Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2022/00837

 

 

 

 

 

2022 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2022/00837

 

 

****ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 183/ШШ2022/00627 дугаар шийдвэртэй,

****ийн нэхэмжлэлтэй

ИНЕГ ТӨААТҮГ, ИНҮТ ААТҮГ-т тус тус холбогдох,

Ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 40,899,380 төгрөг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах, тэтгэвэр тогтоолгохыг даалгуулах тухай иргэний хэргийг зохигчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч ****, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Бат-Амгалан, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Хүсэлт, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: **** нь 2014 оны 05 дугаар 28-ны өдрөөс эхлэн ИНЕГтай хөдөлмөрийн гэрээ байгуулан Дорнод аймаг дахь нисэх буудлын даргын албан тушаалд томилогдон ажиллаж байсан. Гэтэл Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Б/34 дугаартай тушаалаар ****тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг үндэслэлгүй цуцалж, ажлаас чөлөөлсөн.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 183/ШШ2017/02694 тоот шийдвэрээр ****ийг нисэх буудлын даргын ажилд эгүүлэн тогтоож, эрүүл мэндийн дэвтэр болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгаж, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор олгуулахаар шийдвэрлэсэн. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх, Улсын дээд шүүх хариуцагчийн гомдлоор хэргийг хянаж, уг шийдвэрийг хэвээр үлдэээж шийдвэрлэснээр шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон.

Шүүхийн шийдвэрийг хариуцагч хууль зөрчин биелүүлсэн тул дахин нэхэмжлэл гаргаж, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 183/ШШ2020/01210 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 1596 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 001/ХТ2021/00600 дугаар тогтоолоор 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгож, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийж, Дорнод аймгийн Нисэх буудлын даргын ажилд нь эгүүлэн томилсон.

Хариуцагч шүүхийн шийдвэрийн зөвхөн ажилгүй байсан хугацааны олговрыг өгсөн боловч 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Б/634, Б/635 дугаар ИНҮТийн даргын хууль бус тушаал гаргаж, шүүхийн шийдвэрийг бүрэн биелүүлээгүй. Шүүхийн шийдвэрт Дорнод аймгийн нисэх буудлын даргын албан тушаалд эгүүлэн томилохыг даалгасан байхад 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл ажилласанд тооцож, өндөр насны эрх үүссэн тул хэмээн хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халсан. Энэ тушаалын дагуу тэтгэвэрт гарах ажлыг тушаалаа биелүүлэхийг хүссэн боловч эс зөвшөөрсөн. Ажилгүй байсан хугацааны цалин 40,899,380 төгрөг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх, тэтгэвэр тогтоолгохыг даалгаж өгнө үү.

 

2. Хариуцагч ИНЕГ ТӨААТҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн татгалзал, тайлбарын агуулга: Нэхэмжлэгч ****ийг Нисэх буудлуудын удирдах газрын даргын 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Б/435 дугаартай тушаалаар Дорнод аймаг дахь Чойбалсан нисэх буудлын даргаар ажилд авч, мөн өдрийн Б/440 дугаартай тушаалаар түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон.

Нэхэмжлэгч нь дээрх шийдвэрийг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасныг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 183/ШШ2020/01210 дугаартай шийдвэрээр нэхэмжлэгч ****ийг Дорнод аймаг дахь Чойбалсан нисэх буудлын даргын ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 13,098,195 төгрөгийг гаргуулан түүнд олгуулахаар шийдвэрлэсэн, үүнийг давж заалдах болон хяналтын шатны шүүхийн шийдвэрээр хэвээр үлдээсэн.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 183/ШШ2020/01210 дугаартай шийдвэр нь нэхэмжлэгч ****ийг ажлаас халсан өдөр буюу 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс тус шийдвэр гарсан өдөр буюу 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийг хүртэлх хугацаагаар ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорыг тооцсон, энэхүү олговор нь 13,098,195 төгрөг гэдгийг тогтоосон. Үүнийг давж заалдах болон хяналтын шатны шүүхийн шийдвэрээр хэвээр үлдээсэн. Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааны 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 001/ХТ2021/00600 дугаартай тогтоолыг ажил олгогч ИНҮТ нь 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр шуудангаар, баримт бичгийн бүртгэлийн 2978 дугаарт бүртгэн хүлээн авсан байна.

Ажил олгогч ИНҮТ нэхэмжлэгч ****ийг хуулийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалд нь авах буюу хөдөлмөрийн гэрээ байгуулах үед нэхэмжлэгч нь өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн байсан. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч **** нь 1960 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр төрсөн бөгөөд ажилд нь эгүүлэн авч, хөдөлмөрийн гэрээ байгуулсан буюу 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 61 нас 1 сар 18 хоногтой байжээ. Гэтэл Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1960 онд төрсөн эрэгтэй даатгуулагч 60 нас 9 сар буюу нэхэмжлэгчийн тухайд энэ өдөр нь 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдөр бөгөөд өндөр насны тэтгэвэр тогтоолгох, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3 дахь заалтад зааснаар ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах эрхтэй. Иймд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Хариуцагч ИНҮТ ААТҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн татгалзал, тайлбарын агуулга: Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн А/391 тушаалаар ИНҮТ-ийн бүтцийг баталсан ба орон нутгийн нисэх буудал ИНҮТийн бүтцэд хамаарах юм. Нэхэмжлэгч Дорнод аймаг дахь Чойбалсан нисэх буудлын даргын ажил эрхэлдэг байсан ба ажилгүй байсан хугацааны цалин, олговрыг ИНҮТөөс холбогдох тооцоог хийсэн тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 оны/ 128 дугаар зүйлийн 128.1, 69 дугаар зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар ажилгүй байсан хугацааны цалин олговорт Иргэний нисэхийн ерөнхий газраас 9,504,796 төгрөгийг, 21,560,672 төгрөгийг ИНҮТөөс гаргуулан нэхэмжлэгч ****т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 9 833 912 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 оны/ 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр суутган төлж, шимтгэл хураамж төлсөн тухай нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх тул хариуцагч Иргэний нисэхийн ерөнхий газраас 167,027 төгрөг, ИНҮТөөс 265 723 төгрөг тус тус гаргуулан улсын орлогод оруулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 456 020 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгч ****т олгож шийдвэрлэжээ.

 

5. Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч байна.

Анх нэхэмжлэл гаргахдаа ажлгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 33,813,780 төгрөг гаргуулж, энэ хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлж, тэтгэвэр тогтоолгохыг даалгуулах нэхэмжлэл гаргасан нь нэхэмжлэгч 2017 оноос хойш ажлаас халагдаж, 3 удаагийн шүүхийн шийдвэр гарч, ажилгүй байсан хугацааны цалинг тухайн үед авч байсан цалин болон ажилласан жилийн нэмэгдлээр нь тооцож, мөн талууд маргаагүй учраас уг нэхэмжлэлийг гаргасан.

Улмаар бид шүүхэд хүсэлт гаргаж нотлох баримт гаргуулах цалин хөлсний нэмэгдлийг 2020 оны байдлаар тооцон хэрэгт авагдсан баримтын хүрээнд хөдөлмөрийн хөлсний сүлжээний зөрүү болох 7,085,600 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэмэгдүүлсэн.

Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн А/34 дугаар Хөдөлмөрийн хөлсний сүлжээг шинэчлэн батлах тухай тушаалаар Дорнод аймгийн нисэх буудлын даргын цалин 1,687,000 төгрөг болсон.

Хамгийн сүүлд 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн Хан-Уул дүүргийн анхан шатны шүүхийн шийдвэр гарах өдөр хүртэл анх ажлаас халагдсан 2017 оны цалингийн сүлжээгээр тооцож, ажилгүй байсан хугацааны цалин, олговроо шүүхэд нэхэмжилж шийдвэрлүүлсэн. 2017 оны хөдөлмөрийн хөлс 1,270,200 төгрөг байсан байх бөгөөд энэхүү үндсэн цалин дээр олон жилийн ажилласан хугацааны нэмэгдэл, урамшуулал нэмэгддэг байсан. Иймээс 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 2017 онд халагдах үеийн цалингаараа нэхэмжилсэн байсан тул 2020 оны 05 дугаар сараас 2021 оны 10 сар хүртэлх нийт 17 сарын зөрүү буюу 1,687,000 төгрөгөөс 1,270,200 төгрөгийг хасвал зөрүү 416,800 төгрөг бөгөөд үүнийг 17 сараар тооцвол 7,085,600 төгрөгийг хариуцагчаас нэмэгдүүлэн гаргуулахаар нэхэмжилсэн.

Гэтэл шүүх шууд нэмэгдэл болон анх авч байсан цалинг бууруулж 9,833,912 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон нь өмнөх шүүхийн шийдвэрүүдийг үгүйсгэсэн шийдвэр гаргасан. Мөн хариуцагчаас ирүүлсэн манай нэхэмжлэлийн шаардлагатай яг таарсан дүн бүхий нотлох баримтыг үнэлсэнгүй. Мөн тэтгэвэр тогтоолгохыг даалгах гэсэн нэхэмжлэлийн шаардлагад үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй нь миний хуулиар олгогдсон тэтгэвэрт гарах эрхийг зөрчсөн үйлдэл болсон. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.

 

6. Хариуцагч ИНЕГ ТӨААТҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, дараах үндэслэлээр давж заалдах гомдлыг гаргаж байна.

Анхан шатны шүүх нотлох баримтыг үнэлээгүй.

Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн сайдын 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 387 дугаар Бүтэц, орон тоо шинэчлэн батлах тухай тушаал, түүний хавсралтыг үндэслэн, энэхүү өдрөөс хойш хариуцагч Иргэний нисэхийн ерөнхий газрын ИНҮТийн харьяанд Орон нутгийн нисэх буудлууд хамаарах бөгөөд дарга нарыг томилох, чөлөөлөх буюу хөдөлмөрийн харилцаа үүсгэх, дуусгавар болгох эрх нь ИНҮТийн даргын эрх хэмжээнд хамаардаг.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэгчид олговол зохих ажилгүй байсан хугацааны олговорыг олгуулахыг хариуцагч ИНҮТд даалгаж шийдвэрлэж өгнө үү.

 

7. Хариуцагч тал давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн гомдолд гаргасан тайлбарын агуулга: ИНҮТ ААТҮГ нь тэтгэвэр тогтоох эрх бүхий этгээд биш. Дүүргийн нийгмийн даатгалын холбогдох эрх бүхий албан тушаалтнаас баталсан маягтын дагуу тэтгэврийг тогтоож ажилтан өөрөө хүсэлттэй гаргасан тохиолдолд шийдвэр гаргаж тэтгэвэр тогтоодог. Иймд тэтгэвэр тогтоолгох тухай агуулгыг хүлээн зөвшөөрөхгүй. Ажил олгогч талаас шийдвэр гаргахдаа шүүхийн шийдвэрийг танилцуулан сонсмогц хүчинтэй болж бичгээр албажиж гарах хүртэл нь ажилд томилох шийдвэр гаргаагүй. Энэ хугацаанд **** 61 нас хүрсэн. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасан өндөр насны тэтгэвэрт гарах насны дээд хязгаар нь 60 нас 9 сар байна гэж анхан шатны шүүхийн шийдвэрт дурдсан. Тэгэхээр ажлаас халсан нь үндэслэлгүй гэж үзэж маргааныг шийдвэрлэсэн. Иймээс бодолттой холбоотой тухайлан хэлэх тайлбар байхгүй.

 

8. Нэхэмжлэгч тал давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагчийн гомдолд гаргасан тайлбарын агуулга: ИНЕГ ТӨААТҮГ нь хариуцагч биш гэж байна. Гэтэл хэрэгт Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын тушаалууд авагдсан. Бүтэц шинэчлэн батлах тухай баримтыг анхан шатны шүүх зөв үнэлж дүгнэсэн. Мөн Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын тушаалд хөдөлмөрийн хөлсний сүлжээг шинэчлэн баталсан. Тухайлбал, 2020 онд нисэх буудлын даргыг баталсан. Иймээс хамтран хариуцагч гэж үзнэ. 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрөөс өмнө ИНЕГ хариуцна. Үүнээс хойш ИНҮТ цалинг хариуцдаг. Энэ талаар анхан шатны шүүхийн шийдвэр зөв гарсан гэж үзэж байна. Харин өмнөх шүүхийн шийдвэрт дурдсан цалинг бууруулсан гэж үзэж байна.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг зохигчийн гаргасан гомдлын хүрээнд хянаад нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж дүгнэв.

 

2. Нэхэмжлэгч **** нь хариуцагч ИНЕГ ТӨААТҮГ, ИНҮТ ААТҮГ-т тус тус холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 40,899,380 төгрөг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгуулах, тэтгэвэр тогтоолгохыг даалгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

3.а. ИНЕГ ТӨААТҮГ-ын даргын 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Б/34 дугаар тушаалаар ****тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлжээ.

 

3.б. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 183/ШШ2020/01210 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 1596 дугаартай магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааны 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 001/ХТ2021/00600 дугаартай тогтоолоор ****т ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 13,469,775 төгрөг гаргуулан олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл хураамжийг зохих журмын дагуу төлж, дэвтэрт бичилт хийхийг даалгахаар шийдвэрлэсэн.

 

3.в. ИНҮТийн даргын 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн Б/635 тушаалаар ****ийг 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл Дорнод аймаг дахь Нисэх буудлын даргаар ажилласанд тооцож, 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн Б/634 дүгээр тушаалаар ****тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн үндэслэлээр цуцалжээ.

 

3.г. Нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн томилоогүй, эрхийн зөрчил үргэлжилсэн хэвээр байсан ба тэрээр 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэл хугацаан дахь улсын тэмдэгтийн хураамж цалин хөлстэй тэнцэх олговрыг Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй гэж анхан шатны шүүх зөв зүйлчилсэн боловч олговрыг тооцохдоо алдаа гаргасныг залруулах боломжтой.

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 183/ШШ2020/01210 дугаар шийдвэрт ****ийн 1 өдрийн цалин хөлст ногдох хэмжээг 92,845 төгрөг гэж тогтоосон, уг шийдвэр хүчин төгөлдөр тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэгт зааснаар уг үйл баримтыг дахин нотлохгүй юм.

 

Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн А/391 дугаар тушаалаар Иргэний нисэхийн ерөнхий газрын зохион байгуулалтын бүтцэд нэмэлт өөрчлөлт оруулсантай холбоотой ИНҮТийн зохион байгуулалтын бүтцийг шинэчлэн баталж, орон нутгийн нисэх буудлыг ИНҮТд харьяалуулсан үйл баримтыг харгалзан 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрөөс 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр хүртэл хугацааны цалинг ИНЕГ, 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүртэл хугацааны цалинг ИНҮТ тус тус хариуцах нь зүйтэй гэж үзээд нэхэмжлэлийн шаардлагын заримыг ханган шийдвэрлэж байна.

 

Тодруулбал, нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүртэл ажлын 364 хоногийг 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 183/ШШ2020/01210 дугаар шүүхийн шийдвэрт дурдсан дундаж цалин хөлс болох 92,835 төгрөгөөр тооцон 33,813,780 төгрөг гаргуулахаар шаардсан ба ажлын 107 хоногт ногдох олговорт 9,939,765 төгрөгийг ИНЕГ ТӨААТҮГ-аас, ажлын 257 хоногт ногдох 23,874,015 төгрөгийг ИНҮТ ААТҮГ-аас гаргуулахаар байна.

 

Түүнчлэн цалингийн сүлжээнд өөрчлөлт орсноор нэхэмжлэгчийн авах ёстой байгаа цалинтай тэнцэх олговрыг нэмэгдүүлэх талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ. Энэ олговрыг ИНЕГ ТӨААТҮГ 2,082,855 төгрөг, ИНҮТ ААТҮГ 5,002,745 төгрөгөөр хариуцах үндэслэлтэй.

 

Нэгтгэн дүгнэвэл ИНЕГ ТӨААТҮГ-аас 12,022,620 төгрөг /9,939,765+2,082,855/, ИНҮТ ААТҮГ-аас 28,879,760 /23,877,015+5,002,745/ төгрөг тус тус гаргуулахаар шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 183/ШШ2022/00627 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын ...9,504,796 төгрөгийг... гэснийг ...12,021,620 төгрөгийг... гэж, ...21,560,672 төгрөгийг... гэснийг ...28,876,760 төгрөгийг... гэж, ...нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 9,833,912 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай гэснийг ...тэтгэвэр тогтоолгохыг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж,

3 дахь заалтын ...167,027 төгрөг... гэснийг ...207,296 төгрөг... гэж, 265,723 төгрөг... гэснийг ...302,334 төгрөг... гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 362,447 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

 

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

 

Э.ЗОЛЗАЯА