Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 183/ШШ2022/00627

 

2022 оны 03 сарын 11 өдөр                      Дугаар 183/ШШ2022/00627                              Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

УДИРТГАЛ ХЭСЭГ

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч- Д аймгийн ............ тоот хаягт оршин суух Ш овогт Д.Б /00000000/

 

Хариуцагч- Хан-Уул дүүргийн .......... байрлах И ТӨААТҮГазар /0000000/,

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн ............ байрлах ИТ ААТҮГазар /0000000/

 

Нэхэмжлэлийн шаардлага: Ажилгүй байсан хугацааны олговор 40 899 380 төгрөг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Д.Б,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Б,

Хариуцагч И ТӨААТҮГазрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Цацрал

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч И ТӨААТҮГазар, ИТ ААТҮГазар нарт холбогдуулан ажилгүй байсан хугацааны олговор 40 899 380 төгрөг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: 2014.05.28-ны өдрөөс эхлэн И-тай хөдөлмөрийн гэрээ байгуулан Д аймаг дахь нисэх буудлын даргын албан тушаалд томилогдон ажилласан. 2017.02.06-ны өдрийн Б/34 дугаартай И-ын даргын тушаалаар үндэслэлгүйгээр хөдөлмөрийн гэрээг цуцалж халсан. Х.Д нь 2013.08.21-ний өдрөөс эхлэн И-тай хөдөлмөрийн гэрээ байгуулан У аймаг дахь нисэх буудлын даргын албан тушаалд томилогдон ажилласан. 2017.02.06-ны өдрийн Б/35 дугаартай И-ын тушаалаар үндэслэлгүйгээр хөдөлмөрийн гэрээг цуцалж халсан. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.12.06-ны өдрийн 183/ШШ2017/02694 тоот шийдвэр гарч Д.Б, Х.Д нарыг нисэх буудлын даргын ажилд эгүүлэн тогтоох, эрүүл мэндийн дэвтэр болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгуулах тухай шийдвэр гарсан. Хариуцагч давж заалдаж 2018.03.16-ны өдрийн Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 712 дугаар магадлал, 2018.09.20-ны өдрийн Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 001/ХТ2018/01210 тоот тогтоолуудаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, шүүхийн шийдвэр эцэслэн албажсан. Шүүхийн шийдвэрийг хариуцагч хууль зөрчин биелүүлсэн тул дахин нэхэмжлэл гаргаж, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.05.06-ны өдрийн 183/ШШ2020/01210 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.07.20-ны өдрийн 1596 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2021.06.02-ны өдрийн 001/ХТ2021/00600 дугаар тогтоолын дагуу 2020.05.06-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгож, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийж, Д аймгийн Нисэх буудлын даргын ажилд нь эгүүлэн томилохоор шийдвэр гарсан. Хариуцагч шүүхийн шийдвэрийн зөвхөн ажилгүй байсан хугацааны мөнгийг гаргаж өгсөн боловч 2021.10.20-ны өдөр Б/634, Б/635 дугаар ИТ-ийн даргын хууль бус тушаал гаргаж, шүүхийн шийдвэрийг бүрэн биелүүлээгүй. Шүүхийн шийдвэрт Д аймгийн нисэх буудлын даргын албан тушаалд эгүүлэн томилохыг даалгасан байхад 2021.06.04-ний өдрийг хүртэл ажилласанд тооцож, өндөр насны эрх үүссэн тул хэмээн хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халсан. Энэ тушаалынхаа дагуу тэтгэвэрт гарах ажлыг тушаалаа биелүүлэхийг хариуцагчид хүссэн боловч эс зөвшөөрсөн. Ажилгүй байсан хугацааны цалин 40 899 380 төгрөг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх, тэтгэвэр тогтоолгохыг даалгаж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч И ТӨААТҮГазар хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Д.Б-ийг Н газрын даргын 2019.10.18-ны өдрийн Б/435 дугаартай тушаалаар Д аймаг дахь Ч нисэх буудлын даргаар ажилд авч, мөн өдрийн Б/440 дугаартай тушаалаар түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон байна. Нэхэмжлэгч нь дээрх шийдвэрийг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасныг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.05.06-ны өдрийн 183/ШШ2020/01210 дугаартай шийдвэрээр нэхэмжлэгч Д.Б-ийг Д аймаг дахь Ч нисэх буудлын даргын ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 13,098,195 /арван гурван сая, ерэн найман мянга, нэг зуун ерэн тав/ төгрөгийг гаргуулан түүнд олгуулахаар шийдвэрлэсэн байна. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.07.20-ны өдрийн 1596 дугаартай магадлал гарч, энэхүү магадлалаар дээрх 183/ШШ2020/01210 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Улмаар Монгол Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааны 2021.06.02-ны өдрийн 001/ХТ2021/00600 дугаартай тогтоол гарч, энэхүү тогтоолоор Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.05.06-ны өдрийн 183/ШШ2020/01210 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.07.20-ны өдрийн 1596 дугаартай магадлалыг тус тус хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.05.06-ны өдрийн 183/ШШ2020/01210 дугаартай шийдвэр нь нэхэмжлэгч Д.Б-ийг ажлаас халсан өдөр буюу 2019.10.18-ны өдрөөс тус шийдвэр гарсан өдөр буюу 2020.05.06-ны өдрийг хүртэлх хугацаагаар ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг тооцсон, энэхүү олговор нь 13,098,195 төгрөг байна. Үүнийг давж заалдах болон хяналтын шатны шүүхийн шийдвэрээр хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Монгол Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааны 2021.06.02-ны өдрийн 001/ХТ2021/00600 дугаартай тогтоолыг ажил олгогч ИТ нь 2021.10.01-ний өдөр шуудангаар, баримт бичгийн бүртгэлийн 2978 дугаарт бүртгэн хүлээн авсан байна. Ажил олгогч ИТ нэхэмжлэгч Д.Б-ийг хуулийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалд нь авах буюу хөдөлмөрийн гэрээ байгуулах үед нэхэмжлэгч нь өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн байсан. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Д.Б нь 0000 оны 00 дүгээр сарын 00-ны өдөр төрсөн бөгөөд ажилд нь эгүүлэн авч, хөдөлмөрийн гэрээ байгуулсан буюу 0000.00.00-ны өдөр 61 нас, 1 сар, 18 хоногтой байжээ. Гэтэл Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1960 онд төрсөн эрэгтэй даатгуулагч 60 нас 9 сар буюу нэхэмжлэгчийн тухайд энэ өдөр нь 0000.00.00-ны өдөр бөгөөд өндөр насны тэтгэвэр тогтоолгох, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3 дахь заалтад зааснаар ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах эрхтэй. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь заалтад заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч ИТ ААТҮГазар хариу тайлбартаа: ИНЕГ-ын даргын 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн А/391 тушаалаар ИНҮТ-ийн бүтцийг баталсан ба орон нутгийн нисэх буудал ИТийн бүтцэд хамаарах юм. Нэхэмжлэгч Д аймаг дахь Ч нисэх буудлын даргын ажил эрхэлдэг байсан ба ажилгүй байсан хугацааны цалин, олговрыг ИТөөс холбогдох тооцоог хийсэн тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй байна гэв.

 

3. Нэхэмжлэгчээс Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.05.06-ны өдрийн 183/ШШ2020/01210 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.07.20-ны өдрийн 1596 дугаартай магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2021.06.02-ны өдрийн 001/ХТ2021/00600 дугаартай тогтоол, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.08.30-ны өдрийн 183/ГХ2021/00840 дугаартай гүйцэтгэх хуудас, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.08.30-ны өдрийн 183/ШЗ2021/09835 дугаартай шүүгчийн захирамж, ИТийн даргын 2021.10.20-ны өдрийн Б/634 дугаартай тушаал, ИТийн даргын 2021.10.20-ны өдрийн Б/635 дугаартай тушаал зэрэг баримтуудыг гаргаж өгсөн. /хх 5-23, ху/

 

Хариуцагч ИТ ААТҮГазраас 2021.12.08-ны өдрийн 10-1/1798 дугаартай итгэмжлэл, И-ын даргын 2017.06.20-ны өдрийн А/421 дугаартай тушаал, И-ын даргын 2018.10.19-ний өдрийн А/685 дугаартай тушаал, Орон нутгийн нисэх буудлуудын ажилтнуудын хөдөлмөрийн хөлсний сүлжээ гэх хүснэгт, Иын даргын 2019.05.23-ны өдрийн А/410 дугаартай тушаал, Орон нутгийн нисэх буудлуудын ажилтнуудын хөдөлмөрийн хөлсний сүлжээ гэх хүснэгт, И-ын даргын 2020.01.27-ны өдрийн А/34 дугаартай тушаал, Орон нутгийн нисэх буудлуудын ажилтнуудын хөдөлмөрийн хөлсний сүлжээ гэх хүснэгт, Д.Бийн цалингийн тооцооллын задаргаа гэх хүснэгт, ИТ ААТЗГазрын улсын бүртгэлийн гэрчилгээ, 2022.03.07-ны өдрийн 10-1/301 дугаартай итгэмжлэл зэрэг баримтуудыг гаргаж өгсөн. /хх 26, 47-55, 80-82 ху/

 

Хариуцагч И ТӨААТҮГазраас 2021.11.25-ны өдрийн 01/2069 дугаартай итгэмжлэл, И-ын даргын 2020.09.23-ны өдрийн А/391 дугаартай тушаал, ИТийн зохион байгуулалтын бүтэц гэх хүснэгт, И-ын даргын 2017.06.20-ны өдрийн А/421 дугаартай тушаал, Орон нутгийн нисэх буудлуудын ажилтнуудын хөдөлмөрийн хөлсний сүлжээ гэх хүснэгт, 2018.10.19-ний өдрийн А/685 дугаартай тушаал, Орон нутгийн нисэх буудлуудын ажилтнуудын хөдөлмөрийн хөлсний сүлжээ гэх хүснэгт, И-ын даргын 2019.05.23-ны өдрийн А/410 дугаартай тушаал, Орон нутгийн нисэх буудлуудын ажилтнуудын хөдөлмөрийн хөлсний сүлжээ гэх хүснэгт, И-ын даргын 2020.01.27-ны өдрийн А/34 дугаартай тушаал, Орон нутгийн нисэх буудлуудын ажилтнуудын хөдөлмөрийн хөлсний сүлжээ гэх хүснэгт, И ТӨААТҮГазрын улсын бүртгэлийн гэрчилгээ, 2022.03.07-ны өдрийн 01/337 дугаартай итгэмжлэл зэрэг баримтуудыг гаргаж өгсөн. /хх 31, 37-38, 56-67, 83-84 ху/

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй байна гэж үзэв.

2. Нэхэмжлэгч И-ын даргын 2019.10.18-ны өдрийн Б/440 дугаартай тушаалаар үндэслэлгүйгээр хөдөлмөрийн гэрээг цуцалсан тул шүүхэд хандаж Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.05.06-ны өдрийн 183/ШШ2020/01210 тоот шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.07.20-ны өдрийн 1596 дугаар магадлал, 2021.06.02-ны өдрийн Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 001/ХТ2021/00600 тоот тогтоолуудаар Д.Б-ийг нисэх буудлын даргын ажилд эгүүлэн тогтоож, эрүүл мэндийн дэвтэр болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгохоор шийдвэрлэсэн. Хариуцагч шүүхийн шийдвэрийг биелүүлэхдээ 2021.10.20-ны өдөр Б/634, Б/635 дугаар ИТийн даргын хууль бус тушаал гаргаж, шүүхийн шийдвэрийг бүрэн биелүүлээгүй бөгөөд Д аймгийн нисэх буудлын даргын албан тушаалд эгүүлэн томилохыг даалгасан байхад 2021.06.04-ний өдрийг хүртэл ажилласанд тооцож, өндөр насны эрх үүссэн тул хэмээн хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халсан. Нэгэнт тэтгэвэрт гарах эрх үүссэн тул тушаалын энэ хэсэгтэй маргахгүй, харин 2021.06.04-ны өдрийг хүртэл ажилласан хугацааг тооцсоныг эс зөвшөөрч байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2020.05.06-ны өдрөөс 2021.10.18-ны өдөр хүртэлх хугацааны ажилгүй байсан хугацааны цалин 40 899 380 төгрөг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх, тэтгэвэр тогтоолгохыг даалгуулахаар шаардаж байна гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлж байна.

3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөх бөгөөд ИТ ААТҮГазар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.05.06-ны өдрийн 183/ШШ2020/01210 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасныг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.07.20-ны өдрийн 1596 дугаартай магадлалаар, Монгол Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааны 2021.06.02-ны өдрийн 001/ХТ2021/00600 дугаартай тогтоолоор тус тус шийдвэрлэсэн. 001/ХТ2021/00600 дугаар тогтоолыг бичгэн хэлбэрээр 2021.10.01-ний өдөр манай байгууллага хүлээн авсан. Иймд 2021.10.20-ны шүүхийн шийдвэрийг биелүүлэхээр хөдөлмөрийн гэрээ байгуулах үед Д.Б нь өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн байсан буюу 61 настай байсан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3 дахь заалтад зааснаар ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах эрхтэй гэж татгалзлын үндэслэлээ тайлбарлаж байна.

4. Хариуцагч И ТӨААТҮГазар нэхэмжлэлийн шаардлагыг мөн эс зөвшөөрөх бөгөөд ИНЕГ-ын даргын 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн А/391 тушаалаар ИНҮТ-ийн бүтцийг баталсан ба орон нутгийн нисэх буудал ИТийн бүтцэд хамаарах болсон. Нэхэмжлэгч Д аймаг дахь Ч нисэх буудлын даргын ажил эрхэлдэг байсан ба ажилгүй байсан хугацааны цалин, олговрыг ИТөөс холбогдох тооцоог хийсэн тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй гэж татгалзлын үндэслэлээ тайлбарлаж байна.

 

5. Хэрэгт авагдсан баримт болон талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар, нэхэмжлэгч Д.Б-ийг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.05.06-ны өдрийн 183/ШШ2020/01210 дугаартай шийдвэрээр Д аймаг дахь нисэх буудлын ажил албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 13 469 775 төгрөг гаргуулан олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл хураамжийг зохих журмын дагуу төлж, дэвтэрт бичилт хийхийг даалгахаар шийдвэрлэснийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.07.20-ны өдрийн 1596 дугаартай магадлалаар, Монгол Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааны 2021.06.02-ны өдрийн 001/ХТ2021/00600 дугаартай тогтоолоор тус тус анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

Дээрх шүүхийн шийдвэрийн дагуу ИТийн даргын 2021.10.20-ны өдрийн Б/635 тушаалаар Д.Б-ийг 2021.06.04-ний өдрийг хүртэл Д аймаг дахь Нисэх буудлын даргаар ажилласанд тооцож, 2021.10.20-ны өдрийн Б/634 дүгээр тушаалаар Д.Б-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалжээ.

Мөн И-ын даргын 2020.01.27-ны өдрийн А/34 дугаар тушаалаар хөдөлмөрийн хөлсний сүлжээг шинэчлэн баталж, нисэх буудлын даргын хөдөлмөрийн хөлс 1 687 000 төгрөг байхаар тогтоосон, Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын 2020.09.23-ны өдрийн А/391 дугаар тушаалаар И-ын зохион байгуулалтын бүтцэд нэмэлт өөрчлөлт оруулсантай холбоотой ИТийн зохион байгуулалтын бүтцийг шинэчлэн баталсан зэрэг үйл баримтууд тус тус тогтоогдож байна.

6. Дээрх үйл баримтаас дүгнэвэл Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.05.06-ны өдрийн 183/ШШ2020/01210 дугаартай шийдвэрээр нэхэмжлэгчийг шүүхийн шийдвэрээр урьд эрхэлж байсан ажил албан тушаалд нь эгүүлэн тогтоосон боловч 2021.10.20-ны өдөр хүртэл хариуцагч шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй, биелүүлээгүй үндэслэлээ Монгол Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааны 2021.06.02-ны өдрийн 001/ХТ2021/00600 дугаартай тогтоолыг 2021.10.01-ний өдөр шуудангаар хүлээн авсан гэж тайлбарлах боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэгдэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно гэж заасан тул хариуцагчийн татгалзал үндэслэлгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрээр 2020.05.06-ны өдрөөс Д.Б-ийг ажилд нь эгүүлэн тогтоосон боловч хариуцагч шийдвэрийг эс зөвшөөрч, давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргасны дараа ажил олгогч 2021.10.20-ны өдөр шүүхийн шийдвэрийг биелүүлэхдээ 2021.06.04-ний өдөр хүртэл ажилласанд тооцон хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь хуульд нийцээгүй байна.

Өөрөөр хэлбэл, 2020.05.06-ны өдрөөс 2021.10.20-ны өдөр хүртэл хугацаанд ажилтны хөдөлмөрлөх харилцаа тасралтгүй үргэлжилсэн гэж үзэх тул Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 оны/ 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно гэж зааснаар нэхэмжлэгч шаардах эрхтэй.

Түүнчлэн, нэхэмжлэгчийг дурдсан хугацаанд тасралтгүй ажил үүргээ гүйцэтгэсэн гэж үзсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 оны/ 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар ажил олгогч хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтныг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, хуульд заасан хувь хэмжээгээр шимтгэл төлөх үүрэгтэй бөгөөд шимтгэл хураамж төлсөн тухай бичилтийг хийх үүрэгтэй тул нэхэмжлэгч Д.Б-ийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг хуульд заасан хэмжээгээр төлж, зохих бичилтийг нөхөн бичих хийхийг даалгахыг шаардах эрхийн үндэслэл болно.

Нэхэмжлэгч шүүх хуралдаанд 2021.10.20-ны өдрийн Б/634 дугаар хөдөлмөрийн гэрээг өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалсан тушаалд маргаангүй, харин Б/635 дугаар Д.Б-ийг 2021.06.04-ний өдрийг хүртэл Д аймаг дахь Нисэх буудлын даргаар ажилласанд тооцсон тушаалыг эс зөвшөөрч байна гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан.

Шүүх, И-ын даргын 2020.09.23-ны өдрийн А/391 дугаар тушаалаар И-ын зохион байгуулалтын бүтцэд нэмэлт өөрчлөлт оруулсантай холбоотой ИТийн зохион байгуулалтын бүтцийг шинэчлэн баталж, орон нутгийн нисэх буудлыг ИТд харъяалуулсан үйл баримтыг харгалзан 2020.05.06-ны өдрөөс 2020.09.24-ний өдөр хүртэл хугацааны цалинг И, 2020.09.24-ний өдрөөс 2021.10.18-ны өдөр хүртэл хугацааны цалинг ИТ тус тус хариуцах нь зүйтэй гэж үзээд нэхэмжлэлийн шаардлагын заримыг ханган шийдвэрлэж байна.

Тодруулбал, нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 2020.05.06-ны өдрөөс 2021.10.18-ны өдөр хүртэл ажлын 364 хоногийг 2020.05.06-ны өдрийн 183/ШШ2020/01210 дугаар шүүхийн шийдвэрт дурдсан дундаж цалин хөлс болох 92 835 төгрөгөөр тооцон 33 813 780 төгрөг гаргуулахаар шаардаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хөдөлмөрийн хөлсний сүлжээ шинэчлэн батлагдсан үндэслэлээр 2020 оны 5 дугаар сараас 2021 оны 10 дугаар сар хүртэлх 17 сарын цалингийн зөрүүг нэг сарын 416 800 төгрөгөөр тооцож буюу 7 085 600 төгрөгөөр шаардлагаа нэмэгдүүлсэн.

Шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд нэхэмжлэгчийн цалинг И-ын даргын 2020.01.27-ны өдрийн А/34 дугаар тушаалаар хөдөлмөрийн хөлсний сүлжээг шинэчлэн батлахдаа нисэх буудлын даргын хөдөлмөрийн хөлс 1 687 000 төгрөг байхаар тогтоосон тушаалыг үндэслэх нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчимд нийцнэ гэж үзээд 2020.05.07-ны өдрөөс 2020.09.23-ны өдөр хүртэл 5 сар 13 хоногийн цалинг 1 687 000 төгрөгөөр тооцож 9 504 796 төгрөгийг И-аас 2020.09.24-ний өдрөөс 2021.10.18-ны өдөр хүртэлх хугацааны 12 сар 18 хоногийн цалин 21 560 672 төгрөгийг ИТөөс гаргуулах нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

Дээрх бүгдийг нэгтгэн дүгнэвэл Хөдөлмөрийн тухай /1999 оны/ хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг үндэслэн нэхэмжлэгч Д.Б-ийн 2020 оны 5 дугаар сарын 06-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны цалин олговорт 9 504 796 төгрөгийг И-аас, 21 560 672 төгрөгийг ИТөөс гаргуулан Д.Б-т олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр төлж, шимтгэл хураамж төлсөн тухай бичилтийг хийхийг хариуцагч нарт даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 9 833 912 төгрөгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэлээ.

7. Нэхэмжлэгч 2021.11.19-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 оны/ 129 дүгээр зүйлийн 129.1-д заасан хугацааг зөрчөөгүй болохыг дурдаж байна.

8. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд, нэхэмжлэгчийн нэхэмжлэл Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасан гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэлд хамаарах тул улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх боловч 456 020 төгрөгийг урьдчилан төлсөн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д заасныг үндэслэн буцаан олгохоор, нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангасан тул хангасан үнийн дүнгийн хэмжээнд ногдох хэмжээгээр хариуцагч нараас гаргуулах улсын орлогод оруулах нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 оны/ 128 дугаар зүйлийн 128.1, 69 дугаар зүйлийн 69.1-д зааснаар ажилгүй байсан хугацааны цалин олговорт И-аас 9 504 796 /есөн сая таван зуун дөрвөн мянга долоон зуун ерэн зургаан/ төгрөгийг, 21 560 672 /хорин нэгэн сая таван зуун жаран мянга зургаан зуун далан хоёр/ төгрөгийг ИТ-өөс гаргуулан нэхэмжлэгч Д.Б-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 9 833 912 /есөн сая найман зуун гучин гурван мянга есөн зуун арван хоёр/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 оны/ 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр суутган төлж, шимтгэл хураамж төлсөн тухай нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгасугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх тул хариуцагч И-аас 167 027 төгрөг, ИТ-өөс 265 723 төгрөг тус тус гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 456 020 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгч Д.Б-т олгосугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                              Д.ЭНХЦЭЦЭГ