Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2022/01033

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2022 05 27 210/МА2022/01034

 

 

 

 

Э.О, Ц. А нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч А.Мөнхзул, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 183/ШШ2022/00786 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Э.О, Ц.А нарын нэхэмжлэлтэй, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох албадан дуудлага явуулах тогтоолыг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч Э.О, Ц.А нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалагын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн шийдвэрээр Э.О, Ц.А нараас 144,000,000 төгрөгийг гаргуулж Авуурьд ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Үүний дагуу гүйцэтгэх хуудас бичигдэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж, барьцаа хөрөнгө болох Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Рапид хороолол, 28 дугаар байр, 94 тоот хаягт байрлах үл хөдлөх хөрөнгө дээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр дуудлага худалдаа зохион байгуулагдаж байгаа талаарх тогтоолыг нь нэхэмжлэгч Э.О нь 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр мэдсэн. Өөрөөр хэлбэл албадан дуудлага худалдаа болохоос өмнө дуудлага худалдаа зохион байгууулагдаж байна гэдэг талаар тогтоолыг хүлээж аваагүй, хүлээж авсан тухай баримт байхгүй. Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3 дахь хэсэгт заасны дагуу төлбөр төлөгчид ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоол, мэдэгдлийг нь хүргүүлээгүй байгаа нь хуулийг зөрчсөн гэж үзэж байна. Мөн өнөөдрийг хүртэл албадан дуудлага худалдааны тогтоолыг Э.О гардаж аваагүй байгаа. Хэрвээ тогтоолыг гардаж авсан байсан бол албадан дуудлага худалдаа орох гэж байгаа талаар ямар нэгэн байдлаар үл хөдлөх хөрөнгөө буцааж авах боломжтой байсан гэж үзэж байна. Ц.А нь бол өөрийнх нь эгчийнх нь хүүхэд байдаг. Тийм учраас дүүгийнхээ байрыг алдчихгүй юмсан гэдэг утгаараа төлбөрөө төлчихье гэсэн хүсэл сонирхолтой байсан. Гэтэл албадан дуудлага худалдаа зохион байгуулагдаад үл хөдлөх хөрөнгө нь зарагдаад, одоо бүр чөлөөлүүлэх бичиг нь хүртэл хүргүүлсэн байдаг. Хуульд заасны дагуу урьдчилан шийдвэрлэх ажиллагааг явуулсан. Иймээс 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 12/50 дугаартай албадан дуудлага худалдааны тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 1982 дугаар шийдвэрээр Э.О, Ц.А нараас 114,443,166 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид 731,165 төгрөг, нийтдээ 115,173,331 төгрөгийг гаргуулж Авуурьд ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийг үндэслэн ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 20290148 дугаартай тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн. Төлбөр төлөгч Э.О, Ц.А нарт шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг удаа дараа мэдэгдсэн боловч үүргээ биелүүлээгүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалсан төлбөр төлөгч Ж.Агийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 2026030366 дугаарт бүртгэлтэй Хан-уул дүүргийн 15 дугаар хороо, Рапид хороолол, 28-р байр, 94 тоот хаягт байрлах 31,87м.кв талбайтай 1 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн төлбөр авагчийн хүсэлтээр 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 029 0114/01 дугаартай тогтоолоор битүүмжилж 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 20290148/05 дугаартай тогтоолоор хурааж, талуудаас үнийн санал дээр харилцан тохиролцоогүй тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу төлбөрт хураагдсан эд хөрөнгийг 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 11/554 дугаар шинжээч томилох тухай тогтоолоор хөрөнгийн үнэлгээний Баян могод ХХК-ийн шинжээч Цэвээнроломыг томилоход үл хөдлөх эд хөрөнгийг 66,225,000 төгрөгөөр зах зээлийн үнийг тогтоож, үнэлгээг төлбөр төлөгч нарт 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 4179/40444 тоот албан бичгээр мэдэгдэж 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 417940808 тоот албан бичгээр анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай 12/57 дугаар тогтоолын хамт танилцуулж гардуулан өгч, төлбөр төлөгч нар шинжээчийн тогтоосон үнийг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргаж, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 87 дугаарт захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлж, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 223 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 19-ны өдрийн 514 дүгээр магадлал, Улсын дээд шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн 263 дугаар тогтоолоор төлбөр төлөгч Э.Огийн нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үргэлжлүүлэн 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 417921669, 41921668 албан бичгүүдээр анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай 12/50 дугаар тогтоолын хамт танилцуулж гардуулан өгч 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн анхны албапан дуудлага худалдааг хуулийн дагуу зохион байгуулж дуудлага худалдаагаар 83,000,000 төгрөгөөр худалдсан болохыг талуудад 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 4/17923252, 4/17923251 тоот албан бичгүүдээр төлбөр төлөгч нарт мэдэгдэж 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 12/20 дугаар албадан дуудлага худалдааны эрхлэн хөтлөгчийн өмчлөх эрх шилжүүлэх тухай тогтоол, 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 179/10 дугаар шийдвэр гүйцэтгэгчийн мэдэгдэх хуудсаар сайн дураар чөлөөлөх тухай мэдэгдлийг тус тус гардуулж, гарын үсэг зурж баталгаажуулсан. Төлбөр төлөгч нар нь шийдвэр гүйцэтгэгчийн сайн дураар төлбөрийг төлөх удаа дараа мэдэгдсээр байхад одоог хүртэл төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй байгаа нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг удаашруулж, шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс зайлсхийж байна. Иймд албадан дуудлага худалдаа хуулийн дагуу явагдсан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4, 122 дугаар зүйлийн 122.4-т тус тус заасныг баримтлан 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 12/50 дугаартай албадан дуудлага худалдаа явуулах тогтоолыг хүчингүй болгуулах тухай Э.О, Ц.А нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Э.О, Ц.А нарын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын агуулга: Б.Батчимэгийн итгэмжлэлийн хугацаа дуусаад бараг 1 жил болсон байсныг шүүх орхигдуулсан байна. Өөрөөр хэлбэл, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-т шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд нь төлбөр төлөгч, төлбөр авагч байхаар заасан. Мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.3-т Төлбөр төлөгчид буюу шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талд мэдэгдэл хүргүүлэхээр хуульчилсан. Гэтэл шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд талууд биш, төлөөлөх эрхгүй этгээдэд мэдэгдэл гардуулсан нь хууль зөрчиж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд хариуцагч тайлбар гаргаагүй болно.

ХЯНАВАЛ:

1. Хэргийг нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хянаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч Э.О, Ц.А нар нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан албадан дуудлага худалдаа явуулах тогтоолыг хүчингүй болгуулахаар гомдол гаргасныг хариуцагч эс зөвшөөрч шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж маргажээ.

 

3.а. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 183/ШШ2019/01982 дугаар захирамжаар Э.О, Ц.А нараас 114,443,166 төгрөг гаргуулж Авуурьд ББСБ ХХК-д олгож шийдвэрлэсэн бөгөөд уг шийдвэрийг сайн дураар биелүүлээгүйгээс 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 53 дугаартай гүйцэтгэх хуудас бичигдэж, 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж ажиллагаа явагдсан байна. /хх 27-32/

 

3.б. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь дээрх шүүгчийн захирамжийг биелүүлэхээр албадан гүйцэтгэх ажиллагаа явуулж 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 20290148/01 тоот тогтоолоор Ц.Агийн өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Рапид харш, 28 дугаар байрны 94 тоот 31,87 м.кв талбайтай хувийн сууцыг битүүмжилж, 2019 оны 8 дугаар сарын 08-ны өдөр хурааж, 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр үнэлгээчин томилж, 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр талуудад танилцуулсан үйл баримт хэргийн баримтаар тогтоогдсон. /хх 36, 42-57/

 

3.в. Хэргийн баримтаас үзэхэд төлбөр төлөгч Ц.А, Э.О нар нь Шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг сайн дураар төлөөгүй үндэслэлээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, төлбөр төлөгчийн хөрөнгийг битүүмжилж, хурааж, эд хөрөнгийг үнэлүүлэхээр шинжээч томилсон дээрх ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 49 дүгээр зүйлийн 49.4, 54 дүгээр зүйлийн 54.1, 55 дугаар зүйлийн 55.2.2-т тус тус нийцжээ.

 

4. Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 10 цагт болох анхны албадан дуудлага худалдаа явуулах тогтоолыг төлбөр төлөгч Ц.Ад мөн оны 11 дүгээр сарын 10-ны өдөр мэдэгдсэн, төлбөр төлөгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батчимэгт итгэмжлэлийн хугацаа дуусч байгаа талаар мөн өдөр утсаар ярьж мэдэгдсэн болох нь нотлогдсон, анхан шатны шүүх энэ үйл баримтыг зөв тогтоосон байна. /хх 58, 78/. /хх79, 84/ Өөрөөр хэлбэл, шүүх хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, нэхэмжлэгчийн гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Хариуцагч байгууллагын зүгээс анхны албадан дуудлага худалдааны талаар мэдэгдээгүй гэх гомдол үндэслэлгүй байна.

 

Иймд төлбөр төлөгчийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг албадан дуудлага худалдаа явуулах тогтоолыг хүчингүй болгуулах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй учир шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь зөв юм.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 183/ШШ2022/00786 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилсан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР

 

ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ