний гаргасан тушаал буруу байна гэдэг нь тогтоогдсон. Ц.А-г буцааж ажилд нь томилох ёстой гэсэн тогтоол тухайн шатны хэн байсан ч шүүхийн шийдвэрийг биелүүлээд явах ёстой. 2014 оны 04 дүгээр сарын 20-оос 2014 оны 12 дугаар сарын 01-ний хоорондох 4,390,996 төгрөгийг нөхөн төлүүлж өгнө үү гэж байна. Төрийн залгамжаар ингэж явагдах ёстой. Хөдөлмөрийн тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх заалтад ажил олгогч, эд хөрөнгийн хариуцлагын гэрээ хийсэн эсэх нь нотлох баримтаас ч харагдахгүй байна гэжээ.

 

Анхан шатны шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 оны/ 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч М овогт Д.Б-ээс эд хөрөнгийн хязгаарлагдмал хариуцлагын 761,531 /долоон зуун жаран нэгэн мянган таван зуун гучин нэг/ төгрөгийг гаргуулж, улсын орлогод олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3,629,465 /гурван сая зургаан зуун хорин есөн мянга дөрвөн зуун жаран тав/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагч Д.Б-ээс нэхэмжлэлийн хангагдсан шаардлага болох 761,531 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 22,827 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулж ..... шийдвэрлэжээ.

 

ГАА-ийн ПГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.П давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: ГАА-ийн ПГ-ын ерөнхий прокурорын орлогч Д.П би, тус аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 133/ШШ2022/00191 дугаартай шийдвэрийг 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч танилцаад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.1 дэх хэсэгт заасныг баримтлан дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.

Шүүхийн шийдвэр: Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 191 дугаартай шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч М овогт Д.Б-ээс 761,531 төгрөгийг гаргуулж, улсын орлогод олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3,629,465 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Гомдлын агуулга, үндэслэл: Д.Б нь аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн даргаар ажиллаж байхдаа Ц.А-г 2014 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Б/03 тоот тушаалаар ажлаас нь чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Улмаар Ц.А нь шүүхэд нэхэмжлэл гаргаж, Улсын дээд шүүхийн хяналтын шатны 2014 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 537 дугаартай шийдвэрээр Ц.А-г ажилд эргүүлэн томилохыг даалгасан. Мөн Ц.А нь ажилгүй байсан хугацааны цалин авахаар нэхэмжлэл гаргаж, Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 59 дугаартай, давж заалдах шатны шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 15 дугаартай магадлал зэргээр ажилгүй байсан хугацааны 4.390.996 төгрөгийг нөхөн төлүүлэх шийдвэр гарсан байна. Шүүхийн дээрх шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэгчээс 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын дансны хөдөлгөөний хаах мэдэгдлийг Төрийн санд хүргүүлж, улмаар 4.390.996 төгрөгийг гаргуулж шүүхийн шийдвэр биелэгдсэн үйл баримт тогтоогдсон. Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1 дэх хэсэгт “Иргэн, хуулийн этгээдийн хохирлыг барагдуулсны улмаас өөрт учирсан хохирлыг захиргааны байгууллага Монгол улсын Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д заасны дагуу гэм буруутай албан тушаалтнаар буцааж төлүүлнэ", Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”, “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана” гэж зааснаар шүүхийн шийдвэрийн дагуу Ц.А-д олгосон нөхөн олговрын 4,390,996 төгрөгийг Д.Б-ээс гаргуулж улсын төсөвт оруулах хууль зүйн үндэслэлтэй. Гэтэл анхан шатны шүүхээс дээрх нэхэмжлэлийг хянан хэлэлцээд Д.Б-ийг хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдлээр байгууллагад гэм хор учруулсан гэж үзэх үндэслэлгүй. Гэм хор учруулснаас үүргийн харилцаа үүссэн гэж үзэхийн тулд тухайн үйлдэл нь хууль бус байх нөхцөл шаардлагатай. Хууль зүйн үндэслэлгүй тушаал гаргахыг тушаал гаргах ёсгүй байхад гаргасан хууль бус үйлдлээс ялгаатай. Ажилд эгүүлэн тогтоогдсон Ч.А, түүнийг ажлаас чөлөөлөх тушаал гаргасан Д.Б-ч хөдөлмөрийн эрх зүйн харилцаатай учир шүүх маргааныг хянан шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн зохицуулалтыг үндэслэл болгох нь зүйтэй гэж дүгнээд тус хуулийн 133 дугаар зүйлийн 133.1-д зааснаар эд хөрөнгийн хязгаарлагдмал хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзэн түүний нэг сарын дундаж цалин хөлс буюу 761,531 төгрөгийг гаргуулж, улсын орлогод олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3,629,465 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэхээр байна. Захиргааны ерөнхий хууль нь 2015 онд батлагдаж, 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхэлж дагаж мөрдсөн ба уг хуулийн 103.1-д "Иргэн хуулийн этгээдийн хохирлыг барагдуулсны улмаас өөрт учирсан хохирлыг захиргааны байгууллага Иргэний хуулийн 498.5-д заасны дагуу гэм буруутай албан тушаалтнаар буцааж төлүүлнэ” гэж хуульчилснаар буруутай этгээд маргасан тохиолдолд захиргааны байгууллага өөрт учирсан хохирлоо буруутай этгээдээр төлүүлэх боломжтой болсон.

Хариуцагч Д.Б нь хуулиар тусгайлан олгогдсон бүрэн эрх буюу захиргааны чиг үүргийг хэрэгжүүлэхдээ төрийн албан хаагч Ч.А-г ажлаас чөлөөлсөн нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон, уг шийдвэрийн дагуу бодит байдал дээр ажлаа хийж гүйцэтгээгүй алба хаагч Ч.А-д ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговрыг улсын төсвөөс олгосон тул захиргааны байгууллагад хохирол учирсан гэж үзэхээр байна. Энэ тохиолдолд нэхэмжлэгч нь Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1-д заасны дагуу төрд учирсан хохирлыг Иргэний хуулийн 498.5-д заасны дагуу гэм буруутай албан тушаалтнаар буцааж төлүүлэх хуулийн шаардлага, үндэслэл бий болж байна.

Хариуцагч төрийн албан хаагч Д.Б-ийн албан үүргээ зөрчсөн буруутай үйлдэл буюу хууль бус шийдвэр гаргасны улмаас иргэн Ч.А-ийн хөдөлмөрлөх эрх зөрчигдөж түүнд хохирол учирсан, уг хохирлыг захиргааны байгууллага нөхөн олговор байдлаар төсвөөс төлж арилгасан, ингэснээр тухайн захиргааны байгууллагад гэм хор учирсан бөгөөд уг хохирлыг нэхэмжлэгчээс шаардаж байгаа тул Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д заасан урьдчилсан нөхцөл хангагдсан гэж үзэхээр байна.

Анхан шатны шүүх Д.Б-ийн алба хаагч Ч.А-г ажлаас чөлөөлсөн шийдвэрийг хууль бус буюу гэм буруутай үйлдэл биш гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Маргааныг шийдвэрлэх цаг хугацаанд 2002 оны Төрийн албаны тухай хууль үйлчилж байсан ба тус хуулийн 4 дүгээр зүйл “Төрийн албаны зарчим”, 4.1-д “Монгол Улсын Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасанчлан ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн албаны үндсэн зарчим мөн” гэжээ.

Төрийн захиргааны алба хаагч Д.Б нь хууль дээдлэх, хууль зүйн үндэслэл бүхий шийдвэр гаргах албан үүргээ зөрчиж, санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлийн аль нэгнээр хууль бус шийдвэр гаргасныг гэм буруугүй гэж үзэхгүй ба түүний хууль бус шийдвэрийн улмаас иргэн Ч.А-ийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхол, хөдөлмөрлөх эрх зөрчигдөж, цалин болон эрүүл мэнд, даатгалын бичилт тасалдсан буюу хохирол учирсан, уг хохирлыг захиргааны байгууллага төсвөөс нөхөн төлж арилгасан ба хариуцагчийн буруутай үйлдэл болон гэм хорын хооронд шалтгаант холбоотой байна. Түүнчлэн түүний гаргасан шийдвэрийг хууль бус болохыг шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоосон болно. Иймд Д.Б-ийн үйлдэл нь хууль зөрчсөн гэм буруутай үйлдэл гэж үзэхээр байна.

Анхан шатны шүүх дээрх маргааныг хянан шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн зохицуулалтыг үндэслэл болгосон нь хууль хэрэглээний алдаа гаргасан гэж үзэхээр байна. Үндэслэл: Хөдөлмөрийн гэрээний дагуу ажил үүрэг гүйцэтгэж байгаа тохиолдолд тухайн ажлын байрны онцлог ажил үүргээ гүйцэтгэх нөхцөл байдлаас шалтгаалан ажилтантай эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулах бөгөөд ажилтанд эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэх тохиолдлыг Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д заасан байна. Мөн зүйлийн 135.3-т бүрэн хариуцлагын гэрээг албан тушаалын жагсаалтын дагуу байгуулах, хуулийн 133 дугаар зүйлд бүрэн хариуцлагын гэрээ байгуулаагүй бол хязгаарлагдмал хариуцлага хүлээлгэх энэ нь ажилтны нэг сарын цалин хөлснөөс хэтэрч болохгүй талаар зохицуулсан байх ба хуулийн эдгээр заалт нь төрийн захиргааны албан тушаалтны хууль бус үйл ажиллагаанаас учирсан хохиролд гаргуулах хууль зүйн үндэслэлд хамаарахгүй. Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуульд заасан эд хөрөнгийн бүрэн болон хязгаарлагдмал хариуцлага нь ажилтан, ажил олгогч хоёрын хоорондох хөдөлмөрийн эрх зүйн харилцаатай хамааралтай бөгөөд төрд учирсан хохирлыг гаргуулах гэрээний бус үүрэгтэй хамааралгүй юм.

Нэхэмжлэлийн шаардлагын эрх зүйн үндэслэл нь төрийн албан тушаалтны учруулсан хохирлыг арилгаж, хохирлыг уг албан тушаалтнаас шаардсан, гэрээний бус үүргийн харилцаа болно. Тиймээс дээрх маргааны харилцаанд Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 болон Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1-д заасныг тайлбарлан хэрэглэх нь зүйтэй гэж прокуророос үзэж байна. Иймд Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсгийн 167.1.2-т заасны дагуу Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 133/ШШ2022/00191 дугаартай шийдвэрт нэмэлт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж хариуцагч Д.Б-ээс 4,390,996 төгрөгийг гаргуулахаар гомдол гаргав гэжээ. 

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар зөвхөн гомдолд заасан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзлээ.

 

Анхан шатны шүүх маргааны үйл баримтыг бодитой тогтоож, маргааны зүйл, шаардах эрхийн үндэслэлийг зөв тодорхойлон дүгнэлт хийж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэж хэргийг үндэслэлтэй шийдвэрлэсэн байна.

 

Тус аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн даргаар ажиллаж байсан Д.Б нь Ц.А-г 2014 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Б/03 тоот тушаалаар ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцалжээ. Ц.А нь шүүхэд нэхэмжлэл гаргаж, Улсын дээд шүүхийн хяналтын шатны 2014 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 537 дугаартай шийдвэрээр Ц.А-г ажилд эргүүлэн томилохыг даалгасан, мөн Ц.А нь ажилгүй байсан хугацааны цалин авахаар нэхэмжлэл гаргаж, Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 59 дугаартай, давж заалдах шатны шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 15 дугаартай магадлалаар ажилгүй байсан хугацааны 4.390.996 төгрөгийг нөхөн төлүүлэх шийдвэр гарсан байна. Шүүхийн дээрх шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэгчээс 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын дансны хөдөлгөөнийг хаах мэдэгдлийг Төрийн санд хүргүүлж, улмаар 4.390.996 төгрөгийг гаргуулж шүүхийн шийдвэр биелэгдсэн байна.

 

Нэхэмжлэгч ГАА-ийн ПГ нь хариуцагч Д.Б-т холбогдуулан төрд учруулсан хохиролд 4,390,996 /дөрвөн сая гурван зуун ерөн мянга есөн зуун ерөн зургаа/ төгрөг гаргуулахаар Иргэний хуулийн 497, 498 дугаар зүйлүүдийг үндэслэн шаарджээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шаардлагын үндэслэлээ: ... Хариуцагчийн хууль бус шийдвэрийн улмаас төрд 4,390,996 төгрөгийн гэм хорын хохирол учирсан байна гэж үзээд буруутай албан тушаалтан болох Д.Б-ээс тухайн мөнгийг гаргуулж Хөдөлмөр, халамж үйлчилгээний газарт олгуулж өгнө үү... гэж,

Хариуцагч татгалзлын үндэслэлээ: ... Би 2014 оны 03 дугаар сарын 14-ний өдөр ажлаас чөлөөлөгдсөн. 2014 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр шүүхийн шийдвэр гараад миний гаргасан тушаал буруу байна гэдэг нь тогтоогдсон. Ц.А-г буцааж ажилд нь томилох ёстой гэсэн шүүхийн шийдвэрийг биелүүлээд явах ёстой. 2014 оны 04 дүгээр сарын 20-оос 2014 оны 12 дугаар сарын 01-ний хоорондох 4,390,996 төгрөгийг нөхөн төлүүлж өгнө үү гэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Төрийн залгамж чанараараа дараагийн томилогдсон дарга нь Ц.А-г ажилд нь томилоод явсан бол төрд ийм хэмжээний хохирол учруулахгүй байх боломжтой байсан. Мөн энэ хуралд 2014 оны асуудал яригдаж байгаа нэхэмжлэгчийн өгсөн Аудитын дүгнэлтийг харахад 2020, 2021 оных байна. Одоо 2022 он хүртэл 8 жил өнгөрсөн нь иргэний хөөн хэлэлцэх хугацаанд хамаарах эсэхээс хамаарч энэ хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэж тус тус тайлбарлаж маргажээ.

Д.Б нь ГАА-ийн Хөдөлмөрийн хэлтсийн даргаар ажиллаж байхдаа ажилтныг ажлаас чөлөөлөх шийдвэр гаргах эрхийнхээ хүрээнд ажилтныг ажлаас чөлөөлөх тухай тушаал гаргасан нь эрх зүйн хувьд алдаатай байсныг шүүх тогтоож, ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны нөхөн олговрыг байгууллагаас гаргуулан ажилтанд олгохоор шийдвэрлэснийг хууль бус санаатай үйлдэл буюу хийх ёсгүй үйлдэл гэж үзэх үндэслэлгүй юм.

Д.Б-ийн ажилтан Ц.А-г ажлаас халсан үйлдэл нь Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт заасан шууд санаатай буюу илтэд болгоомжгүй гэм буруутай үйлдэл гэдэг нь тогтоогдоогүй байна. Өөрөөр хэлбэл эрх зүйн алдаатай шийдвэр бүрийг шууд санаатай буюу илтэд болгоомжгүй гэм буруутай үйлдэл гэж үзэх боломжгүй. Тиймээс Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар эд хөрөнгийн хязгаарлагдмал хариуцлага хүлээлгэсэн нь үндэслэлтэй байна. Захиргааны Ерөнхий хууль нь 2015 оны 06 дугаар сарын 19-ний өдөр батлагдаж, 2017 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдсөн байх тул 2014 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн үйл явдалд хамааруулан хэрэглэх боломжгүй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 оны/ 133 дугаар зүйлийн 133.1-д зааснаар Д.Б-ээс хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцдаа байгууллагад учруулсан хохиролд түүний нэг сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний буюу 761,531 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна.

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ шүүгч Ц.Ү, Б.М, Х.Т нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааныг хийсэн атлаа шийдвэрийн удиртгал хэсэгт нэг шүүгч хэргийг шийдвэрлэсэн байдлаар шийдвэртээ тусгасныг дурдах нь зүйтэй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 133/ШШ2022/00191 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэгт зааснаар зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор, анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлан хэрэглэсэн үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Т.Ж

   ШҮҮГЧИД                            Ч.Э

                                                       Ш.Б