Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 183/ШШ2022/00786

 

2022 оны 03 сарын 25 өдөр Дугаар 183/ШШ2022/00786 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн ............... тоот хаягт оршин суух Б овогт Э.О /00000000/,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн ............... тоот хаягт оршин суух Ц.А /00000000/

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, ................ байрлах Н газар

 

Нэхэмжлэлийн шаардлага: Албадан дуудлага явуулах тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бг

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Золзаяа

 

(Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв)

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Э.О, Ц.А нар Н газарт холбогдуулан 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 12/50 дугаартай албадан дуудлага худалдаа явуулах тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасан ба шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн албадан дуудлага худалдаа явуулах тотгоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасан. 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн шийдвэрээр Э.О, Ц.А нараас 144 000 000 төгрөгийг А ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Үүний дагуу гүйцэтгэх хуудас бичигдэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж, барьцаа хөрөнгө болох Хан-Уул дүүргийн ................. тоот хаягт байрлах үл хөдлөх хөрөнгө дээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байсан. Дуудлага худалдааны үнэлгээ тогтоосонтой холбоотойгоор гомдол гаргасан. Үүний дараа шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр дуудлага худалдааг зохион байгуулсан бөгөөд албадан дуудлага худалдаа зохион байгуулагдаж байгаа талаарх тогтоолыг нь нэхэмжлэгч Э.О нь 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр мэдсэн. Өөрөөр хэлбэл албадан дуудлага худалдаа болохоос өмнө дуудлага худалдаа зохион байгуулагдаж байна гэдэг талаар тогтоолыг хүлээж аваагүй, хүлээж авсан тухай баримт байхгүй. Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3 дахь хэсэгт заасны дагуу төлбөр төлөгчид ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоол, мэдэгдлийг нь хүргүүлээгүй байгаа нь хуулийг зөрчсөн байна гэж үзэж байна. Мөн өнөөдрийг хүртэл албадан дуудлага худалдааны тогтоолыг Э.О гардаж аваагүй байгаа. Хэрвээ тогтоолыг гардаж авсан байсан бол албадан дуудлага худалдаа орох гэж байгаа талаараа мэдээд ч юм уу ямар нэгэн байдлаар үл хөдлөх хөрөнгөө буцааж авах боломжтой байсан гэж Э.О-гийн зүгээс үзэж байгаа. Ц.А нь бол өөрийнх нь эгчийнх нь хүүхэд байдаг. Тийм учраас дүүгийнхээ байрыг алдчихгүй юмсан гэдэг утгаараа төлбөрөө төлчихье гэсэн хүсэл сонирхолтой байсан. Гэтэл албадан дуудлага худалдаа зохион байгуулагдаад үл хөдлөх хөрөнгө нь зарагдаад, одоо бүр чөлөөлүүлэх бичиг нь хүртэл хүргүүлсэн байдаг. Хуульд заасны дагуу урьдчилан шийдвэрлэх ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3 дахь хэсэгт заасны дагуу явуулсан байгаа. Иймээс 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 12/50 дугаартай албадан дуудлага худалдааны тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд татгалзлаа дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 1982 дугаар шийдвэрээр Э.О, Ц.А нараас 114 443 166 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид 731 165 төгрөг, нийтдээ 115 173 331 төгрөгийг гаргуулж А ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэжээ. Дээрх шийдвэрийг үндэслэн ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 20290148 дугаартай тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн. Төлбөр төлөгч Э.О, Ц.А нарт шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг удаа дараа мэдэгдсэн боловч үүргээ биелүүлээгүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалсан төлбөр төлөгч Ц.А-гийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 0000000000 дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүргийн ................... тоот хаягт байрлах 31,87 м.кв талбайтай 1 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг төлбөр авагчийн хүсэлтээр 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 029 0114/01 дугаартай тогтоолоор битүүмжилж 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 20290148/05 дугаартай тогтоолоор хурааж, талуудаас үнийн санал дээр харилцан тохиролцоогүй тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу төлбөрт хураагдсан эд хөрөнгийг 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 11/554 дугаар шинжээч томилох тухай тогтоолоор хөрөнгийн үнэлгээний Б ХХК-ийн шинжээч Ц-ыг томилоход үл хөдлөх эд хөрөнгийг 66 225 000 төгрөгөөр зах зээлийн үнийг тогтоож, үнэлгээг төлбөр төлөгч нарт 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 4179/40444 тоот албан бичгээр мэдэгдэж 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 417940808 тоот албан бичгээр анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай 12/57 дугаар тогтоолын хамт танилцуулж гардуулан өгч, төлбөр төлөгч нар шинжээчийн тогтоосон үнийг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргаж, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 87 дугаарт захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлж, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 223 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 19-ны өдрийн 514 дүгээр магадлал, Улсын дээд шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн 263 дугаар тогтоолоор төлбөр төлөгч Э.О-гийн нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үргэлжлүүлэн 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 417921669, 41921668 албан бичгүүдээр анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай 12/50 дугаар тогтоолын хамт танилцуулж гардуулан өгч 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн анхны албадан дуудлага худалдааг хуулийн дагуу зохион байгуулж дуудлага худалдаагаар 83 000 000 төгрөгөөр худалдсан болохыг талуудад 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 4/17923252, /17923251 тоот албан бичгүүдээр төлбөр төлөгч нарт мэдэгдэж 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 12/20 дугаар албадан дуудлага худалдааны эрхлэн хөтлөгчийн өмчлөх эрх шилжүүлэх тухай тогтоол, 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 179/10 дугаар шийдвэр гүйцэтгэгчийн мэдэгдэх хуудсаар сайн дураар чөлөөлөх тухай мэдэгдлийг тус тус гардуулж, гарын үсэг зурж баталгаажуулсан. Төлбөр төлөгч нар нь шийдвэр гүйцэтгэгчийн сайн дураар төлбөрийг төлөх удаа дараа мэдэгдсээр байхад одоог хүртэл төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй байгаа нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг удаашруулж, шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс зайлсхийж байна. Иймд албадан дуудлага худалдаа хуулийн дагуу явагдсан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үүгэв.

 

Нэхэмжлэгчээс: 2021.11.10-ны өдрийн мэдэгдэл, 2021.11.08-ны өдрийн 12/50 дугаартай Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол, 2022.01.05-ны өдрийн итгэмжлэл, 2019.09.20-ны өдрийн 1982 дугаартай Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж, 2021.12.14-ний өдрийн 21/12/23 дугаартай Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны гомдол хянан шийдвэрлэсэн тухай тогтоол, 2022.01.04-ний өдрийн 09/34 дугаартай Өргөдөлд хариу өгөх тухай албан бичиг зэрэг баримтуудыг гаргаж өгсөн. /хх ху/

 

Хариуцагчаас: 2022.02.11-ний өдрийн итгэмжлэл, 2020.01.07-ны өдрийн 53 дугаартай Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн гүйцэтгэх хуудас, 2020.01.02-ны өдрийн 497 дугаартай Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж, 2019.09.20-ны өдрийн 1982 дугаартай Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж, 2020.01.10-ны өдрийн 20290148 дугаартай Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол, 2020.02.13-ны өдрийн 20290148/01 дугаартай Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, 2020.02.13-ны өдрийн Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2020.10.07-ны өдрийн Эд хөрөнгө хураах тухай тогтоол, 2020.10.07-ны өдрийн Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2020.10.12-ны өдрийн Санал хүргүүлэх тухай, 2020.11.02-ны өдрийн 117 дугаартай А ББСБ ХХК-ийн албан бичиг, 2020.11.02-ны өдрийн 11/554 дугаартай Шинжээч томилох тухай тогтоол, 2020.11.02-ны өдрийн Шинжээчээр оролцохоос татгалзах болон оролцуулж болохгүй нөхцөл байдал байгаа эсэх талаарх мэдээлэл тодруулсан тэмдэглэл, 2020.11.02-ны өдрийн Шинжээчид хууль тайлбарласан тухай тэмдэглэл, 2020.11.05-ны өдрийн Хөрөнгийн үнэлгээний тайлан хүлээлцсэн акт, 2020.11.04-ний өдрийн Б ХХК-ийн Хөрөнгийн үнэлгээний тайлан, 2020.11.06-ны өдрийн албан бичиг, 2020.11.06-ны өдрийн 12/57 дугаартай Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол, 2020.11.10-ны өдрийн мэдэгдэл, 2020.11.10-ны өдрийн Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2021.01.22-ны өдрийн Анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааны хурлын тэмдэглэл, 2020.12.28-ны өдрийн 87 дугаартай Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж, 2021.01.27-ны өдрийн 223 дугаартай Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, 2021.03.19-ний өдрийн 514 дугаартай Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал, 2021.06.04-ний өдрийн 263 дугаартай Монгол улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны тогтоол, 2021.11.10-ны өдрийн мэдэгдэл, 2021.11.10-ны өдрийн Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2021.11.17-ны өдрийн Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2021.11.08-ны өдрийн 12/50 дугаартай Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол, 2021.11.12-ны өдрийн Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2021.11.25-ны өдрийн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааны хурлын тэмдэглэл, 2021.11.29-ний өдрийн Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2021.12.01-ний өдрийн мэдэгдэл, 2021.12.01-ний өдрийн Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2021.12.01-ний өдрийн мэдэгдэл, 2021.12.06-ны өдрийн Хаан банк ХХК-ийн шилжүүлгийн мэдээлэл, 2021.12.15-ны өдрийн итгэмжлэл, 2021.12.14-ний өдрийн Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны гомдол хянан шийдвэрлэсэн тухай тогтоол, 2021.12.09-ний өдрийн 12/20 дугаартай Албадан дуудлага худалдааны эрхлэн хөтлөгчийн өмчлөх эрх шилжүүлэх тухай тогтоол, 2021.12.16-ны өдрийн Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2022.01.11-ний өдрийн Шийдвэр гүйцэтгэгчийн мэдэгдэх хуудас, 2021.01.11-ний өдрийн Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл зэрэг баримтуудыг гаргаж өгсөн. /хх ху/

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Э.О, Ц.А нарын нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж шүүх үзлээ.

 

2. Нэхэмжлэгч нар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 12/50 дугаартай албадан дуудлага худалдаа явуулах тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасан ба шаардлагын үндэслэлээ төлбөр төлөгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б-ийн итгэмжлэлийн хугацаа дуусч төлөөлөх эрхгүй болсон байхад дуудлага худалдааны тогтоолын талаар мэдэгдсэн гэж үзсэн, дуудлага худалдааны тогтоолыг шуудангаар явуулсан гэх боловч хүлээн аваагүй тул шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд нийцээгүй гэж тодорхойлж байна.

 

3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөх бөгөөд төлбөр төлөгч нарт 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 417921669, 41921668 албан бичгүүдээр анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай 12/50 дугаар тогтоолыг танилцуулж, гардуулан өгч 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн анхны албадан дуудлага худалдааг хуулийн дагуу зохион байгуулж дуудлага худалдаагаар 83 000 000 төгрөгөөр худалдсан болохыг талуудад 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 4/17923252, /17923251 тоот албан бичгүүдээр төлбөр төлөгч нарт мэдэгдэж 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 12/20 дугаар албадан дуудлага худалдааны эрхлэн хөтлөгчийн өмчлөх эрх шилжүүлэх тухай тогтоол, 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 179/10 дугаар шийдвэр гүйцэтгэгчийн мэдэгдэх хуудсаар сайн дураар чөлөөлөх тухай мэдэгдлийг тус тус гардуулж, гарын үсэг зурж баталгаажуулсан тул шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль зөрчөөгүй гэж татгалзлын үндэслэлээ тодорхойлж байна.

 

4. Хэрэгт авагдсан баримтаар, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.09.01-ний өдрийн 183/ШШ2019/01982 дугаар шийдвэрээр Э.О, Ц.А нараас 114 443 166 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид 731 165 төгрөг, нийт 115 173 331 төгрөгийг гаргуулж А ББСБ ХХК-д олгохоор, хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлсэн тохиолдолд төлөгч Ц.А-гийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 0000000000 дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүргийн ................... тоот хаягт байрлах 31,87 м.кв талбайтай 1 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсний дагуу 2020.01.02-ны өдрийн 183/ШЗ2020/00497 дугаар Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай шүүгчийн захирамж гарч, 2020.01.07-ны өдрийн 183/ГХ2020/00053 дугаар гүйцэтгэх хуудас бичигдэж, 2020.01.10-ны өдрийн 20290148 дугаартай тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, холбогдох ажиллагааг хийсэн байна.

 

Үүний дараа, төлбөр төлөгч нар үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасныг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.01.27-ны өдрийн 183/2021/ШШ00223 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021.03.19-ний өдрийн 00514 дүгээр магадлалаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Улсын Дээд шүүхийн 2021.06.01-ний өдрийн 263 дугаар тогтоолоор хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзжээ.

 

Ингээд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үргэлжлүүлэн, 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр төлбөр төлөгч Ц.А-гийн өмчлөлийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 0000000000 дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүргийн ................... тоот хаягт байрлах 31,87 м.кв талбайтай 1 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг албадан дуудлага худалдаа явуулах тухай 12/50 дугаар тогтоол гарсан байна.

5. Нэхэмжлэгч Э.О, Ц.А нар дээрх тогтоолыг танилцуулсан, гардуулсан ажиллагааг эс зөвшөөрч, Э.О мэдэгдлийг хүлээн аваагүй гэж тайлбарласан боловч хэрэгт авагдсан 2021.11.10-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлд төлбөр төлөгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б-тэй утсаар ярьсан тэмдэглэл үйлдсэн ба итгэмжлэлээ итгэмжлэлээ сунгаж өгнө гэх тайлбарыг хэлсэн бол, төлбөр төлөгч Ц.А-д шуудангаар мэдэгдэл хүргүүлснийг хүлээн авсан байна.

 

6. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3-т Шийдвэр гүйцэтгэгч дуудлага худалдаа явуулах тухай ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг улсын бүртгэлийн байгууллагад болон төлбөр төлөгчид хүргүүлнэ гэж, 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт Шийдвэр гүйцэтгэгч мэдэгдэх хуудсыг дуудан ирүүлж гардуулах бөгөөд боломжгүй тохиолдолд биечлэн, эсхүл баталгаат шуудангаар хүргүүлнэ. гэж тус тус заасан байна.

 

Нэхэмжлэгч Э.О дээрх хуульд заасны дагуу тухайн баримтыг хүлээн аваагүй гэж тайлбарлах боловч ийнхүү хүлээн аваагүй болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байна.

 

Өөрөөр хэлбэл, хэрэгт авагдсан 2021.11.10-ны өдрийн төлбөр төлөгч Э.О-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б-тэй утсаар ярьсан ...итгэмжлэлээ сунгаад өгнө гэх агуулгатай тэмдэглэл, 2021.11.17-ны өдрийн төлбөр төлөгч Ц.А-тай утсаар ярьсан ...тогтоол, мэдэгдлийг хүлээн авсан, энэ тухай авга эгч Э.О-д хэлэхэд за гэсэн гэх агуулгатай тэмдэглэл зэргийг харьцуулан дүгнэвэл мэдэгдэл хүргүүлэх ажиллагаа хуульд заасан дээрх шаардлагад нийцээгүй, шуудангаас хүлээн аваагүй болохоо нотлох үүрэг нэхэмжлэгчид хамаарахаар байа ба тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ баримтаар нотолж чадаагүй байна.

 

 

Иймд төлбөр төлөгч Э.О анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол, мэдэгдлийг хүлээн аваагүй болох нь нотлогдохгүй байна гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

 

7. Шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид мөн өдрийн шүүх хуралдааны товыг зохих журмын дагуу мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, хүндэтгэн үзэх шалтгааныг дурдсан аливаа баримт хүсэлт ирүүлээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй.

 

8. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон тул нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4, 122 дугаар зүйлийн 122.4-т тус тус заасныг баримтлан 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 12/50 дугаартай албадан дуудлага худалдаа явуулах тогтоолыг хүчингүй болгуулах тухай Э.О, Ц.А нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Э.О, Ц.А нарын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                              Д.ЭНХЦЭЦЭГ