Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 101/ШШ2021/04047

 

 

 

 

 

 

 

   2021       12          06                                    101/ШШ2021/04047

 

 

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: “Д.А” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “К.А” ХХК-д холбогдох,

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 26,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж, хариуцагчийн өмгөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Билгүүнсаран нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Д..А” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч “Д..А” ХХК нь хариуцагч “К.А” ХХК-тай 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр KFC 574 дугаар, 24,000,000 төгрөгийн үнийн дүнтэй ажил гүйцэтгэх гэрээ байгуулан хариуцагчаар KFC брэндийн 3D animation рекламыг HD форматаар 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн дотор хийлгэхээр тохиролцон нэхэмжлэгч буюу захиалагч тал урьдчилгаа төлбөрт 9,600,000 төгрөгийг хариуцагч талын дансанд шилжүүлсэн. Талууд мөн 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдөр KFC 662 дугаар, 4,400,000 төгрөгийн үнийн дүнтэй ажил гүйцэтгэх гэрээ байгуулан хариуцагчаар KFC брэндийн 3D jingle рекламыг HD форматаар 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн дотор хийлгэхээр тохиролцон нэхэмжлэгч буюу захиалагч тал урьдчилгаа төлбөрт 2,200,000 төгрөгийг хариуцагч талын дансанд шилжүүлэн тус тус гэрээ байгуулсан. Гэвч хариуцагч “К.А” ХХК нь дээрх 2 гэрээгээр хүлээсэн үүргээ өнөөдрийг хүртэл чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгээгүй тул нэхэмжлэгч “Д..А” ХХК-ийн зүгээс талуудын байгуулсан гэрээний 8 дугаар зүйлийн 8.2.1-т “гүйцэтгэгч нь гэрээнд заасан ажлыг гэрээнд заасан шаардлагын дагуу гүйцэтгэхгүй эсхүл нэмэлт хугацаа тогтоож өгсөн боловч гүйцэтгэгч ажлыг гүйцэтгэхгүй нь тодорхой болсон бол захиалагчийн санаачилгаар гэрээг цуцлах”-аар, мөн гэрээний 6 дугаар зүйлийн 6.3.2 дахь хэсэгт “гүйцэтгэгч нь ажлыг хүлээлгэж өгөх хугацааг 5-10 хоног хэтрүүлсэн тохиолдолд гэрээний үнийн дүнгийн 50 хувьтай тэнцэх торгуулийг төлөх үүрэгтэй” гэж тус тус заасан. Иймд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэг, талуудын байгуулсан гэрээний 6 дугаар зүйлийн 6.1, 6.3.2, 8 дугаар зүйлийн 8.2.1-т тус тус заасны дагуу талуудын байгуулсан KFC 574 дугаар гэрээний хүрээнд урьдчилгаанд шилжүүлсэн 9,600,000 төгрөг, гэрээний үнийн дүнгийн 50 хувьтай тэнцэх торгуульд 12,000,000 төгрөг, талуудын байгуулсан KFC 662 дугаар гэрээний хүрээнд урьдчилгаанд шилжүүлсэн 2,200,000 төгрөг, гэрээний дүнгийн 50 хувьтай тэнцэх торгуульд 2,200,000 төгрөг, нийт 26,000,000 төгрөгийг хариуцагч “К.А” ХХК-с гаргуулж, нэхэмжлэгч “Д..А” ХХК-ийн Хаан банкны 5173080709 тоот дансанд олгож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Ж нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зохигчид ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Улмаар урьдчилгаа өгсөн. Хариуцагч нь гэрээний хугацаанд ажлыг хүлээлгэж өгөөгүй тул гэрээний хугацааг сунгасан. Улмаар энэ хугацаанд дахин гэрээ байгуулж реклам хийлгэхээр тохиролцож мөн урьдчилгаа өгсөн. Гэвч хариуцагч нь 2 гэрээний үүргээ биелүүлээгүй ба 2020.7.10-20 хоорондох хугацаанд гүйцэтгэж өгөөгүй. Үүний дагуу гэрээг цуцлах тухай албан мэдүүлэг хүргүүлж хохирлоо шаардсан байдаг. Иргэний хуулийн 343, 355.1, 232.4-т зааснаар урьдчилгаа болон хохиролд 26 саяыг нэхнэ. Хариуцагчийн өмгөөлөгч нь 2 ажлыг хугацаанд нь хүлээлгэж өгсөн гэж байна. Эхний ажлыг 7.15-нд хүлээлгэж өгөх байсан. Гэтэл хариуцагч нь 20-нд хүлээлгэж өгсөн гэдэг. Үнэлж хүлээн аваагүй гэдэг. Гэтэл хугацаандаа хүлээлгэж өгөөгүй ба фэйсээр ажлаа Энэрэл уруу явуулсан байдаг гэв.

 

Хариуцагч “К.А” ХХК нь шүүхэд гаргасан тайлбартаа: Тус шүүхэд хянагдаж буй “Д..А” нэхэмжлэлтэй, “К.А” ХХК-д холбогдох “Хариуцагчтай байгуулсан гэрээг цуцалж, урьдчилгаанд шилжүүлсэн нийт 11,800,000 төгрөг, торгууль гэрээний үнийн дүнгийн 50 хувиар торгууль тооцож 14,200,000 төгрөг, нийт 26,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох” шаардлага бүхий иргэний хэрэгт хариуцагч талаас дараах хариу тайлбарыг гаргаж байна. Манай компанийн зүгээс нэхэмжлэгч талтай реклам, видео, шторк хийц хийх “ажил гүйцэтгэх тухай” 2 гэрээг байгуулсан. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус шүүхээр гэрээг цуцлуулах агуулга бүхий шаардлага гаргасан байх бөгөөд үндэслэлгүйгээр гэрээний урьдчилгаа төлбөр болон торгууль шаардсан гэж үзэж байна. Учир нь манай компанийн зүгээс гэрээт ажлыг нэхэмжлэгч талд хийж гүйцэтгэсэн ба ажлын явцад бидний хийсэн ажил таалагдахгүй гэж хэд хэдэн удаа өөрчлөлт оруулж, харилцан ярилцаж байсан ба сүүлдээ манай хийсэн ажил таалагдахгүй байна гэх үндэслэлээр гүйцэтгэсэн ажлыг хүлээн аваагүй. Хэдий бидний зүгээс зардал, хүч хөдөлмөр, цаг хугацаагаа зарцуулж ажил гүйцэтгэх гэрээний дагуу ажлыг гүйцэтгэсэн ч нэхэмжлэгч компанид таалагдаагүй үндэслэлээр ажлыг маань аваагүй ч манай компанийн зүгээс нэхэмжлэгч компанийн шаардсаны дагуу урьдчилга хөлсийг буцаан өгөх тухай асуудал дээр харилцан тохиролцоо хийхээр ярилдаж байсан ба дэлхий нийтийг хамарсан Covid 19 цар тахлын улмаас хугацаа хойшилж, хөл хорио тогтоосны улмаас ажил зогссон зэргээс уулзалт хийж чадаагүй байх хугацаанд ийнхүү шүүхэд нэхэмжлэл гаргасантай танилцлаа. Бидний зүгээс гэрээний дагуу юу ч хийгээгүй, бидэнд нэмэлт хугацаа тогтоосон мэт агуулгаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байгааг хараад гайхаж байна. Учир нь гэрээний дагуу ажлыг бидний зүгээс хүч хөдөлмөр, цаг хугацаа, зардал хөрөнгө гаргаж хийсэн ба нэхэмжлэгч тал хүлээн авахаас л татгалзсан зүйл болсон. Харин ч бидний зүгээс үлдэгдэл хөлсөө шаардах эрх үүссэн гэж үзэж байна. Гэтэл гэрээний дагуу торгууль гэж, гэрээгээр шилжүүлсэн урьдчилгаа хөлснөөс ч илүү торгуулийг гаргуулахаар шаардсаныг үнэхээр хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Өнөөдрийн нөхцөл байдал, эдийн засаг, ажлын байрны нөхцөл хэр байгаа мөн бидний зүгээс ажил үйлчилгээгээ үзүүлсэн нөхцөл байдлыг харгалзан үзэж егнө үү. Мөн одоо ч гэсэн энэхүү гэрээний дагуу хийсэн ажлаа нэхэмжлэгчид өгөхөд бэлэн ба энэхүү бидний хийсэн ажлыг ашиглах бүрэн боломжтой ба энэхүү ажлын ноу хау дээр үндэслэж илүү хямд үнээр бусад байгууллагаас үйлчилгээ нэмж авах боломжтой. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Б нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч нь гэрээг цуцлаад урьдчилгаа болон торгууль шаардаж байна. Нэхэмжлэлээс үзэхэд нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус байдаг. Өмнөх анхан болон давах хуралд үүнийг хэлдэг. Гэрээг цуцлаад урьдчилгааг буцаан шаарддаг. Энд гэрээнээс татгалзаж байгаа байдал байдаг. Гэрээг цуцлах хүртэл гэрээ хүчин төгөлдөр байдаг. Цуцалснаас хойших үр дагаврыг шаардах ёстой. Гэрээнээс татгалзаад байгаа эсэх нь тодорхойгүй.  Торгуулийг 50 хувиар тооцдог. Гэрээг цуцалсантай холбоотой бол торгууль нэхэхгүй. 2 шаардлага нь бие биеийг үгүйсгэдэг. Нэхэмжлэгч нь шаардлагаа нотолсон баримтыг гаргадаггүй. Гэрээний зөрчил байгааг нэхэмжлэгч нотолсны дараа шүүх үүнийг батлах ёстой. Гэрээний 6.5-д заасныг зөрчсөн гэж үзэж байгаа юм. Биднийг чанарын шаардлага хангаагүй зүйл өгсөн гэдэг. Манай ажлыг хүлээж авсан талаар маргаагүй байдаг. Бид Энэрэл гээд хүнд хүлээлгэж өгсөн. 6.5-д зааснаар ажил хүлээлцэх актаар ажлыг үнэлээд төлбөрийг шийдэх байсан. Гэтэл ажлыг үнэлэх ажил хийгдээгүй. Мэдэгдэл өгсөн гэж байна. Уг мэдэгдэл нь ИХШХШТХ-н 37.1-д зааснаар бодит нөхцөлийг тогтоосон баримт биш юм. Учир нь нэг талын үйлдсэн баримт байна. Манайд гардуулсан гэж үзэхээргүй байна. Үнэхээр чанаргүй зүйл байсан бол нэмэлт хугацаа тогтоох ажиллагаа байхгүй. Нэхэмжлэгч нь хугацаа хэтрүүлсэн гэдгээ нотлоогүй. Нэхэмжлэгч нь өөрөө ажлыг үнэлэх ажиллагаа хийгээгүй байдаг. Иймд нэхэмжлэгч талаас гэрээг цуцлах үндэслэл бүрдээгүй. Нэхэмжлэгч нь ажил хүлээж авснаа хүлээн зөвшөөрдөг. Торгууль нь анзын шинжийг агуулахгүй байгаа юм гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Д..А” ХХК нь ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзаж төлсөн төлбөрт 11,800,000 төгрөг, гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн торгууль 14,200,000 төгрөг, нийт 26,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч “К.А” ХХК нь ажил гүйцэтгэсэн, гэрээний үүрэг зөрчөөгүй, ажлын үр дүнг хүлээж авах үүргээ нэхэмжлэгч биелүүлээгүй гэж маргаж байна.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Зохигчид 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр KFC574 дугаартай 24,000,000 төгрөгийн үнэ бүхий ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, улмаар 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр гэрээний хугацааг 2020 оны 07 дугаар сарын 15-ны өдөр хүртэл сунгасан байна. /хэргийн 9-16 дугаар тал/

Үүний дараа 2020 оны 06 дугаар сарын 29-ны өдөр зохигчид KFCv дугаартай 4,400,000 үнэ бүхий ажил гүйцэтгэх гэрээг 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдөр хүртэлх хугацаагаар байгуулсан байна. /хэргийн 17-22 дугаар тал/

Дээрх 2 гэрээг байгуулсан болон нэхэмжлэгч нь KFC574 дугаартай гэрээний урьдчилгаа хөлсөнд 9,600,000 төгрөг, KFCv дугаартай гэрээний урьдчилгаа хөлсөнд 2,200,000 төгрөг, нийт 11,800,000 төгрөгийг хариуцагчид төлсөн талаар хэн аль маргаагүй.

Иймд зохигчдын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн бөгөөд хуульд зааснаар гүйцэтгэгч нь гэрээнд заасан ажлыг гүйцэтгэх, захиалагч нь ажлын үр дүн хүлээн авч, тохиролцсон хөлсийг төлөх үүргийг хүлээсэн байна.

 

Хариуцагч нь гэрээгээр тохиролцсон 2 ажлын үр дүнг 2020 оны 07 дугаар сарын 20-нд хүлээлгэн өгсөн гэж тайлбарласан бол нэхэмжлэгч нь 11 сард хүлээлгэж өгсөн гэж маргаж байна.

Гэвч хэн аль нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргийн дагуу өөрийн тайлбарыг нотлоогүй.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсанаар хариуцагч нь гүйцэтгэсэн 2 ажлын үр дүнг флаш дискээр нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн болох нь нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хуралдаан даргалагчаас “хүлээлгэж өгсөн флаш нь танайд байгаа юу” гэх асуултад “буцааж өгсөн санагдаж байна” гэх тайлбараар тогтоогдсон. /хэргийн 81 дүгээр тал/

Мөн Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 болон гэрээний 6.5-д зааснаар ажлын үр дүнг захиалагч буюу энэ хэргийн нэхэмжлэгч нь хүлээн авч, үнэлгээний талаар акт үйлдэх үүрэг хүлээжээ.

Түүнчлэн нэхэмжлэгч нь гэрээний хугацаа хэтэрсэнтэй холбоотойгоор 2020 оны 09 дүгээр сарын 04-ны өдөр 20/70 дугаар албан тоотоор хариуцагчид мэдэгдэл хүргүүлсэн гэх боловч хариуцагч нь ийм мэдэгдэл хүлээн аваагүй гэж маргасан. Нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн дээрх 20/70 дугаар албан тоотоор хариуцагчид мэдэгдэл хүргүүлсэн гэж шууд дүгнэх боломжгүй байна. /хэргийн 116 дугаар тал/

Үүнээс гадна энэхүү 20/70 дугаар албан тоот болон нэхэмжлэлд дурдсанаар нэхэмжлэгч нь гэрээний 6.3.2-т зааснаар гэрээний хугацааг 5-10 хоног хэтрүүлсэн гэж үзэж 50 хувийн торгууль шаардаж байх тул нэхэмжлэгчийн төлөөлөгчийн ажлыг 2020 оны 11 дүгээр сард хүлээн авсан гэх тайлбар үндэслэлгүй.

 

Цаашлаад нэхэмжлэгч нь ажлын үр дүнг хүлээж авсан боловч чанарын шаардлага хангаагүй, доголдолтой тул ашиглах болохгүй гэж маргасан. Гэвч дээр дурдсанаар нэхэмжлэгч нь ажлын үр дүнг хүлээн авах үүрэгтэй бөгөөд Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар гэрээний үүргээ биелүүлэх талаар нэмэлт хугацаа тогтоогоогүй байна.

 

Эдгээр үйл баримтыг харьцуулан үзэхэд нэхэмжлэгчид гэрээнээс татгалзах эрх үүссэн гэж үзэх үндэслэлгүй.

Иймд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар 2 гэрээний урьдчилгаанд төлсөн 11,800,000 төгрөгийг буцаан шаардах эрхгүй.

 

Нэхэмжлэлийн 2 дахь шаардлага болох торгуульд 14,200,000 төгрөг шаардсан нь өмнөх шаардлагыг харилцан үгүйсгэсэн шинжтэй байна. Учир нь гэрээнээс татгалзаж, урьдчилгаа хөлс 11,800,000 төгрөгийг буцаан шаардаж байгаа бол гэрээний үүргийн дагуу торгууль шаардах эрхгүй.

Харин энд нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзсантай холбогдуулан хохирол гаргуулах тухай шаардлага гаргаагүйг дурдах нь зүйтэй.

 

Гэвч нэхэмжлэгч нь нэгэнт гэрээний үүргийн дагуу торгууль шаардаж байх тул шүүх энэ талаар холбогдох дүгнэлт өгөх нь зүйтэй гэж үзлээ.

Гэрээний 6.3-т талууд торгуулийн талаар тохиролцжээ. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.5-т зааснаар гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй тал нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн тодорхой хувиар төлөх анзыг торгууль гэнэ.

Үүнээс үзэхэд гэрээний 6.3-т заасан торгуулийн тохиролцоо нь Иргэний хуульд нийцэхгүй байна. Тодруулбал, гэрээний нийт үнийн дүнгээс торгууль тооцох үндэслэлгүй.

Мөн нэхэмжлэгч нь ажлын үр дүнг хүлээн авч акт үйлдэх үүргээ биелүүлээгүй байх тул торгууль тооцох эрх үүссэн гэж үзэхгүй.

Түүнчлэн нэхэмжлэгч ажлын үр дүнг чанарын шаардлага хангахгүй гэх тайлбараа нотолж чадаагүй.

 

Хариуцагч нь гэрээний хугацаа болон ажлын үр дүнгийн доголдолтой холбогдох өөрийн тайлбарыг зохигчдын эрх бүхий албан тушаалтнуудын чатаар харьцсан бичгээр тогтоогдоно гэж тайлбарласан.

Гэвч хэргийн 117-124 дүгээр талд байх баримтууд нь нотлох баримтын шаардлага хангахгүй бөгөөд хэн хэнтэй харьцсаныг шууд нотлохгүй байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй юм.

 

Эдгээр үндэслэлийг бүхэлд нь нэгтгэн дүгнээд нэхэмжлэгч нь ажлын үр дүнг хүлээн авсан нь тогтоогдсон, гэрээнээс татгалзах болон торгууль тооцох үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

  1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 225 дугаар зүйлийн 225.1, 232 дугаар зүйлийн 232.5-т зааснаар хариуцагч “К.А” ХХК-д холбогдох гэрээнээс татгалзаж, урьдчилгаа хөлсөнд төлсөн 11,800,000 төгрөг, гэрээний торгуульд 14,200,000 төгрөг, нийт 26,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “Д..А” ХХК-ний нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 287,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчин төгөлдөр болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Д.ГАНБОЛД