Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 183/ШШ2022/00720

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

УДИРТГАЛ ХЭСЭГ

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч- Баянгол дүүргийн ............. тоотод оршин суух, И овогт Ч.М /РД:00000000/

 

Хариуцагч- Хан-Уул дүүргийн ............... тоотод оршин суух, Б овогт П.Л /РД:00000000/

 

Нэхэмжлэлийн шаардлага: 6 500 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Солонго

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ч.М нь хариуцагч П.Л-д холбогдуулан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 6 500 000 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан ба шаардлагын үндэслэлээ Ч.М нь П.Л-тэй 2019 оны 11 дүгээр сард танилцсан. П.Л нь Монгол улсаас гадаад руу мах экспортолдог 10 гаруй компани байгаа, нэг компани нь миний хамаарал бүхий компани. Би хэд хоногоос Хүнс хөдөө аж ахуйн яамны хүмүүстэй Хонгконг руу явах гэж байгаа. Хонгконг явж махны квот олж ирнэ надад 10,000,000 төгрөг өгчих гэж гуйсан. Тухайн үед хариуцагч нь Нийслэлийн засаг дарга Амарсайханы туслах байсан гэж тайлбарладаг. 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Циркийн хажуу талд М, Т нартай уулзаад маргааш Хонгконг руу явах гэж байгаа 10,000,000 төгрөг өгчих гэсэн учраас тэр өдрөө 1,100,000 төгрөгийг бэлнээр өгсөн. Маргааш нь буюу 2019 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр нэхэмжлэгчээс М ирж 9,800,000 төгрөгийг аваад хариуцагч П.Л-гийн данс руу шилжүүлсэн. Нэхэмжлэгчийн зүгээс 10,000,000 төгрөгийн буцааж шаардахад 3,500,000 төгрөгийг буцааж шилжүүлсэн үлдэгдэл 6,500,000 төгрөгийг төлөөгүй. Махны квот олж өгнө гэдэг байдлаар хууль бусаар, эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаад 10,000,000 төгрөгийг авсан. Иймд үлдэгдэл мөнгийг нэхэмжилж байна гэв.

 

2. Хариуцагч хариу тайлбартаа: Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Талуудын хооронд махны квот авах, махны квотыг авахад туслах гэсэн асуудал яригдсан. Үүнтэй холбоотойгоор БНХАУ-аас махны квот олдоогүй, учир нь БНХАУ нь Монгол Улсаас авч байгаа махаа лабораторийн шинжилгээнд оруулаад бүх тохироог Хятадын компанитай хийгээд Монголоос тэр хэмжээгээр нь квот олгодог. Манай хүн өөрийн таньдаг хүнээрээ дамжуулаад махны квотыг авъя гэсэн яриа хийсэн, гэхдээ Хонгконг руу яваад цаашаа Ш руу очоод махны квот авъя гэж тайлбарлаад ингэж явахад зардал хэрэгтэй 10,000,000 төгрөг орчим хэрэгтэй гэж хэлэхэд нэхэмжлэгч зардлыг төлнө гэдэг байдлаар хүлээн зөвшөөрч мөнгө шилжүүлсэн. Ажилдаа дэмжлэг үзүүлж зардалд 10,000,000 төгрөг шилжүүлсэн. Одоо энэ мөнгөө нэхэмжилж байгаа нь бидний буруутай үл ажиллагаанаас болоогүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

3. Нэхэмжлэгчээс, 2019.09.11-ний өдрийн Х ХХК-ийн орлогын маягт, 2021.05.21-ний өдөр 235 дугаартай итгэмжлэл, 2021.03.05-ны өдрийн 322 дугаартай Баянзүрх дүүргийн Прокурорын газрын Прокурорын тогтоол, 2020.06.22-ны өдрийн Гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэл, 2021.02.01-ний өдрийн гэрчээс дахин мэдүүлэг авсан тэмдэглэл, 2020.08.18-ны өдрийн гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэл, 2020.08.20-ны өдрийн гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэл, Ч.М-ын Х ХХК-ийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэргийг гаргаж өгсөн. /хх 3-4, 23-32 ху/

 

Хариуцагчаас 2021.08.20-ны өдрийн 1124 дугаартай итгэмжлэл, 2021.09.03-ны өдрийн Өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх гэрээ, П.Л-гийн гадаад паспортын хуулбар зэрэг баримтуудыг гаргаж өгсөн. /хх 17, 36, 51 ху/

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр Баянзүрх дүүргийн Прокурорын газраас: 2019.11.20-ны өдрийн 00-1668 дугаартай зээлийн гэрээг шүүх бүрдүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

1.    Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна гэж үзэв.

2. Нэхэмжлэгч Ч.М хариуцагч П.Л-гээс махны квот авах зорилгоор 10 000 000 төгрөг өгсөн боловч П.Л олж өгөөгүй тул мөнгөө буцаан шаардаж байна. 3 500 000 төгрөг буцаан төлсөн, үлдэх 6 500 000 төгрөгийг өгөхгүй байгаа нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасанд хамаарах тул шаардах эрхтэй гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлж байна.

3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөх бөгөөд махны квот олж ирэх замын зардалд 10,000,000 төгрөг авсан, талуудын хооронд даалгаврын гэрээний харилцаа үүссэн тул буцаан төлөх үндэслэлгүй гэж татгалзлын үндэслэлээ тодорхойлж байна.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтаар, 2019 оны 10 дугаар сард нэхэмжлэгч Ч.М хариуцагч П.Л-д малын мах экспортод гаргах зөвшөөрөл олж өгөхөөр тохиролцсон, нэхэмжлэгч хариуцагчид бэлнээр болон дансаар 10 000 000 төгрөг хүлээлгэн өгснөөс хариуцагч 3 500 000 төгрөгийг буцаан төлсөн үйл баримт тогтоогдож байна.

5. Зохигч 10 000 000 төгрөгийг мах экспортод гаргах эрх авах зорилгоор нэхэмжлэгч хариуцагчид хүлээлгэн өгсөн, 3 500 000 төгрөгийг буцаан төлсөн үйл баримтад маргаангүй, харин уг мөнгөн хөрөнгийг буцаан төлөх үндэслэлтэй эсэх малаар маргаж байна.

6. Шүүх, талуудын хооронд байгуулагдсан хэлцлийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэлд хамаарах хүчин төгөлдөр бус хэлцэл гэж дүгнэлээ. Учир нь:

Хэрэгт авагдсан баримт болон талуудын тайлбараас үзэхэд, 2019 оны 10 дугаар сард хариуцагч П.Л нь малын мах экспортод гаргах зөвшөөрлийг нэхэмжлэгч Ч.М-д олж өгөх зорилгоор 10 000 000 төгрөгийг авсан үйл баримт тогтоогдох бөгөөд хариуцагч уг зөвшөөрлийг олгох эрх бүхий этгээд биш юм.

Өөрөөр хэлбэл, талуудын маргааны үндэслэл болж буй уг зөвшөөрлийг төрийн захиргааны эрх бүхий байгууллага тусгай шаардлага нөхцөлийг хангасан аж ахуйн нэгжид олгодог тул дээрх эрхийг хэрэгжүүлэх эрхгүй этгээд тухайн зөвшөөрлийг олж өгөхөөр бусадтай хэлцэл хийх нь хэлцлийн үндэслэлтэй байх эрх зүйн зарчимд нийцэхгүй тул хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзнэ.

Түүнчлэн, хариуцагч Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1-д заасан даалгаврын гэрээ гэж маргасан боловч тэрээр даалгавар өгөгчийн нэрийн өмнөөс, түүний зардлаар тодорхой ямар үйлдэл хийсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байна.

Нөгөө талаас, нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагчийг үндэслэлгүй хөрөнгөжсөн тул мөнгөн хөрөнгөө шаардах эрхтэй гэж тайлбарлах боловч талуудын хооронд байгуулагдсан мах экспортлох зөвшөөрөл олж өгөх хэлцэл нь хуульд үл нийцэх буюу байгуулагдсан цагаасаа хүчин төгөлдөр бус байх хэлцэл учир үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон гэх үндэслэлд хамаарахгүй юм.

Иймд нэхэмжлэгчийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй гэж зааснаар 6 500 000 төгрөгөө хариуцагчаас шаардах эрхтэй гэж үзээд хариуцагч П.Л-гээс 6 500 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ч.М-д олгохоор шийдвэрлэв.

7. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд, нэхэмжлэлийн шаардлагыг хангасан тул хариуцагчид хариуцуулах нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.5-д зааснаар хариуцагч П.Л-гээс 6 500 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ч.М-д олгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 126 950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч П.Л-гээс 126 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ч.М-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                  Д.ЭНХЦЭЦЭГ