Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 183/ШШ2022/00524

 

2022 оны 03 сарын 04 өдөр                 Дугаар 183/ШШ2022/00524                                      Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

             УДИРТГАЛ ХЭСЭГ

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, ................... хаягт оршин суух Ч овогт Ц.Н /00000000/

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, ............... хаягт оршин суух Х овогт Б.Т /00000000/

 

Нэхэмжлэлийн шаардлага: Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох, барьцааны гэрээнээс чөлөөлөхийг даалгах тухай үндсэн нэхэмжлэлтэй, худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох, 15 600 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Ц.Н,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б,

Хариуцагч Б.Т,

Хариуцагчийн өмгөөлөгч Ө.О,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Т ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.О,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Халиун

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Ц.Н нь Б.Т-д холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох, барьцааны гэрээнээс чөлөөлөхийг даалгахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Б.Т-тай үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулсан ба гэрээний дагуу Хан-Уул дүүргийн ........................... тоот хаягт байрлах 1 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Төлбөрийн хувьд байранд ороход урьдчилгаа 30 000 000 төгрөг өгч, 2019 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр 14 000 000 төгрөг төлж, 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр сүүлийн 14 000 000 төгрөгийг төлөхөөр тохирсон боловч 3 дахь төлөлтөө хийхээр болоход худалдагчийн зүгээс гэрээ сунгаж өгнө үү гэсэн хүсэлтийн дагуу гэрээг 2 удаа сунгасан. Гэвч худалдагч тал үүргээ үл биелүүлж, байрыг шилжүүлж өгөхгүй байсан тул шүүхэд нэхэмжлэл гаргасан болно. Миний хувьд үлдэгдэл төлбөр 14 000 000 төгрөгийг өгөхөд татгалзах зүйл байхгүй. 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Гэрээний гол агуулга бол Иргэний хуулийн 243.1-т заасан худалдах, худалдан авах гэрээний агуулга боловч гэрээний 2.2-т төлбөр төлөх нөхцөлөө зээлээр гэж тодорхойлоод Иргэний хуулийн 262.1-т зааснаар зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулагджээ гэж дүгнэхээр байна. Тухайн байрны 44 000 000 төгрөгийг гэрээнд заасан нөхцөлөөр нэхэмжлэгч төлсөн бөгөөд үлдсэн 14 000 000 төгрөгийг төлөх гэсэн боловч хариуцагч буюу худалдагч талаас гэрээ тодорхой хугацаагаар хойшлуулах тухай санал гаргасны дагуу Иргэний хуульд заасан бичгийн хэлбэрийн шаардлага хангаж гэрээг хоёр удаа хойшлуулсан. Гэвч өмчлөгчийн өмчлөх эрх зөрчигдсөн. Нэхэмжлэгчийн хувьд өмчлөгчөөр тогтоолгож өгнө үү, худалдах, худалдан авах гэрээний хүсэл зоригийн илэрхийлэл бий болсон бөгөөд үүний дагуу миний өмчлөх эрхэд халдаад байна гэж нэхэмжлэл гаргасан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх үүргийнхээ дагуу нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

2. Хариуцагч хариу тайлбартаа: 2018 оны 09 дүгээр сарын 03-ны худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан нь үнэн. 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр би зээлийг хойшлуулах хүсэлтийг гаргаж, харилцан тохиролцсоны дагуу гэрээг хойшлуулсан. Хоёр удаа хойшлуулсан гэж тайлбарлаж байна. Гэхдээ Ковид-19 цар тахал буюу давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалж хойшилсон тул хоёр удаа хойшлох боломжтой гэж үзэж байна. Анх 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр байрны эхний урьдчилгаа 30 000 000 төгрөгийг өгсөн. Дараа нь 2019 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр 14 000 000 төгрөг төлсөн. Хэдий би зээлийг хойшлуулсан ч 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр 14 000 000 төгрөгийг шууд миний данс руу шилжүүлэх боломжтой байсан. Гэвч мөнгөө шилжүүлээгүй. Би үүнд итгэлгүй байсан. Талуудын гэрээг өөрсдийн хүсэл зоригийн үндсэн дээр байгуулсан. Худалдах, худалдан авах гэрээний дагуу ямар нэгэн доголдолгүй, эрхийн зөрчилгүй эд хөрөнгийг шилжүүлэх ёстой. Гэвч эрхийн зөрчилтэй байрыг эрхийн зөрчилгүй гэж нотариат дээр тэмдэглээд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байна. Өмгөөлөгчийн хувьд гэрээ анхнаасаа хүчин төгөлдөр бус хэлцэл байсан гэж үзэж байгаа тул хүчин төгөлдөр бусд тооцуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Сөрөг нэхэмжлэлийн тухайд хариуцагчийн зүгээс үл хөдлөх эд хөрөнгийг худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, орон сууцаа хөлслүүлснээр олох ёстой байсан орлого болох 15 600 000 төгрөгийг гаргуулах шаардлага гаргасан. Б.Т нь Танд бодогдож байгаа хүүг төлөөд явж байсан ба Т-наас анх авсан 58 000 000 төгрөгөөр Ц.Н-т худалдсан. Ц.Н нь гэрээнд заасны дагуу үүргээ цаг тухайд нь биелүүлээд явах боломжтой байсан. Гэвч үүргээ биелүүлээгүй буюу өнөөдрийг хүртэл хугацаанд үлдэгдэл 14 000 000 төгрөгийг шилжүүлэхгүй байгаа бөгөөд шүүхэд бусдын эд хөрөнгийг нэр дээрээ шилжүүлж өгөхийг хүссэн нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүйгээр хөрөнгөжиж байна гэж үзэж байна. Хэрвээ тус маргаан бүхий байрыг түрээсэлсэн бол сарын 400 000 төгрөгөөр тооцоход 15 600 000 төгрөгийг өнөөдрийн байдлаар олох байсан. Анхнаасаа эрхийн зөрчилтэй гэрээ буюу Т-ны барьцаанд байгаа байрыг зөвшөөрөл авалгүйгээр байгуулсан. Барьцаанаас чөлөөлсний дараа эрх нь нээгдсэн үед гэрээ байгуулж болох байсан. Үүнийг баталсан нотариатын үйлдэл хууль бус байх тул үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү гэв.

3. Гуравдагч этгээд Т ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбартаа: Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Т Т-тай 2015 оны 03 дугаар сарын 26-ны өдөр 25/04 тоот зээлийн гэрээ байгуулж, 40 600 000 төгрөгийн зээл авсан. Зээлийн барьцаанд Хан-Уул дүүргийн ........................... тоот хаягт байрлах 28.62 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцыг тавьсан. Гэрээнд гэрээний үүргийг гүйцэтгэсний дараа барьцаа хөрөнгийг чөлөөлнө гэж заасан. Өнөөдрийг хүртэл бүрэн төлөгдөж дуусаагүй байгаа тул барьцаа хөрөнгийг чөлөөлж өгөх боломжгүй байгаа. Гэрээний үүргийг гүйцэтгэсний дараа барьцаа хөрөнгийг чөлөөлж өгөх боломжтой гэв.

4. Хариуцагчаас нэхэмжлэгчид холбогдуулан худалдах худалдан авах гэрээнээс татгалзаж, 15 600 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг гаргасан. Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч хуульд заагаагүй үндэслэлээр хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах гэж байна гэж үзэж байна. Гэвч манай талаас Иргэний хуулийн 56.1.8-д заасны дагуу хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцно гэж үзсэн. Хуулиар заасан хэлбэр гэдэгт Иргэний хуулийн 243.1-т заасан биет байдлын доголдолгүй болон эрхийн зөрчилгүй эд хөрөнгийг худалдан борлуулах хуулийн заалт хамаарна. Мөн зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэдэгт анхны барьцаалагч болох Т-ны зөвшөөрөлгүй хийсэн үйлдэл хамаарах бөгөөд Т болон Б.Т нарын хооронд байгуулсан зээлийн гэрээний 4.1.8, 5.2.11-т заасан заалтуудыг зөрчиж хийсэн хэлцэл тул анхнаасаа хүчин төгөлдөр бус хэлцэл байсан гэв.

5. Нэхэмжлэгч хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Б.Т-н зүгээс эхлээд үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, олох байсан орлого 15 600 000 төгрөг гаргуулах шаардлага гаргасан бол дараа нь өөрчилж үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах шаардлага болгосон. Талуудын хооронд байгуулагдсан 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ бол Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-т заасны дагуу талууд гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлсон хэлцэл болсон. Мөн хуулийн 39.1-т зааснаар хүсэл зоригоо илэрхийлсэн үйлдэл эс үйлдэхүйг хэлцэл гэнэ гэж тодорхойлсон. Талуудын хооронд байгуулсан гэрээ нь өөрөө Иргэний хуулийн 39.1-т заасан хэлцлийн хэлбэрийг агуулсан мөн хүсэл зоригийн илэрхийллийг нөгөө тал хүлээн авснаар хүчин төгөлдөр болно. Аль аль тал нь хүсэл зоригоо илэрхийлсэн буюу Ц.Н-ийн хувьд тухайн байрыг худалдаж авах хүсэл зориг байсан бол Б.Т-н хувьд худалдах хүсэл зориг байсан тул энэ хүсэл зоригуудын нэгдэл биелж, 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагад дурдаад байгаа хүчин төгөлдөр бусд тооцуулах ямар үндэслэл байна вэ? Б.Т-н хувьд эрхийн доголдолгүй эд хөрөнгө худалдах үүрэг бий болсон. Ц.Нийн хувьд хэлцэлд тохирсон үнийг төлөх үүрэг хүлээсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцож байгаа Т-ны итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар Б.Т Т-тай 2015 оны 3 дугаар сарын 26-ны өдөр 25/04 тоот зээлийн гэрээ байгуулсан байх бөгөөд уг гэрээгээр тухайн орон сууцыг худалдаж авах зорилго агуулж, банкнаас 40 600 000 төгрөгийн зээл авсан. Ц.Н-ийн хувьд гэрээнд заасан 44 000 000 төгрөгийг төлсөн. Т-наас орон сууцны үлдэгдэл төлбөрийг Б.Т барагдуулсан тохиолдолд маргаан бүхий орон сууцыг барьцааны гэрээнээс чөлөөлөхөд бэлэн гэдгээ илэрхийлсэн. Хариуцагч болон хариуцагчийн өмгөөлөгчийн тайлбараас үзэхэд Ц.Н-ийг бодоод тухайн зээлийг үе шаттай авах байсан гэж тайлбарладаг. Залуу хүнийг бодсондоо биш. Харин орон сууц барьцаанд байсныг Б.Т мэдэж байсан бөгөөд Ц.Н-ээс мөнгө аваад зээлээ төлнө гэдгийг өөрөө маш сайн мэдэж байсан. Сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь хүчин төгөлдөр бус хэлцлийн аль хэлбэрт хамаарч байгаа нь тодорхой бус байна. Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 56.1.1-т зааснаас 56.1.10-т заасан үндэслэлийн аль нь вэ гэдгийг нотолж чадаагүй. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй. Нэхэмжлэгчийн зүгээс маргааны зүйл болсон Хан-Уул дүүрэг ........................... тоот нэг өрөө байрны өмчлөгчөөр тогтоолгох шаардлага гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэж Тухайн орон сууцыг барьцааны гэрээнээс чөлөөлж өгөхийг хүссэн. Хүсэл зоригийн илэрхийлэл аль аль талд байсан болохоор сөрөг нэхэмжлэлийн шаардлага Иргэний хуульд заасан ямар нэг тодорхойлолтоос гажсан ойлголт байна. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

6. Гуравдагч этгээд Т ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлийн шаардлагад гаргасан тайлбартаа: Т болон Б.Т хоёрын хооронд байгуулагдсан барьцааны гэрээний 4.1.5-д барьцааны зүйлийг бусдын эзэмшил өмчлөлд шилжүүлэхэд болон давхар барьцаалах бол зөвшөөрөл өгөх эрхтэй гэж Т-ны эрхийг тодорхой заасан. Гэвч манай банкнаас огт зөвшөөрөл аваагүй хэлцэл хийсэн байна гэв.

7. Нэхэмжлэгчээс: 2018.09.03-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, Хан-Уул дүүргийн ................ тоот хаягт байршилтай 28.62 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2020.09.02-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний хугацаа сунгах гэрээ, 2021.03.20-ны өдрийн Гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээ, 2021.12.03-ны өдрийн 35 дугаартай Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, 2019.09.02-ны өдрийн Х ХХК-ийн шилжүүлгийн маягт, 2018.09.03-ны өдрийн Х ХХК-ийн шилжүүлгийн маягт зэрэг баримтуудыг гаргаж өгсөн. /хх 4-7, 19-21 ху/

Хариуцагчаас: 2021.12.16-ны өдрийн Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, зэрэг баримтуудыг гаргаж өгсөн. /хх 25-28 ху/

Гуравдагч этгээд Т ХХК-иас: Т ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2021.12.21-ний өдрийн 01/6443 дугаартай итгэмжлэл, Т ХХК-ийн дүрэм, 2022.01.17-ны өдрийн 19/20 дугаартай итгэмжлэл, 2015.03.26-ны өдрийн 25/04 дугаартай Орон сууцны зээлийн гэрээ, 2020.05.29-ний өдрийн 24/110 дугаартай Зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ, 2015.03.26-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна. /хх 52-62, 66-76 ху/

ҮНДЭСЛЭХ нь: 

1. Үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр Хан-Уул дүүргийн ........................... тоот хаягт байрлах 1 өрөө орон сууцыг авахаар үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. 2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр урьдчилгаа 30 000 000 төгрөг төлсөн бөгөөд гэрээ байгуулсан өдөр буюу 2019 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр 14 000 000 төгрөг төлсөн. Үлдэх 14 000 000 төгрөгийг 2020 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр төлөхөөр тохиролцсон боловч худалдагч гэрээний хугацаа сунгах хүсэлт тавьсныг хүлээн авч төлбөр төлөх хугацаагаа 2 удаа сунгасан. Гэтэл худалдагч тал үүргээ үл биелүүлж, орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлж өгөхгүй байсан тул шүүхэд нэхэмжлэл гаргасан. Үлдэгдэл төлбөр 14 000 000 төгрөгийг төлөхөд татгалзахгүй гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлж байна.

 

3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөх бөгөөд худалдан авагч маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн үнийг төлж барагдуулаагүй тул өмчлөгчөөр тогтоолгохоор шаардах эрхгүй гэж татгалзлын үндэслэлээ тайлбарласан.

 

4. Хариуцагч, талуудын хооронд байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах хэлцэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох, нэхэмжлэгч хариуцагчийн орон сууцыг үндэслэлгүйгээр эзэмшиж ашигласан түрээсийн төлбөртэй дүйцүүлэн 1 сарын 400 000 төгрөгөөр тооцож, 15 600 000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлээр шаардсан.

 

5. Нэхэмжлэгч хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөх бөгөөд талуудын хооронд байгуулагдсан үл хөдлөх худалдах худалдан авах гэрээ нь Иргэний хуульд заасан хүчин төгөлдөр бус байх хэлцлийн шинжийг агуулаагүй, талууд хуульд нийцүүлэн хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлэн хийсэн хэлцэл юм. Нөгөө талаас худалдах худалдан авах урьдчилгаа гэрээний үнийг төлж, тухайн орон сууцыг эзэмшиж ашигласан, үлдэх 14 000 000 төгрөгийг төлөх үйл явдал хариуцагчийн хүсэлтээр хойшилсон тул бусдын эд хөрөнгийг үндэслэлгүй олж авсан, эзэмшсэн гэх нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй гэж татгалзлын үндэслэлээ тайлбарлаж байна.

 

6. Хэрэгт авагдсан баримт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн 2018.09.03-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, Хан-Уул дүүргийн ............... тоот хаягт байршилтай 28.62 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2020.09.02-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний хугацаа сунгах гэрээ, 2021.03.20-ны өдрийн Гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээ, 2019.09.02-ны өдрийн Х ХХК-ийн шилжүүлгийн маягт, 2018.09.03-ны өдрийн Х ХХК-ийн шилжүүлгийн маягт, 2015.03.26-ны өдрийн 25/04 дугаартай Орон сууцны зээлийн гэрээ, 2020.05.29-ний өдрийн 24/110 дугаартай Зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ, 2015.03.26-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ зэрэг баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Зохигчдын хооронд 2018.09.03-ны өдөр улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн ................... тоот хаягт байрлалтай, 28.62 мкв талбай бүхий 1 өрөө орон сууцыг худалдах худалдан авах гэрээ байгуулагдаж, 2019.09.02-ны өдөр урьдчилгаа төлбөр 30 000 000 төгрөг, 2019.09.03-ны өдөр 14 000 000 төгрөгийг тус тус төлсөн ба 2020.09.03-ны өдөр үлдэх 14 000 000 төгрөгийг төлснөөр өмчлөх эрхийн гэрчилгээг худалдагч тал худалдан авагчид шилжүүлэн өгөхөөр гэрээний 3.6-д тохирсон байна.

 

Дээрх гэрээний дагуу нэхэмжлэгч 2019.09.02-ны өдөр 30 000 000 төгрөг, 2019.09.03-ны өдөр 14 000 000 төгрөгийг тус тус төлж, 2021.03.20-ны өдөр гэрээний үүрэг гүйцэтгэх хугацааг 2021.03.16-ны өдрөөс 2021.08.02-ны өдөр хүртэл сунгахаар, гэрээний сунгасан хугацаа 2020.09.02-ны өдрөөс хойш үйлчлэхээр Гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээгээр тохиролцжээ.

 

Мөн маргаан бүхий орон сууц 2015.03.26-ны өдрийн Т ХХК, Б.Т нарын хооронд байгуулагдсан 25/04 дугаар орон сууцны зээлийн гэрээний барьцаа хөрөнгөөр бүртгэгдсэн, одоогийн байдлаар 32 000 000 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байгаа гэж тайлбарлаж байна.

 

7. Талууд худалдах худалдан авах гэрээний зүйл нэхэмжлэгчийн эзэмшилд байгаа, гэрээний үнэд 44 000 000 төгрөг төлөгдсөн, худалдах худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр төлөх хугацааг хариуцагчийн хүсэлтээр 2 удаа хойшлуулсан, гэрээ байгуулах үед гэрээний зүйл болох орон сууц Т ХХК-ний барьцаанд бүртгэлтэй талаар худалдан авагчид мэдэгдсэн зэрэг үйл баримтад маргаангүй.

 

 

Нэхэмжлэгч худалдах худалдан авах гэрээний үүрэгт гэрээний зүйлийн өмчлөх эрхийг шилжүүлэн авах эрхтэй гэж, хариуцагч зохигчдын хооронд байгуулагдсан хэлцэл хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж маргаж байна.

 

8. Зохигчийн хооронд 2018.09.03-ны өдөр байгуулагдсан улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн ................. тоот хаягт байрлалтай, 28.62 мкв талбай бүхий 1 өрөө орон сууцыг худалдах худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д заасан хэлцлийн шинжийг агуулсан, гэрээний гол нөхцөлийг талууд харилцан тохиролцсон, хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д заасан гэрээний талуудын чөлөөт байдлыг хангасан хүчин төгөлдөр хэлцэл байх ба эрх зүйн харилцааны төрлийн хувьд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан хүчин төгөлдөр хэлцэл байна.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д худалдагч нь биет байдлын болон эрхийн доголдол, зөрчилгүй эд хөрөнгө түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохиролцсон үнийг төлж худалдан авсан эд хөрөнгөө хүлээн авах үүргийг хүлээдэг.

 

Хариуцагч, нэхэмжлэгчийг үл хөдлөх эд хөрөнгийн үнийг бүрэн төлөөгүй тул өмчлөгчөөр тогтоолгох үндэслэлгүй гэж маргах боловч хариуцагчийн хүсэлтээр 2021.03.20-ны өдөр гэрээний үүрэг гүйцэтгэх хугацааг 2021.03.16-ны өдрөөс 2021.08.02-ны өдөр хүртэл сунгахаар, гэрээний сунгасан хугацаа 2020.09.02-ны өдрөөс хойш үйлчлэхээр тохиролцсон нь худалдан авагчийг гэрээний үүрэг зөрчсөн гэж үзэх үндэслэл болохгүй.

 

Өөрөөр хэлбэл талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараас үзэхэд, худалдагч гэрээний зүйлийг банкны барьцаанаас чөлөөлж худалдан авагчид шилжүүлэх үүргээ хойшлуулсны улмаас нэхэмжлэгч үлдэгдэл төлбөр 14 000 000 төгрөгийг төлөөгүй нь Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2-т Хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй гэж заасанд хамаарахаар байна.

 

Түүнчлэн, Иргэний хуулийн 238 дугаар зүйлийн 238.1-д Биелүүлэх хугацаа нь болсон, хоёр этгээдийн хоорондох ижил төрлийн харилцан шаардлагыг хооронд нь тооцож үүргийг дуусгавар болгож болно гэж заасан байна.

 

Иймд худалдагч биет байдлын болон эрхийн зөрчилгүй хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэгтэй тул нэхэмжлэгчийг шаардах эрхтэй гэж дүгнээд худалдах худалдан авах гэрээний үүрэгт нэхэмжлэгч үлдэгдэл төлбөр болох 14 000 000 төгрөгийг хариуцагчид төлмөгц хариуцагч улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн ................. тоот хаягт байрлалтай, 28.62 мкв талбай бүхий 1 өрөө орон сууцыг зээлийн барьцаанаас чөлөөлж, нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэхийг даалгахаар нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй.

9. Сөрөг нэхэмжлэлийн тухайд, хариуцагч маргааны зүйл болох орон сууц нь худалдах худалдан авах гэрээ байгуулагдах үед банкны барьцаанд бүртгэлтэй байсан бөгөөд Т ХХК-тай байгуулсан 2015.03.26-ны өдрийн 25/04 дугаартай Орон сууцны зээлийн гэрээний 4.1.8, 5.2.11-д зааснаар барьцаалагчийн зөвшөөрөлгүйгээр маргаан бүхий гэрээг байгуулсан тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэсэн үндэслэлээр худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгохоор шаардсан.

 

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан ...хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэдэгт мөн хуулийн 50 дугаар зүйлд заасан зөвшөөрлөөр хийх хэлцлүүд хамаардаг ба ипотекийн зүйлийг өмчлөгчийн гуравдагч этгээдтэй байгуулсан хэлцэл хүчин төгөлдөр байх эсэх нь үүрэг гүйцэтгүүлэгчийн зөвшөөрлөөс хамаарах тухай хуулийн зохицуулалт Монгол улсын Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор хүчингүй болсныг дурдаад зохигчдын хооронд байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ нь зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэлд хамаарахгүй гэж дүгнэлээ.

 

Нэгэнт талуудын хооронд байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэхгүй тул хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон бол бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө буцаан шаардах эрхийг олгосон Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан үндэслэлд хамаарахгүй үндэслэлээр 15 600 000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

10. Дээрхийг нэгтгэн дүгнэвэл, нэхэмжлэгч Ц.Н үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 14 000 000 төгрөгийг хариуцагч Б.Т-д төлмөгц хариуцагч Б.Т улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн ................. тоот хаягт байрлалтай, 28.62 мкв талбай бүхий 1 өрөө орон сууцыг зээлийн барьцаанаас чөлөөлж, өмчлөх эрхийг Б.Н-т шилжүүлэхийг даалгахаар үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ц.Н, Б.Т нарын хооронд 2018.09.03-ны өдөр байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах тухай гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгож, 15 600 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэсэн болно.

 

11. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд, үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангасан тул хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгохоор, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон тул хариуцагчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,

                                                ТОГТООХ нь: 

1. Иргэний хуулийн 238 дугаар зүйлийн 238.1, 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ц.Н үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 14 000 000 төгрөгийг хариуцагч Б.Т-д төлмөгц улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн ................. тоот хаягт байрлалтай, 28.62 мкв талбай бүхий 1 өрөө орон сууцыг зээлийн барьцаанаас чөлөөлж, өмчлөх эрхийг Б.Н-т шилжүүлэхийг хариуцагч Б.Т-д даалгасугай.

 

2. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан Ц.Н, Б.Т нарын хооронд байгуулагдсан 2018.09.03-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах тухай гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгож, 15 600 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 453 283 төгрөгийг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 532 122 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Т-гаас 453 283 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Н-т олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

                                         

 

 

 

ШҮҮГЧ                          Д.ЭНХЦЭЦЭГ